Ослын улмаас 12 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 13 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас Нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2% явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.

Энэ 7 хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  11 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Дээрх 12 ослын 2 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол 7 нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top