"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-21 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАОЦАО АРХИ ХАЛУУЛЖ АРУУХАН БААТРЫГ ШҮҮМЖИЛСЭН ГУАНЬ ГҮН ХОТЫГ ХОНЖИН АВЧ ЧӨЖОУГ АЛСАН
Өгүүлэх нь: Дунчэн нар Матэнгээс асууруун: “Гүн хэнийг хэрэглэсүгэй гэнэм?” хэмээмүй. Матэн өгүүлрүүн: “Юйжоугийн эзэн Лю Сюаньдө энд ахуд юунд ирэхгүй аж?”. Дунчэн өгүүлрүүн: “Энэ хүн хэдий Хан хааны авга хэмээгдэвч эдүгээ төв хийтэл Цаоцаод түшин шүтэж байх тул хэрхэн энэ үйлийг үйлдмүй?”. Матэн өгүүлрүүн: “Би урьд өдөр хоморгонд Цаоцаогийн олны баяр хүргэхийг биеэр угтан хүлээсэн үес Юньчан Сюаньдөгийн ар хойноос Цаоцаог алсугай хэмээснийг Сюаньдө нүдээ ирмэж зогсоосныг үзжээ. Үүгээр үзвээс Сюаньдө Цаоцаог алсугай хэмээхгүй нь бус ганц Цаоцаод хумс соёо мэт хүн олон тул хүч гүйцэхгүйн учир болой. Гүн чи шалгаж эрэгтүн! Эрхгүй дагамуй” хэмээсэнд Үшуо өгүүлрүүн: “Энэ үйлийг яарваас болохгүй алгуураар зөвдвөөс зохимуй” хэмээгээд олон цөм тархав.
Дэд өдрийн шөнө дөл Дунчэн зарлиг бичгийг өвөрлөж Сюаньдөгийн гэрт ирвээс хаалганы хүн хэлэхээр одсон хойно Сюаньдө угтан гараад танхимд залан суулцаж Гуань, Жан хажууд зогссон хойно Сюаньдө асууруун: “Нагац энэ харанхуй шөнө ирсэн нь эрхгүй хэрэг буй биз?” хэмээсэнд Дунчэн өгүүлрүүн: “Өдөр золгохоор ирсүгэй хэмээвээс Цаоцаог сэжиглэхээс эмээн тийнхүү харанхуй шөнө золгохоор ирэв”. Сюаньдө дарс бэлтгэж хүндлэхэд Дунчэн хэлрүүн: “Уржигдар хоморго дээр Дньчан Цаоцаог алсугай хэмээснийг жанжин толгой сэжлэн нүд ирмээд зогсоосон нь ямар учир болой?”. Сюаньдө цочиж өгүүлрүүн: “Гүн чи хэрхэн олж мэдэв?”. Дунчэн өгүүлрүүн: “Бусад цөм мэдсэнгүй. Би гагцаар мэдэв”. Сюаньдө далдалж чадахгүй тул даруй өгүүлрүүн: “Миний дүү Цаоцаогийн хэтрэхийг мэдээд тийнхүү уурласан бөлгөө”. Дунчэн нүүрийг халхалж уйлан өгүүлрүүн: “Төрийн түшмэд хэрвээ цөм Юньчангийн адил болбоос энх түвшин болохгүйн учирт юунд зовмуй?” гэсэнд Сюаньдө Цаоцаогийн зарлигаар тагнан тэнсэхээр ирсэн болов уу хэмээн зоримогоор өгүүлрүүн: “Цао чансангийн улсыг засахад энх түвшин болохгүйгээс юунд зовмуй” хэмээн хэлбээс Дунчэн царай хувьсаж босоод өгүүлрүүн: “Гүнг Хань улсын хааны авга хэмээн цөс зүрхийг уудлан хэлэлцэхэд гүн юунд намайг мэхэлмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Нагацын хуурмагаас айж харилцан тэнссэн болой”. Дунчэн даруй дээл бүсний зарлиг бичгийг гаргаж үзүүлэхэд Сюаньдөгийн сэтгэл мэндүүрэх161 бөгөөд хилэн төрмүй. Бас нэр бичсэн бичгийг гаргаж үзүүлбээс дээр ганц зургаан хүний төдий байжээ. Тэргүүнд нь тэрэг хөлөглөгч жанжин Дунчэн, дэдэд Гунбү Шилан түшмэл Ван Зыфү, гуравдугаарт Чаншүйгийн Сяо Юй түшмэл Жунзи, дөрөвдүгээрт Илан түшмэл Үшуо, тавдугаарт Жаосинь жанжин Ү Зылань, зургаадугаарт Силянгийн Тайшоу түшмэл Матэн болой. Сюаньдө өгүүлрүүн: “Гүн нэгэнтээ зарлиг бичиг хүлээн хулгайг арилгахад Любэй би ямар аймшиггүй нохой морины хүчийг гаргаж туслахгүй аж!”. Тэр үтэнд дунчэн мөргөж тал өгөөд “Нэрээ бичмү!” хэмээсэнд Сюаньдө дээр нь “Зүүний жанжин любэй” хэмээн бичиж тэмдэг зураад, Дунчэнд эгүүлэн тушаасан хойно дунчэн өгүүлрүүн: “Би дахин гурван хүнийг эрэн залж бүгд арван хүн болсон хойно улсын хулгайг хичээвээс болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ үйлийг алгуураар явуулбаас зохимуй. Хөнгөлөн задруулж болохгүй!” хэмээн зөвлөн хэлэлцээд тавдугаар жин болсон хойно сая харилцан салалцав.
161 Сэтгэл зовох, бачимдах
Түүнээс Сюаньдө бас Цаоцаод хөнөөгдүүзэй хэмээн өөрийн буусан гэрийн хойд хүрээлэнд ногоо тарьж өөрөө ус цутгаж бодлого мохсон арга болгоход Гуань, Жан хоёул өгүүлрүүн: “Ах дэлхий дахины их хэрэгт санаа тавихгүй ийм бага хүний үйлийг сурах нь юун болой?”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ нь хоёр дүүгийн мэдэх явдал бус!” хэмээн өгүүлсэнд хоёул дахин дурьдсангүй бөлгөө.
Нэгэн өдөр Гуань, Жан гэртээ үгүй үес Сюаньдө хараахан ногоонд ус цутгаж байхад Сюйчу, Жанляо хэдэн арван хүнийг авч ирээд хүрээлэнд орж өгүүлрүүн: “Чансангийн зараалаар авгай таныг залахаар ирэв. Хурдан яв!” хэмээхэд Сюаньдө цочиж асууруун: “Ямар яаруу хэрэг буй?” хэмээсэнд Сюйчу өгүүлрүүн: “Мэдэхгүй ганц манийг залахаар оч хэмээв”. Сюаньдө аргагүй даруй хоёулыг дагаж Цаоцаогийн гэрт орж үзвээс Цаоцао инээн өгүүлрүүн: “Чи гэртээ үнэхээр сайн их үйл хийж амуй” хэмээв. Тэр үгэнд Сюаньдө айж царай хувилж шороон өнгөтэй болжээ. Цаоцао Сюаньдөгийн гарыг барьж шууд хойд хүрээлэнд орж өгүүлрүүн: “Сюаньдө хүрээлэнд ногоо тарихыг сурах нь хялбар бус” хэмээсэнд Сюаньдө сонсоод сая сэтгэл сулхан болж өчрүүн: “Огт хэрэггүй тул уйтгарыг саатуулах нь буй за”. Цаоцао өгүүлрүүн: “Өнөөхөн модны салаанд гүйлс нов ногоон суусныг үзээд гэнэт өнгөрсөн жил Жансюг дайлахаар очих замд ус олдохгүй жанжин цэрэг цөм ундаасахад би нэгэн арга төрөөд ташуураар хууран зааж “Өмнө гүйлсэн шугуй буй” хэмээсэнд олны амнаас цөм ус гарч үүнээс ундаасах нь зогсов. Эдүгээ энэ хөх гүйлсийг үзсэнд яахан баярлахгүй болмуй. Бас архи цав хэмээн буцалж ахуйд тухайлан авгай таныг залуулж бага ордонд уулцсугай хэмээсэн бөлгөө”. Сюаньдө сая санаа тохроод дагаж бага ордонд хүрвээс хундага зуушийг нэгэнтээ засаад хөх гүйлсийг тэвшинд дүүргэн нэгэн малуу162 буцалсан дарсыг дунд тавьжээ. Хоёул эсрэгцэн сууж санааны таваар баярлалцан уулцав. Халамссан хойно гэнэт үүл бүрхэж их бороо ирэхэд дагах ард тэнгэрийн зүг зааж “Луун бие үзэгдмүй” гэхэд Цаоцао Сюаньдө лүгээ хэрсгийг163 түшин харсаар өгүүлрүүн: “Авгай та луугийн хувьсахыг мэдмүй үү?”. Сюаньдө өгүүлрүүн: “Үүний тодорхой мэдэхгүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Луу нь их болж чадах бөгөөд бага болж чадмуй. Дээш дэгдэн чадах бөгөөд нуун далдалж бас чадах бөлгөө. Их болбоос үүл үүсгэн буданг дэгдүүлмүй. Бага болбоос өвсөнд далдалж байдлаа нуумуй. Дэгдвээс огторгуйд ниснэ. Нууваас усны ёроолд хэвтмүй. Эдүгээ хаврын үес тул луу цагт тохиолдуулж хувьсах нь хүмүүний их зорилгыг олоод ертөнцөд хөндлөн гулд явах мэт. Луу хэмээгчийг орчлонгийн аруухан баатар лугаа адилтгаваас болох юм. Сюаньдө дөрвөн зовхисыг удтал тойрон явсан тулд эрхгүй эдүгээ цагийп аруухан баатрыг мэдэх буй за! Шалган зааж хэлмү!”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би ерийн нүдээр яахан аруухан баатрыг олж танимуй”. Цаоцао өгүүлрүүн: “Битгий өнгөрүү хөнгөмсөглөгтүн!”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би хишигт шүтэж бараалхалд түшмэл болж болсноор дэлхий дахины аруухан баатрыг үнэхээр мэдэхгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Хэдий нүүрт золгосонгүй боловч нэрийг сонссон буй за!”.
162 Архины жижгэвтэр сав
163 Хашлага гэсэн утгатай үг
Сюаньдө өгүүлрүүн: “Хуайнаньгийн Юаньшу цэрэг олон, амуу элбэг тул аруухан баатар хэмээж болмуй”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Хүүрийн доторх хувхай яс өглөө, үдэш эрхгүй надад баригдмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хөбэйгийн Юаньшао дөрвөн үе улиран гурван гүнгийн зэрэгт хүрсэн тул түүний үүдэнд хуучин түшмэд олон буй. Эдүгээ Зижоугийн газарт барс мэт сууж, түүний доор эрдэмтэн сайд үлэмж тул түүнийг аруухан баатар хэмээвээс болох буй за”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Царай сүртэй боловч цөсгүй, бодлого сайтай боловч эрс тасархай үгүй бөгөөд их үйлээр явахад биеийг хайрламуй. Бага ашгийг үзвээс амийг хайхрахгүй тул аруухан баатар бус”. Сюаньдө өгүүлрүүн: “Нэгэн хүмүүн буй. Найман аруухан хэмээн нэрлэж есөн мужийг эзэлжээ. Лю Зиншэнг164 аруухан баатар хэмээвээс болох буй за?”. Цаоцао өгүүлрүүн: “Любяо хоосон нэр үнэнч үгүй тул аруухан баатар бус болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Нэгэн хүн цус амьсгал сая бадарсан иь Зяндунгийн тэргүүн Сүнбөфү165 аруухан баатар болой” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Сүньцө эцгийн нэрд итгэж байх тул аруухан баатар бус”. Сюаньдө өгүүлрүүн: “Ижоу мужийн захирагч Лю Зи Юйг аруухан баатар хэмээвээс болох буй за”. Цаоцао өгүүлрүүн: “Люжан хэдий хааны угсаа боловч хаалга сахих нохой мэт болой. Юунд аруухан баатар хэмээж болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Жансю, Жанлү, Ханьсүй нарын ард ямар аж?” гэхэд Цаоцао алгаа дэлдэн ихэд инээн өгүүлрүүн: “Эдгээр өчүүхэн ардыг юунд тоочиж хэлмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Үүнээс гадна Любэй би үнэхээр мэдэхгүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Тэр аруухан баатар хэмээгч цээжний дотор их зорилтыг өвөрлөж, хэвлийн дотор сайн бодлогыг агуулан, дэлхий дахиныг хумбин баглах санаа аж. Тэнгэр газрыг үмхэн залгих зориг байхыг өгүүлэх нь болой”.
164 Любяогийн өргөсөн нэр
165 Сүньцөгийн өргөсөн нэр
Сюаньдө өгүүлрүүн: “Хэн үүнийг хүлээн чадмуй?”. Цаоцао гараар Сюаньдөг зааж хойно биеэ зааж өгүүлрүүн: “Энэ ертөнцийн аруухан баатар хэмээгч гагц авгай та хийгээд Цаоцао би болой” хэмээв. Сюаньдө үгийг сонсож ихэд цочин гарт барьж байсан савхыг санамсаргүй газарт унагаав. Тэр үес төвхийтэл их бороон хүрч ирээд аянгын дуу ихэд түрчигнэсэнд, Сюаньдө алгуур аажмаар биеэ мэхийн савхыг түүж аваад өгүүлрүүн: “Нэгэнтээ дуугарсан сүрт харин ийм болов” хэмээжээ. Цаоцао инээн өгүүлрүүн: “”Ихэс эрс бас аянганаас аймуй уу?”. Сюаньдө өчрүүн: “Богд хүний өгүүлсэн нь
“Салхи аянгын догшинд эрхгүй царай хувилмуй” хэмээжээ. Яахан айхгүй аж”” хэмээгээд өнөөгийн үгийг сонсон савхыг унагаснаа хөнгөнөөр засамжлан өнгөрсөн тул Цаоцао үүнээс Сюаньдөг сэжиглэхгүй болов.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Арай гэж барсын үүрт биеэ түр агуулахуйяа
Аруухан баатруудыг хэл гаргаж үхэхээр хэлмэгдүүлжээ
Аянгын дуунд шалтаж хэргийг зайлуулан чадсан нь
Арга мэхийг хувируулан хэрэглэсний ач гавьяа болой”
Түүнээс бороо сая арилсанд хоёр хүн гартаа илд барьж яаран хойд хүрээлэнгийн ордны өмнө хүрч ирэв. Зүүн баруун этгээдийн хүн зогсоон чадсангүй. Цаоцао үзвээс Гуань, Жан хоёул буй. Үзвээс хоёул хотын гадна сум харвахаар очоод эгэж ирмэгц “Сюаньдөг Жанляо, Сюйчуд залагдаж очив” хэмээн сонсож яаран чансангийн яаманд ирж асуугаад хойд хүрээлэнд байхыг мэдэж алдагдал гарахаас эмээн тийнхүү дайран орж ирсэн бөлгөө. Үзвээс харин Сюаньдө Цаоцао лугаа сууж дарс ууж буй тул хоёул илд барьсаар зогсов. Цаоцао хоёулаас асууруун: “Юун учирт ирэв?” хэмээвээс Юньчан өчрүүн: “Чансан ах лугаа дарс ууж байхыг сонсож тухайлан илд бүжиглэн баясгаланд тусалсугай хэмээн ирэв”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Энэ Хун Мэньгийн хурим бус тул яахан үүнд Сянжуан, Сянбэг хэрэгсэх аж” хэмээв. Тэр үгэнд Сюаньдө бас инээжээ. Цаоцао зардсыг дуудан: “Энэ хоёр Паньхүйд дарс өгч цочсоныг дарагтун!” хэмээсэнд Гуань, Жан хоёул тал хийв. Удсангүй хурим тарсанд Сюаньдө Цаоцаогаас салж гэртээ ирэхэд Юньчан өгүүлрүүн: “Бид хоёулыг цочоон үхүүлэх алдав” хэмээсэнд Сюаньдө бас савх унагаасныг Гуань, Жанд хэлж өгөв. Гуань, Жан асууруун: “Ямар санаа аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Миний ногоо тарихыг сурсан нь чухам Цаоцаогаар намайг их зориггүй хэмээн мэдүүлсүгэй хэмээсэн бөлгөө. Санамсаргүй Цаоцао харин намайг аруухан баатар хэмээн заан өгүүлэхэд би цочиж савхаа унагаасан болой. Би бас Цаоцаогийн сэжиглэхээс бэрхшээж, тийнхүү аянганаас айхаар засамжилж хэлэн өнгөрөөв” хэмээн хэлбээс Гуань, Жан өгүүлрүүн: “Ахын үзэл үнэхээр өндөр болой” хэмээжээ.
Дэд өдөр Цаоцао бас Сюаньдөг залж хараахан уулцан ахуд хүн ирж мэдүүлрүүн: “Маньчун Юаньшаогийн мэдээг авахаар очоод иржээ” хэмээсэнд Цаоцао оруулж асуусанд Маньчун өгүүлрүүн: “Гүн Сүньзань Юаньшаод нэгэнтээ эвдлэгдэв”. Сюаньдө яаран өгүүлрүүн: “Эвдэлсэн нягт учрыг сонсохыг хүсмүй”. Маньчун өгүүлрүүн: “Гүн Сүньзань Юаньшао лугаа байлдаж ашиггүй тул хотдоо хоёр давхар хэрэм цогцлоож, дээр хорин алд өндөр асар бариад түүнийг “И Зинлоу асар” хэмээн нэрлэв. Дотроо гучин түмэн дан амуу хурааж бэхлэн сахиад байлдааны ард орж гарч зогсошгүй. Зарим нэгэн хүн Юаньшаогийн цэрэгт хаагдсанд олон цөм “Туслан гаргасугай!” хэмээвээс Гүн Сүньзань өгүүлрүүн: “Хэрвээ нэгэн хүнийг туслан гаргаваас хожим байлдах хүн туслахыг хүсээд үхэн байлдахгүй” хэмээгээд туслан гаргасангүй тул Юаньшаогийн цэрэг хүрч ирсэн хойно олонтоо дагаад Гүн Сүньзаньгийн хүч мөхөс болжээ.
Хүн зарж Сюйдүд бичиг илгээн тэнхрүүлэхийг гуйваас санамсаргүй замын дунд Юаньшаогийн цэрэгт баригдав. Гүн Сүньзань бас Жан Яньд бичиг илгээн тэмдэг гал тавьж, дотоодоос тусалсугай хэмээсэнд зарсан элч Юаньшаод баригдсанд хуурмагаар хотын гадна гал тавьж дайсныг өдөөсөнд Гүн Сүньзань өөрөө байлдахаар гарахад бүгсэн цэрэг дөрвөн зүгээс босож, цэрэг морь их хагас хохирч балгасанд буруулан орж сахив. Хойно Юаньшаогийн цэрэг газрын дор нүх ухаж шууд гүн Сүньзаньгийн суусан асрын дор хүрээд гал тавьсан тул Гүн Сүньзань гарах замгүй болж урьдаар эм хүүхдээ алж, өөрөө боомилон үхээд гэрийн хотлоор цөм галд ноцоогдов. Эдүгээ Юаньшао Гүн Сүньзаньгийн цэргийг олоод сүр хүчин маш бадрав. Юаньшаогийн дүү Юаньшу эдүгээ Хуайнаньд сууж оморхоглон бүрэлгэх нь даанч хэтрээд иргэнийг өршөөхгүй тул олон жанжин цэрэг цөм урвасанд Юаньшу хааны цолыг Юаньшаод дэвшүүлэв. Юаньшао хасын тамгыг авсугай хэмээсэнд Юаньшу биеэр хүргэж ирэхээр болзсон байна. Эдүгээ үзтэл Хуайнанг гээж Хөбэйд одмуй.
Хэрвээ энэ хоёр хүн хүч нийлбээс даруйд олоход бэрх болох тул чансан хурдхан хичээмүй” хэмээжээ. Сюаньдө Гүн Сүньзанийг нэгэнт үхэв хэмээн сонсоод эрт өдрийн цэрэг зээлэн өгч батлан мэдүүлсэн хишгийг бодоод тэсгэлгүй гомдмуй. Бас Жао Зылунгийн бие яасныг мэдэхгүй тул санаа амаргүй дотроо сэмээр санаж өгүүлрүүн: “Би мөн тухайд бие гарах аргыг үүсгэхгүй одоо ямар цагийг хүлээмүй” хэмээн даруй босож Цаоцаод өгүүлрүүн: “Юаньшу хэрвээ Юаньшаог эрэхээр очвоос эрхгүй Сюйжоугоор өнгөрөн гармуй. Любэй би нэгэн анги цэрэг гуйж хагас замд тосон байлдваас Юаньшуг барьж болмуй”. Цаоцао баярлаж өгүүлрүүн: “Маргааш хаанд айлтгаж цэрэг мордуулсугай!” хэмээв.
Дэд өдөр Сюаньдө хаанд учирч айлтгасан хойно, Цаоцао Сюаньдөд таван түмэн цэрэг морийг ерөнхийлүүлэн бас Жулин, Лүжаог томилж хамт илгээхээр тогтов. Сюаньдө хаанд аяарлахаар ороход хаан нулимс асгаруулан үджээ. Сюаньдө гэртээ хүрч шөнөөр цэрэг морийг засаж жанжны тамгаа авч шаардан явахад Дунчэн нэхэж арван газар хол гарч үдсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Хааны нагац түр хүлээж байгтун! Би энэ удаад одвоос эрхгүй захианд хариулал буй бөлгөө”. Дунчэн өгүүлрүүн: “Гүн санаа тавьж битгий хааны санааг зөрчигтүн!” хэмээн өгүүлж салав. Гуань, Жан морин дээрээс асууруун: “Ах энэ удаа цэрэг гарахад юунд ийм яарсан аж?”.
Сюаньдө өгүүлрүүн: “Би “Чингэлгийн доторх шувуу, өөшийн доторхи загас” адил бөлгөө. Энэ удаагийн одох нь “Загас их далайд орсон, шувуу хөх үүлэнд нисэх мэт” болсноор одоо чингэлэг өөшийн зовлонгоос хэлтэрсэн болой” хэмээгээд Гуань, Жангар Жулин, Лүжаогийн цэргийг хөөн түргэвчлэн явуулсныг өгүүлэх юун. Тэр цагт Гуозя, Сэн Юй амуу цалин байцаахаар одож хойш ирээд, Цаоцаогийн Сюаньдөг Сюйжоу руу цэрэг гаргасныг сонсоод яаран орж ятган өгүүлрүүн: “Чансан юунд Чюаньдөгөөр цэрэг захируулан илгээсэн аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Юаньшугийн замыг тосуулсугай хэмээсэн бөлгөө”. Чэн Юй өгүүлрүүн: “Эрт Любэй Юйжоугийн эзэн байх цагт бид алсугай хэмээн ятгаваас чансан сонсохгүй эдүгээ бас цэрэг өгсөн нь “Лууг тавьж далайд оруулж, барсыг тавьж ууланд илгээсэн” мэт, хожим барьсугай хэмээвээс олж чадмуй уу”. Гуозя өгүүлрүүн: “Чансан Любэйг өршөөн алахгүй байж болох боловч харин тавин илгээх нь зохихгүй. Эртний хүн өгүүлсэн нь “Нэгэн өдөр дайсныг тавьсанд түмэн үед зовлон болмуй” хэмээжээ. Чансангийн хянахыг хүсмү”. Цаоцао үгийг дагаж даруй сюйчуд таван зуун цэргийг өгч илгээгээд “Эрхгүй Сюаньдөг нэхэн эгүүл!” хэмээсэнд Сюйчу захиаг хүлээн одов.
Тэндээс Сюаньдө хараахан урагш яван атал гэнэт хойш биед тоос шороо дэгдэх нь үзэгджээ. Сюаньдө гуань, Жангийн зүг өгүүлрүүн: “Энэ эрхгүй Цаоцаогийн цэрэг нэхэхээр ирсэн болой” хэмээгээд даруй хүрээ байгуулаад Гуань, Жанд зэвсэг бариулж хоёр хажуудаа зогсоов. Сюйчу хүрч ирээд цэрэг чанга, хуяг тэгшийг үзэж мориноос буугаад хүрээнд орж, Сюаньдөд золговоос Сюаньдө асууруун: “Гүн энд ирж юу хиймүй?”. Сюйчу өгүүлрүүн: “Чансангийн захиаг хүлээж тухайлан жанжин таныг залж эгүүлэн өөр зөвлөх хэрэг буй хэмээнэм”. Сюаньдө өгүүлрүүн: “Жанжин гадна байваас эзний зарлигийг хүлээхгүй хэмээжээ. Би хаанд бараалхсан бөгөөд Чансангийн захиагаар ирсэн тул эдүгээ өөр зөвдөх хэрэггүй. Гүн чи даруй эгэж миний төлөө чансанд мэдүүлэгтүн!” хэмээсэнд Сюйчу дотроо санаруун: “Чансан түүн лүгээ нэгэн үе ханилан явсан бөгөөд энэ удаа намайг байлдахаар илгээсэн нь бус тул ганц түүний үгийг хойш чансанд ёсоор хэлсэн хойно өөрөө таслан шийтгэхийг хүлээсүгэй!” хэмээн бодоод даруй Сюаньдөгөөс салж цэргийг авч эгээд Цаоцаод золгож Сюаньдөгийн үгийг хэлбээс Цаоцао татгалзан ахуд Чэн Юй, Гуозя хоёр өгүүлрүүн: “Любэй цэрэг эгэхгүйг үзэхүл түүний сэтгэл хувьсалтайг мэдэж болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Миний Жулин, Люжао хоёул тэнд байх тул санахад Сюаньдө аймшиггүй сэтгэл хувьсан чадахгүй буй за! Нэндээ би илгээсэнд бас яахан гэмшмүй” хэмээгээд дахин нэхүүлсэнгүй.
Хожмын хүний сюаньдөгийн төлөө шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Морио бордож зэвсгээ багцлаад үймэн айман166 одсон нь
Мутрын зарлиг дээл бүсэнд ахуйг сэтгэлдээ боджээ
Төмөр чингэлгийг сад барс ирвэс мэт дутаасан бөгөөд
Алтан оньсыг дугтран нээж гүнбара матар шиг гарав”
Тэндээс Матэн Сюаньдөгийн одсоныг мэдсэн дээр хязгаарын хэрэг шахам болсон тул даруй Силянд эгэв. Сюаньдө Сюйжоуд хүрсэн хойно Сиши түшмэл Чөжоу угтан гарч хуримлан барсан хойно Сүньцянь, Мижу нар цөм золгохоор ирэв. Сюаньдө гэртээ эгэж хөгшин залууг үзээд нэгэнтээгүүр хүн зарж, Юаньшугийн чимээг авахад хойш мэдүүлсэн нь “Юаньшу онгироо оморхон бүрэлгэсний учирт Лэйбо, Чэньлань нар цөм Сүншань ууланд зайлан явсан хойно Юаньшугийн сүр хүч маш буурсан тул бичиг үйлдэж хааны цолоо Юаньшаод найр тавин өгөв. Юаньшао хүн зарж Юаньшуг урьснаар Юаньшу цэргээ засамжлан ордны доторх эд таваараа авч урагш Сюйжоуд ирмүй” хэмээжээ. Үүнд Сюаньдө Юаньшугийн ирэхийг мэдээд Гуань, Жан, Жулин, Лүжаог дагуулан таван түмэн цэрэг авч гарваас цав хэмээн Зилин хүрч ирсэн тул Жанфэй үг дуугүйгээр Зилинг угтан байлдаж арван удаа болсонгүй. Жанфэй өндөр дуугаар нэгэнтээ бархираад Зилинг жадлан унагасанд цэрэг цөм дарагдаж буруулав. Юаньшу өөрийн бие их цэрэг авч байлдахаар ирсэнд Сюаньдө цэргийг гурван замаар салгаж Жулин, Лүжаог зүүн этгээдэд Гуань, Жанг баруун этгээдэд бөгөөд Сюаньдө өөрийн бие цэргийг авч дундад аж. Юаньшу лугаа учраад тугийн дор зогсож хараан өгүүлрүүн: “Чиний мэт ёсон бус сөргүү хулгайг би эдүгээ хааны зарлигийг хүлээн дайлахаар ирэв. Чи хурдан гараа тавьж дагаваас чиний урвасан ялыг хэлтрүүлсүгэй!” хэмээсэнд Юаньшу мөн харааж өгүүлрүүн: “Чийрс гөрж, өвсөн шаахай хийсэн өчүүхэн амьтан ямар аймшиггүй намайг хөнгөлмүй” хэмээгээд цэргээ дохиж байлдан ирэхэд Сюаньдөгийн цэрэг баахан хойш эгэж хоёр замын цэргийг гарган байлдуулахад Юаньшугийн цэрэг дарагдаж тал дүүрэн үхээд цус нь гол мэт болж оргон дутаасныг тооловч барахгүй. Бас Сүншаньгийн Лэйбо, Чэньланьд амуу цалингаа булаагдан Шоучуньд эгсүгэй хэмээвээс бас хулгайд эвдэгджээ. Аргагүй Зянтин газарт буув. Гагц мянга илүү цэрэг үлдсэн боловч цөм хөгшин буурай ард. Тэр тухай төв хийтэл халуун цаг тул амуу цалин цөм дүүрч ганц гучин суулга буудай үлдсэнийг цэргийн хүмүүст түгээн өгөв. Гэрийнхэн хүмүүн идэх нь үгүй тул олонтоо өлбөрч үхэв. Юаньшу будааг бүдүүн хэмээн жигшиж залгин орохгүй тогоочийг: “Балтай ус авчирч ундаасахыг дарсугай” хэмээвээс тогооч өгүүлрүүн: “Ганц цуст ус буй. Хаанаас балтай ус олох аж” хэмээсэнд Юаньшу их ширээнд сууж байснаа нэгэнтээ бархирмагц газарт харангадаж унаад нэгэн суулга илүү цус бөөлжиж үхэв. Тэр цагт амгалан байгуулагчийн дөрөвдүгээр оны зургаан сар бөлгөө. Хожмын хүний шүлгийн үг:
“Хань төрийн эцэст зэр зэвсэг дөрвөн зүгт дэгдсэнд
Харьяагүй Юаньшу хэтэрхий балмадлан галзуурчээ
Үе улиран гүн, хоу явснаа санахгүй
Өчүүхэн биеэ хаан суулгахыг бодсон ажгуу
Оолгор167 догшин аашилж, улсын тамгаар сэтгэлээ хуурч
Оморхог танхайгаар “Тэнгэрийн бэлгэ тохиолдов” хэмээн чалчмуй
Ундаассан үедээ балт ус уусугай гэхүйсэ үл олдох тул
Ор ширээнд ганцаар хэвтэж цусаар огшиж үхэв”
166 Сандрах яарах
167 Өмнө явсан газраа таньж мэдэхгүй маанаг байдал
Юаньшу нэгэнт үхсэнд ач хөвгүүн Юань Ень ясыг авсалж гэргий хүүхдийг авч Лүзянгийн зүг одох зам зуурт Сюйцю нэртэй хүнд алагдав. Сюйцю хас тамгыг олоод Сюйдүд ирж Цаоцаод өргөн барив. Цаоцао ихэд баярлан Сюйцюг Гаолингийн Тайшоу түшмэл болгов. Энэ үес хас тамга цаоцаод олдогдсон ажээ. Тэндээс Сюаньдө Юаньшуг үхсэнийг сонсоод айлтгал бичиг бичиж дээр айлтган бас Цаоцаод бичиг илгээж Жулин, Лүжаог хойш Сюйдү рүү буцаалгахдаа цэрэг морьдыг үлдээж Сюйжоуг сахисугай хэмээжээ. Нэгэнтээгүүр биеэр хотоос гарч сарнин оргосон иргэдийг элсүүлэн, хуучин хөрөнгийг тахиулсугай хэмээн тохинуулахаар очив.
Тэндээс Жулин, Лүжао Сюйдүд эгээд Цаоцаод золгон Сюаньдөгийн цэрэг морийг хоцроосон учрыг хэлсэн хойно Цаоцао хилэгнэж Жулин, Лүжаог алсугай хэмээхэд Сюнь Юй өгүүлрүүн: “Цэргийн эрх Любэйд буй тул энэ хоёр яаж чадах аж?” хэмээсэнд Цаоцао сая хоёулыг хэлтрүүлэв. Сюнь Юй бас өгүүлрүүн: “Чөжоуд нэгэн бичиг илгээж дотоодоор Любэйг хичээлгэвээс зохимуй” хэмээсэнд Цаоцао аргыг дагаж хулган хүн зараад Чөжоуд захиа зарласанд Чөжоу Чэньдөнг авчирч зөвлөхөд Чэньдөн өгүүлрүүн: “Энэ үйл маш хялбар. Эдүгээ Любэй хотоос гарч иргэнийг тохинуулахаар очив. Удалгүй буцаж ирэх тул жанжин цэргийг бүгүүлж Любэйг хотын цолцонгийн168 ойр хүрч ирсэн хойно нэгэнтээ цавчваас болмуй. Би хотын дээрээс түүний хойд цэргийг харван зогсоосугай! Тийм болбоос их үйлс бүтэх болой” хэмээсэнд Чөжоу үгийг дагав. Чэньдөн гэртээ эгэж эцэг Чэньгүйд тэр хэргийг хэлсэн хойно эцэг Чэнгүй, Чэньдөнг урагш “Сюаньдөд хэлэхээр очигтун!” хэмээсэнд Чэньдөн эцгийн захиаг дагаж нисэх мэт хэлэхээр очих замд төвхийтэл гуань, Жантай учраад мөн учрыг ийм тийм хэмээв. Угтаа Гуань, Жан урагш эгэж Сюаньдө хойно байсан ажгуу. Жанфэй сонсоод даруй байлдахаар одсугай хэмээхэд Юньчан өгүүлрүүн: “Тэр хотын цолцонгийн ойр цэрэг бүгүүлж биднийг хүлээсэн тул байлдахаар одвоос эрхгүй алдмуй. Надад нэгэн арга буй Чөжоуг алж болмуй. Энэ шөнө Цаоцаогийн цэргийн ёсоор хувьсаж Сюйжоуд очоод Чөжоуг угтахаар гарган ирүүлж хойноос сундлан169 алсугай” хэмээсэнд Жанфэй үгийг дагав. Тэр нэгэн аймаг цэрэг нь угтаа Цаоцаогийн цэрэг тул туг хиур цөм буй бөгөөд дээл хуяг нэгэн адил.
168 Хотын үүдийг хамгаалахаар үүдний гадуур барьсан хэрэм
169 Гэнэдүүлэх
Тэр шөнийн гуравдугаар жинд хотын дэргэд ирж “Хаалгыг нээ!” хэмээн дуудахад хотын дээрх хүн: “Хэн буй?” хэмээн асуусанд цэргийн хүн өчрүүн: “Цао Чансангийн зарж илгээсэн Жанвэнь Юаньгийн цэрэг морь” хэмээв. Хаалга сахисан хүн Чөжоуд хэлэхээр ирсэн хойно Чөжоу яаран Чэньдөнг авчирч зөвлөжээ. “Хэрвээ угтахгүй болбоос үнэхээр сэжиглэлтэй болмуй. Угтсугай хэмээвээс бас хуурмагаас аймуй” гээд Чөжоу хотын дээр гарч өгүүлрүүн: “Харанхуй шөнө ялган танихад бэрх, Тэнгэр гэгээрсэн хойно золгосугай!” хэмээхэд хотын доороос өчрүүн: “Гагц Любэйгийн сонсохоос эмээмүй. Түргэн хаалгаа нээгтүн!”. Чөжоу холхолзоход хотын гадна нэгэн цугаар “Хаалгаа нээ!” хэмээх дуу гармуй. Үүнд Чөжоу даруй хуяглан морь унаж, нэг мянган цэрэг авч гараад гүүрийг гэтэлж, их дуугаар бархирч: “Жанвэнь Юань хаана буй?” хэмээгээд галын гэрэлд үзвээс Гуань гүн морио ташуурдан гарч Чөжоуг угтан ирээд зандан өгүүлрүүн: “Өчүүхэн хүн ямар аймшиггүй муу санаа төрж миний ахыг алсугай хэмээмүй”. Чөжоу ихэд цочоод хэдэн удаа болсонгүй халхлан чадахгүй болж, хойш буруулан гүүрний ойр хүрвээс хотын дээрээс Чэньдөн цацлан харвамуй. Чөжоу хаалгыг тойрон явтал Юньчан нэхэн гүйцэж ирээд цавчин алж, толгойг огтлон аваад хотын зүг дуудан өгүүлрүүн: “Урвасан хулгай Чөжоуг би нэгэнтээ алав. Олонд ялгүй хурдан дагасанд үхэхийг хэлтрүүлсүгэй!” хэмээн өгүүлсэнд олон цэрэг цөм хуягийг тайлан зэвсгээ гээж дагав.
Түүнээс Юньчан цэрэг иргэнийг тогтоогоод Чөжоугийн толгойг авч Сюаньдөг угтан ирээд Чөжоугийн хорлосугай хэмээсэн учрыг хэлэхэд Сюаньдө ихэд цочиж өгүүлрүүн: “Цаоцао хэрвээ ирвээс яанам?”. Юньчан өгүүлрүүн: “Дүү би Жанфэй лүгээ угтсугай!”. Сюаньдө тэсгэлгүй гэмшин домоглож зогсохгүй Сюйжоу хотод орвоос зуун овгийн хөгшин залуу цөм замд сөгдөж угтав. Сюаньдө яаманд ирж Жанфэйг эрвээс Жанфэй хэдийнээ одож Чөжоугийн гэр хотлоорыг цөм алжээ. Сюаньдө өгүүлрүүн: “Цаоцаогийн сэтгэл зүрхний мэт хүнийг алсанд яахан талаар талбимуй” хэмээсэнд Чэньдөн өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Цаоцаогийн цэргийг эгүүлж болмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Нэгэнтээ ганц бие барсын үүрээс зайлан гарч ирээд
Нягт аргаар гал утаа мэт догшныг зогсоосугай хэмээмүй”
Эгнэгт чэньдөн ямар сайн аргыг хэлж гаргахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүтэй!
Сэтгэгдэл ( 0 )