"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-18 ДУГААР БҮЛЭГ
ЗЯ ВЭНЬХЭ ДАЙСНЫГ ЭРХГҮЙ ЯЛАХЫГ БАРАГЛАН МЭДСЭН СЯ ХОУДҮНЬ ЗЭВИЙГ СУГАЛАН АВЧ НҮДНИЙ ЦЭЦГИЙГ ЗАЛГИСАН
Өгүүлэх нь: Зясюй Цаоцаогийн санааг бараглан мэдээд даруй аргаар аргыг явуулсугай хэмээн Жансюд өгүүлрүүн: “Би хотын дээрээс үзвээс Цаоцао хотыг тойрон гурван өдөр үзэж хотын зүүн өмнөд өнцгийн тоосго шорооны өнгө, шинэ хуучин адилгүйн дээр олонтоо эвдэрчээ. Санаандаа энэ газраар байлдсугай хэмээгээд баруун хойд өнцөгт хоосон өвс овоолж байлдах байдал гарган биднийг хуурч баруун хойдыг сахиулсугай хэмээмүй. Тэр шөнийн харанхуйд эрхгүй зүүн өмнөд зовхисоор авиран орж ирэх болой”. Жансю өгүүлрүүн: “Тийм болохул яамуй”. Зясюй өгүүлрүүн: “Энэ хялбар хэрэг болой. Маргааш идэрхэг цэргийг цадтал идүүлж цөм зүүн өмнөх гэрт бүгүүлээд иргэнээр хуурмаг цэрэг болгож баруун хойд зовхисыг сахиулан шөнө түүнийг дураар зүүн өмнө зовхисоор авируулан хотын дотор орж ирсэн хойно нэгэнтээ буу тавимагц бүгсэн цэрэг цугаар гарч ирвээс Цаоцаог барьж болмуй” хэмээсэнд Жансю ихэд баярлан тэр аргыг хэрэглэв. Хэдийнэ хүн ирж Цаоцаод мэдүүлрүүн: “Жансю цэргийг цөм баруун хойдод аваачиж хашхируулан хотыг сахиж зүүн өмнө зовхис хоосон болов” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Миний аргад оров” хэмээн даруй цэрэгт хүрз дэгээ зэрэг хотод авирах зэвсгийг бэлтгүүлжээ. Өдөр ганц баруун хойд өнцөгт цэрэг илгээж байлдуулан шөнө хоёр жингийн үес сая шилдэг цэргээр зүүн өмнө зовхисын сувгийг малтаж ороод, шорыг цавчин унагааж хотод орвоос нэг ч чимээ имээгүй тул олон цэрэг цугаар сүрэглэн орсон хойно буун дуу нэгэнтээ гармагц дөрвөн этгээдээс бүгсэн цэрэг гарч ирэв. Цаоцаогийн цэрэг яаран эгэхэд хойдоос Жансю биеэр идэрхэг баатар цэргийг авч алан ирсэнд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдан хотоос гарч хэдэн арван газар хол буруулан одов. Жансю тэнгэр гэгээ ортол алаад сая цэргээ хураан хотод эгжээ. Цаоцао дарагдсан цэргээ хураан байцааваас таван түм илүү цэрэг хохироод цэргийн хэрэгслийн юм зэвсэг зэргийг алдсан нь тоогүй. Люйцянь Юйзинь цөм шарх олжээ. Түүнээс Зясюй Цаоцаогийн буруулсныг мэдээд Жансюг даруй Любяод бичиг өгч “Цэргээр түүний одох замд тосогтун!” хэмээн дурдхан илгээсэнд Любяо бичгийг үзээд цэрэг хөдөлгөсүгэй хэмээн атал гэнэт хүн ирж хэлрүүн: “Сүньцө цэрэг авч тэнгисийн аманд буужээ” хэмээжээ. Куайлян өгүүлрүүн: “Сүнцөгийн тэнгисийн аманд цэрэг буусан нь Цаоцаогийн арга болой. Эдүгээ Цаоцао шинэ дарагдсан тухай хэрвээ мөн хүчинд хөшихгүй болбоос хожим эрхгүй зовлон болмуй” хэмээсэнд Любяо Хуанзугаар хавцлын амыг чанга сахиулж өөрийн бие цэрэг дагуулж Ань Жунсяньд хүрээд Цаоцаогийн хойд замыг тосоод нэгэнтээгүүр Жансю лугаа нийлэв. Жансю Любяогийн цэрэг хөдөлснийг сонсоод даруй Зясюй лугаа цэрэг авч Цаоцаог сундлав.
Түүнээс Цаоцао алгуураар явсаар Сянчөн хотыг өнгөрөөд Юйшүй газар хүртэл Цаоцао гэнэт морин дээрээ ихэд уйлжээ. Олон жанжингууд учрыг асууваас Цаоцао өгүүлрүүн: “Би өнгөрсөн жил энэ газар миний их жанжин Дяньвэйгийн хохирсныг санан дотор уярч уйлан гаргасан болой” хэмээгээд даруй захиа зарлаж хүрээ байгуулаад ихээр тахилга бэлтгэн Дяньвэйгийн сүнсийг тахихад Цаоцао өөрөө хүж барин уйлж мөргөхөд олон цэргийн хүн үзээд нулимс үл асгаруулсан нь үгүй. Дяньвэйг тахисны дараа сая ач хөвгүүн Цао Аньминь, ахмад хөвгүүн Цао Анг тахиж бас дайнд амь унасан цэрэг хийгээд харвагдаж үхсэн Да Юань145 газрын моринд хүртэл цөм тахив. Дэд өдөр гэнэт Сюнь Юй хүн зарж хэлрүүн: “Любяо Жансюд туслан Ан Жун газарт цэрэг буулгаад буцах замыг тосов” хэмээсэнд Цаоцао хойш бичиг илгээсэн нь: “Би өдөр бүр хэдэн газар явахдаа хулгай намайг нэхэн ирэхийг мэдэхгүй бус. Тийм боловч миний арга нэгэнт тогтсон тул Ань Жунд хүрсэн хойно эрхгүй Жансюг эвдлэн чадмуй. Та битгий зовогтун!” хэмээгээд даруй цэргийг түргэлэн Ань Жунсяньгийн захад хүрвээс Любяогийн цэрэг нэгэнт хавцлыг сахижээ. Жансю хойноос бас нэхэж ирсэнд Цаоцао олон цэргээр харанхуй шөнө бэрх газрыг цавчуулан зам гаргаж сэмээр цэрэг бүгүүлэв. Тэнгэр гэгээрэх үес Любяо, Жансюгийн цэрэг нэгэн газар нийлж Цаоцаогийн цөөнийг үзээд Цаоцаог оргосон буюу хэмээн цөм цэрэг авч бэрх хавцалд байлдан орсонд Цаоцао нууц цэргийг гарган байлдаад хоёр гэрийн цэргийг ихэд эвдэв. Цаоцао Аньжунгийн амыг гараад хавцлын гадна хүрээ байгуулжээ. Любяо, Жансю хоёр тус бүр дарагдсан цэргээ тэгшитгэн уулзсан хойно Любяо өгүүлрүүн: “Санаандгүй гэдрэг Цаоцаогийн зальхай аргад эндэв”. Жансю өгүүлрүүн: “Дахин бодлого хийсүгэй” хэмээгээд хоёр этгээд цэргээ Аньжунд цуглуулав.
145 Одоогийн Ферганы хөндий хавьцаа нутаглаж асан Төв азийн эртний улс.
Тэндээс Сюнь Юншаогийн цэрэг авч Сюйдүг халдахаар ирсүгэй хэмээж байхыг сонсоод шөнө дөл Цаоцаод бичиг бариулав. Цаоцао бичгийг олж үзээд ихэд балимдаж мөн өдөр цэрэг буцжээ. Үүнийг туршуулын хүн Жансюд мэдүүлсэнд Жансю нэхсүгэй хэмээвээс Зясюй өгүүлрүүн: “Нэхэмжилж болохгүй нэхвээс лав алдмуй” хэмээсэнд Любяо өгүүлрүүн: “Энэ өдөр нэхэхгүй болбоос суусаар тухайг алдмуй” хэмээн Жансюг хүчлэн хэлж нэгэн түмэн цэрэг авч хамт нэхэхээр одов. Бараг хэдэн газар яваад Цаоцаогийн хойд цэргийг гүйцсэн тул Цаоцаогийн цэрэг шаламгайлан байлдсанаар Жансю Любяогийн цэрэг ихэд дарагдаж эгээд Жансю Зясюйд хандаж өгүүлрүүн: “Гүнгийн үгийг авсангүйд алдав”. Зясюй өгүүлрүүн: “Эдүгээ цэрэг засаж дахин нэхэн очвоос зохимуй”. Жансю, Любяо өгүүлрүүн: “Өнөө нэгэнтээ дарагдсан тул яахан дахин нэхэж болмуй”. Зясюй өгүүлрүүн: “Энэ удаа нэхэн очвоос эрхгүй ихээр дийлмүй. Тийм бус болбоос миний толгойг авагтун!”. Жансю итгэмжлэв. Любяо сэжиглэж хамт очих дургүй тул Жансю өөрийн бие нэгэн баг цэргийг авч нэхэн очсонд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаж дээл хуяг илд жадаа зам дагуу орхин буруулав. Жансю урагш нэхэж атал гэнэт уулын хойдоос нэгэн багийн цэрэг гарч ирэв. Үүнд Жансю даруй цэрэг хурааж аньжунд эгжээ. Любяо Зясюйгаас асууруун: “Урьд нь шилсэн цэргээр буруулсан цэргийг нэхэхэд гүн “Эрхгүй дарагдмуй” хэмээв. Хойно дарагдсан цэргээр дийлсэн цэргийг байлдахаар одоход гүн эрхгүй дийлмүй хэмээсэнд үнэхээр гүнгийн үг мэт болов. Хэрэг нь адил бус атал цөм тохиолдсон нь ямар учир болой? Тодорхойлон зааж сургахыг' хүсмүй”. Зясюй өгүүлрүүн: “Энэ хялбараар мэдэх болой. Жанжин хэдийгээр цэрэг хэрэглэн чадавч Цаоцаод тэнцэх нь бус. Цаоцаогийн цэрэг хэдий дарагдсан боловч эрхгүй хатуу жанжнаар хайгуулгаж нэхэх цэргийг сэргийлэх тул бидний цэрэг хэдий хурц боловч эсэргүүцэн чадахгүй болой. Тийнхүү эрхгүй дарагдахыг мэдэв. Цаоцаогийн түргэвчлэн цэрэг татсан нь эрхгүй Сюйдүд хэрэг байх бөгөөд нэгэнт манай нэхэх цэргийг дийлсэн хойно лав хөнгөвчлөн түргэлж буцах тул дахин сэргийлэхгүй бөлгөө. Бид түүний бэлтгэлгүйд дахин нэхвээс эрхгүй дийлэхийг мэдсэн болой” хэмээсэнд Любяо, Жансю цөм түүний үзэл өндөрт бишрэв. Түүнээс Зясюй Любяог “Зинжоуд эгтүгэй!” хэмээгээд Жансюгээр Сянчөн хотыг сахиулж уруул шүд мэт болгоод хоёр этгээдийн цэрэг тус тусдаа явав.
Түүнээс Цаоцао урагш яван атал хойд цэрэг дарагдав хэмээн мэдүүлснийг сонсоод яаран “Хойш эгэж тусалсугай!” хэмээвээс Жансю нэгэнт эгжээ. Дарагдсан цэрэг хэлрүүн: “Уулын хойдох энэ нэгэн баг цэрэг дунд замыг тоссоноос бус бөгөөс бид цөм алагдах бөлгөө”. Цаоцао яаран хэн болохыг асуусанд тэр хүн мэнд санд мориноос бууж Цаоцао лугаа ёслов. Харин Жэньвэй Жунлан жанжин Зян Сягийн Пинчүнь газрын хүмүүн, овог Ли нэр Түн, өргөсөн нэр Вэньда. Цаоцао асууруун: “Хаанаас ирэв?” Литун өгүүлрүүн: “Би Рунанийг сахиж байсанд чансан Жансю, Любяо лугаа байлдаж буй хэмээн сонсож тухайлан хүчээ барихаар ирэв”. Цаоцао баярлаж Литүнг Жяньгүн Хоу өргөмжлөн Рунаньгийн баруун зовхисыг сахиулаад Любяо Жансюг сэргийлэгтун! хэмээсэнд Литун ёслон мөргөж одов. Цаоцао Сюйдүд эгсэн хойно хаанд Сүньцөгийн гавьяаг айлтгаж, Таони жанжин болгож Үхоу өргөмжлөв. Бас Зяндунд элч илгээн зарлиг бичгээр олон газар ухуулан зарлаж Любяог сэргийлүүлэв. Цаоцао ордондоо эгсэнд олон түшмэл цөм учирсан хойно Сюнь Юй асууруун:
“Чансан алгуураар Аньжун газар хүрсэнд хулгайн цэргийг эрхгүй дийлэхийг яахан олж мэдэв?” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Түүний цэрэг эгэх замгүй тул лав үхэн байлдмуй. Би алгуураар өдөөж битүүгээр бодолхийлэн үүгээр дийлэхийг мэдэв” хэмээсэнд Сюнь Юй бишрэв. Гуозя орж ирсэнд Цаоцао асууруун: “Гүн юунд ийм удаан ирэв?”.
Гуозя ханцуй дотроос нэгэн хуудас бичиг гаргаж Цаоцаод өгүүлрүүн: “Юаньшао хүн зарж чансанд бичиг бариулан хэлсэн нъ “цэрэг гарган Гун Сүньзанийг дайлсугай!” хэмээн тусгайлан амуу цэрэг зээлэхээр иржээ”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Би сонсвоос Юаньшао Сюйдүг хичээсүгэй хэмээмүй. Эдүгээ миний эгснийг мэдээд бас өөр зөвлөл үүсгэсэн ажгуу” хэмээгээд даруй бичгийг нээн үзвээс бичгийн үгс ихэд оморхог тул Гуозягаас асууруун: “Юаньшао ийм дүрэмгүйд би дайлаар одсугай хэмээвээс ганц хүч хүрэхгүйд зовнимуй. Яаваас сайн”. Гуозя өгүүлрүүн: “Лю, Сян хоёрын тэнцэх үгүйг гүнгийн мэдэх нь болой. Гаозу ганц мэргэнээр дийлжээ. Сян Юй хэдий чийрэг боловч эцэстээ баригдав. Эдүгээ Юаньшаод арван зүйлийн дарагдах учир буй. Чансанд арван зүйлийн дийлэх учир буй бөлгөө. Юаньшаогийн цэрэг хэдий бадрангуй байвч айхад гүйцэхгүй. Юаньшао ёс олон, дүрэм үлэмж гүн дураар нийлүүлэн энгийн янз тул энэ ёсоор дийлэх нь болой. Юаньшао тэрслүүгээр хөдөлгөн гүн эеэр дагуулсан тул энэ журмаар дийлэх нь болой. Хуань, Лин хоёр хаанаас засаг агууд алдагджээ. Юаньшао агуугаа тэнхрүүлэн, гүн сүрээр засах тул энэ засгаар дийлэх нь болой. Юаньшао гадуур уучлавч дотор хартай, хэрэглэх нь цөм ураг садан бөлгөө. Гүн гадаадад болзоогүй дотор гэгээн чадалтныг хэрэглэмүй. Энэ хэмжээгээр дийлэх нь болой. Юаньшао үлэмж бодлоготой гэвч таслан чадахгүй. Гүн нэгэн арга олсонд даруй явуулмуй. Энэ бодлогоор дийлэх нь болой. Юаньшао нэр алдартаа эрдэж хүнийг хураамуй. Гүн үнэнч сэтгэлээр хүнийг хүндлэх тул энэ эрдмээр дийлэх нь болой. Юаньшао ойрхийг тэтгэж, холыг хайхрахгүй атал гүн нэгэн адил тэгш санагалзмуй. Энэ өршөөлөөр дийлэх нь болой. Юаньшао хов үгийг сонсож самуурмуй. Гүн шимтгээд явуулахгүй. Энэ гэгээнээр дийлэх нь болой. Юаньшао зөв бурууг хутгалдуулж ялгахгүй. Гүн цааз дүрэм чанга тодорхой. Энэ утгаар дийлэх нь болой. Юаньшао хоосон сүрд бахтай, цэргийн чухлыг мэдэхгүй. Гүн цөөнөөр олныг дийлж цэрэг хэрэглэх нь сахиус адил энэ цагаар дийлэх нь болой. Гүнд энэ арван зүйлийн дийлэх учир буй тул үүгээр Юаньшаог дарахад ямар бэрх буй” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Гүнгийн үгийн мэтийг би яахан хүлээж чадмуй”. Сюнь Юй өгүүлрүүн: “Гуо Фөнсягийн арван зүйлийн дарагдахын шүүмжлэл цав хэмээн мунхаг үзэл лүгээ нийлэв. Юаньшаогийн цэрэг хэдий олон боловч ямар айх учир буй”. Гуозя хэлрүүн: “Сюйжоугийн Люйбү үнэнхүү сэтгэл зүрхний зовлон болой. Эдүгээ Юаньшао хойш Гун Сүньзанийг дайлахаар одсон тул бид түүний хол очсоныг тохиолдуулан урьд Люйбүг байлдаж зүүн өмнөд газрыг түвшин болгоод жич Юаньшаог дайлах нь дэд арга болой. Эс бөгөөс бид Юаньшаог дайлахаар одсонд Люйбү хоосныг завшиж Сюйдүг халдахаар ирвээс энэ хор гүехэн бус болно” хэмээсэнд Цаоцао мөн хэмээгээд даруй зүүнш Люйбүг байлдахаар очихыг зөвлөхөд Сюнь Юй өгүүлрүүн: “Урьд хүн зарж Любэй лүгээ болзож хойш мэдээ ирсэнд сая хөдөлж болмуй” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж нэгэнтээгүүр Сюаньдөд бичиг илгээж нэгэнтээгүүр Юаньшаогийн элчийг гүн хүндлэн Юаньшаог айлтгаж их жанжин Тай Вэй түшмэлд өргөмжлөөд Зи, Цин, Ю, Бин дөрвөн мужийн Дүдүг хамтатган захируулж нууц бичигт “Гүн чи Гун Сүньзанийг дайл би харилцан тусалсугай!” хэмээв. Юаньшао бичгийг олоод ихэд баярлан даруй цэрэг байгуулж Гун Сүньзанийг дайлахаар мордов.
Түүнээс Люйбү Сюйжоуд сууж хурим бэлтгэн зочдыг хуримлах бүр Чэньгүй эцэг хөвгүүн Люйбүгийн эрдмийг дэлгэрүүлэн магтаж хэлэлцмүй. Чэньгүн ихэд таалахгүй тул нэгэн өдөр чөлөө олж Люйбүд өгүүлрүүн: “Чэньгүй эцэг, хөвгүүн жанжны нүүр дээр бялдуучлах нь түүний сэтгэлийг шинжихүйеэ бэрх! Сайтар сэргийлбээс зохимуй!” хэмээсэнд Люйбү уурлан зандарч өгүүлрүүн: “Чи учир бусаар ховлон хэлж шударга сайн хүнийг хөнөөсүгэй хэмээмүй”.Чэньгүн гарч шүүрс алдаж өгүүлрүүн: “Шударга үгийг сонсохгүй тул бидэнд лав зовлон тусах болой” хэмээгээд Люйбүг гээж одсугай хэмээвээс төвдөхгүйн дээр бас хүнд элэглэгдэхээс эмээжээ. Гагц өдөр бүр уйтгарлан баяргүй суух бөлгөө. Нэгэн өдөр хэдэн арван морьтонг авч сяопэй газарт авлахаар очиж уйтгар сэргээх зуур гэнэт үзвээс албан замаар нэгэн морьт хүмүүн нисэх мэт довтолгон оджээ. Чэньгүн сэжиглэн авлахыг байж өөрөө хэдэн морьтонг дагуулан бага замаар нэхэн гүйцэж асууруун: “Чи хаанах зарц элч буй?”. Тэр зарц Люйбүгийн харьяат хүнийг мэдээд сандарч дороо өчиж чадахгүй болсонд Чэньгүн биеийг нэгжүүлбээс Любэйгийн Цаоцаод хойш илгээх бичиг нэгэн хуудсыг олсон тул Чэньгүн уг хүнийг бичигтэй нь авч ирээд Люйбүд учруулав. Люйбү учрыг асууваас тэр зарц хэлрүүн: “Цао Чансан намайг зарж Лю Юйжоугийн дэргэд бичиг хүргүүлсэн бөлгөө. Эдүгээ хариу бичгийг олж дотор нь юу хийснийг мэдэхгүй” хэмээвээс Люйбү нээж үзвээс бичгийн их бараг нь: “Чансангийн Люйбүг бодолхийлсүгэй хэмээн захисныг ямар аймшиггүй өдөр шөнийн хувьд сэтгэл тавихгүй болой. Ганц цэрэг цөөн жанжин бага тул хөнгөнөөр хөдөлбөөс болохгүй. Чансан хэрвээ их цэрэг авч ирвээс Любэй би өмнө гавшгай болсугай! Хуягт цэргийг чангатган засаж тухайлан захиаг хүлээсүгэй!” хэмээв. Люйбү үзээд ихэд цочиж өгүүлрүүн: “Цаоцао хулгай ямар аймшиггүй ийн аашилмуй” хэмээгээд зарцыг алж урьд Чэньгүн, Занбаг зарж Тайшань уулын хулгай Сүньгуань, Үдүнь, Или, Чанси нар лугаа нийлж зүүнш Шаньдун, Яньжоугийн олон хошууг байлдаж, Гаошүнь Жанляог Сяопэйг илгээн Сюаньдөг байлдуулан, Сүнсянь, Вэйсюйг баруунш ру, Енг байлдуулсугай хэмээгээд Люйбү биеэр дунд цэргээ ерөнхийлөн захирч гурван замд туслахаар мордов.
Түүнээс Гаошүнь цэргийг авч Сюйжоу мужаас гараад сая Сяопэйд хүрэхүйеэ хүн Сюаньдөд мэдүүлсэнд Сюаньдө яаран олныг хуруулан зөвлөхөд Сүнцянь өгүүлрүүн: “Хурдан Цаоцаод шахмыг хэлэхээр илгээвээс зохимуй” гэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Хэн Сюйдүд түргэн тэтгэхийг хэлэхээр очмүй” хэмээсэнд яндрын доороос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй” хэмээв. Үзвээс харин Сюаньдө лүгээ нэгэн хошуунд сууж байсан хүн, овог Зянь нэр юн өргөсөн нэр Сяньхө гэгч болой. Эдүгээ Сюаньдөгийн зочмод146 болж амуй. Сюаньдө даруй бичиг үйлдэж Зянь Юнд өгөөд өдөр шөнөгүй довтолгон Сюйдүд өмөглөхийг гуйхаар илгээгээд нэгэнтээгүүр хотыг сахих зэвсгийг бэлтгэн Сюаньдө өөрөө өмнөд хаалгыг сахиж Сүнцянийг хойд хаалганд, Юньчаныг баруун хаалганд, Жанфэйг зүүн хаалганд сахиулан мижугээр түүний дүү Мифан лугаа дундад хороог сахиулав. Угтаа мижуд нэгэн охин дүү буй асныг Сюаньдөд буулган өгч дараа эм болгосон ажээ. Сюаньдө түүний ах дүү лүгээ нагац ураг болох тул түүгээр дундад хороог сахиулж эм хүүхдээ хамгаалуулав. Гаошүньгийн цэрэг хүрч ирсэнд Сюаньдө асар дээрээс асуун өгүүлрүүн: “Би Фэнсянь147 лүгээ завсаргүй атал юунд энд цэрэг дагуулан ирсэн аж?” Гаошүнь өгүүлрүүн: “Чи Цаоцао лугаа нийлж миний эзнийг хорлосугай хэмээсэнд эдүгээ хэрэг нэгэнт сэрэгдсэн тул юунд бас хүлэхийг хүлээхгүй буй за” хэмээн хэлж бараад цэргийг дохиж хотыг байлдуулахад Сюаньдө хаалгыг дарж гарахгүй болов. Дэд өдөр Жанляо цэрэг дагуулан баруун хаалгыг байлдахад юньчан хот дээрээс өгүүлрүүн: “Чиний байдал дүр ер бус атал юунд бие алдаж хулгайг дагамуй?” гэхэд Жанляо толгойгоо дарж угт хэмээсэнгүй. Юньчан энэ хүний шударга журмын амьсгал байхыг мэдээд нэгэнтээ муу үг гарган ичээсэнгүй бөгөөд бас гарч байлдсан ч үгүй. Жанляо цэргийг авч зүүн хаалганы зүг очвоос Жанфэй угтан байлдахаар гарав. Үүнийг хэдийн хүн Гуань гүнд хэлсэнд Гуань гүн даруй зүүн хаалганд ирж үзвээс Жанфэй сая хотоос гартал Жанляогийн цэрэг нэгэнт зайлан оджээ. Жанфэй даруй нэхсүгэй хэмээхэд Гуань гүн яаран хотод дуудан оруулав. Жанфэй өгүүлрүүн: “Тэр айж оргосон тул яахин нэхүүлэхгүй болой?” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Энэ хүний цэргийн эрдэм чи бид хоёулаас дооргүй бөлгөө. Би төв үгээр гэсгээн хэлсэнд харин өөрөө гэмших санаа буй. Тийнхүү бидэн лүгээ байлдсангүй болой”. Тэр үгэнд Жанфэй сэрэгдэж гагц цэргийн хүнд хотын хаалгыг бэхлэн сахигтун!” хэмээгээд гарч байлдахгүй болжээ.
147 Люйбүгийн өргөсөн нэр
Тэндээс Зянь Юн Сюйдүд хүрээд Цаоцаод золгож урьдын хэргийг хэлсэнд Цаоцао даруй олон зөвлөлийн түшмэдийг цуглуулж зөвдөн өгүүлрүүн: “Би Люйбүг байлдсугай гэхэд Юаньшаогийн тохой таталдахаас эмээхгүй. Ганц Любяо, Жансюгийн хойноос байлдахад аймуй” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Хоёул шинэхэн дарагдсан тул аймшиггүй хөнгөлөн хөдлөхгүй бөлгөө. Люйбү баатар хэцүү, хэрвээ Юаньшу лүгээ нийлж Хуай, Сыгийн газарт хөндлөн гулд явах болбоос даруй бодолхийлэхүйеэ бэрх болмуй”. Гуозя өгүүлрүүн: “Эдүгээ түүний сая урваад олны сэтгэл дагаагүй үес даруй одож эвдэлбээс болмуй” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж даруй Ся Хоудүнь, Сяхоу Юань Люйцянь, Лидянь лугаа таван түмэн цэрэг авч урьд морд” хэмээн мордуулан өөрийн бие их цэргийг дагуулан дараа дараагаар мордон гарахад Зянь Юн дагаж одов. Энэ чимээг харуулын хүн мэдүүлсэнд Гаошүнь нисэх мэт Люйбүд хэлэхээр илгээв. Люйбү урьдаар Хоучэн, Хаомэн, Цаосинд хоёр зуу илүү морьтонг өгч Гаошүньд туслуулан, “Фэйчэнгээс гучин газрын эцэст цаоцаогийн цэргийг угт!” хэмээгээд өөрийн биеэр их цэргийг дагуулан хойноос тусалсугай хэмээжээ. Сюаньдө Сяопэй хотод Гаошүньгийн цэргээ татсаныг үзээд Цаоцаогийн дэрэг хүрч ирснийг ухаж Сүнцянийг үлдээн хотыг сахиулаад Мижу, Мифангаар гэрийн бүхнийг хамгаалуулаад өөрөө Гуань, Жан лугаа цэрэг дагуулан хотоос гарч тус бүр хүрээ бууж Цаоцаогийн цэрэгт тусалсугай хэмээв.
Түүнээс Ся Хоудүнь цэрэг авч урагш яван атал чив хэмээн Гаошүньгийн цэрэгтэй учирснаар даруй жадаа далайн байлдахаар гарахад Гаошүнь угтан байлдаад дөч тавин удаа болсон хойно Гаошүнь эсэргүүцэн чадахгүй болж буруулахуйяа Ся Хоудүнь морь тавин нэхэн иржээ. Гаошүнь жагсаалыг тойрон явсанд Ся Хоудүнь тавихгүй бас жагсаалыг тойрон нэхсэнийг жагсаалын дотроос Цаосин үзээд сэмээр нумыг авч зэвийг онилон сайтар жишиж нэгэн зэв харван явуулбаас төвхийтэл Ся Хоудүньгийн зүүн нүд оногдов. Ся Хоудүнь нэгэнтээ бархираад яаран гараар зэвийг сугалахад санамсаргүй нүдний цэцгийтэй хамт үгтээн авав. Ся Хоудүнь өндөр дуугаар дуудруун: “Эцгийн дусал эхийн шимийг гээж болохгүй” хэмээгээд даруй аман дотроо хийж залгиад дахин морь довтолгон Цаосинг алахаар очсоныг Цаосин сэргийлсэнгүй нэгэн жадад магнай оногдож мориноос унаж үхэв. Хоёр этгээдийн цэрэг, үзсэн бүхэн эс гайхагчид үгүй. Ся Хоудүнь нэгэнтээ цаосинийг алаад эгэхэд Гаошүнь хойноос нэхэн ирээд цэргийг дохиж хамт орсонд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдав. Сяхоу Юань ахаа авран авч явав. Люйцянь, Лидянь буруулсан цэргээ хурааж Зибэй газарт хүрч хүрээ байгуулав. Гаошүнь дийлээд цэрэг эгүүлэн Сгоаньдөг байлдахад чив хэмээн Люйбүгийн их цэрэг бас иржээ. Люйбү, Жанляо, Гаошүнь лүгээ цэргийг гурван замаар хуваан Сюаньдө, Гуань, Жангийн гурван хүрээг байлдав. Энэ чухамхүү:
“Нүдний цэцгийг залгисан эрэлхэг жанжин хэдий баатар хэмээвч
Зэвд оногдсон гавшгай нь удтал тэсэхүйеэ бэрх”
Эгнэгт Сюаньдөгийн дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )