Гурван улсын үлгэр | 14 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-14 ДУГААР БҮЛЭГ

 

ЦАО МӨНДӨ ХААНЫГ СЮЙДҮ БАЛГАСАНД НҮҮЛГЭСЭН ЛЮЙ ФЭНСЯНЬ ШӨНӨ ДӨЛ СЮЙЖОУ ХОТЫГ СУНДАЛСАН

Өгүүлэх нь: Ли Юэ цэрэг авч хуурмагаар “Лизюэ, Гуосы” хэмээн хэлж хааныг нэхэхээр ирсэнд хаан ихэд цочив. Янфөн өгүүлрүүн: “Энэ эрхгүй Ли Юэ болой” хэмээгээд даруй Сюйхуаныг гаргаж байлдуулав. Ли Юэ өөрөө гарч байлдаад хоёр морь зөрөлдөн орж нэгэн удаа болсон хойно сюйхуанд цавчигдаж мориноос унав. Үлсэн цэргийг алан сарниулаад хааныг хамгаалан зихуань боомтыг өнгөрөн гарахад Тайшоу түшмэл Жан Ян амуу торго өргөхөөр ирж хааныг замын хажууд угтав. Хаан Жан Яныг их Сыма болгосон хойно Жан Ян хаанаас салж Е Ваньгийн газар цэрэг буухаар очив. Луо Янд орж үзвээс орд харш цөм шатаад зээлд өвс суйх ургаж газар үзэгдэхгүй. Орд харш эвдэрч, гагц туурганы төдий буй тул Янфөнд зарлиг буулгаж дахин нэгэн бага гэр барьж суув. Зуун түшмэд хаанд бараалхваас цөм өргөст мод, ширх өвсөнд зогсмуй. Синпин120-ийн оныг халж Жянь Ань121-ийн тэргүүн он” хэмээв. Тэр он бас ихэд гачиг болсон тул Луо Янгийн иргэн арай хэдэн зуун өрхийн төдий атал идэх юм олдохгүй хотоос гарч модны хальсыг шаалан122 өвс үндсийг ухаж идмүй. Шан шүлангаас доош түшмэд цөм хотоос гарч түлээ авахаар очоод эвдэрсэн туурганы хооронд үхсэн нь маш олон. Хань улсын улирал буурсан нь үүнээс өнгөрөх нь үгүй.

Хожмын хүний шүүрслэн шүлэглэсэн шүлгийн үг:

“Ман Дан Шань уулнаа цус урсан цагаан могой мөхсөнөө

Манжлага туг хөндлөн гулд дөрвөн зүгт тархав

Циньгийн тахилгыг урвуулж улс төрийг мандуулаад

Чүгийн төрийг унагааж хязгаар хэцийг тогтоов

Тэнгэрийн хөвгүүн үхээнц буурайд зальхай сөргүү дэгдээд

Тэнхээ сүлд доройтон хазайснаа хулгай дээрэм самуурав

Хоёр нийслэлийн зовлонд нэрвэгдсэн байдлыг үзвээс

Хос нүдэндээ нулимсгүй ч хуурайгаар эмгэнэмүй”

Түүнээс Тай Вэй түшмэл Янбяо хаанд айлтгаж өгүүлрүүн: “Урьд өдөр зарлиг буулгасныг явуулаагүй бөлгөө. Эдүгээ Цаоцао Шаньдунгийн газар баатар жанжин чийрэг цэрэгтэй байх тул түүнийг төрд дуудан ирүүлж улсад туслуулбаас болмуй” хэмээсэнд хаан өгүүлрүүн: “Би нэгэнт зарлиг бичгийг буулгасан тул чин юунд дахин айлтгана вэ? Даруй хүн зарж илгээвээс барав” хэмээжээ. Янбяо зарлигийг хүлээж даруй Шаньдунд элч зарж Цаоцаог дуудуулахаар илгээв.

120 Түвшин бадраагч

121 Амгалан байгуулагч

122 Ховхлох, хуулж авах

Тэндээс Цаоцао Шаньдунд байж “Хаан нэгэнт Луо Янд эгэв” хэмээн сонсож зөвлөлийн сайдыг цуглуулан зөвлөхөд Сюнь Юй дэвшиж өгүүлрүүн: “Эртний Зиньвэнь гүн, Жоусян ванг өргөн тусалсанд мужийн эзэд бишрэн дагажээ. Хан Гаозү И Ди хааны төлөө бэлэвсрэлийн дээл өмсөхөд тэнгэрийн доорх цөм дагажээ. Эдүгээ тэнгэрийн хөвгүүн тоосонд бүрхэгдэн аху123 тул жанжин та түрүүлэн журмын цэрэг байгуулж хаанд тусалж олны эрмэлзлэлийг дагаваас ертөнцөд үгүй их бодлого болой. Хэрвээ эртнээс бодолхийлэхгүй болбоос хүн биднээс урьдчилан үйлдмүй” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан сая цэрэг хөдөлгөсүгэй хэмээж атал гэнэт “Тэнгэрийн хөвгүүнээс дуудах зарлиг бичиг хүрч ирэв” хэмээсэнд Цаоцао даруй хүлээн аваад өдөр хугацаж цэрэг мордов. Хаан Луо Ян хотод сууж алив зүйлийн хэрэг цөм бүрэн үгүй. Хот балгас эвдрэн унаж байгуулсугай хэмээвч хүч гүйцэхгүй байтал хүн ирж хэлрүүн: “Лизюэ, Гуосы бас цэрэг авч айсуй хэмээмүй” хэмээсэнд хаан ихэд цочиж Янфөнгээс асууруун: “Шаньдунгаас элч эргэж ирээгүй. Лизюэ, Гуосыгийн цэрэг бас иржээ. Одоо яаваас сайн”. Янфөн, Ханьсянь өгүүлрүүн: “Сайд бид дуртайяа гарч хулгай лугаа үхэлдэн байлдаж хааныг хамгаалсугай!” хэмээхэд Дунчэн өгүүлрүүн: “Хот балгас бэхгүй хуягт цэрэг цөөн тул байлдаад дийлэхгүй болбоос бас яанам. Харин хааныг хамгаалан Шаньдунд очиж зайлахыг хүрэх үгүй” гэхэд хаан үгийг дагаж мөн өдөртөө хөдлөн гарч Шаньдунгийн зүг мордов. Зуун түшмэд унах морьгүй тул цөм явганаар дагаж Луо Ян хотоос гарч нэгэн завын хол явсан үгүйгээр гагц тоос нарыг халхалж хэнгэрэг харангын дуу тэнгэр түрхрэх мэт хязгаалшгүй арвин цэрэг хүрч ирэв. Хаан, хатан хоёр чичрэн дагжиж үг хэлж чадахгүй болжээ. Гэнэт нэгэн морьтон нисэх мэт довтолгон ирэв. Үзвээс харин Шаньдунд зарсан элч ажээ. Хааны тэрэгний өмнө ёсолж өгүүлрүүн: “Цаоцао жанжин Шаньдунгийн цэргийг бүрэн авч зарлигийг хүлээн ирэв. Лизюэ, Гуосы нар Луо Ян хотыг халдахаар ирэв хэмээн сонсож урьд Ся Хоудүнийг гавшгай болгож баатар жанжин арваад шилсэн цэрэг таван түмийг өгч хааныг хамгаалахаар ирүүлжээ” хэмээсэнд хааны сэтгэл сая баахан уужрав. Удсангүй Ся Хоудүнь, Сюйчу, Яньвэй нарыг авч хааны тэрэгний өмнө ирж цэргийн ёсоор золгосонд хаан тохинуулан ухуулсан хойно гэнэт хүн ирж мэдүүлрүүн: “Чиг зүүн биеэс бас нэгэн баг цэрэг айсуй” хэмээжээ. Хаан даруй Ся Хоудүнийг зарж үзүүлэхэд хойш ирж айлтгаруун: “Цаоцаогийн явган цэрэг болой” хэмээв. Удсангүй Цаохун, Лидянь, Юэзинь ирж хаанд золгож нэрийг хэлсний хойно: Цаохун айлтгаруун: “Сайдын ах хулгайн цэрэг ойр хүрч ирснийг сонсож Ся Хоудүнийг хүч мөхөсдөх болов уу хэмээн тийнхүү бас сайд нарыг зам нугалж туслуулахаар ирүүлсэн бөлгөө”. Хаан өгүүлрүүн: “Цао жанжин үнэхээр улсыг туслах сайд болой” хэмээгээд даруй тэргээр хамгаалуулан урагш явав. Түүнээс туршуулын хүн ирж мэдүүлрүүн: “Лизюэ, Гуосы цэрэг авч ирэв” хэмээхэд хаан: “Ся Хоудүнийг хоёр зам хувааж угт!” хэмээв. Ся Хоудүнь, даруй Цаохун лугаа хоёр жигүүр мэт болж морьт цэргийг өмнө явган цэргийг хойно дагалдуулж хүчлэн байлдаж Лизюэ, Гуосыгийн цэргийг ихэд дийлж түмэн илүү толгой огтлов. Түүнээс хааны Луо Ян хотын хуучин ордонд эгүүлж Ся Хоудүнь цэргийг авч хотын гадна буув. Дэд өдөр Цаоцао их цэргээ аван хүрч ирээд хүрээ буусан хойно хотод орж

123 Хаан нь ордноосоо хөөгдөж тосгонд тэнүүчилж байгааг заажээ.

Хаанд бараалхаад харшийн яндрын дор сөгдөв. Хаан “Бостугай!” хэмээгээд зүдсэнийг тохинуулан ухуулахад Цаоцао өгүүлрүүн: “Сайд би язгуураас улсын хишиг хүртсэнийг цаг бүр хариулсугай хэмээн санах бөлгөө. Эдүгээ Лизюэ, Гуосы хоёр хулгайн муу харгис нэгэнт дүүрчээ. Сайд надад хорин түм илүү шилсэн цэрэг буй. Эерүүгээр тэрслүүг дайлбаас үл дийлэх нь үгүй. Хаан гагц биеийг тэжээж улс төрийг хүнд болгомуй” хэмээв. Хаан Цаоцаог Сили Сяо Юй түшмэлд өргөмжилж үет цомцог, төмөг өгч шаншүгийн хэргийг шийтгүүлэв.

Тэндээс Лизюэ, Гуосы нар Цаоцаогийн холоос ирснийг мэдээд “Түргэн байлдваас сайн!” хэмээн зөвлөхөд Зясюй хориглож өгүүлрүүнщ: “Болохгүй! Цаоцаогийн цэрэг чийрэг, жанжин баатар тул түүнийг дагаж биесийн ялыг хэлтрүүлэхийг гуйхад хүрэхгүй!” хэмээсэнд Лизюэ хилэн төрж өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй миний хурц сүрийг бууруулмуй” хэмээгээд сэлмээ сугалж Зясюг “Алсугай!” хэмээсэнд олон жанжин хориглож зогсоов. Тэр шөнө Зясюй ганц мориор нутагтаа эгэв. Дэд өдөр Лизюэгийн цэрэг Цаоцаогийн цэргийг угтан байлдахаар ирэхэд Цаоцао урьда Сюйчу, Цаорэнь, Дяньвэйд гурван зуун гавшгай цэрэг өгч Лизюэгийн цэргийн жагсаал руу гурвантаа дайруулж сая жагсаал жагсаав. Жагсаалаас Лизюэгийн ач Лисянь, Либе гарч ирээд үг гаргаагүйн урьд Сюйчу нисэх мэт ирээд Лисянийг цавчин мориноос унагаав. Үүнд Либе цочин мориноос унасныг Сюйчу бас алаад толгойг авч жагсаалд эгэхүйеэ Цаоцао Сюйчугийн арыг товшиж өгүүлрүүн: “Чи үнэхээр миний Фанькуай124 болой” хэмээгээд даруй Ся Хоудүнийг зүүн этгээд, Цаорэнийг баруун этгээд болгож өөрийн бие дунд цэргийг авч хэнгэргийн дуу нэгэнтээ дуугармагц гурван аймгийн цэрэг хамт орж байлдахад хулгайн цэрэг ихэд дарагдаж буруулан явав. Цаоцао гартаа илд барьж өөрийн цэргийг захиран шөнө дөл нэхэж очсонд алагдсан нь маш үлэмж бөгөөд дагасныг тооловч барахгүй. Лизюэ, Гуосы баруунш оргон явах нь даруй гэрээс төөрсөн нохой мэт өөрөө одох газаргүйг мэдэж аргагүй ууланд орж хулгай болохоор одов. Тэндээс Цаоцаогийн цэрэг эгэж Луо Ян хотын гадна цэрэг буув. Янфөн, Ханьсянь хоёр зөвлөж өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцао их гавьяа байгуулсан тул эрхгүй хүнд эрхийг баримуй. Биднийг яахин ахуулах аж” хэмээгээд хаанд айлтгаж Лизюэ, Гуосыг нэхэхээр нэр болгон харьяат цэргээ авч Далянд цэрэг буухаар одов.

124 Фань Куай гэгч бол Хань улсын Любан хааны баатар жанжин болой. Тэр хэдэн удаа баатарлагаар Любанг аюулаас гэтэлгэсэн билээ.

Түүнээс хаан нэгэн өдөр Цаоцаогийн цэргийн хүрээнд хүн зарж Цаоцаог “Ордон руу орж хэрэг зөвлөсүгэй!” хэмээн дуудуулахаар илгээв. Цаоцао “Хааны элч ирэв” хэмээн сонсоод элчийг залан оруулж золгосон хойно тэр хүнийг үзвээс хөмсөг арвин, нүд тунгалаг, их сүр жавхлантай. Цаоцао дотроо санаруун: “Эдүгээ зүүн балгасанд ихэд чухагт түшмэл иргэний өнгө цөм өлсгөлөн байдалтай атал энэ хүн юунд ганцаар ийм махлаг аж” хэмээн асууруун: “Гүнгийн эрхэм өнгө ийм гялтганах нь ер юугаар сувилж үүнд хүрүүлсэн аж” хэмээсэнд өчрүүн: “Өөр арга байх бус гагц Саяулж125 гучин он болов” хэмээжээ. Цаоцао гэхэсхийж бас асууруун: “Гүн ямар тушаалд буй”. Өчрүүн: “Сяолянь түшмэл болой. Угтаа Юаньшао, Жан Янгийн тэнд Цунши түшмэл асан бөлгөө. Эдүгээ тэнгэрийн хөвгүүнийг “Нийслэл хотод ирэв” хэмээн сонсож тусгайлан бараалхахаар ирсэнд хаан Жэн Илан түшмэлд өргөмжилжээ. Зи Иньгийн Динтао газрын хүн, овог Дун, нэр Жао, өргөсөн нэр Гүнрэнь” хэмээсэнд Цаоцао суусан газраас босож хүндлээд өгүүлрүүн: Гүнгийн их нэрийг сонсож удав. Завшаанаар энд олж золгосон болой” хэмээгээд цацрын дотор хурим бэлтгэж хүндлээд Сюань Юй лугаа золгуулав. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Нэгэн багийн цэрэг зүүнш одов. Хэнийг мэдэхгүй” хэмээхэд Цаоцао хүн зарж үзүүлсүгэй хэмээхэд Дунжао өгүүлрүүн: “Энэ нь Лизюэгийн хуучин жанжин Янфөн, Байбо жанжин Ханьсянь нар бөлгөө. Гэгээн гүнгийн ирсэн учир цэргээ авч Далянгийн зүг одох нь тэр болой”. Цаоцао өгүүлрүүн: “Харин Цаоцао намайг сэжиглэмүй үү?” Дунжао өгүүлрүүн: “Энэ арга бодлогогүй хүмүүн тул гэгээн гүн юунд сэтгэл зовмуй”. Цаоцао бас өгүүлрүүн: “Лизюэ, Гуосы хоёул энэ одсон нь ямар болой”. Дунжао өгүүлрүүн: “Барст хумсгүй, шувуунд жигүүргүй тул удалгүй гэгээн гүнд баригдмуй. Сэтгэл ахуулах хэрэггүй” хэмээжээ. Түүнээс Цаоцао, Дунжаогийн үг өөрийн санаанд нийлэх тул дашрамд улс төрийн их үйлийг асууваас

Дунжао өгүүлрүүн: “Гэгээн гүн журамт цэрэг байгуулж самуун догшныг арилгахаар бараалхалд орж тэнгэрийн хөвгүүнд туслах нь “Энэ таван чийрэг126-ийн гавьяа” болой. Гагцхүү олон жанжин хүмүүн өөр санаа адил бус тул даган бишрэхгүй болов уу. Эдүгээ энд агуулбаас хойш өдөр тусгүй буй за. Гагц хааныг Сюйдүд дэвшүүлэх нь дээд арга болой. Тийн гэвч хаан суух орноо алдаад шинээр нийслэл хотод эгсэнд хол ойрын хүн цөм баярлан нэгэн цагийн энх амгаланг санамуй. Эдүгээ хааныг дахин нүүлгэхэд олны сэтгэл ханахгүй болой. Гагц хэтийдсэн хэргийг үйлдвээс харин хэтийдсэн гавьяаг бүтээмүй. Жанжин өөрөө таслахыг хүсмүй” хэмээжээ. Цаоцао, Дунжаогийн гарыг барьж инээн өгүүлрүүн: “Энэ миний уг зорилт болой” хэмээгээд “Бас Янфөн Далянд буй. Их сайдууд төрд байх тул өөр хувьсгал гарах үгүй үү” хэмээхэд. Дунжао өгүүлрүүн: “Энэ хялбар болой. Янфөнд нэгэн бичиг өгч түүний сэтгэлийг тохруулсугай”. Их сайдуудад өчих нь: “Нийслэл хотод амуу үгүй тул хааныг сюйдүд дэвшүүлсүтэй!” хэмээмүй. Энэ болбоос Луо Ян лугаа ойр амуу будаа зөөхөд хялбар бөгөөд элдэв юм дутагдан тасрах зовлонгүй хэмээвээс эрхгүй баярлан үг дагамуй” хэмээсэнд Цаоцао ихэд баярлав. Дунжао салж одохын урьд Цаоцао гараас барьж өгүүлрүүн: “Цаоцао миний алив үйлдэх хэргийг гагц гүнгийн сурган хайрлахыг хүсмүй!” гэхэд Дунжао тал өгөөд гарч ирэв.

125 Төрөлхөөс мах иддэггүй хүн

126 Таван чийрэг гэдэг бол Чүньцюгийн үеийн Хуангүн, Зиньвинь гүн, Чинлү гүн, Сүнсян гүн хийгээд Чузуан ван зэргийн сүр хүч төголдор таван мужийн эздийг хэлнэ. Тэд “Жоу улсын хааныг өргөн хүндлэх” гэсэн лоозонг ашиглан өөрсдийн хүчээ өргөтгөж байжээ.

Түүнээс Цаоцао мөн өдөртөө олон зөвлөлийн түшмэдийг цуглуулан нийслэлийг нүүлгэх хэргийг зөвдөлцөв. Тэр цагт Шижун Тайшилин түшмэл Ванли, Зунжэн түшмэл Лю Айд сэмээр өгүүлрүүн: “Би тэнгэрийн байдлыг шинжвээс өнгөрсөн жилийн хавраас Цагаан од Доуню одонд Шороон одыг халдаж127 Тяньзинь одны газрыг өнгөрөөд Гал одон сөрөн явж бас Цагаан од лугаа Тяньгуань одны газарт нийлжээ. Сугар, Ангараг хоёр од харилцан нийлсэн нь эрхгүй шинэ тэнгэрийн хөвгүүн гарах тэмдэг болой. Би үзэхүйд их Хань улсын улирал барах шахаад Зиньвэйгийн газар эрхгүй хөгжих иь буй” хэмээгээд бас Сяньди хаанд айлтгаж өгүүлрүүн: “Тэнгэрийн бошго тийш шилжиж таван махбод бадрахгүй болов. Галыг төлөөлөх нь шороо болой. Хан улсыг төлөөлөн дэлхий дахиныг тогтоох нь эрхгүй Вэйд буй” хэмээжээ. Цаоцао тэр үгийг сонсоод хүмүүн зарж Ванлигийн зүг өгүүлрүүн: “Би гүнгийн улсад шударгыг мэдмүй. Тийн гэвч тэнгэрийн ёс гүн хол тул үл олонтоо хэлэлцэгтүн!” хэмээгээд энэ үгийг Сюнь Юйд хэлэхэд Сюнь Юй өгүүлрүүн: “Хань улс галын эрдмээр хаан суусан бөгөөд гэгээн гүн шороон махбод болой. Сюйдү хот бас шороонд хамаарах тул тэнд хүрвээс эрхгүй хөгжмүй. Шороо галаас дэлгэрэн мод шорооноос ургахын учир төвхийж Дунжао, Ванли нарын үг лүгээ нийлжээ. Хойч өдөр эрхгүй бадран гарагчид буй болой”. Үүнд Цаоцао санаа тасалж дэд өдөр хотод орж хаанд айлтгаж өгүүлрүүн: “Зүүн нийслэлийн газрыг гээж удсан тул засваас болохгүй болжээ. Түүний дээр амуу зөөх нь маш бэрх.

Сюйдү хот болбоос Луо Ян лугаа ойр төдийгүй хот балгас, орд харш, амуу цалин, иргэний хэрэгсэл, алив бүхэн цөм хэрэгсэхэд гүйцнэ. Иймийн тул сайд би аймшиггүй “Хааныг Сюйдүд залсугай!” хэмээн санамуй. Гагц хааны дагахыг хүсмүй!” хэмээхэд хаан аймшиггүй дагахгүй хэмээж чадахгүй. Олон сайдууд цөм Цаоцаогийн сүрээс айж нэг ч өөр үг эс гаргах тул даруй өдөр сонгож мордон гарав.

127 Эртний хүмүүс байгалийн тухай мэдлэгээр мөчид байсан тул одон орны хөдлөн улирахыг дэлхийн хүн төролхтөний явдал бүхэнд хамаатай гэж үздэг байжээ. Энд Сугар (Цагаан од), Ангараг (Гал од) хоёул зэргээр буй болсныг зааж байна. Ийм зүйл хойшид олон тохиолдоно. Дахин тайлбарлахгүй.

Түүнээс Цаоцао цэрэг дагуулан хамгаалан яваад зуун түшмэл цөм дагаж явсаар хэдэн өртөө явж Гаолинд хүрсэнд гэнэт хашхирах дуун гарч Янфөн, Ханьсянь хоёр цэрэг авч замыг тосов. Сюйхуан гарч өндөр дуугаар өгүүлрүүн: “Цаоцао хааныг авч хааш одмуй!”. Цаоцао гарч Сюйхуаныг үзвээс сүр байдал хэцүү сэмээр дотроо сайшаамуй. Даруй Сюйчуг гаргаж Сюйхуан лугаа байлдуулан тавин удаа болтол дийлэх дийлэгдэх нь ялгарахгүй тул

Цаоцао харанга цохиж цэргээ хураагаад зөвлөлийн түшмэлийг дуудаж зөвлөн өгүүлрүүн: “Янфөн, Ханьсянь өгүүлэхэд хүрэх үгүй. Гэвч Сюйхуан үнэнхүү сайн жанжин болой. Би түүнийг хүчээр барьж төвдөхгүй тул арга үүсгэж дагуулбаас ямар” хэмээхэд явган цэргийн Цунши түшмэл Маньчун өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Би Сюйхуан лугаа баахан танилцмуй. Энэ үдэш цэргийн хүний мэт хувцас өмсөж түүний хүрээнд хулган ороод аргацан хэлэлцэж сэтгэлийг хөдөлгөн дагахаар ирүүлсүгэй!” хэмээсэнд Цаоцао баярлан үгийг дагав.

Мөн үдэш Маньчун нэгэн бага цэргийн адил хувцас өмсөж түүний цэрэгт хутган ороод Сюйхуангийн цацрын өмнө хулган хүрвээс Сюйхуан зул шатаан хуяг өмссөөр суун амуй. Маньчун гэнэт түүний өмнө хүрч мэхэсхийж асууруун: “Хуучин нөхрийн бие салснаас амар сайн баймуй”. Сюйхуан цочин босож сайтар үзээд өгүүлрүүн: “Чи Шань Ян газрын мань бонин128 бус уу! Яахин энд хүрч ирэв?” гэжээ. Маньчун өгүүлрүүн: “Би эдүгээ Цаоцао жанжны дэргэд Цунши түшмэл болж амуй. Энэ өдөр жагсаалын өмнө хуучин нөхрийг олж үзээд нэгэн үгийг хэлсүгэй хэмээн тухайлан үхэхээс айсангүй ирсэн бөлгөө”. Сюйхуан даруй дээш залж суулган түүний ирсэн учрыг асууваас маньчун өгүүлрүүн: “Гүнгийн баатар бодлого ергөнцөд цөөн атал юунд биеийг дорогш болгож Янфөн, Ханьсянь зэргийн ардад хүч өгмүй? Цао жанжин хэмээгч энэ үеийн идэрхэг баатар түүний мэргэдэд дуртай богөөд эрдэмтнийг хүндлэх нь ертөнцөөр мэдмүй. Энэ өдөр жагсаалд гүнгийн баатрыг үзээд ихэд хүсэж тийнхүү хэцүү жанжнаар үхэлдэн байлдуулж төвдөхгүй тусгайлан Маньчун намайг зарж залахаар илгээв. Гүн чи юунд харанхуйг гээж гэгээнийг дагаад их үйлсийг бүтээхгүй аж”. Сюйхуан урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Би Янфөн, Ханьсяньгийн их хэрэг бүтээн чадах хүн бусыг хэдийнэ мэдэвч гагц дагаж удсан тул гээж очиход төвдөхгүй болой”. Маньчун өгүүлрүүн: “Сайн шувуу модыг сонгож суумуй. Мэргэн сайд эзнийг сонгож үйлдмүй” хэмээхийг сонссонгүй юу? Үйлдэж болох эзнийг олоод тохой таталдан алдваас эр хүн бус болой” хэмээхэд Сюйхуан босож тал өгч өгүүлрүүн: “Гүнгийн үгийг дагахыг хүсмүй” хэмээв. Маньчун өгүүлрүүн: “Юунд Янфөн, Ханьсянийг алж анхан золгох тал болгохгүй аж” Сюйхуан өгүүлрүүн: “Сайд атлаа эзнийг албаас журамгүй хэрэг болно. Би яавч энэ үйлийг хийхгүй”. Маньчун өгүүлрүүн: “Гүн үнэнч журамт эрдэмтэн болой” хэмээв. Сюйхуан даруй өөрийн доорд хэдэн арван морьтныг авч маньчун лугаа Цаоцаод дагахаар ирэв. Хүмүүн Янфөнд хэлэхээр одсоны хойно Янфөн ихэд уурлан өөрөө мянга илүү цэрэг авч нэхэж ирээд өндөр дуугаар: “Урвасан хулгай Сюйхуан битгий явагтун!” хэмээн нэхэж байтал гэнэт буун дуу дуугараад уулын орой мөн уулын хормойноос цугаар гал өргөж бүгсэн цэрэг дөрвөн зүгээс гарч ирэв. Үзвээс Цаоцао өөрөө цэрэг дагуулан гарч өндөр дуугаар “Би энд хүлээсээр удав. Битгий алдаж явуулагтун!” хэмээжээ. Янфөн ихэд цочиж: “Даруй эгсүгэй!” хэмээтэл нэгэнтээ Цаоцаод хаагдав.

128 Маньчунгийн өргөсөн нэр

Цаоцао цэргээ хураан хүрээнд эгсэнд Маньчун, Сюйхуаныг дагуулан орж золгосонд Цаоцао ихэд баярлан зузаатган аваачив. Тэндээс хааны жагсаалын тэрэг Сюйдүд хүрсэн хойно орд харш, өвгөдийн сүм, хэлтэс хүрээ, яам сан байгуулан хот балгасыг засаж цогцлов. Дунчэнгийн зэрэг арван гурван хүмүүнийг цөм Хоу өргөмжилжээ. Гавьяатайг шагнах ба ялтайг яллахыг цөм Цаоцао зориг мэдэж Цаоцао өөрийн биеийг их жанжин бөгөөд Ү Пинхоу өргөмжлөв. Сюнь Юйг Шижун бөгөөд Шаншү Лин түшмэл, Сюнь Юг цэргийн багш, Гуозяг Сыма бөгөөд Зижю түшмэл, Лю Ег Сыкун, Цао Юань, Мао Зе, Рэнь Зюньгийг Дяньнун Жүнлан жанжин болгож цалинг захируулав. Чэн Юйг Дүнпин Сян түшмэл, Фаньчэн, Дунжаог Луо Ян хотын Лин түшмэл, Маньчунг Сюйдүгийн Лин гүшмэл болгож Ся Хоудүнь, Сяхоу Юань, Цаохун, Цаорэнг цөм жанжин болгов. Люйцянь, Лидянь, Юэзинь, Юйзинь, Сюйхуаныг цөм Сяовэй түшмэл болгож Сюйчу, Дяньвэйг Дү Вэй түшмэл болгоод өөр жанжин түшмэл өргөмжлөв. Үүнээс их эрх цөм Цаоцаогийн гарт орж төрийн их явдлыг болбоос урагш Цаоцаод мэдүүлсэн хойно сая хаанд айлтгамуй.

Цаоцао их үйлийг нэгэнт тогтоосны дараа нэгэн өдөр яаманд хурим бэлтгэж олон зөвлөлийн эрдэмтнийг цуглуулан зөвлөж өгүүлрүүн: “Любэй Сюйжоуд цэрэг буугаад өөрөө мужийн хэргийг шийтгэжээ. Ойрд Люйбү цэрэг дарагдаад эрэхээр очсонд Любэй түүнийг Сяопэйд суулгав. Хэрвээ хоёр хүн сэтгэл нэгдэж цэрэг байгуулан ирвээс харин сэтгэл зүрхний өвчин болно. Олон гүн нар үүнийг арилгахад ямар сайн арга буй” хэмээсэнд Сюйчу өгүүлрүүн: “Би таван түмэн шилсэн цэрэг гуйж очоод Любэй, Люйбүгийн толгойг огтолж чансанд өргөн барихыг хүсмүй”. Сюнь Юй өгүүлрүүн: “Жанжин баатар нь баатар боловч арга хэрэглэхийг мэдэхгүй. Эдүгээ Сюйдүг шинэ тогтоосонд цэрэг хөнгөнөөр хөдөлгөж үл болмуй. Сюнь Юй надад нэгэн арга буй. Нэр нь “Хоёр барс идэш тэмцэх арга” хэмээмүй. Эдүгээ Любэй хэдий Сюйжоуг захиравч хааны зарлигийг олоогүй. Гэгээн гүн айлтгаж зарлиг бичиг аваад Любэйг Сюйжоугийн эзэн болгож дахин нэгэн нягт бичиг өгч “Люйбүг ал!” хэмээгтүн. Үйл бүтсэн хойно Любэйд туслах баатаргүй болбоос бас алгуураар бодлого хийж болмуй. Үйл бүтэхгүй болбоос Люйбү эрхгүй Любэйг алмуй. Энэ нь “Хоёр барс идэш тэмцэх арга” болой хэмээсэнд Цаоцао үгийг дагаж даруйд айлтгаж зарлиг бичиг буулган элч зарж Любэйг Жэндун жанжин ичэн Тинхоугаар өргөмжилж Сюйжоу балгасын эзэн болгоод бас нэгэн битүүмж нууц бичигтэй өгч илгээв.

Түүнээс Сюаньдө Сюйжоуд байж “Хаан Сюйдүд дэвшив” хэмээн сонсож илтгэл бичиг өргөж баяр хүргэхээр илгээсүгэй хэмээн атал гэнэт элчин сайд хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд хотоос гарч угтан оруулаад зарлиг бичгийг мөргөж хүлээн авсан хойно хурим бэлтгэж элчийг хүндлэн хуримлах зуур элч өгүүлрүүн: “Авгай та энэ хишгийн зарлигийг олсон нь үнэндээ Цаоцао жанжин хааны дэргэд батлан айлтгасны хүч болой” хэмээсэнд Сюаньдө тал өгсөнд элч нууц бичгийг гаргаж Сюаньдөд өргөн барив. Сюаньдө үзээд өгүүлрүүн: “Энэ хэргийг алгуур зөвлөсүгэй!” хэмээн хэлээд хурим тархаж элчийг өртөө гэрт буулгав. Сюаньдө мөн шөнөдөө энэ хэргийг зөвлөхөд Жанфэй өгүүлрүүн: “Люйбү нэгэн журамгүй хүн тул алахад юуны хамаа буй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Тэр цухалдаж намайг эрэхээр ирснийг би албаас бас ч журамгүй болой”. Жанфэй өгүүлрүүн: “Сайн хүн болох нь бэрх” хэмээсэнд Сюаньдө үгийг дагасангүй. Дэд өдөр Люйбү баяр хүргэхээр ирсэнд Любэй оруулан учирваас Люйбү өгүүлрүүн: “Хааны хишгийн зарлиг хүрч ирэв хэмээн сонсож тухайлан баярын ёсоор золгохоор ирэв” хэмээхэд Сюаньдө хариу өгөв. Гэнэт Жанфэй илд сугалан танхимд гарч Люйбүг алахаар ирэхэд Любэй яаран зогсоов. Люйбү ихэд цочиж өгүүлрүүн: “Идө юунд үргэлж намайг алсугай хэмээмүй”. Жанфэй бархиран өгүүлрүүн: “Цаоцао чамайг журамгүй хүн хэмээн миний ахад бичиг илгээж чамайг ал хэмээжээ”. Сюаньдө дахин давтан зандран эгүүлээд Люйбүг дагуулан хойд гэрт орж урьдын үнэн учрыг хэлж өгөөд Цаоцаогийн хүргэж ирсэн нууц бичгийг Люйбүд үзүүлэв. Люйбү үзэж бараад уйлан өгүүлрүүн:

“Энэ нь Цаоцао хулгай бидний ах дүүг нийцгүй болгохоор хэмээсэн болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Ах чи битгий зовогтун! Любэй би амалдаж энэ мэт журамгүй үйлсийг үйлдэхгүй!” хэмээсэнд Люйбү дахин давтан тал өгөв. Любэй, Люйбүг үлдээж үдэш болтол уулцаад сая эгэв. Гуань, Жан өгүүлрүүн: “Ах ямар учирт Люйбүг алахгүй аж”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ нь Цао мөндө намайг Люйбү лүгээ хамтдаж дайлахаар очихоос сэжиглэн тийнхүү энэ аргыг хэрэглэж бид хоёул харилцан тэмцэлдсэн хойно тэр дундаас ашиг эрсүгэй хэмээсэн тул юунд түүнд хэрэглэгдмүй” гэхэд Гуань гүн толгой гэгэсхийв. Жанфэй өгүүлрүүн: “Би ганц энэ хулгайг алж хойчийн зовлонг тасалсугай хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ ихэс эрсийн явах үйл бус” хэмээжээ. Түүнээс дэд өдөр элчийг үдэж нийслэлд эгүүлсэн хойно хишигт мөргөх айлтгал бичиг үйлдэн бас Цаоцаод хариу бичиг өгч “Алгуураар үүсгэсүгэй!” хэмээн хэлж илгээв. Тэндээс элч буцаж Цаоцаод золгоод Сюаньдөгийн Люйбүг алахгүй учрыг хэлсэн хойно Цаоцао Сюнь Юйгээс асууруун: “Энэ арга бүтсэнгүй яавал сайн”.

Сюнь Юй өгүүлрүүн: “Бас арга буй нэрийг “Барсыг тавьж чоныг залгих арга” хэмээмүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Тэр арга ямар?”. Сюнь Юй өгүүлрүүн: “Сэмээр хүн зарж Юаньшугийн амрыг асуух дашрамд “Любэй нууц илтгэл айлтгаж Нань Зюнь хошууг байлдсугай хэмээв” хэмээн хэлбээс Юаньшу эрхгүй хилэгнэж Любэйг дайлмуй. Гүн бас Любэйд илэрхий зарлиг бичиг өгч Юаньшуг байлд хэмээгтүн. Хоёул харилцан байлдваас Люйбү эрхгүй өөр сэтгэл баримуй. Энэ “Барсыг тавьж чоныг залгих арга болой” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан урьд Юаньшугийн дэргэд хүн илгээн хойно Сюйжоу мужид хүн зарж зарлиг бичгийг хүргүүлэв. Тэндээс Сюаньдө Сюйжоу мужид элч ирснийг сонсож хотоос гарч угтаад зарлиг бичгийг нээж уншваас харин “Цэрэг байгуулж Юаньшуг байлдахаар оч!” хэмээжээ. Сюаньдө зарлиг хүлээн авч элчийг урьд буцаав. Мижу өгүүлрүүн: “Энэ бас Цаоцаогийн арга болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэдий арга боловч хааны зарлигийг зөрчиж болохгүй” хэмээгээд “Даруй цэрэг шалгаж мордсугай!” хэмээхэд Сүнцянь өгүүлрүүн: “Урьд хотыг сахих хүнийг тогтоомуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр дүүгийн хэн хотыг сахимуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Дүү энэ хотыг сахихыг хүсмүй” хэмээсэнд Сюаньдөг өгүүлрүүн: “Би өглөө үдэш чам лугаа хэрэг зөвдөх тул яахин салж болмуй” гэхэд Жанфэй өгүүлрүүн: “Бага дүү би энэ хотыг сахихыг хүсмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи энэ хотыг сахиж болохгүй. Чи нэгэнд архины хойно хэхийлгэж129 цэргийн хүнийг занчмуй. Хоёрт хэргийг хөнгөнөөр аваачиж хүний ятгахыг дагахгүй тул би итгэмжилж эс чадмуй”. Жанфэй өгүүлрүүн: “Үүнээс хойш архи уухгүй цэргийн хүнийг занчихгүй алив хүний хориглох үгийг цөм авъя!” хэмээсэнд Мижу өгүүлрүүн: “Гагц ам сэтгэл нийлэхгүйгээс эмээмүй” хэмээсэнд Жанфэй хилэн төрж өгүүлрүүн: “Би ахыг дагаж хичнээн он болтол нэг ч батыг алдсангүй бөлгөө. Чи ямар аймшигтүй намайг урьдчилан бодмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Дүүгийн үг ийм боловч би эцэст амар үгүй” хэмээгээд Чэнь Юаньлуньг дуудаж туслуулан өглөө үдэш түүний архийг бага уулгаж хэрэг алдагдахад битгий хүрүүл!” хэмээсэнд Чэнь Юаньлун хүлээн авав. Сюаньдө захиж нот болгоод морьт явган гурван түмэн цэргийг авч Сюйжоу мужаас гарч Нань Янгийн зүг мордов. Түүнээс Юаньшу Любэйгийн бодрол бичиг айлтгаж “Түүний хошуу сумыг авсугай!” хэмээснийг сонсоод ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Чи нэгэн чийрс нэхэж шаахай хүрэх эр эдүгээ гэнэт их хотыг эзлээд мужийн эзэн лүгээ зэрэгцэхийг үзээд би хараахан чамайг байлдсугай хэмээж асан болой. Чи тэр харин намайг байлдсугай хэмээмүй! Үнэхээр заналтай!” хэмээгээд даруй дэд жанжин зилинд арван түмэн цэрэг өгч Сюйжоу мужийн зүг байлдуулахаар илгээв. Хоёр этгээдийн цэрэг Сюй И газарт уулзаж Сюаньдөгийн цэрэг цөөн тул уулыг түшиж усны ойр хүрээ буув. Тэр зилин хэмээгч шаньдун газрын хүн бөгөөд гурван үзүүрт тавин жингийн илд хэрэглэмүй. Мөн өдөр цэрэг дагуулан жагсаалаас гарч Любэйг “Хөдөөний эр ямар аймшиггүй манай зах хязгаарт халдахаар ирэв?” хэмээн хараахад Сюаньдө өгүүлрүүн: “Би хааны зарлигаар сайд хэмээгдэхгүйг байлдмуй. Чи аймшиггүй мөчөөрхөхөөр ирсэн тул ял нь алахаас хэлтэрч болохгүй!” хэмээвээс зилин ихэд хилэн төрж морио давхиулан илдээ өргөж сюаньдөг байлдахаар ирсэнд гуань гүн өндөр дуугаар зандран өгүүлрүүн: “Бэртэгчин эр битгий түрэмгийлэгтүн!” хэмээгээд морио довтолгож Зилин лүгээ байлдаж гучин удаа болтол дийлэх дийлэгдэх нь ялгарахгүйд Зилин “Түр баахан амсхийсугай!” хэмээн бархирчээ. Гуань гүн морио татаж жагсаалд эгээд жагсаалын өмнө тогтож хүлээв. Зилин дэд жанжин сюньжэнг гаргасанд Гуанъ гүн өгүүлрүүн: “Гагц Зилинг гаргагтун. Би түүн лүгээ эрэгчин, эмэгчинг ялгасугай!”. Сюньжэн өгүүлрүүн: “Чи болбоос нэргүй доод жанжин Зи жанжинд тэнцэх хүн бус!” хэмээсэнд Гуань гүн ихэд хилэн төрж Сюньжэнг байлдан ороод ганц нэгэн удаад Сюньжэнг цавчиж мориноос унагав. Сюаньдө цэргийг тавьж алан орсонд Зилингийн цэрэг ихэд дарагдаж Хуай Инь голын амыг сахиж аймшиггүй байлдахаар гарч ирэхгүй гагц цэргийн хүнээр сэмхэн хүрээг дарахаар илгээсэнд цөм Сюйжоугийн цэрэгт алагдан буруулав. Хоёр этгээдийн цэрэг харилцан эсэргүүцлэн байхыг өгүүлэх юун. Түүнээс Жапфэй Любэйг одсон хойно аливаа аахар шаахар хэргийг цөм Чэнь Юаньлунд тушаан захируулаад цэргийн их үйлийг өөрөө байцаан явуулмуй. Нэгэн өдөр хурим бэлтгэж олон түшмэд хуримлахад олон хүн цөм суусан хойно Жанфэй өгүүлрүүн: “Миний ах явахдаа намайг “Архийг цөөн уу! их үйлийг алдуузай!” хэмээн захисан бөлгөө. Олон нөхөд өө! бид энэ өдрийн төдий согттол ууж маргаашнаас цөм архийг цээрлэн намайг тусалж хот балгасыг сахигтун! ганц энэ өдөр хундага дүүрэн уух хэрэгтэй!” хэмээгээд олон түшмэлд архи нэрж өгсөөр Цаобаогийн өмнө хүрсэнд Цаобао өгүүлрүүн: “Би бяцханаас архийг цээрлэсэн тул уухгүй!

129 Хэхгэр зан байдал гаргах

Жанфэй өгүүлрүүн: “Дайсан лугаа алалдах эр юунд архи уухгүй аж. Би чамайг ганц нэгэн хундага уулгамуй” хэмээн өгсөнд Цаобао айж нэг хундагыг уув. Жанфэй олон түшмэлд дараагаар архи барьж дуусаад өөрөө их хундагаар хэдэн арван хундага ууж ихэд согтжээ. Бас босож олонд архи барьсаар Цаобаогийн дэргэд хүрч ирвээс Цаобао өгүүлрүүн: “Би үнэхээр ууж чадахгүй болов”. Жанфэй өгүүлрүүн: “Чи сая уугаад бас юунд маргамуй”. Цаобао дахин дахин “Уухгүй!” хэмээхэд Жанфэй согтсон хойно архины эндүүгээр ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи миний жанжны цаазыг зорчвөөс нэг зуун мод занчсугай!” хэмээгээд цэргийн хүнийг дуудаж чирэн буулгасанд. Чэнь Юаньлун өгүүлрүүн: “Сюаньдө гүн явахдаа чиний зүг юу хэмээн захисан бөлгөө”. Жанфэй өгүүлрүүн: “Чи бичгийн түшмэл тул бичгийн хэргээ захирваас барав. Битгий миний хэргийг хамаарагтун!” хэмээжээ. Цаобао аргагүй гуйж өгүүлрүүн: “Идө гүн миний хүргэний нүүрийг үзэж түр намайг хэлтрүүлэх болов уу”. Жанфэй өгүүлрүүн: “Чиний хүргэн хэн буй”. Цаобао өгүүлрүүн: “Люйбү мөн болой”. Жанфэй нэндээ хилэн төрж өгүүлрүүн: “Би чухам чамайг занчихгүй бөлгөө. Чи Люйбүтээр намайг айлгах тул би эрхгүй чамайг занчмуй! чамайг занчих нь мөн Люйбүг занчих болой!” хэмээсэнд олон хүн хоригловч болохгүй Цаобаог тавин мод занчсан хойно олон хүн гашуудан гуйж сая зогсоов. Хурим тарж Цаобао эгээд

Жанфэйд ихэд хорсож мөн шөнөдөө хүнд бичиг бариулан шууд сяопэйгийн зүг илгээж Люйбүд золгуулаад Жанфэйгийн ёс бусыг хэлээд бас “Любэй нэгэнтээ Хуайнаньд одсон тул энэ шөнө Жанфэйгийн согтож байхад цэрэг дагуулан ирээд Сюйжоуг автугай! Энэ тухайг алдаж эс болмуй” хэмээжээ. Түүнээс Люйбү бичгийг үзээд даруй Чэньгүнийг дуудан ирж зөвлөвөөс Чэньгүн өгүүлрүүн: “Сяопэй нь угаас удаан суух газар бус. Эдүгээ Сюйжоуг нэгэнтээ эзлэх завсар байх тул түүнийг алдаж авах үгүй болбол хойно гэмшээд гүйцэх үгүй болмуй” гэхэд Люйбү үгийг нь дагаж даруй хуяглан моринд гарч таван зуун морьт цэргийг авч урагш явжээ. Чэньгүн их цэрэг авч дагаж ирээд Гаошүнь ч бас хойноос нь морджээ. Сяопэй, Сюйжоугаас даруй дөч тавин газрын төдий алслах тул моринд гармагч хүрч ирмүй. Люйбү хотын дор хүрч иртэл дөрвөн жингийн үес болоод сарны гэрэл гэв гэгээн хотын дээрх хүн огт мэдэхгүй Люйбү хотын ойр одож дуудан: “Лю мужийн захирагчаас нууц хэрэгт зарсан хүн хүрч иржээ” хэмээсэн хойно хотын дээр Цаобаогийн цэрэг байсанд Цаобаод хэлэхээр одов. Цаобао хотын дээр гарч үзээд цэргийн хүнээр хаалгыг нээлгүүлбээс Люйбү битүү тэмдэг үг хэлсэнд олон цэрэг нэгэн цугаар хотод орж хашхирах дуун ихэд гарав. Жанфэй цав хэмээн согтоод унтаж байсан тул ойрхи хүн сэжлэн сэрээж хэлрүүн: “Люйбү хууран хотын хаалгыг нээлгээд алан орж ирэв!”. Жанфэй ихэд тачаадаж санд мэнд хуяглаад найман алдын могойт жадаа аван үүдээр гарч морь унатал Люйбүгийн цэрэг нэгэнт хүрч ирээд чив уулзав. Тэр үес Жанфэй согтсон нь сэргээгүй тул хүчлэн байлдаж чадсангүй. Люйбү угаас Жанфэйгийн баатрыг мэдээд мөн бас дэргэд нь очиж шахамдуулсангүй. Янь газрын арван найман жанжин Жанфэйг хамгаалан байлдаж зүүн хаалгаар гарч явав. Сюаньдөгийн гэрийн бүхэн ордонд байхыг цөм хайхарсан ч үгүй. Тэндээс Цаобао Жанфэйг арваад илүү хүн хамгаалан ахуг мэдээд бас түүнийг согтуу хэмээн дарлаж зуу шахам хүнийг авч нэхэж ирэв. Жанфэй Цаобаог үзээд ихэд хилэн төрж морио давхиулан угтан ирж байлдсаар гурван удаа болсонгүй. Цаобао буруулахуйяа Жанфэй голын хөвөөнд нэхэн одож нэгэнтээ Жадалмагц Цаобаогийн ар оногдож хүн морьтой хамт голд унаж үхэв. Жанфэй хотын гадна цэргийн ардыг даллан дуудахад хотоос гарсан нь цөм Жанфэйг дагаж Хуайнаньгийн зүг одов. Люйбү хотын дотор ороод иргэнийг тогтоосон хойно нэг зуун цэргийн хүнээр Сюаньдөгийн суусан ордныг хамгаалуулан алив хүн боловч дураар орж болохгүй хэмээв. Түүнээс Жанфэй хэдэн арван морьтонг авч шууд Сюй И газар хүрч Сюаньдөд Цаобао, Люйбү лүгээ дотоод гадаадаар нийлж шөнө Сюйжоуг булаасан учрыг хэлсэнд олон цөм царай хувилав. Сюаньдө шүүрс алдаж өгүүлрүүн: “Олсонд юунд баярланам, алдсанд юунд гасалмуй” хэмээжээ. Гуань гүн өгүүлрүүн: “Бэргэд хаана буй?”. Жанфэй өгүүлрүүн: “Цөм хот дотор үлдэв” гэж хэлсэнд Сюаньдө огт дуугарсангүй. Гуань гүн хөлөө дэвсэж зэмлэж өгүүлрүүн: “Чи уг хотыг сахисугай хэмээх үес юу хэмээн хэлсэн аж? Ах чамд ямар зэргээр захисан буй? Энэ өдөр хот бас алдав, бэргэнийг бас үлдээжээ. Одоо яаваас сайн?” хэмээхэд Жанфэй энэ үгийг сонсоод айн эмээж орох газаргүй болоод зүүсэн сэлмээ сугалан авч өөрийн хоолойг огтлон үхсүгэй хэмээжээ. Энэ чухамхүү:

“Хундагыг өргөж амраглан уухад сэтгэлийг хаана талбив

Хорсож сэлэм сугалан амийг хорлосугай хэмээн гэмшивч нэгэнт хождов”

Эгнэгт Жанфэйгийн амь ямар болохыг доор бүлэгт үзтүгэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top