Гурван улсын үлгэр | 22 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-22 ДУГААР БҮЛЭГ

ЮАНЬ, ЦАО ТУС БҮР ЯВГАН МОРЬТЫН ГУРВАН АЙМАГ ЦЭРГИЙГ ҮҮСГЭСЭН ГУАНЬ, ЖАН ХОЁУЛ ХАМТ ВАН, ЛЮ ХОЁР ЖАНЖИНГ БАРИМТАЛСАН

Өгүүлэх нь: Чэньдөн Сюаньдөд арга өргөж өгүүлрүүн: “Цаоцаогийн айх нь Юаньшао болой. Юаньшао барс оршсон адил Жи, Чин, Ү, Бин олон мужийг эзэлж, хуягт цэрэг зуун түм илүү бичиг цэргийн түшмэл маш үлэмж тул эдүгээ яахан бичиг үйлдэж тэнд хүн зарж туслахыг гуйхаар илгээхгүй аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Юаньшао угаас бид хоёул харилцан нэвтрэлцэж явсангүйн дээр өнөө бас шинэхэн түүний дүүг эвдэлсэн тул яаж бидэнд цэргээр тусалмуй”. Чэньдөн өгүүлрүүн: “Энэ газарт нэгэн хүн буй. Юаньшао лугаа гурван үе нөхөрлөсөн бөлгөө. Хэрвээ түүний нэгэн битүүмж бичгийг олж Юаньшаод өгвөөс тэр эрхгүй туслахаар ирмүй”. Сюаньдө асууруун: “Ямар хүн болой?”. Чэньдөн өгүүлрүүн: “Энэ хүн болбоос гүнгийн ерийн өдөр хэмжээнээс гадна хичээнгүйлэн хүндэлсэн нь болой яахан умартсан аж?” гэхэд Сюаньдө сая сэхээрч өгүүлрүүн: “Харин Жэнь Канчэн багш буюу?” хэмээсэнд Чэньдөн инээн өгүүлрүүн: “Тийм болой” хэмээв. Жэнь Кан Чэнгийн нэр Сюань сурахад дуртай бөгөөд чадал сайтай, үргэлж марунгаас бичиг сурмуй. Марун бичиг тайлбарлан өгөх үед эрхгүй их цацар татаж урдуур шавь нарыг цуглуулан, хойно дууч эхнэрийг жагсааж, зарцлах охид зүүн барууныг тойрон зогсмуй. Жэньсюань гурван он тайлбарлахыг сонсохоор эчээд нүд нь гажуу харсангүй тул марун маш гайхнам бөлгөө. Сургаал төгсөөд буцахад марун гуниглан өгүүлрүүн: “Миний сургаалын нягтыг олсон нь ганц Жэньсюаньгийн нэгээхэн төдий болой!” хэмээжээ. Жэньсюаньгийн гэр дэх зарцлах шивэгчин нарт хүртэл цөм “шүлэглэл”-д нэвтэрчээ. Нэгэн шивэгчин ер Жэньсюаяьгийн санаанаас зөрчсөнд Жэньсюань яндрын дор сөгтгөвөөс нэгэн шивэгчин наадаж өгүүлрүүн: “Юун хэмээн шаврын дотор буй?” хэмээтэл тэр шивэгчин өчиж өгүүлрүүн: “Нимгэн үг хэлэхээр очоод түүний уурлахад тохиолджээ” хэмээв. Түүний төлөө нь энэ мэт Хуанди хааны үес Жэньсюань нь Шаншү түшмэлд хүрээд хойно арван Чаншийн самуунд түшмэлээ гээж тариа тарихаар Сюйжоуд суусан ажгуу. Сюаньдө Жуозюнь хошуунд байхдаа түүнийг багшийн ёсоор үйлчилсэн болой. Сюйжоу мужийн эзэн болсон хойно цаг бүр түүний гэрт сургахыг гуйхаар очиж маш ихэд хичээнгүйлэн хүндэлдэг бөлгөө.

Түүнээс сюаньдө энэ хүнийг бодож гаргаад ихэд баярлан даруй чэньдөн лүгээ Жэньсюаньгийн гэрт очоод захидал гуйхад Жэньсюань хуур шуур170 хүлээн авч нэгэн битүүмж захидал бичээд сюаньдөд өгөв. Сюаньдө мөн доороо Сүньцянийг шөнө дөлөөр Юаньшаогийн дэргэд бичиг хүргэхээр илгээсэнд Юаньшао бичгийг үзээд өгүүлрүүн: “Любэй миний дүүг мөхөөсөн тул чухам туслахаар очихгүй болбоос зохимуй. Ганц Жэнь шаншүгийн171 захиа байхад тэнхрүүлэхээр очихгүй яахан болмуй?” хэмээгээд даруй бичиг цэргийн түшмэдийг цуглуулан цэрэг үүсгэн Цаоцаог байлдахаар очихыг зөвдөлцөхөд зөвлөлийн түшмэл Тяньфөн өгүүлрүүн: “Энэ хэдэн жил дараагаар цэрэг хөдөлгөсөөр иргэн ядаж зүдсэний дээр, санд цуглуулан тавьсан амуу үгүй тул дахин их цэрэг үүсгэж үл болмуй. Урьд хүн зарж тэнгэрийн хөвгүүнд сэтгүүл довтолгоод хэрвээ нэвтрэн чадахгүй болбоос даруй илтгэл айлтгаж, “Цаоцао манай хаанд явах замыг огтлов” хэмээн алдаршуулан хэлсэн хойно их цэрэг хөдөлж, Ли Янд суугаад, Хөнэй газрын онгоцыг нэмж, цэргийн зэвсгийг засамжлан шилсэн цэргийг салгаж зах хязгаарт илгээн хүрээ байгуулах болбоос гурван жилийн хооронд их үйл тогтож чадмуй” хэмээсэнд зөвлөлийн түшмэл Шэньпэй өгүүлрүүн: “Тийм бус. гэгээн гүнгийн сүр жавхлан хийгээд Хөшуогийн чийрэг баатраар цэрэг байгуулж, Цаоцао хуйлгайг дийлэхэд гарын алгыг урвуулах мэт хялбар атал юунд талаар өдөр сарыг удаамуй?”. Зөвлөлийн түшмэл Зюйшоу өгүүлрүүн: “Дийлэх бодлого чийрэгт үгүй. Цаоцаогийн цааз зарлал шулуун явагдах бөгөөд цэрэг зэвсэг хурц боловсронгуй. Гүн Сүньзаньгийн мэт суусаар гачигдуулахыг хүлээх лүгээ адилгүй тул эдүгээ сэтгүүл довтолгох сайн аргыг гээж, нэр бус цэргийг үүсгэхэд үнэхээр гэгээн гүнгийн төлөө тусгүй болов уу!” хэмээмүй. Зөвлөлийн түшмэл Гуоту өгүүлрүүн: “Бус болой. Цаоцаогийн зүг цэрэг гаргахыг яахан нэргүй хэмээнэ вэ? Гүн чухам энэ үес их хөрөнгийг байгуулах тухай тул Жэнь Шаншүгийн үгийг дагаж, Любэй лугаа нийлж, журмын цэргийг байгуулан Цаоцао хулгайг хядан арилгаад дээдэд тэнгэрийн зүйд нийлүүлж, доордод хүний сэтгэлгээг дагаваас үнэхээр завшаан болой!” хэмээн дөрвүүл харилцан тэмцэлдэн шүүмжилж тогтохгүй байхад гэнэт Сюй Ю, Сюнь Шэнь гаднаас орж ирсэнд Юаньшао өгүүлрүүн: “Энэ хоёулд бодлого ухаан олонтоо буй тул түр үүнд ямар санаа байхыг асууж үзсүгэй!” хэмээгээд Сюй Ю, Сюнь Шэнь ёс хийж барсан хойно Юаньшао асууруун: “Жэнь Шаншү надад бичиг илгээн намайг цэрэг байгуулж, Любэйд туслан Цаоцаог байлд хэмээжээ. Цэрэг үүсгэвээс таарах уу? Цэрэг үүсгэхгүй болбоос таарах уу?” хэмээсэнд хоёул хамт дуугаар өчрүүн: “Гэгээн гүн олноор цөөнийг ялж чийргээр буурайг байлдаад, Хань улсын хулгайг арилгаж хааны төрийг тэтгэх тул цэрэг хөдөлгөвөөс зохимуй”.

170 Дуртайяа

171 Жэньсюаний хэргэм

Юаньшао өгүүлрүүн: “Энэ хоёр хүний үзэж мэдсэн нь төвхийж миний санаанд нийлэв” хэмээн хэлээд даруй цэрэг гарах учрыг зөвдөлцөж, нэгэнтээгүүр Сүньцянийг урьд буцуулан Жэньсюаньд хойш мэдүүлээд бас Сюаньдөг “Туслахаар бэлтгэн байгтун!” хэмээн өгүүлж мордуулав. Тэнд Шэньпэй, Фэнзиг цэрэг авч явах Тунзюнь түшмэл Тяньфөн, Сюнь Шэнь, Сюй Юг зөвлөлийн сайд, Яньлян, Вэньчоуг жанжин болгож, морьт цэрэг арван таван түм, явган цэрэг арван таван түм бүгд гучин түмэн шилсэн цэргийг авч Ли Янгийн зүг мордохоор хувааж тогтоосон хойно, Гуоту өгүүлрүүн: “Гэгээн гүн их журмаар Цаоцаог байлдахаар очиход эрхгүй Цаоцаогийн мууг тоолон жагсааж, олон хошуунд тархаан явуулаад ялыг илрүүлэн хэлж, байлдваас нэр төв үг эвтэй болмуй” хэмээсэнд Юаньшао үгийг дагаж даруй Шүзи түшмэл Чэньлиньгээр эх бичиг үйлдүүлэв. Чэньлиньгийн өргөсөн нэр Кунжан. Угаас эрдэм чадал нь хол ойрд дуурсжээ. Линди хааны үес Жүбо түшмэлд агаад Хөзинг ятгаваас сонсохгүйн дээр дахин Дунжоугийн самуун тохиолдсонд Зижоу мужид зайлж суусныг Юаньшао хэрэглэж Зиши түшмэл болгожээ. Тухайд тархаах бичиг үйлд хэмээсэнд бийр барьсаар бичиж гаргав. Тэр бичгийн үг нь:

“Сонсохул мэргэн эзэн түгшүүрийг бодолхийлэн хувьсгалыг цаазалмуй. Шударга түшмэл бэрхшээлээс зовнин эрхийг байгуулмуй. Тийнхүү ер бусын хүн аж. Түүний хойно ер бусын хэрэг буй болно. Ер бусын хэрэг байсан цагт түүний хойно ер бусын гавьяаг байгуулмуй. Тэр ер бус хэмээгч язгуураас ерийн хүний үйлдэж болох нь бус болой.

Эртэд чийрэг Цинь улсад зөөлөн эзэн буй асанд Жаогао нь эрхийг атгаад төрийн засгийг зориуд дарангуйлж, сүр буяныг нь өөрийн зоригоор болгох тэр цагт хүн хяхагдан эрүүлэгдэж, аймшиггүй төв тэгш өгүүлэл эс гаргамуй. Энэ эцэстээ хүйс тэмтрэгдэх зовлонг амсаж, өвөг угсаагаа галдагдуулан устгуулж, буртагдан гутаагдуулсан нь эдүгээд хүртэл үүрд ертөнцийн толь болжээ. Жич Люхоугийн сүүлийн онд хүрч Лючань, Люлу засгийн явдлыг зориуд явуулан дотоодод хоёр аймаг цэргийг хамааран гадаад Лян, Жао улсыг хамтатган захирч, түмэн тохиолыг зоригоор таслаад, хэрэг явдлыг дотоод ордонд тогтоож доодыг дарлан дээдсийг төлөөлж, далайн дотоодынхны сэтгэл жихүүн болжээ. Тийнхүү Зянхоу, Жүсюй хоу, Лиү Жан нар сэтгэл зүрхэндээ уурлан хилэгнэж сүр хүч бадран хөгжөөд, сөргүү догшныг сөнөөн түвшитгэж Тайзун хааныг өргөмжлөн суулгаснаар172 соёлт ёсон цацран мандаад гэрэлт гэгээ гийгүүлэн дэлгэрэв. Энэ нь их түшмэдийн эрхийг байгуулсан тодорхой илтгэл болой.

Сыкун түшмэл Цаоцаогийн өвөг эцэг Жун Чанши Сяохоу Төн болбоос Зуогуань, Сюйхуан173 лугаа хамт шимнусын үйлийг үйлдэж, эд ба идэшд шунахайран тааваар аашилж суртлыг гэмтээн иргэнийг харгисламуй. Эцэг Цаосунг гуйн аваачиж тэжээсэн нь бөгөөд хахуулиар түшмэлийг арилжих учир алт, хасыг тэргээр тээж, эд таваарыг эрэгчдийн үүднээ харилцан зөөгөөд хэргэм зэргийг хулгаж, эрдэнийн савыг урвуулжээ. Цаоцао тайганд тэжээгдсэн муухай нэрийг үлдээснээс угт тоочмоор эрдэмгүй. Хуйхарлан зусарлаж яваад самуун зовлонг үүсгэхэд бахтай бөлгөө.

172 “Люй Хоугийн сүүлийн оноос Тайзун хааныг өргөмжлөн суулгасан”: Хань улсын Гаозүг үхсэний хойно түүний гэргий Люй Хоу засгийн эрхийг залгамжлан эзэмшив. Тэгээд тэр өөрийн ач хөвгүүн Люй Цань, Люй Лү нарийг цэрэг засгийн эрхэд хавсруулан хаан суурийг булаах гэжээ. Их сайд Зян Хоу, Жоү Фү хийгээд Жү Сюй Хоу, Лю Жан нар нийлж Люй Цань нарыг аргаар алаад даруй Хань улсын Гаозүгийн хөвгүүн Лю Хөнийг хаан суулгасан нь даруй Хань улсын Вэньди хаан болно.

173 Сяохоу Төн, Зуогуань, Сюйхуан нар бол зүүн Хань улсын онц эрхт ноёд.

Юаньшао би олныг дагуулан сүр жавхланг бадруулж сөргүү догшныг арилган атал залгалдаа Дунжуод тохиолдож түшмэдийг хорлон улсыг харгисласан тул би сэлмийг өргөж хэнгэргийг дэлдэн захиа зарлаж зүүнш ороход аруухан баатруудыг эрэн хураахад өөтэйг бодохгүй гээж урин хэрэглэснээр даруй Цаоцао лугаа үг хамтдаж зөвлөлийг нийлүүлэн цэрэг өгч туслаад түүнийг авын харцгай нохой мэт чадал буй хэмээн тушаан талбисан атал харин тэнэг мэргүү бөгөөд бодлого охор хөнгөнөөр орж хялбараар буруулан жанжин цэргийг хохируулж, хэдэнтээ цэрэг дарагдсаныг Юаньшао би дахин бас цэрэг хуваан өгч хурц сүрийг нөхөн засаж өгөөд хаанд айлтгаж зүүн хошуунд илгээн, Яньжоугийн Цыши түшмэл болгож, цэргийн тэмдэгтэй болгон сүр эрхийг бүтээн өгч, Цинь улсын цэрэг мэт нэгэнтээ дийлж хариулахыг174 бодсон бөлгөө. Харин Цаоцао даруй ховдог сэтгэл төрж, дураар муу зүг явж, хүн ардыг огцруулан шаалж175, мэргэдийг алж эрдэмтнийг хорлож байна.

174 Чүнь Цюгийн үед Цинь улсын Дайфү түшмэл мөн мин цэрэг дагуулан байлдаад Зинь улсад ялагдсан боловч Цинь улсын эзэн нь түүнийг ялалсангүйгээр түүнийг хожим байлдан дийлж, хариулахыг хүсэж байжээ. Сүүлд тэр үнэхээр Зинь улсыг байлдан ялжээ.

175 Юмны гадна өнгийг хуулж авахыг хэлнэ.

Зюзянгийн тайшоу Бяньран нь аруухан гэгээн бөгөөд эрдэм ихтэй дэлхий дахинд нэр алдаршиж, өнгөчлөх үгүй хуухинаж хэлээд, шүүмжлэхэд хүнийг бялдуучлахгүй атал бие алагдан толгой өлгөгдөж, эм хүүхдийг шарж болгох ялд унагав. Үүнээс эрдэмтэн мэргэд уурлаж, хүн ард гаслаад нэгэн эр тохойг өргөсөнд, Зюзянгийн олон хамт өчихөд хүрсэн тул Сюйжоуг дайлахаар одоход суусан газраа Люйбуд автжээ. Тийнхүү зүүнээр хэрж яваад түшин суух газрыг олохгүй болсонд Юаньшао би бэх ишт зөөлөн салаагүйн учрыг санаж урвагсдын намд оруулсангүй. Энд бас далбаагаар өмөглөн хуягаар тусалж чийрс мэт ороон байлдахаар очоод, хэнгэрэг харангын дуун гармагц, Люйбүгийн олон сарнин бутарсан тул түүний үхэх мөхөхийг зовлонгоос тэнхрүүлэн түүний түшмэдийн орыг дахиулснаар Юаньшао би Яньжоу газрын ардад эрдэмгүй болсон боловч Цаоцаод ихэд тусыг хүргэсэн болой. Хойно хаан зүүнш буцахад олон хулгай засгийг самууруулсанд тэр үес Зижоуд хойд зовхисын цочоолын мэдээ буйн тул аймшиггүй газраас салж эс завдав.

Түүнээс Цунши Жунлян жанжин Сюйсюнийг ойроор Цаоцао руу илгээж түүгээр өвгөдийн сүмийг засуулан бага эзнийг хамгаалтугай хэмээсэнд Цаоцао харин санааны тааваар нүүлгэх хэргийг зориуд явуулж, нийслэлийг шилжүүлээд, хаан төрийг гутааж, хуулийг хохируулан хэлхээг самууруулж, суусаар гурван яамыг захиран төрийн засгийг эзэрхэж, хэргэм тушаал хүртээхийг түүний зоригоор болгон эрүү хор амнаас гарахгүй болов. Өршөөгчдийг болбоос таван үед хүртэл гэрэлтүүлж, жигшигчдийг болбоос гурван төрлийг ч хүйс тэмтрэн, цуглаж шүүмжлэгчдийг илээр алаад дотроо хараагчдыг битүүгээр хор хүргэх тул зуун түшмэд уруулаа битүүмжилж зам зээлд гагц зөрүүгээр хармуй. Улсыг тэргүүлэгч сайд бараалхалд хуралцахын төдий бөгөөд гүн, чингийн зэрэг түшмэд тоог гүйцэтгэхийн төдий болой.

Өнгөрсөн Тай Юй түшмэл Янбяо ёслол үйлдвэрийн жургааны Сыту, Сыкун болж улсын туйлын их тушаалд асныг Цаоцао хайнцаж үзсэний учир ёс бус ялд унагаж, ташуур мод хавсралцан таван зүйлийн хорт эрүүд цөм хүрчээ. Өчүүхэн хэмээн түүнийг шөргөөвөө дураар шийтгэж нэг ч хууль хэлхээг хайхрахгүй, бас Илан, Жао Яньгийн шударга ятгал, чигч өгүүлэл цөм учиртай бөгөөд авч болох тул үүнийг хаан ойшоон сонсож царайг төв болгон сайшаан хөхүүлэх атал Цаоцао эрхийг булаан үгийг таслахын учир дураар хорьж амийг хорлоод дарж сонссонгүй. Бас Лян Сяован176 болбоос урьд хааны нэгэн хэвлийн ах дүү бөгөөд хүүр онгон туйлын эрхэм тул ялам, заарт, нарс, майлс зэрэг модоор тойруулж хичээнгүйлэн сахиваас зохих атал Цаоцао жанжин цэрэг сайд түшмэдийг дагуулан биеэр хүүрийг уудалж, авсыг нээн ясыг гаргаж алт эрдэнийг хулган авсанд эдүгээ болтол эзэн хаан нулимсыг унагаан түшмэл ард уяран гомдсоор бөлгөө. Бас тусгайлан хүүр уудлах Жунлян жанжин түшмэл байгуулж эд тэмтэрхийлэх Сяо Юй түшмэл талбиж эл өнгөрсөн газрыг эвдсэнгүй нь үгүй бөгөөд ясыг эс гаргасан нь үгүй бөлгөө. Бие гурван гүнгийн хувьд хэдийн хүрсэн агаад харин хулгай дээрмийн явдлыг үйлдэж, улсыг бузарлан ардыг догширхож хорыг хүн чөтгөрт цөм хүрүүлэв. Бас гааль нэмж олныг зовоон таслан сэргийлэх газрыг харилцан байгуулж алхам бүр өгөөш татаад, зам дүүрэн зоорь ухаж гар өргөвөөс өөшид тордогдоод хөл хөдөлбөөс сэжимд мөргөж унамуй. Үүгээр Янь, Юй хоёр мужийн ард урамсгүй болж хот балгасанд шүүрс алдах хорсолтой болжээ. Үе улирсан бичиг сударт ёс бус сайд, харгис догшин, ховдог шунахайг залгалдаагаар байцаан үзэхэд гагц Цаоцаогийн мэт хэцүү нь үгүй болой.

176 Лян сяован Лю Ү болбоос Хань улсын Вэньди хааны хөвгүүн, Хань улсын зинди хааны дүү болой. Энд урьд хаан гэж инди хааныг зааж байна.

Юаньшао би сая гадаад мууг асууж, сурган засаж завдаагүй онцгой багтааж бас ч завсрыг халхлан өгсөн атал харин Цаоцао шарнууд чонын зэрлэг сэтгэлийг барьж битүүгээр гамшгийн бодлогыг өвөрлөн нуруу багана мэт түшмэдийг унагааж, Хань улсын төрийг зөөлөн буурай болгон шударга чигчийг үлдэж арилган тусгайлан манлай эрэмгийг хорлох хэргийг үйлдмүй. Урьд хэнгэрэг дэлдэн умар зүг Гүн Сүньзанийг байлдахад сөргүү хулгайг нэгэн жил хааж тэвчснээр Цаоцао түүнийг эвдээгүйн учир хулган бичиг нэвтрүүлж гадаад цэргээр туслан дотуур харилцан сундлахаар хэлэлцсэнийг түүний явах хүн задруулснаар Гүн Сүйьзань алагдаж түүний хэрэглэсэн зальхай хорт арга мятраад эцэстээ бүтсэнгүй бөлгөө.

Эдүгээ Аоцангийн газрыг эзлэн суугаад голын бэхэд эрэмшиж тэмээлзгэний сүхээр аянга мэт тэргийг эвдсүгэй хэмээмүй. Юаньшао би Хань улсын сүр гайхамшгийг хүлээн дэлхий дахиныг дайран явж урт жадтан зуун түмэн, идэрхэг жанжин мянган сүргийг авч Жунхуан, Юй, Хуо мэтэс идтэн шаламгайлж сайн нум холховч сумыг тавьж Бинжоугаар Тайхан уулыг давж Цинжоугоор Зи, Лэй усыг гэтлээд, их цэрэг хатан голыг бэхлэн, өмнө дор халхалж, Зинжоугаас Ваньчэн, Есяньгаар хойдод тулга болгон аянга мэт түрчигнэн барсын адил алхмаар орж улайм галыг өргөж хамхуулыг ноцоон их далайн усыг хөмөрч олзыг цуглуулан, хөгжин ахуйн цогт цутгахуй мэтэд яахан сөнөж мөхөхгүй нь буй?

Бас Цаоцаогийн түшмэд цэргийн байлдаж болмоор нь цөм Ю, Зи хоёр мужаас гарсан хүн, зарим хуучин хүрээний харьяат анги тул гаслан хашраад нутагтаа буцахыг санаж умард зүг хандан нулимс унагамуй. Түүнээс өөр нь Яньжоу, Юйжоу мужийн ард хийгээд Люйбу, Жан Янгийн үлдээсэн олон шахамдагдсаар түр зүүр нүүрчлэн дагасан боловч цөмөөр шарх олоод өшөөтөн дайсан мэт болжээ. Хэрвээ өнөө эгүүлэх хиураар гэдрэг даллаад өндөр довцогт гарч хэнгэргийг дэлдэн цагаан далбааг дарвалзуулж дагах үүдийг нээвээс эрхгүй шороо хагарч ваарыг авсан мэт барагдаад цус урсгахгүйгээр ялах бөлгөө.

Эдүгээ Хань улсын төр цуцарч хэлхээ улам тасраад бараалхалд нэгэн эрийн туслагч үгүй болж цэрэгт дайран орох хүч ч үгүй болов. Хязгаарын дотор боловсорсон сайд цөм толгой дарж жигүүрийг хураан гэрчлэн эрдэх хүнгүй болжээ. Хэдий олон шударга журамт туслагч буй авч харгис догшин сайдад шахамдагдан яахан хэмээн түүний хэмжээг дэлгэн чадах аж. Бас Цаоцао харьяат шилдэг цэрэг долоон зуугаар орд харшийг хааж гаднаа хамгаалан сахимуй хэмээн хэлэвч дотоодод үнэнээр хорьж сахисан болой. Түүний суурийг булаахын соёо үүнээс үүсүүзэй хэмээн аймуй. Өдгөө шударга сайдын элэг тархийг газарт бялдах цаг хийгээд жавхлант ардын гавьяа байгуулах тухай тул зүдэхгүй болмуй уу? Цаоцао бас хуурмаг зарлигаар төрийн хэргийг шийтгэж, элч зарж цэрэг гаргасанд хязгаар орон дахь хол, хошууны газарт түүнийг сонсож өнгөрөөд туслан өгч олноос зөрчин урвагсдыг тэтгэж, нэр алдрыг гутаагаад дэлхий дахинд элэглэгдүүзэй хэмээмүй. Энэ нь гэгээн мэргэдийн аваачихгүй нь болой.

Мөн даруйд Ю, Бин, Цин, Зи дөрвөн муж хамтаар дэвшиж, бичиг Зинжоуд хүрсэн өдөр эрхгүй сүр алдаршуулан цэрэг орох нь үзэгдэж, Зяньжун жанжин хамтарч хүчин нийлээд муж, хошуунаас тус бүр журмын цэрэг байгуулан зах хязгаарт жагсааж, цогийг өргөн сүрийг алдаршуулж, бүгдээр улс төрийг тэтгэвээс ер бусын гавьяа даруйд илрэх болой.

Тэр Цаоцаогийн толгойг ологсдод таван мянган өрхийн Хоу өргөмжилж таван мянган түмэн зоос шагнамуй. Харьяат аймаг жанжин цэрэг олон түшмэлийн дагасныг нь асуухгүй хишиг батыг уудам болгон дэлгэрүүлж тэмдэг дохио хүртээмүй. Үүний тул дэлхий дахинаа ухуулан улс төрд унаж мөхөхийн зовлон байхыг нэгэн адил сонсгож цахилгаан мэт түргэвчлэн довтолгож зарлав” хэмээжээ.

Юаньшао бичгийг үзээд ихэд баярлан даруй элч зарж энэ бичгийг муж, хошуунд тархаан явуулаад бас олон газрын боомт хавцалд нааж өлгөсөнд удалгүй Сюйдү балгасанд уламжлан иржээ. Тэр үес Цаоцао чив хэмээн толгойн өвчин хөдлөн хэвтэж асан тул ойрхи хүн энэ бичгийг өргөвөөс Цаоцао үзээд үс босон яс салтал айж нэгэн бие хүйтэн хөлс гараад санамсаргүй толгойн өвчин харин сайн болж ширээн дээрээс үсэрхийлэн босож Цаохунгийн зүг өгүүлрүүн: “Энэ бичгийг ямар хүн зохиосон болов”. Цаохун өгүүлрүүн: “Сонсвоос Чэньлиньгийн бийр хэмээмүй”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Бичгийн хэрэгтэн байвч эрхгүй цэргийн бодлогоор тусалбаас сая болмуй. Чэньлиньгийн утга хэдий сайн боловч тэр Юаньшаогийн цэргийн бодлого гүйцэхгүйг яанам” хэмээгээд даруй олон зөвлөлийн сайдыг цуглуулж дайсныг эсэргүүцэх хэргийг зөвдөв. Түүнээс Кунюун сонсоод Цаоцаод золгохоор ирж өгүүлрүүн: “Юаньшаогийн хүч их тул байлдаж болохгүй, гагц найрлаваас болмуй” гэхэд Сюнь Ю хэлрүүн: “Юаньшао хэрэгсэлгүй хүн тул юунд нийлсүгэй хэмээмүй?”. Кунрун өгүүлрүүн: “Юаньшаогийн газар өргөн, иргэн чийрэг. Түүний харьяатад Сюй Ю, Гуоту, Шэньпэй, Фэнзигийн зэрэг хүмүүс цөм ухаан бодлоготой эрдэмтэн болой. Тяньфөн, Зюшоу цөм шударга сайд бөлгөө. Яньлян, Вэнчоу нарын баатрууд гурван аймгийн цэргийг малгайлж түүнээс өөр Гаолань, Жанхө, Чунь Юй Цюнгийн зэрэг хүн цөм ертөнцийн нэртэй жанжин тул хэрхэж Юаньшаог хэрэгсэлгүй хүн хэмээмүй”. Сюнь Ю инээн өгүүлрүүн: “Юаньшаогийн цэрэг олон боловч цааз чиггүй, Тяньфэн хатуу бөгөөд хэтрэмхий, Сюй Ю ховдог хийгээд мэдэл үгүй, Шэньпэй шунахай бөгөөд бодлогогүй, Фөнзи эрс тэс гэвч хэрэггүй, энэ хэдэн хүн нь байдалд харилцан эс багтаах тул эрхгүй дотроос самуун үүсмүй. Яньлян, Вэньчоу гагцаар баатар нэгэнтээ байлдсанд болмуй хэмээв.

Түүнээс өөр цөм бол цол хэмээх ард хэдий зуун түм байвч юунд тооцоход гүйцмүй” хэмээсэнд Кунюун огт юм хэмээсэнгүй. Цаоцао ихэд инээн өгүүлрүүн: “Аливаас цөм Сюнь Вэньруогийн бодлогоос гарахгүй” хэмээгээд даруй өмнө цэргийн Людай, хойд цэргийн Ванжуныг дуудан ирж таван түмэн цэрэг авч Чансангийн хиурыг өргөн Сюйжоуд Любэйг байлдахаар очигтун хэмээв. Үзвээс Людай нь Яньжоугийн Цыши түшмэл асан бөлгөө. Цаоцао Яньжоуг авснаар Людай даруй Цаоцаог дагасан ажгуу. Цаоцао хажуугийн жанжин болгон хэрэглэсэнд тийнхүү эдүгээ Ванжун лугаа нэгэн хамт цэрэг дагуулан илгээжээ. Цаоцао өөрөө хорин түмэн цэрэг авч Ли Янд дэвшин Юаньшаог дайлахаар очсонд Чэн Юй өгүүлрүүн: “Людай, Ванжун энэ зарлагыг хүлээн чадахгүйгээс эмээж байна” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Любэйд тэнцэхгүйг би мөн мэдмүй. Түр сүрдүүлэхийн тулд болой” хэмээн хэлээд захиж “Та хөнгөнөөр битгий дэвшигтүн. Юаньшаог эвдэлсэн хойно дахин цэргийг нүүлгэн Любэйг эвдсүгэй!” хэмээсэнд Людай, Ванжун хүлээн авч одов.

Түүнээс Цаоцао цэрэг авч Ли Янд хүрэн хоёр этгээдийн цэрэг наян газар хол алсалж тус бүр гүн суваг, өндөр хэрмийг цогцолж харилцан байлдахгүй сахисаар найман сараас арван сард хүрчээ. Угаас Сюй Ю, Шэньпэйгийн цэрэг дагуулахыг таалахгүй. Зюйшоу бас Юаньшаог өөрийн аргыг хэрэглэсэнгүй хэмээн хорсож, тус тус харилцан нийцгүй тул урагш орохыг санахгүй. Юаньшао бас сэжиглэлийг өвөрлөснөөр цэрэг орохыг эс бодмуй. Цаоцао Люйбүгийн харьяат дагасан жанжин Зан Баг дуудаж Цинжоу, Сюйжоуг сахиулан Юйзинь, Лидянийг голын ойр цэрэг буулгаж Цаорэньгээр бүгд цэргийг захируулан Гуаньдүд буулгаад Цаоцао өөрийн бие Сюйдүд эгэв.

Тэндээс Людай, Ванжун таван түмэн цэрэг авч Сюйжоу мужаас зуун газрын үзүүрт хүрээ байгуулж, дунд цэрэгт Цао Чансангийн туг хиурыг зогсоон сүрдүүлж аймшиггүй цэрэг орсонгүй гагц голын хойдоос мэдээ авмуй. Энд Сюаньдө бас Цаоцаогийн үнэн худлыг мэдэхгүй тул хөдөлсөнгүй. Бас ч голын хойдох байдлыг сонсож суув. Нэгэн өдөр гэнэт Цаоцао хүн зарж Людай, Ванжунг “Цэргээ давшуулж байлдагтун!” хэмээн хөөхөөр ирсэнд хоёул хүрээнд зөвдөхөд Людай өгүүлрүүн: “Чансан балгасыг байлд хэмээн хөөхөөр ирсэн тул чи урьд очигтун!” хэмээсэнд Ванжун өгүүлрүүн: “Чансан урьд чамайг илгээсэн бөлгөө”. Людай өгүүлрүүн: “Би гол жанжин тул яахан урьд гармуй”. Ванжун өгүүлрүүн: “Би чам лугаа хамтаар цэрэг авч очсугай!” гэхэд Людай өгүүлрүүн: “Шаваа татсугай! Татаж олсон нь очвоос зохимуй” хэмээн татахад Ванжун “Урьд” хэмээх үсгийг олжээ. Арга буюу цэрэг морийг хагаслан хувааж Сюйжоу хотыг байлдахаар ирэв. Лю Сюаньдө цэрэг морь хүрч ирснийг сонсоод, Чэньдөнг авчирч зөвлөн өгүүлрүүн: “Юань Бэньчу177 хэдийн Ли Янд цэрэг буусан боловч зөвлөлийн сайдууд нийцгүй тул бас ч урагш давшаагүй бөгөөд Цаоцаогийн хаана байхыг мэдэхгүй. Сонсвоос Ли Янгийн цэргийн дотор Цаоцаогийн туг хиур үгүй хэмээмүй. Яахан энд харин түүний туг хиур гарч ирсэн ажгуу?” гэхэд Чэньдөн өгүүлрүүн: “Цаоцаогийн зусар арга зуунтаа буй тул эрхгүй голын хойдыг хүнд болгож биеэр захирах болой. Тийнхүү санаатайгаар туг хиур босгохгүй харин энд хугасаар туг хиур босгож сүрдүүлэх болой. Би санахад Цаоцао лав энд үгүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр бага дүүгийн аль нь түүний үнэн ташааг байцаахаар одмуй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Бага дүү одохыг хүсмүй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи догшин бүдүүлэг тул очиж болохгүй”. Жанфэй өгүүлрүүн: “Цаоцао байвч барьж ирмүй!”. Юньчан өгүүлрүүн: “Дүү одож түүний байдал хөтөлбөрийг байцаасугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Юньчан хэрвээ очвоос миний сэтгэл талбих болмуй” хэмээв. Түүнээс Юньчан гурван мянган цэрэг авч Сюйжоу мужаас гарч ирэв.

177 Юаньшаогийн өргөсөн нэр

Тэр цаг өвлийн эх тул үүл тэнгэрийг бүрхэж цас лавсан ороход цэрэг морь цасанд шургаж жагсаалд жагсаагаад Юньчан илдээ эргүүлсээр гарч ирээд их дуугаар бархиран Ванжун лугаа үг хэлэлцсүгэй хэмээхэд Ванжун гарч өгүүлрүүн: “Чансан энд хүрч ирсэнд юунд дагахгүй болой?”. Юньчан өгүүлрүүн: “Чансанг жагсаалын өмнө залж ирэгтүн! Надад хэлэх үг буй” хэмээсэнд Ванжун өгүүлрүүн: “Чансан юу хэмээн хөнгөнөөр чам лугаа учрах аж!”. Юньчан ихэд хилэн төрж морь тавин урагш хандахад Ванжун жад далайсаар угтан ирж хоёул харилцан байлдах дунд Юньчан морийг татаж явав. Ванжун нэхэн ирж уулын хормойг мушгитал Юньчан морио эгүүлэн өндөр дуугаар бархиран орж ирснийг Ванжун тосож зогсоон чадахгүй болж сая буруулан явсугай гэтэл Юньчан зүүн гартаа дам илдийг гэдрэг барьж, Ванжунгийн хуягийн бүсийг атгаад эмээлээс татаж буулгаад морин дээр хөндлөн ачиж жагсаалдаа эгсэнд Ванжунгийн цэрэг дөрвөн зүг сарнин явав. Юньчан, Ванжунг барьж Сюйжоу мужид эгээд Сюаньдөд золговоос Сюаньдө асууруун: “Чи яасан хүмүүн бөгөөд эдүгээ ямар тушаалд буй. Аймшиггүй “Цао Чансан” хэмээн хуурмаглан хэлмүй!” гэхэд Ванжун өгүүлрүүн: “Ямар аймшиггүй хуурмуй. Захиагаар манийг сүрдүүлж сэжиглэлийн цэрэг болгосугай хэмээсэн бөлгөө. Чансан үнэндээ энд үгүй!”. Сюаньдө дээл хувцсыг өмсгөн архи, мах өгөөд: “Түр аваачиж гянданд хадгалан тавигтун! Людайг барьсан хойно жич зөвлөсүтэй!” хэмээсэнд Юньчан өгүүлрүүн: “Би ахын эедсүгэй хэмээх санааг мэдээд тийнхүү амьд барьж авчрав”.

сюаньдө өгүүлрүүн: “идөгийн сэтгэл хурдан, хилэн их тул Ванжуныг алахаас эмээн тийнхүү илгээсэнгүй бөлгөө. Энэ зэргийн хүнийг алавч тусгүй ахуулбаас харин эедэхэд хэрэгтэй болой”. Жанфэй өгүүлрүүн: “Хоёрдугаар ах Ванжуныг барьсан тул би одож Людайг амьдаар барьж авчирсугай!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Людай угтаа Яньжоугийн Цыши түшмэл болж Ху Лаогуань боомтод Дунжуог байлдахад бас ч нэгэн мужийн эзэн байсан бөгөөд энэ өдөр өмнө цэрэг болсон тул хөнгөлөн байлдаж болохгүй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Энэ зэргийн хүнийг яаж хэлэлцмүй. Би бас хоёрдугаар ахын адил амьд барьж авчирваас барав”. Сюаньдө өгүүлрүүн: “Ганц түүний амийг хорлоод миний их үйлийг саатуулахаас эмээмүй”. Жанфэй өгүүлрүүн: “Хэрвээ албаас би амийг төлсүгэй!” гэж хэлсэнд Сюаньдө гурван мянган цэрэг өгч илгээв.

Тэндээс Людай, Ванжунгийн баригдсаныг сонсоод хүрээг бэхлэн сахиж гарч ирэхгүй болчихов. Жанфэй өдөр бүр хүрээний өмнө одож ичүүлэн хараавч Людай, Жанфэй хэмээн сонсоод нэн айж гарахгүй болжээ. Жанфэй хэдэн өдөр сахиад Людайг гарч ирэхгүйг мэдээд гэнэт нэгэн арга төрөв. “Энэ шөнө дэд жингийн үес Людайгийн хүрээг авахаар одмуй” хэмээн зарлаад өдөр наранд цацрын дотор дарс ууж хуурмагаар согтогч болж цэргийн хүнээс ял эрэн нэгэн удаа сайтар жанчаад хүрээнд хүлээд өгүүлрүүн: “Би энэ шөнө цэрэг гарахад алж тугийг тахьсугай!” хэмээгээд сэмээр ойрх хүнээр тавиулав. Цэргийн ард бие мултран хүрээнээс хулган гарч шууд Людайгийн хүрээнд энэ үдэш цайзыг дарахаар очих хэргийг мэдүүлэхэр очив. Людай дагасан цэргийн биед хүнд шарх байхыг үзээд даруй түүний үгийг итгэмжилж цайзыг хоосруулан тавиад цэргийг гадаадад

бүгүүлэв. мөн шөнө Жанфэй цэргээ гурван зам хуваан дунд замын гучин хүнээр хүрээг дайруулж, гал тавиулан хоёр замын цэргийг түүний хүрээний хойдоор орж гал мандахыг үзэж, хавчин байлдагтун хэмээн захиж илгээв. гурван жингийн үед Жанфэй өөрөө цэргийг авч Людайгийн хойд замыг таслан дунд замын гуч илүү хүн хүрээнд орж гал тавьсан хойно Людайгийн бүгсэн цэрэг сая хүрээнд алахаар орсугай гэтэл Жанфэйгийн хоёр замын цэрэг цугаар гарч ирсэнд Людайгийн цэрэг өөрөө самуурч Жанфэйгийн цэрэг чухам хэдий байхыг мэдэхгүй тус бүр цөм сарнив. Людай нэгэн багийн явган цэргийг авч зам эрж буруулан одоход Жанфэйд чив учирч зам цухал тул даруйд зайлах газаргүй нэгэнтээ байлдахуйяа даруй Жанфэйд амьдаар баригдсанд олон цэрэг цөм дагажээ. Жанфэй хүн зарж урьдаар Сюйжоу муж руу хэлэхээр илгээсэнд Сюаньдө сонсоод Юньчангийн зүг өгүүлрүүн: “Идө угаас нэгэн бүдүүлэг хүн бөлгөө. Эдүгээ бас ч арга хэрэглэн чадсанд би одоо зовохгүй болов!” хэмээгээд биеэр хотоос гарч угтав. Жанфэй өгүүлрүүн: “Ах намайг сэтгэл хурдан уур их хэмээсэн нь энэ өдөр ямар буй за”. Сюаньдө өгүүлрүүн: “Чамайг үгээр хөгжүүлэхгүй болбоос чи яахан арга үүсгэж чадах аж!” хэмээсэнд Жанфэй ихэд инээв. Сюаньдө Людайг хүлж ирснийг үзээд яаран мориноос бууж дээсийг тайлан өгүүлрүүн: “Бага дүү Жанфэй эндүүрэн халдсан ялыг уучлах ажаамуу?” хэмээгээд даруй Сюйжоу балгасанд оруулж Ванжуныг гарган хамт хуримлахад Сюаньдө өгүүлрүүн: “Урьд өдөр Чөжоу, Любэй намайг алсугай хэмээсэн учирт би аргагүйдээ алав.

Чансан эндүүрэн намайг урвав хэмээн сэжиглэж танай хоёр жанжнаар ял асуухаар илгээжээ Любэй би Чансангийн их хишгийг хүртээд хариулахыг санаж атал ямар аймшиггүй урвах аж? Хүсэх нь хоёр жанжин Сюйдүд хүрсэн хойно сайн үгээр Любэй миний төлөө тайлж хэлбээс чухам эрхэм завшаан бөлгөө”. Людай, Ванжун өгүүлрүүн: “Авгай таны алсангүй хишигт хариулан Чансангийп өмнө тайлан хэлж манай гэрийн хөгшин залуугаар авгайг баталсугай!” хэмээсэнд Сюаньдө тал өгөв. Дэд өдөр түүний уг дагуулан ирсэн цэргийг дуусган хойш өгч хотын гадна үдэв. Людай, Ванжун одож арван газар болохын урьд гэнэт хэнгэргийн дуу гарч Жанфэй замыг хөндөлдөн зандан өгүүлрүүн: “Миний ах ялган төсөөлөхгүйгээр барьж авсан хулгайн жанжинг юунд бас илгээх буй”. Людай, Ванжун ихэд цочиж морин дээр тэсгэлгүй айн чичирмүй. Жанфэй нүдээ дүгрэг болгож жад барин нэхэн ирэхэд хойдоос нэгэн морьт хүмүүн нисэх мэт ирж дуудан “Битгий ёс бусчилагтун!” хэмээв. Үзвээс Юньчан болой. Людай, Ванжун хоёрын сэтгэл сая сулхан болов. Юньчан өгүүлрүүн: “Ах нэгэнт илгээснийг дүү чи юунд цааз зарлигийг дагахгүй аж?”. Жанфэй өгүүлрүүн: “Эдүгээ талбиваас доор удаа бас ирмүй”. Юньчан өгүүлрүүн: “Түүнийг дахин ирсэн цагт албаас хождохгүй болой!” хэмээсэнд Людай, Ванжун дуу залган гуйж өгүүлрүүн: “Чансан хэдий манай гурван угсааг хүйс тэмтрэвч бас эрхгүй жанжны хэлтрүүлэхийг хүсмүй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Жич Цаоцао биеэр ирвээс би түүнийг алж нэгэн хуяг дуулга ч эгүүлэхгүй! Энэ удаа танай хоёрын толгойг түр тэмдэглэн тавьсугай!” хэмээсэнд Людай, Ванжун толгойгоо тэвэрсээр дутаан явав. Тэндээс Юньчан, Идө хойш эгэж Сюаньдөд золгож өгүүлрүүн: “Цаоцао эрхгүй дахин ирмүй”. Сүньцянь өгүүлрүүн: “Сюйжоу дайсанд хаагдах газар тул удаан сууж болохгүй. Харин цэргийг салгаж Сяопэйд суугаад Фэйчэн хотыг сахиж тулга болгон Цаоцаог сэргийлэхэд хүрэхгүй” хэмээв. Сюаньдө тэр үгийг дагаж Юньчанд Сяпиг сахь хэмээн тушааж Гань, Ми хоёр хатныг бас Сяпид тавив. Гань хатан нь Сяопэй газрын хүн, Ми хатан болбоос Мижугийн охин дүү болой. Сүньцянь, Зянь Юн, Мижу, Мифангаар Сюйжоу балгасг сахиулж Сюаньдө, Жанфэй лугаа Сяопэйд цэрэг буув. Түүнээс Людай, Ванжун хойш эгэж Цаоцаод золгоод Сюаньдөгийн урвасангүй хэргийг хэлэхэд Цаоцао хилэн төрж хараан өгүүлрүүн: “Улсыг гутаасан боолчуудыг агуулж яамуй” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг дуудаж түлхэн гаргаж алсугай хэмээв. Энэ чухамхүү:

“Нохой гахай яахан барс лугаа хэрэлдэж тэсээд

Загас сам хорхой хоосноор луу лугаа тэмцэлдмүй”

Эгнэгт хоёр хүний амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top