Гурван улсын үлгэр | Наймдугаар бүлэг

2022 оны 01 сарын 20

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


I БОТЬ-НАЙМДУГААР БҮЛЭГ

 

ВАН СЫТҮ УРНААР ГАРХИЛАН ХОЛБОГДУУЛАХ АРГА ХЭРЭГЛЭСЭН ДУНЖУО ТАЙШИ

ИХЭЭР ФЭН И ТИН ОРДОНД ТҮЙВЭЭСЭН

Өгүүлэх нь: Куайлян өгүүлрүүн: “Эдүгээ сүньзянь нэгэнт үхэв. Түүний хүүхэд цөм бага тул энэ буурай цагийг тохиолдуулан түргэнээ цэрэг орвоос зяндунг нэгэн хэнгэрэг дэлдэхэд олж болмуй. Хэрвээ ясыг эгүүлэн цэрэг буцаагаад түүний сүр хүчийг тэжээвээс зинжоугийн зовлон болох болой” хэмээсэнд Любяо өгүүлрүүн: “Бидний Хуанзү түүний хүрээнд буй тул яахин орхиж түвдмүй?”. Куайлян өгүүлрүүн: “Нэгэн бодлого үгүй хүмүүнийг гээгээд зяндунгийн газрыг авахад ямар болохгүй учир буй?” Любяо өгүүлрүүн: “би Хуанзү лугаа сэтгэл зүрхээр найралдсан тул гээвээс журамгүй болмуй” хэмээн Хуаньзег хүрээнд нь буцуулж, сүньзяньгийн ясаар Хуанзүг арилжихаар болзов. Тэндээс Сүньцө, Хуанзүг хойш хүргэж эцгийнхээ ясыг угтаж аваад байлдахыг зогсож, зяндунд эгсэн хойно эцгийн хүүрийг цюй агийн эхэнд талбиж бэлэвсрэлийн хэргийг төгсгөөд цэргээ авч зяндүд суув. Үүнээс эрдэмтнийг элсэж, мэргэдийг хураан биеэ доромжлон хүмүүнийг хүндлэхэд дөрвөн зүгийн эрдэмтэн сайд улам улам дагаж ирэхийг өгүүлэх юун.

Тэндээс дунжуо чан ань хотод сууж, Сүньзяньгийн үхсэнийг сонсож өгүүлрүүн: “миний зүрхэн доторх нэгэн зовлон арилав!” хэмээгээд асууруун: “Түүний хөвгүүн хэдэн насанд хүрсэн буй?”. Хүмүүн өчрүүн: “Арван долоо наслав” хэмээсэнд дунжуо санаанд авсангүй үүнээс улам оморхог болж өөрийн биеийг шанфү73 хэмээн өргөж нэрлээд, гарах ороход тэнгэрийн хөвгүүний жагсаалыг хэрэглэж, дүү дунминийг зүүн этгээдийн жанжин Хү Хоу хэмээн өргөжлөөд, ач хөвгүүн дунхуаныг шижун түшмэл болгож, дотоод цэргийн бүгдийг захируулав. Дун овогтын угсаа төрлийн хөгшин залууг ялгахгүй цөм Хоу өргөмжилжээ. Чан Ань хотоос хоёр зуун тавин газрын үзүүрт өөр мэй Ү хэмээх хот цогцлоов. Ардаас хорин таван түмэн хүмүүн татаж байгуулсан нь өндөр богино, зузаан нимгэн нь даруй чан ань хотын адил. дотор ордон, гэр яам, сан байгуулж, хорин жилийн идэх хүнсийг хураажээ. иргэнээс насан залуу гуа сайхан охид найман зууг сонгож суулгаад алт мөнгө, тана хас, торго магнаг цуглуулсныг тооловч барахгүй. Түүний өөрийн гэр өрхөө цөм дотор суулгажээ. Дунжуо Чан Аньд эчиж ирэх нь зарим хагас сард нэгэн удаа, зарим нэгэн сард нэгэн удаа явмуй. Нааш цааш явахад үргэлж гүн чингийн зэргийн түшмэд цөм үүдний гадна хүртэл үдэх ажгуу. дунжуо бас замд цацар босгож гүн чин лүгээ уулцмуй.

73 Люй ванг “шанфү” гэж өргөмжлөн дууддаг байжээ. Энд дунжуо биеэ люй Вантай адилтгасан санааг илтгэжээ.

Нэгэн удаа дунжуо үүдээр гарахад зуун түшмэд цөм үдэхээр ирсэнд дунжуо үлдээн хуримлаж асанд цав хэмээн хойд газраас элсэж дагуулсан хэд хэдэн зуун хүмүүнийг хүргэж ирсэн тул дунжуо хуримын өмнө даруй тэр дагасан хүмүүсийн гар хөлийг таслан, нүдний цөцгийг ухаад, хэлийг нь огтолж, бас их тогооны дотор чанахад уйлах дуу тэнгэр дуугарах мэт, зуун түшмэд цөм цочин айж барьсан савхаа унагасан атал дунжуо идэж ууж, хэлэлцэн инээх нь энгийн цаг адил. бас нэгэн өдөр дунжуо шэнтайд зуун түшмэдийг цуглуулж, хоёр тийш жагсаан суулгаад хэдэн хундага уулцсан хойно люйбү орж дунжуогийн чихний дэргэд хэдэн үг хэлсний хойно дунжуо инээж өгүүлрүүн: “Харин ийм аж” хэмээгээд люйбүгээр хуримын ширээнээс сыкун түшмэл Жанвэнийг үсдэж авчрахад зуун түшмэд цөм царай хувилжээ. Удсангүй дагасан ард нэгэн улаан тэвшинд Жанвэньгийн толгойг талбин орж ирээд дээш өргөв. Үүнд зуун түшмэдийн сүнс биеэс зайлжээ. дунжуо инээж өгүүлрүүн: “Олон гүн нар битгий айгтун. Жанвэнь юаньшу лугаа амраглаж намайг хорлосугай хэмээн зөвлөөд бичиг хүргэж ирснийг зарсан хүмүүн эндүүрч бичгийг миний хөвгүүн фэнсяньгийн дэргэд хүргэв. Тийнхүү алсан болой. Та нарт хэрэг үгүй тул айн эмээж юу хиймүй” хэмээсэнд олон түшмэд “мөн!” хэмээн өчиж тархав.

Түүнээс Сытү түшмэл Ван юнь гэртээ эгж энэ өдрийн хуримд аашилсан хэргийг санаад, сууваас амаргүй тул үдэш саран гэрэлд таяг барьж алхсаар хойд хүрээнд ороод ороомог цэцгийн хажууд зогсож, тэнгэрийн зүг хандан уйлж байхад гэнэт сонсвоос мандарваа цэцгийн ордны дэргэд нэгэн хүмүүн урт шүүрс алдмуй. Ван юнь сэмээр очиж үзвээс харин өөрийн гэрийн дуулах охин дяочань ажгуу. Тэр охиныг бяцханаас сонгож, ирээд дуулах бүжиглэхийг сургасан бөлгөө. арван зургаан настай, өнгө эрдэм хос бүрдсэнээр Ван юнь өөрийн охин адил хайрламуй. Тэр үдэш Ван юнь удтал сонсоод зандран өгүүлрүүн: “Дорд шивэгчин чамд өөр сэтгэлэг төрсөн буюу”. Дяочань цочин айж сөгдөн өчрүүн: “Дорд шивэгчин би ямар аймшиггүй өөр сэтгэл баримуй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “чамд өөр сэтгэл үгүй болбоос харанхуй шөнө энд ирж юунд урт шүүрсэн алдмуй” хэмээсэнд дяочань өгүүлрүүн: “Шивэгчин миний дотор санасан үгээ мэдүүлэхийг тогтоомуй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Чи үнэнээр хэлэгтүн, нуун далдалж болохгүй!” хэмээсэнд Дяочань өгүүлрүүн: “Шивэгчин би бяцханаас их хүмүүнд өршөөгдөн тэжээгдэж, дуулах бүжиглэхийг сураад зузаан элэгсэг хандсаны ачийг шивэгчин миний бие яс хэдий хэмхрэн цуцравч түмний нэгийг хариулж яахин чадах үгүй бөлгөө. Ойр өдөрт үзвээс их хүмүүн үргэлж царай муу байх тул эрхгүй улс гэрийн их хэрэг буй хэмээн мэдэх боловч айн асууж чадахгүй. Энэ үдэш бас яван сууж амаргүйг үзээд шүүрс алдсан бөлгөө. санамсаргүй их хүмүүнд үзэгдэв. Хэрвээ шивэгчин намайг хэрэглэх газар буй болбоос түмэнтээ үхэвч маргахаар үгүй!” хэмээсэнд Ван юнь таягаар газрыг тогшиж өгүүлрүүн: “Их Хань улсын дэлхий дахин харин чиний гарын дотор байхыг хэн санав. Намайг дагаж зурагт асарт иртүгэй!” хэмээжээ. дяочан Ван юнь дагаж асарт хүрсэн хойно Ван юнь бус шивэгчнийг цөм гаргаж дяочанг дунд суулгаад сөгдөж мөргөхөд дяочан ихэд цочиж газарт мэхийн өгүүлрүүн: “их хүмүүн ямар учирт энэ мэт аашилмуй”. Ван юнь өгүүлрүүн: “чи Хань улсын дэлхий дахины иргэнийг “хөөрхийлмүй” хэмээгээд нүдний нулимсыг булгийн ус мэт асгаруулахад дяочан өгүүлрүүн: “Урьд дорд шивэгчин нэгэнт хэлсэн бөлгөө. Хэрвээ хэрэглэх газар байваас түмэн зэрэг үхэвч татгалзахгүй” хэмээсэнд Ван юнь сөгдөж өгүүлрүүн: “Зуун овгийн иргэд уруугаа харан өлгөгдөж, эзэн түшмэл бүгд хураалттай өндгөн дээр буй мэт гамшигдан байх тул чамаас өөр хүмүүн тэнхрүүлэн чадахгүй. Хулгай дунжуо хааны суурийг булаасугай хэмээхийг төрийн бичиг, цэргийн сайдууд арилгая хэмээвч ер арга үгүй. дунжуод нэгэн журмын хөвгүүн буй. Овог люй, нэр бү, баатар хүч ер адилтгашгүй, би үзвээс тэр хоёр хүмүүн цөм өнгөнд ховдог амьтан, би эдүгээ гархилан холбогдуулах аргыг хэрэглэж урьд чамайг люйбүд буулган өгсүгэй хэмээн амалдаад хойно Дунжуод өргөвөөс чи тухайг үзэж бодлого үүсгэн тэр эцэг хөвгүүнийг завсардуулж люйбүгээр дунжуог алуулан чадах болбоос их зовлонг таслаад улс төрийг дахин тохинуулан байгуулбаас цөм чиний гавьяа хүч болой. Чи энэ дотор ямар аж” хэмээсэнд Дяочань өгүүлрүүн: “Шивэгчин би нэгэнт оногдсон үүргээс түмэнтээ үхэвч няцахгүй. боломжтой ахул шивэгчин намайг түргэнээ түүнд өргөвөөс эхнэр надад шийтгэх арга буй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Энэ хэргийг хэрвээ задруулбаас миний угсаа бүгд хүйс гэмтрэгдмүй” хэмээсэнд дяочань өгүүлрүүн: “Их хүмүүн битгий зовогтун! Эхнэр би хэрвээ журмыг хариулахгүй болбоос түмэн илдэд цавчигдаж үхтүгэй!” хэмээсэнд Ван юнь сөгдөж тал өгөв.

Түүнээс дэд өдөр өөрийн гэрт хадгалсан гэгээн сувд хэдэн мөхлөгийг гаргаж сайн урчуудаар алтан малгай шигтгэн үйлдүүлж, сэмээр люйбүд хүргүүлэв. Люйбү ихэд баярлаж биеэр Ван юньгийн гэрт талархахаар ирсэнд Ван юнь, люйбүг эрхгүй ирэхийг мэдэж сайн архи, амтат зууш, жимс зэргийг бэлтгээд хүлээн байхад Люйбү хүрч ирэв. Ван юнь хаалга гарч угтаад хойд гэрт оруулж хүндлэн дээр суулгахад Люйбү өгүүлрүүн: “Би хэмээвээс чансангийн яамны нэгэн бага жанжин. сытү та хэмээвээс хааны тэргүүлсэн сайд учир юунд эндүүрч хичээнгүйлмүй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахинд өөр баатар идтэн үгүй, гагц жанжны төдий буй за. Ван юнь би жанжны зэргийг хичээнгүйлэх нь бус жанжны эрдмийг хичээнгүйлэх нь болой” хэмээсэнд Люйбү ихэд баярлав. Ван юнь дарс шаардах завсар дунжуо люйбүгийн эрдмийг магтан хэлэлцэж барахгүйд Люйбү ихэд баярлаад сайтар уумуй. Ван юнь хоёр этгээдийн ардыг цөм зайлуулж гагц хэдэн шивэгчнийг хоцруулаад архи шаардуулан шунасны хойно Ван юнь өгүүлрүүн:

“Хүүхнийг дуудаж ир!” хэмээсэнд удалгүй хоёр охин дяочанийг гялбалзтал засан дагуулан гарч ирэв. Люйбү цочиж асууруун: “Энэ ямар хүмүүн буй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Миний бага хүүхэн дяочань болой. Ван юнь би жанжинд өршөөгдсөн нь төрснөөс өөрцгүй. Тийнхүү дуудан гаргаж ёслуулав” хэмээгээд дяочаньгаар хундага бариулахад Дяочань архи хүргэхэд Люйбү лүгээ харилцан жирвэлзмүй. Ван юнь зоримогоор согтогч болж өгүүлрүүн: “Хүүхэн чи жанжныг гуйж илүү хэдэн хундага шаардаж уулга. бидний гэрийн бүхэн цөм жанжинд итгэж амуй” хэмээжээ. Люйбү, Дяочанг “суу!” хэмээхэд Дяочань хуурмагаар орсугай хэмээхэд Ван юнь өгүүлрүүн: “Жанжин нь миний амраг нөхөр тул баахан суухуйд юун хамаа буй” хэмээсэнд Дяочань, Ван юньгийн хажууд суув. Люйбү нүд чивчрэлгүй ширтээд бас хэдэн хундага уусан хойно Ван юнь, Дяочанг зааж Люйбүд хэлрүүн: “би энэ охиныг жанжинд бага эм болгон өгсүгэй хэмээн санамуй. Жанжин хүлээж авмуй уу?” хэмээсэнд Люйбү даруй босож тал өгч өгүүлрүүн: “Үнэхээр ийм болбоос Люйбү би нохой морины мэт хүч гаргаж хариулсугай!” хэмээжээ. Ван юнь өгүүлрүүн: “Эрт орой нэгэн сайн өдрийг сонгож, жанжны гэрт хүргэе!” хэмээсэнд Люйбү цаглашгүй баярлаад нүд шилжүүлэлгүй дяочанг харахуйд дяочань бас эсрэг өдөөж ширтмүй. Удсангүй хурим тархаж Ван юнь өгүүлрүүн: “Жанжныг үлдээж хонуулсугай хэмээвээс гагц чансангийн сэжиглэхээс эмээмүй” хэмээсэнд люйбү дахин давтан талархан ёсолж эчив.

Тэндээс хэдэн өдөр өнгөрсөн хойно Ван юнь хааны ордонд дунжуо лугаа уулзаад люйбү дэргэд нь үгүйг завшиж сөгдөөд залж өгүүлрүүн: “Би Тайшийг гутааж өвсөн гэрт залж хуримлая хэмээнэм бөлгөө. гагц санаанд зохих үл зохихыг мэдэхгүй”. Дунжуо өгүүлрүүн: “Сытү уриваас зүй нь даруй довтолгон хүрмүй” хэмээсэн тул Ван юнь гэртээ эгж аливааг цөм жагсаан, өмнө танхимын төв дунд суудал талбиж, магнаг хэмэрлэгийг газарт дэвсээд, гадар дотор цөм хөшиг татав. дэд өдрийн үдийн наранд Дунжуо хүрч ирсэн тул Ван юнь төрийн дээл малгай өмсөж угтан гараад ёслон сөгдсөнд, Дунжуо тэрэгнээс бууваас зуу илүү хуяг дуулга өмссөн, сэрвээт жад барьсан цэргийн хүмүүн хоёр хажууд зэрэгцэн танхимд дагаж ороод хоёр этгээдэд зогсов. Ван юнь танхимын дор дахин ёслохуйд дунжуо түшиж босгоод дэргэдээ суудал өгч суулгав. Ван юнь өгүүлрүүн: “Тайшийн сүр эрдмийг И Инь 74, Жоу гүн75 нар ч гүйцэн чадахгүй” хэмээсэнд дунжуо ихэд баярлав. даруй дарс өргөж, хөгжим үүсгээд Ван юньгийн хүндлэх нь маш хичээнгүй. Наран шингэж архинд халамссан хойно Ван юнь, Дунжуог хойд гэрт залахуйд Дунжуо цэргийн хүмүүнийг зогсоож гагцаар оров. Ван юнь баярын ёсоор хундага барьж өгүүлрүүн: “Би багаас тэнгэрийн хуулийг баахан сурсан бөлгөө. Үдэш тэнгэрийн байдлыг үзвээс Хань улсын тоо нэгэнт баржээ. Тайшийн гавьяа эрдэм дэлхий дахинд алдаршаад, сүнь хааны юй хаанд уламжилсан, юй хаан шүнь хааныг залгамжилсан адил болбоос тэнгэрийн сэтгэл хүмүүний санаанд нийлмүй” хэмээсэнд Дунжуо өгүүлрүүн: “Би ямар аюумшиггүй тийм үйлийг эрмэлзмүй?” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Эртнээс ёс байгчид, ёсгүйг дийлж, эрдэм үгүй нь эрдэмтэнд найр талбих тул юунд хэтэрмүй” хэмээсэнд Дунжуо инээн өгүүлрүүн: “Үнэхээр тэнгэрийн зүй надад болбоос сытү тэргүүлсэн гавьяат сайд болном за” хэмээсэнд Ван юнь хишигт мөргөв.

74. Шшан улсын үеийн төрийн зүтгэлтэн болой.

75. Жоу гүнгийн овог Жя нэртэн Жоу улсын төрийн зүтгэлтэн болой.

Танхимд зул шатаасан хойно гагц хэдэн шивэгчинг үлдээж дарс өргөн зууш бариулав. Ван юнь өгүүлрүүн: “ерийн хөгжмийг өргөхөд баярлуулан чадахгүй. Эдүгээ нэгэн сайн дууч эхнэр олсон тул аймшиггүй зарцлуулсугай” хэмээмүй хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “маш сайн” хэмээв. Ван юнь даруй хөшгийг буулгаж бишгүүр хуурын дуу харилцан хавсралцаад, олноор дяочанийг түшин ирээд хөшигний гадна бүжиглэн үүсгэв. дуулалд магтсан нь:

“Угаас Жао Янгун ордны хүмүүн бөлгөө
Ангир галуу мэт цочин биеэ атгандаа барьж
Дунтин тэнгисийг нисэн гарахаас эмээмүй
102
Хөгжмийн аясыг даган Лянжоу лянхуа бүжгийг бүжихүйеэ
Хөхөмдөг салаа сарны гэрэлд гангалах мэт
Зурмал танхимын хүжсийн үнэр хаврын үзэсгэлэнг дармуй”
бас шүлэглэсэн нь:
“Улаан хавтас аяс тааруулахад нисэх хараацай яармуй
Угалзалсан үүлс нэгэн хэсэг зурмал танхимд ормуй
Хөмсөг хар тэнэмэл хүмүүний хорслыг өдөж
Царай цагаан хуучин нөхрийн горийг тасламуй
Хайлаасны зугаа мянган лангийн инээдийг хүргэхгүй
Бургасны навч зуун эрдэнийн зэмсгийг хэрэглэхгүй
Бүжиглэж дууссаны хойно хулгай нүд хүргэх нь
Бүрхэг ч Сян ван чухам хэн болохыг мэдэхгүй”

Бүжиглэж барсан хойно дунжуо “Ойр ир!”хэмээхүйд, дяочань хөшигний дотор орж ирээд гүн ёслон мөргөв. Дунжуо, Дяочаньгийн өнгө зүс гуа үзэсгэлэнг үзээд асууруун: “Энэ охин хэн буй” хэмээсэнд, Ван юнь өгүүлрүүн: “дууч эхнэр Дяочань болой” хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “Дуулж чадмуй уу?” хэмээхэд Ван юнь даруй Дяочанийг дуул хэмээсэнд дяочань царгил76-ыг барьж

“Нэгэн дусал интоор мэт улаан уруулыг нээж
Хоёр мөр хасын адил шүдний завсраас зөөлөн аялгууг үүсгэмүй
Гангийн илд, голт борын цэцгийн хэлийг гаргаад
Улсыг самууруулах зальхай гажуу сайдыг алсугай!” хэмээмүй.

Дуулж барсан хойно дунжуо тэсгэлгүй сайшаахад Ван юнь дяочанийг “архи барь! хэмээсэнд Дунжуо хундагыг хүлээн аваад өгүүлрүүн: “Чи хэдэн настай болов?”.

76. Цохивор хөгжмийн зэмсэг, арван хоёр эгшигтийн журмаар хэлхсэн, модон хэлтсийг модон цохиураар цохиж эгшиглүүлдэг, чаргий хэмээх эртний хөгжмийн зэмсгээс үүдсэн уламжлалтай

Дяочань өгүүлрүүн: “Арван зургаан настай” хэмээхэд дунжуо инээн өгүүлрүүн: “Үнэхээр сахиулсан аршийн доторх хүмүүн болой” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Энэ охиныг Тайшид өргөсүгэй хэмээн санамуй. Хүлээж авах, үл хүлээж авахыг мэдэхгүй” хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “Энэ мэт хүртээвээс би яахин эрдэмд хариулмуй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Энэ охин Тайшид олж зарагдваас түүний буян нимгэн үгүй” хэмээсэнд дунжуо дахин давтан харамж өгөв. Ван юнь даруй бүрхүүл тэрэг бэлдэж урьдаар дяочанийг чансангийн ордонд хүргүүлэв. Дунжуо бас ч босож “Эгсүгэй!” хэмээхэд, Ван юнь биеэр хүргэж чансангийн ордонд хүрээд салж гарч ирээд морь унан явсаар замын дунд иртэл гэнэт үзвээс хоёр мөр улаан дэнлүү зам гэрэлтүүлсээр өөдөөс ирэхийг үзвэл Люйбү ажгуу. люйбү гартаа сэрвээт жад барьж, морь унаж айсуй. Ван юнь лүгээ цав хэмээн уулзаад морио татан зогсоож энгэрээс атган өгүүлрүүн: “Сытү чи нэгэнтээ дяочанг надад ам алдаад эдүгээ бас чансанд хүргэх нь надаар наадам хийм үү?” хэмээхүйд Ван юнь яаран зогсоож өгүүлрүүн: “Энд хэлэлцэх газар бус тул миний гэрт залран очтугай!” хэмээсэнд люйбү даруй Ван юнь лүгээ гэрт нь очоод мориноос бууж хойд танхимд ороод ёсолж барсан хойно Ван юнь өгүүлрүүн: “Жанжин ямар учирт намайг зэмлэмүй?” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Хүмүүн надад ирж хэлэх нь чамайг бүрхүүл тэргээр дяочанийг чансангийн яаманд хүргэв хэмээмүй. Энэ ямар санаа болой?” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Жанжин харин мэдэхгүй аж! Өчигдөр чансан хааны ордонд надад өгүүлсэн нь “Надад нэгэн хэрэг буй. маргааш чиний гэрт эчсүгэй” хэмээхүйд би тийнхүү нэгэн бага хурим бэлтгэж хүлээсэн бөлгөө. Энэ өдөр чансан ирж хуримлах дунд өгүүлрүүн: “Би сонсвоос чамд нэгэн охин буй. Нэрийг Дяочань хэмээмүй. Нэгэнт миний хөвгүүн фэнсяньд ам алджээ хэмээмүй. Би чиний үг тогтом үгүйгээс болгоомжлон тусгайлан гуйхаар ирэв. Нэгэнтээ учрахыг хүсмүй” хэмээсэн тул би ямар аймшиггүй үгээс зөрчмүй. Даруй Дяочанийг дагуулан ирээд хадам эцэгт нь мөргүүлбээс Тайши өгүүлрүүн: “Энэ өдөр мөн сайн өдөр тул би даруй энэ охиныг аваачиж фэнсянь лугаа холбосугай!” хэмээмүй. Жанжин санаж үзэгтүн! Тайши биеэр ирсэн тул хөгшин би ямар аюулгүй шалтаглан хоригломуй” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Сытү битгий буруушаа! Люйбү би нэгэн цаг эндүүрснийг маргааш шавшрага77 үүрч ял хүлээхээрирсүгэй” хэмээсэнд Ван юнъ өгүүлрүүн: “Бага охинд бага сага засалга78 буй бөлгөө. Хэзээ жанжны гэрт аваачсан хойно сая хүргүүлье” хэмээхүйд люйбү тал өгч эчив.

Түүнээс дэд өдөр люйбү чансангийн ордонд мэдээ авахаар очвоос огт чимээ эмээ үгүй тул люйбү шууд дундад гэрт орж зарцлах эхнэрүүдээс асууваас зарц эхнэр өчрүүн: “Өчигдөр үдэш Тайши шинэ хүмүүн лүгээ унтаад эдүгээ болтол босоогүй” хэмээсэнд люйбү ихэд хилэгнэж сэмээр дунжуогийн хоносон гэрийн хойно очиж гэтэлхийлбээс дяочань тэр үес нэгэнтээ босож цонхны дэргэд үсээ засаж асан бөлгөө.

 77.Нэгэн зүйл өргөст модоор хийсэн эрүү шүүлтийн хэрэгсэл. 78. Дагалт бэлэг

Гэнэт цонхны доорхи нуурын дотор нэгэн хүмүүний сүүдэр үзэгдмүй. Бие маш их, тэргүүнд Шуфа гуань малгай өмсөж буй. Хулган үзвээс төв хэмээн люйбү болой. Дяочань зоримогоор үрчийж зовнин, баяр үгүй байдлыг гаргаад дахин алчуураар нүдний нулимсыг арчив. Люйбү удтал гэтэлхийлээд гарч ирэв. Байсхийгээд дахин орвоос дунжуо нэгэнтээ дундад гэрт сууж буй. Люйбүгийн ирснийг үзээд асууруун: “Гадна хэрэг үгүй үү?” хэмээсэнд люйбү өгүүлрүүн: “Хэрэг үгүй” хэмээгээд Дунжуогийн хажууд зогсов. Дунжуо будаа идэж байхад люйбү хулган үзвээс хатгамал хөшгийн дотор нэгэн эхнэр нааш цааш алхангаа анхаарч нүүрээ хагас гарган нүдээрээ сэтгэлэг хүргэмүй. Люйбү, Дяочань хэмээн таньж сүнс, бие нь үүлэнд дэгдсэн мэт болжээ. Дунжуо, Люйбүгийн энэ байдлыг үзээд дотроо сэжиглэж өгүүлрүүн: “Фэнсянь хэрэг үгүй бөгөөс гартугай!” хэмээсэнд люйбү санаа хөдөлж ханах гарч одов.

Тэндээс Дунжуо, дяочанийг олсноос өнгө зүсэнд шунаж нэгэн сар илүү хэрэг шийтгэхээр гарсангүй. Дунжуо баахан өвчин олж хэвтэхүйд дяочань дээлээ тайлахгүй сахиж сувилсанд дунжуо улам баярлав. Люйбү дотор амар эрэхээр орохуйд цав хэмээн дунжуо унтаж амуй. Дяочань их ширээний хойно зогсоод хагас биеэ гарган люйбүг харж нэгэн гараар зүрхээ зааж нөгөө гараар дунжуог заагаад нүдний нулимсыг арчиж зогсох үгүй тул люйбү үзээд зүрх хэмхрэх алджээ. Дунжуо нойрмогоор Люйбүгийн их ширээний хойно нүдний цэцгий шилжихгүй харахыг үзээд хойш хандаж үзвэл Дяочань хөшигний хойно зогсож амуй. Дунжуо ихэд уурлаж Люйбүг зандарч өгүүлрүүн: “Чи аюул үгүй миний амраг эмийг сэртэндмүй үү!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг дуудаж: “Үүнийг үлдэж гарга. Үүнээс хойш танхимд битгий оруул!” хэмээн цаазлав. Люйбү уурлан занаж гэртээ эгэв. Замдаа лирүтэй учраад тэр учрыг хэлж өгөв. Лирү санд мэнд орж дунжуод золгон өгүүлрүүн: “Тайши дэлхий дахиныг эзэлсүгэй хэмээн агаад яахин бага эндүүгийн учир Вэньхоуг буруушаамуй. Хэрвээ түүний сэтгэл хувилбаас их хэрэг одох болой” хэмээсэнд Дунжуо өгүүлрүүн: “Тийм болбол яаваас сайн?” гэхэд Лирү өгүүлрүүн: “маргааш дуудан ирүүлээд алт торго шагнаж өгөөд сайн үгээр тохинуулан хэлбээс аяндаа хэрэг үгүй болмуй” хэмээсэнд Дунжуо үгийг дагаж дэд өдөр хүмүүн зарж Люйбүг дуудан оруулж тохинуулан өгүүлрүүн: “Урьд өдөр өвчний хувиар дотор бүрэг бараг болоод эндүү үг гарч чамайг буруушаажээ. Чи битгий муу санагтун!” хэмээгээд арван жин алт, хэмэрлэг хорин ороодос шагнаж өгөв. Люйбү тал өгч эгсэн хойно бие хэдийгээр Дунжуогийн дэргэд буй боловч сэтгэл нь үргэлж Дяочанийг санамуй.

Түүнээс дунжуогийн өвчин нэгэнт илаар болоод бараалалд орж хэрэг зөвдөхүйд Люйбү жад барьж даган бөлгөө. Дунжуогийн Сяньди хаан лугаа хэлэлцэн суухыг үзээд мөн чөлөөнд жадаа барьж дотоод хаалгаар гараад морио унаж шууд чансангийн ордноо ирж, морио ордны өмнө уяад жад барьсаар хойд танхимд Дяочанийг эрж учирваас дяочань өгүүлрүүн:

“Чи хойд хүрээний Фэн И Тин сүүдрэвчийн дэргэд очиж намайг хүлээ!” хэмээсэнд Люйбү жадаа өргөн очоод ордны доорх муруй хэрсгийн дэргэд зогсож хүлээвээс удсангүй дяочань цэцгийг хуваан, бургасыг зайлуулсаар ирэв. Үзвээс үнэхээр сарны доторх хувилгаан охин адил. Люйбүд уйлан өгүүлрүүн: “Би хэдийгээр сытүгийн төрсөн охин бус боловч өөрийн биеэс гарсан мэт хайрлаж тэжээсэн бөлгөө. Жанжинд учраад эм болгон өгмүй хэмээн ам алдсанаас эхнэр би миний нэгэн насны хүсэл гүйцэв хэмээн санаж асан болой. Хэн санав. Тайши харин муу сэтгэл үүсгэж эхнэр намайг ужидлан бузарлав. Эхнэр би хорсном бөгөөд даруйд үхэхгүй нь гагцхүү жанжин лугаа олж учраад сэтгэлийн үгээ гарган хэлээгүйн учир тийнхүү түр ичгүүрийг хүлцэн амьдарч асан бөлгөө. Эдүгээ завшаанд жанжинг олж учирсан тул эхнэр миний хүсэл төгссөн болой. Энэ бие нэгэнт бузар буртаг болсон тул дахин жанжныг олж сувилан чадахгүй болжээ. Дуртайяа жанжны өмнө үхэж эхнэр миний санаагаа илрүүлсүгэй!” хэмээн хэлж бараад гараар хэрсэг 79-ийг барьж Лянхуа цэцгийн нуурт харайсугай хэмээхүйд люйбү яаран тэвэрч аваад уйлж өгүүлрүүн: “Би чиний сэтгэлийг хэдийн мэдмүй! гагц учирч хэлэлцэн чадахгүйд гомдмуй!” гэхэд Дяочань Люйбүгийн гарыг татаж өгүүлрүүн: “Би энэ төрөлд жанжны гэргий болж чадахгүй боловч хойд төрөлд ураг холбохыг хүсмүй” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би энэ төрөлдөө чамайг гэргий болгон авч чадахгүй болбоос сайн эр бус болой!” хэмээсэнд Дяочань өгүүлрүүн: “Би өдрийг өнгөрөөх нь нэгэн жилийн урт санагдмуй. Гуйх нь жанжин хөөрхийлөн аврах болов уу” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би эдүгээ чөлөөг үзэж хулган ирсэн тул хөгшин хулгай сэжиглэхээс аймуй. Хурдан одсугай!” хэмээхэд Дяочань дээлээс татаж өгүүлрүүн: “Жанжин хөгшин хулгайгаас энэ мэт айваас эхнэр миний бие өдрийн нарыг үзэх хугацаагүй болох болой!” хэмээсэнд Люйбү зогсож өгүүлрүүн: “Миний алгуураар арга үүсгэхийг хүлээмүй!” хэмээгээд жадаа авч явсугай гэтэл Дяочань өгүүлрүүн: “Би охин байх үеэс жанжны нэрийг сонсохуйд аянгын дуу чихэнд орсон мэт энэ ертөнцөд гагц нэгэн хүмүүний төдий буй за” хэмээн санасан бөлгөө. Хэн санав. Харин бас ч хүнд захирагдах буюу” хэмээн нүдний нулимсыг хур мэт асгаруулахуйд Люйбү их л ичингүйрэн сэрээт жадаа дахин бие эргэн дяочанг тэврээд сайн үгсээр дууруулан хэлж хоёул түшилцэн таталцаж харилцан салж түвдэхгүй авай.

Тэндээс дунжуо харшид сууж агаад гэнэт хойш хандан үзвээс Люйбү үзэгдэхгүй болсон тул дотроо сэжиглэн даруй Сяньди хаанаас салан гарч ирээд тэргэнд сууж хойш гэртээ ирвээс Люйбүгийн морь гадна уяж буй. Хаалганы хүмүүнээс асууваас хаалганы хүмүүн өгүүлрүүн: “Вэньхоу хойд гэрт орж очив” хэмээв. Дунжуо зүүн баруун этгээдийн ардыг зандан зогсоож гагцаар шууд хойд танхимд орж эрвээс үзэгдэх үгүй. Бас Дяочанг дуудваас бас ч үзэгдэхгүй тул даруй зарцлах зхнэрүүдээс асуухуйяа зарц эхнэр өгүүлрүүн: “Дяочань хойд хүрээлэнд цэцэг үзэхээр очив” хэмээмүй.

79. Хулс, бургас, төмөрлөг зэргээр хөндлөн гулдаар солбицуулан хийсэн хашлага, шивээ

Дунжуо эрсээр хойд хүрээнд орвоос цав хэмээн Люйбү, Дяочань лугаа хамт Фэн И Тин ордонд хэлэлцэж амуй. Сэрээт жадыг хажуудаа зогсоожээ. Дунжуо ихэд хилэгнэж их дуугаар зандарсанд Люйбү, Дунжуогийн ирснийг үзээд ихэд цочиж бие эргэн явахуйд Дунжуо жадыг булаан аваад хөөж ирэв. Люйбүгийн явах нь хурдан бөгөөд Дунжуо махлаг тул хөөж гүйцэхгүйдээ барьсан жадаар Люйбүг нэгэнтээ цохихуйд тэр жадыг нударгадаж газар унагав. Дунжуо жадаа аваад дахин хөөтөл Люйбү нэгэнтээ хол явжээ. Дунжуо нэхэж хүрээний үүдийг гармагц нэгэн хүмүүн нисэх мэт гүйж ирээд Дунжуо лугаа харилцан цээжээр мөргөцөж Дунжуог газарт унагаав. Энэ нь чухамхү:

“Тэнгэр тулмаар хилэнгийн амьсгал мянган хос алд өндөр
Түүний газарт унасан махлаг бие нэгэн овоо болжээ»
Эгнэгт энэ хүмүүн хэн болохыг доор бүлэгт үзтүгэй

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amttai(192.82.78.196) 2022 оны 01 сарын 20

suutei 3-n boov

0  |  0
Top