Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ЖЯН ШАЛАМГАЙ ХҮЧЭЭР ЖИ ШАНЬ ЖЮНЬ ЦЭРГИЙГ ДИЙЛСЭН ЖҮ Ү УРАН АРГААР
ЛЮ ХУА ЖЭНЬ ЖАГСААЛЫГ ЭВДСЭН
Өгүүлэх нь Сүн Жян бээр жанжин цэргийг дайчлан Жин Нань хотыг чиглэн өдөр бүр жаран газар явж хүрээ буух бөгөөд хүрсэн газрын зуун овогтны үсэн төдий юманд ч огт халдахгүй бөлгөө. Их цэрэг удсангүй Жи Шань уулнаа хүрч хүрээ байгуулан буулгав. Жи Шань нь Жин Нань хотын хойно этгээдэд байхуй бөгөөд Жин Нань газрын чухал балгас болох тул хулгайн жанжин Ли Ран гурван түмэн цэрэг морийг авч уулнаа дарангуйлан сахимуй. Ли Ран болбоос Ли Жу-ын ач хөвүүн болох тул Ван Чин түүнийг өргөмжилж ухуулан амуулах түшмэл болгосон ажгуу.
Төдийд Ли Ран бээр Сүн Жян нар цэрэг дайчлан Шань Нань хотыг эвдэж Дуань Эл-ийг амьдаар барьсныг олж сонсоод шөнө дүлээр Нань Фэн хотноо элч довтолгон Ван Чин, Ли Жу-д бачим мэдээг мэдүүлрүүн: - Сүн улсын цэргийн сүр ихэд мандаж манай хоёр их жюнь-ийг эвдээд, эдүгээ Жин Нань хотыг байлдахаар ирсний хамтад баруун нийслэл Си Жин хотыг эвдэхээр Лү Жюнь И-д цэрэг өгч илгээв хэмээсэнд Ли Жу их л цочиж мөн даруй Ван Чин-д мэдүүлэхээр ордноо ирснээ шадар зарцаар дотоод ордноо орж мэдүүлээд Ван Чин-ийн зарлигийг ийн уламжилруун: - Их вангийн бие Дуань Нян нян лугаа хэл ам болж хэрүүл хийж баймуй! хэмээвээс Ли Жу асууруун: - Юуны учир их Ван Нян Нян хоёул хэрүүл хиймүй? хэмээхэд шадар гочиг урагш давшин Ли Жу-ын чихэнд шивнэн өгүүлрүүн: - Дуань Нян нян-ын ааш авир муу тул их ван удаан өдөр түүний ордонд морилсонгүй. Ийнхүү Дуань Нян нэн тачаадан уурлав хэмээсэнд Ли Жу бас нэгэн зэрэг хүлээхүйеэ шадар зарц гарч ирээд: - Их вангийн зарлиг, цэргийн багш энд баймуй уу хэмээвээс Ли Жу өгүүлрүүн: - Энд хүлээж одов хэмээснээ шадар зарц дотогш орж дээш айлтгасанд удсангүй харшийн гочиг ордны шивэгчин нар Ван Чин-ийн хойноос багларан дагалцаж өмнөд харшнаа ирснээ Ли Жу хөсөр тэврэн сөгдөж мөргөн золгосон хойно ийн айлтгаруун:
- Өчүүхэн түшмэлийн ач хөвүүн Ли Ран яаралт бичиг довтолгож Сүн Жян нар баатар жанжин чийрэг цэргээ авч Ваньжоу, Шань Нань хоёр хотыг эвдээд эдүгээ цэрэг морийг салган Си Жин, Жин Нань-ийг авахаар мордов хэмээх тэл их ванд мөргөн гуйх цэрэг илгээн тулан тэнхрүүлэх болов уу хэмээхэд Ван Чин их л хилэгнэж: - Сүн Жян зэргийн өмхий шалбаагаас өчүүхэн хулгай ямар аймшиггүй энэ мэт догшрон аашилмуй хэмээгээд дагалтаар зарлиг буулган дүдү түшмэл Дү Жюай-г арван хоёр жанжин, хоёр түмэн цэрэг авч Си Жин хотыг өмөглөхөөр эчигтүн хэмээгээд бас бүгдийг захирах их жанжин Се Юй-г арван хоёр жанжин, хоёр түмэн цэрэг авч Жин Нань хотыг тэнхрүүлэхээр эчигтүн хэмээсэнд хоёр жанжин тамга цаазыг хүлээн авч цэрэг морийг салган зэр зэвсгийг бэлтгэсэн хойно хуурмаг цэргийн яамнаас жанжин нарыг бүртгэн авч, хуурмаг жуань юнь ши түшмэл Гүн Жэн-ээс амуу хүнс авч, Ван Чин-д салах ёсыг хийж цэрэг морийг дайчлан зам хуваан хоёр тийш мордсоныг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Сүн Жян нар цэрэг морийг авах Жи Шань уулнаас арван газрын үзүүр хүрээ буугаад дайсныг дарсугай хэмээж атал цэргийн ард хулгайн мэдээг тагнаж мэдээд хойш мэдүүлсэнд Сүн Жян бээр Ү Юн лүгээ зөвлөж олон жанжны зүг өгүүлрүүн: - Сонсохул Ли Ран-ын гар доорх жанжин нар цөм зэргээс хэтэрхий баатар чадалтан хэмээмүү. Жи Шань хэмээгч болбоос Жин Нань-ий чухал балгас болох буй за. Манай жанжин цэрэг хэдий хулгайн цэргээс хувь дахин илүү боловч хулгайн цэрэг уулан бартааг эзэлж, манай цэрэг уулан энгэрт аж дайсанд хаагдаж баймуй. Ли Ран хэмээгч мэх их заль үлэмж хүмүүн болох тул танай зэргийн ах дүү нар тухайг үзэж байлдваас зохимуй. Хэрхэвч хөнгөнөөр хөдөлж болохгүй хэмээгээд зарлиг буулган цааз зарларуун: - Олон жанжин хүрээнээ эгвээс үүдийг дарж замыг цэвэрлэх хэрэгтэй. Санаан таваар үйлдэгсдийг цаазаар аваачмуй. Зарлигаас тэрслэгчдийг цаазаар аваачмуй.
Цэрэгт хоёр зарлиг үгүй тул өөр зарлиг гаргагсдыг цаазаар аваачмуй. Цаазаас зөрчигсдийг мөн цаазаар аваачмуй хэмээсэнд олон цэрэг нам гүм болов. Сүн Жян бээр Дай Зүн-г илгээн усан цэргийн түрүү Ли Жюнь нарыг амуу хүнсний онгоц салыг сайтар хамгаалан дараа дараагаар цэргийн хүрээнээ зөөн аваачигтун хэмээгээд бас хүмүүн зарж Ли Ран-д байлдах бичиг хүргүүлсэн жич маргаадар таслан байлдахаар болзоод Чинь Мин, Дүн Пин, Хү Яньжуо, Сюй Нин, Жан Чин, Чюн Ин, Жинь Дин, Хуан Юай нарыг хоёр түмэн цэрэг авч байлдахаар эчигтүн. Жяо Тин, Юй Баосы, Дуань Жинжү, Ши Юн нарыг хоёр мянган явган цэрэг авч мод унаган зам цэвэрлэж байлдах газар болгогтун хэмээгээд Сүн Жян тэргүүлэн үлсэн бус жанжин нар хүрээ цайзыг сахихаар болов. Түүнээс жич маргаадрын таван жинд хоол базааж хуяг цэргийг цадтал идүүлээд хүлэг морийг сайтар тэжээгээд тэнгэр гэгээрсэн хойно байлдахаар болов.
Ли Ран бээр жигүүрийн жанжин Ма Жян, Ман Жинь, Юань Лан, Тэн Күй, Тэн Кань-ий хамт хоёр түмэн цэрэг морийг авч дайран ирэв. Энэ таван хүмүүн болбоос хулгай Жинь жанжны доорх хамгийн цуурхай сайн эр болох тул Ван Чин хэргэм хайрлаж барсын жанжин хэмээжээ. Төдийд хулгайн цэрэг ирж Чин Мин-ийн цэрэг лүгээ эсрэглүүлэн жагсав. Хулгайн цэрэг уулан арын наран ээвэрт жагсаал засаж уулан дээр бас өмөглөн туслах цэрэг морийг үлэмж үлдээсэн ажгуу. Хоёр этгээд туг сажлан жагсаал засаж, тус тус хатуу нум хурц зэвээр жагсаалын хөлийг хамгаалахуйяа арьсан хэнгэрэг түрчигнэж өнгөт мэхиур мяралзмуй. Хулгайн цэргийн жагсаалын хиур нээгдмэгц хулгайн жанжин Юань Лан тэргүүндээ гуулин дуулга дарж, биедээ цэцэг шагласан торгон дээлийг өмсөж, сувд шигтгэсэн бараан хуягийг хэдэрч хурган үст хар морийг унажээ. Нүүр улаан сахал шар, биеийн өндөр есөн тохой. Гартаа гучин хэдэн жингийн хос ган ташуурыг барьж өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Усан шалбын өмхий хулгай дайсан эмээхгүй болбоос амиа өргөхөөр нааш ир! хэмээсэнд, Сүн улсын жагсаал дахь Хэбэй газрын дагасан жанжин Жинь Дин, Хуан Юай хоёул тэргүүн гавъяа байгуулсугай хэмээн жолоо сунган довтолж гараад: - Улсаас урвасан сөргүү хулгай битгий чалчигтун! хэмээн зандсан хойно Жинь Дин хурц ирт дам илдийг далайн, Хуан Юай ган үзүүрт жий жадыг сунган морь харайлгаж байлдан орохуйяа Юань Лан хос ташуурыг дээр өргөн угтан аваад хүр хүрсээр хөрвөж, хөрвөн даран зөрөлдөж гучаад удаа болсон хойно, Юань Лан хоосныг ташуурдан жолоо даран буруулахуйяа Жинь Дин, Хуан Юай хүлэг довтолгон нэхэн ирснээ Юань Лан гэнэт жолоо эргүүлснээ Жинь Дин ойртон эчиж илд далайн цавчин илгээсэнд Юань Лан зүүн гарын ташуураар туссанаа дингар хэмээх дуу гарч илдийн ир эмтрэхүйеэ Жинь Дин яаран зайлсугай хэмээтэл Юань Лан хэдийн баруун гарын ган ташуурыг өргөн нэгэнт гуядваас Жинь Дин-ийн дуулга оногдож тэргүүн хэмхрээд мориноос тонгорцоглон унав.
Хуан Юай морь ташуурдан давхин орж Юань Лан-ын зүрхэн сүвийг зааж жадлахуйяа Юань Лан нүд гярхай гар бушуу тул хэлэвхийтэл зайлснаа Хуан Юай хий жадалж Юань Ланын баруун суганы доогуур шургачин ирснээ Юань Лан барьсан ташуурыг зүүн суганд хавчиж, баруун гарыг сунган Хуан Юай-н жадан эшийг шүүрэн авч нэгэнт дугтарсанд Хуан Юай өөрийн эрхгүй урагш болсонд, Юань Лан гараа өргөн бэлхүүснээс тэврэн аваад хөсөрт цохин илгээхүйеэ цэргийн ард хашхиралдан ирж жагсаалдаа барьж аваачсанд унасан морь нь жагсаалдаа давхин эчив. Сүн улсын жагсаал дахь цахилгаан тэнгэр Чинь Мин бээр хоёр жанжин хохирсныг үзээд их л хилэн төрж морь ташуурдан жагсаалаас довтлон гарч, араат шийдмээ бүжиглэн байлдан орсонд Юань Лан ташуур эргүүлэн угтан авч урагш хойш зөрөлдөн тавиад удаа болсонд Сүн улсын жагсаал дахь эмэгтэй жанжин Чюн Ин мөнгөн дэлт цавьдар морийг давхиулан, гартаа фан тянь жи жадыг барьж, тэргүүндээ алт шигтгэсэн галбингаагийн титэм дарж, биедээ хуар хатгасан улаан торгон дээл өмсөж түүний гадуур мөнгөн шигтгээт мяндсан хуяг хэдрээд жагсаалаас гаран Чинь Мин-г өмөглөхөөр ирсэнд, хулгайн жанжин Тэн Күй эмэгтэй жанжин гарч ирснийг үзээд морь ташуурдан жагсаалаас гарч хадганатал инээсээр: - Сүн Жян нарыг бодвоос үнэхээр уул шугуйн өчүүхэн дээрэм болой. Юун хэмээн эхнэр хүмүүнийг жагсаалаас гарган байлдуулмуй? хэмээгээд гурван үзүүр хоёр ирт илдээ далайн Чюн Ин-г угтан ороод арван хэдэн удаа болсонд Чюн Ин жадаар Тэн Күй-ийн илдийг тосон зайлуулаад жагсаалын зүг буруулан эчихэд Тэн Күй их дуугаар зандан хашхирч морь довтолгон нэхэж ирснээ Чюн Ин торгон хавтгын нисэх чулууг сэмээр шүүрэн авч урт нарийн нурууг нэгэнт мушгин нүд орхин сайтар жишиж барьсан чулууг шидэж эхэлсэнд Тэй Күй-ийн нүүр оногдож арьс хагаран цус бургиж, мориноос тонгорцоглон унахуйяа Чюн Ин бие урван нэхэж ирээд түүнийг жадлан алав.
Тэн Ка эмэгтэй жанжин ахыг нь алсныг үзээд цээж дэлбэртэл уурлаж морь тавин жагсаалаас давхин гараад хулсан үет ган ташуурыг дээр далайн Чюн Ин-ийн зүг байлдан орсонд тэртээ жагсаалын хос таршуут Хү Яньжуо хүлэг хийсгэн ташуур эргүүлж Тэн Ка-г угтан авав. Олон хүмүүн үзвээс хоёр хүмүүний зэвсгийн эрдэм тэнцсэний дээр өмссөн хуяг ч нэгэн адил ажгуу. Хү Яньжуо тэргүүндээ шар торгон алтан даравчит төмөр магнайвчийг дарж, биедээ долоон одот торгон дээл өмсөж түүний гадуур эрдэнэ шигтгэсэн бараан хуяг хэдэрч, шийр цагаан хар морийг унажээ. Тэн Ка-г үзвээс, тэргүүндээ улаан торгон даравчит магнайвч дарж, биедээ цэцэг хатгасан торгон дээл өмсөж, түүний гадуур алт суулгасан баруун хуяг хэдэрч ухаа морийг унасан ажгуу.
Тэн Ка-аас өөр нь Хү Яньжуо-д илүү нэгэн нарийн сийлбэрт найман талт ган ташуур байх аж. Хоёр жанжин жагсаалын өмнө хойш урагш зөрөлдөн байлдаж тавиад удаа болтол дийлэн дийлэгдэх нь ялгарсангүй. Чинь Мин, Юань Лан хоёул зэвсэг хямралдуулан зуу тавин удаа болов. Хулгайн жагсаал дахь эзэн юаньшуай Ли Ран бээр довцогт гарч үзвээс эмэгтэй жанжин чулуу нисгэн Тэн Күй-г гэнэдүүлсэн тул даруй хэнгэрэг дэлдүүлэн цэрэг хураасанд Чинь Мин, Хү Яньжуо санаваас хулгайн жанжин ч баатар шаламгай тул нэхэмжилсэнгүй. Юань Лан, Чинь Мин хоёул цэрэг морийг авч жагсаалдаа эгэв. Хулгайн цэрэг ууландаа гарав.
Түүнээс Чинь Мин нар цэрэг хураан хүрээнээ харьсан хойно хулгайн жанжин баатар шаламгай тул Жинь Дин Хуан Юай хоёр жанжин автагджээ. Хэрвээ Жан жанжны хатан гарч байлдсангүй бөгөөс цэрэг морины хурц сүр буурах буй за хэмээсэнд Сүн Жян бачимдан цухалдаж Ү Юн лүгээ ийн зөвлөрүүн: - Ийн бөгөөс Жин Нань хотыг яахин олж эвдмүй? хэмээсэнд Ү Юн хуруу даран бодсон хойно нэгэн аргыг тогтоож: - Ийм тийм ёсоор үйлдвээс зохимуй хэмээхэд Сүн Жян үгийг дагаж мөн даруй Лү Жишэнь, Ү Сүн, Жяо Тин, Ли Күй, Фань Руй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Жэн Тяньшоу, Сүн Вань, Дү Чянь, Гүн Ван, Дин Дэсүнь, Ши Юн зэргийн арван дөрвөн жанжныг Лин Жэнь-ий хамт хурц шилдэг явган цэрэг таван мянган хүмүүнийг авч мөн шөнийн харанхуйг завдан, хүмүүн бүр хөнгөн хуяг хэдэрч, охор илд, дүгрэг бамбай, нисэх жад, нисэх илдийг барьж нарийн замаар уулны ард эчиж зарлигаар үйлд хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн мордсон хойно, жич маргаадрын өглөө Ли Ран элч заран байлдах бичиг хүргэж ирсэнд Сүн Жян яаран Ү Юн лүгээ зөвлөвөөс Ү Юн өгүүлрүүн: - Хулгайн цэрэгт эрхгүй зусар арга байх буй за. Лү Жишэнь нар нэгэнт хүнд газар цөмрөн орсон тул түргэн байлдваас зохимуй хэмээхэд Сүн Жян мөн өдөр даруй байлдсугай хэмээн цохолж ирсэн элчийг хойш эгүүлээд, Чинь Мин, Дүн Пин, Хү Яньжуо, Сюй Нин, Жан Чин, Чюн Ин нарыг өмнө анги болж, хоёр түмэн цэрэг морийг авч, нум сум баригсдыг гадна болгож жад бамбай өргөгсдийг дотоодод болгож, байлдах тэргийг өмнө оруулж морьт цэргийг дэд болгож урагш дайран орогтун хэмээв.
Бас Хуан Синь, Сүнь Ли, Ван Ин, Ху Саньнян нарыг нэгэн түмэн цэрэг морийг тэгшлэн авч хүрээндээ сууж захиаг хүлээгтүн хэмээв. Ли Ин, Чай Жинь, Хань Тао, Пэн Чи нарыг нэгэн түмэн цэргийг салган авч мөн хүрээндээ сууж зарлигийг хүлээгтүн хэмээгээд "манай өмнөд цэргийн тэмдэг буу дуугарсан хойно танай зэргийн олон жанжин зүүн баруун хоёр замаар цэргийн өмнө ороож ирэгтүн хэмээв. Бас Гуань Шэн, Жү Түн, Лэй хэн, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүнь Эл Нян нарыг морьт явган цэрэг хоёр түмэн хүмүүнийг авч их хүрээний хойно бууж хулгайн туслах цэргийн замыг хашигтун хэмээн хойно Сүн Жян өөрийн биеэр Ү Юн, Гүн Сүньшэн лүгээ жагсаалд гарч байлдааныг шаардахаар тогтож үлсэн бус жанжин нараар цайзыг сахиулахаар болов. Мөн өдрийн луу цагт Ү Юн үүлэн шатнаа авиран үзвээс уулан байц асар бартаатай тул цэрэг моринд цааз зарлан хоёр газар хойш ухран жагсаал засаад хоёр замын гайхалтай цэрэгт зам тавин өгөгтүн хэмээв. Түүнээс Сүн улсын цэрэг арай хэмээн жагсаж дууссанаа Жи Шань уулын хулгайн жанжин Ли Ран бээр Юань Лан, Тэн Ка, Ма Жян, Ма Жинь зэргийн дөрвөн барсын жанжныг авч хоёр түм таван мянган цэргийг дайчлан мордож ирэв.
Тэн Ка бээр Хуан Юай-н тэргүүнийг хулсан шургаар өргүүлж жагсаал дайрах таван мянган морьт цэргийг захиран хүрч ирэв. Үзвээс хүмүүн бүр битүү дуулга дарж төмөр хуяг хэдрээд ганц хоёр нүдийг ил гаргажээ. Хүлэг моринд хүнд хуяг нөмрүүлэн төмөр баг зүүлгээд ганц дөрвөн туурайг нь ил гаргажээ. Энэ болбоос урьд өдөр Ли Ран бээр эмэгтэй жанжин чулуугаар нэгэн жанжныг гэнэдүүлснийг үзээд нисэх чулууг сэргийлсүгэй хэмээн энэ мэт хуяглуулсан ажгуу. Тэр үед таван мянган морьт цэрэг хос нумчийн дунд нэгэн жадат хуягийг оруулан шууд даран ирэхүйеэ хойнох цэрэг нь хоёр замаар хавчин дайрснаа Сүн Жян халхлан чадахгүй болж мэндэн сандан хойш ухарч цааз зарлан тэмдэг буу тавиулав. Төдийд тэрэг зүтгэх хэдэн зуун цэргийн ард суманд шархдаад, завшаанаа байлдах тэрэг халхлан тоссонд морьт цэрэг урагш орж чадсангүй. Тэрэгний ард хэдий морьт цэрэг байх боловч урагш дайран дайсан лугаа байлдаж чадахгүй болж хараахан цухалдаж атал уулан араас гэнэт буун дуу үргэлжлэн мандмагц Лү Жишэнь тэргүүлэн олон жанжин уул авиран хад харайсаар хүрч ирэв.
Уулан цайзын хүрээнээ асан хөгшин зэмдэг тавхан мянга, жигүүрийн жанжин нэгэлхэн хүмүүнийг Лү Жишэнь нар дуусган алаад уулан цайзыг булаан эзлэв. Ли Ран нар уулан ард хэрэг муухай болсныг мэдээд яаран цэрэг татан ухарсугай хэмээтэл Хуан Синь зэргийн дөрвөн жанжин жич Ли Ин зэргийн дөрвөн жанжин хоёр замаар хумин орж ирэв. Сүн Жян захиа буулган бууч нараар морьт цэргийг харвуулсанд хулгайн цэрэг ихэд бутарчээ. Лү Жишэнь, Ли Күй зэргийн арван дөрвөн хүмүүн явган цэргийг дагуулан уулан дээрээс дайран бууж ирээд хулгайн цэргийг үүл мэт үлдэн сарниулав. Хайран нэгэн үеийн тасархай баатар Юань лан галт бууд оногдон үхжээ. Ард хоцорсон Ли Ран бас Лү Жишэнь-д алагдав. Ма Жинь, Тэн Ка хоёул самуун цэрэгт алагдаж ганц Ма Жян буруулан эчив. Олзолсон хуяг дуулга, харанга хэнгэрэг, хүлэг морийг тоолбоос барахгүй. Гурван түмэн цэрэг морины их хагасыг нь хөнөөсөн тул, хүмүүний хүүр уул талыг бүрхжээ. Сүн Жян хүрээнээ эгж цэрэг морийг бүртгэн үзвээс мөн мянга илүү хүмүүн хохирсон ажгуу. Тэнгэр нэгэнт орой болсон тул бас ч Жи Шань уулын ард хүрээ буув. Түүнээс жич маргаадрын өдөр Сүн Жян цэрэг морийг авч уулнаа гараад алт мөнгө амуу хүнс зэргийг багцлан авч уулан цайзыг галдсан хойно цэрэг жанжинд шан тавьж Лү Жишэнь зэргийн арван хэдэн хүмүүн жич Чюн Инийн гавъяаг тэмдэглээд цэргийг шаардан урагш давшиж Жи Шань уулыг өнгөрөөд Жин Нань хотоос арван таван газрын алсад хүрээ бууж, цэргийн багш Ү Юн лүгээ зөвлөж жанжин цэргийг тэгшлэн засаж хотыг байлдахаар шуудсаныг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь Лү Жюнь И нэгэн салааны цэрэг морийг авч Си Жин хотын зүг мордоод уул таарваас зам нээж, ус таарваас гүүр тавьж эчихэд, замын гудас дахь Бао Фэн зэрэг газрын хулгайн жанжин Ү Шүнь нар үнэрт хүжис барьж өнгөт дэнлүү асааж хот балгасаа өргөж тэнгэрийн төрд дагаснаа Лү Жюнь И тохруулан хэлж Ү Шүнь-ээр хотыг сахиулсанд хулгайн жанжин бишрэн уйлж элэг зүрхээ уудалж гажуугаа гээж дагав. Ийнхүү Лү Жюнь И нарт өмнөш эргэлзэх зовлон үгүй болоод цэрэг морийг авч шууд урагш орж дэмий удсангүй Си Жин хотоос гучин газрын үзүүр дэх И Чуай Шань уулнаа ирж цэрэг буугаад цэрэг гарган тагнуулбаас эзэн юаньшуай хуурмаг ухуулан амуулагч түшмэл Гүн Дуань, түн жюнь түшмэл Си Шэн нар хэд хэдэн баатар жанжин лугаа хотыг сахих аж. Си түн жюнь болбоос жагсаал засах эрдэмд шалгарч нягт увдист гүнээ нэвтэрсэн ажгуу. Лү Жюнь И дагалдаар Жү Ү лугаа ямар аргаар хотыг авбаас зохихыг зөвлөхөд Жү Ү өгүүлрүүн: - Сонсохул Си Шэн хэмээгч амьтан цэргийн бичигт ихэд нэвтрэв хэмээх тул эрхгүй байлдахаар ирмүй.
Ийнхүү бид цэрэг морио тэгшлэн жагсаал засаж, хулгайн цэрэг ирсэн хойно алгуураар өдөөн байлдсугай хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Цэргийн багшийн өндөр үзэл үнэхээр мэргэн болой хэмээгээд даруй цэрэг морийг тэгшлэн засаад уулан өмнөх тэгш газар эчиж үлэмж улирах найман хүЛи Лийн жагсаалыг байрлуулав. Удсангүй хулгайн цэрэг гурван анги хуваан дундад анги нь улаан туг хийсгэж, зүүн дэх анги нь хөх туг хоролзуулж, баруун дахь анги нь мөн улаан туг өргөж хүрч ирэв. Си Шэн бээр үзвээс Сүн улсын цэрэг морь хэдийн жагсаж зогссон тул цааз зарлан хөх улаан тугт хоёр багийн цэргийг зүүн баруун хоёр этгээд хуваан хүрээ байгуулан буулгаад, үүлэн шатнаа авиран шинжвээс Сүн улсын цэрэг үлэмж улирах найман хүЛи Лийн жагсаалыг зассан тул Си Шэн ийн өгүүлрүүн: - Энэ жагсаалыг хэн мэдэхгүй аж? Би бас нэгэн жагсаал засаж түүнийг цочоосугай хэмээгээд гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлж өндөр мандал цогцлуулан хоёр тэмдэг тугийг мандлаас сажилсанд зүүн баруун этгээдэд жагсаалын хөл бүрдсэнд мандлаас бууж ирээд мориндоо мордон тэргүүлсэн жанжнаар жагсаалын ирмэгийг цагдуулж, өөрийн биеэр жагсаалаас гаран Лү Жюнь И-г дуудаж хэлэлцэхээр эчив. Си Шэн-ийн хуягласан байдлыг үзвээс: Бор туяат алтан дуулгаас наран гэрэл цацраад, болор шүүдэрт мөнгөн хуягаас саран гялбаа гэрэлтмүй.
Мөнгөн хатгамалт магнаг дээлийг хуягийн гадуур давхарлаж, молор эрдэнэт шар бүсийг бэлхүүсний дундуур даруулжээ. Ногоон хавчаарт булигаар гутлаар эрдэнийн дөрөөг өшиглөж, номин хасыг шитгэрт ташуурыг баруун гартаа барьжээ. Дэвхрэн агсамнах луун хүлэг жагсаалын өмнө үүрсэж, дөрвөн тохой мөсөн сэлэм агаарын хөндийд гялсжээ. Түүнээс Си Шэн бээр морь довтолгон жагсаалаас гараад өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: - Чиний зассан үлэмж улирах найман хүЛи Лийн жагсаалыг хэн мэдэхгүй аж? Чи миний зассан жагсаалыг танимуй уу? хэмээсэнд Лү Жюнь И бээр Си Шэн-ийн жагсаалын эрдмээ мөчөөрхөхөөр ирснийг үзээд Жү Ү лугаа үүлэн шатнаа гарч хулгайн жагсаалыг үзвээс гурван хүмүүнийг нэгэн бага анги болгож, гурван бага ангийг нэгэн дундад анги болгож, таван дундад ангийг нэгэн их анги болгож, гаднаа дөрвөлжин дотроо дүгрэг, их жагсаалын дотор бага жагсаал засаж үүд бүр хэлхээлэн холбосон ажгуу.
Жү Ү үүнийг үзээд Лү Жюнь И-ийн зүг өгүүлрүүн: - Энэ болбоос Ли Яо Ши-ийн Лю Хуа Жэнь хэмээх жагсаал болой. Ли Яо Ши бээр Жу Гэ Лян-ын Ба Жэньт жагсаалыг дуурайн энэхүү Лю Хуа Жэнь жагсаалыг бүтээжээ. Хулгайн жанжин түүний жагсаалын хөлийг танихгүй хэмээн биднийг дарлаж баймуй.
Ийнхүү манай энэхүү найман хүЛи Лийн жагсаалыг улируулж найм найм жаран дөрвөн зүйлээр жагсааж Жу Гэ Лян-ын Ба Жэньт жагсаал болговоос түүний Лю Хуа Жэнь жагсаалыг бардаагаар эвдэж болмуй хэмээвээс Лү Жюнь И жагсаалын өмнө гарч зандан өгүүлрүүн: - Чиний энэлю Хуа Жэнь жагсаалд ямар гайхамшигтай газар баймуй! хэмээхүл Си Шэн асууруун: - Чамд миний жагсаалыг байлдах цөс баймуй уу? хэмээхүйеэ Лү Жюнь И хадганатал инээгээд: - Энэ өчүүхэн жагсаалыг эвдэхэд ямар бэрх газар баймуй! хэмээгээд жагсаалдаа орохуйяа, Жү Ү өндөр мандал дээр авиран гараад тэмдэг тугийг хурайлан сажмагц Ба Жэньт жагсаал бүтсэнд Жү Ү бээр Лү Жюнь И-д захиж Ян Хи, Сүнь Ань, Бянь Сян-д хуягт цэрэг нэгэн мянган хүмүүн өгч жагсаалыг дайруулагтун хэмээсэн хойно ийн өгүүлрүүн: - Энэ өдөр түв хэмээн төмрийн махбодод тохиолдсон тул манай жагсаалын ас өмнөх хэрлэлийн орны цэрэг морийг авч даран орвоос зохимуй хэмээсэнд Ян Жинар захиаг хүлээн гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлэн мордоод хулгайн жанжны баруун этгээдийн жагсаалын хиурыг шувтлан дотогш байлдан орсноо Лү Жюнь И бас Ма Лин тэргүүлэн жанжин цэргийг авч даран орохуйяа хулгайн цэрэг их л дарагдав.
Түүнээс Ян Жинар хулгайн жагсаалд шувтлан ороод үзвээс хэд хэдэн баатар жанжин Си Шэн-г хамгаалан урагш буруулах тул Сүнь Ань, Бянь Сян хоёул гавъяа байгуулсугай хэмээн цэрэг аван нэхэхээр эчээд санамсаргүй хүнд гаар гүнээ оров. Гэнэт уулан араас тогшуурын дуу мандмагц хэдийн нэгэн багийн цэрэг алан гарч ирэхүйеэ Ян Хи, Сүнь Ань нар зайлан завдахгүй болов. Энэ үнэхээр жагсаалыг дайрах хүлэг морьд хөх ургацнаа мөхөж, давалгааг зүсэх онгоц сал ногоон зэгснээ живжээ. Эгнэгт дайран ирсэн цэрэг хаанах болох ба Сүнь Ань нар дайсныг хэрхэн угтсаныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )