"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-15 ДУГААР БҮЛЭГ
ТАЙ ШИЦЫ СЯО БАВАН ЛУГАА БАЙЛДАЖ ШУНАСАН СҮНЬ БӨФҮ ЯНЬ БАЙХУ ЛУГАА ИХЭД БАЙЛДСАН
Өгүүлэх нь: Жанфэй сэлмээ сугалж “Өөрийн хоолойгоо огтлон үхсүгэй!” хэмээсэнд Сюаньдө урагш давшиж гарыг тэврэн сэлмийг булаан авч газарт хаяад өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Ах дүү гар хөл мэт, эм хэмээгч дээл хувцас адил. Дээл элэнхий болбоос оёж болмуй. Гар хөл хугарваас яахан залгаж болох аж”. Бид гурвуул тоорын хүрээлэнд журмаар ах дүү барилдаад хэдий хамт төрөхийг эрэхгүй боловч цугаар үхэхийг хүсмүй хэмээсэн бөлгөө. Энэ өдөр хэдий хотыг алдаж гэрийн бүхнийг үлдээсэн боловч яахан төвдөж дүүг зуурам үхүүлмүй. Нэндээ хот нь угаас миний бус гэрийн бүхэн хэдийгээр хот дотор үлдсэн гэвч Люйбү лав хорлохгүй бөлгөө. Харин алгуураар арга үүсгэн гаргаж болмуй. Мэргэн дүүгийн нэгэн цагийн эндэл хэрхэн амийг хорлоход хүргүүлэх аж!” хэмээн өгүүлээд ихэд уйлахад Гуань, Жан цөм сэтгэл хөдөлж уйлалцав.
Тэндээс Юаньшу, Люйбүг “Сюйжоу мужийг олов” хэмээн сонсож шөнө дөл хүн зарж Люйбүгийн дэргэд илгээн “Амуу таван түмэн суулга, морь таван зуу, алт мөнгө түмэн лан, өнгө бүрийн торго нэг мянган бүхэл өгсүгэй. Любэйг хавчин байлдагтун!” хэмээснийг Люйбү сонсож үлэмж баярлан Гаошүньд таван түмэн цэрэг өгч Сюаньдөгийн хойд талыг сундлуулав. Сюаньдө энэ чимээг сонсоод даруй бороонд цэргээ хураан Сюй Иг гээж зүүнш “Гуанлинг авсугай!” хэмээн одов. Гаошүнг хүрч иртэл Сюаньдө нэгэнт оджээ. Гаошүнь Зилинтэй золгоод өгсүгэй хэмээсэн юмыг авмуй хэмээсэнд Зилин өгүүлрүүн: “Гүн түр цэрэг эгэгтүн! Би эзэн гүнд золгосон хойно аргалсугай!” хэмээв. Гаошүнь зилингээс салж цэрэг эгээд Люйбүд золгож Зилингийн үгийг хэлсэн хойно Люйбү сэжиглэн атал гэнэт Юаньшугийн бичиг хүрч ирэв. Бичигт өгүүлсэн нь: “Таошүнь ирсэн боловч Любэйг арилгаагүй хойно Любэйг барьсан цагт сая өгсүгэй хэмээсэн юмыг хүргэлгэмүй” хэмээжээ. Люйбү ихэд хилэн төрж Юаньшуг батыг алдав хэмээн цэрэг байгуулж байлдахаар одсугай хэмээхэд Чэньгүн өгүүлрүүн: “Болохгүй ээ! Юаньшу Шоучуньг эзэлж цэрэг үлэмж амуу элбэг тул хөнгөлөн байлдаж үл болмуй. Харин Сюаньдөг залж эгүүлэн Сяопэйд суулгаж манай жигүүр өд адил болгоод хойш өдөр Сюаньдөг гавшгай болгон урьдаар Юаньшуг авч дараа Юаньшаог авбаас дэлхий дахинд хөндлөн гулдаар явж болох болой”. Люйбү тэр үгийг дагаж хүнд бичиг бариулан Сюаньдөг угтан эгүүлэхээр илгээв.
Тэндээс Сюаньдө зүүнш Гуанлинг авахаар очтол Юаньшуд хүрээг булаагдаж цэргийн их хагас хохирон эгэх замд төв хийтэл Люйбүгийн зарсан хүнд учирснаар тэр хүн бичгийг өргөвөөс Сюаньдө үзээд ихэд баярлав. Гуань, Жан өгүүлрүүн: “Люйбү нь нэгэн журамгүй хүн тул итгэж болохгүй болой” гэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Тэр намайг сайн сэтгэлээр хүндлэх тул би юу хэмээн сэжиглэмүй” хэмээгээд даруй Сюйжоуд мордон ирэв. Люйбү Сюаньдөг сэжиглэхээс эмээн түрүүлж хүнээр гэрийн бүхнийг хүргүүлсэнд Гань, Ми хоёр хатан Сюаньдөд учирч Люйбүгийн цэргээр гэрийн хаалгыг сахиулж аливаа хүнийг оруулсангүй. Басхүү охидыг зарж элдэв юм хүргэж ирэх нь харин нэг ч тасарсангүй зэргийн учрыг хэлсэнд Сюаньдө Гуанъ, Жангийн зүг өгүүлрүүн: “Би Люйбүгийн миний гэрийн бүхнийг лав хорлохгүйг мэдмүй” хэмээгээд хотод орж Люйбүд талархахаар очиход Жанфэй Люйбүг занаад дагаж очсонгүй. Урьд хоёр бэргэнээ залж хамт Сяопэйд одов. Сюаньдө орж Люйбүд золгож тал хийхэд Люйбү өгүүлрүүн: “Би мужийг булаасугай хэмээсэн бус эрхмийн дүү Жанфэй энд агаад архинд шунаж хүнийг алаад хэргийг саатуулахаас эмээн тийнхүү ирж сахисан болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би ахад хэдийнээс найр тавин өгсүгэй хэмээсэн бөлгөө”. Люйбү хуурмагаар Сюаньдөд найр тавихад Сюаньдө хүчлэн маргаж Сяопэйд цэрэг буухаар одов. Гуань, Жангийн дотор ундууцаж байхад Сюаньдө өгүүлрүүн: “Биеийг дорогш болгож хэвийг сахин тэнгэрийн цагийг хүлээсүгэй. Заяасан зүйг тэмцвээс үл болмуй” хэмээв. Люйбү хүн зарж амуу торго хүргэж ирэв. Үүнээс хоёр гэр найрамдуу болсныг өгүүлэх юун.
Түүнээс Юаньшу Шоучуньд их хурим бэлтгэж жанждыг хуримлахад хүн мэдүүлрүүн: “Сүньцө, Лүзянгийн Тайшоу түшмэл Лүканг дийлээд эгэж ирэв” хэмээжээ. Юаньшу, Сүньцөг оруулбаас Сүньцө танхимын дор мөргөн золгосонд Юаньшу зовсныг асуусан хойно даруй жигүүрт суулгаж хуримлав. Үзвээс Сүньцө эцэг нь үгүй болсноос нааш Хөх мөрний өмнөдөд шурган сууж эрдэмтнийг ёсчлон мэргэдийг хүндэлж байсан бөлгөө. Хойно Таоцянь нь Суньцөгийн нагац Дань Янгийн Тайшоу түшмэл Үзин лүгээ нийцгүйд Сүньцө эх жич гэрийн бүхнийг Чу А газарт нүүлгэн суулгаад өөрөө Юаньшуг дагахаар ирсэн ажээ. Юаньшу ихэд өршөөж үргэлж Гуньхран өгүүлэх нь: “Юаньшуд Сүньлангийн мэт хөвгүүн байх болбоос мөн үхэвч юунд хорсном!” хэмээх бөлгөө. Тиймийн тул Хуай И Сяовэй түшмэл болгон цэрэг өгч Жинсян сумын их жанжин зуланг байлд хэмээн илгээв. Дийлж ирсэн хойно Юаньшу Сүньцөгийн баатрыг мэдээд дахин Лүкантай байлдуулахаар илгээсэнд эдүгээ бас дийлж эгсэн ажгуу. Тэр өдөр хурим тархсан хойно Сүньцө хүрээндээ эгэж Юаньшу хуримын ширээнд хүндэлсэн ёс маш оморхогийг үзээд дотроо ихэд уйтгарлан шөнийн гэгээн сарны дор хүрээнд алхалхийлэн санаруун: “Эцэг Сүньзянь ямар зэрэг идэрхэг баатар асан бөлгөө. Би эдүгээ иймд хүрч ирэв” хэмээн санамсаргүй дуу талбин уйлахад гэнэт гаднаас нэгэн хүн орж ирээд ихэд инээж өгүүлрүүн: “Бөфү ямар учир энэ мэт уйлмуй? Эрхмийн эцэг байх цагт намайг үлэмж зарсан бөлгөө. Чамд хэрвээ таслан чадахгүй хэрэг байваас юунд надаас асуухгүй ганцаар уйлах аж!”. Сүньцө үзвээс Дань Янгийн Гүжан газрын хүн, овог Жу, нэр Жи өргөсөн нэр Зюньли, Сүньзянгийн хуучин Цунши түшмэл болой. Сүньцө нулимсаа арчиж дээр залж суулгаад өгүүлрүүн: “Миний уйлах нь эцгийн зоригийг залгамжлан чадахгүй тул хорсном бөлгөө” хэмээсэнд Жужи өгүүлрүүн: “Авгай юунд Юань Гүнлүгээс цэрэг зээлэн Зяндунд очиж Үзинд туслахаар нэр гарган үнэнхүү их үйлсийг бүтээхгүй удтал хүний дор тээглэгдмүй” хэмээн зөвлөх хооронд нэгэн хүн гэнэт орж өгүүлрүүн: “Гүн нарын зөвдсөнийг би хэдийнээ мэдэв. Миний дор шилсэн цэрэг зуу илүү буй. Түр Бөфүд нэгэн тохойн хүч тусалсугай” хэмээв. Сүньцө тэр хүнийг үзвээс харин Юаньшүгийн зөвлөлийн түшмэл Рунаньгийн Си Ян газрын хүн, овог Люй, нэр Фань, өргөсөн нэр Зихэн болой. Сүньцө ихэд баярлан хамт сууж зөвлөхөд Люйфань өгүүлрүүн: “Ганц Юань Гүнлү цэрэг зээлэн өгөхгүйгээс аймуй”. Сүньцө өгүүлрүүн: “Миний өнгөрсөн эцгийн үлдээсэн улсыг уламжлах хас тамга буй. Үүгээр данж130 болгосугай!”. Люйфань өгүүлрүүн: “Гунлү үүнийг олсугай хэмээгээд удав. Түүгээр данж хийвээс эрхгүй цэрэг өгмүй” хэмээн гурвуул арга зөвлөн тогтоод дэд өдөр Сүньцө орж Юаньшуд учраад ёслон уйлж өгүүлрүүн: “Эцгийн өсийг хариулан чадаагүй эдүгээ нагац Үзин бас Янжоугийн Цыпи түшмэл Лю Яод цухалдагдаж хөгшин эх жич гэрийн бүхэн цөм Чу Ад буй. Эрхгүй хорлогдоход хүрмүй. Сүньцө аймшиггүй баатар цэрэг хэдэн мянга зээлж мөрнийг гэтлэн бэрхийг тусалж эхийг үзэхээр одсугай хэмээмүй. Ганц гэгээн гүнгийн итгэмжлэхгүйгээс эмээн өнгөрсөн эцгийн үлдээсэн хас тамгаар түр данж болгосугай!”. хэмээвээс Юаньшу “Хас тамга буй” хэмээхийг сонсоод авч үзээд ихэд баярлаж өгүүлрүүн:
“Би чиний хас тамгыг авах нь бус эдүгээ түр энд агуулан тавигтун! Би чамд цэрэг гурван мянга, морь таван зуу зээлэн өгсүгэй. Төвшитгөн тогтоосон хойно түргэн эгэж ирэгтүн! Чиний тушаал зэрэг өчүүхэн тул их эрхийг явуулахуйяа бэрх. Би чамайг айлтгаж Жөчун Сяовэй Тянькоу жанжин болгосугай! Өдөр болзож цэрэг дагуулан мордогтун!” хэмээв.
130 барьцаа
Тэндээс Сүньцө мөргөн тал өгч даруй цэрэг морийг авч Жүжи, Люйфань хуучин жанжин Чэнпү, Хуангай, Ханьдан нарыг дагуулан сайн өдөр үзэж цэрэг мордоод Ли Ян газар хүрсэнд нэгэн баг цэрэг хүрч ирэв. Өмнө талд нэгэн хүний бие байдал гэрэлтэй овор дүр аруухан Сүньцөг үзмэгц мориноос буун ёсолжээ. Сүньцө үзвээс тэр хүн нь Лүзянгийн Шүчэн газрын хүн, овог Жоу, нэр Юй, өргөсөн нэр Гунзинь. Угт Сүньзянь, Дунжуог байлдах үес гэрийн бүхнийг шүчэн хотод дэвшүүлсэн бөлгөө. Жоу Юй, Сүньцө лүгээ нэгэн настай, хоёулын найр маш зузаан тул ах дүү барихад Сүньцө, Жоу Юйгээс хоёр сараар ах тул ахын ёсоор үйлджээ. Жоу Юйгийн авга Жоушан, Дань Янд Тайшоу түшмэл болж амуй. Эдүгээ үзэхээр одоход энд хүрч ирээд Сүньцө лүгээ учрав. Сүньцө Жоу Юйтэй уулзаад ихэд баярлан даруй зүрхний учрыг хэлэхэд Жоу Юй өгүүлрүүн: “Би нохой морины мэт хүчийг өгөн хамт их үйлсэд зүтгэхийг хүсмүй” хэмээсэнд Сүньцө баярлаж өгүүлрүүн: “Би Гунзинийг олсонд их үйлс тогтмуй” хэмээгээд даруй Жоу Юйг Жужи, Люйфань лугаа учруулав. Жоу Юй Сүньцөгийн зүг өгүүлрүүн: “Ах их үйлийг бүтээсүгэй хэмээвээс Зяндунд “Хоёр Жан” хэмээгч байхыг мэдмүй үү?”. Сүньцө өгүүлрүүн: “Юуг “Хоёр Жан” хэмээмүй?” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Нэг нь Пэнчэн газрын Жанжао, өргөсөн нэр Зибү. Нэг нь Гуанлин газрын Жанхун өргөсөн нэр Зиган цөм тэнгэрийг эелэх газрыг эвлэх эрдэм буй. Самуунаас зайлж энд нуун суужээ. Миний ах юунд залахгүй аж”. Сүньцө тал бэлэг бэлтгэн даруй хүн зарж залахаар илгээвээс маргаж ирэхгүй тул Сүньцө өөрийн биеэр түүний гэрт одож үг хэлэлцээд ихэд баярлан хүчлэн залсанд хоёул сая ам алдав. Сүньцө Жанжаод Жанши түшмэл өгч цэргийг тохинуулах Жунлан жанжин хэргэмийг хавсруулав. Жанхунд Цаньмоу Жэн И Сяовэй түшмэл өгөөд Лю Яог байлдахаар очих хэргийг зөвдөлцөв.
Тэндээс Лю Яогийн өргөсөн нэр Жэнли, Дунлайгийн Моупин газрын хүн. Мөнхүү Хан хааны угсаа Тайвэй түшмэл Лючунгийн ач, Яньжоугийн Цыши түшмэл Людайгийн дүү бөгөөд хэдийнээс Янжоуд Цыши түшмэл болж Шоучуньд цэрэг бууж асныг Юаньшуд хөөгдөж мөрөн гэтлэн зүүнш Чу Ад хүрч ирсэн бөлгөө. Тэр үеэс Сүньцөгийн цэрэг хүрч ирснийг сонсож даруй олон жанжин түшмэдийг цуглуулан зөвдвөөс харьяат жанжин Жан Ен өгүүлрүүн: “Би нэгэн салааны цэрэг авч Нюжуд бууваас хэдий зуун түмэн цэрэг байвч мөн аймшиггүй орж чадахгүй” хэмээн үг барахын урьд цацрын доороос нэгэн хүн гарч их дуугаар өгүүлрүүн: “Би өмнө гавшгай болохыг хүсмүй!” хэмээв. Олон үзвээс Дунлайгийн Хуансянь сумын хүн Тай Шицы болой. Тай Шицы Бэйхайгийн хаагдсаныг тайлснаас Лю Яод золгохоор ирсэнд Лю Яо цацрын дор агуулсан бөлгөө. Тэр өдөр Сүньцөгийн цэрэг хүрч ирснийг сонсоод: “Гавшгай болж очсугай” хэмээхэд Лю Яо өгүүлрүүн: “Чиний нас бас ч бага байсаар их жанжин болж болохгүй. Гагц миний ойр зарагдваас болмуй!” гэхэд Тай Шицы баяр үгүйгээр бууж ирэв. Жан Ен цэрэг авч Нюжу газарт хүрээд Дигө газарт арван түмэн дан амуу хураан тавив. Сүньцө цэрэг дагуулан хүрч ирсэн хойно Жан Ен угтан ирж хоёр этгээдийн цэрэг Нюжугийн голын танд уулзаад Сүньцө гарсан хойно Жан Ен хараахад Хуангай гарч Жан Ен лүгээ байлдаж хэдэн удаа болсонгүй гэнэт Жан Енгийн цэрэг ихэд самуурч хэлрүүн: “Хүрээний дотор хүн гал тавив” хэмээмүй. Жан Ен яаран цэрэг эгэхэд Сүньцө цэрэг авч ирээд мөн хүчинд даран алсанд Жан Ен, Нюжу газрыг гээж гүн уулын дотор оргон оров. Угаас хүрээний хойно гал тавьсан нь харин хоёр баатар жанжин ажээ. Нэг нь Зюзянгийн шоучунь газрын хүн овог Зян, нэр Цянь, өргөсөн нэр Гүн И. Жич нэг нь Зюзянгийн Сяцай газрын хүн, овог Жоу, нэр Тай, өргөсөн нэр Юпин хоёул цагийн самуунд уулзсанаар хүн хурааж Ян Зызянд сууж булаан дээрэмлэхээр амьдрал хийж асан бөлгөө. Хэдийнээс Сүньцөг мөрний зүүн дэх хүчирхэг баатар бөгөөд эрдэмтнийг урьж мэргэчүүдийг элсмүй хэмээн сонсоод тийнхүү тусгайлан харьяат гурван зуун хүнээ дагуулан ирж туслаад “Дагасугай!” хэмээсэнд Сүньцө ихэд баярлаж цэргийн өмнөх Сяовэй түшмэл болгосон хойно Нюжу, Диго газрын амуу өвс цэргийн зэвсэг хийгээд дагасан цэрэг дөрвөн мянга илүүг хураан аваад даруй Шэньтингийн зүг мордов.
Түүнээс Жан Ен буруулан одож Лю Яод золгосон хойно Лю Яо хилэн төрж “Алсугай!” хэмээхэд зөвлөлийн түшмэл Зуорун, Сюэли ятган хэлтрүүлж Линлин хотод цэрэг бууж дайсныг эсэргүүцүүлээд Лю Яо өөрийн биеэр цэрэг авч Шэньтингийн давааны өмнөдөд хүрээ буув. Сүньцө давааны хойдод хүрээ буугаад Сүньцө тэр газрын хүнээс асууруун: “Энэ уулын ойр Хан гуан Үгийн сүм буй буюу” хэмээсэнд тухайн газрын хүн хэлрүүн: “Сүм уулын оройд амуй”. Сүньцө өгүүлрүүн: “Энэ шөнө “Гуан Ү намайг урьж золгов” хэмээн зүүдлэв. Би очиж залбирваас зохимуй”. Жанши түшмэл Жанжао өгүүлрүүн: “Болохгүй. Давааны өмнө Лю Яогийн цэргийн хүрээ буй тул хэрвээ бүгсэн цэрэг байваас хэрхмүй”. Сүньцө өгүүлрүүн: “Сахиулсан намайг ивээхэд би юунд аймуй” хэмээн хуяглан жадаа барьж, морь унаад Чэнпү, Хуангай, Ханьдан, Зянцянь, Жоутай нарыг дагуулан бүгд арван гурван морьтон уулын дээдэх сүмд хүж барихаар очив. Хүрээд мориноос бууж наминчлан мөргөсөн хойно Сүньцө урагш сөгдөж дуудан өгүүлрүүн: “Сүньцө хэрвээ Зяндунд тулгар төрийг байгуулан өнгөрсөн эцгийн үйлсийг дахин бадруулан чадваас сүмийг дахин шинэтгэн засаж дөрвөн цагт тахисугай!” хэмээн залбиран бараад сүмээс гарч морь унаж олон жанжингуудын зүг:
“Би давааг давж Лю Яогийн хүрээг гэтэлхийлсүгэй хэмээмүй”. Олон жанжнууд: “Болохгүй!” хэмээн зогсооход Сүньцө дагахгүй тул хамт давааны оройд гарч өмнө гацаа шугуйг бараалан атал хэдийнээ замд бүгсэн цэргийн хүн нисэх мэт Лю Яод мэдүүлэхээр очив. Лю Яо өгүүлрүүн: “Энэ эрхгүй Сүньцөгийн дайсныг өдөөх арга болой. Нэхэж болохгүй!” гэхэд Тай Шицы шаламгайлан гарч өгүүлрүүн: “Энэ үед Сүньцөг барихгүй бас ямар цагийг хүлээмүй” хэмээгээд Лю Яогийн зарлагыг хүлээхгүйгээр хуяглан морь унаад жадаа авч хүрээнээс гараад өндөр дуугаар өгүүлрүүн: “Цөс, зүрх байгчид цөм намайг дагаж ирэгтүн!” хэмээвээс олон жанжнууд нэг нь ч хөдлөхгүй ганц нэгэн бага жанжин гарч өгүүлрүүн:
“Тай Шицы үнэхээр баатар жанжин болой. Би очиж тусалсугай!” хэмээн морь довтолгон очсонд олон жанжин цөм ихэд инээлцэв.
Түүнээс Сүньцө нилээн удтал үзээд сая морио эргүүлэн давааг давж гарган явахад сонсвоос давааны оройд “Сүньцө битгий явагтун!” хэмээн дуудмуй. Сүньцө хойш хандаж үзвээс хоёр морьтон хүн давааны уруу нисэх мэт довтолгон айсуй. Сүньцө арван гурвуул нэгэн тийшээ дэлгэн жагсааж Сүньцө жадаа хөндлөн барьж морилсоор давааны дор хүлээв. Тай Шицы өндөр дуугаар өгүүлрүүн: “Аль нь Сүньцө буй?”. Сүньцө хэлрүүн: “Чи ямар хүн?” хэмээсэнд Тай Шицы өчрүүн: “Би даруй Дунлай газрын Тай Шицы болой. Тусгайлан сүньцөг барихаар ирэв”. Сүньцө инээн өгүүлрүүн: “Би даруй мөн болой. Та хоёул хамт ирэгтүн! Би ганцаар байлдсугай! Би хэрвээ айваас Сүнь Бөфү бус болой” хэмээн өгүүлмэгц Тай Шицы өгүүлрүүн: “Чи олон лугаа хамт ирэвч би бас ч эмээхгүй” хэмээн жадаа хөндлөн барьж Сүньцөг байлдан ирэв. Сүньцө жадаа далайж угтаад хоёул зөрөлдөн байлдаж тавин удаа болтол хэн аль нь ч дийлэх дийлэгдэхгүйд Чэнпү нар сэмээр гайхмуй. Тай Шицы, Сүньцөгийн жадын увдис баахан ч ташаарахгүйг үзээд хууран буруулж Сүньцөгөөр нэхүүлсүгэй хэмээн хуучин замаар уулын оройд гарахгүй харин уулын арыг тойрон явахад Сүньцө нэхэж гүйцээд бархиран өгүүлрүүн: “Явах нь сайн эр бус” хэмээмүй. Тай Шицы дотроо санаруун: “Энэ амьтныг арван хоёр хүн дагаж буй. Би гагцаар хэдий амьд баривч басхүү үүнийг олонд булаагдмуй. Дахин нэгэн зэрэг өдөөн аваачиж энэ амьтныг эрэх газар үгүй болгоод сая барьсугай!” хэмээн байлдсаар явмуй. Сүньцө яахин талбих аж. Шууд нэхсээр хээр талд хүрэв. Тай Щицы морио эгүүлж бас тавин удаа байлдсан хойно Сүньцө нэгэнтээ жадлахад Тай Шицы бие урван зайлж жадыг сугандаа хавчив. Тай Шицы бас нэгэнтээ жадалбаас Сүньцө басхүү бие урван жадыг сугандаа хавчжээ. Хоёул нэгэн зэрэг хүчлэн таталцахад цөм мориноос өнхрөн унаж хоёр морь хааш очсоныг мэдэхгүй хоёул жадаа гээж харилцан ноцолдож занчилдсаар хуяг дээл цөм хэсэг бусаг хагарав. Сүньцө гар хурдан тул Тай Шицыгийн ард үүрсэн охор жадыг татан авсанд Тай Шицы мөнхүү бас Сүньцөгийн дуулгыг атган авав. Сүньцө жадаар Тай Шицыг чичихэд Тай Шицы дуулгаар халхалмуй. Гэнэт хашхирах дуун гарч хойноос Лю Яогийн туслах цэрэг хүрч ирэв. Бараг мянга илүү буй. Сүньцө ямагт цухалдаж байтал Чэнпү нарын арван хоёр морьтон бас ч эрэн ирсэнд Тай Шицы сая тавьж цэргийн дотроос нэгэн морь авч унаад жадаа барьж бас байлдан оров. Сүньцөгийн морийг Чэнпү олж авсан тул Сүньцө бас жадаа авч морио унав. Лю Яогийн мянга илүү цэрэг Чэнпүгийн морьтон лугаа хутган байлдсаар Шэньтингийн давааны дор хүрвээс хашхирах дуун гартал Жоу Юй цэрэг авч ирсэнд Лю Яо өөрөө их цэрэг дагуулан даваа уруу бууж байлдахаар ирэв. Тэр үес нэгэнтээ гэгээ тасраад гэнэт салхи бороо ихэд хүрч ирэхэд хоёр этгээд цөм цэргээ хураажээ.
Тэндээс дэд өдөр Сүньцө их цэрэг авч Лю Яогийн хүрээний өмнө хүрсэнд Лю Яо цэрэг авч угтан гарч хоёр этгээдийн цэрэг жагсаан барсан хойно Сүньцө жагсаалын өмнө Тай Шицыгийн охор жадыг жаданд дүүжилж цэргийн хүнээр дуудуулж өгүүлрүүн: “Тай Шицы хэрвээ хурдан явсангүй болбоос нэгэнт жадлагдан үхэх билээ” хэмээхэд Тай Шицы бас Сүньцөгийн дуулгыг жагсаалын өмнө өлгөж мөнхүү цэргийн хүнээр дуудуулан өгүүлрүүн: “Сүньцөгийн толгой энд буй” хэмээгээд хоёр этгээдийн цэрэг харилцан хашхиралдан эндээ “Биед дийлэв” хэмээхүйд тэртээ “Биед ялав” хэмээн цуугилдах ажээ. Тэр үес Тай Шицы гарч ирээд Сүньцө лүтээ дийлэх дийлдэгдэхийг таслан “Байлдсугай!” хэмээсэнд Сүньцө “Гарсугай!” хэмээтэл Чэнпү өгүүлрүүн: “Эзэн гүн биеийг зүдээх хэрэггүй би гарч байлдсугай!” хэмээгээд Чэнпү жагсаалын өмнө хүрвээс Тай Шицы өгүүлрүүн: “Чи надад тэнцэх гар бус гагц Сүньцөг гаргаж ирүүлэгтүн!” хэмээхэд Чэнпү ихэд хилэн төрж жадаа далайж Тай Шицыг байлдан оров. Хоёр морь солилцон байлдаж гучин удаа болсонгүй Лю Яо харанга цохиж цэргээ хураав. Тай Шицы өгүүлрүүн: “Би хараахан тэр хулгайн жанжныг барьсугай хэмээн атал ямар учирт цэрэг хураамуй!”. Лю Яо өгүүлрүүн: “Би сонсвоос Жоу Юй цэрэг авч Чу Аг сундлахад Лү Зянгийн Сүнзи газрын хүн, Чэнь Ү, өргөсөн нэр Зиле хэмээгч Жоу Юйг угтаж оруулав хэмээнэм. Миний гэрийн орон суудлыг нэгэнт алдсан тул удаан байж болохгүй хурдан Маолинд одож Сюэли, Зуо Рунгийн цэрэг лүгээ нийлүүлж жич байлдан ирсүгэй!” хэмээсний хойно Тай Шицы Лю Яог дагаж цэрэг эгэв. Сүньцө нэхсэнгүй цэргээ хураасанд Жанши түшмэл Жанжао өгүүлрүүн: “Дайсны цэрэг Жоу Юйд Чу Аг сундлагдсанаар байлдах сэтгэлгүй болжээ. Энэ шөнө хараахан хүрээг дайрахаар одвоос зохимуй!” гэхэд Сүньцө үгийг дагаж мөн шөнө цэргийг таван замаар хувааж шаламгайлан орсонд Лю Яогийн цэрэг ихэд дарагдаж дөрвөн зүг сарнин дутаахад Тай Шицы ганц хүчээр яахан хүлээн чадах аж. Даруй хэдэн арван морьтонг авч шөнө дөл Жинсянь суманд очив.
Тэндээс Сүньцө бас их жанжин Чэнь Үг олж туслуулжээ. Тэр хүний биеийн өндөр долоон тохой, нүүр шар, нүд улаан, овор дүр соньхон Сүньцө маш өршөөж Сяовэй түшмэл өгч гавшгай болгон Сюэлиг байлдуулав. Чэнь Ү арав илүү морьтонг авч жагсаалд дайран орж тавь илүү толгойг огтлон авсанд Сюэли хаалгаа хааж гарч ирэхгүй болов. Сүньцө хараахан хотыг байлдсугай хэмээтэл гэнэт хүн хэлэхээр ирж: “Лю Яо, Зуоюун лугаа нийлж Нюжуг авахаар одов” хэмээхэд Сүньцө ихэд хилэн төрж биеэр их цэрэг авч Нюжуд ирвээс Лю Яо, Зуоюун хоёул угтан ирэв. Сүньцө өгүүлрүүн: “Эдүгээ би энд хүрч ирсэнд та юунд дагахгүй болой” хэмээтэл Лю Яогийн арын хойноос нэгэн жанжин жадаа далайж ирэв. Үзвээс Юйми болой. Сүньцө байлдан гурван удаа болсонгүй амьдаар барьж жагсаалын зүг эгэж ирэхэд Лю Яогийн жанжин Паньнэн, Юймигийн баригдсаныг үзээд жад далайж нэхэн ирээд Сүньцөгийн ар хойноос жадалтал Сүньцөгийн жагсаалын цэргүүд ихэд бархиран: “Арын хойно хүн хулгаж жадалмуй” хэмээсэнд Сүньцө гэнэт тэргүүн эргэж үзвээс харин Паньнэн хүрч иржээ. Нэгэнтээ бархирахуйяа тэр дуу аянгыг адил түрхэрсэнд Паньнэн даруй мориноос тонгорцоглон унаж толгой хагарч үхэв. Сүньцө хаалгын тугийн дор хүрч ирээд юйми хаяваас нэгэнтээ хавчигдан үхжээ. Агшин зуур нэгийг хавчин үхүүлээд нэг жанжинг бархиран үхүүлсэн тул үүнээс хүн бүр Сүньцөг Сяо баван хэмээн дуудмуй.
Түүнээс Лю Яогийн цэрэг ихэд дарагдаж их хагас нь Сүньцөг дагаад Сүньцө түм гаруй толгойг огтлов. Люо Яо, Зуорун лугаа Юйжангийн зүг буруулан Любяод дагахаар очжээ. Сүньцө цэрэг эгж дахин Маолинг байлдахад өөрийн бие хотын голын хөвөөнд хүрч Сюэлиг дагатугай хэмээн элсэн ухуулахад хотын дээрээс нэгэн холховч зэв ирээд төвхийж Сүньцөгийн зүүн гуя оногдож мориноос унав. Олон жанжин нар яаран ирж тэнхрүүлэн хүрээнд эгүүлээд зэвийг сугалан авч шарханд эм түрхэв. Сүньцө тэр даруй цэргийн дотор хуурмагаар “Эзэн жанжин зэвэнд оногдож бие өнгөрөв” хэмээн цэргийн хүрээнд уйлуулж цэрэг хөдлөн явав. Сюэли Сүньцөг нэгэнт үхэв хэмээн сонсож шөнө дөл хотын доторхи цэргийг аван орлогч жанжин Жан Ен, Чэньхэн лүгээ хотоос гарч нэхэн хүрч иртэл гэнэт бүгсэн цэрэг дөрвөн этгээдээс босоод Сүньцө урьд гарч өндөр дуугаар бархиран: “Сүньлан би энд буй!” хэмээхэд олон цэрэг цөм цочиж илд жадаа гээж газарт сөгдөв. Сүньцө даруй: “Нэгэн хүнийг ч битгий алагтун!” хэмээн цаазлав. Жан Ен буруулсугай хэмээгээд Чэнь Үд жадлагдаж үхэв. Чэньхэн Зянцяньд харвагдаж үхэв. Сюэли самуун цэргийн дотор үхжээ. Сүньцө Маолинд орж олон иргэнийг тохинуулсан хойно цэргийг Жинсяньд нүүлгэн Тай Шицыг амьд барихаар ирэв.
Тэндээс Тай Шицы идэрхэг цэрэг хоёр мянга илүү хүнийг шалган олж уг харьяат цэрэгтэй хамтарч чив хэмээн Лю Яогийн төлөө хариу авсугай хэмээн асан бөлгөө. Сүньцө, Жоу Юй лүгээ Тай Шицыг амьд барих аргыг зөвлөхөд Жоу Юй: “Гурван биеэс хотыг байлдаж ганц зүүн хаалгыг үлдээж тавин гаргасугай. Хотоос хорин таван газрын эцэст гурван зам буй бөгөөд тэр замд тус бүр нэгэн замын цэрэг бүгүүлбээс Тай Шицы тэнд хүрсэн хойно хүн морь цөм ядаж зүдээд эрхгүй манайд баригдмуй!” хэмээжээ. Угаас Тай Шицыгийн хураасан цэрэг их хагас уул завын иргэн тул ёс цаазыг мэдэхгүйн дээр зиньсянь хотын хэрэм өндөргүй. Тэр шөнө Сүньцө, Чэнь Үд охор дээлээр илд бариулан урьдчилан “Хотын дээр гарч гал тавигтун!” хэмээв. Тай Шицы хотын дээрээс гал мандсаныг үзээд яаран морь унаж зүүн хаалгаар буруулахад Сүньцө биеэр цэрэг авч нэхэн иржээ. Тай Шицы буруулан атал хойдох цэрэг гучин газар хүрсэн хойно нэхэхийг зогсоожээ. Тай Шицы бас явсаар тавин газрын орчим хүрээд хүн морь цөм ядсанд гэнэт хулсны дотроос хашхирах дуу гарав. Тай Шицы сая буруулъя хэмээтэл хоёр этгээдээс морийг чөдөрлөх дээс татсанаар морийг татан унагаагаад Тай Шицыг амьд барин их хүрээний зүг авч ирэв. Сүньцө Тай Шицыг барьж ирснийг мэдээд өөрийн биеэр хүрээнээс гарч цэргийн ардыг зандран зайлуулаад өөрөө хүлээс дээсийг тайлж биед өмссөн магнаг дээлээ нөмөргөөд хүрээн дотор оруулж өгүүлрүүн: “Би Зи И131-ийн үнэнч эр гэдгийг мэдмүй. Лю Яо тэнэг амьтан их жанжин болгон хэрэглэж чадсангүй тул дарагдахад хүрэв” хэмээжээ. Тай Шицы Сүньцөгийн маш зузаанаар хүндлэхийг үзээд даруй дагав. Түүнээс Сүньцө Тай Шицыгийн гарыг барьж инээн өгүүлрүүн: “Шэньтингийн байлдаанд гүн хэрвээ намайг барьсан болбоос алах байсан уу?” хэмээхэд Тай Шицы инээн өгүүлрүүн: “Яахин олж мэдмүй”. Сүньцө ихэд инээж цацрын дор залж ороод дээрээ суулгаж хуримлахад Тай Шицы өгүүлрүүн: “Лю авгай шинэхэн дарагдаад цэргийн хүний сэтгэл цөм сарнив. Би биеэр одож сарнисан олныг хураан гэгээн гүнд тусалсугай хэмээнэм. Ганц итгэмжлэн чадах эс чадахыг олж мэдэхгүй” хэмээсэнд Сүньцө босож талархан өгүүлрүүн: “Энэ миний үнэнч хүсэх нь болой. Эдүгээ гүн лүгээ маргаашийн үдэд гүнгийн хойш эгэн ирэхээр болзсугай!” хэмээсэнд Тай Шицы хүлээн авч одов. Олон жанжин өгүүлрүүн: “Тай Шицы энэ очсонд эрхгүй буцахгүй бөлгөө” гэхэд Сүньцө өгүүлрүүн: “Зи И нь бат журамт эрдэмтэн тул яавч намайг үтээрэхгүй бөлгөө” хэмээжээ. Олон цөм итгэсэнгүй. Дэд өдөр цэрэг хүрээний хаалганд шураг зогсоон нарны сүүдрийг хүлээн харж байхад төвхийж үдийн наранд Тай Шицы мянга илүү цэргийг аваад буцаж ирэхэд Сүньцө ихэд баярлав. Олон жанжингууд Сүньцөгийп хүн мэдэхэд биширчээ.
131 Тай Шицыгийн өргөсөн нэр
Тэндээс Суньцө хэд хэдэн түмэн хүнийг хурааж Зяндунгийн иргэнийг амаржуулан олныг тэтгэхэд дагахаар ирсэн нь тоогүй. Зяндун газрын иргэд Сүньцөг цөм Сүньлан хэмээн дуудмуй. Ганц “Сүньлангийн цэрэг хүрч ирэв” хэмээн сонсвоос цөм цөс хэмхэртэл айж эчмүй. Гэвч Сүньцөгийп цэрэг хүрч ирвээс нэг ч уулгалан булаахгүйн дээр тахиа нохойг ч эс цочоохын тул иргэн цөм баярлан үхрийг хөтлөн дарсыг дамнаж “Цэргийн хүнд идүүлмүй” хэмээн хүргэж ирвээс Сүньцө алт, торго шагнан хариу тал болгож өгөхийн учир баярлалцах дуу хээр талд дүүрэв. Тэр Лю Яог дагаж байсан хуучин цэргийн ард дагаваас үлдээн авч эс дагахыг Шан хишиг хүртээн нутагт илгээх тул Зяннаньгийн иргэн өршөөлт засгийг сонсож үл хүсэх нь үгүй. Түүнээс цэргийн хүч ихэд бадрав. Сүньцө эх, авга, олон дүү нарыг угтан ирж цөм Чу А газарт суулгаж дүү Сүньцуанийг Жоутай лугаа Сюаньчэн хотыг сахиулаад Сүньцө цэргээ авч урагш Үзюнь хошууг байлдахаар мордов.
Тэр цагт Янь Байху хэмээгч аж. Өөрийн биеийг “Зүүн Ү улсын эрдэмтэн ван” хэмээн нэрийдэж Үзюньгийг эзлэн харьяат жанжинг зарж Үчэн болон Зясинг сахиулав. Тэр өдөр Янь Байху Сүньцөгийн цэрэг ирснийг сонсоод дүү Янь Юйг цэрэг авч гарган Фөнцяо гүүрэнд угтуулав. Янь Юйг морины дээр илдээ хөндлөн барьж гүүрэн дээр зогссоныг харуулын хүн хүрээнд ирж хэлсэнд Сүньцө даруй өөрийн биеэр гарч байлдсугай хэмээхэд Жанхун хориглож өгүүлрүүн: “Эзэн жанжин хэмээгч гурван аймаг цэргийн амийг холбосон нь болой. Биеийг хөнгөлөн бага хулгай лугаа байлдахаар очих нь эс зохимуй. Биеэ хүндлэх хэрэгтэй!” хэмээсэнд Сүньцө тал өгч хэлрүүн: “Сяньшэн132 таны үг алтан хас мэт, гагц жанжин биеэр зэв чулуунд шургахгүй болбол жанжин цэргүүд захиаг авахгүйгээс эмээмүй!” хэмээгээд даруй Ханьданийг гаргав. Ханьдан гүүрэнд хүртэл Зянцянь, Чэнь Ү хэзээний бага онгоцыг сэлж голын хөвөөнөөс байлдан гүүрийг өнгөрөн гараад хөвөөнд байх цэргийг сацлан харван унагааж хоёул нисэх мэт хөвөөнд гарч цавчилдан алалцахад Янь Юй буруулан явав. Ханьдан цэрэг авч Чанмэнь хаалганы дор хүрвээс хулгай цөм хотын дотор буруулав. Сүньцө цэргийг хувааж усан болон хуурай замаар хамт дэвшүүлэн Үчэн хотыг хаасанд гурван өдөр болтол гарч байлдах хүнгүй. Сүньцө олон цэргээ авч Чанмэнь хаалганы гадна хүрч ухуулан даллахад хэрмийн дээр нэгэн жанжин зүүн гартаа халхавч барьж баруун гараар хотын доорхийг зааж хараамуй. Тай Шицы морин дээр нуманд зэв онилж олон жанжин руу харж өгүүлрүүн: “Та миний энэ боолын зүүн гарыг онохыг үзэгтүн!” хэмээн хэлж барахын урьд нумын дуун гартал үнэхээр төв дундыг онож тэр жанжны зүүн гарыг нэвт гараад халхавч хөндлөн модонд хаджээ. Үүнд хотын дээр доорх хүн үзсэн нь эс сайшаасан нь үгүй. Олон хулгай тэр жанжныг тэнхрүүлэн хотоос буулгаж ирсэнд Янь байху ихэд цочиж өгүүлрүүн: “Тэдний цэрэгт энэ мэт хүн байхад яахин эсэргүүцэж чадмуй” хэмээгээд даруй зохицохыг зөвдөлцөв. Дэд өдөр Янь Юйг зарж Сүньцөд золгохоор илгээсэнд Сүньцө Янь Юйг цацарт залж оруулаад дарс уулцан шунасны хойно Янь Юйгээс асууруун: “Эрхмийн ахын санаа ямар болой?”. Янь Юй өгүүлрүүн: “Жанжин лугаа Зяндунгийн газрыг адил хуваасугай хэмээмүй” хэмээсэнд Сүньцө ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Хулгана мэт ард ямар аймшиггүй над лугаа зэрэгцсүгэй хэмээмүй. Янь Юйг гаргаж алагтун!” хэмээсэнд Янь Юй сэлмээ сугалан бостол Сүньцө нисэх мэг цавчсанд гарыг дагаж унав. Толгойг огтлон хүнээр хотын дотор хүргүүлэв. Янь байху дийлэхгүйг мэдээд хотыг гээж буруулав.
Түүнээс Сүньцө цэрэг дэвшин нэхэж Хуангай Зясин хотыг байлдан авч Тай Шицы Үчэн хотыг байлдаж авснаар хэд хэдэн мужийг цөм төвшитгөв. Янь Байху Юй Кангийн зүг буруулахад зам годост иргэний юмыг булаан дээрэмдсэн тул тэр газрын хүн Линцао хэмээгч гацааны хүнийг авч байлдан дарсанд Хуйзигийн зүг буруулан одов.
Линцао эцэг хүү хоёул Сүньцөг угтан золгохоор ирсэнд Сүньцө цэргийг дагах Сяовэй түшмэл болгож хамт цэрэг дагуулан мөрнийг гэтлэн очиход Янь Байху хулгайг хурааж голын баруун оломд жагсааж Чэнпүгийн зүг байлдаад дахин бас ихэд дарагдаж буруулан өдөр шөнөгүй явсаар Хуйзи газарт хүрэв.
Тэндээс Хуйзигийн Тайшоу түшмэл Ванлан цэрэг авч Янь Байхуд тусалсугай хэмээхэд нэг хүн гарч өгүүлрүүн: “Болохгүй! Сүньцө өршөөл журмаар цэрэг хэрэглэмүй. Янь Байху догшин харгис, жанжин харин Янь Байхуг Сүньцөд барьж хүргэвээс зохимуй” хэмээжээ. Ванлан үзвээс Хуйзингийн Юй Яо газрын хүн, овог Юй, нэр Фань, өргөсөн нэр Жунсян, Зюняний түшмэл болой. Ванлан уурлаж зандарчээ. Юйфань уртаар шүүрс алдаад гарч одов. Түүнээс Ванлан даруй цэргээ дагуулан Янь Байху лугаа Шань Енгийн хээрд цэрэг жагсаан хоёр этгээд эсэргүүцсэн хойно Сүньцө гарч Ванланд хэлрүүн: “Би өршөөл журмын цэрэг үүсгэж Жөзян газрыг амаржуулахаар ирэв! Чи юунд хулгайг тусалмуй?”. Ванлан хараан өгүүлрүүн: “Чиний ховдог сэтгэл ханашгүй. Нэгэнтээ Үзюньгийг олбоос барав! Юун хэмээн бас миний хязгаарыг хүчирхэглэн хамтатгахаар ирмүй. Энэ өдөр би тусгайлан Янь овогтод хариу авч өгмүй!”. Сүньцө ихэд хилэгнэн байлдахаар гарсугай хэмээтэл Тай Шицы хэдийнэ гарав. Ванлан морио давхин илдээ далайн ирж Тай Шицы лүгээ байлдаж хэдэн удаа болсонгүй. Ванлангийн жанжин Жоусин гарч туслахад Сүньцөгийн жагсаалаас Хуангай нисэх мэт ирж Жоусинийг угтав. Хоёр этгээдийн хэнгэргийн дуу түрчигнэж харилцан зууралдан атал гэнэт Ванлангийн жагсаалын хойно самуураад нэгэн багийн цэрэг алан ирсэнд Ванлан ихэд цочин даруй эгэж угтан байлдахаар очив. Үзвээс Жоу Юй, Чэнпү цэрэг дагуулан хөшиж ирээд өмнө хойноос хавчин байлдсанд Ванлангийн цэрэг цөөн тул олонд тэсэхгүй Янь Байху, Жоусинь лүгээ нэгэн цусан зам гаргаж хотын дотор ороод гүүрийг өлгөж хотын хаалгыг дарав. Сүньцөгийн цэрэг мөн хүчинд хотын дор хүртэл нэхээд олон цэргийг хувааж дөрвөн хаалгыг байлдав. Ванлан хот дотор аж. Сүньцөгийн хотыг байлдах нь маш цухал тул “Дахин гарч үхэлдэн байлдсугай!” хэмээсэнд Янь Байху өгүүлрүүн: “Сүньцөгийн цэргийн хүч маш их тул эрхэм чи гүн суваг өндөр далан цогцолж битгий гарагтун. Ийм болбоос тэр нэгэн сар болохгүй амуу тасраад аяндаа цэргээ татмуй. Тэр үест даран албаас байлдахгүйгээр эвдмүй” хэмээсэнд Ванлан үгийг авч Хуйзи хотыг бэхлэн сахиж гарч ирэхгүй болов. Сүньцө залгаа хэдэн өдөр байлдавч гавьяа бүтэхгүй тул олон жанжин нар лугаа зөвлөхөд Сүньзин өгүүлрүүн: “Ванлан хотыг бэхлэн сахисанд даруйд эвдэхүйеэ бэрх Хуйзигийн цалин амуугийн их хагас цөм Чадү газарт буй. Тэр газар эндээс хэдэн арван газрын төдий тул цэргээр түүнийг урагш эзлэхэд хүрэхгүй. Энэ түүний бэлтгэлгүйг байлдаж санаандгүйгээр гармуй хэмээсэнчлэн болой” гэхэд Сүньцө ихэд баярлаж өгүүлрүүн: “Авгын уран арга лав хулгайг эвдэлмүй” хэмээгээд даруй цааз зарлаж хаалга бүрт гал тавин хуурмагаар туг далбаа босгож сэжиглэлийн цэрэг болгоод шөнө дөл хаасныг тайлаад өмнөш одов. Жоу Юй дэвшиж өгүүлрүүн: “Эзэн гүнгийн их цэрэг хөдөлбөөс Ванлан лав хот гарч нэхэхээр ирмүй. Үүнийг нууц цэргээр дийлж болмуй”. Сүньцө өгүүлрүүн: “Би нэгэнт бэлтгэв. Хотыг авах нь мөн шөнөд буй” хэмээгээд даруй цэрэг морийг авч явав.
Тэндээс Ванлан “Сүньцө цэрэг морийг татав” хэмээн сонсоод биеэр олон хүнийг дагуулан хотын асарт гарч анхаарваас хотын дор гал утаа тунарч туг хиур нэг ч улих солих үгүйд дотроо сэжиглэн атал Жоусинь өгүүлрүүн: “Сүньцө нэгэнт явжээ. Тухайлан энэ аргыг хэрэглэж манийг сэжиглүүлэх нь болой. Цэрэг гарган сундалбаас зохимуй” хэмээсэнд Янь Байху өгүүлрүүн: “Сүньцөгийн энэ очсон нь харин чадүг авахаар одсон болов уу! Би цэрэг дагуулан Жоу жанжин лугаа нэхсүгэй” хэмээсэнд Ванлан өгүүлрүүн: “Чаду хэмээгч миний амуу хураасан газар тул сэргийлэх хэрэгтэй. Чи урьдаар цэрэг дагуулан оч. Би хойноос өмгөөлөхөөр очсугай!” хэмээв. Тэндээс Янь Байху Жоусинь лүгээ таван мянган цэрэг дагуулан хотоос гарч нэхээд анх жингийн үес хотоос хорин газрын эцэс хүртэл гэнэт балар шугуйн дотроос хэнгэргийн дуу нэгэнтээ гармагц галын гэрэл гэв гэгээн болсон тул Янь Байху ихэд цочин морио татаж буруулахуйяа нэгэн жанжин урагш гарч ирээд замыг тосов. Галын гэрэлд үзвээс харин Сүньцө болой. Жоусинь илд далайн угтан ирэхэд Сүньцө нэгэнтээ жадалмагц мориноос унагав. Өөр олон цөм дагажээ. Янь Байху нэгэн цусан зам гаргаж Юйкангийн зүг очив. Ванлан өмнөд цэрэг нэгэнт дарагдсаныг сонсожз хотын дотор айж орох үгүй харьяат олныг авч Хай Юйд оргон явав. Сүньцө дахин эгэж их цэрэг мөн хүчинд хотыг аваад олон иргэнийг тохинуулан амаржуулсан хойно нэг өдөр өнгөрсөнгүй нэгэн хүн Янь Байхугийн толгойг авч ирээд Сүньцөгийн цэргийн өмнө өргөв. Сүньцө тэр хүнийг үзвээс биеийн өндөр найман тохой, царай дөрвөлжин, ам өргөн түүний овог нэрийг асууваас харин Хуйзигийн Юй Яо газрын хүн, овог Дун, нэр Си, өргөсөн нэр Юаньдай хэмээмүй. Сүньцө баярлаж Биэбү Сыма түшмэл болгов. Үүнээс зүүн зам цөм төвшин болсон тул авга Сүньзингээр сахиулав. Жужю Үзюнь хошууны Тайшоу түшмэл болгож цэрэг хураан Зяндунд эгэв.
Тэндээс Сүньцуань, Жоутай лугаа Сюаньчэн хотыг сахиж байтал гэнэт уулын хулгай дөрвөн этгээдээс хулган ирэв. Тэр үес гүн шөнө тул эсэргүүцэж завдахгүй Жоутай Сүньцуанийг моринд тэврэн унуултал хэдэн арван хулгай илд барьж цавчин ирэхэд Жоутай нүцгэн бие явганаар илд барьж байлдаад арав илүү хулгайг цавчиж унагаав. Хойноос бас нэгэн хулгай морь сэлгэн жад барьж Жоутайг жадлан ирсэнд Жоутай жадыг атган татаж мориноос унагаагаад түүний морь жадыг булаан авч байлдсаар нэгэн цусан зам гаргаж Сүньцуанийг тэнхрүүлэн гаргав. Өөр хулгай цөм хол оргожээ. Жоутайгийн биед арван хоёр жадны шарх олсон тул шарх хагарч амь нь агшин зуур болов. Сүньцө сонсоод ихэд айн цочиж байхад цацрын доороос дунси өгүүлрүүн: “Би урьд далайн хулгай лугаа байлдаж биед хэдэн жадын шарх олсныг Хуйзигийн нэгэн Зюаний мэргэн түшмэл Юйфань хэмээгч нэгэн эмч залж өгсөнд хагас сар засаад даруй сайн болсон бөлгөө”. Сүньцө өгүүлрүүн: “Юйфань хэмээгч Юй Жунсян бусуу?”. Дунси өгүүлрүүн: “Мөн болой” хэмээсэнд Сүньцө өгүүлрүүн: “Мэргэн эрдэмтэн бөлгөө, би хэрэглэсүгэй!” хэмээгээд даруй Жанжао, Дунси лүгээ хамт Юйфанийг залахаар илгээв. Юйфань ирсэнд ихэд дотнолж Гүнцао түшмэл болгоод жич эмч залах санааг хэлсэнд Юйфань өгүүлрүүн: “Энэ Пэйгуогийн Цяозюнь газрын хүн, овог Хуа, нэр Туо, өргөсөн нэр Юаньхуа үнэхээр өнөө цагийн сахиусан эмч болой. дагуулан ирж учруулсугай!” хэмээв. Нэгэн өдөр болсонгүй дагуулан ирсэн тул Сүньцө тэр хүнийг үзвээс тогорууны үс мэт цайсан гэвч царайны өнгө бага хүүхдийн адил хөвхийж орчлонгоос гарсан байдалтай дээд зочны ёсоор хүндэтгээд Жоутайгийн шархыг үзүүлбээс Хуатуо өгүүлрүүн: “Энэ хялбар хэрэг” хэмээгээд эм түрхэж нэгэн сарын хооронд илаар болов. Сүньцө ихэд баярлан Хуатуод тал өгөв. Даруй цэрэг дэвшиж уулын хулгайг алан арилгаж мөрний өмнөх орон цөм төвшин болжээ. Сүньцө жанжин цэргийг хуваан газар газрын хавцал амыг сахиулж нэгэнтээгүүр илтгэл бичээд хаанд айлтгаад нэгэнтээгүүр Цаоцао лугаа ханилан явалцаж нэгэнтээгүүр Юаньшуд бичиг илгээн хас тамгыг авахаар илгээв.
Тэндээс Юаньшу хаан суух санаатай тул хариу бичиг өгч түлхлэн хэлж эгүүлэн өгсөнгүй. Даруй Жанши түшмэл Ян Дазян, Дүдү түшмэл Жансюнь, Зилан, Цяорүй дээд жанжин Лэйбо, Чэньлань зэрэг гуч илүү хүнийг цуглуулан зөвлөж өгүүлрүүн: “Сүньцө надаас цэрэг гуйж байлдан явсаар энэ өдөр Зяннань газрыг цөм олсон атал хариулахыг бодохгүй гэдрэг тамгаа нэхүүлэхээр илгээсэн нь үнэнч ёсгүй. Үүнийг ямар аргаар бодолхийлбээс зохимуй” хэмээсэнд Жанши түшмэл Ян Дазян өгүүлрүүн: “Сүньцө Хөх мөрний бэрхийг эзлэн цэрэг хурц, амуу элбэг тул аргалж болохгүй. Эдүгээ урагш Любэйг байлдаж урьд өдрийн учир бусаар байлдахаар ирсэн өшөөг хариулсан хойно Сүньцөг бодолхийлэхэд удахгүй. Би нэгэн арга өргөвөөс Любэй даруй баригдмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Зяндүн газарт эчиж барс ирвэсийг бодолхийлэхгүй
Сюйжоу балгасанд ирж Гүнбара матар луутай байлдмуй”
Эгнэгт тэр ямар арга хэлж гаргахыг доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )