"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-32 ДУГААР БҮЛЭГ
ЗИЖОУ ХОТЫГ БУЛААЖ ЮАНЬШАН ТЭМЦЭН БАЙЛДСАН ЖАНХӨ ГОЛЫГ СЭТЭЛЖ СЮЙ Ю АРГА ӨРГӨСӨН
Өгүүлэх нь: Юаньшан Шихуанийг алснаас нааш сэтгэл өндөр болоод Юаньтаньгийн цэрэг ирэхийг хүлээхгүй өөрөө хэдэн түмэн цэргийг авч Ли Янгаар дайран гараад Цаоцаогийн цэргийг угтан байлдахаар ирсэнд Жанляо урьдаар гарваас Юаньшан жад барьж морио давхиулан байлдахаар ороод гурван удаа болсонгүй халхлан чадахгүй болоод дарагдан буруулжээ. Жанляо мөн хүчээр дайран алсанд Юаньшан эзэн сууж чадахгүй цэргээ дагуулаад санд мэнд зижоу мужид дутаан эгэв. Юаньшао, Юаньшангийн дарагдаж ирснийг сонсоод нэгэнтээ чичивхийж хуучин өвчин дахин сэдрээд хэдэн суулга цус бөөлжин харангадаж газарт унав. Эм Лю хатан гэлмээд хойд гэрт тэнхрүүлэн оруулбаас өвчингийн хувь улам улам бэрх болсон тул Лю хатан яаран Шэньпэй, Фөнзиг дуудан шууд Юаньшаогийн хэвтэх ширээний өмнө авчирч хожмын үйлийг зөвлөхөд Юаньшао гагц гараар заахаас дуугарч чадахгүй болов. Лю хатан өгүүлрүүн: “Юаньшан залгамжилж болох уу?” хэмээвээс Юаньшао тэргүүнийг гэхийсхийв. Шэньпэй ширээний өмнө гэрээс бичгийг бичиж бартал Юаньшао бие хөрвөөд өндөр дуугаар нэгэнтээ бархиран бас хэдэн суулга илүү цус бөөлжиж үхэв.
Хожмын хүний шүлэглэсэн шүлгийн үг:
“Хэдэн үе гүн чин явж их нэрийг мандуулаад
Хээнцэр залуу насандаа санаа зориг оморхог болой
Гурван мянган эрдэмтэн зочныг хоосноор элсээд
Зуун түмэн баатар цэргийг талаар тэжээсэн бөлгөө
Хонины зоригтой байгаад барсын арьс нөмрөвч гавьяа олохгүй
Гарьдын өдөөр чимж тахиан цөс агуулаад хэрэг бүтэхүйсэ бэрх
Асар хөөрхийлөлтэйеэ нэгэн зүйлийн гуниг нь
Ах дүү хоёул зүгээр гэрийн зовлонд нэрвэгджээ”
Түүнээс Шэньпэй бэлэвсрэлийн хэргийг голчлон шийтгэжээ. Лю хатан Юаньшаогийн янаг өршөөсөн таван бага эмийг цөм алаад бас чөтгөр сүнс нь есөн булгийн доор219 Юаньшаод золгуузай хэмээн толгойн үсийг хайчилж, нүүрийг шивээд биеийг мөчлөв. Түүний хартай нь энэ мэт болой. Юаньшан бас тэр эмсийн төрхмийн хүмүүс зовлон болуузай хэмээн цөмийг барьж алав. Шэньпэй, Фөнзи Юаньшаныг Да Сыма жанжин хэмээн нэрлэж Зи, Цин, Ю, Бингийн дөрвөн мужийн эзэн болгоод бичиг явуулж бэлэвсрэлийг сонсгов.
219 Эрлэгийн орныг есөн булаг хэмээдэг
Тэр цагт Юаньтань нэгэнтээ цэргийг авч Цинжоу мужаас гарч иржээ. Эцгийн үхсэнийг сонсоод даруй Гуоту, Синьпингийн хамт зөвлөхөд Гуоту өгүүлрүүн: “Эзэн гүн Зижоу мужид байсангүй тул Шэньпэй, Фөнзи эрхгүй Сяньфүг220 эзэн болгох бөлгөө. Хурдлан явбаас зохимуй” хэмээсэнд Синьпин өгүүлрүн: “Шэньпэй, Фөнзи лав урьдаас арга бодлого тогтсон болой. Эдүгээ хэрвээ түргэлэн очвоос эрхгүй түүний хорыг амсмуй”. Юаньтань өгүүлрүүн: “Тийм болбоос яамуй” Гоуту өгүүлрүүн: “Цэргийг хотын гадна буулгаад түүний байдлыг үзвээс зохимуй. Би биеэр очиж байцаасугай!” хэмээвээс Юаньтань үгийг дагав. Гуоту, Зижоу хотод ороод Юаньшанд ёслон золгосон хойно Юаньшан асууруун: “Ах юунд ирэхгүй болой?”. Гуоту өгүүлрүүн: “Бие өвчинтэй болж цэргийн хүрээнд буй учирч чадахгүй” хэмээсэнд Юаньшан өгүүлрүүн: “Би эцгийн гэрээс захиаг хүлээж эзэн болов. Ахыг дэвшүүлж тэрэг хөлөглөгч жанжин болгожээ. Эдүгээ Цаоцаогийн цэрэг хязгаарт халдахаар ирсэн тул ах гавшгай болж очмуй. Би бас хойноос цэрэг дайчилж өмөглөхөөр очсугай!” хэмээсэнд
Гуоту өгүүлрүүн: “Цэргийн дотор хамт сайн арга зөвдөлцөх хүнгүй. Шэнь Жэньнань, Фөн Юаньту221 хоёулыг туслагч болгохыг гуймуй”. Юаньшан өгүүлрүүн: “Би бас энэ хоёулд эрдэж өглөө үдэш арга сүвэгчлэх тул яахан болмуй”. Гуоту өгүүлрүүн: “Тийм болбоос хоёр хүний дотроос нэгийг илгээвээс ямар” хэмээхэд Юаньшан аргагүй хоёулаар шавга татуулж татаж олсон нь очигтун!” хэмээсэнд Фөнзи татаж олсноор Юаньшан даруй Фөнзид тамга цомцог бариулан Гуотугийн хамт Юаньтанийн хүрээнд илгээв. Фөнзи Гуотуг дагаж Юаньтаньгийн дэргэд очиж үзвээс Юаньтань өвчингүй тул дотор ихэд амаргүй болов. Тамгыг өргөн барьсанд Юаньтань ихэд уурлаж Фөнзиг “Алсугай!” хэмээвээс Гуоту нууцаар хориглон өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцаогийн цэрэг хязгаарт халдахаар ирсэн тул түр уучлан Фөнзиг энд үлдээж Юаньшангийн сэтгэлийг амруул. Цаоцаог дарсан хойно дахин ирж Зижоу мужийг тэмцэхэд оройтохгүй” хэмээв. Түүнээс Юаньтань үгийг дагаж тэр даруй хүрээг буулган одож Ли Янгийн газар хүрээд Цаоцаогийн цэрэг лүгээ эсэргүүлэн буугаад Юаньтанъ их жанжин Ванжаог байлдахаар гаргаваас Цаоцао Сюйхуаныг гаргаж угтуулав. Хоёр жанжин байлдаж хэдэн удаа болсонгүй. Сюйхуан Ванзаог цавчиж мориноос унагаагаад мөн хүчинд дайран ороход Юаньтаньгийн цэрэг ихэд дарагдав. Юаньтань дарагдсан цэргийг хурааж Ли Янд ороод хүн зарж Юаньшангаас өмөглөх цэрэг гуйхаар илгээсэнд Юаньшан Шэньпэй лүгээ зөвлөлдсөний эцэст гагц таван мянган цэрэг өгч туслуулав.
Цаоцао өмөглөх цэрэг ирэхийг сонсоод Юэзинь, Лидянийг илгээж замд тосоод тойрон хааж цөмийг алав. Юаньтань, Юаньшангийн гагц таван мянган цэрэг илгээсэн бөгөөд бас хагас замд алагдсаныг сонсоод ихэд уурлаж Фөнзиг дуудаж ирээд хараахад Фөнзи өгүүлрүүн: “Би эзэн гүнд бичиг илгээж түүнийг биеэр өмөглөхөөр ирүүлсүгэй”.
220 Юаньшаогийн угсаа залгамжлах гуравдугаар хөвгүүн Юаньшангийн өргөсөн нэр
221 Мэргэн зөвлөх Шэньпэй, Фөнзи хоёрын өргөсөн нэр
Юаньтань Фөнзигээр бичиг бичүүлж хүн зарж Зижоу мужид илгээн Юаньшанд өгсөнд Юаньшан Шэньпэй лүгээ зөвлөвөөс Шэньпэй өгүүлрүүн: “Гуотуд олонтоо арга буй. Урьд удаа тэмцсэнгүйгээр одсон нь Цаоцаогийн цэрэг хязгаарт байхын учир болой. Эдүгээ хэрвээ Цаоцаог эвдэлбээс эрхгүй Зижоу мужийг тэмцэхэзр ирмүй. Харин өмөглөх цэрэг илгээхгүйгээр Цаоцаогийн хүчийг эрж арилгахад хүрэхгүй” хэмээсэнд Юаньшан үгийг дагаж цэрэг илгээх дургүй тул зарсан хүн хойш ирж учрыг хэлбээс Юаньтань ихэд хилэгнэж Фөнзиг алаад “Цаоцаод дагасугай!” хэмээн зөвлөсөнд хэдийнээ хүн хулгаж Юаньшанд ирж мэдүүлэв. Юаньшан Шэньпэй лүгээ зөвлөн өгүүлрүүн: “Юаньтанг Цаоцаод дагуулаад хамт хүчээр ирж байлдах болбол Зижоу муж түгшүүртэй болмуй” хэмээгээд Шэньпэй болон их жанжин Су Юг үлдээж Зижоу хотыг сахиулаад өөрийн бие цэрэг авч Ли Ян руу Юаньтанийг өмөглөхөөр очиход Юаньшан асууруун: “Цэргийн дотроос хэн хүн гавшгай болмуй?” хэмээвээс их жанжин Люйкуан, Люйсян ах дүү хоёул “Очихыг хүсмүй!” гэхэд Юаньшан даруй гурван түмэн цэргийг өгч гавшгай болгоод урьдаар Ли Янд хүрсэнд Юаньтань: “Юаньшаны бие цэрэг авч ирэв” хэмээн сонсоод ихэд баярлаж даруй “Цаоцаод дагасугай!” хэмээсэн зөвлөлийг зогсов. Юаньтаньгийн цэрэг хотын дотор, Юаньшангийн цэрэг хотын гадна бууж тулга болгов.
Түүнээс нэгэн өдөр болсонгүй Юаньси, Гаогань цөм цэрэг авч хотын гадна хүрч ирээд гурван газар цэрэг буудаллаад өдөр бүр цэрэг гаргаж Цаоцаогийн цэрэг дахин давтан дийлмүй. Амгалан байгуулагчийн наймдугаар оны хоёр сард хүрээд Цаоцао зам хуваан байлдахад Юаньтань, Юаньси, Юаньшан, Гаогань цөм ихэд дарагдаад Ли Аныг гээж буруулсанд Цаоцао цэрэг авч Зижоу муж хүртэл нэхэв. Юаньтань, Юаньшан хотод ороод бэхлэн сахиж Юаньси, Гаогань хотоос гучин газрын эцэст цэрэг бууж чимээгээр сүрдүүлмүй. Цаоцаогийн цэрэг өдөр бүр байлдаж эвдлэн чадахгүй тул Гуозя өгүүлрүүн:
“Юань овогт ахмадыг гээж багыг байгуулсан тул ах дүүгийн хооронд эрх хүч харилцан тэнцээд, тус бүр нам барилдмуй. Хэрэг шахам болбоос харилцан өмгөөлж, алгуурласанд харилцан тэмцмүй. Иймийн тул цэргээ хурааж өмнө зүг Зинжоу мужийг зүглэн Любяо лугаа байлдаж Юань овогтын ах дүүгийн хувьсахыг хүлээхэд хүрэхгүй, хувьсгал бүтсэний хойно байлдваас нэгэн удаад тогтож болмуй” хэмээхэд Цаоцао түүний үгийг сайшааж Зясюйг Тайшоу түшмэл болгож Лю Яныг сахиулан, Цаохунд цэрэг өгч Гуаньдүг сахиулаад, Цаоцао их цэргээ авч Зинжоу мужийн зүг одов.
Түүнээс Юаньтань, Юаньшан Цаоцаогийн цэрэг өөрөө эгснийг сонсоод даруй харилцан баярлалцав. Юаньси, Гаогань өөр өөрийн газартаа эгсэн хойно Юаньтань Гуоту, Синьпин лүгээ зөвлөн өгүүлрүүн: “Би ахмад хөвгүүн атал гэдрэг эцгийн төрийг хүлээн чадсангүй. Юаньшан дараа эхээс төрсөн бөгөөд харин их хэргэмийг залгамжилсанд үнэхээр дотор төвдөхгүй” хэмээсэнд Гуоту өгүүлрүүн: “Эзэн гүн хотын гадна цэрэг буудаллаад Юаньшан Шэньпэйг залж хуримласугай хэмээгээд илд сүх барьсан хүнийг бүгүүлж албаас их үйл тогтох болой” гэхэд Юаньтань үгийг дагав.
Цав хэмээн Безя түшмэл Вансю Цинжоу мужаас ирсэнд Юаньтань энэ аргыг хэлж өгвөөс Вансю өгүүлрүүн: “Ах дүү хэмээгч зүүн баруун гар болой. Эдүгэ эбусад лугаа тэмцэж хэрэлдэхэд өөрийн гараа цавчаад би эрхгүй дийлмүй хэмээвээс харин олж чадмуй уу? Дүүг гээгээд янаглахгүй болбоос тэнгэрийн дор хэнд амраглах аж? Тэр ховчилж хүмүүний яс махыг завсардуулаад нэгэн цагийн ашгийг эрэх нь болой. Чихийг бөглөөд сонсохгүйг хүсмүй” хэмээсэнд Юаньтань ихэд хилэгнэж Вансюг зандарч эгүүлээд хүн зарж Юаньшаныг залахаар илгээсэнд Юаньшан Шэньпэй лүгээ зөвлөхөд Шэньпэй өгүүлрүүн: “Энэ эрхгүй Гуотугийн арга болой. Эзэн гүн одвоос эрхгүй зальхай аргад унамуй. Мөн хүчээр байлдахад хүрэхгүй” хэмээсэнд Юаньшан үгийг дагаж даруй хуяглан морь унаж таван түмэн цэрэг авч хотоос гарав. Юаньтань, Юаньшангийн цэрэг авч ирснийг үзээд үйл задарсныг мэдэж тэр бас хуяглаж морь унаад Юаньшангийн зүг байлдахаар одов. Юаньшан, Юаньтаньд учраад ихэд хараахад Юаньтань бас хараан өгүүлрүүн: “Чи эцэгт хор өгч үхүүлээд хэргэм суурийг булаан эзэлж эдүгээ бас ахаа алахаар ирэв үү?” хэмээн хоёул даруй зууралдан байлдсанд Юаньтань ихэд дарагдав. Юаньшан зэв чулуунаас зайлахгүй цэрэг дагуулан хөөж алсанд Юаньтань дарагдсан цэргийг авч Пин Юаньгийн зүг буруулахад Юаньшан цэргийг хураан эгжээ.
Юаньтань Гуоту лүгээ бас цэрэг орохыг зөвлөн Цэньбиг жанжин болгож цэрэг өгч илгээсэнд Юаньшан өөрийн биеэр цэрэг авч Зижоу мужаас гараад хоёр цэрэг эсэргүүцлэн жагсааж туг далбаа харилцан харагдмуй. Цэньби байлдахаар гарч хараахад Юаньшан өөрийн биеэр байлдсугай хэмээтэл их жанжин Люйкуан илд даллан морь давхин гарч ирээд хоёр жанжин байлдаж хэдэн удаа болсонгүй. Люйкуан Цэньбиг цавчиж мориноос унагаасанд Юаньтаньгийн цэрэг бас дарагдаж мөнхүү Пин Юаньгийн зүг буруулав. Шэньпэй Юаньшаныг “Цэргээ урагш оруул!” гэж сануулсныг дагаж Пин Юань хүртэл нэхсэнд Юаньтань халхлан чадахгүй Пин Юаньд ухран ороод хотыг бэхлэн сахиж гарч ирсэнгүй. Юаньшан хотын гурван талаас хааж байлдахад Юаньань Гуоту арга сүвэгчилбээс Гуоту өгүүлрүүн: “Эдүгээ хот доторх амуу бага дээр түүний цэрэг чив хөгжиж ахуу тул хурц сүрийг эсэргүүцэхүйеэ бэрх. Мунхгийн санаанд хүн зарж Цао гүнд дагаад Цаоцаогаар цэрэг оруулж Зижоу хотыг байлдуулбаас Юаньшан эрхгүй тусалмуй. Үүнд жанжин хавчин цохивоос Юаньшаныг барьж болмуй. Цаоцао хэрэв Юаньшаныг байлдаж эвдэлбээс бид түүний цэргийг хураан аваад Цаоцао лугаа байлдахад Цаоцаогийн цэрэг хол газраас ирэх тул амуу хүрэхгүй эрхгүй эгэж одмуй. Ийм болбоос бид хэвээр Зижоу мужийг эзэлж дахин дэвшиж авахыг хичээсүгэй!” хэмээв. Юаньтань үгийг дагаад асуун өгүүлрүүн: “Хэнийг элч болгон илгээмүй” хэмээвээс Гуоту өгүүлрүүн: “Синьпингийн дүү Синьпи, өргөсөн нэр Зуожи, эдүгээ Пин Юаньгийн Лин түшмэл сууж буй. Энэ хүн үг өгүүлэлд уран тул элч болгон илгээж болмуй” хэмээсэнд Юаньтань даруй Синьпиг дуудваас Синьпи маргалгүй ирэв. Юаньтань бичиг хийж Синьпид өгөөд гурван мянган цэргээр хамгаалан хязгаарыг гаргаж хүргэсэнд Синьпи шөнө дөлөөр явж Цаоцаод золгохоор очив.
Тэр цагт Цаоцао Любяог дайлаар одож Сипинд цэрэг буудаллажээ. Любяо Сюаньдөг гавшгай болгож угтуулсанд харилцан байлдаагүйгээр Синьпи Цаоцаогийн хүрээнд хүрч Цаоцаод ёслон золгож дууссан хойно Цаоцао ирсэн учрыг асууваас Синьпи Юаньтаньгийн дагасугай хэмээн гуйхаар ирсэн санааг хэлж бичгийг өргөвөөс Цаоцао үзээд Синьпиг хүрээнд агуулж олон бичиг цэргийн түшмэлийг хуруулан зөвлөхөд Чэн Юй өгүүлрүүн: “Юаньтань Юаньшанд шахамдагдаад маш цухалдахдаа аргагүй дагасугай хэмээх тул итгэж болохгүй”. Люцянь, Маньчун бас өгүүлрүүн: “Чансан нэгэнтээ цэрэг авч энд хүрч ирээд хэрхэн Любяог гээж Юаньтанийг тусалж болмуй”. Сюнь Юй өгүүлрүүн: “Гурван гүнгийн үг цөм сайн бус. Мунхгийн санаж бодоход дэлхий дахин ямагт хэрэг байх учир Любяо, Зян Ханьгийн хооронд сахин сууж айн эмээн хөл сунгахгүйг үзвээс түүнд дөрвөн зовхисыг хичээх зориггүйг мэдэж болмуй. Юань овогт дөрвөн мужийн газрыг эзлээд хуягт цэрэг хэдэн арван түм илүү буй.
Хэрвээ хоёр хөвгүүн нийцтэй болж, хамт сахиж хөрөнгийг бүтээвээс дэлхий дахины үйл ямар болохыг мэдэж үл болмуй. Эдүгэ тэдний ах дүү харилцан байлдаж хүч буураад манайд дагасныг тухайлан бид урагш Юаньшаныг арилгаад хойно тэдний хувьсгалыг үзэж бас Юаньтанийг мөхөөвөөс дэлхий дахин тогтох болой. Энэ тухайг алдаж болохгүй” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан Синьпиг авчирч архи уулган: “Юаньтань дагасугай хэмээх нь үнэн үү, эс бөгөөс хуурмаг уу? Юаньшангийн цэргийг лав дийлж болмуй уу?” гэхэд Синьпи өчрүүн: “гэгээн гүн битгий үнэн ташааг асуугтун! гагц түүний хүчийг шүүмжилбээс болмуй. Юань овогт жил дараалан алдаж хохироод, гадаадад цэрэг хуяг ядаж зүдээд, дотоодод зөвлөлийн сайд харилцан алалдаж, ах дүүс ховч үгэнд завсардаад улс хоёр тийш хуваагдсаны дээр жилийн өлсгөлөн ховор давхцаж, тэнгэрийн гамшиг хүмүүний зүдээл, мэргэн мунхаг асуухгүйгээр цөм шороо нурж ваар хагарахад хүрснийг мэджээ. Энэ нь тэнгэр Юань овогтыг хөнөөхийн тухай болой. Эдүгээ гэгээн гүн цэрэг авч еэ хошууг байлдахад Юаньшан эгэж өмөглөхгүй болбоос үүр нүх нь автагдмуй. Хэрвээ эгэж өмөглөвөөс Юаньтань бас хойноос сундалмуй. гэгээн гүнгийн сүрээр хохирон цөхсөн олныг байлдах нь их салхи намрын модны навчсыг шүүрдэх мэт болой. Үүнийг авахгүй харин Зинжоу мужийг байлдмуй уу. Зинжоу газар баян хүчирхэг, улс найртай бөгөөд эерэгүү тул сэжлэн хөдөлгөж болохгүй. Нэнд дөрвөн зүгийн зовлон Хөбэйгийн мэт их үгүй. Хөбэйг нэгэнтээ түвшитгөвөөс вангийн хөрөнгө даруй бүтэх тул гэгээн гүнгийн хянан байцаахыг хүсмү!” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан өгүүлрүүн: “сияь зуожи лүгээ учирсан нь оройд хорсном болой!” хэмээгээд мөн өдөртөө эгэж Зижоу мужийг авахаар очив. Сюаньдө Цаоцаогийн арга байгуузай хэмээн болгоомжилж нэхсэнгүй цэргийг авч Зинжоу мужид эгэв.
Тэндээс Юаньшан Цаоцаогийн цэрэг гол гэтэлснийг мэдээд яаран цэрэг эгэж Еэ хошуунд мордохдоо Люйкуан, Люйсяныг хойдыг хайгуулд хэмээн үлдээв. Юаньтань, Юаньшангийн цэрэг эгснийг сонсож Пин Юаньгийн цэрэг морийг дуустал авч нэхэн ирээд хэдэн арван газар яваагүйгээр нэгэнтээ буун дуу гарахуйяа хоёр этгээдийн цэрэг цөм гарч ирээд зүүн этгээдэд Люйкуан баруун этгээдэд Люйсян ах дүү хоёул Юаньтаньгийн одох замыг хөндөлдсөнд Юаньтань морийг татаж хоёр жанжны зүг өчиж өгүүлрүүн: “Миний эцэг бүхий цагт би хоёр жанжинг огт хөнгөлөн аваачсан газаргүй бөлгөө. Эдүгээ юунд миний дүүг дагаж намайг энэ мэт цухалдуулмуй?” хэмээсэнд хоёр жанжин үгийг сонсоод мориноос бууж Юаньтанийг дагав. Юаньтань өгүүлрүүн: “Намайг битгий дагагтун! Цао Чансанд дагасугай!” хэмээсэнд хоёр жанжин Юаньтанийг дагаж хүрээнд эгэв. Юаньтань Цаоцаогийн цэрэг хүрч ирсэнд хоёр жанжинг дагуулан Цаоцаод золговоос Цаоцао ихэд баярлаж “Өөрийн охиноо Юаньтаньд эм болгон өгмүй” хэмээн ам алдаж даруй Люйкуан Люйсян нарыг зууч хүн болгов. Юаньтань Цаоцаогаас “Зижоу мужийг байлдмуй” хэмээн гуйхад Цаоцао өгүүлрүүн: “Эдүгээ амуу өвс хүрч ирээгүй. Зөөж нүүлгэхэд маш зүдмүй. Би голыг гэтлээд Ци мөрөнгийн усыг цагаан гууд оруулан амуу зөөх замыг нэвтрүүлсэн хойно сая цэрэг орсугай!” хэмээгээд Юаньтанийг түр Пин Юаньд суу хэмээж Цаоцао цэргийг авч Ли Янд буугаад Люйкуан, Люйсяныг Хоу өргөмжилж цэрэгт дагаж хэрэглэхийг сонс хэмээв. Гуоту Юаньтаньгийн зүг хэлрүүн: “Цаоцао охиноо ам алдсан нь үнэн санаа бус болов уу. Эдүгээ Люйкуан, Люйсяныг цэрэгтээ дагуулан аваачив. Энэ нъ Хөбэй газрын хүний сэтгэлийг ногтлох арга бөгөөд хойно эрхгүй маньд хор болмуй. Эзэн гүн хоёр жанжны тамга цоолборлож хулган хүн зараад хоёр Люйд хүргэж түүнийг дотуураар угт хэмээсүгэй! хэмээгээд Цаоцаогийн Юаньшаныг эвдэлсний хойно байдлыг үзэж хичээвээс болмуй” хэмээсэнд Юаньтань үгийг дагаж даруй хоёр жанжны тамга цоолборлон хоёр Люйд хулгаж илгээсэнд хоёр Люй хүлээн аваад шууд тамгыг авч Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао ихэд инээн өгүүлрүүн: “Юаньтань тамга хүргэсэн нь таныг дотроос тусалсугай хэмээсэн бөгөөд миний Юаньшаныг эвдлэхийг хүлээж мөн дотроос хэрэг үүсгэсүгэй хэмээх санаа болой. Та нар түр хураан авагтун! Надад зорилт буй” хэмээв. Үүнээс Цаоцао Юаньтанийг алах санаа төржээ.
Тэндээс Юаньшан Шэньпэй лүгээ зөвлөн: “Эдүгээ Цаоцаогийн цэрэг цагаан гуут голоор амуу зөөх нь эрхгүй Зижоу мужийг байлдахаар ирмүй. яаваас сайн?”. Шэньпэй хэлрүүн: “бичиг илгээж Ү аньгийн захирагч түшмэл и кайг маочэн газарт суулгаж шандангийн амуу зөөх замыг нэвтрүүлтүгэй. зюйшоугийн хөвгүүн Зюйхугаар Ханьдань хотыг сахиулж, холоос өмөглөх чимээ гарган байгтун хэмээгээд эзэн гүн Пин Юань руу цэрэг оруулж түргэлэн Юаньтанийг байлд. Урьдаар Юаньтанийг сөнөөгөөд хожим Цаоцаог эвдэлбээс болмуй” хэмээсэнд Юаньшан ихэд баярлаж Шэньпэй болон Чэньлин хоёрыг Зижоу хотыг сахь хэмээн үлдээгээд Ма Янь, Жанкай хоёр жанжинг гавшгай болгож шөнө дөлөөр цэрэг мордож Пин Юанийг байлдахаар ирэв. Юаньтань, Юаньшангийн цэрэг хүрч ирснийг сонсоод яаран Цаоцаод яарлыг хэлэхээр илгээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би энэ удаа эрхгүй Зижоу мужийг олмуй” хэмээн хараахан хэлэлцэн атал Сюй Ю, Сюйчангаас ирээд Юаньшан бас Юаньтаньтай байлдахаар ирснийг сонсоод Цаоцаод золгохоор орж өгүүлрүүн: “Чансан энд сахин суусаар харин тэнгэрийн цахилгаан бууж хоёр Юанийг алахыг хүлээмүй үү?” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Би нэгэнтээ бодож тогтоожээ” хэмээгээд урьд Цаохуныг “Цэрэг авч Еэ хошууг байлд!” хэмээн илгээгээд Цаоцао өөрийн бие цэрэг авч Икайг байлдахаар ирэв. Цэрэг уул хязгаарт хүрсэн хойно Икай цэрэг авч угтан байлдсанд Цаоцао “Сюй Жункан хаана буй?” хэмээн дуудмагц Сюйчу үг залган гарч ирээд морь довтолгон шууд Икай лугаа байлдахаар очиж Икайг гар хөл хөдөлж завдахын урьд цавчиж мориноос унагаав. Олон цөм сарниж буруулсанд Цаоцао цөмийг элсэн дагуулаад цэрэг давшиж Ханьданыг авахаар ирэв.
Зюйху цэрэг авч угтваас Жанляо гараад Зюйху лугаа зууралдан байлдаж гурван удаа болсонгүй Зюйху дарагдаж буруулан явахад Жанляо нэхээд хоёр морь хол алслахгүй тул Жанляо яаран нум гаргаж харвасанд хөвчийг дагаж мориноос унав. Цаоцао цэргийг тавьж даран алсанд олон цөм буруулан сарнив. Түүнээс Цаоцао даруй цэрэг авч Зижоу мужийн зүг давшваас Цаохун хэдийн хотын дор хүрчээ. Цаоцао олон цэргээр хотыг тойрон шороон уул босгож, газрыг голдрин орж байлдав. Шэньпэй арга гаргаж хотыг сахих нь ихэд чанга, зүүн хаалгыг сахисан жанжин Фөнли архинд согтож цагдан байцаахыг алгуурласанд Шэньпэй ихэд донгодсонд Фөнли хорсон сэмээр хаалгаар гарч Цаоцаод дагав. Цаоцао хотыг эвдлэх аргыг асууваас Фөнли өгүүлрүүн: “Хот сахих үүдэн доторх шороо зузаан тул гулдран өрж орвоос болмуй!” хэмээсэнд Цаоцао даруй Фөнлид гурван зуун хүчит цэрэг өгч шөнөөр өрүүлж орсугай” хэмээв.
Тэндээс Шэньпэй Фөнлигийн гарч дагаснаас шөнө бүр биеэр хотод гарч цэрэг морийг цагдаж үзмүй. Тэр шөнө сахих үүдний асарт гарч хотын гадныг анхаарваас зулын гэрэлгүй тул Шэньпэй өгүүлрүүн: “Фөнли эрхгүй цэрэг авч газрыг өрж орж ирэх болой” хэмээгээд даруй шилсэн цэрэг дуудаж чулуугаар хот сахих үүдний хаалтыг занчсанд үүд хааснаар Фөнли гурван зуун цэргийн хүнтэй цөм шороон дотор үхэв. Цаоцао энэ удаа нэгэн зэрэг хохирсноор даруй хэрмийн доогуур ухах аргыг зогсоогоод Юаньшуй усанд цэрэг эгэж Юаньшангийн цэрэг эгэхийг хүлээн суув. Юанъшан Пин Юанийг байлдахад Цаоцао нь Икай, Зюйхуг нэгэнтээ эвдлээд бас Зижоу мужийг хаав хэмээн сонссонд цэрэг татаж эгээд Зижоу мужид өмөглөхөөр одсугай хэмээхэд харьяат жанжин Ма Янь өгүүлрүүн: “Их замаар одвоос эрхгүй Цаоцаогийн бүгсэн цэрэг буй. Бага замаар одож Сишань уулаар Фушуй голын гармаар гарч Цаоцаогийн хүрээг булааваас эрхгүй хаасныг тайлах болой” хэмээсэнд Юаньшан үгийг дагаж өөрөө их цэргээ дагуулан урьдаар одож Ма Янг Жанкайгийн хамт хайгуул болгов. Хэдийнээ тагнуулч тэр мэдээг Цаоцаод хэлэхээр ирсэнд Цаоцао өгүүлрүүн: “Тэр хэрвээ их замаар ирвээс зайлах хэрэгтэй. Хэрвээ Сишаньгийн бага замаар ирвээс би нэгэнтээ байлдахад барьж болмуй. Би санахуйяа Юаньшан эрхгүй гал өргөж тэмдэг болгон хотын дотроос туслуулмуй, үүнийг цэрэг хувааж байлдсугай” хэмээжээ.
Тэндээс Юаньшан Фушуй коу амыг гарч зүүнш Янпингийн газарт хүрээд тэнд цэрэг буудаллав. Энэ нь Зижоу хотоос арван долоон газар буй. Нэгэн этгээд Фушуй усанд тулмуй. Юаньшан цэргийн хүнээр түлээ өвс цуглуулан овоолоод үдэш “Гал өргөн тэмдэг болгосугай!” хэмээгээд Жүбо түшмэл Лифуг хуурмагаар Цаоцаогийн цэргийн дүдү түшмэл болгож шууд хотын дор хүргээд өндөр дуугаар “Хаалгыг нээ!” хэмээн дуудваас Шэньпэй Лифугийн дууг таниад хотын хаалгыг нээж оруулав. Лифу өгүүлрүүн: “Эзэн гүн Янпингийн газарт цэрэг буудаллаад хотын доторх цэрэг угтахыг хүлээж буй. Хэрвээ хотын дотроос цэрэг гарваас бас гал өргөж тэмдэглэ” хэмээв. Шэньпэй “Хотын дотор өвс овоолон гал тавьж мэдээг хүргэмүй!” хэмээжээ. Лифу өгүүлрүүн: “Хотын дотор амуу үгүй болбоос хөгшин буурай, шархтай цэрэг жич эм хүүхдийг гаргаж дагуулбаас тэр лав бэлтгэлгүй бөлгөө. Бид хойноос цэргийг дагалдуулан гаргаж, байлдсугай” хэмээсэнд
Шэньпэй үгийг дагаж дэд өдөр хэрмийн дээр цагаан туг босгож дээр нь “Зижоу мужийн иргэн дагамуй” хэмээн бичжээ. Цаоцао өгүүлрүүн: “Энэ хот дотор амуугүй тул хөгшин буурай иргэнийг гаргаж дагуулах бөлгөө. Хойно эрхгүй цэрэг гарч ирэх болой” хэмээгээд Жанляо, Сюйхуанд тус бүр гурван мянган цэрэг өгч хоёр этгээдэд бүгүүлээд Цаоцао өөрөө морь унаж щүхэр, туг хиур өргөөд хотын дор хүрвээс үнэхээр хаалгыг нээтэл олон иргэн хөгшнийг тэтгэж, хүүхдийг өргөөд гартаа цагаан туг барьж ирмүй. Зуун овогт сая гарч бартал хотын дотроос гэнэт цэрэг гарч ирсэнд Цаоцао яаран улаан далбааг нэгэнтээ далласанд Жанляо, Сюйхуангийн хоёр замын бүгсэн цэрэг гарч байлдсанд хот доторх цэрэг аргагүй хотондоо буруулан оров. Цаоцао морио давхиулан нисэх мэт хөөж гүүрний дээр хүрвээс хэрмийн дээрээс холховч нумын зэв бороо орох мэт ирээд Цаоцаогийн дуулгыг онож арайхан толгойг нэвтлэх алдав. Олон жанжин нар мэндэн сандан Цаоцаог тэнхрүүлэн хүрээндээ эгэв.
Цаоцао ерийн хувцас өмсөн морио халаад олон жанжинг авч Юаньшангийн хүрээг байлдахаар ирсэнд Юаньшан өөрийн биеэр цэрэг авч угтав. Тэр үес олон замын цэрэг цугаар хүрч ирээд хоёр цэрэг нэгэн газарт хутган байлдахад Юаньшангийн цэрэг ихэд дарагджээ. Юаньшан дарагдсан цэргийг хурааж Сишань уулын дор буудаллан хүн зарж Ма Янь, Жанкайгийн цэргийг хөөхөөр илгээвээс хэн мэдмүй. Цаоцао нэгэнтээ Люйкуан, Люйсяныг зарж хоёр жанжинг элсэн дагуулахаар илгээсэнд Ма Янь, Жанкай нар ч хоёр Люйг дагаж Цаоцаод дагаар ирсэнд Цаоцао бас л Хоу өргөмжлөв. Мөн өдөртөө цэрэг орж “Сишань уулыг байлдмуй” хэмээн урьдаар хоёр Люй, Ма Янь, Жанкайг Юаньшангийн “Амуугийн замыг тасал” хэмээн илгээв. Юаньшан Сишань уулыг сахиж чадахгүйг мэдээд шөнөөр явж Ликоуд одож хүрээ бууж тогтоогүйд дөрвөн этгээдээс гал мандаад бүгсэн цэрэг цугаар гарч ирэхэд хүн хуяг өмсөж амжихгүй, моринд эмээл тохож завдахгүй болж Юаньшангийн цэрэг ихэд самууран буруулж тавин газрын эцэст хүрээ байгуулав. Хүч мохсонд аргагүй Юйжоугийн Цыши түшмэл Енкүйг зарж Цаоцаод дагахыг гуйсанд Цаоцао хуурмагаар хүлээн аваад шөнө дөл Жанляо, Сюйхуаныг илгээж хүрээг дарсанд, Юаньшан тамга цомцог, хэмжээт цомцог, төмөг222 хуяг дээл хүнд юмыг цөм гээгээд шөнө дөл Жүншань уулын зүг буруулан одов.
Тэндээс Цаоцаогийн цэрэг эгэж Зижоу хотыг байлдахаар очив. Сюй ю арга өргөж өгүүлрүүн: “Юунд Жанхө голын усыг сэтэлж шавартуулахгүй болой” хэмээсэнд Цаоцао тэр аргыг дагаж даруй хүн гаргаж хотыг тойрон дөчин газрын суваг өрүүлэв. Шэньпэй хэрмийн дээр зогсож Цаоцаогийн цэрэг хотын гадна өрсөн сувгийн ихэд гүехэн болохыг үзээд Шэньпэй инээн өгүүлрүүн: “Энэ Жанхө голын усыг бялхуулан хотыг цутгасугай хэмээх арга болой. Суваг гүн болбоос цутгаж болмуй. Энэ мэт гүехэн болбоос ямар тус буй” хэмээгээд даруй бэлтгэсэнгүй тэр шөнө Цаоцао арван хувь илүү хүн нэмж хамтын хүчээр өрүүлсэнд тэнгэр гэгээртэл өргөн гүн хоёр хос алд болж Жанхө голын усыг татаж цутгасанд хотын дотор усны гүн хэдэн тохой болжээ. Нэнд амуу тасарсны дээр цэргийн хүний өлбөрч үхсэн нь маш үлэмж. Синьпи хотын гадна жадны үзүүрт Юаньшангийн тамга, хувцас алив зүйлийг өлгөж хотын доторх хүнийг элсэн дагуулахад Шэньпэй ихэд хилэгнэж Синьпигийн гэрийн хөгшин залуу бүгд ная илүү амыг цөм хэрмийн дээр алаад тэргүүнийг хотын дор орхиж буулгав. Синьпи түүнийг үзээд ямагт уйлан зогсохгүй. Шэньпэйгийн ач хөвгүүн Шэньрун ер Синьпи лүгээ янаг найртай тул Синьпигийн гэрийн бүхэн хорлогдсоныг үзээд дотроо тааламжгүй болж сэмээр хаалгыг өргөх бичиг хийж зэвд уяад хотын гадна харвасныг цэргийн хүн олж Синьпид өргөсөнд Синьпи тэр бичгийг Цаоцаод өргөсөн хойно Цаоцао даруй цааз тархааж “Зижоу мужид ороод Юань овогтын гэрийн хөгшин залууг хорлож болохгүй, хүн ардын дагасныг нь үхэхээс хэлтрүүлмүй” хэмээв.
222 Саран сүх хэлбэртэй цэргийн зэвсэг
Дэд өдөр тэнгэр гэгээрмэгц Шэньрун баруун хаалгыг нээж Цаоцаогийн цэргийг оруулахад Синьпи морийг давхиулан урьдаар оров. Жанжин цэрэг хойноос дагалцан алан орсныг Шэньпэй зүүн өмнө зовхисын асар дээрээс Цаоцаогийн цэрэг нэгэнтээ хотод орсныг үзээд хэдэн морьтонг авч хэрмийн дээрээс буугаад үхэн байлдахад төв хэмээн Сюйхуанд учирсанд Сюйхуан Шэньпэйг амьд бариад хүлж хотын гадна авч ирсэнд зам зуур Синьпитэй учрав. Синьпи шүд зууж ташуураар Шэньпэйгийн тэргүүнийг цохиж өгүүлрүүн: “Хулгай боол чи энэ өдөр үхэх болой!” хэмээсэнд Шэньпэй ихэд хараан өгүүлрүүн: “Нохой мэт бэсрэг чи! Цаоцаог удирдан авчирч миний Зижоу мужийг эвдлэв. Би чамайг олж алахгүйд хорсмуй!” хэмээжээ. Сюйхуан Шэньпэйг Цаоцаогийн дэргэд авчирваас Цаоцао асууруун: “Хаалгыг өргөж намайг угтсан хүнийг танимуй уу?” хэмээсэнд Шэньпэй өгүүлрүүн: “Мэдэхгүй!”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ чиний ач хөвгүүн шэньрунгийн өргөсөн нь болой” хэмээсэнд Шэньпэй хилэгнэж өгүүлрүүн: “Бага хөвгүүн явдал мууд иймлд хүргүүлэв!”. Цаоцао өгүүлрүүн: “Өчигдөр би хотын дор хүрсэнд яахан холховч нум ийм үлэмж болой?”. Шэньпэй өгүүлрүүн: “Даанч цөөнд хорсмуй!”. Цаоцао өгүүлрүүн: “Чи Юань овогтод шударгыг гүйцэтгэсүгэй хэмээхэд иймгүй болбоос болмуй уу? Эдүгээ надад дагамуй уу?”. Шэньпэй өгүүлрүүн: “Дагахгүй!”. Синьпи газарт сөгдөөд уйлан өгүүлрүүн: “Миний гэрийн ная илүү ам цөм энэ хулгай боолд алагдсан тул Чансан алаад хорслыг цагаатган өгөхийг хүсмүй!” хэмээсэнд Шэньпэй өгүүлрүүн: “Би амьдарваас Юанъ овогтын түшмэл. Үхвээс Юаний чөтгөр. Таны адил ховч бялдууч хулгай бус! Намайг хурдан ал!” хэмээсэнд Цаоцао чирч гаргуулан алах үес илд барьсан хүнийг зандарч: “Миний эзэн хойд биед буй тул миний нүүрийг өмнө хандуулан үхүүлж болохгүй!” хэмээгээд хойш хандан сөгдөж хүзүүгээ сунган цавчуулав.
Хожмын хүн гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Голын умардад нэрт эрдэмтэн олон боловч
Гол ч шударга Шэн Жэн Нанийг хэн мэдзэм
Амь нь харанхуй эзний тул сөнөсөн боловч
Сэтгэл нь эртний мэргэдэд тэнцмүй
Чигч шударгад үг нууцгүй
Цээр ариун тул сэтгэл шунахайгүй
Үхэхдээ басхүү умард зүг хандсанд
Өшөөтнийг дагагчид цөм ичингүйрэн гутрав”
Шэньпэй нэгэнтээ үхсэнд Цаоцао түүний шударга журамтайг хөөрхийлөн хотын хойд талд оршуулав. Олон жанжин Цаоцаог хотод ормуй хэмээн залахад Цаоцао сая хөдөлсүгэй хэмээтэл сүх, илд барьсан цэрэг нэгэн хүнийг түлхлэн иржээ. Цаоцао үзвээс Чэньлинь ажгуу. Цаоцао өгүүлрүүн: “Чи урьд Юаньшаогийн төлөө бичиг үйлдэхэд ял гагц миний биед болбоос барав. Яахин миний өвөг эцэгт хүртэл гутаасан аж?” хэмээсэнд Чэньлинь хэлрүүн:
“Зэв хөвчид буй болбоос харвахгүй хэмээн болмуй” хэмээжээ. Жигүүрийн ард ятгаж “Алсугай!” хэмээвээс Цаоцао түүний эрдэмд бахдан хэлтрүүлж Цунши түшмэл болгов. Цаоцаогийн ахмад хөвгүүн Цаопэй, өргөсөн нэр Зыхуань тэр үес арван найман настай бөлгөө. Цаопэйг төрөх үес нэгэн хэсэг хөх үүл сүйхийн орой адил дүгрэглэн гэрийн оройд бүрхэж өдөр эцэслэтэл сарнихгүйд нүүр шинжигч байж Цаоцаод өгүүлрүүн: “Энэ тэнгэрийн хөвгүүний уур болой. Эрхэм хөвгүүний эрхмийг хэл болохгүй” хэмээжээ. Цаопэй найман насанд утгалж чадах бөгөөд хэтэрхий эрдэм буй. Эрт эдүгээг олонтоо нэвтэрч, харвах намнахад сайн, илд бүжиглэхэд дуртай. Цаоцао Зижоу мужийг эвдэх үес Цаопэй эцгийг дагаж цэрэгт асан тул урьдаар биеийг дагасан цэргийг авч шууд Юаньшаогийн гэрт хүрч мориноос буугаад илд сугалан дотор ороход нэгэн жанжин зогсоож өгүүлрүүн: “Чансангаас зарлиг буй. Алив хүнийг боловч Юаньшаогийн гэрт битгий оруул” хэмээжээ. Цаопэй түүнийг зандран эгүүлж илд барин хойд танхимд орж үзвээс хоёр эхнэр харилцан тэврэлцэж уйлан амуй. Цаопэй “алсугай!” хэмээн урагш давшив. Энэ чухамхүү:
“Дөрвөн үеийн гүн, хоу нэгэнтээ зүүд болоод
Нэгэн гэрийн яс, мах бас зовлонг эдэлжээ”
Эгнэгт тэр хоёр эхнэрийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )