Гурван улсын үлгэр | 13 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-13 ДУГААР БҮЛЭГ

 

ЛИЗЮЭ, ГУОСЫ ХОЁУЛ ИХЭД БАЙЛДСАН ЯНФЭН, ДУНЧЭН ХАМТ ХААНЫГ АВАРСАН

Өгүүлэх нь: Цаоцао Днтао газар Люйбүг ихэд эвдсэнээс Люйбү далайн хөвөөнд дарагдсан цэрэг морийг цуглуулан хураан авч байтал олон жанжин бас хурж ирсэн хойно дахин цэрэг байгуулж Цаоцао лугаа эрэгчин, эмэгчинг ялгасугай хэмээсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцаогийн цэргийн сүр их тул тэмцэлдэж эс болмуй. Урагш суух газрыг эрж олсон хойно тэр үес дахин ирэхэд оройтохгүй” гэхэд Люйбү өгүүлрүүн: “Би дахин бас Юаньшаод эрэхээр очсугай хэмээн санамуй. Ямар аж?”. Чэньгүн өгүүлрүүн: “Урьд Зижоуд хүн зарж чимээ авсан хойно очвоос болмуй”. Люйбү үгийг дагав.

Тэндээс Юаньшао Зижоуд агаад Цаоцао Люйбүтэй байлдаж буй хэмээн сонссонд зөвлөлийн түшмэл Шэньпэй өгүүлрүүн: “Люйбү шарнууд барс болой. Хэрвээ яньжоуг олбоос Зижоуг шунахайрмуй. Харин Цаоцаог тусалж байлдахад хүрэхгүй. Тийм болбоос сая зовлонгүй болмуй” хэмээсэнд Юаньшао даруй Яньлянд таван түмэн цэрэг өгч Цаоцаод туслахаар илгээв. Туршуулын хүн энэ чимээг олж нисэх мэт ирж Люйбүд мэдүүлсэн хойно Люйбү их л цочиж Чэньгүн лүгээ зөвлдвөөс Чэньгүн өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос Любэй шинэхэн Сюйжоуг хүлээн авав хэмээмүй. Тэнд очиж болох юм” хэмээсэнд Люйбү тэр үгийг сонсож, Сюйжоугийн зүг дагахаар очив. Хүн хэлэхээр ирсэн хойно Сюаньдө өгүүлрүүн: “Люйбү энэ үеийн хэцүү баатар тул хотыг гарч угтваас зохимуй” хэмээв. Мижү өгүүлрүүн: “Люйбү барс чоно мэт амьтан тул агуулж болохгүй. Агуулбаас хүнийг хорломуй”. Сюаньдө өхүүлрүүн: “Урьд Люйбү Яньжоуг байлдсангүй болбоос яахин энэ газрын зовлонг тайлмуй. Эдүгээ тэр хүч буураад намайг эрэхээр ирсэн тул би юунд өөр сэтгэл агуулж болмуй!” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Ахын сэтгэл хэтэрхий сайн. Хэдий тийм боловч сэргийлбээс зохимуй” хэмээв.

Түүнээс Сюаньдө олныг дагуулан хотоос гарч гучин газрын эцэст Люйбүг угтаж аваад морь зэрэгцэн хотод оров. Цугаар мужийн яамны танхимд хүрч ёслон суулцсан хойно Люйбү өгүүлрүүн: “Би Ван Сытү лүгээ арга үүсгэж Дунжуог алсан хойно бас Лизюэ, Гуосыгийн самуун тохиолдоод Гуаньдунд тарвалзан явахад мужийн эзэд цөм агуулсангуй Хожим цаоцао өршөөлгүйн улмаас танай Сюйжоуг халдахаар ирсэнд гүн чи Таоцянийг өмөглөсөн бөгөөд Люйбү би Яньжоуг байлдаж түүний хүчийг хуваасан бөлгөө. Санамсаргүй гэдрэг Цаоцаогийн зальхай арганд унаж цэрэг сүйдэж жанжин хохироод эдүгээ гүн чамайг эрэхээр ирж хамт их хэргийг бодолхийлсугай хэмээмүй. Эрхмийн санаа ямрыг мэдэхгүй?” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Тао Ши Зюнь мөнөөхөн бие өнгөрөхдөө Сюйжоуг захирах хүнгүй тул Любэй надаар мужийн хэргийг хамааруулав. Эдүгээ золоор жанжин та энд ирсэнд найр талбиваас зохимуй” хэмээгээд даруй шошго тамгыг Люйбүд өгөхөд Люйбү сая “Хүлээн авсугай!» хэмээгээд гэнэт үзвээс Сюаньдөгийн арын хойнох гуань, Жан хоёул цөм уурлах байдалтай байх тул люйбү зориудаар инээд өгүүлрүүн: “Санахад би нэгэн гагц баатар эр яахин мужийн эзэн болж чадмуй за”. Сюаньдө бас шаардахад Чэньгүн өгүүлрүүн: “Зочин чийрэг боловч гэрийн эзнийг дарангуйлахгүй гэсэнчлэн Лю мужийн эзэн та битгий сэжиглэгтүн!” хэмээсэнд Сюаньдө сая зогсов, даруй хурим бэлтгэж хуримлаад гэрийг шинэтгэж суулгажээ. Дэд өдөр Люйбү хариу хуримламуй хэмээн Сюаньдөг залахаар ирсэнд Сюаньдө гуань, Жан лугаа хамт очоод уулцсаар халамссан хойно Люйбү Сюаньдөг хойд танхимд залахад гуань, Жан дагаж оров. Эм хүүхдээ дуудан гаргаж Сюаньдөд ёслуулсугай хэмээсэнд Сюаньдө дахин давтан маргаж болохгүй. Люйбү өгүүлрүүн: “Мэргэн дүү битгий маргагтун!” хэмээв. Жанфэй сонсоод нүд бүлтийн зандран өгүүлрүүн: “Миний ах хэмээгч алтны салаа хасын навч, чи ямар зэргийн хүн хэмээн аймшиггүй миний ахыг “Мэргэн дүү” хэмээн дуудмуй, чи гарч ирэгтүн! би чам лугаа гурван зуун удаа байлдсугай!” гэхэд Сюаньдө яаран зандаж зогсоосон хойно гуань гүн Жанфэйг хэлж гаргав. Сюаньдө Люйбүгийн зүг инээн өгүүлрүүн: “Болхи дүү согтож дэмий үг хэлснийг ах үл буруушаамуй!” хэмээхэд Люйбү огт хэмээсэнгүй.

Удсангүй хурим тарж Люйбү Сюаньдөг үүд гартал үдвээс Жанфэй морио ташуурдан жадаа хөндөлдөж их дуугаар: “Люйбү! Би чам лугаа гурван зуун удаа байлдсугай!” хэмээн бархирахад Сюаньдө яаран Гуань гүнгээр хориглон зогсоолгов. Дэд өдөр Люйбү ирж Сюаньдөгөөс аяарлаж өгүүлрүүн: “Мужийн захирагчийн гээхгүйг хүртсэн боловч гагц эрхэм дүү нар харилцан багтаахгүй буй за. Люйбү би салж өөр газар очсугай!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Жанжин хэрвээ явбаас тэр ял их болмуй. Болхи дүүгийн айдангуйлсныг108 өөр өдөр осол хүлээсүгэй! Ойр нэгэн Сяопэй хот буй. Эрт Любэй миний цэрэг суусан газар болой. Жанжин бага хэмээн голохгүй болбоос түр морийг амуулан сууваас ямар? Амуу будаа, цэргийн хэрэгслийг любэй би туслан өгсүгэй!” гэхэд Люйбү тал өгч цэргийг авч Сяопэйгийн зүг одов. Сюаньдө хойно нь Жанфэйг буруушаахыг өгүүлэх юун.

108 айдангуй - санааны зоргоор дэмий ярих зантай, айданга. айдангуйлах гэдэг нь айдангуй зан байдал гаргахыг хэлнэ.

Түүнээс Цаоцао Шаньдунг төвшин болгоод илтгэл бичиж хаанд айлтгасанд Цаоцаод Зян Дө жанжин Фэй Тин Хоу нэмж өргөмжлөв. Тэр цагт Лизюэ өөрийн биеийг Дасы Ма, Гуосы өөрийн биеийг их жанжин болгож хондлөн гулдаар явж нэг ч эмээлгүй төрийн сайд нар хэн аймшиггүй өгүүлнэм. Үүнд Тай Вэй түшмэл Яньбяо, Да Сы нун түшмэл Жузюнь нар хулгаж Сяньди хаанд айлтгаж өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцаог хорь илүү түмэн цэрэг сүрэглэн дагаж, зөвлөлийн сайд, баатар жанжин хэдэн арван нэр буй. Хэрвээ энэ хүнийг олж улсын төрд туслуулан зальхай намыг хядан арилгаваас дэлхий дахины завшаан болой” хэмээсэнд Сяньди хаан уйлан өгүүлрүүн: “Би хоёр хулгайд дарлагдаад уджээ! Хэрвээ олж албаас үнэнхүү завшаан бөлгөө!”. Яньбяо айлтган өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Урьд хоёр хулгайгаар харилцан хорлолцуулаад хойно зарлиг бичиг бичиж Цаоцаог цэрэг авч ирүүлэн алуулж хулгайн хоршоог арилгаад улс төрийг амгуулсугай!”. Сяньди хаан өгүүлрүүн: “Ямар арга болохыг хэлж гаргагтун?”. Яньбяо өгүүлрүүн: “Сонсохул, Гуосыгийн эм ихэд хартай хэмээмүй. Үүнийг хүнээр Гуосыгийн эмийн гэрт илгээж уравхийлэн завсардуулах арга хэрэглэвээс хоёр хулгай өөсөө харилцан муудах болой” хэмээв.

Түүнээс Сяньди хаан даруй нууц зарлиг бичиг Яньбяод өгөв. Тэндээс Яньбяо эмээ өөр хэргийн төлөө Гуосыгийн гэрт хулган зарж Гуосыгийн эмд өгүүлрүүн: “Сонсвоос Гуо жанжин, Ли Сымагийн109 эм лүгээ амраглаад хоёулын найр маш нягт хэмээмүй. Хэрвээ Сыма мэдэж олбоос лав түүний хорыг амсмуй. Фүрэнь110 харилцан явалцахыг сайн” хэмээсэнд Гуосыгийн эм хэрдхийн өгүүлрүүн:

“Үнэхээр жигтэй үргэлж эчиж хоноод харьж ирэхгүй нь харин ийм нүүр үгүй хэргийг хийх аж! Хатагтай хэлсэнгүй болбоос эхнэр би мэдэхгүй, сэргийлэн болгоомжилсугай!” хэмээжээ. Яньбяогийн эм гарч ирэхэд Гуосыгийн эм дахин давтан тал өгч салав. Хэдэн өдөр болсон хойно Гуосы “Лизюэгийн гэрт хуримлахаар одсугай!” хэмээхэд эм өгүүлрүүн: “Лизюэгийн сэтгэлийг болзвоос болохгүй. Нэндээ хоёр баатар хамт зогсох үгүй. Хэрвээ тэр архины хойно хор хийвээс эхнэр би яанам.” Гуосы сонсохгүй тул эм дахин давтан хориглож зогсоов. Үдэш болсон хойно лизюэ хүн зарж архи, ногоо хүргэж ирсэнд гуосыгийн эм сэмээр дотор нь хор хийж сая авч оруулав. Гуосы идсүгэй хэмээхэд эм өгүүлрүүн: “Гадаадаас ирсэн юмыг юунд даруй идэж болмуй. Урьд нохойд идүүлэн үзсүгэй!” хэмээгээд нохойд идүүлбээс даруй үхэв. Түүнээс Гуосы дотроо сэжиглэлтэй болжээ. Нэгэн өдөр бараалхлаас гарч ирэхэд лизюэ гуосыг гэртээ урьж хуримлаад үдэш сая тарав. Гуосы согтож харьсан хойно гэнэт гэдэс өвдөн үүсгэжээ. Эм өгүүлрүүн: “Лав хордогдов” хэмээгээд яаран баастай ус уулгаад огшуулсан хойно сая сайн болов.

109 лизюэгийн хэргэм тушаал

110 Хатагтай, эзэгтэй

Түүнээс Гуосы ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би чам лугаа хамт их үйлийг бүтээсүгэй хэмээж атал чи эдүгээ учир бусаар намайг хорлосугай хэмээмүй үү! Би урьд үүсгэх үгүй болбоос эрхгүй түүний аргад унамуй” хэмээгээд өөрийн цэргийг засаж “Лизюэг алсугай!” хэмээхэд хэдийнээ хүн мэдээд лизюэд хэлэв. Лизюэ бас хилэн төрж өгүүлрүүн: “Гуосы ямар аймшиггүйгээр ийм аашилмуй!” хэмээгээд өөрийн харьяат цэргээ авч Гуосыг алахаар ирэв. Хоёр талын цэрэг нийлэн хэдэн түм илүү буй. Даруй цэрэг Чан Ань хотын дор хутган байлдаад дашрамд иргэний юмыг булаан авав. Лизюэгийн ач Лисянь цэрэг авч хааны ордныг хаагаад хоёр тэрэг авчирч нэг тэргэнд тэнгэрийн хүүг суулгаж нөгөө тэргэнд Фү Хуанхоу111-г суулгаад Зясюй, Зуолингээр тэргийг захируулав.

111 Хатан

Түүнээс өөр ордон доторх хүн цөм явгалж Хоу Займэнь хаалгаар гарахад цав хэмээн Гуосыгийн цэрэг хүрч ирээд самуун зэв харвасанд ордны хүнийг харван алсан нь тооловч барахгүй. Лизюэ хойноос байлдан ирсэнд Гуосыгийн цэрэг сая хойш эгэв. Хааныг авч бэрхэд шургаж хотоос гаргаад ийм тийм хэлэхийг сонсохгүй шууд лизюэгийн хүрээнд аваачив. Гуосы цэрэг авч хотод орж ордны доторх эхнэр охид, эд таваарыг булаалдан авч орд харшид гал тавиад хүрээндээ буцав. Дэд өдөр Гуосы Лизюэгийн хааныг булаан аваачсаныг сонсож цэрэг авч хүрээний өмнө байлдахаар ирсэнд хаан, хатан цөм цочин айв.

Хожмын хүн гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Хань улсын төр Гуан Үгийн үед дахин мандаад

Хаан арван хоёр сууж төр улсаа залгамжилжээ

Хуань, Лин хоёр хаан ёсгүй тул улс гүрнээ доройтуулсанд

Ховдог тайганчууд дураар эзэрхээд төрөө эцэслүүлэхэд хүрүүлэв

Бодлогогүй Хөзинь гурван гүнгийн тушаалыг хүлээгээд

Бусчир хулганыг арилгасугай хэмээн зальхай эрийг удирдав

Шарнууд халиуг үлдсэн барс чоныг оруулсаны тул

Баруун мужийн сөргүү боол харгис ужидыг үүсгэв

Ван Юнь Сытү цусан сэтгэлээр улаан энгэсэгтэнд түшиглэж

Дунжуо Люйбү хоёулыг зөрчилтэй болгон чаджээ

Лай татагч хулгай нарыг сөнөөж дэлхий дахиныг амаржуулавч

Лизюэ, Гуосы хорсол өвөрлөснийг хэн мэдсэн аж

Дундад улс зовлон гачгаар дүүрснийг хэрхмүй

Зургаан ордонд хүнс дутагдаж самуун цагаас аюумуй

Хүний сэтгэл сарниад тэнгэрийн бошго дууссанд

Хүчит баатрууд дэлхий дахиныг хэсэглэж хувааж эзэлжээ

Хожмын ван үүгээр цээрлэл болгон хичээн чармайж

Хот нутгаа зүгээр битгий сүйд болгогтун

Ард иргэд гишгэлэгдэн дарлагдаж амь насан бусниад

Автагдаж сүйдсэн уул уснаа гаслангийн цус урсмуй

Үлдсэн түүхийг би үзээд тэсгэлгүй эвхрэн

Өнө эдүгээгийн эвдэрч сүйдсэн бүхэнд сэтгэл гуньхармуй

Танилт эзэн мөхөж сөнөхийг хичээн цээрлэх хэрэгтэй

Тай А илдийг хэн барьж угийн хэлхээг хамгаалмуй”

Түүнээс Лизюэ даруй гарч байлдан Гуосыгийн цэрэг буруулсны хойно Лизюэ хаан хатныг Мэй Үд нүүлгэн аваачаад ач хөвгүүн Лисяньгаар захируулсанд дотор зарцлах хүнийг цөм зогсоон идэх уухыг тасалж дагагсад сайд цөм өлсгөлөн өнгөтэй болсонд хаан хүн зарж “Лизюэгээс амуу таван суулга, үхрийн яс таван бүхэл авч Гучиха нарт хүртээсүгэй” хэмээхэд Лизюэ хилэн төрж өгүүлрүүн: “Өглөө үдэш будаа идээ өгч атал юунд бас өөрийг санамуй?” хэмээгээд илжирсэн мах өмхийрсөн амууг өгсөнд өмхий тул идэж болохгүй. Хаан хараан өгүүлрүүн: “Сөргүү хулгай энэ мэт дарламуй уу”. Шижун түшмэл Янци яаран өгүүлрүүн: “Лизюэгийн чанар харгис догшин хэрэг үүнд хүрсэн тул хаан түр тэсэх болов уу? Хурцад шөргөөж болохгүй” хэмээсэнд хаан толгойгоо дарж дуугүй болоод нүдний нулимс дээлийн ханцуйд мэлтэлзмүй. Гэнэт ойр хүн ирж хэлрүүн: “Нэгэн багийн цэрэг илд жад наранд гялбалзуулан харанга хэнгэргийн дуу тэнгэр түрхэрч хааныг хамгаалахаар айсуй!” хэмээмүй. Хаан хэн хэмээн асуулгаваас харин Гуосы ажээ. Хаан сонсоод гэдрэг зовов. Удалгүй Мэй Үгийн гадна хашхирах дуу сонсогдмуй. Лизюэ цэрэг дагуулан гарч Гуосыг ташуураар зааж хараан өгүүлрүүн: “Би чамайг өршөөсөн нь нимгэнгүй атал чи ямар учирт намайг хорлосугай хэмээмүй!”. Гуосы өгүүлрүүн: “Чи болбоос урвасан хулгай тул юунд чамайг алахгүй аж!” хэмээсэнд Лизюэ өгүүлрүүн: “Би энд хааныг хамгаалж буй атал яахин урвасан хулгай хэмээмүй?”. Гуосы өгүүлрүүн: “Чи хааныг булааснаас хааныг хамгаалсан нь бус?”. Лизюэ өгүүлрүүн: “Дэмий хэлэлцэх хэрэггүй! Бид хоёул цэрэг хэрэглэхгүйгээр гагцаар байлдаад дийлсэн нь хааныг аваачсугай” хэмээгээд хоёул жагсаалын өмнө байлдаж арван удаа болтол хэн нь ч дийлэхгүй байхад Тай Вэй түшмэл Яньбяо морио ташуурдан ирж өндөр дуугаар дуудан: “Хоёр жанжин түр зогсогтун! Хөгшин би тусгайлан олон түшмэлийг авч хоёр их хүнийг зохицуулсугай хэмээн ирэв” хэмээсэнд Лизюэ, Гуосы өөр өөрийн хүрээнд эгэв. Яньбяо, Жузюнь лүгээ төрийн сайд түшмэлийн хамт нийлээд жар илүү хүн урьдаар Гуосыгийн хүрээнд ирж ятган хэлэхэд Гуосы олон түшмэлийг бүрнээр хорив. Олон түшмэл өгүүлрүүн: “Бид сайн болгохын төлөө ирсэн атал яахин энэ мэтээр аваачмуй?”. Гуосы өгүүлрүүн: “Лизюэ тэнгэрийн хөвгүүнийг булааж болох атал гагц би сайдыг хурааж болохгүй үү!”. Яньбяо өгүүлрүүн: “Нэг нь тэнгэрийн хөвгүүнийг булааж, нөгөө нь сайд түшмэдийг хориод яах санаа буй”. Гуосы ихэд хилэгнэж даруй илдээ сугалж Яньбяог алсугай хэмээхэд Жунлан жанжин Янми хүчлэн ятгаж зогсоов. Үүнд Гуосы Яньбяо, Жүзюнийг тавьж өөр сайд нарыг цөм хүрээндээ хорьжээ. Яньбяо Жүзюньгийн зүг өгүүлрүүн: “Бид улсад туслах сайд бөгөөд эзнийг авран үл чадах нь тэнгэр газрын хооронд хугасаар амьдрах болой!” хэмээгээд хоёул харилцан тэвэрч уйлан харангадаж унав. Жүзюнь гэртээ эгээд өвчин олж үхжээ. Түүний хойно Лизюэ, Гуосы хоёр өдөр бүр харилцан эсэргүүцэж залгалдаагаар тавь илүү өдөр болоход үхсэнийг нь тооловч барахгүй бөлгөө.

Тэндээс Лизюэ ердөө гажуу ёсны шулмын увдист бахтай тул үргэлж хүрээний дотор эхнэр бөөг авчирч хэнгэрэг дэлдэн сахиусыг залж залбирмуй. Зясюй удаа дараа ятгавч сонсохгүй. Нэгэн өдөр Шижун түшмэл Янци хаанд хулгаж айлтгаруун: “Сайд би Зясюйг үзвээс хэдий Лизюэгийн сэтгэл зүрхний мэт боловч үнэндээ хааныг умартсан нь үгүй. Хаан түүн лүгээ зөвдвөөс болмуй” хэмээн хараахан хэлэлцэн ахуйд Зясюй орж ирэв. Хаан зүүн баруун этгээдийн ардыг зайлуулж Зя Сюйгийн зүг уйлан ухуулж өгүүлрүүн: “Сайд чи Хань улсын төрийг хөөрхийлөн миний амийг аварч чадмуй уу”. Зясюй газарт сөгдөж өгүүлрүүн: “Миний хүсэх нь болой. Хаан түр битгий хэлэгтүн! сайд би өөрөө бодсугай” хэмээсэнд хаан нулимсыг хурааж тал өгөв. Удсангүй Лизюэ бараалхахаар ирээд илд зүүж шууд орж ирсэнд хаан айж нүүр нь шорооны өнгөтэй болжээ. Лизюэ хаанд өгүүлрүүн: “Гуосы сайд хэмээгдэх санаагүй төрийн түшмэлийг хороогоод хааныг булаасугай хэмээмүй. Сайд надаас бус болбоос хааны бие уулгалагдмуй”. Хаан гараа өргөж тал өгсөнд Лизюэ сая гарав. Тэр үес Хуан Фүли хаанд золгохоор орж ирсэнд хаан Хуан Фүлигийн үг хэлэнд уран сэцэн гэдгийг мэдэх бөгөөд бас Лизюэ лүгээ нэгэн гацааны нөхөр тул зарлигаар хоёр тийш зохицуулахаар илгээв. Хуан Фүли зарлигийг хүлээн авч урьд Гуосы хүрээнд ирж Гуосыг хэлэлцэхэд Гуосы өгүүлрүүн: “Лизюэ хааныг хүргэж гаргаваас би олон сайдыг тавин гаргамуй” хэмээжээ. Хуан Фүли, Лизюэгийн дэргэд ирж хэлрүүн: “Эдүгээ тэнгэрийн хөвгүүн намайг силянгийн хүн бөгөөд гүн лүгээ нэгэн гацаанд суусан нөхөр хэмээн тусгайлан намайг зарж хоёр гүнг зохицуулахаар илгээв. Гуосы нэгэнт зарлигийг хүлээн авчээ. Гүнгийн санаа ямар аж?”. Лизюэ өгүүлрүүн: “Надад Люйбүг эвдсэн гавьяа буй. Засагт дөрвөн он тусалж зүтгэл гавьяа ихийг тэнгэрийн дор цөм илэрхий мэдмүй. Гуо Адуо112 морь хулгасан хулгай болой. Ямар аймшиггүй дураар төрийн түшмэдийг хорьж над лугаа мөчөөрхмүй? Би түүнийг ам алдаж алсугай! Авгай чи үзэхүйд миний арга бодлого цэргийн олноор Гуо Адуог дийлэхэд гүйцэд үгүй юу?”. Хуан Фүли өчрүүн: “Тийм бус. Эрт Цюн улсын эзэн Хоу И өөрийн сайн харвахад эрдэж зовлонг огт санахгүй тул үхэхэд хүрчээ. Мөнөөхөн Дунтайшийн идэрхэгийг авгай чи нүдээр үзсэн болой. Люйбү түүний хишгийг хүлээсэн атал харин түүнийг алж агшин зуур толгойг нь улсын хаалганд өлгөв. Тийнхүү баатар боловч түүнд эрдэж эс болмуй. Эдүгээ жанжны бие дээд жанжин болж төмөг барин үет цомцогийг атгаж хүүхэд ач нар цөм эрхэм түшмэлд байх тул улсын хишгийг зузаангүй хэмээж болохгүй. Эдүгээ Гуо Адуо олон түшмэдийг хорив хэмээтэл жанжин чи түүнээс эрхэм дээдийг булаажээ. Чухам хэнийх нь хүнд хэнийх нь хөнгөн буй за”. Лизюэ ихэд хилэн төрж илдээ сугалаад зандан өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн чамайг зарж намайг гутаалгахаар илгээсэн үү? би урьдаар чиний толгойг цавчсугай!” хэмээтэл Ци Дү Вэй түшмэл Янфөн ятгаж өгүүлрүүн: “Эдүгээ Гуосыг арилгаагүйгээр тэнгэрийн элчийг албаас Гуосыгийн цэрэг байгуулах нь нэртэй болох бөгөөд мужийн эзэд цөм түүнд туслах болой”. Зясюй бас хүчлэн ятгасанд Лизюэгийн хилэн баахан буурав. Зясюй даруй Хуан Фүлиг түлхэн гаргасанд Хуан Фүли өндөр дуугаар өгүүлрүүн: “Лизюэ зарлигийг дагахгүй хааныг хороож биеийг байгуулсугай хэмээж буй!”. Шижун түшмэл Хумяо яаран зогсоож өгүүлрүүн: “Битгий ийм үг гаргагтун! Биед хор болох магад” гэжээ. Хуан Фүли зандран өгүүлрүүн: “Хү Зинцай!113 чи бас хааны сайд атал юунд хулгайтай нийлэлдмүй? Эзэн гутаагдваас сайд үхмүй. Би Лизюэд алагдваас мөн хутаг болой!” хэмээн ихэд хараан огт зогсохгүйд хаан сонсож Хуан Фүлиг даруй Силянгийн газарт хариулав.

112 Гуосыгийн өргөсөн нэр

113 Хумяогийн өргөсөн нэр

Түүнээс Лизюэгийн цэргийн ихэнх хагас Силянгийн хүн бөгөөд нэндээ Цян Хү114 цэргийн туслахад эрдэж байсан тул Хуан Фүли, Силянгийн хүмүүнд хэлрүүн: “Лизюэ урвасугай хэмээж амуй. Дагах нь даруй хулгайн нам болж хойш өдрийн зовлон бага бус” хэмээсэнд Силянгийн хүн Хуан Фүлигийн үгийг сонсож цэргийн санаа цөм сарнижээ. Лизюэ Хуан Фүлигийн үгийг сонсоод ихэд хилэн төрж Хүбэнь түшмэл Ванчангаар нэхүүлэв. Ванчан Хуан Фүлиг шударга журамт эрдэмтэн хэмээн нэхсэнгүй хойш ирж Лизюэд хэлрүүн: “Хуан Хүли хааш одсоныг мэдэхгүй болжээ” хэмээв. Түүнээс Зясюй, Лайцянгийн хүнд өгүүлрүүн: “Хаан таны шударга журамтыг мэдэж удтал байлдаанд ядаж зүдсэнд нууц зарлиг буулган таныг цөм нутагт хариулж хойш өдөр хүнд хишиг хүртээсүгэй” хэмээжээ. Цянхү хүн угаас Лизюэгийн түшмэл зэрэг, шан хишиг өгөхгүйд гомдож асан тул эдүгээ Зясюйгийн үгийг сонсож цөм цэргээ авч эгэв. Зясюй бас хаанд сэмээр айлтгаруун: “Лизюэ ховдог бөгөөд бодлогогүй тул өнөө цэрэг сарнисанд сэтгэл дотроо айж буй. Түүнийг хүнд хэргэмээр өеөлбөөс болмуй” хэмээсэнд хаан даруй зарлиг буулгаж Лизюэг дасыма болгож өргөмжлөв. Лизюэ баярдаж өгүүлрүүн: “Эхнэр бөөгийн сахиулсан залж залбирсны хүч болой!” хэмээгээд эхнэр бөөд хүндэд шагнаж жанжин цэрэгт шагнасангүй тул Ци Дү Вэй түшмэл Янфөн ихэд хилэн төрж Сүнгуод хандан өгүүлрүүн: “Бид чулуу зэвд шургаж биеийг бодохгүй зүтгэн яваад гавьяа нь харин эхнэр бөөд хүрэхгүй юу?”. Сүнгуо өгүүлрүүн: “Юунд энэ хулгайг алж хааныг гаргахгүй болой?” хэмээсэнд Янфөн өгүүлрүүн: “Чи цэргийн хүрээнд гал тавьж тэмдэг болгогтун! Би цэрэг авч гадаадаас туслан байлдсугай!” хэмээгээд хоёул мөн үдшийн хоёр жингийн цагт бослого үүсгэмүй хэмээн болзов. Санамсаргүй хэргийг нягталсангүйд сэрэгдэж хүн Лизюэд хэлсэнд Лизюэ ихэд хилэн төрөөд урьд хүн илгээж Сүнгуог барьж алав. Янфөн гадаадаас цэрэг авч ирвээс тэмдэг гал үзэгдэхгүй харин лизюэ хүрээнээс алан ирсэнд учраад хоёул хутган байлдсаар дөрөвдүгээр жин болсонд Янфөн ялахгүй тул цэргийг авч Си Аньд одов. Түүнээс Лизюэгийн цэргийн хүч улам буурсны дээр Гуосы үргэлж байлдахаар ирэх тул алагдсан нь маш олон аж. Гэнэт хүн ирж мэдүүлрүүн: “Жанжин их цэрэг дагуулан Шааньсигаас ирж хоёр гүнг зохицуулсугай хэмээмүй. Хэрвээ үгийг эс дагах болбол цэрэг авч байлдмуй” хэмээхэд Лизюэ нүүр харж урагш мөн шалтгаар хүн зарж Жанжигийн хүрээнд илгээн зохицуулахыг хүлээсэн тул гуосы бас аргагүй хүлээн авчээ. Жанжи даруй бяо115 бичиг бичиж, тэнгэрийн хөвгүүнийг Хуннунгийн газарт нүүлгэсүгэй!” хэмээн айлтгасан хойно хаан ихэд баярлаж өгүүлрүүн: “Би зүүн хотыг санасаар удсан бөлгөө. Эдүгээ мөн дашрамд олж эгвээс түмэн завшаан болой!” хэмээгээд Жанжиг Бяоци жанжинд өргөмжилсөнд Жанжи амуу будаа, архи, мах өргөж зуун түшмэдийг тэжээжээ. Гуосы хорьсон олон түшмэдийг хүрээнээс гаргасан хойно Лизюэ хааны жагсаалын тэргийг бэлтгэж зүүнш мордоход хуучин гучгаа цэргийн хэдэн зуун хүнээр сарт жад барьж хааны тэргийг хамгаалан хүргэж явав.

114 Хятадын баруун хойд оронд нутаглаж байсан нүүдэлчин овгийн дайчин хүмүүс

115 айлтгал бичиг

Тэндээс Синьфөнг өнгөрч балин газар хүрвээс тэр үес намрын цаг тул сэрүүн салхи сэр сэр салхилмуй. Гэнэтдээ хашхирах дуу ихэд үүсэж зуу илүү цэргийн хүн гүүрний ойр ирж хааны тэргийг тосож зогсоод өндөр дуугаар асууруун: “Энэ яасан хүмүүн” хэмээсэнд шижун түшмэл Янци морь довтолгон гүүрэн дээр очиж өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн өнгөрөхөд хэн аймшиггүй зогсоомуй”. Хоёр жанжин гарч өгүүлрүүн: “Бид Гуо жанжны захиагаар энэ гүүрийг сахиж муу хүнээс сэргийлмүй. Эдүгээ тэнгэрийн хөвгүүн мөн хэмээвээс манай бие хааныг үзвээс сая итгэмүй” хэмээсэнд Янци тэрэгний хөшгийг өндөр өлгөсөн хойно хаан өгүүлрүүн: “Миний бие энд буй атал сайд юунд эгэхгүй болой?” хэмээсэнд олон түшмэл цөм сөгдөж “Түмэн наст хаан” хэмээн дуудаж хоёр тийш этгээд зайлсанд хаан сая өнгөрч одов. Хоёр жанжин хойш эгэж Гуосыд тэнгэрийн хөвгүүний тэрэг гүүрийг гэтлэн одов хэмээсэнд гуосы өгүүлрүүн: “Би Жанжиг мэхлэн өнгөрөөгөөд хааныг дахин Мэй Үд авчирсугай хэмээснийг та юунд дураар тавьж илгээв?” хэмээгээд хоёр жанжныг алж цэрэг авч нэхэхээр ирэв. Тэнгэрийн хөвгүүн сая Хуа Инь сянь суманд хүрмэгц хойноос хашхирах дуу гарч өндөр дуугаар: “Хааны тэргийг битгий хөдөлгөгтүн!” хэмээн дуудмуй. Хаан сонсож сайдын зүг уйлан өгүүлрүүн: “Сая чонын үүрнээс салж одоо барсын аманд учрав. Одоо яанам” хэмээхэд олон сайд цөм царай алдав. Хулгайн цэрэг ойр хүрч иртэл гэнэт хэнгэргийн дуу гарч уулын хойдоос нэгэн жанжин урагшлан гарч их тугт “их Хань улсын Янфөн” хэмээн дөрвөн үсэг бичиж мянга илүү цэрэг дагуулан алахаар ирэв. Үзвээс Янфөн, Лизюэд дарагдсанаас цэргээ авч Жун Нанынань уулын дор буудалласан бөлгөө. Эдүгээ хаан хүрч ирснийг сонсоод тухайлан хамгаалахаар иржээ. Даруй жагсаал жагсаатал Гуосыгийн доод жанжин Цүй Юн гарч Янфөнийг “Урвасан хулгай!” хэмээн хараахад Янфөн ихэд хилэн төрж хойш хандаж өгүүлрүүн: “Гүнмин хаана буй” хэмээтэл нэгэн жанжин гартаа их сүх барьж цоохор морь116 ташуурдан шууд Цүй Юнг байлдахаар ороод нэгэн удаа болсонгүй цавчин мориноос унагаав. Янфөн мөн хүчинд даран алсанд Гуосыгийн цэрэг ихэд дарагдаж хорь илүү газар буруулан явсанд Янфөн цэргээ хурааж тэнгэрийн хөвгүүнд золгохоор ирсэн хойно хаан тохинуулан ухуулруун: “Сайд чи миний биеийг аварсан гавьяа бага бус!” хэмээсэнд Янфөн сөгдөж мөргөхөд хаан асууруун: “Өнөө хулгайн жанжинг алсан нь ямар хүн?”. Янфөн тэр хүнийг дагуулан ирж хааны өмнө сөгтгөн мөргүүлж өгүүлрүүн: “Энэ Хөдунгийн Янзюнь газрын хүн овог Сюй, нэр Хуан, өргөсөн нэр Гүнмин хэмээгч болой” хэмээхэд хаан зүдэв үү хэмээв. Түүнээс Янфөн хааны тэргийг хамгаалан явсаар Хуа Еньд хүрсэн хойно жанжин Дүаньвэй хаанд дээл хувцас, зоос зэрэг бэлтгэж өргөв. Тэр шөнө хаан Янфөнгийн хүрээнд хонов.

116 Жоумү вангийн найман сайн морьны нэг нь болох Хуалю морь

Түүнээс Гуосы нэгэн удаа дарагдаад дэд өдөр цэрэг шалгаж бас хүрээний өмнө байлдахаар ирсэнд Сюйхуан байлдан гарваас Гуосыгийн цэрэг найман зүгээс хааж ирсэн тул тэнгэрийн хөвгүүн, Янфөн нарыг цөм дундаа дүгрэглэн бүслэв. Хараахан цухалдаж байхад гэнэт зүүн өмнө зовхисоос хашхирах дуу гарч нэг жанжин морь довтолгон ирсэнд олон хулгай цөм буруулав. Сюйхуан тэр хүчинд нэхэн байлдаад Гуосыгийн цэргийг ихэд дарав. Тэр хүн хаанд бараалхахаар ирвээс харин улсын нагац Дунчэн ажээ. Хаан уйлан урьдын үйлийг хэлэхэд Дунчэн өгүүлрүүн: “Хаан үл зовмуй! сайд Би Ян жанжин лутаа ам алдаж энэ хоёр хулгайг алаад дэлхий дахиныг тогтоосугай!” хэмээсэн бөлгөө. Хаан эртхэн зүүн нийслэлд морилсугай!” хэмээгээд галын дөл олон бүтдийг авч Хуннунгийн зүг одов.

Тэндээс Гуосы буруулсан цэргээ авч одоод Лизюэд учирч хэлрүүн: “Янфөн, Дунчэн хааныг Хуннунгийн зүт авч мордов. Хэрвээ Шаньдунд хүрээд хөл зогсон тогтвоос эрхгүй дэлхий дахинд тархаан зарлаж мужийн эздээр хамт байлдуулбаас манай гурван угсааг хамгаалан чадахгүй болмуй” хэмээсэнд Лизюэ өгүүлрүүн: “Эдүгээ Жанжигийн цэрэг Чан Аньд байх тул хөнгөлөн хөдөлж болохгүй. Бид хоёр энэ хооронд цэргийг нийлүүлэн Хуннунд одож Хань улсын эзнийг алаад дэлхий дахиныг тэгшлэн хуваахад яахин болохгүй аж!” хэмээсэнд Гуосы баярлан зөвшөөрөв. Тэндээс хоёул цэргийг нийлүүлэн зам дагуу булаан дээрэмдэж таарсан газрыг цөм хоосон болгожээ. Янфөн, Дунчэн хулгайн цэрэг холоос ирснийг мэдээд даруй цэргийг эгүүлэн зүүн завд байлдав. Лизюэ, Гуосы хоёул зөвлөрүүн: “Эдүгээ бид олон тэд цөөн тул гагц хутган байлдваас дийлмүй” хэмээгээд Лизюэ зүүн этгээдээс, Гуосы баруун этгээдээс уулыг бүрхэж хээр дүүртэл дайран ирэхэд Янфөн, Дунчэн хоёул хоёр этгээдийг чармайн байлдаад тэнгэрийн хөвгүүн, хатан хоёрыг арайхийн аварч гаргав. Зуун түшмэд ордны доторхи зарцлах хүн, хааны навчит өргөмжлөл бичиг, данс хэрэглэх юмыг цөм гээсэнд Лизюэ Гуосыгийн цэрэг Хуннунд ороод тэр бүхнийг уулгалан булаамуй. Янфөн, Дунчэн хааны тэргийг хамгаалан Шаньбэйгийн зүг одоход Лизюэ, Гуосы цэрэг хувааж нэхэхээр ирэв.

Янфөн, Дунчэн хоёр нэгэнтээгүүр хүн зарж Лизюэ, Гуосы лүгээ найрлахаар хэлэлцүүлэн нэгэнтээгүүр зарлиг бичиг бариулж хулган Хөдун руу илгээж Байбө газрын хуучин жанжин Ханьсянь, Ли Юэ, Хүцай энэ гурван газрын цэргийг өмөглөхөөр ирэгтүн хэмээн зарав. Тэр Ли Юэгийн цэрэг бас ч уулын хулгайг хурааж цуглуулсан болой. Эдүгээ арга үгүй дуудсан бөлгөө. Гурван газрын цэрэг тэнгэрийн хөвгүүн ялыг хэлтрүүлж түшмэл хүртээмүй хэмээхийг сонссон тул яахин ирэхгүй аж. Даруй уул хүрээний цэргийг бүрэн авч ирээд Дунчэн лүгээ уулзсан хойно хамт дахин Хуннунг авсугай хэмээв. Тэр цагт Лизюэ, Гуосы хүрсэн газар болгоныг уулгалан дээрэмдэж иргэний дундахь хөгшин буурайг алж идэрхэг залууг цэрэг болгон дайсанд учирваас иргэнийг цэргийн өмнө хөөж гаргаад байлдуулах ажээ. Тэр цэргийг “Үхэхээс айхгүй цэрэг” хэмээн нэрлэж хулгайн цэргийн сүр улмаар их болов. Ли Юэгийн цэрэг хүрч ирээд Вэй гүнд учирсанд Гуосы цэргийн хүнээр дээл хувцсыг зам дагуу орхиулсан тул Ли Юэгийн цэрэг зам дүүрэн дээл хувцсыг үзээд тэмцэлдэн авахад жагсаалын дэгийг цөм алджээ. Үүнд Лизюэ, Гуосы дөрвөн зүгээс хутган байлдаж ирсэнд Ли Юэгийн цэрэг ихэд самуурч буруулав. Янфөн, Дунчэн хоёр халхлан чадахгүй болж хааны тэргийг хамгаалан хойд зүг одов. Ар талаас хулгайн цэрэг нэхэж ирсэн тул Ли Юэ өгүүлрүүн: “Хэрэг шахам болжээ! Хаан морь унаж урагш явагтун!”. Хаан өгүүлрүүн:

“Би олон түшмэлийг яахин гээж одмуй” хэмээхэд олон цөм гаслалцав. Хүсай самуун цэрэгт алагдав. Дунчэн, Янфөн нар хулгайн цэрэг маш шахам нэхэхийг үзээд хааныг суусан тэрэгнээс буулгаж явганаар түшиж хатан голын хөвөөнд хүрч ирсэн хойно Ли Юэ нар нэгэн бага онгоц олж гэтэлсүгэй хэмээхэд тэр цагт тэнгэр ихэд хүйтэн, хаан хатанг түшин явж арайхийн голын хөвөөнд хүрвээс хөвөө өндөр тул бууж чадахгүй байтал хойноос бас нэхэх цэрэг айсуй үзэгдэв. Линфөн өгүүлрүүн: “Морины цулбуурыг залгаж хааны нурууг ороон уяад онгоцонд буулгасугай!” хэмээхэд олны дотроос улсын нагац Фүдө арван хэдэн энтэй торгыг авчирч өгүүлрүүн: “Би самуун цэргийн дотроос энэ торгыг олов. Үүнийг залгаж буулгасугай!” хэмээсэн хойно Сяо Юй түшмэл шанхун торгоор хаан хатныг ороож олон хүнээр урагш хааныг онгоцонд буулгав. Ли Юэ илд барьж онгоцны үзүүрт зогсжээ. Хатны ах Фүдө хатанг өргөж онгоцонд бууваас хөвөөнд байх олон хүмүүн онгоцыг аргамжилсан аргамж дээсийг барьж тэмцэлдэн буусугай хэмээснийг Ли Юэ цөм цавчиж голд унагаав. Хаан хатан гэтлэн гарсан хойно дахин онгоцыг эргүүлэн олныг гэтэлгэв. Тэр тэмцэлдэн гарсугай хэмээгчид гарын хуруугаа цөм цавчигджээ. Уйлах дуу тэнгэр түрхрэх мэт болой.

Тэндээс чанад хөвөөнд гэтлэн гартал хааны хажууд гагцхүү арван хэдэн хүн төдийхөн үлджээ. Янфөн нар нэгэн үхэр тэрэг олж ирээд хааныг суулгаж Да Янгийн газар хүрвээс идэх юмгүй тул үдэш нэгэн вааран гэрт хонов.

Нэгэн хөдөөний хөгшин хүн хаан хатанд цагаан нари будаа өргөсөнд хаан хатны хамт идсэнд будаа ширүүн тул залгин орохгүй. Дэд өдөр хаан Ли Юэг Жэнбэй117 жанжин, Ханьсянийг Жэндун118 жанжин болгоод хаан үхэр тэргэнд сууж урагш явж атал хоёр сайд эрж ирээд тэрэгний өмнө уйлан сөгдөв. Тэр нь Тай Вэй түшмэл Яньбяо, Тайпү түшмэл Ханьрун болой. Хаан хатан үзээд цөм уйлалдав. Ханьрун өгүүлрүүн: “Лизюэ, Гуосы хоёр хулгай сайд миний үгийг авдаг бөлгөө. Би амь биеийг талбиж энэ хоёр хулгайг хэлэлцэж цэргийг зогсоосугай. Хаан сайнаар луун биеийг хамгаалж байгтун!” хэмээгээд одов. Ли Юэ хааныг Янфөнгийн хүрээнд залж түр амуулав. Яньбяо хааныг ань Исянь суманд залж нийсэлмүй хэмээгээд Ань Исяньд хүрсэн хойно нэгэн ч өндөр гэр олохгүй тул хаан хатанг улалжан119 гэрт суулгаж хаах үүд бас үгүй. Дөрвөн биед шивээ хатган халхавч болгов. Хаан сайдууд лугаа улалжан гэрт хэрэг зөвлөхөд олон жанжин нар шивээгийн гадна дарангуйлан зогсмуй.

117 Умрыг дайлах

118 дорныг дайлах

Ли Юэ нар эрхийг эзэрхэж зуун түшмэдийн дотроос түүнийг шөргөөн халдваас хааны өмнө харааж занчмуй. Санаатайгаар хаан хатанд муу будаа булингар дарс өргөхөд хаан хатамжлан хүлээн авмуй. Ли Юэ, Ханьсянь нэр холбон айлтгаж сөргүү балмад захирагсад, анги багийн дарга, бөө, эмч, цэрэг зэргийн хоёр зуу илүү хүнийг Сяо Юй, Юйши зэргийн түшмэл болгож тамга хийж завдахгүй тул шөвгөөр зурж өгөөд нэгэн ч ёс дүрэмгүй болжээ.

Түүнээс Ханьрун хоёр хулгайн дэргэд одож хэлэлцсэн хойно хоёр хулгай үгийг дагаж зуун түшмэл, ордны доторх хүнийг сая тавьж илгээв. Тэр жил ихэд ховор жил тул зуун овгийн иргэн цөм хээрийн ногоог идэж өлбөрч үхсэн нь талд дүүрчээ. Хөнэйгийн Тайшоу түшмэл Жан Ян амуу, мах хүргэж ирэн Ходунгийн Тайшоу түшмэл Ван И торго хүргэж ирсэн тул хаан баахан амар амьдрав. Янфөн, Дунчэн зөвлөж бид нэгэнтээгүүр хүн зарж Луо Янгийн ордон харшийг засуулж хааны тэргийг хамгаалан зүүн нийслэлийн зүг мордсугай хэмээхэд Ли Юэ дагахгүй тул Дунчэн, Ли Юэгийн зүг өгүүлрүүн: “Луо Ян хэмээгч угтаа хааны нийслэл суусан газар Ань И хэмээгч бага газар тул яахин хааныг ахуулж болмуй. Эдүгээ хааныг Луо Янд нүүлгэх нь чухам зүй болой” хэмээсэнд Ли Юэ өгүүлрүүн: “Та нар хааныг авч би ганцаар энд суумуй” хэмээсэнд Дунчэн Янфөн хааны тэргийг засаж мордсугай хэмээж атал Ли Юэ хулгаж хүмүүн зараад Лизюэ, Гуосы лүгээ нийлж хааны тэргийг булаасугай хэмээн илгээв. Тэр бодлогыг Дунчэн, Янфөн, Ханьсянь нар ухаж мэдээд шөнө дөлөөр цэргээ засаж хааны тэргийг хамгаалан мордож Зигуань боомтын зүг одоход Ли Юэ сонсоод Лизюэ, Гуосыгийн цэрэг ирэхийг хүлээсэнгүй өөрөө цэрэг авч нэхсээр ирэв. Дөтгөөр жингийн үес зишань ууланд хүрээд өндөр дуугаар дуудан “Хааны тэрэг битгий хөдлөгтүн! Лизюэ, Гуосы энд буй!” хэмээхэд хаан сонсоод зүрх түгшин цөс хэмхэрчээ. Энэ үед уулын оройд галын гэрэл дүүртэл мандав. Энэ чухамхүү:

“Эрт хоёр хулгай хоёр тийш ангижран хуваагаад

Эдүгээ гурван хулгай нэгэн хамт цугларан нийлжээ”

Эгнэт Хань улсын хаан яахин энэ зовлонгоос хэлтрэхийг доорхи бүлэгт үзтүгэй!

119 Улалж - Хотгор газар ургадаг, иш өндөр, олон наст өвс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top