"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-16 ДУГААР БҮЛЭГ
ЛЮЙБҮ ХҮРЭЭНИЙ ХААЛГАНД САРТ ЖАДЫГ ХАРВАСАН ЦАО МӨНДӨ ЮЙШҮЙ УСАНД ЦЭРЭГ ДАРАГДСАН
Өгүүлэх нь: Ян Дазян арга өргөж Любэйг байлдсугай хэмээсэнд Юаньшу өгүүлрүүн: “Ямар аргыг түргэн хэлэгтүн?” хэмээсэнд Ян Дазян өгүүлрүүн: “Эдүгээ Любэйгийн цэрэг Сяопэйд буй. Хэдий авахад хялбар боловч Люйбү барс мэт Сюйжоуд сууж амуй. Урьд удаа алт торго, амуу морь өгсүгэй хэмээгээд өдий болтол өгөөгүй тул түүний Любэйд туслахаас аймуй. Эдүгээ хүн зарж амуу хүргүүлэн түүний сэтгэлийг хангаж түүгээр цэрэг хөдөлгөхгүй болговоос Любэйг барьж болно. Урьд Любэйг бариад хойно Люйбүг хичээвээс Сюйжоуг олох болой” хэмээсэнд Юаньшу баярлан даруй амуу хорин түмэн суулгыг бэлтгэж Хань Еньд нууц бичиг бариулан Люйбүд золгохоор илгээсэнд Люйбү ихэд баярлан Хань Енийг хүндэтгэн хүндлэв. Хань Ень хойш эгэж Юаньшуд хэлсэнд Юаньшу даруй Зилинг их жанжин болгон Лэйбө, Чэньлань нарыг хавсрах жанжин болгож хэдэн түмэн цэрэг дагуулан Сяопэйг байлдахаар илгээв. Сюаньдө энэ чимээг сонсоод олныг цуглуулж зөвлөхөд Жанфэй гарч байлдсугай хэмээв. Сүнцянь өгүүлрүүн: “Эдүгээ Сяопэйд цэрэг бага, амуу цөөн тул яахан дайсныг тулж чадмуй? даруй бичиг үйлдэж цухалдсаныг Люйбүд хэлэхээр одсугай!” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Тэр амьтан юуны эрмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Сүнцяньгийн үг мөн болой” хэмээгээд даруй бичиг бичиж Люйбүд хүргэв. Бичгийн их бараг нь:
“Мэхийн хянаваас жанжин өршөөн санаж намайг Сяопэйд бие багтаан суулгасан нь үнэхээр үүл тэнгэрийн мэт эрдэм бөгөөд хишигт мөргөж барахгүй. Эдүгээ Юаньшу “Хариу авсугай!” хэмээн Зилинг зарж цэрэг авч миний суманд хүрч ирсэн тул мөхөх нь өглөө үдшийн хувьд болжээ. Жанжнаас бусад тэнхрүүлэн чадахгүй. Олдохул нэгэн салааны цэрэг илгээж уруу өлгөгдсөн зовлонг тэнхрүүлбээс түмэн завшаан болой!” хэмээжээ. Люйбү бичгийг үзээд Чэньгүн лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Урьд Юаньшу амуу бичиг хүргэж ирсэн нь намайг Сюаньдөд “Үл тусла!” хэмээсэн нь болой. Эдүгээ Сюаньдө бас тэнхрүүл хэмээн иржээ. Би санахад Сюаньдө Сяопэй гацаанд цэрэг буусанд яавч даруй намайг хорлож чадахааргүй. Хэрвээ Юаньшу Сюаньдөг залгин хамтатгаваас умард Тайшань уулын олон жанжингууд лугаа нийлж намайг дайлахаар ирэхэд би мөн санаа амар суун чадахгүй болой. Харин Сюаньдөд туслахаар одоход хүрэхгүй” хэмээгээд цэргээ шалгаж мордов.
Тэндээс Зилин цэрэг авч их сүр хүчтэйгээр хүрч ирээд Сяопэй гацааны зүүн өмнөдөд хүрээн буув. Өдөр болбоос жагсаасан туг хиур уул голыг халхлан гялбалзуулж шөнө болбоос тавьсан хэнгэрэг зул тэнгэр газрыг түрхрэн гэрэлтүүлмүй. Сюаньдөгийн гацаанд гагц таван мянга илүү хүн буй боловч хатуужин хотоос гарч жагсаал жагсаан хүрээ байгуулав. Гэнэт харуулын хүн мэдүүлрүүн: “Люйбү цэрэг авч гацаанаас нэгэн газар хол баруун өмнөд хүрээ байгуулжээ” хэмээжээ. Зилин Люйбү цэрэг авч Любэйд туслахаар ирснийг мэдээд яаран хүн зарж Люйбүд бичиг хүргүүлж Люйбүг батгүй хэмээн буруушаав. Люйбү инээн өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Юань, Лю хоёр гэрийг цөм надад хорсгохгүй” хэмээгээд хүн зарж Зилин, Любэйгийн хүрээнд илгээж “Хоёулыг залж хуримласугай!” хэмээв. Сюаньдө Люйбүгийн залсныг сонсож очсугай хэмээхэд Гуань, Жан өгүүлрүүн: “Ах одож болохгүй. Люйбүд эрхгүй өөр сэтгэл буй”. Сюаньдө өгүүлрүүн: “Би түүнийг нимгэн авч явсангүй тул тэр намайг лав хөнөөхгүй болой” хэмээн хэлээд даруй морь унаж мордоход Гуань, Жан мөн дагаж одов. Люйбүгийн хүрээнд хүрээд орж золговоос Люйбү өгүүлрүүн: “Би эдүгээ тусгайлан чиний зовлонг тайлж өгсүгэй. Хойч өдөр зорилтыг олбоос битгий умартагтун!” хэмээсэнд Любэй ёслон тал өгөв. Люйбү Сюаньдөг залж суулгасан хойно Гуань, Жан сэлмээ барьж арын хойно зогсов. Хүн ирж хэлрүүн: “Зилин хүрч ирэв!” хэмээхүйд Сюаньдө ихэд цочиж зайлсугай хэмээхэд Люйбү өгүүлрүүн: “Би тусгайлан танай хоёулыг залж ирүүлээд хэлэлцсүгэй хэмээсэн тул битгий сэжиглэгтүн!”. Сюаньдө тэр ухааныг ухахгүйн учир сэтгэл амаргүй байхад Зилин мориноос бууж хүрээнд орсон хойно Сюаньдөгийн цацарт сууж байхыг үзээд ихэд цочин даруй эгэж гарсанд зүүн баруун этгээдийн ард зогсоож чадахгүй тул Люйбү урагш дэвшиж нэгэн атгаар татан эгүүлсэн нь нялх хүүхдийг барьсан адил. Зилин өгүүлрүүн: “Жанжин Зилинг алсугай хэмээх буюу?” гэв.Люйбү өгүүлрүүн: “Тийм бус”. Зилин өгүүлрүүн:“Тийм болбоос их чихтийг алмуй уу”. Люйбү өгүүлрүүн: “Бас бус”. Зилин өгүүлрүүн: “Тийм болбоос яасугай?” хэмээв. Люйбү өгүүлрүүн: “Сюаньдө Люйбү лүгээ ах дүү болой. Эдүгээ жанжинд хаагдсан тул тэнхрүүлэхээр ирэв”. Зилин өгүүлрүүн: “Тийм болбоос намайг алах нь болой”. Люйбү өгүүлрүүн: “Тийм ёсон байдаг уу? Люйбү би төрөлхөөс байлдахад дургүй. Гагц байлдахыг тайлахад бахтай тул өнөө хоёр гэрийн төлөө тайлан өгсүгэй!”. Зилин өгүүлрүүн: “Энэ өдрийн тайлах аргыг асуусугай?”. Люйбү өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Тэнгэрийн таслахыг дагамуй” хэмээгээд Зилинг цацарт татан орж Сюаньдө лүгээ золгуулсанд хоёул цөм зүрх түгшилцэв. Түүнээс Люйбү дунд нь сууж Зилинг зүүн этгээдэд, Любэйг баруун этгээдэд суулгасан хойно Люйбү цөм хурим базааж дарс хүргэлгэн хэдэн зэрэг тойрон уусанд Люйбү өгүүлрүүн: “Та хоёул миний нүүрийг харж цөм цэргээ зогсоогтун!”. Сюаньдө дуу үгүй. Зилин өгүүлрүүн: “Би эзэнгүнгийн зарлигийг хүлээн, арван түмэн цэрэг авч тусгайлан Любэйг барихаар ирсэн тул яахан зогсоож болмуй?” хэмээсэнд Жанфэй илдээ сугалан гаргаа бариад зандран өгүүлрүүн: “манай цэрэг
хэдий цөөн боловч танай зэргийн амьтдыг бага хүүхдийн наадам мэт үзмүй! Чамайг зуун түмэн шар алчууртан хулгайд адилтгаваас юу болох билээ? Чи ямар аймшиггүй миний ахыг доромжилмуй!”. Гуань гүн яаран хориглож өгүүлрүүн: “Түр Люйбү жанжны ямар санаатайг үзээд тэр үес өөр өөрийн хүрээндээ эгсэн хойно байлдалцахад удахгүй болой”. Люйбү өгүүлрүүн: “Би танай хоёулын байлдахыг тайлбаас таныг алалдуулахгүй бөлгөө”. Эндээд зилин тачаадан тэртээд Жанфэй байлдсугай хэмээхэд Люйбү ихэд хилэн төрж зүүн баруун этгээдийн ардаар сарт жадыг авч ирүүлэн гартаа барьсанд зилин, сюаньдө цөм царай хувилав. Люйбү өгүүлрүүн: “Би таныг хориглоё. Танай хоёр гэр байлдах хэрэггүй. Тэнгэрээс таслан өгөхийг хүлээсүгэй!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардад өгүүлж сарт жадыг хүрээний хаалганы гадна хол хатгуулж ирсэн хойно Зилин Сюаньдөгийн зүг хандаж хэлрүүн: “Хүрээний хаалга эндээс нэг зуун тавин алхам буй. Би нэгэн зэвээр сарт жадын нэгэн бага салааг харван оногдуулбал танай хоёр гэр цэрэг зогсогтун! Хэрвээ онохгүй бол та өөр өөрийн хүрээндээ эгэж байлдахад бэлтгэтүгэй! Миний үгийг дагахгүй хүн байваас би хүч нийлж мөчөөрхмүй” хэмээсэнд Зилин сэмээр санаруун: “Сарт жад нэг зуун тавин алхмын гадна өжы тул юун хэмээн даруйд ономуй. Түр хүлээн аваад гэр онохгүй цагт би санаагаар алалдсугай!” хэмээгээд ам алджээ. Любэй яахан эс хүлээх хэрэг үгүй. Люйбү цөм суулгаж бас нэжгээд хундага уулцсаны дараа Люйбү “Нум сум авч ир!” хэмээсэнд Любэй гагц оносугай хэмээн залбиран атал Люйбү дээлийн ханцуйг шуудаглаж зэв онилон тэлээд их дуугаар “Оногтун!” хэмээн огцруулав. Энэ чухамхүү :
“Нумыг тэлбээс намрын саран тэнгэрт явах мэт
Сум гарваас суунаг од газарт унах мэт”
Тэр сум төвхийтэл сарт жадны бага салаанд оносон тул цацрын дээр доорхи жанжин цэрэг хамтаар сайшаан бархирмуй. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Вэнхоугийн гайхамшигт харвалга ертөнцөд үнэхээр чухаг
Үзэж атал Юань Мэнь хаалганд түгшүүрээс хэлтэрлээ
Нарыг унагасан Хоу Игээс үнэхээр илүү бөгөөд
Самжийг улиулсан Юзигээс мөн ч дийлэнх болой
Барсын шөрмөст хөвчит нумыг тэлэхийн зуур
Бүргэдийн өдтэй сум нисэж хүрэхийн үед
Ирвэсийн сүүлийг сажлуулан хуази жадыг нэвтэлсэнд
Идэрхэг цэрэг арван түм байлдааны хуягийг тайлав”
Түүнээс Люйбү ихэд инээж нумыг газарт цохиод Зилин, Сюаньдөгийн гарыг барьж өгүүлрүүн: “Энэ тэнгэр танай хоёр гэрийг цэрэг зогуулгах болой” хэмээгээд цэргийн ардаар архи нэрүүлж тус бүр нэгэн хундага уув. Сюаньдө сэмээр баярламуй. Зилин нилээд удаад сая Люйбүд өгүүлрүүн: “Жанжны үгнээс ямар аймшиггүй зөрчих билээ? гэвч Зилин ийм маягтай буцахад миний эзэняахан итгэмүй”. Люйбү өгүүлрүүн: “Би бичиг шийтгэж хариу өгсүгэй!” хэмээв. Бас хэдэн хундага уусны хойно Зилин бичгийг авч урьд эгэв. Люйбү Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Надаас бус бөгөөс гүнд зовлон болох болой” хэмээсэнд Сюаньдө ёслон тал өгч Гуань, Жан лугаа эгэв. Дэд өдөр гурван газрын цэрэг цөм тархав.
Тэндээс Сюаньдө Сяопэйд одож Люйбү Сюйжоуд эгэхийг өгүүлэх үгүй. Өгүүлэх нь: Зилин Хуайнаньд эгэж Юаньшуд золгоод Люйбүгийн хүрээний хаалганд сарт жад харваж байлдахыг тайлсан учрыг хэлж бичгийг өргөн бариваас Юаньшу ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Люйбү миний төдий чинээ амууг авч харин хүүхдийн наадмаар Любэйд хэлбэргүй тусалмуй уу. Би өөрөө их цэргийг авч Любэйг дайлахаар одож дашрамд Люйбүг байлдсугай!” хэмээхэд Зилин өгүүлрүүн: “Эзэн гүн түргэлбээс болохгүй. Люйбү баатар хүчин хэтийдсэн бөгөөд Сюйжоугийн газар буй. Хэрвээ Люйбү Любэй лүгээ толгой сүүл харилцан нийлбээс бодолхийлэхүйеэ хялбар бус. Зилин би сонсвоос Люйбүгийн гэргий Янь овогтоос төрсөн нэгэн охин буй. Нэгэнтээ арван тав наслав хэмээмүй. Эзэн гүнд нэгэн хөвгүүн буй. Хүн зарж Люйбү лүгээ ураг барихаар илгээсүгэй! Хэрвээ Люйбү охиноо эзэн гүнгийн хөвгүүнд буулган өгвөөс эрхгүй Любэйг алж болмуй. Энэ сунжравч “Ургийн хооронд завсардах үгүй арга болой” хэмээсэнд Юаньшу үгийг дагаж даруй Хань Енийг зууч болгон тал бэлгийн юмыг хүргэж Сюйжоуд ураг барьсугай хэмээн зарав. Хань Ень “Сюйжоуд хүрч Люйбүд золгоод: “Эзэн гүн жанжныг амраглаж эрхмийн охиныг хөвгүүндээ бэр болгон авч Цинь, Зинь хоёр улсын адил үүрд ханилсугай133 хэмээмүй” хэмээсэн хойно Люйбү орж гэргий Янь овогт лугаа зовдөлцөв. Угаас Люйбүд хоёр эм нэгэн татвар буй. Урагш авсан нь Янь овогт авааль эм, дараа авсан нь Дяочань татвар эм болой. Жич Сяопэй гацаанд суусанд бас авсан нь Цаобаогийн охин дараа эм болгов. Цао овогт хэдийн үхээд төрсөн үгүй. Дяочань ч хүүхэдгүй бөлгөө. Гагц Янь овогтоос нэгэн охин буй. Люйбү маш хайртай. Тэр шөнө янь овогт Люйбүд өгүүлрүүн: “Ли сонсвоос Юань Гүнлү удтал Хуайнаньд сууж цэрэг арвин цалин үлэмж, эрт орой тэнгэрийн хөвгүүн болно хэмээмүй. Хэрвээ их үйлийг бүтээвээс бидний охин хааны их бага хатан болох эрмэлзэл буй. Ганц түүнд хэдэн хөвгүүн байхыг мэдэхгүй”. Люйбү өгүүлрүүн: “Ганц хөвгүүн болой” хэмээсэнд гэргий өгүүлрүүн: “Ийм болбоос даруй ам алдаж болмуй. Хэдий хатан болохгүй боловч сюйжоуг мөн баталж чадах болой” хэмээсэнд Люйбү даруй санаа тогтож Хань Енийг ихэд хүндлэн ургийн хэргийг ам алдсан хойно Хань Ень эгэж Юаньшуд мэдүүлсэнд Юаньшу даруй бэлгийн юмыг бэлтгэн бас ч Хань Еньгээр Сюйжоуд хүргүүлэв. Люйбү хураан аваад хуримд бэлтгэж хүндлэн өртөө гэрт буулгав.
133 Чуньцю буюу Хавар Намар улсын үед Цинь, Зинь хоёр улсын эзэн нь ямагт харилцан ураг барилдсаар байжээ. Хожим нь залгаагаар ураг барилдахыг Цинь, Зинь улсын адил үүрд ханилмуй гэдэг болжээ.
Тэндээс дэд өдөр Чэньгүн өртөө гэрт Хань Еньд золгохоор очоод ёслон суусан хойно зүүн баруун этгээдийн ардыг зандран гаргаж Хань Еньгийн зүг өгүүлрүүв: “Хэн энэ аргыг өргөсөн буй? Юань Гүнлүг, Фэнсянь134 лүгээ ураг барилдуулсан нь Любэйгийн толгойг авсугай хэмээх санаа юу?”. Ханъ Ень ихэд цочин даруй босож тал өгөн өгүүлрүүн: “Гуйх нь Гүнтай135 битгий задруул”. Чэньгүн өгүүлрүүн: “Би задруулах ч үгүй. Гэвч энэ хэргийг удааваас эрхгүй хүнд мэдэгдээд дунд замаас хувилах болов уу хэмээн эмээмүй” Хань Ень өгүүлрүүн: “Тийм болбоос яанам? Гүнгийн сурган өгөхийг хүсмүй”. Чэньгүн өгүүлрүүн: “Би орж Фэнсяньд золгоод түүгээр мөн даруй охиныг хүргүүлэн холбовоос ямар?”. Хань Ень ихэд баярлаж даруй тал өгөн өгүүлрүүн: “Хэрвээ энэ мэт болбоос Юань гүн гэгээн эрдмийг шүтэх нь гүехэн бус болой” хэмээжээ. Чэньгүн даруй Хань Еньгээс салан гараад орж Люйбүд золгож өгүүлрүүн: “Би сонсвоос эзэн гүнгийн охиноо Юань гүнлүгийн хөвгүүнд ам алдав хэмээмүй. Энэ маш сайн. Гагц хэзээ холбохыг мэдэхгүй”. Люйбү өгүүлрүүн: “Алгуураар хэлэлцсүгэй”. Чэньгүн өгүүлрүүн: “Эртэд ураг барих бэлгээ хүлээн авсан өдрөөс холбох хугацаа хүртэл тогтсон хууль буй. Тэнгэрийн хөвгүүн болбоос нэг жил, мужийн эзэн болбоос хагас он, Дайфун болбоос гурван сар, олон иргэн болбоос нэгэн сар бөлгөө”. Люйбү өгүүлрүүн: “Юань гүнлүд тэнгэрээс хүртээсэн эрдэнийн тамга буй тул эрт орой хаан суумуй. Эдүгээ тангэрийн хөвгүүний хуулийг дагаваас зохих буй за”. Чэньгүн өгүүлрүүн: “Болохгүй”. Люйбү өгүүлрүүн: “Тийм болбоос мужийн эздийн хуулийг дагасугай”. Чэньгүн өгүүлрүүн: “Бас ч болохгүй”. Люйбү инээн өгүүлрүүн: “Гүн чи намайг олон иргэний хуулийг дага хэмээмүй”. Чэньгүн өгүүлрүүн: “Бус болой”. Люйбү өгүүлрүүн: “Тийм болбоос чиний санаанд хэрхсүгэй хэмээнэм”. Чэньгүн өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахины олон эзэд харилцан идэрхэгийг тэмцэж байхад өнөө гүн Юань гүн лү лүгээ ураг бариваас мужийн эздүүд хартай сэтгэл төрөх үгүйг батлан чадмуй. Хэрвээ дахин хол хугацааг сонгоод зарим манай сайн өдрийг тохиолдуулан зам гудаст цэрэг бүгүүлэн булаан аваачваас яанам? Эдүгээгийн аргаар ам алдахгүй болбоос байтугай нэгэнт ам алдсаныг мөн мужийн эзэд мэдээгүй үес даруй түргэн охиноо шоучуньд хүргээд өөр гэрт суулгасан хойно сайн өдрийг сонгож нийлүүлбээс түмэнтээгээс нэгнийг алдахгүй бөлгөө”. Люйбү баярлаж өгүүлрүүн: “Гүнтайгийн үг маш зохистой” хэмээгээд даруй орж Янь овогт эмээр мөн шөнөдөө заслагын юмыг төхөөрүүлж эрдэнийн морь үнэрт тэрэг бэлтгэн Сунсянь, Вэйсюй нарыг Хань Ень лүгээ хамт охиноо хүргэхээр зарлаж хөгжим үүсгэн хотын гадна үдэж гаргав.
134 Люйбүгийн өргөсөн нэр
135 Чэньгүнгийн өргөсөн нэр
Тэр цагт Чэнь Юаньлунгийн эцэг Чэньгүй хөгшрөөд гэртээ биеэ тэжээж асанд гэнэт хөгжмийн дууг сонсож зүүн баруун этгээдийн ардаас асуув. Зүүн баруун этгээдийн ард учрыг өчиж хэлсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Энэ “Сунжравч ургийн хооронд завсардах үгүй арга” болой. Сюаньдө тугшүүртэй болов” хэмээгээд даруй биеэ хатуужуулан Люйбүд золгохоор одов. Люйбү өгүүлрүүн: “Дайфу ямар хэрэгт ирэв”. Чэньгүй өгүүлрүүн: “Жанжинг үхэв хэмээн сонсож тусгайлан бэлэвсрэлд золгохоор ирсэн бөлгөө”. Люйбү цочин өгүүлрүүн: “Юунд ийм
үг гаргамуй?”. Чэньгүй өгүүлрүүн: “Урьд Юань Гүнлү гүнд мөнгө, торго хүргэн ирж Сюаньдөг алуулсугай хэмээснийг гүн чи сарт жад харваж тайлан зогсоов. Өнөө гэнэт ураг гуйхаар ирсэн нь цаад санаандаа гүнгийн охиныг данж болгоод мөн даруйдаа ирж Сюаньдөг байлдаж Сяопэйг авмуй. Сяопэй мөхвөөс Сюйжоу түгшүүр болмуй. Нэндээ тэр хэрвээ ирж амуу зээлэх буюу эсвээс цэрэг туслахыг эрсэнд гүн хүлээн авбаас байнгартал захиаг дагах бөгөөд хүн лүгээ өс барилдмуй. Хүлээн авахгүй болбоос ургийг гээж цэргийг үүсгэх үүдийг нээмүй. Өнөө сонсвоос Юаньшу хаан суух санаатай хэмээмүй. Энэ урвах болой. Тэр хэрвээ урваваас гүн чи урвасан хулгайтай ураг элгэн болох тул дэлхий дахинд багтаж болохгүйд хүрэх бус уу?” хэмээсэнд Люйбү ихэд цочиж өгүүлрүүн: “Чэньгүн намайг саатуулав” хэмээгээд яаран Жанляод цэрэг өгч хөөлгөөд гучин газрын гадна гүйцэн хүрч охиноо хойш булаан авч ирэв. Хань Енийг бас хамт барьж ирээд гянданд оруулж буцаасангүй. Юаньшуд хүн зарж “Охины заслага бүрдээгүй тул гүйцсэн хойно даруй өөрөө хүргэж очсугай!” хэмээв. Түүнээс Чэньгүй бас Люйбүд Хань Енийг Сюйдүд хүргүүл хэмээсэнд Люйбү татгалзаж атал гэнэт хүн ирж хэлрүүн: “Сюаньдө Сяопэйд цэрэг цогцлуулан морь худалдан авч буй нь ямар санааг мэдэхгүй”. Люйбү өгүүлрүүн: “Энэ жанжин бологчдын хувийн хэрэг тул юун хэмээн сонирхмуй?” хэмээн хэлж барахын урьд Сунсянь, Вэйсюй хоёр хүрч ирээд Люйбүд өчрүүн: “Бид хоёул гэгээн гүнгийн захиагаар Шаньдунд морь худалдан авахаар очоод сайн морийг гурван зуу илүү худалдан авч хойш эгэж Пэйсянь сумын хязгаарт хүрч ирэхэд хулгайд хагасыг булаагдав. Сураглаваас Любэйгийн дүү Жанфэй хуурмагаар уулын хулгайд хувьсаж морийг булаан аваачив хэмээмүй”. Люйбү сонсоод ихэд хилэн төрж даруй цэрэг дагуулан Сяопэйд Жанфэйг байлдахаар ирэв. Сюаньдө үүнийг сонсож ихэд цочин санд мэнд цэрэг авч гараад тус бүр жагсаал жагсаасан хойно Сюаньдө гарч өгүүлрүүн: “Ах ямар учир цэрэг авч ирэв?”. Люйбү зааж хараан өгүүлрүүн: “Би хүрээний хаалганд сарт жад харваж чиний их зовлонг хэлтрүүлсэн атал чи ямар учирт миний морийг булаамуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй надад морь дутагдсанд хүн зарж дөрвөн зүгээс худалдан авахуулахаар илгээсэн бөлгөө. Ямар аймшиггүй ахын морийг булаамуй”. Люйбү өгүүлрүүн: “Чи Жанфэйг илгээж миний сайн мориноос нэг зуун тавийг булаагаад харин бас түлхэлмүй үү” хэмээсэнд Жанфэй жадаа далайн гарч өгүүлрүүн: “Би чиний сайн морийг булаав. Чи эдүгээ яанам?”. Люйбү харааж өгүүлрүүн: “Дүгрэг нүдэт хулгай чи удаа дараагаар намайг хөнгөлмүй”. Жанфэй өгүүлрүүн: “Би чиний морийг булаахад чи даруй ундууцмуй. Чи миний ахын Сюйжоу хотыг булаасныг юунд хэлэхгүй болой?” хэмээсэнд Люйбү сарт жадаа далайн Жанфэй лугаа байлдахаар ирэв. Жанфэй угтан гарч зуун удаа болтол аль нь ч дийлэх дийлдэхгүй байхад Сюаньдө алдуузай хэмээн яаран харанга цохин цэрэг хураан хотод оров. Люйбү цэргийг хурааж дөрвөн зүгийг хаажээ. Сюаньдө Жанфэйг дуудан авчирч буруушаан өгүүлрүүн: “Чи түүний морийг булаагаад хэрэг гаргажээ. Эдүгээ морь нь хаана буй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Цөм сүмийн хүрээнд буй”. Сюаньдө даруй хүн зарж морийг ёсоор эгүүлэн өгч хоёр этгээд цэрэг хураасугай хэмээн хэлэлцвээс Люйбү “Үгийг дагасугай!” хэмээсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Эдүгээ Любэйг алахгүй болбоос хожим эрхгүй Люйбүд хорлогдмуй” хэмээхэд Люйбү үгэнд орж гуйсныг тогтоосонгүй хотыг байлдах нь нэн түргэн болов. Сюаньдө Мижү, Сүнцянь лүгээ зөвлөхөд Сүнцянь өгүүлрүүн: “Цаоцаогийн занах нь Люйбү болой. Бид хотыг гээж Сюйдүд яваад Цаоцаог эрэн очиж цэрэг гуйн Люйбүг эвдлэхэд хүрэхгүй. Энэ дээд арга болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Хэн урагш энэ хаасныг цуулан гармуй”. Жанфэй өгүүлрүүн: “Бага дүү үхэн байлдахыг хүсмүй”. Сюаньдө Жанфэйг өмнө, Юньчаныг хойно болгож өөрийн бие дундад гэрийн хотлоорыг хамгаалан тэр шөнө гутгаар жингийн үес сарны гэрэлд хойд хаалгыг нээж гараад төвхийтэл Сунсянь, Вэйсюйд уулзсанд Жанфэй байлдан эгүүлэн хааснаас олж гарав. Хойноос Жанляо нэхэн ирснийг Гуань гүн тосон байлдаж эгүүлэв. Люйбү Сюаньдөгийн одсоныг үзээд нэхсэнгүй даруй хотод орж иргэнийг тохинуулан Гаоншүньгээр Сяопэйг сахиулаад өөрийн бие Сюйжоудоо эгэв.
Тэндээс Любэй Сюйдүд хүрээд хотын гадна хүрээ байгуулж урьдаар Сүнцянийг зарж Цаоцаод золгон Люйбүд цухалдагдсанар тусгайлан дагахаар ирэв” хэмээн хэлүүлсэн хойно Цаоцао өгүүлрүүн: “Сюаньдө над лугаа ах дүү болой. Даруй хотод залан оруулж учирсугай!” хэмээв. Дэд өдөр Сюанадө гуань, Жаныг хотын гадна үлдээж Сүнцянь, Мижүг дагуулан орж Цаоцаод золгоход Цаоцао эрхэм зочны ёсоор хүндлэв. Сюаньдө Люйбүгийн явдлыг хэлсэн хойно Цаоцао өгүүлрүүн: “Люйбү журамгүй хүн тул би мэргэн дүү лүгээ хүч нийлж алсугай!” гэхэд Сюаньдө талархан өгүүлэв.
“Цаоцао хуримлаад үдэш болж сая үдэж гаргав” Сюнь Юй орж өгүүлрүүн: “Любэй аруухан баатар болой. Эдүгээ хурдан арга хийхгүй болбоос хожим эрхгүй зовлон болмуй”. Цаоцао өчсөнгүй. Сюнь Юй гарсан хойно Гуозя орж ирсэнд Цаоцао өгүүлрүүн: “Сюнь Юй намайг “Сюаньдөг ал!” хэмээмүй яаваас сайн”. Гуозя өгүүлрүүн: “Болохгүй эзэн гүн журмаар цэрэг байгуулж иргэний учир догшныг арилган үнэнч бат журамд эрдэж, эрдэмтэн мэргэчүүдийг элсэхэд харин ирэхгүй болуузай хэмээн айн бөгөөтөл Сюаньдөгийн угаас аруухан баатар нэр алдаршиж эдүгээ шахамдаад дагахаар ирснийг хэрвээ албаас эрдэмтнийг хөнөөсөн болой. Ийм болбоос дэлхий дахины мэргэн бодлоготой эрдэмтэн сайд сонсвоос сэжиглэл төрөөд хөлийг чөдөрлөж урагшлахгүй болбоос эзэн гүн хэн лүгээ дэлхий дахиныг тогтоох аж. Тэр нэгэн хүний зовлонг арилгасугай хэмээгээд дөрвөн зүгийн эрмэлзлийг хаах бөлгөө. Амгалан түгшүүрийн учрыг хянаваас болохгүй” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан өгүүлрүүн: “Авгайн бодлого төвхийж миний санаанд нийлэв” хэмээгээд дэд өдөр хаанд айлтгаж Любэйг Юйжоугийн эзэн болгов. Чэн Юй ятган өгүүлрүүн: “Любэй эцэст хүний доор явах хүн бус тул эртхэн арилгахад хүрэх үгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Эдүгээ төв хэмээн аруухан баатрыг хэрэглэх цаг тул нэгээхэн хүнийг алж дэлхий дахины сэтгэлийг алдаж эс болмуй. Энэ Гуо Фэнсяо136 над лугаа адил санаатай болой” хэмээгээд Чэн Юйгийн үгийг сонссонгүй цэрэг гурван мянга, амуу түмэн суулга өгч Сюаньдөд Юйжоугийн тушаалыг хүлээлсэн хойно цэрэг дэвшин Сяопэйд бууж уг сарнисан цэргийг элсэн цуглуулаад “Люйбүг байлдагтун!” хэмээн илгээв. Сюаньдө Юйжоуд хүрээд Цаоцао лугаа хэлэлцүүлэхээр хүн зарав.
136 Гуозягийн өргөсөн нэр
Тэндээс Цаоцао сая цэрэг хөдөлж Люйбүг дайлахаар одсугай хэмээн атал гэнэт хүн ирж хэлрүүн: “Жанжи Гуанжугаас цэрэг авч ирээд Нань Яныг байлдахад зэвд оногдож үхэв. Жанжигийн ач Жансю сарнисан цэргийг авч Зясюйг зөвлөлийн сайд болгон Любяо лугаа нийлж Ваньчэн хотод цэрэг буугаад цэрэг байгуулж Сюйдүг халдаж хааныг булаасугай хэмээж амуй” хэмээсэнд Цаоцао ихэд хилэн төрж даруй цэрэг байгуулан дайлахаар одсугай хэмээвэс бас Люйбүгийн Сюйдүд халдахаар ирэхээс эмээн Сюнь Юйгээс асууваас Сюнь Юй өгүүлрүүн: “Энэ хялбар хэрэг болой. Люйбү бодлогогүй амьтан ашгийг үзвээс эрхгүй баярламуй гэгээн гүн Сюйжоуд хүн зарж зэрэг нэмж шан хүртээгээд Сюаньдө лүгээ зохиц хэмээвээс Люйбү баярлаад холыг бодохгүй болмуй” хэмээсэнд Цаоцао “Сайн!” хэмээгээд даруй Фэнзюнь Дү Вэй түшмэл Ванзод Гаомин өргөмжлөл хийгээд зохицуулах бичигтэй бариулж Сюйжоуд илгээсэн хойно нэгэнтээгүүр арван таван түмэн цэрэг байгуулж биеэр Жансюг дайлахаар очиход цэргийг гурван замаар хувааж оров. Ся Хоудүнийг гавшгай болгож цэрэг морь Юйшүй усанд хүрч хүрээ буув. Зясюй Жансюг хориглож өгүүлрүүн: “Цаоцаогийн цэргийн хүч их тул байлдаж болохгүй! дагахад эс хүрмүй” хэмээсэнд Жансю үгийг авч Зясюйг зарж Цаоцаод нэвтрүүлэхэд Цаоцао Зясюйгийн өчиж хэлэх нь ус урсах мэт тул ихэд хайрлан зөвлөлийн сайд болгож хэрэглэсүгэй хэмээхэд Зясюй өгүүлрүүн: “Би урьд Лизюэг дагаж дэлхий дахинд ял олсны дээр эдүгээ Жансюг дагаж үгийг сонсон аргыг авахын учир гээж очиход төвдөхгүй!” хэмээн маргаж одов.
Дэд өдөр Жансюг дагуулан ирж Цаоцаод золгуулсанд Цаоцао ихэд хүндэлж цэргийг авч Ваньчэн хотод орж буужээ. Үлдсэн цэрэг хотын гадна хүрээ байгуулсан нь арван хэдэн газар залгалдмуй. Хэдэн өдөр суусанд Жансю хурим бэлтгэж Цаоцао лугаа хуримлах бөлгөө. Түүнээс нэгэн өдөр цаоцао согтож унтах гэрт орсон хойно зүүн баруун этгээдийн ардаас сэмээр асууж өгүүлрүүн: “Энэ хотын дотор дууч эхнэр буй буюу?”. Цаоцаогийн ахын хөвгүүн Цао Аньминь Цаоцаогийн санааг ухаж мэдээд урагш давшиж өгүүлрүүн: “Бага ач өчигдөр үдэш гэтэлхийлбээс өртөө гэрийн хажууд нэгэн эхнэр буй. Төрсөн нь гоо сайхан асууваас Жансюгийн авга Жанжигийн эм хэмээмүй”. Цаоцао сонсоод даруй Цао Аньминьд хуягт цэрэг тавин хүн өгч авахаар илгээв. Агшин зуур цэргийн хүрээнд авч ирсэнд Цаоцао үзвээс үнэхээр сайхан эхнэр болой. Овгийг асууваас эхнэр өчрүүн: “Эхнэр би Жанжигийн гэргий Зоу овогт болой”. Цаоцао өгүүлрүүн: “Хатагтай намайг танимуй уу?” Зоуси өгүүлрүүн: “Чансангийн сүрт алдрыг хэдийнээ сонсов. Завшаанд энэ үдэш олж золгов”. Цаоцао өгүүлрүүн: “Би хатагтайн учраар онцгой Жансюгийн дагахыг тогтсон бөлгөө. Бус болбоос гэрийн хотлоорыг хүйс тэмтэрмүй”. Зоуси сөгдөж өгүүлрүүн: “Үнэхээр дахин төрүүлсэн хишигт мөргөмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ өдөр хатагтайд олж золгосон нь тэнгэрийн хишиг болой. Мөн шөнө хамт хэвтэхийг хүсмүй. Намайг дагаж Сюйдү балгасанд очиж амгалангаар баян эрхмийг эдэлбээс ямар?” хэмээсэнд Зоуси тал өгч тэр шөнө хамт цацарт хонов. Зоуси өгүүлрүүн: “Хотын дотор удаан байваас Жансю эрхгүй сэжиглэх бөгөөд хүний шүүмжлэн хэлэлцэхээс эмээмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Маргааш хатагтай лугаа цэргийн хүрээнд одож суусугай” хэмээв. Дэд өдөр хотын гадна нүүгээд Дяньвэйгээр дотоод цэргийн хүрээний гадна хоногийг хамгаалаад өөр хүнийг дуудахгүй бол орж болохгүй” хэмээв. Иймийн тул дотор гадар нэвтрэхгүй болов. Цаоцао өдөр бүр Зоуси лүгээ цэнгэлдэн эгэхийг санахгүй болжээ.
Тэндээс Жансюгийн гэрийн хүн хулган мэдүүлсэнд Жансю хилэн төрж “Намайг өнгөрүү гутаав” хэмээгээд даруй Зясюйг дуудаж зөвдөлцөхөд Зясюй өгүүлрүүн: “Энэ үйлийг сэрэгдүүлбээс болохгүй. Маргааш Цаоцао Цацарт гарч хэрэг хэлэлцэхэд ийм тиймээр болтугай!” хэмээсэнд дэд өдөр Цаоцао гарч Цацарт суусан хойно Жансю орж өгүүлрүүн: “Шинэ дагасан цэргийн дотор олонтоо оргогсод буй. Дотоод хүрээнд нүүлгэхийг гуймуй” хэмээсэн хойно Цаоцао дутаав. Жансю нүүлгэсэн цэргийг дөрвөн хүрээ болгон суулгаж тухайд хэрэг үүдтүгэй хэмээсэн боловч Дяньвэйгийн эрэлхэг баатарт түргэвчлэн ойртохуйяа бэрх тул харьяат жанжин Хучир лугаа зөвдөлцөв. Тэр Хучир нь таван зуун жингийн юмыг үүрэх хүчтэй бөгөөд нэг өдөрт долоон зуун газар явмуй. Бас ч сонин хүмүүн ажгуу. Тухайд арга өргөн өгүүлрүүн: “Дяньвэйгийн аюултай нь хос төмөр жад болой. Эзэн гүн маргааш түүнийг залж авчраад дарс уулгаж согтоон эгүүлбээс тэр үес би тэдний дагаж ирсэн цэргийн дотор хутган очиж цацарт сэмээр ороод түүний жадыг хулгайлж авчирваас энэ хүнээс айх хэрэггүй болмуй” хэмээсэнд Жансю ихэд баярлан урьд нум, зэв, хуяг, зэвсгийг бэлтгэ хэмээн олон хүрээнд зарлав. Хугацаанд Зясюйгээр санааг хэлж Дяньвэйг залан авчирч ихэд хүндлэн, шаардан уулгасаар үдэш согтсон хойно хүрээнд эгэхэд Хучил олны ангид хутган орж шууд их хүрээнд эчив. Тэр шөнө Цаоцао Зоуси лугаа дарс ууж байхад гэнэт цацрын гадна хүн хэлэлцэх морь янцгаах дуу сонсогджээ. Цаоцао үзүүлэхээр илгээвээс хүн хойш ирж хэлрүүн: “Жансюгийн цэргийн шөнийн манах дуу” хэмээсэнд Цаоцао сэжиглэсэнгүй. Тэр үес хоёр жингийн үе болой. Гэнэт хүрээний хойно хашхирах дуу сонстон хүн мэдүүлрүүн: “Өвсөн тэргэнд гал манджээ” гэхэд Цаоцао өгүүлрүүн: “Цэргийн хүн сэргийлсэнгүй тул гал алдсан буй за! Битгий үймэгтүн!” хэмээв. Агшин зуур дорвөн зүгт цөм гал мандсанд Цаоцао сая яаран даруй Дяньвэйг дуудваас Дяньвэй согтон хэвтжээ. Дяньвэй зүүдэндээ хэнгэрэг цан, хашхиралцах дууг сонсож даруй дэвхлэн босоод хоёр жадыг эрвээс олдохгүй.Тэр үед дайсны цэрэг нэгэнт хүрээний хаалганд хүрч ирэв. Дяньвэй яаран цэргийн хүний зүүсэн илдийг сугалан авч үзвээс хаалганы дэргэд тоолбоос барахгүй цэрэг морь цөм урт жад барьж хүрээний хаалгыг булаан иржээ. Дяньвэй шаламгайлан урагш давшиж хорь илүү хүнийг цавчин алсанд морьт цэрэг баахан эгсэн атал явган цэрэг бас хүрч ирээд хоёр этгээдийн жад хулсан шугуй адил. Дяньвэйгийн биед хуяггүй тул дээр доор хэдэн арван газар жадлагдавч мохошгүй үхэн байлдсаар илд цөм эмтрээд хэрэглэж болохгүйд илдийг гээж хоёр гартаа хоёр цэргийн хүнийг барьж сэжлэн цохиж найм есөн хүнийг унагаав. Олон цэрэг эмээн ойр халдахаар ирэхгүй холоос цацлан харвамуй. Зэв бороо орох мэт ирэвч Дяньвэй басхүү хүрээний хаалганд эсэргүүцэж зүтгэн байлдан атал хүрээний хойноос хулгайн цэрэг орж ирээд арын хойноос жадлахад Дяньвэй өндөр дуугаар гэнэт дуудаж цус газар дүүртэл урсаж үхэв. Үхээд хэдий удтал бас өмнөд хаалгаар орох хүн нэг ч үгүй бөлгөө.
Тэндээс Цаоцао Дяньвэйгийн өмнө хаалгыг тосож байлдсанд эрдэж хүрээний хойдоор орж гараад морио унаж буруулахад гагц Цао Аньминь явган дагамуй. Цаоцаогийн баруун мөр нэгэн зэвд оногдоод морь бас гурван шарх олов. Тэр морь харин Да Юань137 газрын сайн морь тул тэсвэртэй бөгөөд түргэн. Сая Юйшүй голын хөвөөнд хүртэл хулгайн цэрэг нэхэн ирж Цао Аньминийг цавчиж шавар мэт болгов. Цаоцао яаран морийг ташуурдаж голыг гэтлэн хөвөөд гарахуйяа нэгэн зэв ирж морины нүдийг оносонд тэр морь газарт хэвтэв. Цаоцаогийн ахмад хөвгүүн Цао Ань унасан морио барьсанд Цаоцао сая морийг унатал Цао Ань самуун зэвд оногдон үхжээ. Үүнд Цаоцао сая дутаан гарсан ажгуу. Замд олон жанжнуудад золгож сарнисан цэргийг цуглуулав. Тэр үес Ся Хоудүньгийн харьяат Цинжоугийн цэрэг мөн дашрамд хөдөө айлд орж иргэний юмыг булаахад Пинлүгийн Сяо Юй түшмэл Юйзинь өөрийн харьяат цэргээ авч зам гудаст самуун цэргийг тосож алаад иргэнийг амар болгов. Цинжоугийн цэрэг хойш буруулаад Цаоцаог угтаж сөгдөн уйлж хэлрүүн: “Юйзинь урваж манай Цинжоугийн цэргийг нэхэж алав” хэмээхэд Цаоцао ихэд цочив. Агшинд Ся Хоудүнь, Сюйчу, Лидянь, Юэзинь нар хүрч ирсэнд Цаоцао Юйзиньгийн урвасныг хэлж цэргийг засан угт хэмээв. Тэндээс Юйзинь Цаоцао нар цөм хүрч ирснийг мэдээд цэргийг жагсаан суваг ухаж хүрээ байгуулахад зарим нь хэлрүүн: “Цинжоугийн цэрэг жанжинг урвав хэмээн хэлэлцмүй. Эдүгээ Яансан ирсэн тул юунд тайлж хэлэлцэхгүй харин хүрээ байгуулахыг урьдалмуй?”. Юйзинь өгүүлрүүн: “Эдүгээ хулгайн нэхэх цэрэг хойно буй тул удахгүй хүрч ирэх болно. Урьдаар бэлтгэхгүй болбоос дайсныг яаж тулмуй? Тайлан хэлэх нь бага хэрэг дайсныг эгүүлэх нь их үйл” хэмээгээд хүрээ байгуулж сая бартал Жансюгийн цэрэг хоёр замаар хүрч ирэв. Юйзинь өөрийн бие урьд хүрээнээс гарч байлдахад Жансюгийн цэрэг яаран эгжээ. Зүүн баруун этгээдийн жанжингууд Юйзиньгийн урагшилсныг үзээд өөр өөрийн цэрэг авч хүчлэн байлдсанаар Жансюгийн цэргийг ихэд дарж зуун газар илүү хөөн алсанд Жансю хүч мохож дарагдсан цэргээ авч Любяог эрэхээр одов. Цаоцао цэргийг хурааж жанжин нарыг дуудахад Юйзинь орж золгоод Цинжоугийн цэрэг дураар булаан дээрэмлэж иргэний сэтгэлийг алдав. Тийнхүү би алсан болой” хэмээжээ. Цаоцао өгүүлрүүн: “Надад хэлэхгүй урьд хүрээ байгуулсан нь ямар учир” хэмээсэнд Юйзинь урьдын үгээр өчсөнд Цаоцао өгүүлрүүн: “Жанжин самуун яарлын дотроос цэргийг засаж бэх далан цогцлоон, муутгахыг хүлцэн зүдүүд тэсэж, дарагдсаныг гэдрэг ялгуусан нь хэдий эртний нэрт жанжин боловч яаж үүнд хүрэх буй” хэмээгээд алтны сав нэгэн хос өгч Ишоу Тинхоу хэргэм өргөмжлөөд Ся Хоудүнийг цэргийн цааз чангагүй хэмээн донгодов. Бас тахилга бэлтгэн Дяньвэйг тахихад Цаоцао биеэр дусааж уйлан олон жанжны зүг өгүүлрүүн: “ Би ахмад хөвгүүн амраг ачийн үхсэнд гүн гомдохгүй. Гагц Дяньвэйгийн учирт уйлмуй” хэмээсэн хойно олон цөм сэтгэл хөдлөн уярав. Дэд өдөр зарлаж Сюйдүд цэрэг буцахыг өгүүлэх юун.
Түүнээс Ванзи зарлиг бичгийг хүргэж сюйжоуд хүрсэн хойно Люйбү угтаж яаманд оруулан зарлиг бичгийг нээн уншваас Люйбүг зүүн этгээдийг тохинуулах жанжин өргөмжилж онцгой тамга цомцог хүртээжээ. Бас Цаоцаогийн илгээсэн бичгийг гарган өгөөд Ванзи Люйбүгийн өмнө Цао Гүнгийн хичээнгүйлэх санааг хэлсэнд Люйбү ихэд баярлав. Гэнэт “Юаньшугийн зарсан хүн хүрч ирэв” хэмээн хэлэхэд Люйбү дуудан оруулж асуухад ирсэн элч хэлрүүн: “Юань гүн эрт орой Хуанди138-ийн сууринд сууж дүн гүн байгуулахын тул их бага хатдыг эртхэн Хуайнаньд хүргэж ир хэмээв”. Люйбү ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Урвасан хулгай ямар аймшиггүй ийн аашилмуй?” хэмээгээд ирсэн элчийг алсан хойно Хань Енг дөнгөлөөд Чэньдөнд хишигт мөргөх илтгэл бариулан Хань Енг тушааж Ванзи лүгээ Сюйдү балгасанд илгээхэд бас Цаоцаод хариу бичиг өгч Сюйжоугийн эзэн болсугай хэмээн гуйв.
138 Эзэн хаан
Цаоцао Люйбүгийн Юаньшу лугаа ураг тасалсныг сонсоод ихэд баярлан даруй Хань Енийг зээлд аваачиж алуулав. Чэньдөн нууцаар Цаоцаог ятгаж өгүүлрүүн: “Люйбү чоно шарнууд болой. Баатар гэвч бодлогогүй хөнгөлөн үйлдэгч тул хурдан хичээвээс зохимуй”. Цаоцао өгүүлрүүн: “Би ер Люйбүгийн чонын зулзага зэрлэг сэтгэлтэй үнэхээр удаан тэжээж болохгүйг мэдмүй. Үүнийг гүн таны эцэг хөвгүүнээс түүний сэтгэлийг мэдэхгүй. Гүн миний төлөө бодолхийлбээс зохимуй”. Чэньдөн өгүүлрүүн: “Чансан хэрвээ цэрэг үүсгэвээс би дотоодоос тусалсугай!” хэмээсэнд Цаоцао баярлаж айлтган Чэньгүйд Дижун түшмэлийн хоёр мянган дан амуугийн Пүнлүү хүртээгээд Чэньдөнг Гуанлингийн Тайшоу түшмэл болгов. Чэньдөн салж одоход Цаоцао Чэньдөнгийн гарыг барьж өгүүлрүүн: “Зүүн гарын үйлийг чамд итгэмүй” хэмээсэнд Чэньдөн гэгэсхийн хүлээв. Сюйжоуд эгэж Люйбүд золговоос Люйбү хилэн төрж “Чи миний төлөө Сюйжоугийн эзэн болохыг гуйж өгөхгүй харин өөрөө хэргэм пүнлүү олж ирэв. Чиний эцэг намайг Цаоцао лугаа амраглан Юань гүнлүгийн ургийг таслуулаад эдүгээ миний гуйсан нь эцэст нэгнийг ч олсонгүй. Гэдрэг танай эцэг хөвгүүн хоёр цөм тус тусдаа эрхэм болжээ. Би танай эцэг хөвгүүнд худалдагдав” хэмээгээд даруй сэлэм татаж алсугай хэмээхэд Чэньдөн ихэд инээн өгүүлрүүн: “Жанжин яахин ийм тодорхой үгүй болой”. Люйбү өгүүлрүүн: “Би яаж тодорхой үгүй буй”. Чэньдөн өгүүлрүүн: “Би Цао Гүнтэй золгож хэлсэн нь “Жанжныг тэжээхэд үлгэрлэвээс барсыг тэжээх мэт. Махаар цатгаваас зохимуй. Цатгахгүй болбоос хүнийг идэх болно” хэмээсэнд Цао гүн инээн өгүүлрүүн: “Чиний өгүүлэх мэт бус. Би Вэньхоуг хүндлэх нь харцгайг тэжээх мэт болой. Үнэг туулай зогсоогүй үес цадахгүй өлсвөөс хэрэглэгдмүй. Цадваас халимуй” хэмээсэнд би асууруун: “Хэн туулай үнэг болой?” хэмээвээс Цао гүн өгүүлрүүн: “Хуайнаньгийн Юаньшу, Зяндунгийн Сүньцө, Зижоугийн Юаньшао, Зинсянгийн Любяо, Ижоугийн Люжан, Ханьжунгийн Жанлу нар цөм үнэг туулай болой” хэмээжээ. Люйбү илдээ орхиж инээн өгүүлрүүн: “Цао гүн намайг мэдэх аж” хэмээн хэлэлцэж байтал гэнэт Юаньшу Сюйжоуг авахаар ирэв хэмээн мэдүүлэн ирэхэд Люйбү тэр үгийг сонсоод ихэд цочив. Энэ чухамхүү:
“Хоёр улсын ураг тогтсонгүй Ү, Юэ улс хэрэлдээд
Холбохыг хэлэлцээд хуяг цэргийг халдаж гарган иржээ”
Эгнэгт хойно хэрэг ямар болохыг доор бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )