Гурван улсын үлгэр | 23 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-23 ДУГААР БҮЛЭГ

НИ ЖЭНПИН БИЕ НҮЦГЭЛЭН ХУЛГАЙГ ХАРААСАН ЗИТАЙ ЭМЧ ХОР ӨГЧ ЭРҮҮГ АМССАН

Өгүүлэх нь: Цаоцао “Людай, Ванжуныг алсугай!” хэмээхэд Кунрун ятгаж өгүүлрүүн: “Энэ хоёр угаас Любэйд тэнцэх хүн бус. Хэрвээ албаас жанжин цэргийн сэтгэлийг алдуузай!” хэмээсэнд Цаоцао үхэх ялыг хэлтрүүлж, хэргэм пүнлүүг эвдлэн хасаад Цаоцао өөрийн бие цэрэг авч “Сюаньдөг дайлаар одсугай!” хэмээхэд Кунрун өгүүлрүүн: “Эдүгээ хараахан өвлийн тэсгэм хүйтэн цаг тул цэрэг хөдөлгөж болохгүй. Хавар урь орсон хойно ороход эс удмуй. Урьд хүн зарж Жансю, Любяог элсэн тохинуулсны дараа дахин Сюйжоу мужийг хичээвээс болох бус уу?” Цаоцао үгийг дагаж урагш Лю Ег зарж Жансютэй хэлэлцэхээр илгээв. Лю Е, Сян Лн балгасанд хүрээд урьд Зясюд золгож Цао гүнгийн эрдмийг дэлгэрүүлэн хэлсэнд Зясю Лю Ег өөрийн гэрт оруулж, дэд өдөр Жансютэй уулзаад Цаоцаогийн Лю Ег зарж элсэн тохинуулахаар илгээсэн учрыг хэлээд зөвдөлцөн атал хүн ирж хэлрүүн: “Юаньшаогийн зарсан элч хүрч ирэв!” хэмээмүй. Жансю даруй оруулбаас элч бичгийг өргөсөнд Жансю авч үзвэл мөн “Элсэн амаржуулах үг” болой. Зясю элчээс асууруун: “Ойрын өдөрт цэрэг үүсгэн Цаоцаог дайлахаар одов хэмээмүй. Дийлсэн үү, дийлэгдсэн үү”. Элч өгүүлрүүн: “Өвлийн хүйтэн цаг тул түр дайтахаа зогсоожээ. Эдүгээ жанжин хийгээд Зинжоугийн Любяо цөм улсын нэртэй эрдэмтэн тул тийнхүү залахаар ирсэн болой”. Зясю ихэд инээн өгүүлрүүн: “Чи эгэж Юань Бэньчүд178 хэлэгтүн! “Та өөрийн дүүгээ ч багтаан чадахгүй атал яахан дэлхий дахины эрдэмтнийг хэрэглэж чадах билээ?” хэмээн хүргэж ирсэн бичгийг ураад элчийг зандран эгүүлэв.

178 Юаньшаогийн өргөсөн нэр.

Түүнээс Жансю өгүүлрүүн: “Эдүгээ Юаньшао чийрэг бөгөөд Цаоцао буурай. Эдүгээ бичгийг нь урж элчийг зандран эгүүлсэнд Юаньшао хүрч ирвээс яамуй”. Зясю өгүүлрүүн: “Цаоцаод дагаар одоход хүрэхгүй”. Жансю өгүүлрүүн: “Цаоцао лугаа хуучин өс байх тул яахан олж багтаамуй”.

Зясю өгүүлрүүн: “Цаоцаод дагаваас гурван тус буй. Цаоцао хааны зарлигаар дэлхий дахиныг дайлах тул түүнийг дагах тус нэг болой. Юаньшао чийрэг бид цөөн, дагаваас эрхгүй манийг хөнгөлмүй. Цаоцао буурай тул биднийг олбоос эрхгүй баярламуй. Энэ дагах тус хоёр болой. Цаоцаод таван эзэрхэгийн санаа буй тул эрхгүй гуяч өсийг санахгүй эрдэм хишгийг дөрвөн далайн дотор зарламуй. Энэ дагах тус гурав болой. Жанжин үл сэжиглэх болов уу” хэмээсэнд Жансю үгийг дагаад Лю Ег дуудаж золгосонд Лю Е Цао гүнгийн эрдмийг магтан хэлээд бас өгүүлрүүн: “Чансан хэрвээ хуучин өсийг санаваас юунд намайг зарж жанжин лугаа найрлахаар илгээх аж?” хэмээсэнд Жансю ихэд баярлан даруй Зясю лугаа Сюйдүд дагахаар очоод Жансю Цаоцаотай учирч яндрын доор сөгдсөнд Цаоцао яаран татан босгоод гарыг барьж өгүүлрүүн: “Бага эндүүг битгий санагтун!” хэмээгээд Жансюг “Сүрийг бадраах жанжинд” өргөмжилж Зясюг Жизинь Ү түшмэл болгов.

Цаоцао даруй Жансюгээр бичиг үйлдүүлж Любяог ирүүлэн оруулсугай хэмээхэд Зясю өгүүлрүүн: “Лю Зиншэн179 ер эрдэмтэн сайдыг цуглуулахад бахтай тул өнөө эрхгүй нэгэн утгат эрдэмтнийг илгээн хэлүүлбээс сая дагуулан чадмуй”. Цаоцао Сюнь Югээс асууруун: “Хэн очвоос болох болой?”. Сюнь Ю өгүүлрүүн: “Кун Вэньзюй энэ тушаалыг хүлээж болмуй” хэмээсэнд Цаоцао “Мөн!” хэмээсэнд Сюнь Ю гарч Кунрунд золгож өгүүлрүүн: “Чансан нэгэн утгат эрдэмтнийг олж явалцах хүнийг сонгоход бэлдсүгэй хэмээмүй. Гүн чи энэ тушаалыг хүлээмүй үү?” гэхэд Кунрун өгүүлрүүн: “Миний нөхөр Нихэн, өргөсөн нэр Жэнпин, түүний эрдэм надаас арван хувь илүү. Энэ хүнийг хааны ойр байлгаваас зохимуй. Ганц явалцах хүн бэлдэхийн төдий бус харин тэнгэрийн хөвгүүнд батлан мэдүүлсүгэй хэмээмүй” хэмээгээд даруй илтгэл бэлтгэж айлтгав. Тэр илтгэлийн үг нь:

“Сайд би сонсвоос “Их ус хөндлөн урссанаар хаан засахыг санаж дөрвөн зүгээс мэргэдийг урьжээ. Эрт Шизун180 төрийг залгамжилснаар хөрөнгийг ихэтгэсүгэй хэмээн хэрэг үйлдэх хүнийг сурвалжилсанд олон эрдэмтэн дууныг дагаж сүрэглэн ирэв. Богд хаан гэгээн мэргэнээр суурийг хүлээн хөрөнгийг залгамжилснаас муу улиралд тохиолдон учраад, өдөр дуустал ядаж зүдсэн тул таван Хайрханы сахиусан бууж ирээд увдист хүмүүн хамт гарчээ. Байцаан үзэхэд нууж суусан Пин Юань газрын Нихэн хэмээгч нас нь хорин дөрөв, өргөсөн нэр Жэнпин, зан чанар мэргэн бат, чадал эрдэм хүнээс хэтийдмүй. Анхан сурахад утгыг сурч боловсорсон хойно даруй түүний нягтыг ухаж нүдээр нэгэнтээ үзсэнийг амандаа уншиж гарган чихэнд түр сонссоныг сэтгэл дотроо үйлдэж умартахгүй. Чанар нь ёс лугаа нийлж, бодлого сахиулсан мэт. Сан Хун Янгийн битүүгээр уйлсан, Жан Аньшигийн цээжээр тогтоосныг181 Нихэн лугаа адилтгаваас үнэхээр гайхах хэрэггүй. Шударга үнэнч, төв цэх бөгөөд ариун цагаан зоригийг өвөртөлжээ. Сайнд учирваас цочих мэт мууд уулзваас өшөөтөн адил. Рэньзуогийн явдал182, Ши Юйгийн хэмжээ183 харин үүнээс өнгөрөхгүй болой. Махчин шувуу зууг цуглуулавч нэгээхэн явлаг галууд хүрэхгүй хэмээсэнчлэн Нихэнгээр төрийн хэргийг шийтгүүлбээс эрхгүй сайшаамаар явдал буй. Ялган хэлэх, шууд шүүмжлэхэд амьсгал бялхаж, дуу огторгуйд тулмуй. Сэжиглэлийг тайлан зангидсаныг алдаргаж, дайсанд учирсан тухайд илүүц чадал буй хэмээв.

Эрт Зя И184 халхавч улсад эрдмээ шалгахаар очиж Шаньюйг ногтолсугай хэмээсэн Жунзюнь185 цэргийн эрх гуйж, чийрэг Юэ улсыг гоходсугай хэмээсэн нь залуу насны хуур шуур тул урьд төрд сайшаагджээ. Ойрд Луцүй, Яньсян бас ч зүгээр эрдмийг хэрэглэснээр онцгой Тайлан түшмэл болгов.

Нихэнг бас үүнд адилтгаж болмуй. Луу тэнгэрт харайн үүлэнд жигүүрээ дэлгэж, охь одноо дуу хүргүүлэн солонгод гэрлийг цацруулаад, ойр яаманд эрдэмтэн нарыг олонтоо урьж ирэхэд гүйцэд бөгөөд дөрвөн хаалганд гүн найрыг нэмэгдүүлмүй. Дээд оронд эрхгүй сонин гайхамшигт үзэмж аж. Хааны ордонд ер бус эрдэнийг хадгалах мэт буй за. Нихэнгийн мэтсийг олонтоо олж болох бус. “Зичугийн мэтэс тунгалаг дуулал”, “Ян Агийн” адил туйлын гоо сайхан өнгөтэй дууч эхнэрт захирагчдын шунахайрах нь бөгөөд Фэйту, Яо Ню морьдын үнэнч түргэн нь Ванлян, Билө нарын хүсэх нь болой. Сайд би өчүүхэн ч эрдэмгүй тул ямар аймшиггүй эс сонсгомуй? Гүн болгоомжилж эрдэмтнийг аваачихад эрхгүй шалган үзэх хэрэгтэй. Нихэнийг энгийн дээлээр дуудан үзэж хэрвээ авч болох үгүй болбоос сайд би нүүрний өмнө эзнийг мэхэлсэн ялыг хүлээмүй” хэмээжээ.

179 Любяогийн өргөсөн нэр.

180 Хань улсын Ү Ди хааныг зааж байна.

181 Сан Хун Ян болбоос баруун Хань улсын эдийн засагч эрдэмтэн юм. Тэр цээжээр тоо бодохдоо гарамгай байсан гэдэг. Харин Жан Ань Ши болбоос мөн л баруун Хань улсын Чансан агаад ой тогтоомж маш сайн тул хааны алга болгосон гурван хайрцаг номын агуулгыг цээжээр сэргээн бичиж байснаараа алдаршжээ.

182 Рэньзуо бол хятадын түүхэн дэх байлдаант улсын үеийн Вэй улсын сайд. Хаан эзэндээ бялдуучлалгүй алдаа эндлийг нь засаж, хэлж өгдгөөрөө алдартай байжээ.

183 Хятадын түүхийн хавар намрын үед хамаарах Вэй улсын Дайфү түшмэл. Тэр зусар муу хүнийг сайд түшмэл болгож болохгүй хэмээн Вэй улсын хааныг ятгаж сэнхрүүлдэг байжээ.

184 Баруун Хань улсын үеийн төрийн онолч. Тэрээр хаандаа хэлсэн нь “Хэрэв намайг халхавч улсыг хамаарах ноён болговол би заавал Хүннүгийн эзэн Шаньюйг дагуулж түүнийг зарлиг дагах болгож болно” гэжээ.

185 Жунзюнь мөн л баруун Хань улсын идэр жанжин бөгөөд өмнөдийн хүчирхэг юэ улсын хааныг ногтоор чирч ирье хэмээн аархаж байсныг энд зүйрлэсэн байна.

Хаан илтгэлийг үзэж бараад Цаоцаод өгвөөс Цаоцао даруй хүн зарж, Нихэнийг дуудан ирүүлсэнд ёслон золгосон хойно Цаоцао суудал өгсөнгүйд Нихэн дээш хандаж шүүрс алдаж өгүүлрүүн: “Тэнгэр газар хэдий агуу их гэвч яахан нэг хүн ч хүнгүй аж!”. Цаоцао өгүүлрүүн: “Миний харьяат хэдэн арван хүн цөм энэ ертөнцийн аруухан баатар атал яахан нэг ч хүнгүй хэмээмүй?”. Нихэн өгүүлрүүн: “Сонсохыг хүсмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Сюнь Юй, Сюнь Ю, Гуозя, Чэн Юй нарын бодлого гүн, мэдлэг хол, хэдий Сяохө, Чэньпин хэмээвч хүрэхгүй болой. Жанляо, Сюйчу, Лидянь, Юэзинь нарын баатрыг хүлээвээс болохгүй. Хэдий Чэньпэн, Ма Ү хэмээвч эс хүрмүй. Люцянь, Маньчун нар Цунши түшмэл болж Юйзинь, Сюйхуан хоёр гавшгай болсон бөгөөд Ся Хоудүнь дэлхий дахины гайхамшигт эрдэмтэн, Цао Зысяо ертөнцийп буянт жанжин тул яахан хүнгүй хэмээмүй”. Нихэн ихэд инээн өгүүлрүүн: “Гүнгийн үг ташаарав! Энэ зэргийн хүнийг би цөм танимуй. Сюнь Юйгээр бэлэвсрэлд золгуулан өвчнийг асуулгаваас болмуй. Сюнь югээр болбоос хүүрийг сахиулан үзүүлбээс болмуй. Чэн Юйгээр үүд харуулж, цонх хамхиулсан нь дээр. Гуозягаар сул үг магтуу уншуулбаас болмуй. Жанляогаар хэнгэрэг дэлдүүлэн цан цохиулсан нь тустай. Сюйчугээр үхэр адгуулан морь сахиулбаас болмуй. Юэзиньгээр заалдсан бичгийг хүлээн авахуулж, тархаах бичгийг дуудуулбаас зохимуй. Лидяньгаар захидлыг уламжлан ухууллыг зарлан хүргүүлбээс болмуй. Люцяньгаар хутга билүүдүүлэн илд давтуулбаас болмуй. Маньчунгаар архи уулган будаа идүүлбээс болмуй. Юэзиньгээр хавтгай мод үүрүүлж, хэрэм дэлдүүлбээс болмуй. Сюйхуангаар гахай алж, нохойг хордуулбаас болмуй. Ся Хоудүнийг бие бүрэн биет жанжин хэмээж Цао Зысяог эд авах Тайшоу түшмэл хэмээн нэрийдвээс болмуй. Түүнээс үлдсэн нь цөм хувцасны тавиур будааны уут, дарсны суулга, махны шуудай болой”. Цаоцао хилэн төрж өгүүлрүүн: “Тэгвэл чамд ямар эрдэм буйг хэлэгтүн!”. Нихэн өгүүлрүүн: “Тэнгэрийн утга, газрын байдлыг үл нэвтэрсэн нь үгүй. Гурван сургууль, есөн урсгалыг эс мэдсэн нь үгүй. Дээдэд болбоос эзнийг Яо, Шүнь хаан мэт болгон доордод болбоос эрдмээр Күнз, Яньзид нийлүүлэн ядахгүй тул яахан зэргийн ард лугаа адилтган шүүмжилж болмуй”. Тэр үес Жанляо жигүүрт асан тул илдийг гаргаж “алсугай!” хэмээхэд Цаоцао өгүүлрүүн: “Надад чухам хэнгэрэг дэлдэх нэгэн хүн дутагдах бөлгөө. Үдэш өглөө бараалхалд хуримлан баярлахад Нихэнгээр тэр тушаалыг хүлээлгэвээс болмуй” хэмээсэнд Нихэн маргасангүй хүлээн авч одов. Жанляо өгүүлрүүн: “Энэ хүн ийм хөнгөмсөггүй үг гаргах атал юунд алахгүй аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ хүн угаас хоосон нэр нь хол ойрд алдаршсан нэгэн бөлгөө. Эдүгээ албаас дэлхий дахины хүн цөм намайг эрдэмтнийг багтаан чадахгүй хэмээмүй. Тэр өөрийн биедээ чадал эрдэм буй хэмээхэд тийнхүү түүнийг хэнгэрэг дэлдэгч болгож гутаасугай!” хэмээв.

Түүнээс дараа өдөр Цаоцао яамны танхимд ихээр хурим бэлтгэн зочдыг хуримлахад Нихэн хэнгэрэг дэлдэгчээр хэнгэрэг цохиулахад хэнгэрэг цохих хуучин түшмэл өгүүлрүүн: “Хэнгэрэг цохиход эрхгүй шинэ дээл халж өмсөх хэрэгтэй” хэмээв. Нихэн хуучин дээлээ өмссөөр орж гурван зэрэг “Юй Янгийн аялгуу”-г дэлдэв. Тэр хэмжээ дуу үнэхээр гайхамшигтай, хөвхийж алтан чулууны дуу үүсэхэд суулцсан ард сонсоод нэг нь ч хуур шуур хийж эс уйлагчид үгүй. Хоёр этгээдийн ард бархиран өгүүлрүүн: “Юунд дээл халахгүй болой!” гэхэд Нихэн даруй нүүрний өмнө элэнхий хуучин дээл өмдөө тайлж нүцгэн биеэр зогссоноор бүхэл бие цөм илэрчээ. Суулцсан ард цөм нүүрээ халхалсанд Нихэн сая өмдөө алгуураар өмсөж царайны өнгө өчүүхэн ч хувилсангүй. цаоцао зандран өгүүлрүүн: “Яамны танхимд юунд ийн ёс бусчилмуй?”. Нихэн өгүүлрүүн: “Хааныг дарлаж дээдийг мэхлэхийг нь сая ёсон үгүй хэмээмүй. Би эцэг эхийн төрсөн байдлыг үзүүлж ариун цагаан биеийг илрүүлэх болой!”. Цаоцао өгүүлрүүн: “Чи ариун цагаан болбоос хэн бузар булингар болой?”. Нихэн өгүүлрүүн: “Чи мэргэн тэнэгийг танихгүй нүд булингар болой. Бичиг шүлэглэлийг уншсангүй нь ам булингар болой. Шударга үгийг авахгүй нь чих булингар болой. Эрт эдүгээгийн хуулийг нэвтэрсэнгүй нь бие булингар болой. Мужийн эздийг багтаахгүй нь хэвлий булингар болой. Үргэлж суурийг булаах санаа өвөрлөх нь сэтгэл булингар болой. Би дэлхий дахины нэртэй эрдэмтэн байтал хэнгэрэг дэлдэх хүн болгосон нь даруй Янхуогийн Жунпиг хөнгөлсөн мэт бөгөөд Занцан, Мэнзийг муулсан адил болой. Вангийн ёсны хөрөнгийг бүтээсүтэй хэмээх бөгөөтөл ийм хүнийг хөнгөлмүй үү” хэмээв. Тэр цагт Кунрун жигүүрт байсан тул Цаоцао Нихэнийг алахаас эмээн алгуураар дэвшиж өгүүлрүүн: “Нихэнгийн Ял Сюйми186-ийн мэт тул гэгээн вангийн зүүдийг сэрэгдүүлэхэд хүрэхгүй!” хэмээжээ. Цаоцао, Нихэнийг зааж өгүүлрүүн: “Би чамайг Зинжоу мужид элч болгон зарсугай. Хэрвээ Любяог хэлэлцэж дагуулбаас даруй чамайг гүн чингийн зэрэгт оруулмуй!”. Нихэн очих дургүй, Цаоцао гурван морь бэлтгүүлж, хоёр хүнээр хавчуулан илгээгээд бас өөрийн доорд бичиг цэргийн түшмэдийг дарс идээ бэлтгэж, зүүн хаалганы гадна үд хэмээн илгээв. Сюнь Ю өгүүлрүүн: “Хэрвээ Нихэн хүрч ирвэл суудлаас битгий хөдлөгтүн!” хэмээжээ. Нихэн хүрч ирээд мориноос бууж золгохоор орвол олон цөм сууж огт хөдлөхгүйд Нихэн дуу тавин ихэд уйлав. Сюнь Ю асууруун: “Чи юуны учир уйлмуй”. Нихэн өгүүлрүүн: “Авсны дотор алхан орж ирсэн тул юунд уйлахгүй болой?”. Олон цөм өгүүлрүүн: “Бид үхсэн яс болбоос чи толгойгүй галзуурсан чөтгөр болой!”. Нихэн өгүүлрүүн: “Би болбоос Хань улсын сайд бөгөөд Цао А мань187-ийн нам болохгүй тул яахан толгойгүй болж болох буй?”. Олон бүгдээр “Алсугай!” хэмээхэд Сюнь Ю яаран зогсоон өгүүлрүүн: “Бялзуухай хулганы аймаг яахан хутгыг бузарлахад гүйцмүй!”. Нихэн өгүүлрүүн: “Би бялзуухай хулгана боловч харин хүний чанартай. Та нарыг даруй хорхой шоргоолж хэмээж болно!” хэмээсэнд олон цөм занан тархав.

Түүнээс Нихэн Зинжоуд хүрч Любяод золгосон хойно хэдий эрдмийг сайшаан хэлэвч үнэндээ үнэнд дайруулан хэлсэн тул Любяо таалахгүй Зянся газрын Хуанзуд золгуулахаар илгээв. зарим хүмүүн асууруун: “Нихэн эзэн гүнг гутаан хэлсэнд юунд алахгүй буй за”. Любяо өгүүлрүүн: “Нихэн хэд хэдэн зэрэг Цаоцаог гутаан хэлсэн атал Цаоцаогийн алахгүй нь дэлхий дахины хүний эрмэлзлэлийг алдуузай хэмээн тийнхүү надад элч болгон зарсан нь “Миний гарыг зээлэн алж, надаар эрдэмтнийг хорлосон нэрийг үүрүүлсүгэй” хэмээсэн бөлгөө. Би эдүгээ зарж Хуанзуд золгохоор илгээсэн нь Цаоцаод миний ухвартайг мэдтүгэй хэмээсэн болой”. Олон цөм харилцан магтаж хэлэлцэв. Тэр үес юаньшаогийн зарсан элч бас ирсэнд Любяо олон түшмэлийг цуглуулан зөвдөж өгүүлрүүн: “Юань Бэньчу бас элч зарж илгээсэн бөгөөд Цао мөндө бас Нихэнг илгээсэн нь энд буй. Аль элчийг дагаваас сайн аж?”. Цунши Жунлан түшмэл Ханьсун дэвшиж өгүүлрүүн: “Эдүгээ хоёр эрэлхэг харилцан эсэргүүцлэн байх үед жанжин хэрвээ үйлдсүгэй хэмээн санаа байваас мөн дашрамаар дайсныг эвдэлбээс зохимуй. Тийм бус болбоос түүний сайныг сонгож дагаваас барав. Эдүгээ Цао гүн цэрэг хэрэглэх хэцүү, эрдэмтэн мэргэд ихэд дагажээ. Түүний байдал эрхгүй Юаньшаог урьд эвдэлж, хойно Зяндунд цэрэг нүүлгэн хандваас жанжин халхлан чадахгүй болов уу хэмээмүй. Тиймийн тул Зинжоуг өргөн барьж, Цаоцаод дагаваас Цаоцао, жанжин таныг эрхгүй хүндэтгэн аваачмуй”. Любяо өгүүлрүүн: “Чи урьд сюйдүд одож түүний байдал дүрмийг үзэж ирсэн хойно дахин зөвлөсүгэй!”. Ханьсун өгүүлрүүн: “Эзэн сайдад тус бүр тогтсон хувь буй. Ханьсун эдүгээ жанжныг үйлдэх тул хэдий буцлам усанд орж улаан галд гишгэвч захиагаас зайлахгүй. Жанжин хэрвээ дээдэд тэнгэрийн хөвгүүнийг эедэж, доордод Цао гүнг дагаж чадваас Ханьсун намайг зарж болмуй. Хэрвээ сэжиглэж тогтворгүй болбоос

186 Хүнд хөдөлмөрөөр шийтгэгдсэн ялтан.

187 Цаоцаогийн багын нэр.

Ханьсун би, нийслэл хотод хүрсэн хойно тэнгэрийн хөвгүүн надад нэгэн түшмэл өгвөөс Ханьсун би тэнгэрийн хөвгүүний сайд болж одоо дахин жанжны төлөө үхэж чадахгүй болмуй”. Любяо хэлрүүн: “Чи урьд очиж үз! Надад өөр санаа буй” хэмээв. Түүнээс Ханьсун Сюйдүд хүрч Цаоцаод золгосон хойно Цаоцао даруй Ханьсуныг Шижун түшмэл болгож, Линьлингийн Тайшоуг хүлээлгэв. Сюнь Юй өгүүлрүүн: “Ханьсун бидний байдал дүрмийг үзэхээр ирсэн бөгөөд огт гавьяагүй атал хүнд зэрэг нэмдгийн учир юу вэ? Нихэн бас чимээ имээгүй байтал Чансан түүнийг асуухгүй нь юун болой?”. Цаоцао өгүүлрүүн: “Нихэн намайг даанч ичүүлсэн учирт Любяогийн гарыг зээлэн алуулсан тул дахин асууж юу хиймүй?” хэмээгээд даруй Ханьсунг Зинжоу мужид эгүүлж Любяог ятгуулахаар илгээв. Ханьсун эгэж Любяод золгон хааны эрдмийг магтан өргөж хэлээд Любяод дурдхан “Хөвгүүнийг төрд илгээ!” хэмээхэд Любяо ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Чи хоёр сэтгэл өвөрлөсөн үү!” хэмээгээд “Алсугай!” хэмээхэд Ханьсун өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Жанжин намайг үтээрэх боловч би жанжныг үтээрэхгүй болой!”. Куайлян өгүүлрүүн: “Ханьсун очихын урд урьдаас энэ үг буй ажгуу” хэмээсэнд Любяо сая алахыг хэлтрүүлэв. Гэнэт хүн ирж “Хуанзу Нихэнийг алав” хэмээмүй. Любяо учрыг асууваас өчрүүн: “Хуанзу Нихэн лүгээ архи уусаар цөм согтсон хойно Хуанзу Нихэнгээс асууруун: “Авгай Сюйдү балгасанд байсанд төрд ямар зэргийн хүн байх буй” хэмээсэнд Нихэн өгүүлрүүн: “Их хөвгүүн Кун Вэньзюй, бага хөвгүүн Ян Дөзү энэ хоёулаас өөр хүнгүй”. Хуанзу асууруун: “Миний мэт ямар буй”. Нихэн өгүүлрүүн: “Чи даруй сүмийн доторх сахиулсан адил, хэдий тахилгыг хүлээвч хорсох нь мэргэн гайхамшиг үгүй!”. Хуанзу ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи намайг шавар модон хөрөг хэмээмүй үү!” хэмээгээд алжээ. Нихэн үхтэл харааж ам хамхисангүй”. Любяо Нихэнгийн үхсэнийг сонсоод бас ч гомдож барахгүй. Ен Үжоугийн хөвөөнд оршуулав. Хожмын хүний Гуньхран шүлэглэсэн шүлгийн үгс:

“Хуанзугийн эрдэм ихэс сайдад тэнцэхгүй тул

Нихэнгийн амь энэ мөрний дэргэд сүйдэв

Ен Үжоу хойгийн хажуугаар эдүгээ өнгөрөхүйеэ

Эрвэгнэсэнгүй хөхөмдөг ус ажиггүй урснам”

Тэндээс Цаоцао Нихэнгийн үхсэнийг сонсоод инээн өгүүлрүүн:

“Ялзархай утгатны хэл илдний мэт тул гэдрэг өөрийн биеэ алав, Любяог дагахаар ирэхгүй учир даруй цэрэг байгуулж ял асуухаар одсугай” хэмээхэд Сюнь Юй ятган өгүүлрүүн: “Юаньшаог түвшитгөөгүй, Любэйг эс хөнөөсөн атал Зянханьгийн газар цэрэг оруулсугай хэмээх нь сэтгэл зүрхийг гээж гар хөлд санаа тавих мэт болой. Урьд Юаньшаог хөнөөж Любэйг дарсан хойно Зянханийг нэгэнтээ шүүрдвээс даруй түвшин болмуй” хэмээсэнд Цаоцао үгийг дагав.

Тэндээс Дунчэн Сюаньдөгийн одсоноос өдөр шөнө Ван Зыфу лугаа зөвлөж огт арга олохгүй. Амгалан байгуулагчийн тавдугаар оны цагаалах өдрийн төрт бараалхахад цаоцаогийн оморхоглох нь улам хэцүү болсныг үзээд уурлан зовж өвчин олов. Хаан, улсын нагац өвдсөнийг сонсоод төрийн эмчийг илгээн эмнүүлэв. Тэр эмч Луо Ян газрын хүн, овог Зи, нэр Тай, өргөсөн нэр Чэнпин. Хүмүүн цөм Зипин хэмээн өргөмжлөн дууддаг тэр цагийн нэртэй эмч ажээ. Зипин Дунчэнгийн гэрт ирээд эм уулгаж, сувилан засаад өглөө үдэш захаас салахгүй гагц дунчэнгийн шүүрс алдан гаслахыг үзэвч аймшиггүй асуусангүй бөлгөө. Арван таван өдөр болсонд, Зипин гэртээ эгсүгэй хэмээхэд Дунчэн үлдээн авч хоёул хамт уусаар нэгэн цохилт илүү болсонд Дунчэн нойр хүрснээр даруй дээл өмссөөр унтав. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Ван Зыфугийн дөрвүүл иржээ” хэмээмүй. Дунчэн угтан гарч оруулсанд Ван Зыфу өгүүлрүүн: “Их үйл бүтсэн болой!”. Дунчэн өгүүлрүүн: “Түүний учрыг сонсохыг хүсмүй” хэмээв. Ван Зыфу өгүүлрүүн: “Любяо, Юаньшао лугаа нийлээд тавин түмэн цэрэг байгуулж, бүгд арван зам хуваагдаад байлдан ирсэн бөгөөд Матэн, Ханьсүй лугаа нийлж Силянгаас далан хоёр түмэн цэрэг байгуулж хойдоос байлдан ирсэн тул Цаоцао, Сюйчанд буй бүхий цэргийг дуусган авч зам хуваан угтан байлдахаар очсоноор балгас хоосон болжээ. Бид хэрвээ таван гэрийн зардсан хүнийг нийлүүлбээс мянга илүү болмуй.

Энэ шөнийн өлзийт бөмбөлгийн улирлыг баярлан хуримлахыг тохиолдуулан хүрээг хаагаад шурган орж алсугай. Энэ тухайг алдаж эс болмуй!” хэмээсэнд Дунчэн ихэд баярлан даруй гэрийн боолчуудыг дуудаж тус бүр цэргийн зэвсгийг бэлтгүүлж өөрийн бие хуяглан өмсөөд жад барин морийг унаж “Цөм дотоод хаалганы өмнө хүрч хамтаар орсугай” хэмээн болзов. Шөнийн хоёрдугаар жингийн үес олон цөм хүрч ирсэнд дунчэн илд барьж шууд алан орж үзвээс Цаоцао хойд танхимд хуримлан ууж байсан тул өндөр дуугаар дуудан: “Цаоцао хулгай битгий явагтун!” хэмээн нэгэнт цавчтал гарыг дагаж унав. Агшин зуур цочин сэрвээс харин зүүд ажгуу. Аманд бас “Цаоцао хулгай” хэмээн харааж зогсохгүйд Зипин урагш давшиж дуудан өгүүлрүүн: “Чи Цао гүнг алсугай хэмээмүй үү?”. Дунчэн айн эмээж өчин чадахгүй болов. Зипин өгүүлрүүн: “Хааны нагац битгий айгтун! Би хэдий эмч боловч ер Хань улсыг умартсангүй бөлгөө. Би өдөр бүр нагацын шүүрс алдахыг үзэвч аймшиггүй асуусангүй. Өнөөхөн зүүдний үгээр сая үнэнийг мэдэв. Битгий дарагтун! Хэрвээ намайг хэрэглэх газар байваас хэдий есөн угсааг хүйс тэмтрэгдэвч бас ч гэмшихээргүй!”. Дунчэн нүүрээ бүтээж уйлан өгүүлрүүн: “Гагцхүү чиний сэтгэл үнэнч бусаас аймуй!” хэмээвээс Зипин даруй нэгэн хуруугаа тас зууж амалдав. Дунчэн сая дээл бүсний жуух бичгийг гаргаж үзүүлэн өгүүлрүүн: “Эдүгээ болтол бодлого бүтсэнгүй нь Лю Сюаньдө, Матэн тус тусдаа очсон тул болой. Тийнхүү санасаар өвчин болов” хэмээхүйд Зипин өгүүлрүүн: “Би олон гүнгийн сэтгэлийг зовоохгүй. Цаоцао хулгайн амь гагц миний гарын дотор буй”.

Дунчэн учрыг асууваас зипин хариу өгүүлрүүн: “Цаоцао үргэлж толгойн өвчин хөдөлмүй. Өвдвөөс яс чөмгөнд ортол өвдөж, үүсмэгц даруй намайг дуудаж эмнүүлмүй. Эрт орой дуудваас гагц нэгэн уух хорт эм хэрэглэвээс лав үхэх болой. Цэргийн зэвсгийг хөдөлгөж яах билээ?” хэмээсэнд Дунчэн өгүүлрүүн: “Хэрвээ ийм аргаар Хань улсын төрийг тэтгэх нь цөм авгайд итгэмүй” хэмээв. Тэр үес Зипин салж эгсэн хойно Дунчэн дотроо баярлан хойд гэрт алхан орж үзвэл гэрийн боол Цинь Циньтун хэмээгч түүний татвар Юнь Ен лүгээ харанхуй газарт хулган хэлэлцэж буй. Дунчэн ихэд хилэн төрж гэрийн ардыг дуудан “Барьж алсугай!” хэмээхэд хатан нь хориглон ятгаж түүний үхэх ялыг хэлтрүүлэн тус бүрийг нь дөчин мод занчаад Циньтунг хүйтэн гэрт гинжлэн тавив. Циньтун тэсгэлгүй хорсож тэр шөнө гинжийг мушгиж хэрмийг давж гараад шууд Цаоцаогийн яаманд одож хэлрүүн: “Нарийн мэдээ буй” хэмээхэд Цаоцао даруй дотоод гэрт оруулж асууваас Циньтун өчрүүн: “Дунчэн, Ван Зыфу, Ү Зылань, Жунзи, Үшуо, Матэн нарын таван хүн миний эзний гэрт нууцаар зөвдөлцмүй. Эрхгүй “Чансанг хорлосугай хэмээх хэрэг мөн!”. Гэрийн эзэн бас нэгэн цагаан хивийг гаргаж дээр юу бичсэнийг мэдэхгүй. Энэ өдөр Зипин хуруугаа тас зууж бичиг бичиж ам алдсаныг би бас үзэв” хэмээсэнд Цаоцао Циньтунг даруй дотоод гэрт нуун суулгав. Дунчэн нэгэнтээ өөр газар оргов хэмээн нэхэн эрсэн ч үгүй бөлгөө.

Түүнээс дэд өдөр Цаоцао хуурмагаар “Толгойн өвчин хөдлөв” хэмээн Зипинг дуудан ирж засуулахад зипин дотроо “Энэ хулгайн үхэх цаг болов!” хэмээн санаж хорт эмийг авч ордноо ирвээс Цаоцао их ширээний дээр хэвтэж буй. Зипинг эм өгсүгэй хэмээсэнд Зипин өгүүлрүүн: “Энэ өвчин нэгэн уух эмээр даруй сайн болмуй” хэмээгээд эм чанах сав авчруулж, Цаоцаогийн өмнө эмийг буцалгасаар усыг хагас болтол ширгэсэн хойно сэмээр хорыг холиод биеэр өргөн барьсанд Цаоцао хортойг мэдээд санаатайгаар удааж уухгүйд Зипин өгүүлрүүн: “Халуунаар уугаад баахан хөлс чийгтвээс даруй сайн болмуй” хэмээсэнд Цаоцао босож өгүүлрүүн: “Чи нэгэнт бичиг уншсан тул эрхгүй ёс журмыг мэдэх буй за. “Эзэн эмгэгтэй болж эм уухад сайд урьд амталмуй. Эцэг өвчтэй болоод эм тавихад хөвгүүн урьд ам хүргэмүй” хэмээжээ. Чи миний сэтгэл зүрхний хүн бөгөөд яахан урьд амталсан хойно сая өргөхгүй аж?”. Зипин өгүүлрүүн: “Эмээр өвчнийг засах тул юунд хүнээр амтлуулмуй” хэмээгээд зипин үйл сэрэгдсэнийг мэдээд урагш давшиж, Цаоцаогийн чихийг татаж аманд цутгахад Цаоцао эмийг түлхэж газарт асгасанд тоосго чулуу цөм хагарав. Цаоцаогийн үг гаргахын урьд зүүн баруун этгээдийн ард даруй Зипинийг баримтлан авав.

Цаоцао өгүүлрүүн: “Надад юуны өвчин буй. Тусгайлан чамайг тэнссэн бөлгөө! Чамд үнэхээр намайг хорлох санаа буй аж!” хэмээгээд даруй хорин идэрхэг хүнийг дуудаж Зипинг хойд хүрээлэнд аваачиж шүүн асуу хэмээв. Цаоцао танхимын дээр сууж Зипинг хүлж хэвтүүлсэнд Зипингийн царай огт хувьсахгүй бөгөөд өчүүхэн ч айн эмээх байдалгүй. Цаоцао инээж өгүүлрүүн: “Санахад чиний нэгэн эмч ямар аюулгүй хор өгч намайг хөнөөн чадах аж? Эрхгүй гуйн зарж илгээсэн хүн буй. Чи тэр хүнийг хэлж гаргаваас би даруй чамайг хэлтрүүлсүгэй!”. Зипин зандран өгүүлрүүн: “Хааны дарлаж дээдийг мэхэлсэн хулгайг дэлхий дахины хүн цөм алсугай хэмээх атал яахан ганц би болой!”. Цаоцао дахин давтан асуухад Зипин хилэн төрж хэлрүүн: “Би өөрөө чамайг алсугай хэмээснээс яахан хүн намайг зарж илгээмүй? Эдүгээ хэрэг бүтсэнгүй тул ганц би үхвээс барав!”. Цаоцао хилэн төрж цэргийн ардаар хоёр цаг болтол занчуулсанд арьс мах цөм хагараад, цус яндар дүүртэл цувирсан тул Цаоцао занчиж үхүүлбээс ам тулгах хүнгүй хэмээн цэргийн ардаар сэлүүн нам газар аваачуулж түр амруулав.

Түүнээс даруйд зарлаж, дэд өдөр хурим бэлтгэж, олон сайдуудыг цуглуулан хуримлахад ганц Дунчэн өвчнөөр шалтаглаж ирсэнгүй. Ван Зыфу нар Цаоцаог сэжиглэхвий хэмээн эмээж цөм хүрч ирэв. Цаоцао хойд танхимд хуримлаж, архи хэдэнтээ тойрсон хойно цаоцао өгүүлрүүн: “Хуриманд цэнгэлдэх зүйлгүй байж яахан болох билээ? Надад нэгэн хүн буй нь эрхгүй олон түшмэлийн архийг сэргээсүгэй” хэмээгээд хорин цэргийн ардад өгүүлж “Надад хөтлөн авч ирэгтүн!” хэмээхэд, удалгүй нэгэн гав дөнгөт хүнийг чирч авчраад яндрын дор тавив. Цаоцао өгүүлрүүн: “Олон түшмэд энэ хүн хоршоо барьж хаанаас урван “Цаоцао намайг алсугай!” хэмээснийг мэдэхгүй тул энэ өдөр хурим базааж өчихийг сонссугай!” хэмээгээд Цаоцао урагш нэгэн зэрэг занчуулсанд харангадаж ойчсоныг ус үсэргэн тэнхрүүлэв. Зипин нүд гөлийн шүд зууж хараан хэлрүүн: “Цаоцао хулгай! Намайг алахгүй ямар цагийг хүлээмүй!”. Цаоцао өгүүлрүүн: “Хамт хэрэг үүсгэсэн пь зургаан хүн чам лугаа долоон хүн болсон буй?” гэхэд Зипин гагц ихэд хараамуй. Ван Зыфу нарын дөрвөн хүн харилцан нүүрээ харалцаж, зүүтэй дэвсгэрт суусан мэт.

Цаоцао нэгэнтээгүүр занчуулан нэгэнтээгүүр ус сүрчиж асууваас Зипин огт хэлтрүүлэхийг гуйх санаагүйд Цаоцао өчиг өгөхгүйг үзээд түр чирч гаргуулав. Түүнээс олон сайдууд цөм тархахад цаоцао Ван Зыфу нарын дөрвөн хүнийг үлдээж шөнө хуримламуй хэмээхэд дөрвүүлийн сүнс биеэс зайлав. Аргагүй хоцорч хүлээв. Цаоцао өгүүлрүүн: “Чухам үлдээхгүй бөлгөө. Харин асуух хэрэг буй тул үлдээв. Та дөрвүүл дунчэн лүгээ ямар үйлийг зөвлөсөн буй?” Ван Зыфу өгүүлрүүн: “Нэг ч хэрэг зөвдөлцсөн явдалгүй”. Цаоцао асууруун: “Цагаан хивд ямар хэргийг бичсэн аж?”. Ван Зыфу нар цөм нуун далдалж хэлэхгүйд Цаоцао даруй Циньтунийг дуудан гаргаж гэрчлүүлэхэд Ван Зыфу асууруун: “Чи хаанаас үзсэн буй?”. Циньтун өгүүлрүүн: “Та нар бусад хүмүүсийг зайлуулж зургуул нэгэн газарт сууж тэмдэг тавьсныг би бас юунд гөрлөмүй?” хэмээхэд Ван Зыфу өгүүлрүүн: “Энэ боол хааны нагацын татвар лугаа нийлсэнд төлөө занчигдаад өш санаж эзнээ хөнөөх нь болой. Энэ үгийг сонсож болохгүй” хэмээсэнд Цаоцао хэлрүүн: “Зипингийн надад хор өгсөн нь Дунчэнгийн зарснаас бус хэн болой?”. Ван Зыфу нар цөм “Мэдэхгүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Энэ өдөр өөрөө хэлбээс харин хэлтрүүлж болмуй. Хэрвээ энэ үйл илэрсэн хойно үнэхээр хэлтрүүлэх нь бэрх болой” гэхэд Ван Зыфу нар цөм “Ийм хэрэг үгүй!” хэмээсэнд Цаоцао хилэн төрж хоёр этгээдийн ардаар дөрвүүлийг бариулж гянданд аваачиж хориулав.

Түүнээс дэд өдөр Цаоцао олон хүнийг авч шууд Дунчэнгийн гэрт өвчнийг үзэхээр очсонд Дунчэн аргагүй угтаж гарч ирэв. Цаоцао асууруун: “Өчигдөр үдэш юунд хуримлахаар очсонгүй буй”. Дунчэн өгүүлрүүн: “Өчүүхэн өвчин илаар болоогүй тул очиж эс чадав” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Энэ улс төрийн учирт зовнисон өвчин болой” гэхэд Дунчэн цочисхийв. Цаоцао өгүүлрүүн: “Улсын нагац зипингийн хэргийг мэдмүй үү?”. Дунчэн өгүүлрүүн: “Мэдэхгүй!” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Нагац хэрхэж мэдэхгүй аж?” хэмээгээд ойрх хүнийг дуудан чирч авчраад “Улсын нагацын өвчнийг тэнхрүүл!” гэхэд Дунчэн дотроо бачимдаж орох газаргүй болов. Удсангүй хорин хүн

Зипинг яндрын дор түлхэн ирэв. Зипин ирээд “Цаоцао сөргүү хулгай!” хэмээн зогсохгүй ихэд хараав. Цаоцао түүнийг зааж Дунчэнгийн зүг өгүүлрүүн: “Энэ хүн Ван Зыфу нарын дөрвөн хүнийг хэлж гаргасанд би нэгэнтээ барьж гянданд хорьжээ. Бас нэгэн хүн буй эдүгээ барьж олоогүй!” хэмээгээд Зипингээс асууруун: “Хэн чамайг зарж илгээн надад хор уулга хэмээв? Хурдан хэлэгтүн!” гэхэд Зипин хэлрүүн: “Тэнгэр намайг зарж сөргүү хулгайг ал хэмээв!” гэхэд Цаоцао хилэгнэж занчуулахад биед эрүү хүргэх газаргүй болжээ. Дунчэн суудлаас үзээд хутгаар зүрхийг хатгах мэт. Цаоцао бас зипингээс асууруун: “Чи угаас арван хуруутай байсан атал эдүгээ яахан есөн хуруутай болсон буй?” гэхэд Зипин өчрүүн: “Зууж тангараглаад амалдаж чамайг алсугай” хэмээмүй. Цаоцао хутга авч ирүүлэн яндар дээр түүний есөн хурууг дуусган огтлоод: “Нэгэн удаагаар цөм огтолж аваад чамайг ам алдуулсугай!”. Зипин өгүүлрүүн: “Ам байсан цагт хулгайг залгиж болмуй, хэл буй болбоос хулгайг харааж болмуй!”. Цаоцао “Хэлийг огтлогтун!” хэмээхэд Зипин өчрүүн: “Битгий гар хөдлөгтүн! Би эдүгээ эрүүг хүлээн тэсэхгүй болсон тул аргагүй үнэнийг хэлсүгэй миний хүлээсийг тайлагтун!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Тайлахад ямар хамаа буй?” хэмээгээд даруй хүлээсийг тайлсанд Зипин хааны ордны зүг хандаж мөргөн өгүүлрүүн: “Сайд би улс төрийн төлөө хулгайг арилган чадсангүй нь тэнгэрийн улирал болой!” хэмээн ёсолж бараад Яндрын дор мөргөж үхэв. Цаоцао түүний ясыг эвдэж олонд үзүүлжээ. Тэр цагт амгалан байгуулагчийн тавдугаар оны цагаан сар бөлгөө.

Сударч түшмэлийн шүлгийн үг:

“Хань улс өөдлөх байдал огт үгүйд

Хамгаалан тэнхрүүлэгч Зипин харин байжээ

Тангараг байгуулан зальхайг устгах хэмээж

Биеэ үрэгдүүлж Богдын гэгээнд хариулав

Чанга эрүүд үг улам сүрхий болоод

Харгис үхэлд уур харин хүчтэй болжээ

Арван хурууны цусаа гоожуулавч

Мянган онд гайхамшиг нэр үлдмүй”

Түүнээс Цаоцао Зипингийн нэгэнтээ үхсэнийг үзээд зүүн баруун этгээдийн хүнээр Циньтунг өмнө авчирч өгүүлрүүн: “Хааны нагац энэ хүнийг танимуй уу?”. Дунчэн үзээд ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Оргосон боол энд буй тул даруй алсугай!” хэмээхэд Цаоцао өгүүлрүүн: “Тэр бие гарч урвасныг заалдсан тул эдүгээ ам тулгуулахаар ирснийг хэн аймшиггүй алмуй!”. Дунчэн өчрүүн: “Чансан юунд оргосон боолын нэгэн талын үгэнд итгэмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Ван Зыфу нарыг нэгэнтээ баримтлаад цөм ам нийлүүлэн тодорхой болсныг чи бас гөрлөмүй үү?” хэмээгээд зүүн баруун этгээдийн хүнийг дуудаж баримтлуулан бас дагагсдыг шууд Дунчэнгийн унтах гэрт оруулан дээл бүсний зарлиг бичиг бөгөөд нэр бичсэн хуудсыг цөм нэгжин гаргаад цаоцао үзсэн хойно ихэд инээн өгүүлрүүн: “Хулгана мэт ард ямар аймшиггүй ийн аашилмуй!” хэмээгээд даруй “Дунчэнгийн гэрийн хотлоорыг бүрнээ сахиулж нэгэн хүнийг ч алдан явуулж болохгүй” хэмээв. Цаоцао ордондоо эгсэн хойно зарлиг бичиг ба нэрийн хуудсыг олон зөвлөлийн сайдад үзүүлж даруй Сяньди хааныг гээж дахин шинэ эзнийг байгуулсугай хэмээв. Энэ чухамхүү:

“Хэдэн мөрийн нууц зарлиг бичиг хоосон эрмэлзэл болоод

Нэгэн хуудас тангаргийн бичиг гамшиг зовлонг халдаж гаргав”

Эгнэгт сяньди хааны амь бие хааш болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top