"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-36 ДУГААР БҮЛЭГ
СЮАНЬДӨ АРГА ХЭРЭГЛЭЖ ФАНЬЧӨН ХОТЫГ АВСАН ЮАНЬЖИ МОРЬ ДОВТОЛГОН ЖУГӨГ БАТЛАН ӨРГӨСӨН
Өгүүлэх нь: Цаорэнь хилэн төрж даруй өөрийн харьяат цэргийг ихэд байгуулан шөнө голыг гэтлээд санаандаа “Синь Ег түвшитгэн гишгэсүгэй!” хэмээв.
Тэндээс Шаньфу байлдан дийлж сая эгэж ирээд Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Цаорэнь ФаньЧэнд цэрэг аван сууж бүхий тул эдүгээ хоёр жанжны алагдсаныг мэдсэнд эрхгүй их цэрэг байгуулан байлдахаар ирмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Үүнийг хэрхэн угтваас зохимуй?” Шаньфу өгүүлрүүн: “Тэр хэрвээ цэрэг дуусган авч ирсэнд ФаньЧэн хоосон болох тул үүнд тохиолдуулан булаан авбаас болмуй”. Сюаньдө аргыг асуухад Шаньфу чихэнд шивнэн “Ийм тийм” хэмээсэнд Сюанъдө ихэд баярлан урьдаас бэлтгэн тогттол гэнэт харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Цаорэнь их цэрэг аван голыг гэтлэн хүрч ирэв”. Шаньфу инээн өгүүлрүүн: “Үнэхээр миний бодлогоос гарсангүй” хэмээгээд даруй Сюаньдөг залж цэрэг гарч дайсныг угтуулав. Хоёр этгээдийн жагсаал харилцан дүгрэглэсэн хойно Жао Юнь гарч түүний жанжныг дуудан үг хэлэлцье хэмээсэнд Цаорэнь, Лидянийг жагсаалд гаргаж Жао Юнь лугаа байлдаж арван хэдэн удаа болсонд Лидянь дийлэн эс чадахаа мэдээд морийг буцуулж жагсаалдаа эгэхэд Жао Юнь морийг тавин хойноос нэхтэл хоёр жигүүрийн цэрэг харван зогсоож тус тусдаа цэрэг орохыг байж цайздаа эгэв. Лидянь буцаж Цаорэньд золгоод: “Дайсан этгээдийн цэрэг хурц шилдэг, хөнгөвчлөн байлдаж үл болмуй. ФаньЧэндээ эгэхэд хүрэхгүй” хэмээсэнд Цаорэнь хилэгнэн өгүүлрүүн: “Чи цэрэг мордох урьд нэгэнтээ миний цэргийн сэтгэлийг осол болгосон бөгөөд эдүгээ бас жагсаалыг худалджээ. Түүний ялд тэнцүүлэн цавчваас зохимуй!” хэмээгээд даруй илд сүх барьсан ардыг зандран “Лидянийг түлхэн гаргаж цавч!” хэмээхэд олон жанжин нар гашуудан гуйхад сая хэлтрүүлэн “Хойд хайгуул цэргийг дагуул!” хэмээв. Цаорэнь биеэр өмнөд багийн цэргийг авч хошууч болгоод дэд өдөр хэнгэрэг дэлдэн цэрэг орж нэгэн жагсаал жагсаан бүтсэн хойно хүн илгээж Сюаньдөгөөс “Миний энэ жагсаалыг танимуй уу?” хэмээн асуулгасанд Шаньфу даруй өндөрт гарч нарийвчлан үзэж бараад Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Энэ нь ба Мэнь Зинь Суо Жэнь (Найман хаалганы алтан оньст жагсаал) болой. Найман хаалга хэмээгч амрах, төрөх, хохирох, бөглөгдөх, хэрэлдэх, үхэх, цочих, нээх нь бөлгөө. Хэрвээ төрөх, хэрэлдэх, нээх хаалгаар орвоос өлзийтэй сайн хохирох, цочих, амрах хаалгаар орвоос хор олмуй. Бөглөгдөх үхэх хаалгаар орвоос мөхмүй. Эдүгээ найман хаалгыг хэдий зохиов хэмээвч гагцхүү дундадад бас гол тулгуур дутуу. Хэрвээ түүний зүүн өмнөх өнцгийн төрөх хаалгаар цохилон ороод чиг баруун зүгийн хэрэлдэх хаалгаар гарваас тэр жагсаал эрхгүй самуурмуй”. Сюаньдө цааз зарлаж цэргийн ардаар жагсаалын өнцгийг сахиулаад Жао Юнийг дуудан таван зуун цэрэг өгч зүүн өмнүүрээр орж тойрон баруун зүгээр гарагтун! хэмээв. Жао Юнь захиаг хүлээн авч жадыг мушгин морийг харайлгаж, цэргийг дагуулан шууд зүүн өмнөдийг зүглэн орж хашхирах дуу гаран дундад цэрэгт алан орвоос Цаорэнь даруй хойд зүг буруулан явахад Жао Юнь нэхэхгүйгээр харин баруун хаалгаар шувтлан гараад бас баруун зүгээс буцаж зүүн өмнө өнцгийг алан ирэхэд Цаорэньгийн цэрэг ихэд самуурав. Сюаньдө цэргийг дохин шувтлан байлдваас Цаорэнь ихэд дийлэгдэж хойш ухарчээ. Шаньфу нэхүүлсэнгүй цэргийг хурааж өөрөө эгэв.
Эндээс Цаорэнь нэгэн мөр дийлэгдээд сая Лидяньгийн үгийг итгэж дахин Лидянийг залж зөвлөн хэлрүүн: “Любэйгийн цэрэгт эрхгүй эрдэмтэн хүн байх тул миний жагсаал шууд түүнд эвдлэгджээ” хэмээхэд Лидянь өгүүлрүүн: “Бид хэдий энд байвч ФаньЧэн хотоос маш зовнимуй”. Цаорэнь өгүүлрүүн: “Энэ үдэш түүний цайзыг дарахаар очсугай! Хэрвээ дийлбээс дахин арга бодъё. Үнэхээр дийлэгдвээс даруй цэрэг эгж ФаньЧэнд харьсугай!”. Лидянь өгүүлрүүн: “Болохгүй! Любэй эрх биш бэлтгэл баймуй”. Цаорэнь өгүүлрүүн: “ Зүгээр энэ мэт сэжиг олон болбоос яахан цэрэг хэрэглэмүй!” хэмээгээд Лидяньгийн үгийг авсангүй өөрөө цэрэг дагуулан хошууч болж Лидянийг хойно хайгуул болгон мөн шөнө хоёр жингийн үед цайзыг дарахаар ирэв. Тэндээс Шаньфу хараахан Сюаньдө лүгээ цайзад хэрэг зөвдөж байтал гэнэт догшин салхи дэгдэн хөдөлсөнд Шаньфу өгүүлрүүн: “Энэ үдэш Цаорэнь эрхгүй цайзыт дарахаар ирмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Тийм болбоос яахин тулмуй?” хэмээн асууваас Шаньфу инээн өгүүлрүүн: “Би нэгэнтээ урьдаас бодон тогтоов” хэмээгээд даруй сэмээр жагсаан тохируулж бартал хоёр жингийн үес болжээ. Цаорэньгийн цэрэг цайзын ойр ирэн үзвээс цайзын дотор дөрвөн талаас гал дэгдэж цайзын хашаа цөм шатав. Цаорэнь бэлтгэл байхыг мэдээд яаран цааз зарлаж “Цэрэг эгэгтүн!” хэмээтэл Жао Юнь даран алахаар ирэв. Цаорэнь цэргээ хураагаад цайздаа эгж завдсангүй санд мэнд хойд голыг зүглэн дутааж арай голын хөвөөнд хүрч сая онгоц эрэн голыг гэтлэе хэмээтэл хөвөөний дээрээс нэгэн баг цэрэг алан ирэв. Тэргүүлсэн жанжин Жанфэй ажгуу, Цаорэнь үхэн байлдаж Лидянь Цаорэнийг хамгаалан онгоцноо сууж голыг гэтлэхэд Цаорэньгийн цэрэг их хагас нь усанд живж үхэв. Цаорэнь голыг гэтлэн гарч ирээд хөвөөнд гарч ФаньЧэнгийн зүг ирээд хүнээр “Хаалгыг нээ!” хэмээн дуудуулбаас хэрмийн дээрээс нэгэнтээ хэнгэргийн дуу гарч нэгэн жанжин цэрэг аван гарч ирээд ихэд зандран өгүүлрүүн: “Би нэгэнтээ ФанъЧэнг эзэлж удав!” хэмээжээ. Олноор цочин үзвээс харин Гуань Юньчан ажгуу. Цаорэнь ихэд айж морийг буцааж дутаан очвоос Юньчан нэхэн алж ирэхэд Цаорэнь бас хэдий чинээ цэрэг морийг хохируулж шөнө дөл Сюйчаныг зүглэн ирээд замын гудас сураглаваас сая Шаньфу хэмээгч байж цэрэгт цэргийн багш болж арга бодон явуулсныг мэдэв. Цаорэнь цэрэг дийлэгдэж Сюйчанд эгснийг өгүүлэх юун. Тэндээс Сюаньдө ихэд дийлэн цэргээ хурааж ФаньЧэнд орж ирсэнд сумын захирагч түшмэл Люми гарч угтсан хойно Сюаньдө тунхаг гаргаж иргэнийг тохруулав. Тэр Люми хэмээгч Чанша газрын хүн, мөнхүү Хань улсын угсаа төрөл тул даруй Сюаньдөг гэртээ залж хурим бэлтгэн архи өргөн хүндлэхэд үзвээс нэгэн хүн хажуудад үйлчлэн зогсжээ. Сюаньдө тэр хүнийг шинжин үзвэл төрсөн хувь ариун гэгээн тул Люмигээс асууруун: “Энэ ямар хүн?” хэмээхэд Люми өчрүүн: “Энэ болбоос миний зээ хөвгүүн Коуфөн болой. Угтаа Луо Хоукоу овогтын хөвгүүн билээ. Эцэг эх нь хосоор үхсэнд тийнхүү энд түшихээр ирэв”. Сюаньдө түүнийг маш хайрлан журмын хөвгүүн болгон үрчилье хэмээхэд Люми баярлан хүлээн авч Коуфөнг Сюаньдөд мөргүүлж эцэг болгон дуудуулсанд нэрийг Люфэн хэмээн халж өгөв. Сюаньдө түүнийг дагуулан хариад Юньчан, идөг авга эцэг хэмээн дуудуулан мөргүүлэхэд Юньчан асууруун: “Ах таньд хөвгүүн буй бөгөөтөл журмын хөвгүүнээр юу хиймүй? Хожим эрхгүй самуун үүсгэх буй за!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Би хөвгүүн мэт харгалзан үзвээс тэр лав намайг эцэгтэйгээ адил үйлчлэн аваачмуй. Ямар самууныг үүдэх газар буй?” хэмээхэд Юньчан таалсангүй.
Сюаньдө Шаньфу лугаа арга зөвлөж Жао Юньд нэгэн мянган цэрэг өгөн ФаньЧэнг сахиулаад Сюаньдө олныг авч Синь Едээ эгэв. Тэндээс Цаорэнь, Лидянь лугаа Сюйдүд буцан ирж Цаоцаод золгож уйлан газарт сөгдөөд ялаа хүлээн цэрэг хохирч жанжин автагдсан хэргийг бүрнээр хэлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Дийлэх дийлэгдэх нь цэргийн энгийн ёс, гагцхүү Любэйд хэн арга заан өгч буйг эс мэдэв”. Цаорэнь хэлрүүн: “Шаньфугийн арга гэнэм” хэмээхэд Цаоцао асууруун: “Шаньфу хэмээгч ямар хүн болой?”. Чэн Юй инээн өгүүлрүүн: “Энэ нь Шаньфу бус. Энэ хүмүүн багаас сэлэм зарахыг сурахад дуртай. Төв түвшингийн сүүлийн онд басхүү хүний төлөө өшөө авч өгөхөд хүнийг алаад, үсээ тавьж царайгаа баллан явж байтал албан хүнд баригдаж түүний овог нэрийг асууваас өчихгүй тул албан хүн даруй тэргэн дээр барьж хүлээд хэнгэрэг дэлдэж зээл дээр явж, зээлийн хүнээр таниулахад хэдий танигчид нь буй боловч аймшиггүй хэлэхгүй бөгөөд хоршоон хүн сэмээр тайлж тавьсанд даруй овог нэрийг халж дутаан одов. Хойно хэмжээг нугалж сургаалд хандан, нэрт багшийг нийгэм сурвалжилж басхүү Сыма Хуй лугаа шүүмжлэн хэлэлцдэг бөлгөө. Энэ хүн даруй Енчуаньгийн Сюйшу, өргөсөн нэр Юаньжи билээ. Шаньфу хэмээгч хуурмаг нэр буй за”. Цаоцао өгүүлрүүн: “Сюйшугийн эрдэм авгай чамаас ямар буй?”. Чэн Юй өгүүлрүүн “Юань надаас арван хувь илүү” хэмээсэнд. Цаоцао өгүүлрүүн: “Хайрхан мэргэн эрдэмтэн аж. Любэйд дагасан тул жигүүр өд бүрдэв. Хэрхсү?” хэмээхэд Чэн Юй өгүүлрүүн: “Сюйшу хэдий энд байвч Чансан хэрвээ хэрэглэе хэмээвээс дуудан ирүүлэхэд бэрхгүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Түүнийг яахан олж дагахаар ирүүлмүй?”. Чэн Юй өгүүлрүүн: “Сюйшугийн хүн нь туйлын элбэрэлтэй. Багаас эцгээ алдаж гагц эх нь гэрт баймуй. Өнөөхөн түүний дүү Сюйкан бас үхсэн тул хөгшин эхийг сувилан тэжээх хүнгүй амуй. Чансан хүн зарж түүний эхийг Сюйчанд хууран авч ирээд түүгээр бичиг зохиолгон бичүүлж хөвгүүнийг нь дуудуулбаас Сюйшу эрхгүй хүрч ирмүй” хэмээв.
Түүнээс Цаоцао ихэд баярлан хүн зарж шөнө дөл урагш Сюйшугийн эхийг авахуулахаар илгээв. Нэгэн өдөр болсонгүй авч ирсэнд Цаоцао зузаатган хүндэлж түүний зүг өгүүлрүүн: “Сонсвол эрхмийн хөвгүүн Сюй Юаньжи даруй дэлхий дахины гайхамшигт эрдэмтэн хэмээмүй. Эдүгээ Синь Ед байж сөргүү сайд Любэйг тэтгэсэн нь хаан эзнээс урвасан нь болой. Энэ төв хэмээн сайхан хас өмхий шавар дотор унасан мэт үнэхээр хайрлалтай. Эдүгээ хөгшин эхийг зовоон нэгэн захидал бичүүлж түүнийг Сюйдүд дуудан ирүүлээд би тэнгэрийн хөвгүүний өмнө батлан айлтгаваас эрхгүй хүндэд шагнамуй” хэмээгээд зүүн баруун этгээдийн хүнийг дуудан бийр бэх, цаас зууруулыг235 авчруулж Сюйшугийн эхийг “Захидал бич!” хэмээхэд Сюйшугийн эх асууруун: “Любэй ямар зэргийн хүн болой?”. Цаоцао өгүүлрүүн: “ПэйЗюньгийн газрын бага ард, биеэ дэмий “Хааны авга” хэмээн өргөж бат журам баахан ч үгүй, энэ гадаадад сайд эрдэмтэн хэмээх боловч дотоодод өчүүхэн хүн болой”.
235 Зууруул гэдэг нь бэх зуурах хэрэгсэл. Янтай гэдэг нь хятад үг
Сюйшугийн эх тачигнах дуугаар өгүүлрүүн: “Чи юунд ийм хуурмаг ташаа аж? Би Сюаньдүг “Жуншань Зинвангийн үр Сяозин хааны гуч хөвгүүн” хэмээн сонсож удав. Биеийг доорд болгон, эрдэмтнийг хүндэлж хөнгөмсөг бишрэлтэйгээр хүнийг хүндэлмүй хэмээсэн чимээ ертөнцөд илэрч хэдий бага хүүхэд, буурал өвгөн, түлээчин эр, адуучин залуу хэмээвч цөм түүний нэрийг мэдмүй. Үнэнээр эдүгээх үеийн аруухан баатар болой. Миний хөвгүүн түүнд тусласан нь эзнээ олжээ. Чи хэдий нэрээ Хань улсын Чансан хэмээн шилдэвч магад Хань улсын хулгай бөлгөө. Гэдрэг Сюаньдөг “Сөргүү сайд” хэмээмүй үү. Миний хөвгүүнийг гэгээнийг тэвчүүлж, харанхуйд дагуулъя хэмээх нь яахин ичгүүрэхгүй буй?” хэмээн хэлж бараад чулуун зууруулыг авч Цаоцаог цохисонд Цаоцао ихэд хилэгнэн цэргийн ардыг зандарч “Сюйшугийн эхийг хүлэн гаргаад цавч!” хэмээхэд Чэн Юй яаран ирж зогсоогоод орж Цаоцаог ятгаж хэлрүүн: “Сюйшугийн эх Чансанг халдан зөрчсөн нь үхэхийг хүсэх нь болой. Чансан хэрвээ түүнийг албаас журамгүй хэмээх нэрийг олоод Сюйшугийн эхийн эрдмийг бүтээмүй. Сюйшугийн эх үхсэний хойно Сюйшу лав зүрхийг цөхөөн Любэйд тусалж өшөө авах буйза! Харин түүнийг үлдээж Сюйшугийн бие сэтгэлийг хоёр газарт эгүүлэгтүн! Тэгвээс хэдийгээр Любэйд тусламуй гэвч мөн хүчнийг дуусган чадахгүй болмуй. Нэн ялангуяа Сюйшугийн эхийг үлдээн байлгаваас Чэн Юй надад Сюйшуг мэхлэн энд ирүүлээд Чансанд туслуулах арга баймуй”. Цаоцао үгийг зөвшөөн даруй Сюйшугийн эхийг алсангүй өөр гэрт хүргэж тэжээв. Чэн Юй өдөр бүр одож амрыг эрэн асууж хуурмагаар Сюйшу лугаа журмаар ах дүү барилдсан бөлгөө хэмээн хэлж Сюйшугийн эхийг өөрийн төрсөн эх лүгээ адил харгалзан үргэлжид талын юм хүргэж ирэх бүр эрхгүй өөрийн гарын тэмдэг бариулмуй236. Сюйшугийн эх мөнхүү өөрийн гарын тэмдэг бичиж хариу өгөхийн тул Чэн Юй Сюйшугийн эхийн бичгийн төлбийг хонжиж олоод даруй түүний үсгийн байдлыг дуурайн нэгэн битүүмж гэрийн захидал болгон бичиж нэгэн сэтгэл зүрхний мэт хүнийг томилон бичгийг бариулж шууд Синь Е суманд илгээв. Тэр хүн Шаньфугийн бууц гэрийг асуун олсонд цэргийн ард дагуулан учруулахад Сюйшу эхийн гэрийн захидал байхыг мэдээд яаран дуудан оруулж асууваас ирсэн хүн өгүүлрүүн: “Би болбоос бууц гэрийн албан зардсан бөлгөө. Хөгшин хатны захиаг хүлээн бичиг хүргэхээр ирэв” хэмээсэнд Сюйшу бичгийг нээн үзвээс бичгийн үг нь:
“Өнөө чиний дүү Сюйкан үхсэнээс хойш нүд өргөмөгц ойр ураггүй хараахан эмгэнэн гасалж байтал санамсаргүй Цао Чансан намайг мэхэлж Сюйчанд аваачаад “Чамайг тэсэргүүлэн урвав” хэмээн хэлж намайг гяндандаа хорьсныг Чэн Юй нар авран хэлтрүүлэв. Чи одоо үнэхээр дагахаар ирвээс миний үхэхийг хэлтрүүлэн чадмуй. Тиймийн тул бичиг хүрсэн өдөр хөвгүүн чи хүмүүжүүлэн тэжээсэн ачийг бодож шөнө дөл урагш ирж элбэрлийн ёсыг бүтээгээд хожим сая алгуураар бодож хуучин хүрээлэндээ буцаж хариваас их зовлонгоос олж хэлтэрмүй. Эдүгээ миний амь өлгөгдсөн ширхгийн мэт байх тул тусгайлан тэнхрүүлэн гаргахыг хүсмүй! Дахин өөр олныг өгүүлэх үгүй!” хэмээжээ.
236 Гарын үсэг үлдээх гэсэн утга.
Сюйшу бичгийг үзэж бараад нулимсыг булгийн ус мэт урсгаж бичгийг барин Сюаньдөд ирж золгон хэлрүүн: “Би болбоос Еньчуаньгийн Сюйшу. Өргөсөн нэр Юаньжи зовлонгоос зайлан явахын тул нэрийг Шаньфу хэмээн халсан бөлгөө. Анхнаас Лю Зиншэн “Эрдэмтнийг элсүүлж мэргэдийг агуулмуй” хэмээн сонсож тусгайлан одож учраад жич түүн лүгээ хэрэг зөвлөхөд сая нэгэн хэрэггүй хүнийг олж мэдээд тийнхүү бичиг үлдээн салж гарч ирэн шөнөдөө Сыма Шуйзингийн айлд хүрч энэ хэргийг хэлэхэд Шуйзин намайг эзнийг танихгүй хэмээн гүн буруушаагаад “Лю мужийн захирагч энд байх атал юунд эс үйлдмүй?” хэмээн хэлсэн тул Сюйшу би тийнхүү балмад дууг зээлд дуулж мужийн захирагчийг хөдөлгөсөнд завшаанд гээсэнгүй хайр хүртээн хүндэд хэрэглэжээ. Гагц хэрхсү. Хөгшин эхийг Цаоцао зальхай аргаар мэхлэн Сюйчанд авчраад гянданаа хорьж хорлоё хэмээж ахуу тул хөгшин эх гарын бичиг илгээж намайг дуудахаар иржээ. Сюйшу би очихгүй болбоос үл болмуй. Нохой морины мэт хүчийг барин авгай таны хариулъя хэмээсэнгүй нь бус. Гагц асралт эх миний баригдсан тул хүчийг гүйцэтгэн эс чадмуй. Эдүгээ хойш очихыг гуймуй! Хожим нүүр уулзахыг алгуураар бодсугай!” хэмээсэнд Сюаньдө үгийг сонсоод ихэд уйлан хэлрүүн: “Эх хөвгүүн хэмээгч тэнгэрийн чанарын янаг бөлгөө. Юаньжи Любэй миний төлөө битгий бодогтун!” хэмээгээд “Хөгшин хатантай золгосны хойно бас дахин сургаалыг олж сонсох хувь буй юу?”. Сюйшу ёслон тал өгч мордсугай хэмээхэд Сюаньдө өгүүлрүүн: “Дахин нэгэн өдөр саатаж маргааш салах ёсны хурим бэлдэж үдсүгэй!” хэмээв. Сүньцянь сэмээр Сюаньдөгийн зүг хэлрүүн: “Юаньжи дэлхий дахины гайхамшигт эрдэмтэн болой. Синь Ед удаан байсны тул манай цэргийн доторх үнэн худлыг дуусган мэдмүй. Эдүгээ түүнийг тавьж Цаоцаод илгээвээс лав хүндэд хэрэглэгдэж бид түгшүүртэй байх болмуй. Эзэн гүн түүнийг гашуудан үлдээж эс тавин илгээвээс зохимуй. Цаоцао Юаньжигийн очихгүйг үзвээс эрхгүй түүний эхийг алах болно. Юаньжи эхийн үхсэнийг үзвээс эрхгүй эхдээ өшөө авсугай хэмээн Цаоцаог хүчлэн байлдмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Болохгүй. Хүнээр түүний эхийг алуулж би түүний хөвгүүнийг хэрэглэвээс өршөөлгүй, үлдээж илгээхгүй түүний эх хөвгүүний ёсыг тасалбаас журамгүй болой. Би хэдий үхэвч тийм өршөөл журамгүй хэргийг үйлдэхгүй!” хэмээхэд олон цөм бишрэн гайхав.
Түүнээс Сюаньдө Сюйшуг залж архи уулгахад Сюйшу өгүүлрүүн: “Эдүгээ хөгшин эх хоригдсоныг сонсоод хэдий алтан сүмс, хасын шөл байв хэмээн хоолойд залгин орж чадахгүй болов”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би гүн таны явахыг сонсоод зүүн баруун гарыг алдсан мэт болж, хэдий луугийн элэг, гарьдын чөмөг хэмээн мөн амтгүй болжээ” хэмээгээд хоёул эсрэг харилцан уйлалцаж суусаар үүр цайлгажээ. Олон жанжин хэдийнэ дүүргийн гадна хуримын ширээ засаж мордох ёсны хурим бэлтгэж хүлээв. Сюаньдө Сюйшу лугаа морь зэрэгцэн хотоос гарч чантинд хүрээд мориноос бууж харилцан салах ёс хийхэд Сюаньдө хундага өргөн Сюйшугийн зүг өгүүлрүүн: “Любэй миний хувь гүехэн, ерөөл нимгэн тул ноёнтон лугаа нэгэн цугаар түшилцэж чадахгүй болов. Хүсэх нь ноёнтон шинэ эзнийг сайнаар үйлчилж гавьяа нэрийг бүтээсүгэй!” хэмээхэд Сюйшу уйлан өгүүлрүүн: “Сюйшу би эрдэм мөхөс, бодлого гүехэн боловч мужийн захирагчийн хүнд хэрэглэсэнд гүн шүтэж биширмүй. Эдүгээ завшаангүйгээр замын зуурмаг салах нь үнэнээр хөгшин эхийн учир болой.
Хэдийгээр Цаоцаод цухалдагдав хэмээвч Сюйшу би мөн бие эцэслэтэл нэгэн арга хэмээн хэрхэвч бодож үл үхмүй”. Сюаньдо өгүүлрүүн: “Ноёнтон та явсаны хойно Любэй би мөн хол уул шугуйд зайлан одмуй”. Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу би мужийн захирагчийн хамт бүгдээр вангийн тулгар хөрөнгийг байгуулъя хэмээн чармайсан нь энэхүү сэтгэлд итгэсэн бөлгөө. Эдүгээ хөгшин эхийн учирт сэтгэл нэгэнтээ самуурчээ. Хэдий энд үлдэвч хэрэгт тус болохгүй. Мужийн захирагч та өөр өндөр эрдэмтнийг эрэн тэтгэн туслуулж хамт их үйлийг бүтээсүгэй! Юунд энэ мэт сэтгэл цөхөрмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Дэлхий дахины өндөр эрдэмтэн ноёнтон таны захаас гарч чадах нь үгүй болуузай хэмээмүй”. Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу би нэгэн өмх мод мэт бул цул хийх ард, ямар аймшиггүй энэ мэт хүнд өргөмжийг хүлээн чадмуй?” хэмээгээд салахын үе бас олон жанжин нарыг харж хэлрүүн: “Хүсэх нь олон гүн нар та мужийн захирагчийг сайнаар үйлдэж нэрийг торго хулсанд хоцруулан гавьяаг хөх сударт үлдээхийг хичээ! Сюйшу миний мэт эх захгүйг үл дуурайх болов уу?” хэмээсэнд олон жанжин нар эс сэтгэл эвдэрсэн нь үгүй. Сюаньдө салан төвдөхгүй тул нэгэн бууц гартал хүргээд бас нэгэн зэрэг хүргэхэд Сюйшу маргаж өгүүлрүүн: “Мужийн захирагчийг зүдээж хол хүргэхийг байтугай. Сюйшу би үүнээс одоо салмуй!” хэмээхэд Сюаньдө морин дээрээс Сюйшугийн гарыг барьж хэлрүүн: “Ноёнтон энэхүү очсонд тэнгэр ч тусдаа өөр нэгэн болж одоо аль өдөр олж золгохыг эс мэдэв!” хэмээн хэлж бараад нулимс нь бороо орох мэт дорогш унамуй. Сюйшу мөн шогшин уйлсаар салж оджээ. Сюаньдө морийг шугуйн захад зогсоон үзтэл Сюйшу морийг унаж дагасан хүн лүгээ санд мэнд одоход Сюаньдө уйлан өгүүлрүүн: “Юаньжи оджээ! Би одоо яах вэ?” хэмээгээд нулимсыг мэлмэлзүүлэн барааг харахад харин нэгэн модон шухуйд халхлагджээ. Сюаньдө ташуураар заан өгүүлрүүн: “Би эндэх модон шугуйг дуусган огтсугай” хэмээмүй. Олноор “Ямар учир?” хэмээн асуухад Сюаньдө өгүүлрүүн: “Миний Сюй Юаньжиг үзэх нүдийг халхласны учир болой” хэмээв.
Тэндээс хараахан үзэж байтал Сюйшу гэнэт морийг довтолгон эгж ирэв. Сюаньдө асууруун: “Юаньжи эгж ирсэн нь эсвээс очих аргагүй болсон болов уу?” хэмээгээд даруй баярлан морийг давхин урагш ирж угтан асууруун: “Ноёнтны энэ удаа эгж нрсэн нь лав гол санаа баймуй за?”. Сюйшу морийг татаж Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Сюйшу миний сэтгэл санаа олс ширэлдсэн мэт самуурсан тул харин нэгэн чухал үгийг умартжээ. Энэ газарт нэгэн гайхамшигт эрдэмтэн буй. Сян Ян хотоос хорин газар хол Лунжунд амуй. Мужийн захирагч юунд эрэхээр очихгүй аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Аймшиггүй Юаньжи таныг зовоосугай!. Любэй надад залж авчран золгуулмуй?”. Сюйшу хэлрүүн: “Энэ хүнийг мэхэсхийлгэж үл болмуй. Мужийн захирагч биеэр очиж гуйтугай! Үнэхээр энэ хүнийг олбоос Жоу улс Люй Ванг237 олсон ба Хань улсын Занляныг238 олсон лугаа өөргүй”. Сюаньдө асууруун: “Энэ хүн ноёнтон таны эрдэм бодлого лугаа ямар буй?”. Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу намайг түүн лүгээ адилтгаваас доголон морь, билигт гөрөөст зэрэгцсэн, дуу галбингаа тогост холбосон нь буй за? Энэ хүн үргэлжид биеэ Гуаньжун239, Юэ И240 лүгээ адилтгамуй за. Сюйшу би үзвэл Гуаньжун, Юэ И ч лав энэ хүнд хүрэхгүй. Энэ хүн тэнгэрийг эвлэх, газрыг эелэхийн эрдэм байж, лав дэлхий дахины тэргүүн хүн болой!”. Сюаньдө баярлан асууруун: “Энэ хүний овог нэрийг сонсохыг хүсмүй”. Сюйшу инээн өгүүлрүүн: “Энэ хүн болбоос Лан Ягийн Янду газрын хүн бөлгөө. Давхар овог Жугө, нэр Лян өргөсөн нэр Кунмин. Даруй Хань улсын Сыли Сяовэй түшмэл Жугөфөнгийн үр. Түүний эцгийн нэр Гүй, өргөсөн нэр Зыгун.
237 Люйван бол баруун Жоу улсын хүн юм. Овог Зян өргөсөн нэр Зыяа гэдэг. Өвгөртлөө Вэйшү голын хөвөөнд сууж байжээ. Еү Вэй ван түүнтэй уулзаж багшийн ёсоор хүндэлснээс хойш тэр Еү ү ванг хавсарч Шан улсыг сөнөөжээ.
238 3анлян бол Хань улсыг байгуулсан бодлогочин түшмэл бөлгөө.
239 Гуаньжун бол Чүньцюгийн үеийн Ци улсын төрийн зүтгэлтэн байжээ. Ци Хуаньгүнг тусалж мужийн ноёдыг есөнтөө хуралдуулан дэлхий лахиныг эзлүүлжээ.
240 Юэ И бол байлдаант улсын үеийн Янь улсын дээд жанжин бөлгөө. Жао, Чү, Хань, Вэй, Янь зэрэг таван улсын цэргийг дайчилж Ци улсыг байлдан ихэд дийлсэн байжээ .
Тайшань хошууны Чэн түшмэл болж хэдийнэ үгүй болов. Үүнд Жугө Лян түүний авга Сюанийг дагав. Сюань Зинжоугийн Лю Зиншэн лугаа хуучин танил тул түүнийг түшихээр одож даруй тэр Сян Янд гэр барин суужээ. Хожим Сюань үхсэнд Жугө Лян дүү Жугө Зюнь лүгээ Нань Ян газар тариа тарьж суув. Басхүү “Лян Фу Ень” хэмээх дуулалд дуртай. Суусан газар нэгэн довцог буй. Нэрийг Волун ган241 хэмээх тул өөрийн цолоо “Волун ноёнтон” хэмээмүй. Энэ хүн одоо үеийн тасархай гайхамшигт эрдэмтэн бөлгөө. Мужийн захирагч түргэнээ биеийг зүдээж золгохоор очвоос зохино. Хэрвээ энэ хүнийг олж туслуулбаас дэлхий дахин тохинохгүйгээс юунд зовмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Урьд Шуйзин ноёнтон Любэй надад өгүүлсэн нь “Фүлун, Фөнчу хоёр хүнээс нэгийг олбоос дэлхий дахиныг амгуулж болмуй” хэмээсэн бөлгөө. Эдүгээ хэлсэн нь даруй Фүлун, Фөнчу бус уу?”. Сюйшу өгүүлрүүн: “Фөнчу хэмээгч Сян Янгийн Пантун болой. Фүлун хэмээгч нь төв хэмээн Жугө Кунмин мөн” хэмээхэд Сюаньдө үсэрхийлэн босож хэлрүүн: “Энэ өдөр сая Фүлун Фөнчугийн үгийг олж мэдэв. Санамсаргүй их эрдэмтэн гагц нүдний өмнө байсан аж! Ноёнтон та Любэй надад эс хэлсэн бөгөөс Любэй би нүд байгаад сохрын адил болой!” хэмээв.
Хожмын хүн Сюйшу морин дээр Жугөг батласныг магтсан шүлэг:
“Сайд эрдэмтэн дахин уулзахгүй хэмээн ихэд гомдож
Салах үед уйлалцсан хоёрын сэтгэл дотно
Нандин чухал хэдхэн үг харин хаврын аянга мэт
Нань Ян газраас хэвтсэн лууг босгож чадмуй”.
Сюйшу Кунминийг батлан өргөж гаргаад дахин Сюаньдөгөөс салж морийг ташуурдан одов. Сюаньдө Сюйшугийн хэлснийг сонсож гүйцээд сая Сыма Дөцаогийн үгийг мэдээд согтсоноос сая сэргэсэн мэт, зүүднээс анх сэрсэн адил болов, Сюаньдө олныг авч Синь Е хотноо эгж ирээд даруй зузаан бэлэг бэлтгэж Гуань, Жангийн хамт Нань Янгийн газраас Кунминийг залахаар одов.
Тэндээс Сюйшу Сюаньдөгөөс салан гарч ирээд түүний эрмэлзэн үлдээсэн найрыг бодож Кунминийг уулнаас буухгүй болов уу хэмээн болгоомжилж даруй морийг унасаар шууд Волунганы дор хүрч ирээд улалжин гэрт орж Кунминтэй учрав. Кунмин түүний ирсэн санааг асуусанд Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу би угаас Лю мужийн захирагчийг үйлчилье хэмээсэн билээ. Хэрхсү, хөгшин эх Цаоцаод хоригдсоны тул бичиг довтолгон намайг дуудахаар иржээ. Тийнхүү аргагүйдээ түүнийг тэвчиж одъё хэмээмүй. Гарч ирэхийн урьд гүн таныг Сюаньдөд батлан өргөж хэлэв. Сюаньдө удалгүй золгохоор ирэх буй за! Хүсэх нь гүн битгий шалтаглан түлхэгтүн! Эрхгүй төрөлхийн их эрдмийг дэлгэрүүлж туславаас маш завшаан болой!”. Кунмин үгийг сонсоод царай тавин хэлрүүн: “Авгай чи намайг тахилд тавих алш242 болгомуй уу?” хэмээн хэлж бараад ханцуйгаа гөвж дотогш оров. Сюйшу ичингүйрэн хойш ухран гарч ирээд моринд мордож зам хөөн Сюйчанд хүрч эхдээ золгохоор ирэв. Энэ чухамхүү:
“Нэгэн үгээр нөхөрт тушаасан нь эзнээ хүссэн учир
Мянган газраас гэрт ирсэн нь эхээ санасан тул болой”
Эгнэгт хойшийн хэрэг хааш болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
241 Хэвтээ луу довцог
242 Идэш, хүнсэнд хэрэглэхээр нядлах мал
Сэтгэгдэл ( 0 )