"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-34 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАЙ ФҮРЭНЬ231 ХАЛХАВЧИЙН АЛС НУУЦ ҮГИЙГ СОНССОН ЛЮ ХУАНШҮ232 МОРИЙГ ХАРАЙЛГАН ТАНЬСИ ГОЛЫГ ӨНГӨРСӨН
231 Хатан
232 Хааны авга
Өгүүлэх нь: Цаоцао алтан гэрэл гарсан газраас нэгэн гуулин бялзуухай эрж гаргаад СЮнь Юйгээс “Энэ ямар ёр буй?” хэмээн асуусанд СЮнь Юй өгүүлрүүн: “Эрт өдөр Шүнь хааны эх “Хас бялзуухай өвөрт оров” хэмээн зүүдлээд Шүнь хааныг төрүүлжээ. Эдүгээ гуулин бялзуухайг олсон нь мөн сайн өлзийт бэлгэ бөлгөө”. Цаоцао ихэд баярлаж даруй өндөр тагт үйлдүүлэн өлзийд нийлүүлээд, мөн өдөртөө шороо хөдөлгөж модыг огтлон ваар шатааж тоосго зөөлгөн Тунцюэтай (гуулин бялзуухайн тагт)-г Жанхө голын дээр цогцолж бараглаваас нэгэн жилд үйл төгсгөгтүн хэмээв. Цаоцаогийн отгон хөвгүүн Цаожи дэвшин өгүүлрүүн: “Хэрвээ дэгтэртэй тагт байгуулбаас эрхгүй гурван суурь байгуулмуй. Дундахь өндрийн нэрийг Тунцюэ (гуулин бялзуухай) хэмээе. Зүүн этгээдийн нэгэн суурийн нэрийг Юйлун (Хас луу), баруун этгээдийн нэгэн суурийн нэрийг Зиньфөн (алтан гарьд) болгоод дахин хоёр зурвас нисэх гүүр үйлдэж хий дээр хөндлөн тавьж сайхан үзэмж болгосугай” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Миний хөвгүүний хэлсэн нь маш сайн. Хожим өдөр тагт бүтсэнд намайг хөгширтөл жарган баярлуулбаас болмуй!” хэмээв. Угтаа Цаоцаод таван хөвгүүн буй бөлгөө. Гагцхүү Цаожигийн ухаан сэргэлэн хурц, утга уянгад бахтай тул Цаоцао маш хайрлах ажгуу. Түүнээс Цаожи, Цаопэй хоёулыг Е хошуунд үлдээж тагт байгуулахыг харагтун хэмээгээд Жан Яньгаар хойд цайзыг сахиулав. Цаоцао Юаньшаогаас олсон цэрэг бүгд тавь жаран түмийг авч цэрэг эгэж Сюйдүд хариад гавьяатан сайдуудыг өргөмжлөн, бас айлтгаж Гуозяг Жэньхоу нэмж өргөмжлөөд, түүний хөвгүүн Гуо Иг яамандаа тэжээв. Тэндээс олон зөвлөлийн түшмэлийг цуглуулан зөвдөж “Өмнөдийн Любяог дайлъя!” хэмээхэд СЮнь Юй өчрүүн: “Их цэрэг сая хойдыг дайлан буцаж ирсэн тулд дахин хөдөлгөж үл болмуй. Түр хагас жилийг хүлээж сүр хүчийг тэжээсэн хойно Любяо, Сүньцуанийг нэгэн хэнгэрэг дэлдэхийн зуурт дийлбээс болмуй” хэмээсэнд
Цаоцао үгийг дагаж даруй цэргийг хуваан тариа тариулж улируулан хэрэглэхийг хүлээлгэв.
Тэндээс Сюаньдө Зинжоу мужид хүрч ирснээс хойш Любяо маш зузаан дайлмуй. Нэгэн өдөр хараахан хурж архи уун байтал гэнэт хүн ирж мэдүүлрүүн: “Дагасан жанжин Жан Ү, Чэньсүнь хоёр Зянсягийн газарт байхдаа хүн ардыг дээрэмлэн булааж үг нэгтгэж урвасугай хэмээмүй” хэмээсэнд Любяо цочиж өгүүлрүүн: “Хоёр хулгай бас урважээ. Зовлон болсон нь багагүй!” хэмээсэнд Сюаньдө хэлрүүн: “Ах та сэтгэл зовних хэрэггүй. Любэй би одож арилгасугай!” хэмээсэнд Любяо ихэд баярлан даруй гурван түмэн цэрэг сонгон Сюаньдөд өгч илгээв. Сюаньдө зарлалыг дагаж мордон гараад нэгэн өдөр болсонгүй Зянсягийн газарт хүрч ирсэнд Жан Ү, Чэньсүнь цэрэг авч угтан байлдав. Сюаньдө даруй Гуань, Жан, Жао Юнь лугаа морилон гарч хаалганы тугийн дотор байж Жан Үгийн унасан морийг ажиглан үзвээс туйлын эрэлхэг янзтай. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ лав мянган газар явах морь болой” хэмээн үг хэлж барахын урьд Жао Юнь жад эргүүлэн гарч шууд түүний жагсаалыг шувтлахад Жан Ү морийг тавин угтан ирж гурван удаа зөрөлдсөнгүй, Жао Юньд нэгэнтээ жадлагдан мориноос тонгорцоглон унасанд гарын аяар жолооны үзүүрээс шүүрэн авч морийг хөтлөн жагсаалдаа эгэв. Чэньсүнь үүнийг үзээд даруй хойноос нэхэн булаахаар иртэл Жанфэй их дуу гарч жадыг мушгин шууд хөндөлдөн тосож Чэньсүнийг жадлан алсанд олон бүгдээр цөм сарнин одов. Сюаньдө үлсэн намыг элсэн тохинуулж Зянсягийп эл гацааг түвшитгөөд цэргийг хураан хойш эгэв. Любяо дүүргээс гарч угтан хотод оруулаад хурим базааж гавьяаг шагнан архи ууж халамцсанд Любяо хэлрүүн: “Миний дүү энэ мэт бахдам эрдэмтэй тул Зинжоу мужид түшигтэй болжээ. Гагц Нань Юэг халдахаар ирэхээс зовних бөгөөд Жанлү, Сүньцуань цөм зовлон болохоор ирэх болов уу хэмээмүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Дүү надад гурван жанжин байх тул итгэмжлэн хэрэглэж болмуй. Жанфэйг Нань Юэгийн хязгаарыг цагдахаар илгээж, Юньчаныг Гү Зычэн хотод суулган Жанлүг сэрэмжлүүлээд, Жао Юньгээр Саньзян мөрнийг сахиулж Сүньцуанийг тосуулбаас ямар зовних газар баймуй” хэмээсэнд Любяо баярлаж түүний үгийг дагасугай хэмээтэл Цаймао түүний эгч Цай Фүрэньд хэлж өгүүлрүүн: “Любэй гурван жанжинг илгээж гадагш суулган өөрийн бие Зинжоу мужид сууваас удаандаа эрхгүй зовлон болмуй” хэмээсэнд цай хатан шөнө нь Любяогийн зүг өгүүлрүүн: “Би сонсвоос Зинжоу мужийн хүн олонтоо Любэй лүгээ нааш цааш явалцмуй хэмээмүй. Сэргийлэхгүй болбоос үл болмуй. Эдүгээ түүнийг агуулж хотын дотор суулгаваас тусгүйн дээр түүнийг бус тийш илгээхэд хүрэхгүй” гэхэд Любяо өгүүлрүүн: “Сюаньдө өршөөлт хүмүүн болой” хэмээхэд Цай овогт өгүүлрүүн: “Гагцхүү бусад хүн чиний сэтгэлийн адил үгүй болууз?” хэмээмүй. Любяо үг дуугарсангүй.
Түүнээс дэд өдөр хотоос гарч Сюаньдөгийн унасан морь маш сайныг үзээд асууж Жан Үгийн морь гэж мэдээд Любяо магтан сайшааж барахгүй тул Сюаньдө даруй энэ морийг Любяод хүргэж өгөв. Любяо ихэд баярлан морийг унаж хотдоо эгснийг Куай Юэ олж үзээд асуусанд Любяо өгүүлрүүн: “Энэ Сюаньдөгийн хүргэж өгсөн нь болой” хэмээсэнд Куай Юэ өгүүлрүүн: “Эрт өдөр миний ах Куайлян амьд бүхийдээ морийг асар сайн шинждэг бөлгөө. Куай Юэ би мөн маш мэдмүй. Энэ морины нүдний дор нулимсан ховилтой бөгөөд магнайн дээр цагаан дусал буй. Нэрийг нь “Дилү” хэмээмүй. Унаваас эзнээ хазмуй. Жан Ү энэ морины тул үхжээ. Эзэн гүн унаж болохгүй” хэмээсэнд Любяо тэр үгийг сонсоод дэд өдөр Сюаньдөг хуримласугай хэмээн залж дашрамд өгүүлрүүн: “Өчигдөр нэрт сайн морийг хишиг хүртээсэн зузаан санаанд гүн шүтэж биширмүй. Гагцхүү мэргэн дүү цаг бусад байлдан явахад хэрэглэвээс зохих тул хичээнгүйлэн эгүүлж барьсугай” хэмээсэнд Сюаньдө гүйн босож тал өгөв. Любяо бас хэлрүүн: “Мэргэн дүү энд удаан суусаар цэргийн эрдмийн хэргийг гээгдүүлэв зэ!” хэмээмүй. Сян Янгийн харьяат газрын Синь Е суманд амуу хүнс маш элбэг буй тул дүү чи өөрийн харьяат цэрэг морио авч уул газарт хамааран сууваас ямар”. Сюаньдө “Мөн!” хэмээн хүлээн аваад дэд өдөр Любяод тал өгөн салж өөрийн харьяат цэрэг морио аван шууд Синь Егийн зүг одов. Хараахан хотын хаалганаас гартал үзвээс нэгэн хүн морины өмнө гүн мэхэсхийн өгүүлрүүн: “Гүн таны унаж бүхий морийг хөлөглөж болохгүй болой” хэмээхэд Сюаньдө түүнийг үзвээс даруй Зинжоу мужийн эрхэм зочин Изи, өргөсөн нэр Зибай, Шань янгийн хүн бөлгөө. Сюаньдө яаран мориноос бууж асуусанд
Изи өгүүлрүүн: “Өчигдөр сонсвол Куай Идү233, Любяо мужийн захирагчийн зүг өгүүлсэн нь “Энэ морины нэрийг Дилү хэмээмүй. Унасан эзэндээ хазмуй” хэмээжээ. Үүний тул гүнд эгүүлэн өгөв. Гүн юунд дахин авч унамуй за” гэхэд Сюаньдө хэлрүүн: “Ноёнтон таны өршөөн санасан ачид гүнээ бишрэн шүтэж барахгүй. Гагц алив хүний төрөх үхэх нь заяанд буй амуй. Яахан нэгээхэн морины төдий харш болж чадах аж.” Изи түүний бодлого өндөрт биширч үүнээс үргэлжид Сюаньдө лүгээ нааш цааш явалцах болов.
233 Куай Юэгийн өргөсөн нэр
Түүнээс Сюаньдө Синь Ед хүрч ирснээс цэрэг иргэн цөм баярлалцан засгийн хэрэг шинэдэв. Амгалан байгуулагчийн арван хоёрдугаар оны хавар Гань хатан Лючанийг төрөв. Мөн шөнө нэгэн цагаан тогоруу нисэн ирж сумын яамны гэрийн орой дээр суугаад өндөр дуугаар дөчин хэдэнтээ донгодож баруун тийш нисэн очив. Хөнгөжихийн үед этгээд сайхан үнэр гэр дүүрчээ. Гань хатан басхүү шөнийн зүүднээ “Дээш хандаж алтан гадас одыг залгив” хэмээн зүүдлээд жирэмсэн болсон тул тийнхүү багын нэрийг Адоу хэмээн нэрийдэв. Тэр үе төвхийтэл Цаоцао цэргийг ерөнхийлөн хойдыг дайлж асанд Сюаньдө даруй Зинжоу мужид одож Любяод хэлж өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцао түүний цэргээ дуусган авч хойдыг дайлахаар очсон тул Сюйчан хөндий хоосон болжээ. Хэрвээ Зинсянгийн олныг авч энэ дашрамд сундлан орвоос их хэрэг бүтэж болмуй” хэмээсэнд Любяо өгүүлрүүн: “Би есөн хошууг эзлэн суусанд ханал гүйцэв. Хэрхэн бус газрыг бодмуй?” хэмээсэнд Сюаньдө дув дуугүй болов. Любяо хойд танхимд залж архи уулцаж халамшсан хойно Любяо гэнэт уртаар шүүрс алдав. Сюаньдө асууруун: “Ах юуны тул уртаар шүүрс алдмуй?”. Любяо өгүүлрүүн: “Надад сэтгэлийн хэрэг байвч ил хэлэхэд хялбаргүй” хэмээв. Сюаньдө дахин асуусугай хэмээтэл Цай хатан гарч ирээд халхавчийн хойно зогссонд Любяо тэргүүнийг даран дуугарсангүй. Агшин зуур хурим тархсанд Сюаньдө Синь Ед эгэж ирэв.
Мөн жилийн өвөл сонсвоос “Цаоцао Лючэн хотоос буцаж ирэв” хэмээжээ. Сюаньдө Любяог түүний үгийг хэрэглэсэнгүй хэмээн маш гуньхармуй. Гэнэт нэгэн өдөр Любяо элч зарж Сюаньдөг “Зинжоу мужид залж уулзъя!” хэмээв. Сюаньдө элчийг дагаж ирсэнд Любяо угтан авч ёс хийж барсан хойно хойд танхимд залж оруулан архи уулцан
Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Өнөөхөн сонсвол Цаоцао цэрэг авч Сюйдүд буцаж ирээд сүр хүч нь чийрэг болж эрхгүй Зинжоу мужийг хамтатган залгих санаа баймуй. Эрт өдөр мэргэн дүүгийн үгийг сонссонгүйдээ гэмшиж энэ мэт сайн тохиол учралыг алдав”. Сюаньдө өгүүлрүүн: “Эдүгээ дэлхий дахин хуваагдан хагарч зэр зэвсэг өдөр тутам дэгдсэн тул тохиол учрал хэрхэн дуусаж болмуй? Хэрвээ хожмыг нийлүүлэн чадваас үүнд хорсох нь юу буй?”. Любяо өгүүлрүүн: “Миний дүүгийн үг маш мөн” хэмээгээд хоёул харилцан уулцаж халмагшсан хойно Любяо гэнэт сэмээр нулимсыг унагаав. Сюаньдө учрыг асуухад Любяо хэлрүүн: “Надад сэтгэлийн хэрэг байж урьд өдөр мэргэн дүүд хэлье хэмээтэл завыг олсонгүй” хэмээхэд Сюаньдө асууруун: “Эрхэм ахад ямар таслахуйяа бэрх хэрэг байх буй? Хэрэв дүү намайг хэрэглэх газар байваас дүү би хэдий үхэвч үл маргамуй” хэмээсэнд Любяо өгүүлрүүн: “Анхны эм Чэнь овогтоос төрсөн ахмад хөвгүүн Ци, хүн нь хэдий мэргэн боловч зөөлөн буурай их хэргийг байгуулж чадахгүй. Хожмын эм Цай овогтоос төрсөн бага хөвгүүн зун хурц сэргэлэн тул би ахмадыг байлгаж багыг байгуулсугай хэмээхэд цааз ёс лугаа харшлалтай болуузай хэмээмүй. Ахмад хөвгүүнийг байгуулсугай хэмээтэл хэрхсү, Цай овогтны угсаа дотор цөм цэргийн эрхийг барьжээ. Хойшид эрхгүй самуун төрөгдмүй. Үүний тул тасархай тасалж чадахгүй” хэмээхэд Сюаньдө өгүүлрүүн: “Эртнээс ахмадыг байлгаж багыг байгуулах нь самууныг үүсгэхийн ёс болой. Хэрвээ цай овогтын эрх хүчнээс зовнивоос алгуураар хасан авбаас болмуй. дотночлон өршөөж бага хөвгүүнийг байгуулж болохгүй” хэмээсэнд Любяо дотроо “Мөн!” хэмээв.
Үзвээс Цай хатан ердөө Сюаньдөг сэжиглэж аливаа Любяо лугаа учирч шүүмжлэн хэлэлцэх бүр эрхгүй ирж хулган сонсдог ажгуу. Энэ үед төв хэмээн халхавчийн хойно байж Сюаньдөгийн тэр үгийг сонсоод дотроо маш хорсов. Сюаньдө бас өөрөө үт алдсаныг мэдээд даруй бие босож гадна гаръя хэмээж өөрийн биеийн бөгсний мах дахин ургасныг үзээд мөн санамсаргүй нүдний нулимсыг урсгав. Удсангүй дахин суудалд орсонд Любяо Сюаньдөгийн нулимс байх байдлыг үзээд сонирхон асуусанд Сюаньдө уртаар шүүрс алдаж өгүүлрүүн: “Любэй би анхнаас үргэлжид бие эмээлээс салахгүй тул хонгоны мах цөм шуурах бөлгөө. Эдүгээ морь унасангүй удсан тул хонгоны мах ургажээ. Өдөр сар эргэж одсоор нас хөгшрөхөд шахав. Гавьяа хөрөнгө байгуулсангүй, тийнхүү эмгэнэсэн буй за”. Любяо өгүүлрүүн: “Би сонсвол мэргэн дүүг сюйчанд байх үед Цаоцао хөх гүйлсээр архи нэрж хамтдаа аруухан баатрыг шүүмжлэхэд мэргэн дүү чи эдүгээхийн үеийн нэрт эрдэмтнийг дуусган өргөж гаргасанд Цаоцао цөм ойшоосонгүй гагцхүү хэлсэн нь “Дэлхий дахины аруухан баатар нь Лю мужийн захирагч чи бөгөөд Цаоцао над лугаа болой” хэмээжээ. Цаоцаогийн мэт эрх хүч буй бөгөөд бас ч аймшиггүй миний дүүгийн өмнө болж чадахгүй атал юунд гавьяа хөрөнгө үл байгуулахаас зовнимуй?”. Сюаньдө архины омогт тохиолдуулж үгийг алдаж хэлрүүн: “Любэй би хэрвээ үндэс суурьтай болбоос далхий дахины бул цул хэмээх ардаас үнэхээр зовних газаргүй” хэмээхэд Любэй дуугарсангүй. Любэй үг алдсаныг мэдээд согтуу хэмээн босож бууцын гэртээ буцан амрав. Хожмын хүн Сюаньдөг магтсан шүлгийн үг:
“Дэлхий дахины баатрыг хуруу дарж тоолоод Цаогүн
Дээрээс доор хүртэл шинжилбээс Лю мужийн захирагч чиний бие хэмээжээ
Хасын мах дахин дүүрсэн гуньхрал төрөгдсөн нь
Хань дэлхийг юунд гурван хувь болгохгүй буй” хэмээжээ.
Тэндээс Любяо Сюаньдөгийн үгийг сонсоод амандаа хэлсэнгүй боловч дотроо тааламжгүй болж дотоод гэрт эгэж орсонд цай хатан өгүүлрүүн: “Өнөө сая би халхавчийн хойд байж Сюаньдөгийн хэлсэн үгийг сонсвол хүнийг даанч хөнгөн үзэхэд түүний Зинжоу мужийг хамтатган залгих санааг олж мэдвээс болмуй. Эдүгээ хэрвээ үл арилгаваас хожим эрхгүй зовлон болмуй” хэмээсэнд Любяо өчихгүй гагцхүү толгой сэжиж зогсохгүй. Цай овогт даруй сэмээр Цаймаог дуудан оруулж энэ хэргийг зөвдөхөд Цаймао өгүүлрүүн: “Урьд бууцын гэрт одож түүнийг алаад хойно сая эзэн гүнд мэдүүлсүгэй!” хэмээсэнд Цай овогт түүний үгийг зөвшөөрөв. Цаймао дотроос гарч ирэн шөнө дөл цэрэг цогцлов. Түүнээс Сюаньдө бууцын гэрт байж зул шатаан суусаар гурван жин болсон хойно сая хэвтэхийг завдтал гэнэт нэгэн хүн үүдийг тогшин орж ирэв. Үзвээс даруй Изи Цаймаогийн Сюаньдөг хорлоё хэмээсэн учрыг олж сонсоод тусгайлан шөнө дөл мэдүүлэхээр ирсэн ажгуу. Изи Цаймаогийн аргыг Сюаньдөд бүрэн хэлээд Сюаньдөг шаардуулан “Түргэнээ мордон яв!” хэмээхэд Сюаньдө өгүүлрүүн: “Зиншэнд салах ёс хийхгүйгээр хэрхэн одож болмуй?” гэхэд Изи өгүүлрүүн: “Гүн хэрвээ салах ёс хийвээс эрхгүй Цаймаогийн хорыг олмуй за”. Сюаньдө даруй Изид тал өгч яаран нэгэн дагалдагч дуудан цугаар моринд мордож тэнгэр гэгээрэхийг хүлээсэнгүйгээр шөнө дөл Синь Ед буцаж ирэв. Цаймао цэрэг авч бууцын гэрт хүрч иртэл Сюаньдө нэгэнтээ очиж хол болжээ. Цаймао гэмшин хорсож гүйцэхгүй тул хаяан дээр нэгэн бадаг шүлэг бичээд шууд дотогш орж Любяод уулзан хэлрүүн: “Любэйд урвах санаа байж хаяан дээр урвах шүлэг бичээд хэлэхгүйгээр оджээ” хэмээсэнд Любяо итгэмжилсэнгүй биеэр бууцын гэрт хүрч үзвээс үнэхээр дөрвөн мөр шүлэг буй ажгуу. Шүлэгт өгүүлсэн нь:
“Хэдэн он талаар гачигдлыг сахиж
Хуучин уул голыг хоосноор эсэргүүцэв
Луу нь нуурын доторх юм бус тул
Аянгыг тохиолдуулан тэнгэрт гарсугай” хэмээмүй.
Любяо шүлгийг үзээд ихэд уурлан сэлмээ сугалж занан өгүүлрүүн: “Амалдаж энэ мэт журамгүй боолыг алсугай!” хэмээгээд хэдэн алхам явж гэнэт дотроо ухаж өгүүлрүүн: “Би Сюаньдө лүгээ уулзаж хэдий чинээ өдөр болтол түүний шүлэг шүлэглэсэн удааг үзсэнгүй бөлгөө. Энэ лав гаднах хүний завсардуулан ангижруулах арга болой” хэмээгээд даруй эгэж бууцын гэрт алхан ороод сэлмийн үзүүрээр тэр шүлгийг хусаж аван сэлмийг гээж моринд мордон гарахад Цаймао лавлаж асууруун: “Цэрэг морийг нэгэнтээ бэлтгэж бэлэн болгов. Синь Ед очиж Любэйг баримуй уу?” хэмээсэнд Любяо өгүүлрүүн: “Түргэн түүхий болж болохгүй. Алгуураар бодсугай!” хэмээв. Цаймао Любяогийн татгалзан сэжиглэж таслан чадахгүйг үзээд даруй сэмээр Цай хатан лугаа зөвлөж даруйд түшмэдийг Сян Ян хотод ихэд цугларуулж тэр газраас бодсугай!” хэмээгээд дэд өдөр Цаймао Любяод мэдүүлрүүн: “Орчмын жил элбэгээр боловсруулсан тул олон түшмэдийг Сян Янд хуруулж, тохинуулан хөхиүлэх санааг үзүүлбээс зохимуй. Эзэн гүнгийн очихыг хүсмүй” хэмээсэнд Любяо өтүүлрүүн: “Энэ хэдэн өдөр миний амьсгалын өвчин хөдөлжээ. Магадаар очиж үл чадмуй. Хоёр хөвгүүнийг илгээж эзэн болгон зочныг хүндлүүлсүгэй” хэмээсэнд Цаймао хэлрүүн: “Гүнз нарын нас бяцхан тул ёслол хэмжээг алдуузай!” хэмээмүй. Любяо өгүүлрүүн: “Синь Ед очиж Сюаньдөг Сян Янд залж ирүүлэн зочныг хүндлүүлбээс болмуй” хэмээсэнд Цаймао сэмээр баярлан “Түүнийг аргад оногдов” хэмээн даруй хүн зарж Сюаньдөг Сян янд ирэхээр залуулав.
Тэндээс Сюаньдө Синь Ед буцаж ирээд өөрийн үг алдаж зовлон үүсгэснийг мэдээд олон хүний зүг нэг ч үг хэлсэнгүй. Гэнэт элч ирж “Сян Янгийн хуримд Сюаньдөг залахаар ирэв” хэмээсэнд Сүньцянь хэлрүүн: “Өчигдөр эзэн гүнийг үзвээс санд мэнд эгэж ирээд дотроо маш урамгүй, миний мунхаг санаанд бодон үзвэл Зинжоу мужид лав учир шалтгаантай болсон болов уу” хэмээмүй. Эдүгээ гэнэт хуримд залахаар ирсэн тул хөнгөнөөр одож болохгүй” хэмээсэнд Сюаньдө сая анхны хэргийг олон хүнд хэлж өгөхүйеэ Юньчан өгүүлрүүн: “Ах чи өөрөө сэтгэлд үг алдав хэмээн сэжиглэсэн буй за. Любяо мужийн захирагч огт зэмлэн сонжсон газаргүй, гадаадын хүний үгийг хөнгөнөөр итгэж үл болмуй. Сян Янгийн газар эндээс холгүй тул хэрвээ очихгүй болбоос Любяо захирагчид гэдрэг сэжиг төрмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Юнчангийн үг мөн болой” хэмээхэд Жанфэй өгүүлрүүн: “Хуримд сайн хуримгүй, хуралд сайн хуралгүй тул очихгүйд үл хүрмүй”. Жао Юнь өгүүлрүүн: “Би морьт явган цэргийн гурван зуун хүн авч хамт очвоос эзэн гүнийг хэрэггүй болгон баталж болмуй” хэмээсэнд
Сюаньдө өгүүлрүүн: “Ийм болбоос маш сайн” хэмээв.
Тэндээс даруй Жао Юнь лүгээ мордож мөн өдөртөө Сян Янд ирэв. Цаймао угтан авч санаа нь маш хичээнгүй хөнгөмсөг мэт ажээ. Түүний хойно Люци, Люзун хоёр гүнз нэгэн баг бичиг цэргийн түшмэдийг дагуулан угтан гарав. Сюаньдө хоёр гүнз цөм байхыг үзээд огт сэжиглэн цээрлэсэнгүй. Мөн өдөрт Сюаньдөг бууцын гэрт залж буулгав. Жао Юнь гурван зуун цэргийг авч цагираглан тойрч бэхлэн хамгаалмуй. Жао Юнь биедээ хуяг өмсөн сэлэм зүүж явавч суувч зүүн баруун этгээдээс ангижрахгүй. Люци Сюаньдөд хэлж өгүүлрүүн: “Эцгийн бие хууч өвчин хөдлөөд босож яван чадахгүй тул тусгайлан авга эцэг таныг залж зочныг хүндлүүлэн эл газрыг эзлэн сахигч түшмэлийг тохинуулан хөхиүлсүгэй хэмээмүй” Сюаньдө өгүүлрүүн: “Би чухам үүнийт аймшигүй хүлээн авч чадахгүй бөлгөө. Нэгэнтээ ахын захиа буй тул ямар аймшиггүй дагахгүй хэмээх аж” хэмээв.
Дэд өдөр хүн ирж мэдүүлрүүн: “Есөн хошуу дөчин хоёр сумын ноёд түшмэл бүрнээ цугларан иржээ” хэмээв. Цаймао урдаас Куай Юэг залж арга зөвлөж өгүүлрүүн: “Любэй ертөнцийн хэтэрхий баатар болой. Энд удаан байлгаваас хожим эрхгүй зовлон болох тул энэ өдрийг тохиолдуулан арилгаваас зохимуй”. Куай Юэ өгүүлрүүн: “Иргэний эрмэлзсэнийг алдахад хүрүүлүүзэй!” хэмээмүй. Цаймао хэлрүүн: “Би нэгэнтээ Любяо захирагчийн үгийг сэмээр хүлээн энд баймуй”. Куай Юэ өгүүлрүүн: “Ийм бөгөөс урьдаар сэргийлэн бэлтгэх хэрэгтэй” хэмээсэнд Цаймао өгүүлрүүн: “Зүүн хаалганы СяньШань уулын их замд миний дүү цайхөг зарж цэрэг аван сахиулахаар илгээв. Өмнөд хаалганы гадна Цайжуныг зарж сахиулахаар илгээв. Хойд хаалганы гадна Цайсюнийг зарж сахиулахаар илгээв. Гагц баруун хаалгыг сахих хэрэггүй, өмнөдөд Таньси гол хөндөлдөн хориглож бүхийн тул хэдий хэдэн түмний олон хэмээн хялбараар гарч үл чадмуй”. Куай Юэ өгүүлрүүн: “Би таван зуун цэргийг хотын дотор бүгүүлэн тавив.” Куай Юэ өгүүлрүүн: “Вэньпинь, Ванвэйгийн хоёр хүнийг зарж өөр нэгэн архины ширээ бэлтгүүлж танхимын гадаадад цэргийн жанжин нарыг түүгээр хүндлүүлээд урьд Жао юнийг залж үлдээсэн хойно сая хэргийг явуулбаас болмуй”. Цаймао түүний үгийг дагаж мөн өдөртөө үхэр морийг алж хуримын ширээг ихэд засав. Сюаньдө Дилү морийг унаж мужийн яаманд хүрч ирээд хүн дуудан хойд хүрээлэнд хөтлөн оруулж уяулав.
Түүнээс олон түшмэл цөм танхимд хүрч ирсэн хойно Сюаньдө гол суудалд сууж, хоёр гүнз хоёр этгээдээс ширээ хавчин суув. Бусад нь тус тусдаа дэс дараагаар суулцсанд Жао Юнь сэлэм барин Сюаньдөгийн хажууд зогсжээ. Вэньпинь, Ванвэй орж ирэн Жао юнийг хуримд залж суулгасугай хэмээвээс Жао Юнь маргаж очихгүй хэмээхэд Сюаньдө Жао юнийг “Хуримд очиж суу!”хэмээсэнд Жао Юнь аргагүй захиаг дагаж гарч очив. Цаймао гадуур байж төмөр суулга мэт бэлтгэн Сюаньдөгийн авч ирсэн гурван зуун цэргийг цөм бууцын гэрт архи уулгахаар илгээгээд гагц “Халмагшсаны хойно тэмдэг үүсгэмэгц гар хөдөлмүй” хэмээн хүлээв. Архи гурван үе болсонд Изи сууддаас босож хундага барьсаар Сюаньдөгийн дэргэд хүрч ирэн нүдээр Сюаньдөг ширтэж сэмээр “Хувцсыг халахаар гарч ир” хэмээн хэлсэнд Сюаньдө даруй санааг ухаж босоод гар угаахаар гарав. Изи хундага барьж бараад яаран хойд хүрээлэнд орж ирэн Сюаньдөтэй уулзаж чихний дэргэд шивнэн өгүүлрүүн: “Цаймао арга үүсгэж гүн таныг хорлосугай хэмээн хотын гадна, өмнө, хойд зүүн гурван газар цөм цэрэг морь сахиж байх тул гагц баруун хаалгаар явбаас болмуй. Гүн хурдан дутаагтун!” хэмээсэнд Сюаньдө ихэд цочин санд мэнд Дилү морийг алдаргаж хойд хүрээлэнгийн үүдийг нээн хөндлөн гарч ирээд моринд нисэх мэт мордож дагасан ардыг бодсон ч үгүйгээр гагц мориор баруун хаалгыг зүглэн ирэв. Хаалганы түшмэл асуусанд ганц ч үг өчсөнгүйгээр морийг ташуурдан одов. Хаалганы түшмэл зогсоон чадахгүй тул Цаймаод нисэх мэт мэдүүлэхээр иржээ. Цаймао даруй моринд мордож таван зуун цэрэг аван хойноос нэхэмжлэхээр ирэв.
Тэндээс Сюаньдө баруун үүдийг мултран гарч хэдэн газар явсангүйд өмнө нэгэн их тунамал гол байж очих замыг хөндөлджээ. Тэр голын өргөн нь хэдэн хос алд бөгөөд ус нь Сянзян мөрөнд нэвтэрч түүний долгион нь маш түргэн Сюаньдө голын дэргэд хүрч үзвээс гэтлэн гарч болохгүй тул морийг буцаан дахин эгэж ирээд холоос ажиглан үзвээс хотын баруунтаа хог тоос ихэд дэгдэж нэхэх цэрэг хүрч ирэх шахжээ. Сюаньдө өгүүлрүүн: “Би энэ өдөр үхэх буй за!” хэмээгээд морины толгойг эгүүлэн дахин голын дэргэд хүрч ирээд тэргүүн эргүүлж үзвэл нэхэх цэрэг нэгэнтээ ойр болов. Сюаньдө яаран морийг гүйлгэн голд орж хэдэн алхам явсангүй морины хаа гэнэт шаварт шигдэж дээл хувцас цөм норсонд Сюаньдө даруй морийг ташуурдаж ихэд бархираад өгүүлрүүн: “Дилү, Дилү энэ өдөр намайг хазмуй уу!” хэмээн хэлж бармагц тэр морь гэнэт усан дотроос үсэрхийлэн нэгэнтээ харайсанд гурван хос алд өнгөрч баруун хөвөөн дээр нисэн гарав. Сюаньдө үүл манангаас бууж ирсэн мэт болжээ.
Хожим Тан улсын нэрт яруу найрагч Сү Дунпө Таньси голыг мориор харайлгасныг шүлэглэсэн нэгэн анги эртний шүлгийн үг:
“Элдэв өнгийн цэцэг зулгарсан хаврын сүүлчийн өдрөөр
Эрдэмтнийг сурвалжлан хэссээр Таньсигийн замд гэнэт хүрээд
Морийг татаж алсыг бараалаад гагцаар эргэцэхүйеэ
Модны унгарил будран салбарсан эл хуль байдалтай
Бараглан бодвол Сян Янгийн галын эрдэм буурсан тул
Барс луу гэрэлтэн тэмцэлдээд харилцан мөчөөрхөж амуй
Сян Янгийн хуралд Вангийн ач уулцахад
Сюаньдө гэнэт суудлын дотор түгшүүртэй болов
Амь хэлтэрсүгэй хэмээн гагцаар баруун үүдээр гартал
Арын хойноос нэхэх цэрэг бас гүйцэх шахжээ
Утаа униар тунарч Таньси голын ус нэмэгдсэнд
Унасан морио яаран зандаж урагш хэдэнтээ харайлгав
Агтын туурай хөх шилийг гишгэн хэмхэлсэнд
Агаарын салхи шуухинах газар алтан ташуурыг эргүүлэв
Чихний дэргэд мянган агтны төвөргөөн сонсогдоход
Чанад давлагаанаас хос луу нисэж ирээд
Сычуань газрыг гагцаар эзлэх үнэн баатар эзэн
Шаламгай хүчит луугийн зулзага лугаа харилцан уулзав
Баруун зүгээс зүүнш урсах Таньси голын ус
Баатар эзэн луугийн морийг үгүйлэн байгаа мэт
Урсгалын дэргэд шүүрслэн сэтгэл эвхэрч байтал
Ууланд ташсан оройн наран ив чив сэлүүн
Учиглан зогссон гурван улс зүүд мэт болоод
Ор мөр бүүр түүр болж дэлхий дахинд хоцоргов”
Тэндээс Сюаньдө голын баруун хөвөөн дээр үсрэн гарч зүүн хөвөөний зүг харж үзвэл Цаймао нэгэнтээ цэрэг авч голын дэргэд нэхэж ирээд ихэд бархиран өгүүлрүүн: “Мужийн захирагч ямар учраас хуримын ширээнээс дутаан одмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Би чам лугаа өшөөгүй байтал ямар учирт хорлоё хэмээмүй?” Цаймао өгүүлрүүн: “Надад огт энэ мэт сэтгэлгүй болой. Лю мужийн захирагч бусдын үгийг үл сонсох болов уу!” Сюаньдө Цаймаогийн гартаа нум барин сум авахыг үзээд даруй яаран морийг татаж баруун өмнө зүг зүглэн одов. Цаймао зүүн баруун этгээдийн ардын зүг хэлрүүн: “Үүнийг сахиус тусалсан болой?” хэмээгээд сая цэрэг хурааж хотонд эгсүгэй хэмээтэл баруун хаалганы дотроос Жао Юнь гурван зуун цэргээ авч нэхэн ирэв. Энэ чухамхүү:
“Луугийн зулзага харайн очиж эзнээ тусалж чадаад
Барсын жанжин нэхэн ирж өшөөтнийг алсугай хэмээмүй”
Эгнэгт Цаймаогийн амь хэрхэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )