Гурван улсын үлгэр | 31 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-31 ДYГЭЭР БҮЛЭГ

ЦАОЦАО ЦАНТИНГИЙН ГАЗАРТ ЮАНЬШАОГ ЭВДЭЛСЭН СЮАНЬДӨ ЗИНЖОУД ОЧИЖ ЛЮБЯОГ ТҮШСЭН

Өгүүлэх нь: Цаоцао, Юаньшаог буруулсныг тохиолдуулан цэргээ тэгшлэн засаж дараа дараагаар нэхэхэд Юаньшао ерийн малгай, дан дээлтэй найман зуу илүү морьтонг авч Ли Янгийн хойд хөвөөнд хүрч ирвээс их жанжин Зян И Цюй хүрээнээс гарч угтав. Юаньшао урьдын хэргийг Зян И Цюйд хэлбээс Зян И Цюй салж сарнисан олныг элсүүлэх бичиг тараасанд олноор Юаньшао буй хэмээн сонсож бас дахин шоргоолж мэт хуран ирээд цэргийн сүр дахин хөгжсөнд Юаньшао Зижоуд эгэхийг зөвлөж цэрэг мордоод тэр шөнө эзгүй ууланд хүрч хонов. Шөнө холоос уйлах дуун гарахад сэмээр гарч сонсвоос харин дарагдсан цэргүүд цуглаж ахаа алдаж дүүгээ гээсэн, нөхөр үхэж ургаас хагацсаныг хэлэлцэж тус бүр өвчүү дэлдэн уйлж өгүүлрүүн: “Хэрвээ Тяньфэнгийн үгийг авсан болбол бид юу хэмээн энд зовлонд учрах аж?” хэмээмүй. Юаньшао ихэд гэмшин өгүүлрүүн: “Би Тяньфэнгийн үгийг авсангүй тул цэрэг дарагдаж жанжин мөхөөд эгвээс ямар нүүрээр Тяньфэнд золгомуй” хэмээжээ. Жич өдөр мордож яван атал Фөнзи цэрэг авч угтахаар ирсэнд Юаньшао Фөнзигийн зүг хандан өгүүлрүүн:

“Би Тяньфэнгийн үгийг авсангүй энэ мэт дарагдахад хүрүүлэв. Би эдүгээ эгэхэд Тяньфэнд золгохоос ичингүйрмүй” хэмээсэнд Фөнзи мөн дашрамд ховлон өгүүлрүүн: “Тяньфэн гяндангийн дотор эзний цэрэг дарагдсаныг сонсоод алгаа дэлдэж инээн өгүүлрүүн: “Чив чиг миний бодлогоос гарсангүй!” хэмээмүй. Юаньшао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Өчүүхэн утгач ямар аймшиггүй намайг элэглэнэ вэ! Би түүнийг эрхгүй алмуй!” хэмээгээд даруй элч зарж сэлэм бариулан урагш Зижоуд илгээн гяндан дотор “Тяньфэнг алагтун!” хэмээв.

Тэндээс Тяньфэн гянданд бүхийд нэгэн өдөр гяндангийн түшмэл ирж түүнд ирж өгүүлрүүн: “Безяд217 баярласугай!” хэмээмүй. Тяньфэн өгүүлрүүн: “Ямар баяр буй хэмээн баярламуй?” гяндангийн түшмэл өгүүлрүүн: “Юань жанжин ихэд дарагдаж эгсэн тул авгай эрхгүй дахин хэрэглэгдэх болой” хэмээсэнд Тяньфэн инээн өгүүлрүүн: “Би эдүгээ үхэх болой!”. Гяндангийн түшмэл өгүүлрүүн: “Хүн цөм авгайн төлөө баярланам бөгөөтөл чи юунд үхмүй” хэмээмүй. Тяньфэн өгүүлрүүн: “Юань жанжны сэтгэл гадуур уудам, дотуур хартай, шударга батыг санахгүй. Хэрвээ дийлсэн болбоос харин ч баярлаж намайг хэлтрүүлэх бөлгөө. Эдүгээ дарагдсан тул надаас ичингүйрмүй. Би одоо амьдрахыг хүсэхгүй”хэмээжээ. Гяндангийн түшмэл итгэсэнгүй. Гэнэт зарсан хүн сэлэм барьж ирээд Юаньшаогийн захиаг зарлаж Тяньфэнгийн “Тэргүүнийг авсугай!” хэмээсэнд гяндангийн түшмэл сая цочиход Тяньфэн өгүүлрүүн: “Би үнэнхүү үхэхээ мэдмүй” хэмээхэд гяндангийн түшмэл цөм нулимс унагав. Тяньфэн өгүүлрүүн: “Их эр хэмээн тэнгэр газрын хооронд төрөөд эзнийг таньсангүйгээр үйлчилсэн нь энэ мэргэн бус болой. “Энэ өдөр үхэхийг хүлээхэд гэмших хэрэггүй” хэмээгээд даруй сэлмийг авч хоолойгоо огтлон гяндангийн дотор үхэв.

217 Тяньфэнгийн хэргэм зэрэг

 Хожмын хүний шүлэглэсэн шүлгийн үг:

“Өчигдөр өглөө Зюйшоуг цэргийн дунд алдаад

 Өнөөдөр бас Тяньфэнг гяндан дотор үхүүлэв.

Голын өмнөхийн тулгар багана цөм хугарсан тул

Гань Бэньчугийн орон гэр хэрхэн үл мөхөх аж”

Тяньфэн нэгэнтээ үхсэнд сонсогчид хөөрхийлөн гомдох үгүй нь үгүй болой.

Түүнээс Юаньшао, Зижоуд эгээд дотроо уйдан санаа самуурч засгийн үйлийг шийтгэхгүй бүхийд түүний эм Лю овогт үр залгамжлахыг дуртгав. Юаньшаогаас гурван хөвгүүн төржээ. Ахмад хөвгүүн Юаньтань, өргөсөн нэр Сяньеы, Цинжоу мужийг сахиулахаар гаргаж, дэд хөвгүүн Юаньси, өргөсөн нэр Сянь И, Южоу мужийг сахиулахаар гаргав. Гуравдугаар хөвгүүн Юаньшан өргөсөн нэр Сяньфү. Энэ хөвгүүн Юаньшаогийн хожмын эм Лю овогтоос төрсөн бөгөөд овор дүр гэгээн юанъшао ихэд өршөөх тул биеийн хажууд үлдээжээ. гуаньдүд цэрэг дарагдсан хойно Лю овогт Юаньшанг “Үр залгамжлуулсугай!” хэмээн дурьдахад Юаньшао Шэньпэй, Фөнзи, Синьпин, Гуоту дөрвөн хүмүүн лүгээ зөвдөлцсөнд угаас Шэньпэй, Фөнзи болбоос Юаньшангийн туслагч болж Синьпин, Гуоту болбоос Юаньтанг тусалсугай хэмээгээд дөрвүүл тус бүр түүний эзний төлөө санах тул тухайд Юаньшао дөрвүүлийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ гадаад зовлон намхраагүй тул дотоодын хэргийг эртээс тогтохгүй болбоос эс болмуй. Би хожмын үрийг байгуулсугай хэмээвээс их хөвгүүн Юаньтань чанар хатуу, алахад дуртай, дэд хөвгүүн Юаньси зөөлөн үхээнц, хэрэг бүтээхүйсэ бэрх. Гутгаар хөвгүүн Юаньшан харин аруухан баатар байдал буй. Мэргэдийг хүндлэн эрдэмтнийг хичээнгүйлэх тул би байгуулсугай хэмээн санамуй. Таны санаанд ямар аж?” хэмээхэд Гуоту дэвшиж хэлрүүн: “Гурван хөвгүүний дотор Юаньтань болбоос ахмад бөлгөө. Эдүгээ бас гадна буй. Эзэн гүн хэрвээ ахмадыг гээж багыг байгуулбаас энэ самууны үндэс болой. Нүдэн дор цэргийн сүр мохроод дайсан хязгаарыг халдахаар ирсэн атал яахин бас эцэг хөвгүүн, ах дүүг харилцан тэмцэлдүүлж самууруулах аж? Эзэн гүн түр дайсныг тулах аргыг зөвдөж, үр залгамжлах хэргийг дахин алгуураар хэлэлцэх ажаам уу!” хэмээхэд Юаньшао татгалзан асан бөлгөө.

Түүнээс гэнэт хүн ирж хэлрүүн: “Юаньси зургаан түмэн цэрэг авч Южоугаас ирэн, Юаньтань таван түмэн цэрэг авч Цинжоугаас ирээд, зээ хөвгүүн Гаоган бас таван түмэн цэрэг авч Бинжоугаас, цөм Зижоуд байлдахыг өмөглөхөөр ирэв” хэмээсэн хойно Юаньшао баярлаж дахин цэргийг тэгшлэн Цаоцао лугаа байлдахаар ирэв. Тэр цагт Цаоцао дийлсэн цэргийг авч голд жагсаан бүхийд тэр газрын иргэн сэвэгт218 будаа, хувинд шөл хийж угтав. Цаоцао хэдэн арван хүний үс сахал цөм цайсныг үзээд цацрын дор дуудан оруулж суулгаад асууруун: “Өвгөд таны нас сүүдэр хэдий болов?”. Өвгөд өчрүүн: “Бид цом зуу нас шахав”. Цаоцао өгүүлрүүн: “Миний цэрэг танай гацааг айлган зовооход миний дотор маш амаргүй” хэмээсэнд өвгөд өгүүлрүүн: “Хуаньди хааны цагт шар одон Чу улс, Сүнь улсын хооронд илэрсэнд Ляодун газрын Енькуй хэмээгч тэнгэрийн байдлыг сайн шинжмүй. Шөнө энд хоноод манай өвгөдөд хэлрүүн: “Шар одон тэнгэрт илрээд төвхийтэл энэ хооронд гэрэлтжээ. Хожим тавин жилийн эцэст эрхгүй үнэн эзэн Лян, Пэйгийн газраас гармуй” хэмээсэн бөлгөө. Эдүгээ жил дараалан бодвоос чив хэмээн тавин он болов. Юань Бэньчу иргэнийг хүндэд тэсгээх тул ард цөм гасламуй. Чансан өршөөл журмын цэрэг байгуулан иргэнийг аварч, ялтайг дийлэн Гуаньдүд нэгэнтээ байлдаад Юаньшаогийн зуун түмний олныг звдэлсэн нь Чухам тэр тухайн Енькуйгийн үгэнд нийлсэн тул олон иргэн энх түвшин болохыг эрмэлзэн санаж болмуй” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Яахин Өвгөд нарын хэлсэн ёсоор болохыг хүлээн чадмуй!” хэмээгээд өвгөдөд архи уулган, торго эд шагнаж илгээв. Түүнээс цэргийн хүнд цааз зарлаж” гацаанд одож хүний тахиа, нохойг алагчид аваас хүн алсны адил ял хиймүй!” хэмээснээс иргэн цөм түрхрэн дагах тул Цаоцао бас ч сэмээр баярланам бөлгөө.

218 Хүнс хийх зориулалттай нэгэн зүйл хулсан сав

Түүнээс хүн ирж хэлрүүн: Юаньшао дөрвөн мужаас хорь гучин түмэн цэрэг олоод Цантинд хүрч буудаллав” хэмээсэнд Цаоцао цэрэг авч дэвшин хүрээ байгуулсан хойно жич өдөр хоёр этгээд харилцан эсэргүүцэж жагсаал жагсаав. Цаоцао олон жанжин нарыг аваад жагсаалаас гарвал Юаньшао өөрийн бие гурван хөвгүүн нэгэн зээ ховгүүнээ дагуулаад жич бичиг цэргийн түшмэл лүгээ жагсаалын өмнө гарч ирсэнд Цаоцао өгүүлрүүн: “Бэньчу чи арга баран хүч мохоод яахин бас дагахыг санахгүй аж? Хүлээсээр илд хүзүүнд тулж ирвээс одоо гэмшивч хожимдох болой!” гэхэд Юаньшао ихэд хилэгнэж хойш олон жанжин нарыг үзэж өгүүлрүүн: “Хэн гарч байлдмуй?” хэмээтэл Юаньшан эцгийн өмнө чадалчилмуй хэмээн хос илдийг эргүүлэн морь довтолгон гараад урагш хойш явахад Цаоцао зааж олон жанжин нараас асууруун: “Энэ ямар хүмүүн?” хэмээвээс таних хүмүүн өчрүүн: “Энэ Юаньшаогийн гутгаар хөвгүүн Юаньшан болой” хэмээтэл нэгэн жанжин жад барьж хэдийн гарчээ. Цаоцао үзвээс Сюйхуангийн доорхи жанжин Шихуань болой. Хоёул байлдаад гурван удаа болсонгүй Юаньшан морийг салган зөрүүгээр буруулан явахад Шихуань нэхэж иртэл Юаньшан нум авч бие урван араар харван илгээсэнд төв хэмээн Шихуаньгийн зүүн нүд оногдоод мориноос унаж үхэв. Юаньшао хөвгүүний дийлснийг үзээд ташуураар заахад их цэрэг орж хутган байлдаж нэгэн зэрэг алалдсан хойно тус бүр харанга цохиж цэргээ хураав.

Түүнээс Цаоцао олон жанжин лугаа Юаньшаог эвдэх аргыг зөвлөхөд Чэн Юй арван зүгт цэрэг бүгүүлэх аргыг өргөөд: “Цаоцаог цэргээ голын дээр буцаан очмуй” хэмээн ятгав. Бүгэх цэрэг арван аймгаар Юаньшаог өдөөн нэхүүлж голын эрэгт тулбаас манай цэрэг буруулах замгүй болоод эрхгүй үхэлдэн байлдах тул Юаньшаог барьж болмуй” хэмээжээ. Цаоцао тэр аргыг авч зүүн барууныг таваад анги хувааж зүүн этгээдийн тэргүүн анги Ся Хоудүнь, дэд анги Жанляо гутгаар анги Лидянь, дөрөвдүгээр анги Юэзинь, тавдугаар анги Сяхоу Юань, баруун этгээдийн тэргүүн анги Цаохун, дэд анги Жанхө, гутгаар анги нь Сюйхуан, дорөвдүгээр анги Юйзинь, тавдугаар анги Гаолань, дундад цэрэгт Сюйчуг гавшгай болгов. Дэд өдөр арван ангийн цэргийг урьдаар илгээн зүүн баруун этгээдэд бүгүүлээд, Цаоцао шөнө дөл Сюйчуг цэрэг авч урагш дэвшүүлж, хуурмагаар хүрээ дарах байдлыг гаргаж очуулахад Юаньшаогийн таван хүрээний цэрэг морь нэгэн цугаар байлдахаар ирэв. Сюйчу хойш буруулан явахад Юаньшао өөрийн биеэр цэрэг дагуулан нэхэн ирж хашхирах дуу тасрахгүй. Тэнгэр гэгээртэл голын дээр хүрч ирэв. Цаоцаогийн цэрэг одох замгүй болсон тул Цаоцао их дуугаар:

“Өмнө очих замгүй тул цэрэг юунд үхэлдэн байлдахгүй болой?” хэмээсэнд цэрэг гэнэт буцаж ирээд хүчлэн урагш давшин Сюйчу урьд довтолгон ороод арваад хүнийг алсанд Юаньшаогийн цэрэг цөм самуурав. Юаньшао яаран цэрэг эгэхэд Цаоцаогийн цэрэг арын хойноос нэхэж ирмүй. Хараахан явж байтал нэгэнтээ хэнгэргийн дуу гармагц зүүн этгээдээс Сяхоу Юань, баруун этгээдээс Гаоланьгийн хоёр анги цэрэг цугаар гарч дайран ирсэнд Юаньшао гурван хөвгүүн нэг зээ хөвгүүнээ цуглуулан үхэн байлдаж нэгэн цусан зам гаргаж буруулан яваад арван газар хүрсэнгүй зүүнээс Юэзинь, баруунаас Юйзинь гарч ирээд Юаньшаогийн цэргийг алж яс нь тал дүүрч, цус нь гол болжээ. Бас хэдэн газар явсангүй зүүнээс Лидянь, баруунаас Сюйхуан хоёр этгээдээс тосож нэгэн зэрэг алаад Юаньшаогийн эцэг хөвгүүн цөс дэлбэртэл айж арайхан хуучин хүрээнд ороод цэргийн хүнээр будаа хийлгэж сая идсүгэй гэтэл зүүнээс Жанляо, баруунаас Жанхө хүрээг дайран ирэхэд Юаньшао санд мэнд мордоод Цантингийн зүг буруулан хүртэл хүмүүн чилж, морь турсанд баахан амарсугай хэмээх хооронд хойноос Цаоцаогийн их цэрэг нэхэн ирэхэд Юаньшао амь тэмцэн дутааж атал баруунаас Цаохун зүүнээс Ся Хоудүнь очих замыг хорьжээ. Юаньшао их дуугаар бархиран өгүүлрүүн: “Хэрвээ үхэн байлдах үгүй болбоос эрхгүй баригдмуй!” хэмээгээд хүчний чинээгээр зууралдан байлдсаар арайхан хааснаас олж гарав. Юаньси, Гаоган цөм зэвийн шарх олж, хүн морь үхээд дуусах шахсанд Юаньшао гурван хөвгүүнийг тэвэрч уйлсаар гэнэт харангадаж унав. Олон хүн яаран тэнхрүүлбэл амнаас цус огшиж зогсохгүй шүүрс алдаж хэлрүүн: “Би хэдэн арван удаа байлдаж явсан бөлгөө.

санамсаргүй энэ өдрийн энэ мэт алдахад хүрсэн нь тэнгэр намайг үхүүлэх нь болой! Та нар тус бүр уул муждаа эгж Цаоцао лугаа эрэгчин эмэгчинг ялгасутай!” хэмээгээд Синьпин Гуотуг дуудаж: “Гал мэт түргэлэн Юаньтань лугаа Цинжоуд цэрэг засахаар очигтун! Цаоцао хязгаарыг халдаж магад үгүй, жич бас Юаньсиг Южоуд, Гаоганыг Бинжоуд эгүүлж “Тус бүр хүн морийг тэгшлэн улируулан хэрэглэхэд бэлтгэ!” хэмээн илгээв. Юаньшао Юаньшан нарыг авч Зижоуд ороод өвчнөө сувилж Юаньшан Шэньпэй, Фөнзигээр цэргийн хэргийг түр шийтгүүлэв.

Тэндээс Цаоцао Цантинд ихэд дийлсэн тул цэрэгт хүндэд шагнаад хүнээр Зижоу хотын үнэн ташааг цагдахаар илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Юаньшао өвчтэй болжхэвтэж буй. Юаньшан, Шэньпэй хотыг бэхлэн сахиж Юаньтань, Юаньси, Гаоган цөм өөр өөрийн газарт эгэв” хэмээсэн хойно олон цөм Цаоцаогийн зүг дурьдах нь “Хурдан байлдваас зохимуй!” хэмээвээс Цаоцао өгүүлрүүн: “Зижоуд амуу өвс үлэмж буй бөгөөд Шэньпэйд бас арга байх тул яаран авч болохгүйн дээр эдүгээ амуу тарианд бүхий цаг тул иргэний амьдралыг гээгдүүлэхээс эмээмүй. Түр намрыг хүлээж амуу хураасан хойно авахад эс хожимдмуй!” хэмээн хэлэлцэн атал гэнэт Сюнь Юйгээс бичиг ирж хэлрүүн: “Любэй Рүнаньд байж Люпи, Гундүгийн хэдэн түмэн цэргийг олоод Чансангийн цэргийг дуусган авч Хөбэйг дайлахаар гарсан мэдээг сонсоод, Люнигээр Рүнанийг сахиулж, Любэй биеэр цэрэг авч хоосон тухай Сюйчанг байлдахаар ирэв. Чансан түргэвчлэн цэрэг эгүүлж халхламу!” хэмээсэнд Цаоцао ихэд цочин даруй Цаохунг үлдээж голын дээр буудаллуулж, хоосон чимээгээр сүрдүүлж өөрийн бие их цэргээ авч Рүнаньгийн зүг Любэйг угтахаар ирэв.

Тэндээс Лю СЮаньдө, Гуань, Жан, Жао Юань лүгээ цэргээ авч “Сюйчаныг сундласугай!” хэмээн явсаар Раншань уулын ойр газар хүрээд төвхийгэл Цаоцаогийн цэрэг лүгээ уулзсанд Сюаньдө мөн Раншань уулын доор цэрэг буугаад гурван анги зохиож Юньчан зүүн өмнө зовхист, Жанфэй баруун өмнө зовхист, Сюаньдө Жао Юнийг авч чиг өмнөд хүрээ буув. Цаоцаогийн цэрэг хүрч ирсэнд Сюаньдө хэнгэрэг дэлдэн гарч ирэв. Цаоцао жагсаал жагсааж бүтсэн хойно дуудруун: “Сюаньдөг гарч үг өч!” хэмээсэнд Сюаньдө хааалганы тугийн дор гарч зогсвоос Цаоцао ташуураар зааж өгүүлрүүн: “Би чамайг дээд зочин болгон хүндэлсэн атал чи юунд журмыг тэсэргүүлэн ачийг умартмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи Хань улсын Чансангаар нэр болговч үнэндээ Хань улсын хулгай болой! Би болбоос Хань улсын хааны угсаа бөгөөд тэнгэрийн хөвгүүний нууц зарлиг бичгээр урвасан хулгайг дайлмуй!” хэмээгээд даруй морины дээрээс дээл бүсний зарлиг бичгийг уншихад Цаоцао ихэд хилэгнэж Сюйчуг гаргасанд Сюанъдөгийн хойноос Жао Юань жад барьж гараад хоёул байлдаж гучин удаа болтол аль нь ч дийлэх дийлэгдэхгүй бүхийд гэнэт хашхирах дуун ихэд түрхэрч зүүн өмнө зовхисоос Юаньчан, баруун өмнөөс Жанфэй цэрэг авч цохин ирээд гурван замаар дайран алахад Цаоцаогийн цэрэг хол газраас ирснээр ихэд зүдсэн тул тулж чадахгүй дарагдаж буруулав. Сюаньдө ихэд дийлж хүрээндээ эгэв. Түүнээс дэд өдөр Жао Юанийг гаргаж өдөөн байлдуулбаас Цаоцаогийн цэрэг хэд хэдэн өдөр гарч ирэхгүй. Сюаньдө бас Жанфэйг илгээж өдөөвөөс бас ч эс гарч ирмүй. Сюаньдө сэжиглэж бүхийд гэнэт мэдээний хүн ирж хэлрүүн: “Гундү амуу өвс хүргэж ирээд Цаоцаогийн цэрэгт хаагджээ” хэмээмүй. Сюаньдө яаран Жанфэйг туслуулахаар илгээв. Бас ирж хэлрүүн: “Ся Хоудүнь цэрэг авч хойгуур шууд Рүнанийг авахаар одов” гэхэд Сюаньдө ихэд цочин өгүүлрүүн: “Хэрвээ ийм болбоос би урагш хойш дайсанд хаагдаж буцах газаргүй болмуй” хэмээгээд даруй Юаньчанг зарж туслуулахаар илгээв. Хоёр цэрэг цөм одоод нэгэн өдөр болсонгүй хүн морь довтолгон ирж хэлрүүн: “Ся Хоудүнь нэгэнтээ Рүнанийг байлдан аваад Люпи хотыг гээж явав. Юаньчан өнөө хаагдаж буй хэмээмүй” хэмээсэнд Сюаньдө ихэд цочиж бүхийд бас Жанфэй Гуандүг туслахаар

Одож бас хаагджээ” хэмээн хэлэхээр ирсний хойно Сюанъдө мордсутай хэмээвээс Цаоцаогийн цэрэг хойноос сундлахаас болгоомжилмуй. Гэнэт цэргийн хүн ирж хэлрүүн: “Хүрээний гадна Сюйчу өдөөн байлдахаар ирэв” хэмээхэд Сюаньдө аймшиггүй гарч байлдахгүй асаар тэнгэр харанхуй болсон хойно цэргийн хүнийг цадтал идүүлээд урагш явган цэргийг явуулан морьт цэргийг хойно дагуулж хүрээний дотор хуурмагаар жин цохиулж Сюаньдө хүрээнээс гараад хэдэн газар явж шороон уулыг сая өнгөртөл галын гэрэл цугаар гэрэлтэж уулын дээрээс өндөр дуугаар: “Любэйг битгий алдаж гаргагтун! Чансан энд тухайлан хүлээж буй!” хэмээн дуудахад Сюаньдө санд мэнд одох зам эрэхэд Жао Юнь өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Гагц намайг дагаж ир!” хэмээгээд жад барьж морио давхиулан ороод нэгэн зурвас цусан зам алж гаргаснаар Сюаньдө хос илдийг барьж хойноос дагамуй. Ямагт байлдах хооронд Сюйчу нэхэн ирээд Жао Юнь лугаа хүчлэн байлдмуй. Арын хойноос Юйзинь, Лидянь бас хүрч ирэв. Сюаньдө хүч хүрэхгүйг мэдээд даруй талын зүг буруулан яваад сонсвоос хойно хашхирах дуун улмаар хол болжээ. Сюаньдө аглаг уулын чухал замд ороод гагцаар буруулан одов.

Тэнгэр гэгээрсэн хойно хажуугаас нэгэн баг цэрэг гарч ирэв. Сюаньдө ихэд цочиж үзвээс харин Люпи буруулсан цэрэг мянга илүүг авч Сюаньдөгийн хөгшин залууг хамгаалан хүргэж ирсэн нь болой. Сүньцянь, Зянь Юн, Мифан бас хүрч ирээд хэлрүүн: “Ся Хоудүнь цэргийн хүч маш хурцын учир хотыг гээж буруулсанд Цаоцаогийн цэрэг нэхэж ирсэнд завшаанаар Юньчан тоссоноор сая дутаан гарч ирэв” хэмээмүй. Сюаньдө өгүүлрүүн: “Юньчан эдүгээ хаана байхыг мэдэхгүй?”. Люпи өгүүлрүүн: “Жанжин түр яв жич эрсүгэй!” хэмээгээд урагш хэдэн газар явсангүй хэнгэргийн дуу гармагц өмнөөс нэгэн баг цэрэг морь сүрэглэн ирэв. Тэргүүлсэн жанжин нь Жанхө ажгуу. Тэр өндөр дуугаар дуудан: “Любэй түргэн мориноос бууж дагагтун!” хэмээмүй. Сюаньдө хойш эгсүгэй хэмээтэл уулын дээрээс улаан далбаа хөдөлмөгц уулын суганаас нэгэн баг цэрэг түлхлэн ирэв. Өмнө буй жанжин нь Гаолань ажээ. Сюаньдө хоёр тийш замгүй болсонд дээш хандаж өндөр дуугаар өгүүлрүүн: “Тэнгэр надад энэ мэт зовлонг амсуулах болой. Хэргийн төлөв үүнд хүрсэн тул үхэхэд үл хүрмүй” хэмээгээд илд сугалан өөрийн хоолойгоо огтолсугай хэмээхэд Люпи яаран хориглож өгүүлрүүн: “Би үхэн байлдаж зам булаан эзнийг гаргасугай!” хэмээн хэлж бармагц урагш Гаолань лугаа байлдаад гурван удаа болсонгүй, Гаоланьд цавчигдаж мориноос унав. Сюаньдө яаран сая өөрөө байлдсугай хэмээтэл Гаоланьгийн хойд цэрэг гэнэт самуурав. Нэгэн жанжин жагсаалд дайран ирээд жад өргөтөл Гаолань мориноос өрөвхийлөн унав. Үзвээс Жао Юнь мөн тул Сюаньдө ихэд баярлав. Жао Юнь морио давхиулж ороод хойд ангийн цэргийг алж сарниулан, бас өмнө биед ирж гагцаар Жанхө лугаа байлдав. Жанхө, Жао Юнь лугаа гучин удаа илүү болоод морио эгүүлж буруулахад Жао Юнь мөн хүчинд шувтлан орвоос Жанхө харин уулын хавцал амыг сахисанд зам цухал тул гарч чадахгүй болжээ. Ийнхүү зам булаах хооронд үзвээс Юньчан, Гуаньпин, Жоуцан нар гурван зуун цэргийг дагуулан хүрч ирээд хоёр этгээдээс хавчин байлдаж Жанхөг эгүүлээд хавцлын амнаас гарч уулын цухал газыг хүрээ буув. Сюаньдө, Юньчаныг зарж Жанфэйг эрэхээр илгээв. Угтаа Жанфэй Гундүд туслахаар одсон бөлгөө. Гундү нэгэнтээ Сяхоу Юаньд алагдсан тул Жанфэй хойноос шаламгайлан орж Сяхоу Юанийг байлдаж явуулаад, нэхэн очсонд харин Юэзиньд хаагджээ. Юньчан замд буруулсан цэрэгтэй учирснаар мөрийг эрэн одож Юэзинь лүгээ тулж эгүүлээд Жанфэйгийн хамт Сюаньдөгийн дэргэд золгуулахаар ирэв. Хүн ирж хэлрүүн: “Цаоцаогийн их цэрэг нэхэхээр ирэв” гэхэд Сюаньдө Сүньцянгаар хөгшин залууг хамгаалуулан илгээгээд Сюаньдо гуань, Жан, Жао Юньгийн хамт хойно хайгуувчилж байлдах бөгөөд явмуй. Цаоцао Сюаньдөгийн хол болсныг үзээд цэргийг хурааж нэхсэнгүй.

Түүнээс Сюаньдөгийн цэрэг нийлээд ч нэг мянга хүрэхгүй тул зам барьж одсоор нэгэн мөрний дэргэд хүрэв. Тэр газрын хүнийг дуудаж асууваас Ханьзян мөрөн хэмээмүй. Сюаньдө түр энд хүрээ буусанд газрын хүмүүн Сюаньдөг таниад хонь, дарс хүргэж ирсэн тул олон бүгдээр голын тэнд хурж уулцан суухад Сюаньдө хорсож өгүүлрүүн: “Олон авгай нарт цөм ванд туслах эрдэм буй. Хишиггүй Любэйг дагаснаар миний буян нимгэн тул олон авгай нарыг бас чирэгдүүлэн зовоожээ. Энэ өдөр нэгэнтээ бие зогсох газаргүй болсон тул олон авгай нарыг цөм саатуулуузай хэмээмүй. юунд Любэй намайг гээж гэгээн эзнийг бараадан одоод гавьяа нэрийг эрэхгүй аж?” хэмээсэнд олон цөм нүүрийг халхалж уйлалцав. Юньчан хэлрүүн: “Ахын үг ташаарав. Эрт үед Хань улсын Гаозү хаан Сян Юй лугаа дэлхий дахиныг тэмцэхэд удаа дараа Сян Юйд дарагдаад хожим Зю Лишань уулнаа нэгэнтээ байлдсанд гавьяа бүтээд, дөрвөн зуун жилийн тулгар төрийг нээжээ. Дийлэх дийлэгдэх нь цэргийн энгийн энгийн хэрэг. Яахан үүгээр зоригийг мохруулж болмуй!” хэмээжээ.

Түүнээс Сүньцянь хэлрүүн: “Бүтэх бүрэлгэх нь цаг буй тул гуньхрах хэрэг байдаг уу? Эндээс Зинжоу муж холгүй. Лю Зиншэн есөн хошууны газрыг эзэлж цэрэг чийрэг, амуу элбэг, нэнд гүн чам лугаа цөм Хань улсын хааны төрөл бөгөөтөл юу хэмээн эрэхээр очихгүй буй” гэхэд Сюаньдө  өчрүүн: “Гагц багтаахгүйгээс эмээмүй” хэмээсэнд Сүньцянь өгүүлрүүн: “Би дуртайяа урьд очиж хэлээд Лю Зиншэнгээр хязгаарын гадна гарч гүнг угтуулсугай!” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлаад даруй Сүньцянийг шөнө дөлөөр Зинжоу муж руу зарав. Сүньцянь хүрээд Любяод учирч ёсолсон хойно Любяо асууруун: “Гүн чи Сюаньдөг дагаж асан нь юунд энд ирэв?”. Сүньцянь өгүүлрүүн: “Лю мужийн захирагч дэлхий дахины аруухан баатар, хэдий цэрэг бага жанжин цөөн боловч улс төрийг тэтгэх зоригтой. Рүнаньгийн Люпи, Гундү язгуураас ураг удам бус бөгөөтөл бас ч үхэн ач хүргүүлэв. Гэгээн гүн Лю мужийн захирагч лугаа цөм Хань хааны угсаа тул эдүгээ Лю мужийн захирагч шинэ дарагдаад Зяндунгийн сүнь Жунмоуг эрэхээр одсугай! хэмээхэд Сүньцянь би хориглон хэлсэн нь “Төрөл ойрыг гээж алс холд хандаж болохгүй. Зинжоугийн Лю жанжин эрдэмтэнд ёсолж мэргэдийг хүндлэх тул дагах нь ус зүүнш урсах мэт атал нэгэн угсааны хүнийг юун өгүүлмүй?” хэмээсэнд Лю мужийн захирагч тусгайлан Сүньцянь намайг урагш илгээж ёслон хэлэхээр илгээсэн бөлгөө”. Любяо баярлан өгүүлрүүн: “Сюаньдө  миний дүү болой. Хэдийнээс золгосугай хэмээвээс тухайг олсонгүй асан бөлгөө. Эдүгээ нүүр хайрлан ирвээс үнэнхүү завшаан!”. Цаймао хөшүүрлэж өгүүлрүүн: “Болохгүй. Любэй урьд Люйбүг дагаж хойно Цаоцаог үйлдэв. Ойрд Юаньшаог дагаад цөм гүйцэтгэн чадсангүй тул үүгээр түүний хүнийг мэдэх болох болой. Эдүгээ хэрвээ халгасанд

Цаоцао эрхгүй цэрэг гаргаж манийг байлдахаар ирэх ирмүй. Талаар дайсныг үүтгэх бишүү? Харин Сүньцянийг алаад тэргүүнийг Цаогүнд хүргэхэд үл хүрмүй. Тийм болбоос Цао гүн эзэн гүнг лав хүндэд аваачих болой”. Сүньцянь царайг төв болгож өгүүлрүүн: “Сүньцянь би үхэхээс айх хүн бус болой. Лю мужийн захирагч шударга сэтгэлээр улсын төлөө үйлдэх тул юунд Цаоцао, Юаньшао, Люйбү нар лугаа адилтгаж болмуй. Урьд дагасан нь аргагүйн учир болой. ЭдүгээЛю жанжин Хань улсын үр салаа бөгөөд угсаа төрөл болмуй хэмээн сонсож тийнхүү мянган газрын холоос эрэхээр ирснийг чи юунд ховч үгийг өргөж эрдэмтнийг энэ мэт хардмуй?”. Любяо сонсоод Цаймаог зандран өгүүлрүүн: “Миний санаа нэгэнтээ тогтов. Чи битгий олонтоо өгүүлэгтүн!” гэхэд Цаймао ихэд занаж гарч одов. Любяо Сүньцянийг урьд Сюаньдөд мэдүүлэхээр илгээгээд нэгэнтээгүүр өөрийн бие хотоос гарч гучин газрын эцэст угтав. Сюаньдө Любяод золгоход маш гүн хичээнгүйгээр ёсолсонд Любяо туйлын зузаанаар хүндлэв. Сюаньдө гуань, Жанг Любяод учруулсан хойно Любяо даруй Сюаньд  лүгээ хамг Зинжоу мужид орж гэр салгаж суулгав.

Тэндээс Цаоцао, Сюаньдө  Зинжоу мужид очиж Любяог дагасныг сонсоод байлдахаар одсугай хэмээхэд Чэн Юй өгүүлрүүн: “Юаньшаог арилгаагүйгээр Зинсянд цэрэг мордоод хэрвээ Юаньшао хойноос цэрэглэн ирвээс дийлэх дийлдэгдэхийг мэдэхгүй болмуй. Харин Сюйдүд эгж цэргийг амгуулж сүр хүчийг тэжээгээд хойд жилийн хавар дулаан болсон хойно цэрэг авч урьдаар Юаньшаог эвдлээд хойно Зинсяныг байлдваас өмнө умрын ашиг тусыг нэгэн удаагаар олж болмуй” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж даруй цэрэг авч Сюйдүд эгэв. Амгалан байгуулагчийн долдугаар оны цагаан сард хүрээд Цаоцао дахин цэрэглэх учрыг зөвлөөд урьд Ся Хоудүнь, Манчунийг зарж Рүнанийг сахиулан Любяог халхлахаар илгээв. Цаорэнь, Сюнь Юйг үлдээж Сюйдүг сахиулж өөрөө их цэргийг захиран урьдаар Гуаньдүд одов.

Түүнээс Юаньшао ноднин жилээс жихүүцэж цусаар бөөлжих өвчин олоод эдүгээ сая баахан илаар болж “Сюйдүг байлдсугай!” хэмээн арга зөвлөхөд Шэньпэй хориглон: “Ноднин жил Гуаньдү, Цантинд дарагдсанаас цэргийн сэтгэл тохроогүй асаар тул эдүгээ гүн гуу өндөр хэрэм цогцлоон цэрэг иргэний хүчийг тэжээвээс зохимуй” хэмээн хэлэлцэж бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Цаоцао Гуаньдүд цэрэг ороод Зижоу мужийг байлдахаар ирмүй” хэмээмүй. Юаньшао өгүүлрүүн: “Цэрэг хэрвээ хотын дор голын ирмэгт хүрч ирснийг хүлээж сая эсэргүүцвээс хэрэг нэгэнтээ хожимдмуй. Би өөрөө цэрэг авч угтан очсугай” хэмээвээс Юаньшан өгүүлрүүн: “Эцгийн өвчин арилаагүй тул хол байлдахаар очиж эс болмуй. Хөвгүүн би цэрэг авч урагш очоод дайсныг угтахыг хүсмүй” гэхэд Юаньшао тогтоож даруй хүн зарж Цинжоу мужаас Юаньтанийг, Южоу мужаас Юаньсиг, Бинжоу мужаас Гаоганийг авахаар илгээгээд дөрвөн замаар хамт Цаоцаог эвдэлсүгэй хэмээжээ.

Энэ чухамхүү:

“Анхан Рүнаньгийн зүг байлдах хэнгэргийг дэлдтэл

Бас Зибэйгээс дайлах зэр зэвсгийг хөдөлгөв”

Эгнэгт дийлэх дийлэгдэх нъ ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top