Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 106 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

БИЧГИЙН ХҮМҮҮН ИНЭЭН ЗООГДОЖ ХҮЧИРХЭГ ДАЙСНЫГ УХРУУЛСАН УСАН ЦЭРЭГ АРГА ҮҮСГЭЖ

БЭХЛЭГ ХОТЫГ ЭВДСЭН

Жич өгүүлэх нь, Сүн Жян цэрэг морийг ялган салгаж усан хуурай хамтаар урагшилж онгоц салыг цугаар хөдөлгөж, хуурайн цэргийг гурван анги хуваав: Өмнөд байлдаж хулгайг шувтлах арван хоёр гавшгай жанжинд нэг түмэн цэрэг өгч илгээв. Тэр арван хоёр жанжин болбоос: Дүн Пин, Чинь Мин, Сюй Нин, Со Чао, Жан Чин, Чюн Ин, Сүнь Ань, Бянь Сян, Ма Лин, Тан Бинь, Вэнь Жүн Рүн, Цүй Е Хойдод хайгуул хийх арван дөрвөн барсын жанжинд таван түмэн цэрэг өгч илгээв. Аль арван дөрвөн жанжин хэмээвээс: Хуан Синь, Сүнь Ли, Хань Тао, Пэн Чи, Шань Тингүй, Вэй Дингуо, Оу Пэн, Дэн Пэй, Янь Шүнь, Ма Линь, Чэнь Да, Ян Чүнь, Жоутун, Ян Линь, Сүн Жян жич Лү Жюнь И нар ерэн хэдэн жигүүрийг жанжныг авч түмэн их цэргийг хөдөлгөн Шань Нань жюнь-ий зүг их алан ирэв. Түүнээс хошууч цэргийн Дүн Пин нар харъяа цэргийг шаардан Лүн Жүн Шань уулаас хойш таван газрын үзүүр хүрээ буусанд хайгуулын ард морь довтолгон ирж мэдүүлрүүн: - Хулгайн түрүү Ван Чин манай их цэрэг алан ирснийг сонсоод Лүн Жүн Шань уулын ард хормойд тухайлан хоёр түмэн шилдэг цэрэг нэмж сахиулаад, гавшгай жанжин Хэ Жи, Ми Шэн, Го Гань, Чэнь Юнь нараар цэрэг морийг захируулан угтан байлдахаар бэлтгэмүй хэмээсэнд Дүн Пин арга үүсгэж Сүнь Ань, Бянь Сян хоёулд таван мянган цэрэг өгч уулын зүүнд бүгүүлээд Ма Лин, Тан Бинь хоёулд мөн таван мянган цэрэг өгч уулын баруунд бүгүүлээд цэргийн хүрээнд буун дуу гармагц нэгэн хамтаар алан орогтун хэмээн захив. Төдийд Дүн Пин жанжин цэргийг тус тусад явуулж бартал олон хулгай хэнгэрэг харанга дэлдэн туг хиур сажилж урагш өдөөн байлдахаар ирсэнд, хоёр этгээдийн цэрэг морь эсрэгцлэн жагсаж харангын дуу тэнгэр газрыг доргиулж сэрээ жад нум холховч нар сарыг халхалжээ.

Хулгайн жагсаалд далбаа сажилмагц Ми Шэн морь тавин жагсаалын өмнө гарч ирэв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс Ми Шэн тэргүүндээ ган дуулга дарж, биедээ төмөр хуяг хэдрээд ардаа алаг шаазгайн зурагт саадаг агсаж сүвээндээ бүргэдийн өдөт зэвийг суйрчээ. Царайн өнгө хүрэн бөгөөд хөндлөн махан ширхэгтэй, хоёр нүд гэрэлтэй бөгөөд гуулин хонх адил, гартаа уулыг цавчих саран сүх барьж хонгор моринд сүвээ даран суужээ. Төдийд Ми Шэн өндөр зандан өгүүлрүүн: - Өмхий шалбаагийг эзэлсэн танай зэргийн өчүүхэн боол юун хэмээн мунхаг хаанд үйлчлэн энэ газар үхэхвэр ирмүй хэмээсэнд Сүн улсын жагсаалд хэнгэргийн дуу мандахын сацуу гавшгай баатар Суо Чаоморь тавьж жагсаалаас довтлон гараад өндөр дуугаар: - Ёс бусаар эзэн төрөөс урвасан самуун хулгай ямар аймшиггүйгээр бузар үгсийг үүсгэмүй! Чамайг зуунтаа цавчиж махан жян болгосугай хэмээгээд морь ташуурдан сүх далайж орсонд Ми Шэн бас аран сүхийг эргүүлэн орохуйяа хоёр этгээдийн цэргийн ард үер түлхэлж ус цалгилах мэт хашхиралцан үүсгэсэнд хоёр жанжин хувь хувийн зэвсгийг эргүүлэн амин газрыг эрэн цавчиж хойш урагш зөрөлдөн тавь жаран удаа дийлэн дийлэгдэх ялгарахгүй.

Үзвээс хулгайн жанжин Ми Шэн хэмээгч үнэхээр хүчин баатар хосгүй эр ажгуу. Төдийд цахилгаан тэнгэр Чинь Мин бээр Со Чао-ын хүч мөхөсдөхийг үзээд чонын араат бялууг эргүүлэн морь тавин жагсаалаас гарахуйяа хулгайн жанжин Чэнь Юнь бас сарт жадыг бүжиглэн угтан ороод хоёр хос жанжин хувь хувийн зэвсгийг эргүүлэн зууралдан байлдаж атал гэнэт үхэр буун дуу мандмагц Сүнь Ань, Бянь Сян хоёул бүгсэн цэргийг аван зүүн этгээдээс алан ирэхүйеэ хулгайн жанжин Хэ Жи бас цэргийг салган угтан байлдав. Ма Лин, Тан Бинь хоёул баруун этгээдээс бүгсэн цэргийг дагуулан алан орсонд хулгайн жанжин Го Гань бас цэрэг салган тосон авав. Сүн улсын жагсаалаас Чюн Ин морь довтлон гараад хэмэрлэг уутнаас чулуун мөхлөгийг шүүрэн авч Чэнь Юнь-ий нүүрийг заан занчин илгээснээ тэр чулуун мөхлөг чив хэмээн Чэнь Юнь-ий хамрыг онож цус гоожуулан мориноос өнхрөн унав. Чинь Мин морь довтолгон ирж чонын араат бялууг далайн галавыг заан нэгэнт занчсанд хөөрхий Чэнь Юнь хэдийн хуяг дуулгын хамт хэмх эчив. Сүнь Ань морь хийсгэн Хэ Жи лүгээ гучин хэдэн удаа зөрөлдөж, гэнэт бие урван сэлэм эргүүлэн Хэ Жи-г мориноос цавчин унагав. Баруун этгээдэд байлдах тан Бинь бас Го Гань-ийг жадлан унагав.

Ми Шэн бээр олон жанжныг автагдсаныг үзээд байлдах сэтгэл үгүй болж Со Чао-ын сүхийг зайлуулан жолоо даран буруулан эчихүйеэ Со Чао, Сүнь Ань, Ма Лин нар цэргийг дохиж алан орсноо хулгайн цэрэг их л дарагдав. Олон жанжин нар Ми Шэн-г нэхсээр уулын хошууг гармагц уулын арын шугуй дотор далдалж байсан хулгайн жанжин Гэн Вэнь, Сюай Зань нар нэг түмэн цэргийг авч шугуй дотроос алан ирээд Ми Шэн-ийн цэрэг лүгээ нийлж Ми Шэн өмнө орж Сүн улсын жагсаал зүг алан ирэв. Сүн улсын жанжин Вэнь Жүн Рүн цэргийн гавъяа олсугай хэмээн морь ташуурдан Ми Шэн-г угтан ороод арван хэдэн удаа болсонд Ми Шэн гэнэт саран сүхийг эргүүлэн Вэнь Жүн Рүн-г цавчиж хоёр анги болгов. Цүй Е бээр Вэнь Жүн Рүн-ийн автагдсаныг үзээд ихэд хилэгнэж морь довтолгон илд эргүүлэн Ми Шэн-г тосон орсонд хоёр жанжин хойш урагш зөрөлдөн зургаа долоон удаа болохуйяа Тан Бинь бас морь тавьж өмөглөхөөр ирэв. Ми Шэн бээр өмөглөхөөр ирэх жанжныг үзээд өндөр дуугаар нэгэнт андран сүх далайн Цүй Е-г цавчиж мориноос унагаад Тан Бинь-ийг тосон байлдав. Сүн улсын жанжин Жан Чин, Чюн Ин хоёул хоёр жанжны дараа дараагаар автагдсаныг үзээд морь хийсгэн угтан оров. Жан Чин чулуун мөхлөгийг шүүрэн авч Ми Шэн-ийн зүг занчин илгээснээ Ми Шэн нүд гярхай гар түргэн тул сүхийг далайн туссанд чулуун мөхлөг чив хэмээн сүхэнд тусаж нэгэн бөөм гал бутарч газар унав.

Чюн Ин бээр өөрийн эрийн чулуун мөхлөг газар унасныг ихэд гэлмэж хэмэрлэг уутнаас мөхлөг чулууг шүүрэн авч занчин илгээв. Ми Шэн бас нэгэн чулуун мөхлөг нисэн ирэхийг үзээд бие бөхийн зайлахуйяа чулуун мөхлөг гуулин соновторыг онож дингар хэмээх дуу гарахын сацуу газар унав. Сүн улсын жагсаалд асан Сюй Нин, Дүн Пин хоёул хоёр чулуун мөхлөг эс оносныг үзээд их л хилэгнэн морь тавьж алан ирэхүйеэ Ми Шэн бээр Тан Бинь-ий жадыг зайлуулан морин жолоо дарж буруулан эчив. Тан Бинь тавилгүй нэхэж эчтэл хулгайн жанжин Гэн Вэнь, Сюй Зань хоёул угтан орохуйяа Ми Шэн энэхүү чөлөөнд хэдийн дутаан гарчээ. Төдийд Сүн улсын олон жанжин нар Гэн Вэнь, Сюай Зань хоёулыг цавчин унагахуйяа хулгайн цэрэг дөрвөн зүгт буруулан бутарч, Сүн улсын цэрэг хулгайн зэр зэвсэг, хуяг дуулга, хүлэг морийг маш олон олзолжээ. Төдийд Дүн Пин бээр цэргийн ардаар Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёулын хүүрийг хураалган оршуулахуйяа Тан Бинь дуу тавьж гашуудан уйлаад өөрийн биеэр цэргийн ардын хамт хоёр жанжны хүүрийг оршуулав.

Дүн Пин зэргийн есөн жанжин цэрэг морийг хурааж Лүн Жүн Шань уулын өмнө хормойд цэргийн хүрээ буув. Жич өдөр, Сүн Жян зэргийн хоёр их анги цэрэг морь хүрч ирж Дүн Пин нарын цэрэгтэй нийлэв. Сүн Жян бээр хоёр жанжны бие эндсэнийг сонсоод ихэд гашуудан уйлж архи дусаан тайж бараад цэргийн багш Ү Юн-г дуудан хот эвдэх аргыг зөвдөв. Цэргийн багш Ү Юн, Жү Ү хоёул үүлэн шатанд авирч хотын байдлыг нэгэн зэрэг нарийвчлан үзээд шатнаас бууж Сүн Жян-ын зүг ийн өгүүлрүүн: - Энэ хот маш бат бэх тул байлдваас тусгүй. Тийнхүү хотыг байлдах сүр мандуулж хулгайн тохиолд нийлүүлэн арга бодоход хүрэхгүй хэмээсэнд, Сүн Жян захиа уламжлан нэгэнтээгүүр хотыг байлдах зэр зэвсэг үйлдүүлэн нөгөөтээгүүр дөрвөн зүг найман зовхис тагнагч цэрэг илгээж чимээ сураг авуулав. Түүнээс хулгайн жанжин Ми Шэн хоёр гурван зуун морьт хуягийг дагуулан довтолсоор шань нань Чэн хотод дутааж оров. Үзвээс хотыг сахисан гол жанжин нь Ван Чин-ийн хадам ах Дуань Эл ажгуу. Урагш өдөр Ван Чин бээр Сүн улсын цэрэг морь байлдан ирмүй хэмээн сонсоод хадам ах Дуань Эл-ийг бас өргөмжилж зүүнийг төвшитгөх их юаньшуай хэмээгээд тухайлан энэ хотыг батлан сахиулсан бөлгөө. Төдийд Ми Шэн бээр дотогш орж Дуань Эл-д золгож Сүн Жян зэргийн олон жанжны хүчин баатар хязгаалшгүй ба энэ өдрийн байлдаанд таван жанжин алагдаж бүх цэргийг хохируулсан үйлийг нарийвчлан тоочоод их юаньшуай-аас цэрэг зээлэн өшөөгөө авсугай хэмээн гашуудан гуйв. Үзвээс Ми Шэн нарыг угт Ван Чин зарсан тул тийнхүү цэрэг зээлмүй хэмээсэн ажгуу. Төдийд Дуань Эл их л хилэгнэж: - Чи хэдий миний харъяа жанжин бус боловч жанжин цэргийг хохируулсан их ялтай тул чамайг чухам албаас зохимуй хэмээгээд зүүн баруун этгээдийн илд сүх барьсан ардыг зандан түлхэж аваачаад тэргүүнийг нь цавч хэмээсэнд цацрын доороос нэгэн хүмүүн хэхэлзэн гарч ирээд: - Их юаньшуай уурыг дарж түр энэ хүмүүнийг үлдээмү хэмээн айлтгаснаа Дуань Эл нүд өргөн үзэхүл үзвээс цацрын доорх зөвлөлийн сайд Зо Му асан ажгуу. Дуань Эл асууруун: - Түүнийг хэлтрүүлсүгэй хэмээх нь юун? хэмээхүйеэ Зо Му өгүүлрүүн: - Түшмэл би сонсвоос Ми Шэн-ийн хүч чадал мохошгүй бөгөөд энэ өдөр бас Сүн улсын хоёр жанжныг цавчжээ. Сүн Жян зэргийн олон хүмүүн чийрэг жанжин эрэмгий тул хүчээр байлдваас болохгүй. Ганц арга үүсгэвээс сая дийлж болмуй хэмээвээс Дуань Эл асууруун: - Арга үүсгэмүй хэмээгч юун?" Зо Му өгүүлрүүн: - Сүн Жян нар амуу хүнс тэрэг хөсгийг цөм Ваньжоу-д хадгалж тэндээс зөөн авчирмуй.

Түшмэл би сонсвоос Ваньжоу-г сахисан хулгайн цэрэг хүч буурай хэмээмүй. Тийнхүү их юаньшуай нууц элч илгээн Жюньжоу, Гүнжоу хоёр газрыг сахисан жанжинд өдөр болзон цэрэг морийг авч Ваньжоу-ын өмнөөс сундлан байлд хэмээн хэлүүлж, эндээс бас гавшгай цэргийг сонгон Ми Шэн-ээр нийгэмлэн захируулан түүнд ялыг тайлан гавъяа байгуулах тохиол олгон Ваньжоу-ын хойноос байлдуулсугай. Сүн Жян бээр Ваньжоу-ын түгшүүртэй болсныг сонсвоос эрхгүй өмөглөн байлдсугай хэмээн цэрэг ухрах тул тэргүүний цэрэг ухрах дашрамд нийлүүлэн бид бас шилсэн цэрэг гарган хулгайн хоёр талаа хавчин байлдваас Сүн Жян-г эрхгүй баривчилж болмуй хэмээв. Дуань Эл хэмээгч угт нэгэн хөдөө гацааны бэртэгчин эр тул хаанаас цэргийн ёсыг төсөөлж мэдэх аж. Эдүгээ зөвлөлийн түшмэлийн ийн айлтгахыг сонсоод түүний үгийг зөвшөөрч хоёр шадар ардыг дуудан Жюньжоу, Гүнжоу хоёр газар хэл өгч болзоо тогтоохоор илгээгээд бас хоёр түмэн шилдэг цэргийг сонгож Ми Шэн, Чуай Жу, Вэн Фэй гурван жанжинд захируулан шөнөөр баруун хаалгыг сэмээр нээж, тугийг эвхэн хэнгэргийг бүрхэж Ваньжоу-ын зүг байлдахаар илгээв. Өгүүлэх нь, Сүн Жян бээр цацарт суун хотыг эвдэх аргыг бодож атал гэнэт усан цэргийн түрүү Ли Жюнь дотогш орж ийн айлтгаруун: - Усан цэргийн онгоц салыг хэдийн хотын баруун хойнох Хань Жян мөрөн, Сян Шүй голд ирүүлжээ. Бага дүү тухайлан зарлиг хүлээхээр ирэв хэмээсэнд, Сүн Жяних л баярлан Ли Жюнь-ийг цацарт авч суулган хэдэн хундага дарс уулгаж атал харуулын ард дотогш ирж хот доторх цэрэг морь арга үүсгэн Ваньжоу-г сундлан байлдахаар мордов хэмээн мэдүүлэв.

Сүн Жяних л гэлмэж цэргийн багш Ү Юн лүгээ зөвдөхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Чэнь Ань Фү жич Хуа жанжин нар цөм аюулхай цээжнээ арга бодлого үлэмж тул Ваньжоу-ын төлөө сэтгэл зовних хэрэггүй. Бид энэхүү дашрамд нийлүүлэн арга гаргаж үйлдвээс эрхгүй энэ хотыг олж болмуй хэмээгээд Сүн Жян[1]ын чихэнд ийм тийм хэмээн хэдэн үг шивнэв. Сүн Жяних л баярлан усан цэргийн түрүү Ли Жюнь жич явган цэргийн түрүү Бао Сюй нарын хорин жанжинд нууц ухаан сургаж хоёр мянган цэрэг өгч шөнө дүлээр илгээхийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, хулгайн жанжин Ми Шэн нар цэрэг морийг шаардан Ваньжоу-ын зүг ирэхүйеэ харуулын ард хэдийн дотогш орж мэдүүлэв. Чэнь Ань Фү үүнийг сонсоод Хуа Рүн, Линь Чүн-д хоёр түмэн цэрэг өгч хот гарч угтан байлд хэмээн захисанд хоёр жанжин цэрэг авч хотын хаалгыг гартал харуулын ард бас нисэх мэт морь довтолгон урагш ирж: - Ми Шэн нар Жюньжоу-ын хулгай лугаа нууцаар болзож эдүгээ Жюньжоу-ын гурван түмэн цэрэг нэгэнт хотоос хойш арван газрын үзүүр хүрч ирэв хэмээсэнд, Чэнь Хуань бас Люй Фан, Гуо Шэн хоёр жанжинд хоёр түмэн цэрэг өгч хойд хаалгаар гарч хулгайн цэргийг угтан байлд хэмээн илгээв. Дэмий нэгэн мөч болсонгүй харуулын ард бас мэдүүлрүүн: - Гүнжоу-г сахисан хулгайн жанжин Жи Сань Сэ, Ни Шэ Нар гурван түмэн их цэрэг дагуулан баруун хаалганы зүг алан ирэв хэмээв. Олон хүмүүн цөм нүүр нүүрээ ширтэж их л гэлмэн: - Хот дотор Сюань Зан, Хао Сывэнь хоёр жанжны төдий л үлдсэн бөгөөд хот ахих нэг түмэн цэргийн ихэнх хагас нь хөгшин буурай тул одоо хэрхвээс сайн?" хэмээлцэв.

Төдийд хувилгаан бичээч Сяо Ран арга өргөж айлтгаруун: - Эрхин ань фү сэтгэл зовних хэрэггүй. Өчүүхэн хүмүүнд нэгэн арга баймуй хэмээгээд хоёр хурууг гаргаж: - Ийм тиймээр үйлдвээс эрхгүй хулгайг ухруулж болмуй хэмээсэнд Зань Хуань тэргүүлэн олон цөм тэргүүн дохиж сайшаав. Түүнээс Чэнь Ань Фү бээр Сюань Зан, Хао Сывэнь хоёулыг дуудаж та хоёул таван мянган шилсэн цэргийг авч баруун хаалган дотор бүгээд хулгайн цэрэг ухарваас гарч байлд хэмээн захисанд хоёр жанжин захиаг хүлээн мордов. Чэнь Ань Фү бас хотыг сахих хөгшин зэмдэг цэргийн ардыг сургаж өгүүлрүүн: Та нар хотын хаалгыг сахих хэрэггүй. Туг хиурыг эвхэж хүлээж байгтун. Баруун хаалганы хотын хайсан дээр дохион буу дуугармагц туг хиураа цугаар босгож хот дотор нааш цааш зорчин явагтун. Хаалга гарч болохгүй хэмээн сургаж бараад, цэргийн ардаар хотын хайсан дээр хөнөгт дарс хувин хундагын зүйлийг ацруулж хуримын ширээ засуулав. Дараагаар Чэнь Хуань, Хоу Мэн, Ло Жянь нар хотын хайсанд авиран гарч ширээ тойрон суугаад архи уун инээлдэн ярилцаж хотын дөрвөн хаалгыг цайтал нээлгэн хулгайн цэрэг хүрч ирэхийг хүлээв. Дэмий удсангүй Жи Сань Сэ, Ни Шэ нар арван хэдэн жанжныг дагуулан алах сүр мандуулан хотын доор ирээд тэргүүн өргөн үзвээс, хотын хаалга цайтал нээх бөгөөд хотын хайсан дээр гурван түшмэл, нэгэн бичгийн хүмүүн архин ширээ засаж архи дарс ууж, билар хөгжим үүсгэн гоо охидоор асруулж, хотын дөрвөн өнцөгт туг хиур нэг ч хэмээн харагдахгүй тул Жи Сань Сэ их л сэжиглэж аймшиггүй үл урагшилмуй.

Ни Шэ өгүүлрүүн: - Хот дотор эрхгүй бэлтгэл байх тул цэргийг түргэн ухруулбаас сая түүний зальт аргад гэнэдэгдэхгүй бөлгөө хэмээсэнд Жи Сань Сэ үгийг зөвшөөж цэрэг морийг ухруулсугай хэмээтэл гэнэт хотын хайсанд үхэр буу дуугарч хашхирах дуу аянга түрчигнэн ус цалгилах мэт, тоолшгүй туг хиур хотын дотор нааш цааш зөрөлдмүй. Хулгайн цэрэг урьд Жи Сань Сэ, Ни Шэ хоёулын үгийг сонсоод хараахан түдгэлзэж атал эдүгээ хотын дотор энэ мэт болсонд байлдсангүйгээр дотроо самуурав. Төдийд Сюань Зан, Хао Сывэнь хоёул цэрэг аван хотын хаалгаар алан гарч ирэхүйеэ хулгайн цэрэг их л дарагдан туг хиур хэнгэрэг харанга, зэр зэвсэг хуяг дуулгаа энд тэнд гээж дутаахуйяа Сүн улсын цэрэг түм илүү хүмүүний тэргүүнийг нь цавчив. Жи Сань Сэ, Ни Шэ хоёул самуурсан цэрэгт алагдаж үлдсэн цэрэг дөрвөн зүг сарнин дутаажээ. Сюань Зан, Хао Сывэнь хоёул дийлсэн цэргийг авч хотноо орохуйяа Чэнь Ань Фү нар хэдийн хойш эгж юаньшуай-н яаманд харьжээ. Хойд этгээдэд байлдах Хуа Рүн, Линь Чүн хоёул нэгэнт хулгайн жанжин Чуай Жу, Вэн Фэй хоёулыг цавчин унагахуйяа олон хүмүүн зүг зүгтээ сарниж Ми Шэн ганц бие буруулан эчив. Хуа Рүн нар дийлсэн цэргийг авч хотноо орсугай хэмээтэл бас хулгайн цэрэг хоёр замаар байлдан ирэв хэмээн мэдүүлэв. Үзвээс баруун замаар ирсэн цэргийг Сяо Ран бээр арга хэрэглэж ухруулсан боловч өмнө талд байлдах Люй Фан, Гуо Шэн хоёулын дийлэн дийлэгдсэнийг үл мэдмүй. Хуа Рүн энэхүү чимээг сонсмогц цэрэг моринд цааз уламжлан өмнө этгээдэд ирвээс Люй Фан, Гуо Шэн хоёул хулгай лугаа хараахан зууралдан байлдаж асанд Линь Чүн, Хуа Рүн хоёул цэргийг дохиж өмөглөн байлдаж хулгайн цэргийг үүл мэт сарнитал алав. Тэр өдрийн байлдаанд гурван замаар ирсэн хулгайн цэрэг гурван түм гаруй хүмүүн үхэж шархадсаныг нь тоолбоос барахгүй.

Хулгайн үхдэл яс хээр тал дүүрэн, улаан цусан гол мөрөн болж нэлийн урсав. Линь Чүн, Хуа Рүн, Люй Фан, Гуо Шэн нар цэргээ хурааж хотноо ороод Сюань Зан, Хао Сывэнь хоёулын хамт юаньшуай-н яамнаа ирж гавъяагаа мэдүүлснээ Чэнь Хуань, Хоу Мэн, Ло Жянь гурвуул ихэд баярлан Сяо Ран-ын гайхалтай аргыг сайшаан Хуа Рүн нарын эрэмгий баатрыг магтахуйяа олон жанжин тал өгөв. Чэнь Ан Фү бээр хуримын ширээ засаж олон жанжин нарыг шагнаад гурван замын хуяг цэрэгт хишиг шан түгээж Сяо Ран, Линь Чүн зэрэг олон жанжны гавъяаг тус тус илэрхийлэн бичүүлж хотыг бэхлэн сахихыг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Дуань Эл бээр Ми Шэн зэргийн жанжин цэргийг хот гарган илгээгээд жич орой өөрийн биеэр хотын хайсанд гарч Сүн улсын цэргийн хүрээг үзэв. Тэр үед түв хэмээн найман сарын дунд болсон тул толь мэт дүгрэг саран харанхуй шөнийг өдөр мэт гийгүүлжээ. Төдийд Дуань Эл бээр Сүн улсын цэргийн хүрээг үзэхүл туг хиур дарвалзан хөдөлж хойд зүг цэрэг ухрах мэт тул зөвлөлийн сайд Зо Му-ын зүг өгүүлрүүн: - Санаваас Сүн Жян бээр Ваньжоу-ын түгшүүртэй болсныг сонсоод цэрэг ухрах буй за хэмээсэнд зөвлөлийн түшмэл бас: - Илэрхийеэ тийм болов. Хурдан гавшгай цэрэг илгээж хулгайг хашин байлдваас зохимуй хэмээв. Дуань Эл бээр Чянь Бинь, Чянь И хоёр жанжинд хоёр түмэн цэрэг өгч хот гарч Сүн улсын цэргийг нэхэмжлэн байлд хэмээсэнд хоёр жанжин за хэмээн зарлигийг хүлээж эчив. Дуань Эл бас баруунш бараалбаас Сян Шүй голын ус сарны гэрэлд мэлмэлзэн урсаж тув тунгалаг харагдаж амуу хүнс тээсэн Сүн улсын гурав дөрвөн зуун сал онгоц умар зүгийг чиглэн алгуураар эчмүй. Дуань Эл хэмээгч энгийн цагт булаан дээрэмдсээр сурамгай болсон хүмүүн тулл амуу хүнс тээсэн олон онгоцод усан цэрэг дэмий үгүй.

Ганц зургаа долоон цэргийн ард сэлүүр сажлан эчихийг үзээд шүлс залгин баруун хаалган доорх усан хаалтыг нээлгэж усан цэригийн нийгэмлэн захирагч жанжин Жу Нэн-г дуудан таван зуун байлдааны онгоцыг хөдөлгөж Сүн улсын амуу өвс тээсэн онгоц салыг булаагтун хэмээн илгээв. Төдийд Сүн улсын онгоц дээрх ард бээр таван зуун байлдааны онгоц нисэх мэт сумдан ирэхийг үзээд яаран онгоцыг сэлж хөвөөнөө ойртуулаад онгоц сэлэгч ард зэрэг зэргээр гоолын хөвөөнд үсрэн гарав. Жу Нэн бээр байлдааны онгоцыг шаардан өмнөш иртэл Сүн улсын онгоцон сүрэгт гэнэт харангын дуу гарахын сацуу хэдэн арван суман онгоц гарч ирэв. Жу Нэн нүд өргөн үзвээс онгоц бүрийг хоёр хүмүүн сэлж гурав дөрвөн хүмүүн бамбай халхавч барьж ахар сэлэм охор илд далайж нисэх мэт алан ирэхүйеэ, Жу Нэн усан цэргийг зандан галт буу галт зэв харвуулсанд суман онгоц дээрх цэргийн ард эсэргүүцэн дийлэхгүй болж аяа хэмээн бархиралцсаар уснаа үсрэн орсонд хулгайн цэрэг амуу хүнс тээсэн онгоцыг булаан авав. Жу Нэн бээр усан цэргийг зандарч амуу хүнс тээсэн онгоцыг сэлж хот дотор оруул хэмээгээд сая нэгэн онгоцыг сэлж хот дотор ортол Дуань Эл бээр онгоц салыг байцааж үзсэн хойно сая хотод оруулж болмуй хэмээн захиа уламжлав.

Түүнээс Жу Нэн бээр усан цэргийн жанжныг зандан онгоц салыг байцаа хэмээхүйеэ арван хэдэн хүмүүн зэргээр гар хөдлөн онгоцон хавтсыг нээсүгэй хэмээвээс хүрэл төмөр мэт хатуу тул хөдөлгөж чадсангүй. Жу Нэн их л цочин: - Аргад унав хэмээгээд яаран илд сүх авчруулж онгоцон хавтсыг нээж үз хэмээгээд бас онгоц салыг хотод оруулж болохгүй хэмээх үг барахын урьд хотон гадна зогссон гурав дөрвөн онгоц сэлэх хүмүүн үгүй атал салхинд уруудан урсгалыг дагаж өөртөө хөвсөөр хотон хаалган доор хүрч ирэв. Жу Нэн аргад унасныг мэдэж яаран хөвөөн дээр үсрэн гартал усан дотроос арван хэдэн хүмүүн гартаа ахар илд охор сэлэм барьж үсрэн гарч ирэв. Үзвээс түв хэмээн Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь, Руань овгийн ах дүү гурвуул жич Түн Вэ, Тун Мэн ах дүү хоёулын найман жанжин асан ажгуу. Төдийд хулгайн цэрэг жад сэлэм сунган жадалсугай хэмээтэл Ли Жюнь хулсан бишгүүрийг нэгэнт үлээсэнээ хаалган доор зогссон дөрөв таван онгоц дотор нууж байсан явган цэргийн түрүүчүүд онгоцон хавтсыг зайлуулж ал хэмээн бархиралцсаар үсрэн гарч ирээд жад эргүүлэн хулгайн цэргийн зүг алан оров. Үзвээс угт Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Ли Күй, Лү Жишэнь, Ү Сүн, Ян Сюн, Ши Сю, Се Жэнь, Се Бао, Гүн Ван, Дин Дэсүнь, Зоу Юань, Зоу Рүнь, Ван Дин Лю, Бай шэн, Дуань Жинжү, Ши Чянь, Ши Юн, Лин Жэнь зэргийн хорин жанжин асан ажгуу.

Төдийд Бао Сюй нар мянга илүү цэргийн ардыг дагуулан ал хэмээн бархиралцсаар хөвөөнөө дэвхрэн гараад зэвсэг далайн хулгайн цэргийг хөндлөн гулд цавчин унагасанд хулгайн цэрэг тулан чадахгүй болж дөрвөн зүг буруулан эчив. Тун Вэй зэвсэг эргүүлэн Жу Нэн-г цавчин унагахуйяа онгоцонд байсан хулгайн цэрэг их хагас нь Ли Жюнь зэргийн олон жанжинд алагдаж голын ус улаанаар будагдав. Ли Жюнь нар урагш магшин орж усан хаалтыг булаан авсанд явган цэргийн олон жанжин бас Лин Жэнь-ийг хамгаалан урагш магшин оров. Лин Жэнь галт бууд гал золгуулан явган цэргийн жанжныг дагуулан энд тэнд галдаж зүүнш баруунш цавчиж цусан зам гаргахуйяа хот дотор хэдийн ус буцлах мэт үймээн дэгдэж эцэг эхээ дуудан эхнэр хүүхдээ бархирч уйлах дуу тэнгэр тулжээ. Төдийд Дуань Эл бээр хувьсгал гарсныг үзээд яаран цэрэг авч өмөглөн байлдахаар иртэл чив хэмээн Ү Сүн, Ян Сюн, Ши Сю, Ван Дин Лю нарын олон жанжинд учрав. Дуань Эл яаран бие буруулсугай хэмээтэл Ван Дин Лю нэхэж гүйцээд зүүн гуяыг нь жадалж мориноос унагаад амьдаар барив. Лү Жишэнь, Ли Күй зэргийн арваад жанжин хойд хаалган доор байлдан хүрч хаалга сахисан ардыг алан бутруулж хотын хаалгыг нээн унуул гүүрийг тавив. Тэр үед Сүн Жян зэргийн олон жанжин үхэр буун дууг сонсоод морь довтолгон алан иртэл түв хэмээн Чянь Бинь, Чянь и хоёулд учирч нэгэн зэрэг хатгалдан байлдав. Бянь Сян нэгэнт жадлан Чянь Бин-г алсанд Ма Лин бас Чянь И-г цавчиж мориноос унагасанд хүмүүн морины хөлд хэдийн махан жян болжээ. Хулгайн гурван түмэн их цэргийн их хагас нь алагджээ.

Төдийд Сүнь Ань, Бянь Сян, Ма Лин нар цусан зам гарган цавчиж хойд хаалгаар шувтлан ороод хулгайн цэргийг алан сарниулж хотыг эзлэн аваад Сүн Жян зэргийн олон хүмүүнийг залж хотод оруулав. Энэ үед хэдийн таван жин болсон ажгуу. Сүн Жян бээр олон жанжинд захиа буулган галыг унтраалган зуун овогтонд халдаж болохгүй хэмээн цааз зарлаж тэнгэр гэгээрсэн хойно зар тунхаг нааж иргэнийг илбэн тохруулсанд олон жанжин урагш ирж өөр өөрийн гавъяагаа мэдүүлэв. Ван Дин Лю бээр Дуань Эл-ийг хүлж цацрын доор түлхэн авчирсанд Сүн Жян бээр шадар ардыг дуудан Чэнь Ань Фү-ийн дэргэд хүргүүлэн шийтгэв. Зөвлөлийн түшмэл Зо Му самуун цэрэгт алагдаж хулгайн жигүүрийн жанжны олонх нь үхэж түм илүү хүмүүн дагажээ. Сүн Жян захиа уламжлан үхэр хонь алуулж гурван замын жанжин цэрэгт шагнан Ли Жюнь зэрэг олон жанжны цэргийн гавъяаг илэрхийлэн бичээд Ма Лин-г дуудан Чэнь Ань Фү-ийн тэнд эчиж баяр мэдүүлээд хулгайн чимээг сонсож ирэгтүн хэмээн илгээв. Ма Лин захиаг хүлээн эчээд дэмий гурван цаг болсонгүй хойш буцаж ирээд: - Чэнь Ань Фү баярыг сонсоод ихэд баярлан айлтгал бичиг сийрүүлэн бичиж элч томилон эзэн хотод мэдүүлэхээр илгээв хэмээгээд Сяо Ран-ын арга гаргаж хулгайг ухруулсан үйлийг нэгэн зэрэг тоочин хэлсэнд Сүн Жянихэд цочиж: - Хулгайд сэрэгдсэн болбоос хэрхнэм? Хашил бичгийн хүмүүний үзэлт ажгуу хэмээгээд яам санг нээлгэж цэрэг дайны үймээнд зүдэрсэн зуун овогтонд түгээлгэн өгүүлж аливаа хэргийг шийтгэж дуусаад Ү Юн лүгээ Жин Нань жюнь-ий газрыг байлдан авах үйлийг хараахан зөвлөж атал Чэнь Ань Фү бээр цэргийн яам шүми Юань-ий албан бичгийг элч зарж хүргэн иржээ.

Ирсэн бичгийн их төлөв нь: Си Жин-ийн сөргүү хулгай хөндлөн гулдгүй аашлан, Дунжин-ийн харъяа сянь-ийг булаах тул Сүн Жян зэргийн олон жанжин урьдаар Си Жин-г төвшитгөөд хойно сая Ван Чин-ийн хулгайн үүрийг эвдэгтүн хэмээжээ. Чэнь Ань Фү бас өөр бичиг үйлдэн цэргийн яам шүми Юань-ий инээлтэй үйлийг тоочин хэлэв. Түүнээс Сүн Жян, Ү Юн хоёул бичгийг дуудаж бараад түүний санааг ухаж цэрэг морийг хоёр зам хуваан нэг зам нь Жин Нань-ийг байлдан нөгөө зам нь Си Жин-г байлдмуй хэмээн зөвлөн тогтсонд дэд Сянь фэн Лү Жюнь И жич Хэбэйн дагасан жанжин нар цөм урагш ирж дуртайяа цэрэг аван Си Жин-г байлдсугай хэмээн айлтгасанд Сүн Жянихэд баярлан хорин дөрвөн жигүүрийн жанжин, таван түмэн цэрэг гаргаж Лү Жюнь И-ээр захируулан өмнөш илгээв.

Дэд Сянь фэн Лү Жюнь И-ийн дагуулсан нь аль хорин дөрвөн жанжин болов хэмээвээс: Цэргийн дэд багш Жү Ү Ян Хи Сюй Нин Со Чао Сүнь Ли Шань Тингүй Вэй Дингуо Чэнь Да Ян Чүнь Ян Чин Се Жэнь Се Бао Зоу Юань Зоу Рүнь Сюэ Юнь Ли Жүн Мү Чүнь Ши Энь, Хэбэйн дагасан жанжин Чяо Дао Чин Ма Лин Сүнь Ань Бянь Сян Шань Ши Чи Тан Бинь Түүнээс Лү Жюнь И мөн өдөртөө Сүн Сянь фэн-ээс аяарлан салж жигүүрийн жанжин жич их цэргийг захиран Си Жин-ийн зүг мордон эчив. Сүн Жян захиа уламжлан Ши Жинь, Мү Хүн, Оу Пэн, Дэн Фэй нарыг дуудан хоёр түмэн цэрэг өгч Шань Нань Чэн хотыг бэхлэн сахь хэмээгээд Ши Жинь нарын зүг өгүүлрүүн: - Хулгайн цэрэг хүрч ирэвч хотыг сахихаас бус угтан байлдаж болохгүй хэмээгээд үйлдсэн жигүүрийн жанжныг авч найман түмэн их цэргийг хөдөлгөн Жин Нань газрын зүг ус түлхэлж үер буух мэт алан ирэв. Энэ үнэхээр: Туг хиур мяралзан тэнгэр дүүрэн туяа, илд жад яралзан мянган газрын цас болой. Эгнэгт Жин Нань газрыг хэрхэн байлдан авахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top