Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 99 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

 ТАРЛАН ХУУШААН БИЕ МУЛТРАН ТАВИЛАНТ ХУДГААС ГАРСАН ЛУСЫН ЭЗЭН УС ТАВЬЖ

ТАЙЮАНЬ ХОТЫГ БЯЛХААСАН

Өгүүлэх нь Тянь Ху бээр Е Чин-ий өргөсөн бичгийг олж битүүмжийг задлан шадар түшмэлд өгч: - Үүнийг мөхөс надад уншиж сонсго хэмээвээс бичигт өгүүлсэн нь: - Сайд Ү Ли миний бие Чуань Юй хэмээх хүмүүнийг хүргэн болгож үлдээв. Энэ хүмүүн маш баатар, Сүн улсын цэргийг алан ухруулж, Сүн Жян нар цэрэг татан Жао Дэ фү-д эгэв. Сайд Ү Ли мөн даруй өөрийн охин хошой авхай Чюн Ин жич хүргэн Чуань Юй-д цэрэг өгч Жао Дэ хотыг эгүүлэн авсугай. Эдүгээ Зүн Гуань түшмэл Е Чин-г илгээн баярын сэтгүүл довтолгохын хамт, ургийн хэргийг айлтган мэдүүлж доод түшмэл дур зоригоор хүргэн сонгосон ялыг их ван өршөөн хэлтрүүлэх ажааму хэмээсэнд, Тянь Ху-ын сэтгэлийн зовлон долоон хувь арилаад мөн даруй зарлиг буулган Чуань Юй-г өмнийг төвшитгөх хошууч жюнь ма хэмээн өргөмжилж, Е Чин жич өөр хоёр захирагч түшмэлд зарлигийн бичиг тэргүүлэн хос уянга, хив торго, алт мөнгө зэргийн хүнд бэлгийг тушааж хүргэн жюнь ма-г шагнахаар Сян Юань сянь-д илгээв.

Е Чин бээр Тянь Ху-д салах ёсыг гүйцэтгэж хоёр захирагчийн хамт Сян Юань сянь-ий зүг эчсэнийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь урьд өдөр хий хүлэгт Дай Зүн-ий бие Сүн Жян-ын зарлигыг хүлээж, эл фү эл сянь-д цэргийн зарыг тархаасан хойно, Фэнь Ян Фү-д эчиж, Лү Жюнь И-ийн тэндэх мэдээг сонсохоор эчив. Эл фү эл сянь-ий шинэ түшмэл зэрэг зэргээр ирсэнд, эл замын хот сахисан жанжин түшмэл тамга юугаа тушаан шинэ ноёноор захируулж, тус тусын цэрэг морийг авч хойно хойноос Жао Дэ фү-д ирэв. Тэргүүнд ирсэн нь Вэй Жоу хотыг сахисан жанжин Гуань Шэн, Хү Яньжуо нар, Ху Гуань боомтыг сахисан жанжин Сүнь Ли, Жү Тун, Янь Шүн, Ма Линь жич Бао Дү Шань уулыг сахисан жанжин Вэнь Жун Рун, Цүй Е-ийн хамт цэрэг морийг авч хотод ороод, Чэнь Ань Фү, Сүн Жян-д ёслон золгосонд хүмүүн ирж хэлрүүн: - усан цэргийн түрүү Ли Жюнь бээр Лу Чэн хотыг байлдан эзлэв хэмээн сонсоод Жан Хэн, Жан Шүнь, Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяочи, Тун Вэй, Тун Мэн нарын хамт усан цэргийн онгоц салыг захиран Вэй Хэ голоос Хатан голд орж, Хатан голоос мордон Лу Чэн хотын зүүн дэх Лу Шүй голд ирээд захиаг хүлээж баймуй хэмээсэнд Сүн Жян ширээ засан найр хийж, нэгэн зэрэг уужиртал хэлэлцсэн хойно жич өдөр цааз зарлан зарлиг буулгаж, Гуань Шэн, Хү Яньжуо, Вэнь Жун Рүн, Цүй Е-г цэрэг салган Лу Чэн хотноо эчигтүн хэмээв. Бас усан цэргийн түрүү Ли Жюнь нарыг дуудаж дээрх цэрэг моринд хүч хавсарч, Суо Чаонарын хамт цэрэг хөдөлгөн Юй Шэ, Да Гү зэрэг сянь-ийг эзлээд Вэй Шэн жоу-ын хулгайн үүрийн ард тойрон орогтун.

Хэрхэвч осолдож болохгүй, самуун хулгай арга мохвоос Алтан улсад дагах магадгүй хэмээсэнд, Гуань Шэнь нар захиаг хүлээн гарч эчив. Удсангүй Линчуань сянь-ийг сахисан жанжин Ли Ин, Чай Жинь жич Гао Пин сянь-ийг сахисан жанжин Ши Жинь, Му Хүн, Гайжоу хотыг сахисан жанжин Хуа Рүн, Дүн Пин, До Синь, Ши Инь тус тусын яамны үйлийг шинэ түшмэлд тушаагаад цэрэг морио авч мордон ирээд Сүн Жян нарт ёслон золгосон хойно ийн мэдүүлрүүн: - Хуа Рүн зэргийн олон жанжин Гайжоу хотыг сахиж атал Ху Гуань боомтноо дийлэгдсэн арын жанжин Шань Ши Чи дарагдсан цэргээ авч, Фү Шань сянь-ий цэрэг морь лугаа хүчин нийлж, Гайжоу хотыг сундлахаар ирсэнд Хуа Рүн нар хоёр тийш цэрэг бүгж зам тосож байлдаад, Шань Ши Чи-ийг амьдаар баривчилж, хулгайн цэргийг хоёр мянга илүү алсанд Шань Ши Чи орж өгөв. Бусад жанжин цэрэг зүг бүр зугтан сарнив хэмээсэн хойно Хуа Рүн нар дагасан жанжин Шань Ши Чи-г удирдан Сүн Сянь фэн-д учруулснаа Сүн Жян тоос гөвөх хурим тавьж нэгэн зэрэг зоог хэлэлцэв. Төдийд Сүн Жян нар Жао Дэ хотноо цэрэг бууж Тянь Ху-г хуурахын тул хуурмагаар Жан Чин, Чуань Ин-ээс эмээх байдал гаргахыг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Лү Жюнь И нар Фэнь Ян фү-г эзэлж, Тянь Бао цэрэг дарагдан Сяо И сянь-д буруулан хүрснээ чив хэмээн Ма Лин-ий цэрэг морь ирсэнд тохиолдов. Энэ Ма Лин хэмээгч болбоос Жо Жоу-ын хүмүүн бөгөөд угаас шимнугийн увдисыг бясалгаж хөлд салхи галын хос хүрдийг гишгэлж өдөрт мянган газар явах тул хүмүүн түүнийг “хувилгаан унаа хэмээн дуудмуй.

Бас алтан тоосгоор хүмүүнийг занчих нь маш сүрхий бөгөөд жагсаалаас гарч байлдахуйд магнай дээр нь нэгэн шимнусын нүд илрэх тул хүмүүн түүнийг бас “Хуа Гуань-ий хувилгаан хэмээн дуудах бөлгөө. Увдисаар Чяо Дао Чин-ий дараа орох бөгөөд гар доор Ү Нэн, Сүй Жинь хэмээх хоёр жигүүрийн жанжин аж. Цөм Ма Лин-ий гажуу увдисыг сурсан ажгуу. Төдийд Ма Лин, Тянь Бао цэрэг морийг нийлүүлж, Ү Нэн, Сүй Жинь, Со Сянь, Дан Ши Лүн, Лин Гуан, Дуань Рэнь, Мяо Чэн, Чэнь Сюань нарыг захиран, хүчирхэг цэрэг гурван түмэн хүмүүнийг авч, Фэнь Ян хотын хойно арван газрын алс ирж хүрээ буув. Сүн улсын олон жанжин өдөр дараалан байлдаж Ма Лин нарт цэрэг дарагдсан тул Лү Жюнь И цэргийг татан Фэнь Ян хотод ороод хөнгөнөөр байлдахгүй, арын цэрэг хотыг байлдах болуузай хэмээн бэхлэн сахиж хараахан цухалдаж атал, зүүн хаалгыг сахисан цэргийн ард нисэх мэт довтлон ирж мэдүүлрүүн: - Гүн Сүньшэн, Чяо Дао Чин хоёул Сүн Сянь фэн-ий зарлигаар хоёр мянгаад цэргийг авч өмөглөн байлдахаар ирэв хэмээсэнд Лү Жюнь И яаран хаалга нээлгэн угтан оруулж золгосон хойно, Гүн Сүньшэн-г гол суудалд залж, Чяо Дао Чин-г дэд суудалд суулгаж, дарс гарган дайлах зуур ийн өгүүлрүүн: - Ма Лин увдис хэрэглэж Лэй Хэн, Жэн Тяньшоу, Ян Сюнь, Ши Сю, Жяо Тин, Зоу Юань, Зоу Рүнь Гүн Ван, Дин Дэсүнь, Ши Юн зэргийн арваад хүмүүнийг шархдуулав. Лү Жюнь И миний бие арга мухардан цухалдаж атал хоёр багш завшаанаар гэрэлтүүлэн ирэв” хэмээхүйд, Чяо Дао Чин өгүүлрүүн: - Доод бумба эрдэмт багшийн хамт тухайлан Сүн Сянь фэн-д айлтгаж түүнийг хураамжлахаар ирэв хэмээн өчиж дуусахын урьд, харуулын цэрэг нисэх мэт давхин ирж, Ма Лин цэрэг дагуулан зүүн хаалгыг байлдаж, Ү Нэн, Сюй Жинь цэрэг дайчлан баруун хаалгыг дайлж, Тянь Бао-ийн бие Со Сянь, Дан Ши Лүн, Лин Гуан, Дуань Рэнь лүгээ цэрэг авч хойд хаалгыг дарж ирэв хэмээсэнд, Гүн Сүньшэн үүнийг сонсоод: - Ядуу бумба миний бие зүүн хаалгаар гарч Ма Лин лугаа байлдсугай. Мэргэн дүү Дао Чин баруун хаалгаар гарч Ү Нэн, Сюй Жинь-ийг баригтун. Лу Сянь фэн цэрэг дагуулан хойд хаалгаар гарч Тянь Бао-г угтаж байлд! хэмээсэнд Лү Жюнь И бээр Хуан Синь, Ян Ди, Оу Пэн, Дэн Фэй зэрэг дөрвөн жанжинд цэрэг өгч Гүн Сүньшэн-г туслан байлд хэмээсэнд, Дай Зүн[1]ий бие Ма Лин-г газар товчлон явж чадмуй хэмээн сонсоод Гүн Сүньшэн-г дагаж эчсүгэй хэмээн гуйсанд Лү Жюнь И үгийг зөвшөөж илгээв. Бас Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн, Жоутун-д цэрэг өгч Чяо Дао-д туслахаар илгээв.

Лү Жюнь И өөрийн биеэр Чин Мин, Сюань Зан, Хао Сывэнь, Хань Тао, Пэн Чи нарын хамт цэрэг салган хойд хаалгаар гарч Тянь Бао-г угтан авч байлдав. Мөн өдөр Фэнь Ян хотын гадна зүүн, баруун, хойно гурван этгээдэд туг хиур нарыг халхалж, харанга хэнгэрэг тэнгэр газрыг долгисуулж зүггүй их байлдаан үүсэв. Лү Жюнь И, Чяо Дао Чин цэрэг салган хоёр тийш байлдахаар гарсныг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь: хувилгаан унаа Ма Лин цэрэг морийг авч ирээд туг сажлан хэнгэрэг дэлдэж гутаан харааж байлдахаар өдөөхөд хотын хаалга гэнэт нээгдэж унуул гүүрийг доош буулгамагц Сүн улсын цэрэг морь хотоос түлхлэн гарч, урт могойн жагсаал засан нэгэн мөрөөр мөрлөн зогссонд, Ма Лин морь ташуурдан жад сунган өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Чадалгүй сөргүү хулгай манай хотыг түргэн эгүүлж өг! Өчүүхэн төдий удааваас үнсэн товрог болтол занчмуй! хэмээсэнд, Оу Пэн, Дэн Фэй зуузай холбон довтолж гараад их дуугаар: - Нүглийн сав чинь дүүрэх цаг болов! хэмээгээд Оу Пэн ган жадыг сунгаж, Дэн Фэй төмөр ташуурыг далайн морь тавьж байлдан орсонд, Ма Лин жад шаламдан угтан аваад арваад удаа болсон хойно Ма Лин алтан тоосгыг шүүрэн авч, Оу Пэн-г заан шидэж илгээв.

Тэр үед Гүн Сүньшэн хэдийн жолоо дугтран урагш давшиж сэлэм эргүүлэн увдис улируулсан тул Ма Лин-ий гар хөдөлмөгц Гүн Сүньшэн сэлэм өргөн нэгэнт заасанд аянга буух мэт их дуу мандаж, улаан гэрэл дуалан цацарч, Гүн Сүньшэн-ийн эрдэнийн сэлэм дөл мэт улайснаа Ма Лин-ий алтан тоосго хянгар хийтэл хөсөр унаж агшин зуур үзэгдэхгүй болов. Гүн Сүньшэн хувилгаан увдисыг улируулж өмнөд жагсаалын жанжин цэрэг зэр зэвсгийг хоромхон зуур цог мэт улайлгаж, урт могойн жагсаалыг гал луу мэт болгон хувилуулж, Ма Лин-ий алтан тоосго орхих увдисыг хувилгаан галаар эвдээд гарт барьсан өдөн гөвүүрийг даллан тэргүүн сүүл хоёр этгээдээс хумин цохисонд арын цэрэг их л дарагдаж үүл мэт сарнин энд тэнд бутраад гурван хувиас хоёр хувь нь хохиров. Ма Лин цэрэг дарагдан амь буруулж завшаанаар газар товчлох увдис байх тул салхи галын хоёр хүрдийг гишгэж зүүн тийш нисэн одов. Өмнөд жагсаалын хий хүлэгт Дай Зүн тарнийн хүрдийг хөлдөө уяж нэгэн этгээдэд хүлээж асан тул бас газар товчлох увдисыг улируулан ахар илдийг гартаа барьж хойноос нэхэхүйеэ хоромхон зуур Ма Лин хорин газрын үзүүр гарч, Дай Зүн арай хэмээн арван хэдхэн газар явж үзэн атал Ма Лин харагдахгүй болов.

Түүнээс Ма Лин газар товчлон нисэх мэт явж атал өөдөөс нэгэн тарган хуушаан давхин ирээд нэгэн шийдэмд занчин унагааж гарын аяар гахай мэт хүлж амьдаар барив. Тэр тарган хуушаан бээр Ма Лин-ээс асууж байтал Дай Зүн нэхэн ирвээс нэгэн хуушаан Ма Лин-г нэгэнт барьсан тул урагш давшиж лавлан үзвээс харин тарлан хуушаан Лү Жишэнь ажгуу. Дай Зүн их л гайхаж: - Эрхин багш ямар учир энд ирэв? хэмээвээс Лү Хи Шэнь өгүүлрүүн: - Энэ ямар газар болов? хэмээхүйеэ Дай Зүн өгүүлрүүн: - Энэ болбоос Фэнь Ян хотын зүүн дүүрэг мөн болой. Энэ хүмүүн болбоос арын жанжин Ма Лин хэмээгч мөн. Өнөөхөн Гүн Сүньшэн лүгээ байлдаж увдис эвдэрч буруулснаа дүү би нэхэж ирэв. Энэ боолын явах нь түргэн тул нэхэж гүйцсэнгүй. Санамсаргүй эрхин багшид баригдав. Энэ үнэхээр тэнгэрээс буусан мэт! хэмээвээс Лү Жишэнь инээн өгүүлрүүн: - Миний бие хэдий тэнгэрээс бууж ирсэнгүй хэмээвч газар дотроос гарч ирэв хэмээгээд хоёул Ман Лин-г хүлж Фэнь Ян хотын зүг эчих зуур, Дай Зүн бээр Лү Жишэнь-ий ирсэн газрыг асууваас Лү Жишэнь өлмий сунган алхах зуур ийн өгүүлрүүн: - Урагш өдөр Тянь Ху нэгэн эхнэр хүмүүнийг Сян Юань хотын гадна байлдуулахаар гаргав. Тэр бас чулуу нисгэн хүмүүнийг занчиж чадах тул олон жанжныг занчиж шархдуулсан бөлгөө. Хуушаан би жагсаалд шувтлан орж тэр самуун эхнэрийг барьсугай хэмээтэл санасангүй өлөн өвсний доторх нүхэнд халтиран ороод нэлээд удсан хойно сая нүхэн ёроолд хүрвээс завшаанаар гэмтэж шархадсангүй. Нүд өргөн үзвээс хажууд бас нэгэн нүх байх бөгөөд гэрэл үзэгдэх тул дотогш орж үзвээс мөн их л сонин, тэнд бас нэгэн адил наран саран байх бөгөөд гацаа тосгон, гэр хүрээ байх аж.

Тэндэх ард иргэн ч бас хувь хувийн аж үйлд яаралдмуй. Тэр намайг үзээд дуугарахгүй ганц инээхүйд би бас асуусангүй шууд дотогш алхан ороод айл өрх зузаан газрыг өнгөрсөнд хүмүүн амьтны бараагүй нэгэн нам сэлүүн газар эчив. Тэндээс урагш явсаар нэлээд удсан хойно нэгэн улалжин гэрт хүрэв. Чих тавин чагнаваас гандийн дуу гарах тул дотогш алхан орж үзвээс над лугаа нэгэн адил тойн хуушаан завилж суугаад ном уншмуй. Би түүний нутаг усыг асууваас тэр хушаан: -Ирсэн нь ирэх газраас ирж, одсон нь одох газарт одмуй хэмээсэнд би түүний үгийг үл ухан эгдүү хүч бачимдахуйд тэр хуушаан инээн асууруун: - Чи энэ газар ямар орон болохыг мэдмүй үү? хэмээвээс би түүний зүг: - Чиний энэ этгээд газрыг хэн мэдмүй хэмээхүл тэр хушаан бас инээн өгүүлрүүн: - Дээш хэмжээгүй хоосонд хүрч, дорогш завсар үгүй оронд хүрмүй. Гурван мянган галав хорвоо ертөнц хязгааргүй тул хэн хэмээвч мэдэхгүй хэмээгээд бас ийн өгүүлрүүн: - Хүмүүн бүрд сэтгэл хэмээн байх тул сэтгэлээс уртад бодлого хэмээн үүсмүй. Тамын орон мөнхийн диваажингаас мянган бодлого төрөх тул гурван галваар сэтгэлийг эш болгож, түмэн увдисаар ухааныг эш болгомуй. Нэг ч бодлого үүсэхгүй болбоос зургаан бясалгал бүрнээ сөнөж, сав ертөнц мөхмүй хэмээв.

Би түүний ийн ялгууртай өчсөнийг сонсоод алга хамтатган наманчлан ёсолсонд тэр хуушаан их л инээж: - Чиний бие тавилант худагт унасан тул нисваанисын ертөнцөөс ангижрахуйяа бэрх. Ийнхүү би чамд эндээс гарах зам мөрийг заан өгсүгэй хэмээгээд намайг дагуулан улалжин гэрээс гарч дөрөв таван алхам явсан хойно миний зүг ийн өгүүлрүүн: - Эндээс хагацан салж хожмын өдөр дахин учирсугай хэмээгээд хуруугаар өмнөш зааж: - Эндээс урагш явбаас хувилгаан унааг олж болмуй хэмээсэнд, би бие урван хойш харваас тэр хуушаан хэдийн харагдахгүй болоод гэнэт гэрэл гарч гэгээн ертөнцөд гарч ирэхүйеэ энэ хүмүүн лүгээ олж учрав. Түүнийг үзвээс маш сэжигтэй мэт тул нэгэн шийдэмд занчин унагасан боловч энэ газар хэрхэж ирснийг огт мэдэхгүй. Энэ газрын цаг улирал Жао Дэ Фү-ийн цаг улирлаас этгээд өөр: Тоор гүйлсний хөх навч хэдий их боловч цэцэг хэмээн үгүй аж хэмээхүйеэ, Дай Зүн инээн өгүүлрүүн: - Эдүгээ нэгэнт гурван сарын хорьд болсон тул тоор гүйлсний цэцэг цөм зулгаран унажээ хэмээсэнд, Лү Жишэнь итгэхгүй маргаж өгүүлрүүн: - Түв хэмээн хоёр сарын хорьдоор худагт унаад дэмий удсангүй атал, хэрхэж гурван сарын хорьд болов? хэмээсэнд, Дай Зүн их л гайхаж Ма Лин-г хөөж шууд Фэнь Ян хотноо ирэв. Төдийд Гүн Сүньшэн хэдийн арын цэргийг алан ухруулж цэрэг хураан хотноо эгэв. Лү Жюнь И, Чин Мин, Сюань Зан, Хао Сывэнь, Хань Тао, Пин Чи цэрэг аван Со Сянь, Дан Ши Лүн, Лин Гуан зэргийн гурван жанжныг алаад, Тянь Бяо, Дуань Рэн-г арван газрын үзүүр гартал нэхэмжилээд арын цэргийг алан сарниулав. Тянь Бяо бээр Дуань Рэнь, Чэнь Сюань, Мяо Чэн[1]ий хамт дарагдсан цэргээ авч умар зүг эчив. Лү Жюнь И цэрэг хураан хотноо эгэхүйеэ Чяо Дао Чин чив хэмээн Ү Нэн, Сюй Жинь-ийг эвдэж, Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн, Жоутун-ийн хамт цэрэг авч нэхэмжлэн ирээд, хоёр этгээдээс хавчин байлдсанд арын цэрэг их л дарагдаж, цэрэг морь арвин хохиров. Ү Нэн бээр Ян Чүнь-д цавчигдаж мориноос унаж үхэв. Сюй Жинь бээр Хао Сывэнь-д жадлагдаж алагдав.

Сүн улсын цэрэг их л дийлж морь унаа, хуяг дуулга, харанга хэнгэрэг, эмээл хазаар зэргийн зүйлийг тоогүй олон олзлов. Лү Жюнь И даруй Чяо Дао Чин лүгээ цэрэг морио нийлүүлж, дөрөө догшин түрхэртэл дуулалдаж, хазаар дугтран хангинатал эгшиглэсээр хотноо ороод яамны өмнө хүрвээс Лү Жишэнь, Дай Зүн, хоёул Ма Лин-г түлхлэн авчирсанд Лү Жюнь И их л баярлаж ийн асууруун: - Лү Жишэнь юуны учир энд ирэв? Сүн ахын бие Ү Ли лүгээ байлдаад дийлэн дийлэгдэх нь хааш болов? хэмээсэнд, Ли Жи Шэнь урьд өдрийн худагт унасан ба Сүн Жян-ын Ү Ли лүгээ байлдсан учрыг нэгэн зэрэг нарийвчлан тоочсонд, Лү Жюнь И тэргүүлэн олон жанжин тэсгэлгүй гайхан шагшив Төдийд Лү Жюнь И өөрийн биеэр Ма Лин-ий хүлээсийг тайлсанд, Ма Лин замын зуур Лү Жишэнь-ий хэлсэн үгийг сонссоны дээр Лү Жюнь И-ийн энэ мэт элбэрэл журамтайг үзээд хөсөрт сөгдөн орж өгөв. Лү Жюнь И олон замын жанжин цэргийг шагнан хөхиүлэв. Жич өдрийн Нин Фү-г сахисан жанжин нар яамны үйлийг шинэ ирсэн түшмэлд тушаагаад Фэнь Ян-д зарлигийг хүлээхээр эчив. Лү Жюнь И баярын сэтгүүл мэдүүлэхээр Дай Зүн, Ма Лин хоёулыг Сүн Сянь фэн-ий хүрээнээ илгээгээд, мөн өдөртөө дэд цэргийн багш Жү Ү лүгээ байлдахаар мордохыг зөвлөн хэлэлцсэнийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ма Лин бээр Дай Зүн-д нэгэн өдөр мянган газар явах увдисаа сургаж, хоёул мөн өдөртөө даруй Сүн Жян-ын хүрээнээ ирж, цацарт орж ёслон золгоод баярын мэдээг нарийвчлан тоочсонд, Сүн Жян бээр Лү Жишэнь-ий учрыг сонсоод гайхах баярлах хосолж, өөрийн биеэр Чэнь Ань Фү-ийн ордноо орж баярын мэдээг өргөн мэдүүлснийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Тянь Бао-ийн бие Дуань Рэнь, Чэнь Сюань, Мяо Чэн лүгээ дарагдсан цэргээ авч эзнээс салсан нохой мэт сандарч, өөшнөөс мултарсан загас мэт яаран буруулж Вэй Шэн хотноо хүрч, Тянь Ху-д уулзаад цэрэг дарагдаж газраа алдсан учрыг уйлан тоочив. Тийн атал хуурмаг цэргийн яамны эрхэлсэн түшмэл мэндэн сандан дотогш орж ийн айлтгаруун: - Их ванд өргөн мэдүүлэх учир хэмээвээс энэ хоёр өдөр туршуулч ард цасан лавс мэт өдөт бичиг довтолгож, цэрэг захирсан их жанжин Ма Лин баригдаад, Гуань Шэн, Хү Яньжуо цэрэг авч Юй Шэ сянь-ийг бүсэлж, Лү Жюнь И нарын цэрэг морь Же Шиү сянь-ийг эвдэв хэмээмүй. Ганц Сян Юань сянь-ий улсын нагац Ү Ли удаа дараа баярын сэтгүүл довтолгох тул Сүн улсын цэрэг халдаж чадахгүй баймуй хэмээсэнд, Тянь Ху үүнийг сонсоод цөс хэмхэртэл эмээж, арга баран цухалдаж атал бичиг цэргийн олон түшмэл зөвлөж, умардын Алтан улсад дагасугай хэмээхүйеэ баруун гарын хуурмаг Чэнсян тайш Бянь Сян олон түшмэлийг зандан эгүүлж ийн айлтгаруун: - Сүн улсын цэрэг хэдий гурван зам баймуй хэмээвч манай энэ Вэй Шэн хотыг түмэн уул хүрээлж байхын дээр, амуу өвс элбэг, хоёр жил хэрэглэж хүрэх бөгөөд шадар цэргийг багтаасан шилдэг хуяг хорин түм илүү баймуй.

Зүүн этгээдэд Ү Сянь, баруун этгээдэд Чинь Юань хоёр Сянь аж тус тус шилдэг цэрэг таван түм баймуй. Хойд этгээдэд Тайюань Сянь, Чи Сянь, Линь Сянь, Да Гү Сянь байх бөгөөд хот цайз бат бэхлэг, амуу хүнс элбэг дэлбэг тул байлдан сахиж болмуй. Эртний үгэнд: “Тахиан сэчиг болохоос биш үхрийн сүүл болохгүй” хэмээсэн ажгуу хэмээвээс Тянь Ху таслан чадахгүй татгалзаж атал зүн гуань түшмэл Е Чин ирэв хэмээн мэдүүлсэнд Тянь Ху зарлиг буулган дотогш оруулахуйяа Е Чин мөргөн золгосон хойно ийн мэдэлрүүн: - Хошой авхай жюнь ма-ийн хамт удаа дараа дайсныг дарж, цэргийн сүр ихэд мандаад шууд Жао Дэ фү-д мордон хүрч хотыг бүсэлсүгэй хэмээтэл улсын нагац Ү Ли-ийн бие гэнэт халуун томуунд баригдаад цэрэг морийг захирч чадахгүй болсон тул их ванд гуйчлах нь баатар жанжин шилдэг цэрэг илгээж, хошой авхай жюнь ма хоёрыг туслан Жао Дэ хотыг эгүүлэн авах болов уу хэмээхүл, хуурмаг дүдү түшмэл Фань Чуань урагш давшиж айлтгаруун: - Сайд би сонсохул хошой авхай жюнь ма хоёул асар баатар тул Сүн улсын цэрэг халдаж чадахгүй хэмээмүй. Их ван хэрвээ өөрийн биеэр дайлахаар мордож хүчирхэг цэрэг эрэмгий жанжнаар өмөглөвөөс улсаа мандуулах их үйл эрхгүй бүтэх буй за. Сайд би Тайзи-д туслан нийслэлийг сахисугай хэмээсэнд Тянь Ху айлтгасан ёсоор болгов. Угт Фань Чуань-ий охин төрийг алдуулах тасархай сайхан өнгө зүстэй тул Фань Чуань даруй Тянь Ху-д өргөснөө Тянь Ху маш янагаар амраглав.

Ийнхүү Фань Чуань-ий хэлснийг үл дагах нь үгүй болой. Мөн өдөр Фань Чуань бээр Е Чин-ий зузаан хээлийг хүлээн авсны дээр, Сүн улсын цэргийн сүрийг үзвээс асар их тул тухайг үзэж улсаа худалдсан ажгуу. Мөн өдөр Тянь Ху бээр цааз зарлан Бянь Сянь-д арван жанжин, шилдэг цэрэг гурван түм өгч, Лү Жюнь И, Хуа Рүн нарын цэрэг морийг угтан байлдахаар илгээв. Бас хуурмаг Тайюй түшмэл Фан Сюай Дү-д арван жанжин, шилдэг цэрэг гурван түм өгч, Гуань Шэн нарын цэрэг морийг угтан байлдуулахаар Юй Шэ сянь-д илгээв. Тянь Ху өөрийн биеэр хуурмаг Шаншү Ли Тянь Си, Жэн Жи Рүй, шүми түшмэл Сюай Ши, Линь Синь, пүдү түшмэл Ху Ин, Тан Сянь жич Дянь Шуай түшмэл, шадар цэргийн сургагч, нийгэмлэн боловсруулагч, ерөнхийлөн захирагч, жанжин туслагч нарыг дагуулж, шилдэг цэрэг арван түмэн хүмүүнийг сонгон, өдөр сонгож туг тахиад үхэр алан морь нядалж олон цэргийг шагнасан хойно цааз зарлиг захиа буулгаж дүү Тянь Бао, Тянь Бяо-г дүдү түшмэл Фань Чуань тэргүүлэн бичиг, цэргийн олон түшмэлийн хамт тайзи Тянь Дин-г тусалж нийслэлийг сахигтун хэмээв.

Е Чин энэхүү мэдээг олж сонсоод өөрийн сэтгэл зүрхний хүмүүнийг элч болгож шөнө дүлээр Сян Юань хотноо илгээж, Жан Чин, Чюн Ин-д мэдүүлснээ, Жан Чин даруй Се Жэнь, Се Бао-г дуудаж дээсээр дүүжлэн хотоос гаргаж, шөнө дүлээр Сүн Сянь фэн-д мэдээ хүргүүлэхээр илгээв. Түүнээс Бянь Сян цэргийн тамгыг үйлдүүлж цэрэг морийг шалгаж гурван өдөр болсон хойно сая Фань Юй Мин, Юй Дэ Юань, Фү Сян, Гү Кай, Коу Чэнь, Гуань Янь, Фэн И, Люй Жэнь, Жи Вэнь Бин, Ань Ши Лүн зэргийн жигүүрийн жанжин нарыг авч, гурван түмэн цэргийг дайчилж, Вэй Шэн жоу хотын зүүн хаалгаар мордон гарав. Цэрэг морийг хоёр анги хувааж, Фань Юй Мин, Юй Дэ Юань, Фэн И, Гү Кай өмнөд ангийн таван мянган цэргийг авч, Чинь Юань сянь-ий хязгаарын Мянь Шань хэмээх уулын хормойд хүрч, балар ойг ороож гартал гэнэт харангын дуу мандаж, балар ойн ар дахь уулан энгэрээс нэгэн багийн цэрэг морь довтлон гарч ирэв. Үзвээс хошууч жанжин Сүн Жян бээр Жан Чин-ий илгээсэн мэдээг олоод сэмээр Хуа Рүн, Дүн Пин, Линь Чүн, Ши Жинь, До Син, Му Хүн-д баатар хуяг таван мянган хүмүүнийг өгснөө хүмүүн бүр хөнгөн хуяг өмсөж, хүлгийн хонхыг авч, шөнө дүлээр нисэх мэт довтлон хүлээж байсан ажгуу. Ирсэн цэргийн дотроос нэгэн жанжин морь хийсгэн хос жад сунган гарч ирэв.

Энэ болбоос Сүн улсын цэрэг дэх жагсаалыг шувталж шалгарсан хос жадат Дүн Пин байсан ажгуу. Төдийд Дүн Пин их дуугаар өгүүлрүүн: - Ирсэн нь аль газрын цэрэг морь болов? Эртхэн мориноос бууж хүлүүлэхгүй ямар цагийг хүлээмүй! хэмээвээс, Фань Юй Мин хараан өгүүлрүүн: - Өмхий шалбаагийн өшөөт дайсан юуны учир миний эндэх хот балгасыг тэвчилмүй?” хэмээхүйд, Дүн Пин их л хилэгнэж зандан өгүүлрүүн: - Тэнгэрийн цэрэг ирсэн атал ямар аюулгүй гэдрэглэн хариуцмуй! хэмээгээд морь ташуурдан жад эргүүлж байлдан орохуйд, Фань Юй Мин хүлэг довтолгон жад мушгиж угтан аваад хорин хэдэн удаа зөрөлдсөн хойно Фань Юй Мин хүч мөхөсдөж нэгэнт тосож дийлэхгүй болсонд Дүн Пин жад нисгэн багалзуурыг нь нь жадалж мориноос унагаснаа, ар жагсаалын Фэн И үзээд ихэд хилэгнэж атган зэвсгийг дээр далайн морь харайлган Дүн Пин-ий зүг байлдан орсонд өмнөд жагсаалын амьд Ли Гуан Хуа Рүн хүлэг нисгэн угтаж аваад, ар, өврөөр нийлэн арваад удаа болсон хойно Хуа Рүн жолоо эргүүлэн жагсаалын зүг буруулан эчихүйеэ Фэн И морь тавин нэхэж ирсэнд Хуа Рүн барьсан жадаа бүүргэнээ хавчуулж нум сумыг авч саран мэт дүгрэглэн татаад дөрөө өшиглөн бие урваад Фэн И-ийн зүг зэв онилон нэгэнт харвасанд чив хэмээн түүш нь оногдож дөрөө алдан араараа савж унаснаа, Хуа Рүн морь эгүүлэн нисэх мэт довтлон ирж, нэгэнт жадлан амийг нь хороосонд Дүн Пин, Линь Чүн, Ши Жинь, Му Хүн, Ду Син нар цэрэг морийг даллан нэгэн зэргээр дарж ирэв. Гү Кай хэдийн Линь Чүн-д жадлагдан унаж, Юй Дэ Юань мориноос унаж цэргийн хөлд гишэглэгдэн үхэв. Арын цэрэг их л дарагдаж, таван мянган хүмүүний их хагас нь хохироод үлсэн нь дөрвөн зүгт сарнин бутарсанд, Хуа Рүн нарын цэрэг морь харанга хэнгэрэг хүлэг унаа зэргийг булаан авч арын цэргийг нэхэн алж таван газрын алс гарснаа түв хэмээн Бянь Сян-ий их цэрэг хүрч ирсэнд тохиолдов. Энэхүү Бянь Сян хэмээгч угт тариачин эр асан тул хоёр мөрөнд мянган жинг өргөх хүчтэй бөгөөд зэвсгийн эрдэмд их л шалгарсан бөлгөө.

Ийнхүү тэр болбоос хулгайн цэргийн дээд жанжинд тооцогдмуй. Төдийд хоёр этгээд эсрэглэн жагсаж туг хиур дэрвэлзэн хийсэж, хэнгэрэг бүрээний дуу мандмагц арын жанжин Бянь Сян агтын жолоо хөнтрөн гардийн жигүүрт алтан дуулгыг тэргүүндээ дарж, загасан хайрст мөнгөн хуягийг биедээ хэдэрчээ. Биеийн өндөр есөн тохой, гурван мушгиа урт сахал, царай өргөн мөр тэгш, босоо хөмсөг дүгрэг нүд, долгионыг зүсэх байлдааныг хүлэг дээр хөндлөн сууж, гартаа уулыг цавчих саран сүхийг барьж, зүүн баруун хоёр этгээдэд Фү Сян, Гуань Янь, Коу Шэнь, Люй Жэнь зэргийн дөрвөн хуурмаг түнхи түшмэлийг жагсааж, ардаа хуурмаг Түн Жюнь, Тишя, цэрэг морийг захирах Фан, Юй, Туань Лянь нарыг дагуулж цэргийн жагсаалыг тэгш сайхан зассан ажгуу. Өмнөд жагсаалын есөн луут Ши Жинь морь давхиулан жагсаалаас гарч ирээд их дуугаар жич хашхиран өгүүлрүүн: - Ирсэн жанжин нэрээ мэдүүл! Түргэн мориноос бууж хүлэхийг хүлээвээс хурц зэвсгийг үл бялдмуй! хэмээвээс, Бянь Сян хадганатал инээж: - Чиний бие нүд байгаад сохор, чих байгаад дүлий, Бянь Сян хэмээгч нэрийг сонссонгүй үү?” хэмээхүйд, Ши Жинь зандан өгүүлрүүн: - Сөргүүг өмөглөх самуун хулгай, эдүгээ тэнгэрийн цэрэг хүрч ирсэн бөгөөтөл аймшиггүй эсэргүүцмүй үү? хэмээгээд гурван үзүүр хоёр ир найман гарагт дам илдийг дээр далайж морь харайлган цавчин орсонд Бянь Сян бас саран сүхийг өргөн угтан аваад агт хүлгийг зөрөлдүүлэн атган зэвсгийг хямралдуулж, гучаад удаа болтол дийлэн дийлэгдэх нь ялгарсангүй. Өмнөд жагсаалын Хуа Рүн бээр Бянь Сян[1]ийн зэвсгийн эрдэм зэргээс хэтэрхий болохыг үзээд нууц зэв харвасангүй, ганц морь довтолгон жад сунган Ши Жинь-ийг өмөглөн орсонд Бянь Сян хоёр жанжин лугаа хүчлэн байлдаж, бас гучаад удаа зөрөлдтөл дийлэн дийлэгдэх мөн ялгарсангүй.

Ар жагсаалын олон жанжин Бянь Сян-г гэнэдэгдүүзэй хэмээн яаран хэнгэрэг дэлдэн цэрэг хурааснаа Хуа Рүн, Дүн Пин үзвээс тэнгэр нэгэнт орой болсны дээр цөөнөөр олныг дийлж чадахгүй тул мөн айж нэхсэнгүй цэргээ хураан өмнөш эгж, тус тус арван газрын үзүүр ухарч хүрээ буув. Мөн шөнө өмнө зүгээс их салхи хөдөлж, бараан үүл бэх мэт эвхрэлдээд шөнө дүлийн үеэс азарган бороо цутгалав. Тэр үе Тянь Ху-ын бие бичиг цэргийн олон түшмэл ба цэрэг морийг дайчлан ирээд Вэй Шэн хотоос зуун газрын алсад наран бүрэнхийгээр цацар байгуулан цэрэг буугаад, өнгөт авхай Фань хатан тэргүүлэн олон авхай шивэгчин лүгээ дарс уулцан найралдав. Мөн шөнө бас их бороо орж нэгэн дараагаар таван өдөр зогссонгүй тул цацар майхан цөм гоожиж газар доор ус тунаад, цэргийн ард тулга босгон хоол базаах аргагүй болсны дээр нум сум норж зэвийн өд дэвтэв. Олон багийн цэрэг морьд хүрээ цайзаа сахиж гарахгүй болсныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Со Чао, Сюй Нин, Шань Дин Гүй, Вэй Дингуо, Тан Лун, Тан Бинь, Гэн Гүн зэргийн олон жанжин хэдийн Гуань Шэн, Хү Яньжуо, Вэнь Жүн Рүн, Цүй Е-ийн хуурай замын цэрэг морь ба усан цэргийн түрүү Ли Жюнь нарын онгоц салыг угтан аваад, олон жанжин нэгэн зэрэг зөвлөөд Шань Тингүй, Вэй Дингуо-г үлдээн Лу Чэн хотыг сахиулсан хойно, Гуань Шэн тэргүүлэн олон жанжин усан хуурайн олон цэргийг захиран унаа хүлэг, онгоц салыг зэргээр хөдөлгөж Юй Шэ сянь-ийг байлдан эвдээд, Со Чао, Тан Лун-г хоцруулан хот балгасыг сахиулав. Гуань Шэн зэргийн олон жанжин ялсан хүчинд урагш давшиж чийрс эвхэх мэт даран орж бас Да Гү сянь-ийг эзлээд, хот сахисан жанжин түшмэлийг алсанд үлдсэн жигүүрийн жанжин цэрэг морийг авч дагасан нь тоолбоос барахгүй. Гуань Шэн цэрэг иргэнийг тохруулж жанжин цэргийг шагнаад, элч илгээн Сүн Сянь фэн-д баярын сэтгүүл довтолгов.

Жич маргаадар их бороо орсон тул Гуань Шэн нар мөн арга буюу хотноо орж цэрэг буугаад урагш цэрэг орж чадахгүй болов. Гэнэт хүмүүн ирж: - Лу Сянь фэн бээр Сюай Зань, Хао Сывэнь, Люй Фан, Гуо Шэн нарт цэрэг салган өгч Фэнь Ян фү-г сахиулаад, олон жанжин лугаа цэрэг авч Же Сю, Пин Яо хоёр сян-ыг эвдээд бас Хань Тао, Пэн Чи-г үлдээн Же Сю сянь-ийг сахиулж, Гүн Шэн, Гүн Лин-г үлдээн Пин Яо сянь-ийг сахиулаад, эдүгээ Тайюань хотыг хааж баймуй. Мөн бороонд тохиолдсон учир түр хотыг байлдаж чадахгүй болов хэмээн мэдүүлтэл, хотноо асан усан цэргийн түрүү Ли Жюнь энэ мэдээг сонсоод яаран Гуань Шэн-ийн зүг өгүүлрүүн: - Лу Сянь фэн нар зүсэр борооноо тохиолдож үерийн усанд хашигдаад цэрэг морь хөл тогтох аргагүй болсон тул хулгайн цэрэг хэрвээ шувтлах цэргийг гарган даруулбаас түгшүүртэй болой. Эдүгээ дүү би нэгэн аргыг бодож олоод Лу Сянь фэн-ий тэнд эчиж зөвлөсүгэй хэмээсэнд Гуань Шэн үгийг дагав. Мөн өдөр лусын эзэн Ли Жюнь бээр Гуань Шэн-д салах ёсыг хийж хотоос гараад Тун Вэй, Тун Мэн-ээр усан цэргийн онгоц салыг захируулаад, өөрийн биеэр Жан Хэн, Жан Шүнь, Руань овгийн гурван баатрын хамт хоёр мянган усан цэргийг дагуулж бүх даран нөмөрөг өмсөж, бороог эсэргүүлэн салхийг сөрж, зам дөтлөн нисэх мэт түргэнээр Лү Жюнь И-ийн цэрэгт ирээд цацарт орж, ёслон золгоод халуун хүйтнийг асуулцаж завдалгүйгээр Лу Жинь И-ийн чихэнд хэдэн үг шивнэсэнд, Лү Жюнь И их л баярлаж цэргийн ардад цааз зарлан хур борооны дундуур мод унагаан сал үйлд хэмээгээд Ли Жюнь нарын хамт үйлийг хичээхээр явсныг түр өгүүлэхгүй.

Түүнээс Тайюань хотыг сахисан жанжин, хууомаг дянь шуай Жан Сюн, хуурмаг түнхи түмшэл Сянь Жүн, Сюй Юай зэргийн гурван хүмүүн болбоос хулгайн цэргийн доторх хамгийн эрэмгий баатар жанжин болох бөгөөд тэдний гар доорх хуяг цэрэг нэгд нэгнээр хэрцгий догшин тул хот доторх зуун овогтон гаслан зовлонг хүлцэж чадахгүй болоод адал гэрээ орхиод дөрвөн зүгт сарнин эчсэн нь арван хувиас долоо найман хувьд хүрчээ. Төдийд Жан Сюнь нар хэдий их цэрэгт хаагдсан боловч хотын бэхэд эрдэж огт хэрэгсэхгүй, Жан Сюнь бээр Сян Жүн, Сюй Юай-н зүг ийн зөвлөрүүн: - Эдүгээ өдөр дараалан бороо орох тул Сүн улсын цэрэг морь хэдий дайрсугай хэмээвч давшиж чадахгүй, усанд хашигдаж амуу түлш дутагдаад хуяг цэрэг хоргодох сэтгэл огт үгүй болов. Ийнхүү цочмог цэрэг гарган байлдваас эрхгүй бүрнээ дийлэх буй за хэмээв.

Төдийд түв хэмээн дөрвөн сарын шинэд болсон ажгуу. Жан Сюнь цэрэг салган дөрвөн хаалгаар шувтлан гарсугай хэмээтэл гэнэт дөрвөн зүгээс харангын дуу мандсанаа Жан Сюнь яаран хотын асарт гарч нүд өргөн үзвээс Сүн улсын цэрэг борооны дунд дөрөвч углаж өндөр довцогт авиран гарсан ажгуу. Жан Сюнь хараахан гайхаж атал Хи Бо-ийн суваг ба зүүн баруун гурван этгээдээс хашхирах дуу тэнгэр газрыг донсолгож түмэн агтын төвөргөөн мэт их дуу түржигнэн сонстоод нүд ирмэх зуур их үер түлхлэн ирэв. Чив чиг өргөн далайгаас догшин түлхэлт цалгилан ирэх адил, өндөр тэнгэрээс Хатан гол үерлэн буух мэт. Энэ үнэхээр гавъяа зүтгэлээр урьдын Хи Бо-аас хэтийдэж, арга бодлогоор эртний Хань Синь-ээс давжээ. Эгнэгт түлхлэн ирсэн их үерийг хэрхэн хашихыг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top