"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-20 ДУГААР БҮЛЭГ
ЦАО А МАНЬ СЮЙТЯНЬ ГАЗАРТ АВ ТАВЬСАН ДУН ГУОЖЮ154 ДОТООД АСАРТ ЖАО155 БИЧГИЙГ ХҮЛЭЭСЭН
154 Улсын нагац
155 Зарлиг
Өгүүлэх нь: Цаоцао илдийг сугалж Жанляог алсугай хэмээсэнд Сюаньдө гарыг нь барьж Юньчан өмнө нь сөгдөж Ююаньдө өгүүлрүүн: “Энэ мэт цусан зүрхт хүнийг үлдээн хэрэглэвээс зохимуй” хэмээхэд Юньчан өгүүлрүүн: “Би ер Вэнь Юаньгийн156 шударга журамт сайдыг мэдэх тул амь биеэр батлахыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао илдээ хаян инээн өгүүлрүүн: “Би бас Вэнь Юаньгийн шударга журамтайг мэдмүй. Сая зориудаар наадсан болой” хэмээгээд өөрийн гараар хүлсэн дээсийг тайлж, өмссөн дээлээ өгч нөмөргөөд дээр залж суулгасанд Жанляо тэрхүү найртай сэтгэлд гэсэгдэж даруй дагав.
156 Жанляогийн өргөсөн нэр
Цаоцао Жанляог Жунлан түшмэл бөгөөд Гуаньнэй Хоу өргөмжилж Занбаг элсэн дагуулахаар зарав. Занба Люйбүгийн үхсэнийг сонсож Жанляог нэгэнтээ дагасныг мэдээд өөрийн харьяат хүнийг авч дагахаар ирсэнд Цаоцао хүндэд шагнав. Занба бас Сүньгуань, Үдүнь, Илиг дагуулахуйд гагц Чанси дагасангүй. Цаоцао Занбаг Лан Ягийн Сян түшмэл болгож Сүньгуань нарыг цөм түшмэл нэмж өгөөд Цинжоу, Сюйжоугийн далайн захын газрыг сахиулж, Люйбүгийн эм, охиныг Сюйдү хотноо нүүлгээд цэргийн хүмүүнд ихэд шагнасан хойно цэрэг эгүүлжээ. Буцах замдаа Сюйжоу балгасыг өнгөрөн гарахад зуун овгийн иргэн хүж шатааж, замд угтан: “Лю хошууны захирагчийг үлдээн сюйжоугийн эзэн болгоно уу!” хэмээн гуйхад Цаоцао өгүүлрүүн: “Лю хошууны захирагч гавьяа их тул хаанд золгуулж хэргэм зэрэг өргөмжилсөн хойно ирүүлэхэд удахгүй” хэмээв. Үүнд зуун овогт мөргөж тал өгөв. Цаоцао тэрэг хөлөглөгч жанжин Чөжоуг дуудаж Сюйжоугийн хэргийг шийтгүүлэв. Тэндээс Цаоцао Сюйдүд хүрч ирээд дайнд одсон түшмэл цэргийг ялган салгаж өргөмжлөн шагнасны дараа Сюаньдөг Чансангийн яаманд ойр суулгав.
Түүнээс дэд өдөр хаан харшид гарсанд Цаоцао Сюаньдөгийн цэргийн гавьяаг айлтгаж, Сюаньдөг хаанд золгуулбаас Сюаньдө төрийн хувцас өмсөж харшийн доор сөгдсөн хойно хаан харшид дуудан гаргаж асууруун: “Чиний өвөг хэн гэгч болой?”. Сюаньдө айлтган өгүүлрүүн: “Сайд би болбоос Жуншань Зинвангийн үр, Сяозин хааны гуч Люсюнгийн ач, Люхунгийн хөвгүүн болой”. Хаан даруй угсааны үе улирсан бичмэлийг гарган байцаан үзэж, Жун Жэнцин түшмэлээр дуудуулруун:
“Сяозин хаанаас арван дөрвөн хөвгүүн төрөв. Долдугаар хөвгүүн болбоос Жуншань Зинван Люшэн. Люшэнгээс төрсөн нь Лүчэн хотын Тинхоу Люжэнь. Люжэньгээс төрсөн нь Пэйхоу хэргэмт Лю Ан. Лю Ангаас төрсөн нь Жанхоу Люлюй. Люлюйгээс төрсөн нь И Шүйхоу хэргэмт Люлянь. Люляньгаас төрсөн нь Инь Янхоу хэргэмт Лю Ен. Лю Енгээс төрсөн нь Ань Гуохоу хэргэмт Люзянь. Люзяньгаас төрсөн нь Гуан Линхоу хэргэмт Лю Ай. Лю Айгаас төрсөн нь Зяо Шүйхоу хэргэмт Люсянь. Люсяньгаас төрсөн нь Зу Ихоу хэргэмт Люшу. Люшугаас төрсөн нь Ци Янхоу хэргэмт Лю И. Лю Игээс төрсөн нь Юань Зөхоу хэрэгмт Люби. Любигээс төрсөн нь Ен Чуаньхоу хэргэмт Люда. Людагаас төрсөн нь Фэн Линхоу хэргэмт Лю Бү И. Лю Бү Игээс төрсөн нь Зи Цуаньхоу хэргэмт Люхүй. Люхүйгээс төрсөн нь зүүн хошууны Фаньлин хэргэмт Люсюн. Люсюнгээс төрсөн нь Люхун. Люхун түшмэл суусангүй. Любэй болбоос Люхунгийн хөвгүүн болой”.
Хаан гэрийн үеийн бичмэлийг үзвээс Сюаньдө харин хааны авга болмуй. Хаан ихэд баярлаж даруй жигүүрийн харшид залаад авга ачийн ёслолыг гүйцэтгэсний хойно хаан дотроо санаруун: “Цаоцао улсын хэргийг барьж алив хэргийг ч надаар эзэн болгохгүй эдүгээ ийм аруухан баатар авга олдсонд надад туслах хүнтэй болов” хэмээн даруй Сюаньдөг зүүн этгээдийн жанжин, Ичэн Тинхоу болгож, хурим бэлтгэж хуримласан хойно Сюаньдө хишигт мөргөн гарч ирэв. Түүнээс хүмүүс цөм Сюаньдөг “Хааны авга” хэмээн дуудах болов. Түүнээс Цаоцао ордондоо эгсэнд Сюнь Юй зэргийн зөвлөлийн сайд Цаоцаод золгохоор ирж өгүүлрүүн: “Хаан Любэйг авга хэмээсэн нь эзэн гүнд тусгүйгээс эмээмүй”. Цаоцао өгүүрүүн: “Тэр нэгэнт хааны авга хэмээн танигдсан тул би хааны зарлалаар тушааваас тэр нэн дагахгүй эс болмуй. Бас түүнийг Сюйдүд үлдээсэн нь илт хааны ойр гэвч үнэнхүү миний гарт буй тул би юунаас айнам? Миний айх нь Тай Юй түшмэл Янбяо болой. Тэр Юаньшу лүгээ ураг болох тул хэрвээ хоёр Юань лүгээ нийлээд дотоодоос тусалбаас энэ хор гүехэн бус тул даруй арилгаваас зохимуй” хэмээгээд нягтаар Янбяог “Юаньшу лүгээ нийлэв” хэмээн гүтгэн заалдуулж даруй Янбяог баримтлаад гянданд оруулж, Маньчунд даалган хуулиар шүүлгэв. Тэр үес Бэйхайгийн Кунрун Сюйдүд аснаар Цаоцаог хориглож өгүүлрүүн: “Ян гүн хэмээгч дөрвөн үеийн ариун эрдэмтэн тул яахан Юань овогтын учраар яллаж болмуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ хааны санаа болой”. Кунрун өгүүлрүүн: “Чэн Ван хэрвээ Шао гүнг алах болбоос Жоу гүн мэдэхгүй хэмээн хэлж болмуй уу” хэмээсэнд Цаоцао аргагүй Янбяогийп тушаалыг хасч нутагт эгүүлэв. Илан түшмэл Жао Янь, Цаоцаогийн хөндлөн гулдаар явахад уурлаж, дээр Цаоцаог айлтгасан нь: “Хааны зарлигийг хүлээсэнгүйгээр зоригоор их сайдыг хураамжлан яллав” хэмээсэнд Цаоцао ихэд хилэн төрж даруй Жао Янг барьж алсан хойно зуун түшмэд эс айн эмээгчидгүй болжээ. Нэгэн өдөр Чэн Юй Цаоцаогийн дэргэд орж өгүүлрүүн: “Эдүгээ гэгээн гүнгийн сүр алдар өдрөөс дэлгэрсэн тул яахан мөн тухайд вангийн хөрөнгийг хичээхгүй аж”. Цаоцао өгүүлрүүн: “Хаанд гар хөл мэт туслах сайд бас үлэмж асаар буй тул хөнгөнөөр үүсгэвээс болохгүй. Би хааныг залж авлахаар очоод түүний хөтөлбөрийг үзсүгэй!” хэмээв.
Түүнээс сайн морийг сунган, хурц хараат харцгай, уран нохой, нум сум авын хэрэгсэл юмыг бүрнээ бэлтгэж урьд цэргийг цөм хотын гадна цуглуулаад Цаоцао орж хааныг “Авлахаар гарму!” хэмээн залахад хаан өгүүлрүүн: “Авлах нь төв бус буй за!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Эртний хаан оторлох, өлөн дарах157, аялах, хомроголоход дөрвөн цаг хээр талд гарч цэргийн сүрийг дэлхий дахинд үзүүлдэг ажээ. Эдүгээ дөрвөн далай өрнөн самуурах үес төв хэмээн авлахаар нэр болгон цэргийн эрдмийг шалгаваас зохимуй” хэмээсэнд хаан аймшиггүй дагахгүй хэмээн эс чадах тул даруй сайн морь унаж, эрдэнэ шигтгэсэн нум, алтан зэвт сумыг зүүгээд жагсаал жагсаан хотоос гарав. Сюаньдө Гуань, Жан лугаа тус бүр нум сум авч дотроо хуягийг давхар өмсөөд гартаа зэвсэг барьж, хэдэн арван морьтонг дагуулж, хааныг хамгаалан сюйчангаас гарчээ. Цаоцао цахилгаан мэт хурдан хонгор морийг унаж, арван түмэн олныг дагуулан хаан лугаа Сюйтяньд авлахад цэргүүд хомрого тавьсан нь эргэн тойрон хоёр зуу илүү бээрийн газар хүрмүй. Цаоцао хаан лугаа морь зэрэгцэн явахад гагц морины толгойг тэмцэлдэн хойдод дагах нь цөм Цаоцаогийн сэтгэл зүрхний мэт жанжин, бичиг цэргийн зуун түшмэд холхноос дагаж хэн аймшиггүй ойр очих аж. Тэр өдөр Сяньди хаан морь довтолгон Сюйтяньд хүрсэн хойно Сюаньдө замын хажууд амрыг айлтгахад хаан өгүүлрүүн: “Мөхөс би энэ өдөр авгын намнахыг үзсүгэй” хэмээсэнд Сюаньдө зарлигийг хүлээн моринд гартал гэнэт өвсний дотроос нэгэн туулай босон гарав. Сюаньдө харвасанд нэгэн суманд тэр туулай оногджээ. Хаан сайшаан хэлэлцсээр довцгийг тойрон гараад үзвээс шугуйн дотроос нэгэн их буга гүйн гарч ирсэнд хаан залгалдаагаар гурван сум хараваад цөм оносонгүй тул Цаоцаогийн зүг өгүүлрүүн: “Чинсан чи харваж үз!” хэмээв. Цаоцао даруй хааны эрдэнийн нум, алтан сумыг авч тэлээд харвахад төв хийтэл бугын нуруунд оногдож өвсөнд унав. Олон түшмэд алтан сумыг үзээд хааныг харваж онов хэмээн цөм тэсгэлгүй хааны зүг “Түмэн наст” хэмээн дуудахад Цаоцао довтолсоор ирж, хааны өмнүүр ороод хүлээн авсанд олон цөм царай алдав. Сюаньдөгийн арын хойноос юньчан үзээд ихэд хилэн төрж хүр хорхой хэвтсэн адил хөмсгөө босгож, гарьдын нүдээ дүгрэг болтол нээгээд дам илдийг барьж, морио давхин гарч “Цаоцаог алсугай!” хэмээхэд Сюаньдө үзээд яаран гараа сэжлэн нүдийг ирмэхэд Гуань гүн ахын энэ байдлыг үзээд айж хөдөлсөнгүй. Сюаньдө морины дээрээс бие мэхийн баярлан өгүүлрүүн: “Чансангийн сахиусны мэт харвалга нь ертөнцөд чухаг ажээ” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Энэ тэнгэрийн хөвгүүний их буян болой” хэмээгээд морийг эргүүлэн хааны зүг баярлаад харин эрдэнийн нумыг хаанд хойш өргөсөнгүй өөрөө зүүжээ. Хомрого төгсөөд, Сюйтяньд хуримлаж барсан хойно Сюйдүд эгэв.
157 Зуны тариалалт эхлэх
Олон хүн тус тусдаа буцав. Юньчан Сюаньдөгөөс асуун өгүүлрүүн: “Цаоцао хулгай хааныг дарлаж дээдийг мэхэлсэнд би алж улсын төлөө зовлонг арилгасугай хэмээвээс ах юунд зогсоомуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Хулганыг цохиход савыг хайрлах нь болой. Цаоцао хаан лугаа гагц морины толгой алс дээр түүний сэтгэл зүрх мэт ард эргэн тойрон сүрэглэн аху тул дүү чи нэгэн цагийн хилэнгээр хөнгөлөн хөдөлсөнд хэрвээ гавьяа бүтэх боловч тэнгэрийн хөвгүүнийг хохируулаад гэдрэг ял манай биед болов”. Юньчан өгүүлрүүн: “Энэ өдөр энэ хулгайг алахгүй болбоос хойч өдөр эрхгүй зовлон болох болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Түр нягталбаас зохимуй, хөнгөнөөр хэлэлцэж болохгүй” хэмээв.
Түүнээс хаан ордондоо эгээд Фү хатанд өгүүлрүүн: “Би хаан сууснаас нааш зальхай баатар зэрэгцэн дэгдэж урьд нь Дунжуогийн гамшигт тааран хойно Лизюэ, Гуосыгийн самуунтай учраад ер хүний эдэлсэнгүй гашууныг чам лугаа амсав. Хойно Цаоцаог олж харин улс төрийг тэтгэх сайд хэмээн санасан билээ. Санамсаргүй улсын эрхийг эзэлж дураар сүрдүүлэн явахыг би үзэх бүр өргөст модыг үүрсэн мэт энэ өдөр хомрогод биеэр олны баярлан дуудахыг хүлээн авсан нь ёсон бусын туйлд хүрч, үдэш өглөө эрхгүй өөр бодлого төрөөд бид эр эм хоёул үхэх газрыг мэдэхгүй болмуй” хэмээсэнд Фү хатан өгүүлрүүн: “Бараалхалд дүүрэн сайд түшмэд цөм Хань улсын пүнлүүг идсэн атал нэгхэн хүн ч улсын зовлонг тэнхрүүлэн чадах нь үгүй буй уу” хэмээн өгүүлж барахын урьд гэнэт нэгэн хүн гаднаас орж өгүүлрүүн: “Хаан хатан битгий зовогтун! Би нэгэн хүнийг гаргаж хааны төлөө зовлонг арилгасугай!” хэмээв. Хаан үзвээс Фү хатны эцэг Фүвань. Хаан даруй нүдний нулимсыг арчиж асууруун: “Хадам эцэг чи бас Цаоцаогийн эрхийг эзэлж, хөндлөн гулд явахыг мэдмүй үү”. Фүвань өгүүлрүүн: “Сюйтяньгийн авд буга харвасан хэргийг хэн үзсэнгүй болой. Гагц бараалхалд байх бичиг цэргийн түшмэд Цаоцаогийн угсаа бус болбоос түүний үүднээс гарсан ард тул улсын нагацаас бус хэн алин шударгыг гүйцэтгэн хулгайг арилгах аж. Хөгшин сайдад эрхгүй тул энэ үйлсийг явуулахад бэрх. Тэрэг хөлөглөгч жанжин улсын нагац дунчэнд итгэж болмуй” хэмээсэнд хаан өгүүлрүүн: “Нагац Дунчэн улсын зовлонг олонтоо тэнхрүүлэн явсныг би угаас мэднэ. Даруй дуудан оруулж хамт их үйлийг зөвлөвөөс зохимуй”.
Фүвань өгүүлрүүн: “Хааны хоёр жигүүрт байх ард цөм Цаоцао хулгайн сэтгэл зүрхний мэт хүмүүн. Хэрэг сэрэгдвээс их зовлон болмуй”. Хаан өгүүлрүүн: “Тийн болбоос яанам?”. Фүвань өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Хаан нэгэн дээл, нэгэн хасын бүсийг хийж нягтаар дунчэнд хүртээсүгэй! Тэр бүсний дотор нэгэн нууц зарлиг бичиг бичиж оёод хүртээн өгч “Гэртээ хүрсэн хойно зарлигийг үзээд өдөр шөнөгүй арга сүвэгчил!” хэмээвээс сахиус чөтгөр цөм мэдэхгүй болой” хэмээсэнд хаан үгийг дагасан тул Фүвань гарч очив.
Тэндээс хаан өөрөө нэгэн зарлиг бичиг хийж гарын хурууг зууж цусаараа бичээд, сэмээр Фү хатанд өгч бүсний хэмэрлэгийн дотор дарж оёулаад өөрийн магнаг дээлийг өмсөж хасын бүсийг бүслээд дотоод түшмэлээр дуудуулахад Дунчэн ирээд ёслон мөргөсөн хойно хаан өгүүлрүүн: “Би өчигдөр хатан лүгээ Бахө голын гашууныг хэлэлцэж харин нагацын гавьяаг дурдан олов. Тийнхүү тусгайлан дуудуулан ирүүлж зүдсэнийг тохинуулсугай хэмээсэн бөлгөө”. Дунчэн мөргөж тал хийв. Хаан Дунчэнг дагуулан харшаас гараад өвгийн сүмд одож гавьяатан сайдуудын асрын дээр гараад хаан хүж барьж ёслон төгсгөөд Дунчэн лүгээ зурмал хөргийг үзвээс дунд талд Хань Гаозу хааны хөргийг өлгөжээ. Хаан өгүүлрүүн: “Миний өвөг Гаозу хаан ямар газраас бие үүсэж яахан хөрөнгийг байгуулсан буй?”. Дунчэн ихэд цочиж өгүүлрүүн: “Хаан сайд намайг наадам хийх буюу. Шинзү хааны үйлийг юунд мэдэхгүй хэмээмүй. Гаозу хаан Сишан газрын гацааны даргаас бие мандаж гурван тохой илдээр цагаан могойг алаад, журмын цэргийг байгуулан дөрвөн далайн дотор хөндлөн гулд явж гурван жилийн эцэст Цинь улсыг мөхөөж таван жилийн эцэст чу улсыг сөнөөгөөд, даруй дэлхий дахиныг эзэлж түмэн үеийн хөрөнгийг байгуулсан болой”. Хаан шүүрс алдаж өгүүлрүүн: “Өвөг эцэг нар ийм аруухан баатрууд асан хийгээд хүүхэд ач нар ийм үхээнц буурай болсонд яахан гуньхрагүй аж” хэмээгээд зүүн баруунд аху хоёр туслагчийн хөргийг заан өгүүлрүүн: “Энэ хоёр хүн Люхоу Жанлян, Заньхоу Сяохө бус уу?”. Дунчэн өгүүлрүүн: “Тийм болой. Гаозу хааны тулгар төр байгуулсан нь үнэнхүү энэ хоёр хүний хүч бөлгөө”. Хаан хойш харж үзвээс гучгаа нар хол байх тул сэмээр дунчэнд хэлрүүн: “Сайд чи бас ч энэ хоёр хүний мэт миний хажууд зогсвоос зохимуй”. Дунчэн өгүүлрүүн: “Сайд надад өчүүхэн ч гавьяагүй тул хэрхэж үүнийг хүлээн чадмуй”.
Хаан өгүүлрүүн: “Баруун нийслэлд намайг тэнхрүүлсэн гавьяаг санаж нэг цаг ч умартсангүй. Үүнд хүртээмээр юм ч үгүй” хэмээгээд өмссөн дээл бүсийг зааж өгүүлрүүн: “Сайд чи миний энэ дээлийг өмсөж миний энэ бүсийг бүслээд үргэлж миний ойр байх мэт санагтун!” хэмээсэнд Дунчэн мөргөж тал өгсөн хойно даруй дээлээ тайлж Дунчэнд өгч сэмээр өгүүлрүүн: “Сайд чи буцсан хойно нарийвчлан хянаж үзээд миний санааг битгий үтээрэгтүн!” хэмээв. Дунчэн санааг ухаад дээлийг өмсөж, бүсийг бүслэн хаанаас салан гарч асраас буутал хэдийнээ хүн Цаоцаод мэдүүлж өгүүлрүүн: “Хаан Дунчэн лүгээ гавьяатан сайдуудын асарт үг хэлэлцэж амуй” хэмээсэнд Цаоцао яаран бараалхалд үзэхээр орвоос дунчэн асраас бууж ирээд сая ордныг өнгөртөл Цаоцаогийн ирэхэд цав уулзсанд зайлж завдах газаргүй тул аргагүй замын хажууд зогсож ёслов. Цаоцао асууруун: “Хааны нагац хаанаас ирсэн аж?”. Дунчэн өгүүлрүүн: “Өнөө хаан зарлигаар дуудан энэ магнаг дээл хасын бүсийг хүртээн өгөв”. Цаоцао асууруун: “Ямар учирт хүртээсэн аж?”. Дунчэн өгүүлрүүн: “Миний баруун нийслэлд хааныг тэнхрүүлсэн гавьяаг бодож тийнхүү үүнийг хүртээв”. Цаоцао өгүүлрүүн: “Бүсийг тайлж авчир би үзсүгэй!” хэмээсэнд Дунчэн дээл бүсний дотор лав далдлах зарлиг бичиг буй хэмээн мэдээд, Цаоцао үзэж гаргуузай хэмээн таталдан тайлахгүй удахад Цаоцао дагах ардаар тайлуулан авч үзээд инээн: “Үнэхээр нэгэн сайн хасын бүс” хэмээгээд дахин “Дээлийг тайлан өгч үзүүл!” хэмээсэнд, Дунчэн дотроо айн эмээвч дагахгүй эс болохын тул даруй тайлж өргөв. Цаоцао өөрийн гараар тосож аваад нарны эсрэг барьж нарийвчлан үзсэн хойно өөрийн биед өмсөж бүсийг бүслээд хоёр жигүүрийн ардаас: “Урт охор ямар буй?” хэмээсэнд олон цөм сайшаасанд Цаоцао дунчэнд өгүүлрүүн: “Хааны нагац энэ дээл бүсийг уламжлан өгвөөс ямар?”. Дунчэн өгүүлрүүн: “Эзний хүртээсэн хишгийг хүнд уламжлан өгвөөс зохихгүй би өөр нэгийг оёж барьсугай!”. Цаоцао өгүүлрүүн: “Хааны нагац энэ дээл бүсийг олсон нь харин үүний дотор бодлого буй юу?”. Дунчэн цочиж өгүүлрүүн: “Ямар аймшиггүй ийм явмуй. Чансан хэрвээ авсугай хэмээвээс мөн даруй үлдээн талбисугай”. Цаоцао өгүүлрүүн: “Хаан чамд өгснийг би юунд булаамуй. Зүгээр наадам хийсэн бөлгөө” хэмээгээд даруй дээл бүсийг тайлж Дунчэнд эгүүлэн өгөв.
Түүнээс Дунчэн Цаоцаогаас салж гэртээ эгээд шөнө бичгийн гэрт ганцаар суухдаа дээлийг эргэцүүлэн хянаж үзвээс огт юмгүй. Дунчэн санаруун: “Хаан надад дээл бүсийг хүртээх үес намайг “Нарийвчлан үз!” хэмээсэн нь эрхгүй санаа үгүй бус. Эдүгээ өчүүхэн ч мөр тэмдэг үзэгдэхгүй нь ямар учир болой” хэмээн бас тэр хасын бүсийг авч байцаан үзвээс цагаан хаст бага зулзган луу цэцгийг ороож байхаар сийлжээ. Ард харавтар улаан хэмэрлэгээр доторлож оёж хэлхсэн нь үнэнч урлаг нэг ч өөр юм үзэгдсэнгүй. Дунчэн дотроо сэжиглэн ширээн дээр тавиад урвуулж хөрвүүлэн үзсээр нэлээд удаад ширээг түшиж багахан унтсугай гэтэл гэнэт зулын бадам бүсэн дээр унаж дотрыг баахан түлжээ. Дунчэн цочин арчтал нэгэнтээ нэгэн хэсэг газар түлэгдээд цагаан хангис158 баахан үзэгдэж дээр нь цусны тэмдэг буй тул даруй хутга аваад ударч159 үзвээс харин хааны гараар бичсэн далдлах зарлиг бичиг болой. Бичгийн үг нь:
“Би сонсвоос “Хүний эшийн эх нь эцэг хөвгүүнийг урагш болгож эрхэм доордын ялгал нь хаан сайдыг хүнд болгомуй” хэмээжээ. Эдүгээ Цаоцао хулгай эрхийг барьж, эзнийг мэхлэн, эцгийг дарангуйлж, хоршоо нам нийлж улсын хэлхээг эвдэлмуй. Шагнах, яллах, дэвшүүлэх бууруулахыг нь цөм миний санаагаар болгохгүй. Би өдөр шөнөгүй дэлхий дахиныг эвдрүүзэй хэмээн зовж санамуй. Чи болбоос улсыг тэргүүлсэн сайд миний ойр ураг тул Гаозу хааны зовнин зүдэж тулгар төр байгуулсан гашууныг санаж, шударга журам хос бүрдсэн баатар эрдэмтэнгүүдийг цуглуулж зальхай хулгайн хоршоо намыг алан сөнөөж улс төрийг дахин амруулан тогтоовоос өвгөдийн завшаан хэмээн хурууг зууж цус гарган зарлиг бичиг бичиж чамд өгснийг дахин давтан болгоомжлон хянаж миний санааг битгий үтээрэгтүн! Амгалан байгуулагчийн дөрөвдүгээр оны хаврын гурван сарын зарлиг” хэмээжээ.
158 Хив торго
159 Ханз татах
Дунчэн үзэж бараад мэгшин уйлсаар нэгэн шөнө унтаж чадсангүй. Өглөө эрт босож дахин бичгийн гэрт хүрээд зарлиг бичгийг дахин давтан үзээд нэг ч арга олохгүй тул бичгийг ширээний дээр тавиад Цаоцаог сөнөөх аргыг санаж бодсоор ширээг түшиж унтав. Гэнэт шилан түшмэл Ван Зыфү хүрч ирсэнд хаалганы хүн Зыфү, Дунчэн лүгээ зузаан нөхөрлөснийг мэдээд аймшиггүй хориглосонгүй тул шууд бичгийн гэрт орж үзвээс Дунчэн ширээг түшин унтжээ. Ханцуйн дор нэгэн цагаан хангисыг дарж хааны биеийн өргөмжлөх үсэг өчүүхэн үзэгдмүй. Ван Зыфү сэжиглээд хулган авч үзсэн хойно ханцуй дотроо нуугаад Дунчэнг дуудаж өгүүлрүүн: “Хааны нагац үнэхээр сайн жаргалтай, чи юунд энэ мэт унтах аж?”. Дунчэн цочин сэрвээс зарлиг бичиг үзэгдэхгүй тул биед сүнсгүй болж, яаран самуурч гар хөл тогтомгүй болжээ. Ван Зыфү өгүүлрүүн: “Чи Цао гүнг албаас би гарч гэрчилсүгэй!”. Дунчэн уйлан өгүүлрүүн: “Хэрвээ ах чи ийм болбоос Хань улсын төр мөхөх болой”. Ван Зыфү өгүүлрүүн: “Би наадам хийсэн бөлгөө. Миний өвөг эцэг үе улиран Хань улсын Пүнлүүг идсэн атал хэрхэн өчүүхэн шударга сэтгэлгүй аж. Ах чамд нэгэн тохойн хүчээр тусалж улсын хулгайг алахыг хүсмүй”. Дунчэн өгүүлрүүн: “Үнэхээр ахад энэ сэтгэл байваас улс төрийн их завшаан болой”. Ван Зыфү өгүүлрүүн: “Бид дотоод гэрт орж, хамт бичиг байгуулан тус бүр гурван угсааг гээж үүгээр Ханьгийн хаанд хариулбаас зохимуй”. Дунчэн ихэд баярлан нэгэн эн цагаан хив авч урьд өөрийн нэрээ бичиж тэмдэг үсэг зурсанд Ван Зыфү бас нэрээ бичээд тэмдэг зурсан хойно Ван Зыфү өгүүлрүүн: “Жанжин Ү Зылань над лугаа зузаан нөхөрлөжээ. Түүн лүгээ бодлого хийвээс болмуй”. Дунчэн өгүүлрүүн: “Улсын сайдуудын дотор ганц чаншүй газрын Сяо Юй түшмэл Жунзи, Илан түшмэл Үшуо энэ хоёр хүн миний сэтгэл зүрхний мэт нөхөр тул эрхгүй бидэн лүгээ хамт хэрэг үйлдэж болмуй” хэмээн зөвлөж байтал зарцлах хөвгүүн ирж хэлрүүн: “Жунзи, Үшуо хоёр золгохоор иржээ” хэмээжээ. Дунчэн өгүүлрүүн: “Энэ үнэхээр тэнгэр намайг туслах болой” хэмээгээд Ван Зыфуг түр халхавчийн хойно далдлуулав. Дунчэн хоёулыг угтан гарч бичгийн гэрт оруулж цай уусан хойно Жунзи өгүүлрүүн: “Сюйтяньд авласан хэрэгт авгай басхүү хорслыг өвөрлөмүй үү”. Дунчэн өгүүлрүүн: “Хорсовч яаж ч чадах үгүй”. Үшуо өгүүлрүүн: “Би амалдаж тэр хулгайг алсугай хэмээмүй. Ганц надад туслагчид үгүйд хорсном бөлгөө”. Жунзи өгүүлрүүн: “Улс төрийн төлөө зовлонг арилгахад хэдий үхэвч хорсохгүй”. Ван Зыфү халхавчны хойноос гарч өгүүлрүүн: “Танай хоёул Цао Чансанг алсугай хэмээвээс би гарч заалдсугай! Хааны нагац гэрч мөн”. Жунзи хилэн төрж өгүүлрүүн: “Шударга сайд үхэхээс айхгүй. Бид үхэвч мөн Хань улсын чөтгөр болмуй. Чиний мэт хулгайг түшихээс хараахан дээд болой”.
Дунчэн инээн өгүүлрүүн: “Бид чив хэмээн мөн хэргийн төлөө танай хоёр гүнд золгосугай хэмээж байсан бөлгөө. Ван шилангийн160 үг наадам болой” хэмээгээд ханцуйнаас зарлиг бичгийг гаргаж хоёулд үзүүлэв. Хоёул үзээд нулимс асгаруулж зогсохгүйд Дунчэн даруй нэрийг бичүүлсэн хойно Ван Зыфү өгүүлрүүн: “Хоёр гүн түр сууж байгтун! Би Ү Зыланийг авахаар одсугай!” хэмээн одоод удсангүй Ү Зылань лугаа хамт ирж олонтой учраад нэрийг бичүүлсэн хойно Дунчэн хойд гэрт оруулж хамт ууж байтал гэнэт хүн ирж, хэлрүүн: “Силян газрын Тайшоу түшмэл Матэн золгохоор иржээ” хэмээв. Түүнээс Дунчэн өгүүлрүүн: “Намайг өвдөж гарч золгон чадахгүй хэмээн шалтаглан хэлэгтүн!” хэмээсэнд хаалганы хүн хойш мэдүүлбээс матэн ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Өчигдөр үдэш Дун Хуамэнь хаалганы гадна түүний магнаг дээл хасын бүс бүсэлж, гарч ирснийг би биеэр үзсэн атал юунд өвчнөөр шалтагламуй. Би хэрэггүйгээр ирсэн нь бус! ямар учирт намайг тэвчмүй” хэмээсэнд хаалганы хүн орж Матэнгийн хилэн төрснийг хэлбээс Дунчэн босож хэлрүүн: “Олон гүн нар баахан хүлээмү! Дунчэн би түр гарч ирсүгэй!” хэмээгээд гарч Матэнг танхимд угтаж, оруулан ёслон суусан хойно, Матэн өгүүлрүүн: “Матэн би хаанд бараалхаад одоо буцмуй хэмээн аярлахаар ирвээс юунд ийм хөнгөлмүй?”. Дунчэн өгүүлрүүн: “Дорд биед гэнэт өвчин олсноор угтах ёсыг алдав. Үл зэмлэмүй”. Матэн өгүүлрүүн: “Нүүрт хаврын өнгө илэрч, царайд өвчний дүр үзэгдэхгүй” хэмээсэнд Дунчэн өчих үггүй болжээ. Матэн ханцуйгаа гөвж босоод шүүрс алдаж яндраас бууж өгүүлрүүн: “Цөм улсыг тэнхрүүлэх хүн бус аж” хэмээн өгүүлж гарч одоход Дунчэн түүний үгэнд сэрэгдэж үлдээн суулгаад асууруун: “Гүн хэн хүнийг улсад туслах хүн бус хэмээн элэглэмүй”. Матэн өгүүлрүүн: “Сюйтяньгийн авын үйлд би харин цээж дүүртэл уур төржээ. Чи улсын ойр ураг атал дарсны өнгөнд орж, хулгайг арилгахыг санахгүй тул яахан улс гэрийн гамшиг зовиурыг тэнхрүүлэн арилгах хүн хэмээж болмуй” хэмээсэнд Дунчэн түүний хуурмагийг сэрэмждэн зоримогоор цочиж өгүүлрүүн: “Цао чансан болбоос улсын их сайд бөгөөд хааны түшлэг мэт тул гүн юунд ийм үг гаргамуй?”. Матэн ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Чи басхүү Цаоцао хулгайг сайн хүн хэмээж баймуй уу?”. Дунчэн өгүүлрүүн: “Чих нүд маш ойр тул гүн сэмээр хэлэлц” гэхэд, Матэн өгүүлрүүн: “Амьдрахыг хүсэж, үхэхээс айх хүн лүгээ их хэргийг шүүмжилж болохгүй” хэмээн өгүүлээд бас босож одсугай хэмээхэд Дунчэн Матэнгийн үнэнхүү шударга журамтайг мэдээд сая өгүүлрүүн: “Гүн түр уураа зогсоо би чамд нэгэн юм үзүүлсүгэй!” хэмээгээд Матэнг бичгийн гэрт аваачиж, зарлиг бичгийг үзүүлэхэд Матэн уншиж төгсөөд үсрэн зогсож, шүдээ зууж уруулаа хазаад ам дүүрэн цус гаргаж өгүүлрүүн: “Гүн хэрвээ хэрэг үүсгэвээс би даруй Силянгийн цэргийг авч гадаадаас угтсугай!” хэмээсэнд Дунчэн даруй Зыфү нарт золгуулж нэр тэмдэглэх бичгийг гаргаад матэнгийн нэрийг бичүүлбээс Матэн цуст дарсыг ууж амалдан өгүүлрүүн: “Бид бие эцэстэл энэ болзооноос үтээрэхгүй!” хэмээгээд бас суудалд байх хүнийг зааж өгүүлрүүн: “Хэрвээ арван хүнийг олбоос энэ их үйлийг бүтээж чадмуй”. Дунчэн өгүүлрүүн: “Шударга журамт хүнийг олонтоо олохгүй. Хэрвээ учирсан нь тэр хүн бус болбоос гэдрэг хор болмуй”. Матэн төрийн түшмэдийн дэс дарааллын дансыг гаргаж байцаан үзэж, Лю овогтын хааны угсаанд хүрээд алгаа дэлдэж өгүүлрүүн: “Юунд энэ хүн лүгээ зөвлөхгүй аж?” хэмээв. Олон цөм “Хэн” хэмээн асууваас матэн алгуураар тэр хүнийг хэлж гаргав. Энэ чухамхүү:
“Улсын нагац далдлах зарлиг бичгийг илгээн хүлээн авсан учир
Угсаа төрлийн Хань улсын төрийг туслах нь үзэгдэв”
Эгнэгт матэн ямар хүнийг хэлж гаргахыг доор бүлэгт үзтүгэй!
160 Ван Зыфүгийн албан тушаал
Сэтгэгдэл ( 0 )