"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-17 ДУГААР БҮЛЭГ
ЮАНЬ ГҮНЛҮ ДОЛООН ЗАМААР ЦЭРЭГ ОРСОН ЦАО МӨНДӨ ГУРВАН ЖАНЖИН ЛУГАА ЗОЛГОСОН
Өгүүлэх нь: Юаньшу Хуайнаньд сууснаас газар өргөн, амуу элбэг болоод бас Сүньцөгийн хас тамгыг олсноор даруй хааны цол өргөмжилсүгэй хэмээн санаж олон харьяат түшмэдийг цуглуулж өгүүлрүүн: “Хань Гаозу хаан Сышань газрын нэгээхэн гацааны дарга бөгөөд хожим тулгар төр байгуулж улирсаар эдүгээ дөрвөн зуун он болоод тоо улирал нэгэнт гүйцэж дөрвөн далай Хүлс139-ийн ус буцалсан мэт самуурчээ. Миний гэр дөрвөн үе гурван гүнд улирч зуун овогтын сэтгэл ихэд дагасан тул эдүгээ би тэнгэрт нийлүүлэн хүмүүнд эедэж хаан болсугай хэмээмүй. Танай олон хүмүүний санаанд ямар” хэмээхэд Жүбо түшмэл Яньсян өгүүлрүүн: “Болохгүй! Эртний Жоу улсын Хоузи140 эрдмийг цогцлоон шударгыг нэмж Вэнь Ванд хүрээд дэлхий дахины гурван хувийн хоёр хувийг олсон боловч басхүү Жоу хаанд үйлчилжээ. Гэгээн гүнгийн гэр хэдий үе улиран эрхэм гэвч Жоу улсын мэт хөгжин бадраагүй Хань улсын төр хэдий бууравч Ень, Жоугийн мэт догшин самуунгүй тул энэ үйлийг шууд явуулж болохгүй” хэмээсэнд Юаньшу өгүүлрүүн: “Миний Юань овогт Уг Чэнь овогтоос гарсан бөлгөө. Чэнь овогт нь их Шүнь хааны үр шороогоор галыг залгамжлах нь чив хэмээн тэр улирал тохиолджээ. Төлгийн бичигт Хань улсыг залгамжлах нь Дантугао “Өндөр зам” болой хэмээжээ. Миний өргөсөн нэр Гүнлү төвхийтэл тэр ёрд тохиолдсоны дээр бас улсыг уламжлах хас тамга буй тул хэрвээ хаан суухгүй болбоос тэнгэрийн ёсыг зөрчсөн болой. Миний санаа нэгэнт тогтов. Олонтоо хэлэлцэгсдийг алмуй!” хэмээгээд улсын цолыг Жунши хэмээв. Тайшэн зэргийн түшмэл байгуулж луу гарьдийн тэргэнд суугаад тэнгэр газрыг тахисан хойно Фөнфангийн охиныг хатанд өргөмжилж хөвгүүнийг Дунгүн141-ийн тайж байгуулаад элч зарж Люйбүгийн охиныг шавдан авахаар илгээж “Зүүн ордны хатан болгомуй” хэмээсэнд Люйбү нэгэнтээ Хань Енийг Сюйдүд хүргэж Цаоцаогаар алуулсныг сонсоод ихэд хилэн төрж Жансюнийг их жанжин болгож хорин түмэн цэргийг захируулан долоон замаар сюйжоу мужийг дайлахаар илгээв.
Нэгдүгээр зам нь их жанжин Жансюнь дунд
Хоёрдугаар зам нь дээд жанжин Цяорүй зүүнд
Гуравдугаар зам нь дэд жанжин Чэньзи баруунд
Дөрөвдүгээр зам нь дэд жанжин Лэйбо зүүнд
Тавдугаар зам нь дэд жанжин Чэньланъ баруунд
Зургаадугаар зам нь дагасан жанжин Ханьсянь зүүнд
Долоодугаар зам нь дагасан жанжин Янфөн баруунд аж. Тус бүр харьяат баатар жанжинг дагуулан өдөр тогтож хөдлөн гармуй. Яньжоугийн Цишы түшмэл Жиньшаныг Тай Вэй түшмэл болгож “Долоон замын амуу цалинг захиран зөөгтүн!” хэмээсэнд Жиньшан дагахгүйд Юаньшу Жиньшанг алаад Зилинг долоон замын цэрэгт нийцүүлэн туслах сайд болгож Юаньшу өөрийн биеэр гурван түмэн цэргийг дагуулан Лифэн, Лянган, Юэзю нарыг шавдан дэвшүүлэх сайд болгон долоон замын цэрэгт туслуулав.
139 Хүлс гэж эртний тогоо болно. Энд түйвэн самуурсныг хүлсийн ус буцалсан мэт гэж зүйрлэжээ. 1
40 Хоузи бол эртний Жоу улсын эхний хаан болой.
141 Зүүн ордон
Түүнээс Люйбү хүнээр мэдээ авахуулбаас “Жансюнгийн нэгэн баг цэрэг их замаар шууд Сюйжоуг авахаар ирэв. Цяорүйгийн цэрэг Сяопэйг, Чэньзигийн цэрэг Идүг, Лэйбогийн цэрэг Лан Яг, Чэньланьгийн цэрэг Жешиг, Ханьсянгийн цэрэг Сяпиг, Янфөнгийн цэрэг Зюньшанийг авахаар ирж долоон замын цэрэг нэгэн өдөр тавин газар явж, зам гудаст дээрэмлэн булаасаар ирлээ” хэмээхэд Люйбү яаран олон зөвлөлийн сайдыг цуглуулан зөвлөхөд Чэньгүй эцэг хөвгүүн цөм ирсэн хойно Чэньгүн өгүүлрүүн: “Сюйжоугийн зовлон болбоос цөм Чэньгүйгийн эцэг хөвгүүний ирсэн нь болой. Хааныг бялдуучилж хэргэм Пүнлүүг эрээд энэ өдөр зовлонг жанжинд нүүлгэсэн тул хоёулыг алж толгойг Юаньшуд өргөвөөс түүний цэрэг өөрсдөө эгмүй” хэмээсэнд Люйбү даруй “Чэньгүй, Чэньдөнийг баримтлагтун!” хэмээхэд Чэньдөн ихэд инээж өгүүлрүүн: “Яахин энэ мэт уйлхай буй. Миний үзэхэд долоон замын цэрэг долоон овоо ялзарсан өвсний адил юунд санаа тавих хэрэг буй”. Люйбү өгүүлрүүн: “Чамд хэрвээ дайсныг эвдэх арга байваас чиний үхэх ялыг хэлтрүүлсүгэй!”. Чэньдөн өгүүлрүүн: “Жанжин хэрвээ мунхаг эрийн үгийг хэрэглэвээс Сюйжоуг зовиургүйгээр хамгаалж болмуй”. Люйбү өгүүлрүүн: “Шалган хэлтүгэй” хэмээсэнд Чэньдөн өгүүлрүүн: “Юаньшугийн цэрэг хэдий олон боловч цөм хэрээн цуглал мэт цэрэг ер итгэл нийцтэй бус тул бид төв цэргээр сахиж нууц цэрэг гарган дайлбаас гавьяа бүтэхгүй нь үгүй. Нэн бас нэгэн арга буй нь гагц Сюйжоуг хамгаалахын төдийхөн бус Юаньшуг ч амьдаар барьж болмуй”. Люйбү өгүүлрүүн: “Тэр аргыг хэлтүгэй” гэхэд Чэньдөн өчрүүн: “Ханьсянь, Янфөн болбоос Хань улсын хуучин сайд Цаоцаогаас айснаар яваад орших гэргүй болж түр юаньшуд дагасан тул Юаньшу эрхгүй хөнгөлмүй. Тэр бас Юаньшуд зарагдахад баярлах үгүй бөлгөө. Хэрвээ бичиг илгээж дотуураар угтахаар хэлэлцэн жич Любэй лүгээ нийлэн гадуураас туслуулах болбоос Юаньшуг эрхгүй амьд баримуй”. Люйбү өгүүлрүүн: “Чи биеэр Ханьсянь, Янфөнгийн дэргэд бичиг хүргэж очигтун!” хэмээв. Чэньдөн хүлээн авсан хойно Люйбү Сюйдүд илтгэл бичиг явуулаад жич Юйжоуд бичиг илгээсний дараа Чэньдөнд хэдэн морьтонг өгч урагш Сянпэгийн замд Ханьсянийг хүлээлгэв. Ханьсянь цэрэг авч ирээд хүрээ буусан хойно Чэньдөн орж учрав. Ханьсянь асуун өгүүлрүүн: “Чи бол Люйбүгийн хүмүүн энд ирж яамуй”. Чэньдөн инээн өгүүлрүүн: “Би их Хань улсын сайд болсон атал юунд Люйбүгийн хүн хэмээмүй. Жанжны мэтэс нь урьд Хань улсын сайд бөгөөд эдүгээ урвасан хулгайн түшмэл болж эрт өдөр Гуаньжунгийн газар хааныг халхалсан гавьяаг устгасанд би жанжны төлөө ичих бөлгөө. Нэндээ Юаньшугийн чанар ерөөс сэжиглэх сэтгэл их тул хойч өдөр жанжин эрхгүй түүнд хөнөөгдмүй. Өнөө эртхэн бодолхийлэхгүй бол хойно гэмшивч завдахгүй болмуй” хэмээсэнд Ханьсянь шүүрс алдаж өгүүлрүүн: “Би Хань улсад дагасугай хэмээвч ганц зам үүдийг олохгүй болой”. Тэр үгэнд Чэньдөн даруй Люйбүгийн бичгийг гаргаж өгөв. Ханьсянь бичгийг үзэж дуусаад өгүүлрүүн: “Би нэгэнт мэдэв! Гүн урьдаар эгэгтүн! Би Ян жанжин лугаа жадыг эргүүлэн байлдсугай! Тэмдэг гал мандсаныг үзмэгц Вэньхоу даруй цэрэг авч угтваас болмуй” хэмээжээ.
Түүнээс Чэньдөн Ханьсяньгаас салж яаран эгээд Люйбүд хэлсэн хойно Люйбү цэргийг таван замаар хуваан Гаошүнь нэгэн салааны цэргийг авч Сяопэйд дэвшиж Цяорүйг байлдан, Чэньгүн нэгэн салааны цэргийг дагуулан Идүгийн зүг Чэньзиг байлдаж, Жанляо, Занба нэгэн салааны цэргийг авч Лан Ягаар гарч Лэйбог байлдан Сүнсянь, Вэйсюй нэгэн салааны цэргээр Жешид Чөньланийг байлдаад, Люйбү өөрийн биеэр нэгэн салааны цэргийг авч их замаар Жансюнийг байлдахаар тогтож, тус бүр нэгэн түмэн цэргийг дагуулж үлдсэн цэргийг цөм хотыг сахиулав. Люйбү хотоос гарч гучин газрын эцэст хүрээ байгуулсан хойно Жансюньгийн цэрэг хүрч ирээд санахад Люйбүг ялахгүй тул хорин газар буруулж хүрээ буугаад, бусад замын цэрэг хүрч ирэхийг хүлээв. Тэр шөнө хоёр жингийн үес Ханьсянь, Янфөн цэрэг хуваан газар газарт тэмдэг гал тавьж Люйбүгийн цэргийг угтаж хүрээнд орсонд Жансюньгийн цэрэг ихэд самуурав. Люйбү мөн хүчинд дайран алсанд Жансюнь дарагдаж явахуйяа Люйбү нэхсээр тэнгэр гэгээрсэн хойно Зилингийн цэрэг туслан ирэхтэй чив уулзан хоёр цэрэг сая байлдсугай хэмээтэл Ханьсянь, Янфөн хоёр замаар орж байлдан ирсэнд Зилингийн цэрэг ихэд дарагдаж буруулав. Люйбү цэрэг авч нэхэн очиход уулын хойноос нэгэн салааны цэрэг гарч ирэв. Туг хиур нээсэн газар үзвээс нэгэн багийн цэрэг морь, луу гарьд, наран сарны зурагт хиур зэлэм, дөрвөн зүг таван хязгаарын одот туг далбаа, алтан хэмхт бэрээ, мөнгөн сүх гарч, шар төмөг, цагаан манжлага, шар торгонд алт шингээсэн шүхрийн доор Юаньшу биедээ алтан хуяг дуулга нөмрөөд гартаа хос илд барьж жагсаалын өмнө морио зогсоогоод Люйбүгийн зүг: “Эзнээс тэсэргүүлсэн гэрийн боол!” хэмээн ихэд хараасанд Люйбү хилэн төрж сарт жадаа далайн Юаньшугийн зүг хандахад Юаньшугийн жанжин Лифөн угтан ирээд гурван удаа байлдсангүй. Люйбүд гараа жадлагдсанаар Лифөн жадаа гээж буруулав. Люйбү даруй цэрэг авч дайран орсонд Юаньшугийн цэрэг ихэд самуурчээ. Люйбү цэрэг авч хойноос нэхэж морь, дээл, хуяг, дуулга булаан олсныг тооловч барахгүй. Юаньшу дарагдсан цэргийг дагуулан яваад хэдэн газар очсонгүй гэнэт уулын хойноос нэгэн баг цэрэг гарч одох замыг тосов. Тэргүүлсэн жанжин харин Гуань Юньчан ажгуу. Өндөр дуугаар: “Урвасан хулгай бас үхэхийг хүлээхгүй юу?” хэмээсэнд Юаньшу цочин буруулахуйяа үлдсэн олон дөрвөн зүг сарнин дутааваас юньчанд нэгэн зэрэг сайтар алагдав. Юаньшу дарагдсан цэргээ хурааж
Хуайнаньд эгжээ. Люйбү дийлсэн хойно Юньчан, Ханьсянь, Янфөн нарыг урин залж цэрэг морьтой Сюйжоу хотод хүрээд их хурим бэлтгэн хуримлаж цэргийн ардыг бас хуримлан нэгэн адил шан хишиг хүртээсэн хойно дэд өдөр Юньчан хойш эгэв. Люйбү Ханьсянийг Идүгийн эзэн Янфөнийг Лан Ягийн эзэн болгосугай хэмээн хаанд бичиг айлтгаж хоёулыг Сюйжоуд үлдээсүгэй хэмээн зөвдөлцөхөд Чэньгүй өгүүлрүүн: “Болохгүй Ханьсянь, Янфөн хоёр хүнийг Шаньдунд суулгаваас нэгэн жил болохгүй Шаньдунгийн хот балгас цөм жанжны харьяат бус болох болой”. Люйбү мөн хэмээгээд даруй хоёр жанжинг “Идү, Лан Ягийн газарт сууж хишиг зарлигийг хүлээгтүн!” хэмээв. Чэньдөн сэмээр эцгээсээ асуун өгүүлрүүн: “Яахин тэр хоёулыг Сюйжоуд агуулж Люйбүг алахын үндэс болгохгүй аж?”. Чэньгүй өгүүлрүүн: “Хэрвээ хоёул Люйбүд туслах болбоос гэдрэг барст хумс, соёо нэмэх нь болой”. Чэньдөн сая эцгийн үзэлт гүнийг бишрэв.
Түүнээс Юаньшу дарагдаж Хуайнаньд эгсэн хойно Зяндунд хүн зарж Сүньцөгээс “Цэрэг зээлэн хариу авсугай! “ хэмээсэнд Сүньцө хилэгнэж өгүүлрүүн: “Чи миний хасын тамгыг эрэлхэглэн аваад хувиас хэтрэн хааны цол өргөж Хань улсаас урвасан их сөргүү, ёсон бус тул би цэрэг үүсгэн ял асуусугай хэмээн атал харин урвасан хулгайд туслах ёс байдаг уу?” хэмээн хариу бичиг бичиж марган хэлэв. Элч бичгийг авч эгээд Юаньшуд золгосонд Юаньшу бичгийг үзээд уурлаж өгүүлрүүн: “Амны сүү арилаагүй бага хөвгүүн ямар аймшиггүй ийн аашилмуй? Би урьдаар түүн лүгээ байлдсугай!” хэмээсэнд Занши түшмэл Ян Дазян хүчлэн хориглож байлгав.
Түүнээс Сүньцө бичиг илгээснээс нааш Юаньшугийн цэрэг ирэхийг сэргийлэн цэрэг гаргаж мөрний амыг сахиулж байхад гэнэт Цаоцаогаас элч хүрч ирэн Сүньцөг Хуйзигийн Тайшоу түшмэл болгож “Цэрэг байгуулан Юаньшуг дайлагтун!” хэмээсэнд Сүньцө зөвлөж даруй цэрэг байгуулж дайлахаар одсугай хэмээхэд Жанши түшмэл Жанжао өгүүлрүүн: “Юаньшу хэдий шинэ дарагдавч цэрэг олон, амуу гүйцэд хөнгөлөн цэрэглэж болохгүй. Харин Цаоцаод бичиг илгээж “Түүнийг өмнөөс нь байлдсугай!” хэмээн дурьдаад бид хойноос туслахад хүрэхгүй. Хоёр этгээдийн цэрэг харилцан өмөглөн байлдваас Юаньшугийн цэрэг эрхгүй дарагдмуй. Түмэнд нэгэнтээ алдагдал авч бас ч Цаоцаогийн туслахыг олмуй” хэмээсэнд Сүньцө тэр үгийг мөн хэмээгээд даруй элч зарж энэ санааг нэвтрүүлэв.
Тэндээс Цаоцао Сюйдүд эгсэн хойно Дяньвэйг санагалзан сүм байгуулан тахиад түүний хөвгүүн Дяньманийг Жунлан түшмэлд өргөмжлөн өөрийн гэртээ аваачиж тэжээв. Гэнэт “Сүньцө элч заран бичиг хүргэж ирэв” хэмээн мэдүүлсэнд Цаоцао тэр бичгийг үзэж бартал бас хүн ирж хэлрүүн: “Юаньшу амуу дутагдсанаар Чэньлү газрыг дээрэмлэн булааж буй” хэмээхэд “мөн хоосонд байлдсугай!” хэмээн даруй өмнөш цэрэг хөдөлгөв. Цаорэньгээр Сюйдү хотыг сахиулж түүнээс өөрийг цөм авч морьт явган арван долоон түмэн цэрэг, амуу өвс мянга илүү тэрэгтэй хамт мордон гарч нэгэнтээгүүр урьдаар хүн зарж Сүньцө, Любэй, Люйбү лүгээ нийлэхээр илгээв. Цэрэг Юйжоу газрын хязгаарт хүрсэн хойно Сюаньдө хэдийн цэрэг авч угтан иржээ, Цаоцао цэргийн хүрээнд залж учирсанд Сюаньдө хоёр хүний толгойг өргөн барив. Цаоцао цочиж өгүүлрүүн: “Энэ ямар хүний толгой аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ Ханьсянь, Янфөнгийн толгой болой”. Цаоцао өгүүлрүүн: “Чи яаж олов?”. Сюаньдө өгүүлрүүн: “Люйбү энэ хоёулыг Идү, Лан Я хоёр хошуунд суулгахаар илгээсэн бөлгөө. Санамсаргүй хоёул цэргийг тавьж иргэнийг булаан дээрэмлэсэнд хүн бүр хорсож гомдох тул Сюаньдө би нэгэн хурим бэлтгэж хуурмагаар хэрэг зөвлөсүгэй хэмээн залж уулцан суух хооронд хундага цохихоор тэмдэг болгон Гуань, Жан хоёр дүүгээр алуулж цэргийг цөм дагуулсан тул эдүгээ тухайлан ял хүлээхээр ирэв”. Цаоцао өгүүлрүүн: “Чи улс төрийн төлөө хортныг арилгасан нь чухамхүү их гавьяа бөгөөтөл яахан ял хэмээх учир буй?” хэмээгээд даруй Сюаньдөг зузаанаар хүндэлж цэргийг нийлүүлэн, Сюйжоу мужийн хязгаарт хүрсэн хойно Люйбү угтан ирсэнд Цаоцао сайн үгээр төвшитгөн хэлэлцэж, зүүн этгээдийн жанжин болгон “Сюйдүд хүрсэн хойно тамга цомцог арилжин өгсүгэй!” хэмээхэд Люйбү ихэд баярлав. Цаоцао даруй Люйбүгийн нэгэн баг цэргийг зүүн этгээдэд Сюаньдөгийн нэгэн баг цэргийг баруун этгээдэд өөрийн бие их цэргийг авч дунддад болж Ся Хоудүнь, Юйзинийг гавшгай болгов.
Түүнээс Юаньшу Цаоцаогийн цэрэг хүрч ирснийг сонсоод их жанжин Цяорүйд таван түмэн цэрэг өгч гавшгай болгон угтуулахад хоёр этгээдийн цэрэг Шоучуньгийн захад уулзсанд Цяорүй урагш гарч Ся Хоудунь лүгээ байлдаад гурван удаа болсонгүй Ся Хоудүньд жадлагдан үхсэн тул Юаньшугийн цэрэг ихэд дарагдаж хотоос буруулан эгтэл Сүньцө усан цэргээр мөрний баруун талыг байлдан Люйбүгийн цэрэг зүүн талыг байлдаж Любэй, Гуань, Жангийн цэрэг өмнөдөөр байлдан Цаоцао өөрийн биеэр арван долоон түмэн цэргийг авч хойдоор байлдан ирэв” хэмээсэнд Юаньшу ихэд цочиж яаран бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвлөхөд Ян Дазян өгүүлрүүн: “Шоучуньгийн газар ус, гангийн гамшиг хавсалцаж хүний идэш цөм дутагдсаны дээр бас цэрэг хөдөлгөвөөс иргэн эрхгүй самуурмуй. Иргэн нэгэнтээ гаслаан үүсгэсэнд цэрэг хүрч ирвээс дайсныг мөчөөрхөхүйеэ бэрх болой. Харин цэргийг үлдээж шоучунийг сахиулан байлдахгүй хүлээж түүний цэргийн амуу барваас эрхгүй хувьсгал үүсмүй. Хаан гучха цэргийг авч Хуайшуй усыг гэтэлбээс нэгд амуу боловсорсонд тохиолдох бөгөөд хоёрт түүний хурцаас түр зайлах бөлгөө” хэмээсэнд Юаньшу үгийг дагаж Лифэн, Юэзю, Лянган, Чэньзи дөрвөн жанжинг үлдээгээд арван түмэн цэргийг хуваан өгч Шоучунь хотыг бэхлэн сахиулаад бусад цэргийг дагуулан сангийн дотор хадгалсан алт хас эрдэнийг төгсгөн авч Хуайшуй усыг гэтлэн явав.
Түүнээс Цаоцаогийн цэрэг арван долоон түмэнд өдөр бүр идэх амуу маш үлэмж сүйтгэх бөгөөд олон хошуунд цөм ган болсноор харилцан туслалцаж завдахгүй тул Цаоцао хараахан цэргийг шахамдуулан түргэн байлдсугай хэмээвч Лифэн нар хаалгыг дарж гарч ирэхгүй, Цаоцаогийн цэрэг сар илүү эсэргүүцэж амуу барагдах шахсанд Сүньцөд бичиг илгээн арван түмэн суулга амуу зээлэн авч түгээн өгвөөс хүрэхгүй тул амууг захирах түшмэл Рэнзюньгийн харьяат сангийн түшмэл Ванкай Цаоцаод өгүүлрүүн: “Цэрэг олон амуу цөөнийг яаваас зохимуй?” хэмээхэд Цаоцао өгүүлрүүн: “Бага суулгаар түгээн өгч түр нэгэн цагийн цухлыг тэнхрүүлсүгэй!” гэхэд Ванкай өгүүлрүүн: “Цэргийн ард гаслах болбоос яамуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Надад сайн арга буй” хэмээсэн тул Ванкай захиаг дагаж бага суулгаар түгээн өгөв. Цаоцао сэмээр хүн гаргаж гэтэлхийлэн сонсовч цэргийн хүн үл гаслах нь үгүй. Цөмөөр “Чансан олныг асар мэхлэв” хэмээн хэлэлцмүй. Цаоцао Ванкайг сэмээр дуудан ирж өгүүлрүүн: “Би чамаас нэгэн юм зээлэн авч олны сэтгэлийг дарангуйлсугай хэмээмүй. Чи битгий хайрлагтун!” хэмээв. Ванкай өгүүлрүүн: “Чансан ямар юмыг хэрэглэсүгэй хэмээх аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Чиний толгойг зээлэн авч олонд үзүүлсүгэй хэмээнэм”. Ванкай ихэд цочин өгүүлрүүн: “Надад огт ялгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Би чамд ялгүйг мэдмүй. Гагц чамайг алахгүй болбоос цэргийн сэтгэл хувилмуй. Чамайг үхсэн хойно чиний эм хүүхдийг би сайнаар тэжээсүгэй! Чи битгий зовогтун!” хэмээсэнд Ванкай өчсүгэй хэмээтэл Цаоцао хэдийн илд, сүх баригчдыг дуудаж үүдний гадна гарган алаад толгойг өндөр модонд өлгөж ухуулах бичиг гаргаж зарласан нь “Ванкай дураар бага суулгаар түгээж албаны амууг хулгайлсан тул цэргийн цаазаар алав” хэмээсэн хойно олны гаслах нь сая намхрав.
Дэд өдөр Цаоцао олон хүрээний жанжинд цааз зарлан “Хэрвээ гурван өдрийн дотор хүч хамтдаж хотыг эвдэхгүй болбоос цөмийг алмуй” хэмээгээд Цаоцао өөрөө хотын дор очиж цэргийг захиран шороо малтаж чулуу зөөлгөн сувгийг таглан хэрэм цогцлов. Хотын дээрээс зэв бороо орох мэт буухад хоёр бага жанжин айн зайлж эгсэнд Цаоцао сэлэм сугалан өөрийн гараар алаад бие мориноос бууж шороо зөөн гууг бөглөв. Түүнээс их бага жанжин цөм шаламгайлан урагшилсанд цэргийн сүр ихэд хөгжиж хотын дээрх хүн эсэргүүцэн чадахгүй болохуйяа Цаоцаогийн цэрэг урагш тэмцэж хотын дээр гарч хаалгыг цавчин оньсыг унагаагаад их цэрэг сүрэглэн оров. Лифэн, Чэньзи, Юэзю, Лянган нар цөм амьд баригдсан тул Цаоцао даруй зээлд аваачиж алуулаад Юаньшугийн барьсан хуурмаг орд харш эл цаазалсан юм зэргийг цөмийг гал тавиулан Шоучунь хот доторхийг хоосон болтол булаав. Түүнээс цэрэг авч Хуайшуй голыг гэтлэн Юаньшуг нэхэн одсугай хэмээн зөвлөхөд Сюнь Юй хориглож өгүүлрүүн: “Жил дараалан ганд боогдож идэх амуу бэрх болжээ. Хэрвээ бас цэрэг орвоос цэрэг зүдэж иргэн зовохын дээр лав ялмуй хэмээн батлахуйяа бэрх тул түр Сюйдүд эгэж хойд хавар буудай боловсорсон хойно цэргийн амууг сайтар бэлтгэж дахин байлдахад хүрэхгүй” хэмээжээ. Цаоцао татгалзаж байхад гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Жансю, Любяог түшиж дахин өрнө самуурсанд Нань Ян, Зянлингийн олон сум цөм дахин урвасанд Цаохун эсэргүүцэн чадахгүй хэд хэдэн зэрэг дарагдсан тул тусгайлан шахмыг мэдүүлэхээр ирэв” хэмээсэнд Цаоцао даруй Сүньцөд бичиг илгээж “Мөрнийг гэтлэн жагсаал байгуулж любяогийн сэжиглэлийн цэрэг болгон айлгаж хөдлөн чадахгүй болгогтун!” хэмээгээд өөрөө цэрэг буцаж Жансюг дайлах хэргийг зөвдөлцөв. Мордохдоо Сюаньдөг Сяопэйд суулгаж Люйбү лүгээ ах дүү мэт янаглан харилцан туслалцаж дахин битгий халдалцагтун!” хэмээсэнд Люйбү цэргээ авч Сюйжоуд эгэв. Цаоцао Сюаньдөгийн зүт нууцаар өгүүлрүүн: “Би чамайг Сяопэй хотод суулгасан нь гуу ухаж барсыг хүлээх арга болой. Гүн чи Чэньгүйгийн эцэг хөвүүн лүгээ зөвлөн битгий алдахад хүрэгтүн! Би гадуураас тусалсугай!” хэмээн хэлэлцэж тархав.
Түүнээс Цаоцао цэрэг эгэж Сюйдүд хүрч ирсэн даруй хүн ирж хэлрүүн: “Дуаньвэй Лизюэг алж, Ү Си Гуосыг алаад толгойг өргөхөөр ирэв”. Дуаньвэй бас Лизюэгийн угсааны хөгшин залуу хоёр зуу илүү амыг амьдаар Сюйдүд хүргэж ирсэнд Цаоцао олон хаалганд хуваан өгч алуулаад олонд үзүүлэхэд иргэн цөмөөр баярлалцаад, тэнгэрийн хөвгүүн харшид дэвшиж бичиг цэргийн олон түшмэдийг цуглуулан энх амгалангийн хурим хуримлаж Дуаньвэйг Данкоу жанжин. Ү Сиг Тяньлу жанжинд өргөмжилж тус бүр цэрэг авч Чан Анийг сахигтун!” хэмээсэнд хоёул хишигт мөргөж мордов. Цаоцао даруй айлтгаруун: “Жансю самуурсан тул цэрэг байгуулж дайлаар очвоос зохимуй” хэмээсэн хойно хаан жагсаалт тэргэнд сууж Цаоцаогийн цэрэг гарахыг үдэв. Тэр цаг амгалан байгуулагчийн гуравдугаар оны дөрвөн сар бөлгөө. Цаоцао Сюнь Юйд цэрэг үлдээн өгч Сюйдүг сахиулан жанжин цэргийг улируулан зарлаж явуулаад өөрийн бие их цэргийг захиран урагшлахуйяа зам гудаст үзвээс буудай нэгэнт боловсорчээ. Олон иргэн цэрэг ирснийг үзээд хол оргож аймшиггүй үгтээхээр ирэхгүй болсонд Цаоцао хол ойрд хүн гаргаж, гацаа хүйн хөгшин өвгөд газрыг захирах түшмэдэд бүрнээр ухуулан өгүүлрүүн: “Би хааны зарлигаар сөргүүг Хядан иргэний зовлонг арилгамуй. Эдүгээ буудай сая боловсорсон цагт аргагүй дахин цэрэг үүсгэжээ. Их бага жанжин цэргүүд аливаа буудайн тариаг өнгөрөхөд өчүүхэн хэмээн гишгэгчид аваас цөмийг алах болно. Цэргийн цааз маш чанга тул танай олон иргэд битгий сэжиглэж айгтун!” хэмээсэн хойно зуун овогт иргэд ухууллыг сонсоод цөм баярлан сайшааж тоос, шөроо замыг халхалтал ирж мөргөмүй. Цэргийн хүн буудайн тариаг өнгөрөхөд цөм мориноос бууж буудайг гараар зайлуулж дараалан хойнох хүнд уламжлан өгч өнгөрөхөөс биш хэн аймшиггүй өчүүхэн гишгэмүй. Цаоцао морь унаж яван атал гэнэт тариан дотроос нэгэн хөхөө цочин боссонд тэр морь натгаж142 буудайн тарианд харайн орсноор тэр буудайн тариаг нэгэн хэсэг гишгэжээ.
142 Үргэж бусгах
Цаоцао даруй явган цэргийн Жүфү түшмэлийг дуудаж өөрийн биеийн “Буудайг гишгэсэн ялыг байцаан үз!” хэмээхэд Жүфү түшмэл өгүүлрүүн: “Чансанг яахин ял хэлэлцэж болмуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Миний байгуулсан цаазыг би өөрөө зөрчвөөс яаж олныг дагуулмуй?” хэмээгээд зүүсэн илдээ сугалж өөрийн хоолойг огтлон үхсүгэй хэмээсэнд олон яаран зогсоов. Гуозя өгүүлрүүн: “Чүньцю бичигт өгүүлснээр цааз ялыг дээд хүмүүнд халдаахгүй гэжээ. Чансан нь их цэргийн ерөнхийлөн захирагч тул яахин биеийг хохируулж болмуй?” хэмээсэнд Цаоцао нэлээд бодоод сая өгүүлрүүн: “Чүньцю бичигт “цааз эрүүг дээш хүмүүнд хүргэхгүй” хэмээн тэмдэглэж байваас миний үхэх ялыг түр хэлтрүүлсүгэй!” хэмээгээд сэлмээр өөрийн үсийг огтолж газарт хаяад өгүүлрүүн: “Үсийг огтолж толгойн ор болгосугай” хэмээн хүнээр үсийг олон цэрэгт уламжлан үзүүлж өгүүлрүүн: “Чансан буудайг гишгэсэнд чухам толгойг огтолж олонд үзүүлбээс зохих бөлгөө. Эдүгээ үсийг огтолж төлөөчлүүлэв” хэмээсэнд олон цэрэг нам гүм болж цэргийн цаазыг эс дагагчид нь үгүй болов.
Хожмын хүний шүүмжилсэн шүлгийн үг:
“Арван түмэн өтөг арван түмэн санаатай тул
Нэгэн хүмүүний зарлалаар бүгдийг захирахуйяа бэрх
Үсээ огтолж толгойгоо төлөөлүүлснээр үзэхүл
Өрүү143 Цао манай зусар арга үнэхээр гүн аж”
Түүнээс Жансю Цаоцаогийн байлдахаар ирснийг сонсоод яаран Любяод бичиг илгээж туслахаар ир хэмээгээд нэгэнтээгүүр Лэйсю, Жансянь хоёр жанжин лугаа цэрэг авч хотоос гарч угтав. Хоёр этгээдийн цэрэг эсэргүүцлэн жагссан хойно Жансю жагсаалын өмнө гарч хуруугаар заан хараан өгүүлрүүн: “Чи хуурмагаар өршөөл журамтай хэмээн нэр болгосон ичих нүүргүй хүн тул шувуу гөрөөснөөс ямар өөр болой” хэмээсэнд Цаоцао ихэд хилэн төрж Сюйчуг байддуулахаар гаргав. Жансю, Жансянийг гаргаж байлдан гурван удаа болсонгүй. Сюйчу, Жансянийг цавчин унагаасанд Жансюгийн цэрэг ихэд дарагдав. Цаоцао цэрэг авч Нань Ян хотын дор хүртэл нэхсэнд Жансю хотод орж хаалгыг дараад гарч ирэхгүй болов. Цаоцао хотыг хааж байлдахад хотын суваг маш өргөн бөгөөд ус ихэд гүн тул даруйд хотын дор хүрэхүйеэ бэрх. Үүнд цэргийн хүмүүнийг шороо зөөлгөн сувгийг бөглүүлж бас шороон уут хэрэглэн өвс модны хамт хотын ойр тавьж шатны дэвсгэр болгон бас үүлэн шат босгож, хотын доторхийг гэтэлхийлэн цаоцао өөрийн биеэр морилж хотыг тойрон үзэв. Иймээр гурван өдөр болоод цэргийн хүнд зарлан хотын баруун хойд өнцөгт даруй өвс мод зөөлгөж овоолон олон жанжинг хуруулж мөн газраар хотын дээр гармуй хэмээн тогтов. Хотын дотор зясюй энэ байдлыг үзээд Жансюд өгүүлрүүн: “Би нэгэнтээ цаоцаогийн санааг ухав. Эдүгээ мөн аргаар аргыг явуулбаас болмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Хатуужлын дотор харинхүү бас хатуу гар байх бөгөөд
Хуйхар144-ыг хэрэглэж гэдрэг хуйхрыг мэдэх хүмүүнд уулзжээ”
Эгнэгт түүний ямар аргыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
143 Хэрэг явдлыг ёсгүйгээр мушгидаг нөрүү зан
144 Зусар зальхай
Сэтгэгдэл ( 0 )