"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-37 ДУГААР БҮЛЭГ
СЫМА ХУЙ ДАХИН НЭРТ ЭРДЭМТНИЙГ БАТЛАН ӨРГӨСӨН ЛЮ СЮАНЬДӨ ГУРВАН УДАА УЛАЛЖИН ГЭРТ ХАРАЛЦСАН
Өгүүлэх нь: Сюйшу зам барин явсаар Сюйчанд хүрч ирэв. Цаоцао Сюйшугийн ирснийг сонсоод Сюнь Юй, Чэн Юйгийн зэрэг нэгэн баг зөвлөлийн сайдуудаар угтан авуулав. Сюйшу шууд Чансангийн яаманд орж Цаоцаод ёслон золгосон хойно Цаоцао өгүүлрүүн: “Гүн даруй өндөр гэгээн эрдэмтэн байтал юунд биеийг гутаан Любэйд үйлдмүй за?”. Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу би багадаа зовлонгоос зайлан тэнгэрийн хормойг тойрч явсаар гэнэтхэн Синь Ед хүрч Сюаньдө лүгээ учран хэлэлцсээр харилцан зузаан нөхөрлөв. Гагц хөгшин эх энд байж Чансан та хишиг хүртээн өршөөж бодсон тул Сюйшу би тэсгэлгүй шүтэн биширмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Гүн эдүгээ энд ирсэн нь төв хэмээн эрхмийн эхийг өглөө үдэш сувилан асрахад хялбар бөгөөд би ч мөн ариун сургаалыг олж сонсох буй за!”. Сюйшу ёсолж тал өгөн гарч ирээд яаран ачлалт эх лүгээ уулзахаар одож танхимын дор сөгдөн ёс хийхэд эх нь ихэд цочиж асууруун: “Чи ямар учирт энд ирэв?”. Сюйшу өгүүлрүүн: “Хөвгүүн би өнөөхөн Синь Ед Лю мужийн захирагчид үйлдэж байтал эхийн дуудах бичгийг олсны тул тийнхүү шөнө дөл энд ирэв”. Эх ихэд хилэгнэж ширээг дэлдэн хараан өгүүлрүүн: “Ичгүүрт хөвгүүн чи хэдэн жил мөрөн голыг хэсэн тойроод, би харин чамайг сургаал ухаан улам дэвшсэн буйза хэмээсэн бөлгөө. Яахин анхнаа харин хүрэхгүй болсон болой. Чи судар бичгийг нэгэнтээ уншсан бөгөөс шударга элбэрэл хоёрыг бүртгэж эс чадахыг мэдэх хэрэгтэй. Харин Цаоцаогийн хааныг дарлаж, дээдийг мэхэлсэн хулгайг таньсангүй үү? Лю Сюаньдө өршөөл журмыг дөрвөн зүгт түгээсэн бөгөөд нэн ялангуяа бас хааны угсаа бөлгөө. Чи нэгэнтээ үйлдсэн болбоос эзнээ олсон болой. Эдүгээ нэгэн хуудас хуурмаг бичигт итгэж нарийвчлан байцаасангүйгээр гэгээнийг тэвчиж, харанхуйг дагахаар ирсэн нь өөрөө муу нэрийг эрсэн бөгөөд үнэхээр мунхаг эр болой! Надад ямар нүүр аж, чам лугаа харилцан уулзах аж! Чи өвөг эцгийг гутаагаад хоосноор тэнгэр газрын хооронд амьдарсан буй за!” хэмээн хараахад Сюйшу газарт сөгдөж аймшиггүй дээш харж чадахгүй байтал эх нь халхавчийн хойд талд эргэн орж очив. Удсангүй гэрийн хүн гүйн ирж: “Хөгшин хатан өөрөө гэрийн нуруунаас өлгөж боомилон үхжээ” хэмээн мэдүүлсэнд Сюйшу санд мэнд дотогш орж тэнхрүүлтэл амьсгал нь нэгэнтээ тасрав.
Хожмын хүн Сюйшугийн эхийг магтсан магтаалын үг:
“Сайшаалтай болой Сюйшугийн эх
Сайхан нэр мянган үед дуурсмуй
Зоригийг сахисан нь дутагдалгүй
Зориуд гэртээ тус хиймүй
Хөвгүүнийг сургахад арга олон
Хүндэт биед зүдүүр их
Жавхлан нь уул хайрхан мэт
Журам нь уушги цулаас гарчээ
Юй Жоуг магтан сайшаагаад
Вэй Үг жигшин муушааж
Ирт мэснээс сүрдэгдэх үгүй
Илд сүхнээс эс айжээ
Өөрийн төрсөн үр хөвгүүн
Өвөг дээдсийг гутаагуузай хэмээмүй
Сэлэмд хэвтэн үхсэн лүгээ сацуу
Ширхэгийн суурийг тасалсантай тэнцмүй
Амьддаа нэрийг алдаршуулаад
Үхсэн хойноо үрийг олов
Сайшаалтай болой Сюйшугийн эх
Сайхан нэр нь мянган үед мандмуй”.
Сюйшу эхийн үхсэнийг үзмэгц газарт харангадан унаад нэлээд удаж сая сэргэв. Цаоцао хүн зарж тайх ёслолын юмыг бариулан сэтгэлчлэн асуугаад бас биеэр ирж тахил тавив. Сюйшу эхийн ясыг Сюйчангийн өмнөдөд оршуулан тавиад бэлэвсрэл өмсөж хүүр бумбыг сахиж суухаас бус алив Цаоцаогийн хүргэж шагнах нь байваас Сюйшу цөм хүлээн эс авмуй.
Тэр үе Цаоцао өмнөдийг дайлсугай хэмээн зөвдөхөд Сюнь юй хориглож өгүүлрүүн: “Тэнгэрийн амьсгал хүйтэнд цэрэг хэрэглэж үл болмуй. Түр хүлээж хаврын дулаан болсны хойно сая цэрэг орвоос болмуй?”. Цаоцао үгийг зөвшөөн төдий Жанхө голын усыг татаж нэгэн их нуур болгон үйлдэж нэрийг нь СЮань Үчы243 хэмээн нэрийдээд дотор усан цэргийг боловсруулан сургаж өмнөдийг дайлахад бэлтгэв.
243 Сүр бадраах нуур
Тэндээс Сюаньдө хараахан ёслолын юмыг бэлтгэн Лунжунд одож Жугө Лянд золгохоор очсугай хэмээтэл гэнэт хүн орж ирээд мэдүүлрүүн: “Хаалганы гадна нэгэн ноёнтон хэвийн малгай, өргөн бүстэй, ёс байдал ер бус, тусгайлан учирт ирэв” хэмээмүй. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ мөнхүү Кунмин бус уу?” Хэмээгээд даруй дээл малгайг тэгшлэн угтан гарч үзвээс харин Сыма Хуйажгуу. Сюаньдө ихэд баярлан хойд танхимд залж оруулаад дээр суулгаж ёслон асууруун: “Любэй би хувилгаан нүүрээс салснаас өдөр бүр цэргийн үйлийн учир зав чөлөө гарч чадахгүй тул ёслон золгохоор очихыг алдав. Эдүгээ
Олж гэрэлтүүлэн ирсэн нь хүсэн эрмэлзсэн санааг ихэд тохинуулжээ”. Сыма Хуй өгүүлрүүн: “Сонсохул сюй Юаньжиг энд баймуй хэмээн тусгайлан түүнд уулзахаар ирэв”. Сюаньдө өгүүлрүүн: “Өнөөхөн Цаоцао түүний эхийг барьж хорьсон тул эх нь хүн зарж бичиг илгээн түүнийг Сюйчанд дуудан аваачжээ”. Сыма Хуй өгүүлрүүн: “Энэ нь Цаоцаогийн аргад унасан болой. Би анхнаас Сюйшугийн эхийг маш мэргэн хэмээн сонссон бөлгөө. Хэдий Цаоцаод баригдаж хоригдов хэмээвч лав бичиг илгээж хөвгүүнээ дуудан аваачих ёсгүй. Энэ бичиг эрхгүй хуурмаг болой. Юаньжи очихгүй болбоос түүний эх харин ч үлдмүй. Эдүгээ очсонд эх нь эрхбиш үхмүй”. Сюаньдө цочин түүний учрыг асуусанд Сыма Хуй өгүүлрүүн: “Сюйшугийн эх журмыг өндөр болгох тул эрхгүй түүний хөвгүүндээ учрахаас ичингүйрмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Юаньжи очихын үе Нань Ян газрын Жүгө Ляныг өргөж гаргасан билээ. Тэр хүн ямар буйза?”. Сыма Хуй инээн өгүүлрүүн: “Юаньжи чи очъё хэмээвээс очвоос барав. юунд түүнийг халдаж гарган, зүрхний цусыг огшуулмуй!” Сюаньдө асууруун: “Ноёнтон юунд энэ үгийг гаргамуй?”. Сыма Хуй өгүүлрүүн: “Кунмин болингийн Цүй Жоупин, Енчуанийн Шигуаньь Юань, Рүнаний мөн Гунвэй бөгөөд Сюй Юаньжигйнн дөрвөн хүн лүгээ зузаан нөхөрлөжээ. Энэ дөрвөн хүн болбоос нарийн шулууныг хичээдэг бөлгөө. Гагц Кунмин болбоос түүний их төлбийг үзэж үргэлжид өвдгийг тэврэн уртад шүлэглэж дөрвөн хүнийг заан өгүүлрүүн: “Гүн та нар түшмэлд дэвших болбоос Цыши буюу хошууны захирагчид хүрвээс болмуй”. Олноор Кунмингийн зоригийг асуухад Кунмин гагц инээхээс өчихгүй ердөө өөрийн биеэ Гуаньжун, Юэ Ид адилтгаж, түүний эрдмийг хэмнэж үл болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Юунд Енчуаньгийн газар ийм олон эрдэмтэн баймуй?”. Сыма Хуй өгүүлрүүн: “Эрт өдөр Инькүй хэмээгч байж тэнгэрийн утгыг шинжихэд хэцүү бөлгөө. Үргэлжид хэлэх нь: “Олон од Еньчуанъгийн газар цугларчээ. Тэр газар эрхгүй эрдэмтэн мэргэд үлэмж гармуй” хэмээсэн бөлгөө” хэмээхэд тэр үе Юньчан хажууд байж өгүүлрүүн: “Би сонсохул Гуаньжун, Юэ И хэмээгч олон улсын нэрт хүмүүн хийгээд гавьяа нь дэлхий дахиныг бүрхмүй. Кунмин өөрийн биеэ энэ хоёр хүмүүн лүгээ адилтгах нь даанч хэтэрхий биш үү?”. Сыма Хуй инээн өгүүлрүүн: “Надаар үзүүлбээс энэ хоёр хүн лүгээ адилтгаж үл зохих боловч би одоо өөр хоёр хүн лүгээ адилтгасугай”. Юньчан “Ямар хоёр хүн?” хэмээн асуухад Сыма Хуй өгүүлрүүн: “Жоу улсыг найман зуун он мандуулсан Зян Зы Я, Хань улсыг дөрвөн зуун жил тэтгэсэн Зан Зыфанд адилтгаваас болмуй” хэмээсэнд олон цөм гэлмэж гайхав. Сыма Хуй яндраас буун: “Салж одсугай!” хэмээсэнд Сюаньдө үлдээвээс болохгүй. Сыма Хуй үүднээс гарч ирээд тэнгэрийн зүг хандаж ихэд инээн өгүүлрүүн: “Аяа, Волун хэдийгээр эзнээ олов гэвч цагийг олсонгүй нь юутай харамсалтай аж” хэмээн хэлж бараад дэрвэлзэн одов. Сюаньдө гайхан өгүүлрүүн: “Үнэхээр нуун суусан мэргэд эрдэмтэн болой” хэмээжээ.
Түүнээс дэд өдөр Сюаньдө Гуань, Жангийн хамт жич дагасан хүн нар лугаа шууд Лунжунд ирэхэд холоос харваас уулын захад хэдэн хүн арчуурыг244 үүрэн тариаг арчих бөгөөд дуу дуулан өгүүлрүүн: «Хөх тэнгэр дүгэриг бүрхүүл мэт, хуурай газар мягман245-ийн тавиур адил, ертөнцийн хүн хар цагааныг ялгагдаж, нааш цааш нүүртэй ичгүүрийг тэмцэж явмуй. Нүүртэй нь өөрөө амар жимэр болж, ичгүүртэй нь өөрөө бул цул хэмээмүй. Нань Янгийн газар нуусан эрдэмтэн буй. Өндөрт хэвтэн унтавч үл ханамуй» хэмээжээ. Сюаньдө дууг сонсоод морийг татаж тэр тариалангийн эрийг дуудаж асууруун: “Энэ дууг ямар хүн зохиосон буй?”. Өчрүүн: “Үүнийг Волун ноёнтон зохиосон нь болой”. Сюаньдө асууруун: “Волун ноёнтон ямар газар сууж баймуй?”. Тариалангийн эр өгүүлрүүн: “Энэ уулын өмнөх нэгэн бүлэг өндөр довцог нь даруй Волунган мөн болой. Довцгийн өмнө сийрэг шугуйн доторх улалжин гэр нь мөн Жугө Лян ноёнтны оршин суух газар болой”. Сюаньдө тал өгөн морийг тавьж урагш явж хэдэн газар болсонгүй холоос Волунганыг үзвэл үнэхээр тунгалаг үзэмж энгийн зэргээс өөр ажгуу. Хожмын хүн эртний шүлэг нэгэн анги зохиож Волун ноёнтны суусан газрыг шүлэглэсэн шүлгийн үг:
“Сян Ян хотын баруун хорин газрын үзүүрт
Шаргал довыг түшиглэн хөх усыг исгүүлжээ
Өндөр дов муруй саруй үүлний хөвөөг халхлаад
Урсах ус хоржигнон давлагаан цэцэг дэлгэрмүй
Мөхсөн луу чулуун дээр цагирагласан байдалтай
Мөнгөн гарьд нарс модноо оршсон маяг буй
Түлээн үүдээ хагас дарж улалжин гэрээ хаагаад
Түүний дотор мэргэд хэвтээд огт хөдлөхгүй
Хулсыг солбицуулан ногоон халхавч болгон жагсаагаад
Хороо хашаанд хээрийн цэцэг үргэлж анхилмуй
Орны түрүүнд овоолон тавьсан нь цөм шар дэвтэр
Орж гарах зочид дотор өтөл сав ер үгүй
Өрхийг тогшиж буурал самж цаг ямагт жимс өргөөд
Үүдийг сахих хөгшин тогоруу шөнө ном уншмуй
Дотор газрын хэмэрлэг уутанд нэрт ятгыг агуулж
Долоон одот эрдэнийн сэлмийг туурганд өлгөжээ
Өрөөний дотор ноёнтон гагцаар нам сэлүүн сууж
Өглөө үдшийн сул цагт тариалангийн ажилд хичээмүй
Хаврын аянгыг тухайлан хүлээж зүүднээс сэрээд
Хашхиран зандарч өндийн босвоос дэлхий дахиныг амаржуулмуй”
244 Тариа, ногооны талбайд ургасан хог өвсийг тасдаж цэвэрлэх багаж
245 Гурван зуун жаран ширхэг, хоёр өнгийн зүйлээр тусгай хөлөгт өрж, хоёр хүн харилцан хаалцаж наадах нэгэн зүйл тоглоом
Тэндээс Сюаньдө тосгоны өмнө хүрч ирээд мориноос бууж биеэр сүлжмэл үүдийг тогшсонд нэгэн хөвгүүн гарч асууваас Сюаньдө өгүүлрүүн: “Хань улсын зүүн этгээдийн жанжин Ичэн Тинхоу бөгөөд Юйжоугийн газрыг захирахыг хүлээсэн хааны авга Любэй тусгайлан ноёнтонд ёслон золгохоор ирэв”. Хөвгүүн өгүүлрүүн: “Би өдий чинээ нэрийг ойлгож чадахгүй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи гагц Любэй золгохоор ирэв хэмээн хэлсүтэй!” Хөвгүүн өгүүлрүүн: “Манай багш энэ өглөө гадагш гарав”. Сюаньдө өгүүлрүүн: “Хааш очив?” хэмээн асуусанд хөвгүүн өгүүлрүүн: “Морь төлөв тогтошгүй хааш очсоныг эс мэдэв”. Сюаньдө асууруун: “Хэзээ буцаж ирмүй?”. Хөвгүүн өгүүлрүүн: “Буцаж ирэх нь мөн тогтошгүй. Заримдаа тав гурван өдөр болмуй, заримдаа арван хэдэн өдөр болмуй”. Сюаньдө гэмшрэн зогсохгүй байхад Жанфэй хэлрүүн: “Нэгэнтээ учрахгүй болбоос буцаж хариваас барав” . Сюаньдө өгүүлрүүн: “Түр хагас цаг хүлээсүгэй”. Юньчан өгүүлрүүн: “Бид урьдаар эгж хариад дахин хүн зарж чимээ авуулахад үл хүрмүй”. Сюаньдө үгийг дагаж хөвгүүнд захиж өгүүлрүүн: “Хэрвээ багш тань буцаж ирсний хойно Любэй намайг ёслон золгохоор ирэв хэмээн мэдүүлж өгтүгэй!” хэмээв.
Тэндээс моринд мордож хэдэн газар яваад морийг татаж гэдрэг харан Лунжунгийн үзэмжийг үзвээс үнэхээр уул өндөргүй боловч сайхан, ус гүнгүй боловч тунгалаг, газар уудамгүй боловч товшин, шугуй ихгүй боловч ягч, сармагчин тогоруу харилцан янаглаж, нарс хулс эсрэг нахилж үзвээс барахгүй байтал гэнэт нэгэн хүн байдал дүрс хээнцэр сайхан, өнгө зүс ариун гэгээн, тэргүүнд сэлгүүцэх цэвэр малгай өмсөж биед бараан бөсийн дээл өмсөн таяг тулсаар уулан заваагийн бага замаар нааш ирмүй. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ лав Волун ноёнтон болой!” хэмээгээд яаран мориноос бууж урагш давшин ёс хийж асууруун: “Ноёнтны бие Волун багш бус уу?”. Тэр хүн өгүүлрүүн: “Жанжин чи хэн болой?”. Сюаньдө өчрүүн: “Би Любэй болой” Тэр хүн өгүүлрүүн: “Би Кунмин бус даруй Кунмингийн нөхөр болингийн Цүй Жоупин болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Их нэрийг сонсож удав. Завшаанаар олж золгосон тул газарт аргацаасхийн сууж, нэгэн үг ч болов сурган хэлэхийг гуймуй!” хэмээгээд хоёул шугуйн дундах чулуун дээр эсрэг хандан сууж Гуань, Жан хажууд жигүүрлэн зогсов. Цүй Жоупин асууруун: “Жанжин та ямар учирт Кунмин лугаа учирсугай хэмээмүй?” Сюаньдө өгүүлрүүн: “Эдүгээ хараахан дэлхий дахин ихэд самууран дөрвөн зүгээс үүл мэт түйвээх тул Кунмин лугаа золгож улсыг амар болгон төрийг тохинуулах аргыг гуйсугай хэмээмүй”. Цүй Жоупин инээн өгүүлрүүн: “Гүн самууныг тогтоохыг гол болгох нь хэдийгээр өршөөлт сэтгэл мөн боловч гагц эртнээс нааш энх, самуун үүрд үгүй. Гаозү хаан могойг алж журмын цэргийг байгуулснаас ёсгүй Цинь улсыг сөнөөсөн нь самуунаас энхэд орсон болой. Айди, Пиндигийн үед хүрч хоёр зуун он энх амар болж өдөр удаад Ванман тэсэргүүлэн булааснаас бас энхээс самуунд оржээ. Гуан Ү хаан дундадаас мандаж тулгар төрийг давтан тэгшлээд, дахин самуунаас энхэд орж эдүгээ хоёр зуун он болтол ард иргэн амар болж удсан тул тийнхүү зэр зэвсэг бас дахин дөрвөн зүгээс дэгджээ. Энэ төв хэмээн энхээс самуунд орох цаг болсон тул яаран тогтоож үл болмуй. Жанжин хэрвээ Кунмингаар “Тэнгэр газрыг улируулан эргүүлж, арга билгийг нөхүүлэн тохинуулъя” хэмээх нь хялбаргүй бөгөөд талаар сэтгэл хүчийг сүйтгэн зүтгүүлэх болой хэмээмүй. Харин “Тэнгэрт эергүү нь тогтнож тэнгэрт тэсэргүүлэх нь мөхмүй” хэмээснийг сонссонгүй юу? “Тогтсон хэмжээ тоог ёс булаан чадахгүй, заяаны тогтсоныг нь хүн хүчирхэглэн чадахгүй” хэмээжээ. Сюаньдө өгүүлрүүн: “Ноёнтны хэлсэн нь үнэхээр мэргэн үг. Гагцхүү Любэй миний бие Хань улсын салаа болсон тул зүй нь Хань улсын төрийг тэтгэн туславаас зохимуй. Ямар аймшиггүй тоо ба заяанд шалдаж болмуй?”. Цүй Жоупин өгүүлрүүн: “Уул хээрийн эр дэлхий дахины хэргийг шүүмжилж үл чадмуй. Өнөө гэгээнээр асуусны тул тийнхүү дэмий чалчин хэлэв.” Сюаньдө өгүүлрүүн: “Ноёнтон таны өршөөн сургасныг хүртэв. Гагцхүү Кунмин ямар газар очсоныг мэдэхгүй үү” Цүй Жоупин өгүүлрүүн: “Би бас түүнд золгохоор ирэв. Чухам түүний хаана очсоныг эс мэдмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Ноёнтонг залж хамтаар өчүүхэн суманд хүрвээс ямар?” хэмээхэд Цүй Жоупин өгүүлрүүн: “Мунхгийн зан маш сул, саланд дуртай гавьяа нэрд санаагүй болж уджээ. Хожмын өдөр дахин уулзсугай!” хэмээн өгүүлж бараад мэхийн ёс хийж одов. Сюаньдө Гуань, Жан лугаа моринд мордон явахад Жанфэй өгүүлрүүн: “Кунминийг сурвалжлан олсонгүй. Харин ч энэ мэт ялзархай бичгийн хүн лүгээ уулзаж сул үг хэлэлцсээр нэлээд уджээ” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Энэ мөнхүү нуугсдын үг болой” хэмээв. Тэндээс гурвуул Синь Едээ буцаж ирэн хэдэн өдөр өнгөрсөн хойно Сюаньдө хүн зарж Кунмингийн чимээг туршуулахаар илгээсэнд буцаж ирэн мэдүүлрүүн: “Волун ноёнтон эгэж иржээ” хэмээмүй. Сюаньдө “Даруй морийг эмээллэ!” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Нэгэн хөдөөний эрд юунд ах та өөрийн биеэр очмуй? Хүн зарж дуудан ирүүлбээс барав”. Сюаньдө зандан өгүүлрүүн: “Чи Мэнзыгийн өгүүлснийг сонссонгүй юу? “Эрдэмтэнд золгоё хэмээгээд түүний ёсоор явахгүй болбоос түүнийг оруулсугай хэмээвч үүдээ хаасан мэт” хэмээжээ. Кунмин эдүгээх үеийн их эрдэмтэн тул хэрхэвч дуудан ирүүлж болмуй” хэмээгээд даруй моринд мордож дахин Кунминийг сурвалжлахаар ирэв. Гуань, Жан мөн моринд мордон дагаж ирсэн ажгуу. Тэр үе хараахан өвлийн тэсгэм хүйтэнд тохиолдсоноос хар үүл зузаан бүрхэж хэдэн газар явсангүй. Гэнэт зүүн хойдоос салхи шуугиж их цас лавсан орж уул нь хасын овоо болж шугуй нь мөнгөн заслага адил болов. Жанфэй өгүүлрүүн: “Тэнгэр хүйтэн газар хөлдүү үе цэргийг ч хэрэглэхгүй байтал юунд холоос тусгүй хүнд золгохоор ирмүй. Синь Ед эгэж түр салхи цаснаас зайлахад хүрэхгүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Би төв хэмээн Кунминд миний хичээнгүй үнэнч санааг мэдүүлье хэмээмүй. Хэрвээ дүү нарт хүйтнээс айваас урьд эгэж харьтугай!”. Жанфэй өгүүлрүүн: “Үхэхээс ч үл айх бөгөөтөл хүйтнээс юунд эмээмүй! Гагцхүү ах чамайг хоосноор бие сэтгэлийг зүдээх болов уу хэмээн болгоожилмуй”.
Сюаньдө өгүүлрүүн: “Үлэмж бүү яв! Гагц дагаж хамт явагтун!” хэмээж явсаар улалжийн гэрийн ойр хүрэх шахмагц гэнэт сонсохул замын хажуух дарсны мухлагт хүн байж дуу дуулмуй. Сюаньдө морийг зогсоож чих тавин сонсвоос тэр дууны үг нь:
“Идэрхэг эрдэмтний гавьяа нэр харин ч бүтэлгүй, аяа аргын хаварт учирсангүй удав. Авгай чи зүүн далайн хөгшин өвгөний туйвангийн модноос салсаныг үзсэнгүй юу? Хойдох тэрэг даруй Вэньван лугаа янаг болж, найман зуун мужийн эзэн нар хугацсангүй учрав. Цагаан загас онгоцонд орж Мэнгийн олмыг гэтлээд, Мү Егийнд нэгэнтээ байлдаж цус иь зэвсэгт бялдав. Харцгай адил ихэд сүрхийг цэргийн сайдад алдаршиж, бас Гао Янгийн дарсан ард өвсөн дотроос дэгдсэнийг эс үзэв. Мандан уулын Лунжун Гүн уртад мэхийгээд вангийн хөрөнгийг ихэд шүүмжлэн хүний чихийг цочоов. Даруй угаахаа зогсоогоод баатар эрэлхэгийг залж суулгамуй. Зүүд Ци улсын далан хоёр хотыг авав. Дэлхий дахинд мөрийг залгамжлан чадах хүнгүй, хоёр хүний гавьяа нь энэ мэт боловч эдүгээ хэн дахин аруухан баатрыг хэлэлцмүй” хэмээжээ. Дуулан барсан хойно бас нэгэн хүн байж ширээг дэлдэн дуулмуй.
Тэр дууны үг нь:
“Манай хаан сэлэм барин далайн дотоодыг тунгалаг болгож дөрвөн зуун оны тулгар хөрөнгийг нээн байгуулав. Хуань, Лингийн үед галын эрдэм улам буурч зальт сайд хулгайн хөвгүүн хүлсийн савыг улируулан, хар могой хааны ширээний хажууд нисэн буув. Бас үзхүл чивэлт солонго Юйтангийн газарт унаад, сүргийн хулгай дөрвөн зүгт шоргоолж мэт цугларав. Зальхай баатар зуун зүйлийн ард цөм харцгай мэт дэгдэж, манай зэргийн ард уртад шүүрслэн хоосноор гар ташмуй. Уйдваас гацааны худалдаанд хөдөөний архийг уумуй. Ганц биеэ сайн болгож өдөр дуусан амарсугай! Юуны тул мянган үе болтол ялзаршгүй болгомуй” хэмээжээ.
Хоёул дуулан бараад алгаа ташин ихэд инээмүй. Сюаньдө өгүүлрүүн: “Эсхүл Волун энд баймуй уу” хэмээгээд мориноос буун худалдаанд орж үзвээс хоёр хүн ширээ хавчин сууж архи уумуй. Дээд талд сууж байх нь царай цагаан сахал урт, доор талд сууж бүхий нь этгээд ариун жигд төрхтэй. Сюаньдө бие мэхийн асууруун: “Хоёр гүнгийн аль нь Волун ноёнтон болой?”. Урт сахалтай нь асууруун: “Гүн ямар хүн аж? Волунг эрж яамуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Би болбоос Любэй болой. Ноёнтонг сурвалжилж ертөнцийг тэнхрүүлж иргэнийг амар болгох аргыг гуйн лавлая хэмээмүй”. Урт сахалтай нь өгүүлрүүн: “Бид Волун бус цөм Волунгийн нөхөр болой. Би болбоос Енчуаньгийн Шигуаньь Юань, энэ болбоос Рүнаньгийн мөн Гүнвэй бөлгөө”. Сюаньдө баярлан өгүүлрүүн: “Любэй би хоёр гүнгийн их алдрыг сонсож удав. Завшаанаар олж золгосон тул эдүгээ манай авч ирсэн морь унаа энд баймуй. Аймшиггүй хоёр гүнг залж хамтаар Волун ноёнтны гацаанд хүрч хэлэлцэхийг хүсмүй!”. Шигуаньь Юань өгүүлрүүн: “Бид цөм уул хээрийн залхуу осол ард тул улсыг засах ба иргэнийг амар болгох хэргийг эс төсөөлөх тул дорогш асуух хэрэггүй. Гэгээн гүн өөрөө морилон заларч Волунг сурвалжлан очтугай!” хэмээв.
Тэндээс Сюаньдө даруй хоёр хүнээс салж моринд мордон Волунганыг зүглэн ирэв. Довцгийн өмнө хүрч мориноос буугаад үүдийг тогшиж хөвгүүнээс асууруун: “Багшийн бие энэ өдөр гэртээ баймуй”. Хөвгүүн өгүүлрүүн: “Өнөө танхимдаа бичиг үзэж буй”. Сюаньдө ихэд баярлан даруй хөвгүүнийг даган орж ирэн дундад үүдэнд хүрч очвоос үүдний дээр их үсгээр нэгэн хос уянга бичжээ. Түүний санаа нь “Нимгэн гүехнээр зоригийг илрүүлж, нам хийж түүний холд хүргүүлмүй” хэмээжээ. Сюаньдө хараахан үзэж байтал гэнэт шүлэглэн гингэнэх дуу сонсогдмуй. Даруй үүдний хажууд зогсож гэтэлхийлбээс өвсөн танхим дээр нэгэн нас залуус хүлсийн дэргэд өвдгийг тэврэн дуулж өгүүлрүүн:
“Гарьд мянган тохойд дэгдэн нисэж уянгат модноос бус болбоос үл суумуй
Эрдэмтэн нэгэн оронд нуугдан суухдаа үнэн эзнээс бус үл түшмүй
Биеэр тариан шанд цэнгэлтэйеэ тарьж гэрээ хайрламуй
Аргацасхийн ятга бичигт оморхоглон оршиж тэнгэрийн цагийг хүлээмүй” хэмээжээ.
Сюаньдө хүлээж түүний дуу дуулан барсны хойно өвсөн танхимд гарч ёслоод өгүүлрүүн: “Любэй би ноёнтон таныг мөрөөдөн хүсэж удав. Хувь ерөөлгүйн тул золгож чадсангүй. Завшаанаар урьд өдөр Сюй Юаньжи магтаж өргөсөнд хичээнгүйлэн хувилгаан айлд хүрч ирвээс уулзан чадалгүй хоосноор эгэв. Эдүгээ мөн тусгайлан салхи цасанд шурган ирж хувилгаан нүүрт олж бараалхсан нь үнэндээ түмэн завшаан болой”. Тэр нас залуу санд мэнд хариу ёс хийж хэлрүүн: “Жанжин чи Лю мужийн захирагч мөн бөгөөд миний ахад учирсугай хэмээмүй үү?”. Сюаньдө хиртхийн асууруун: “Ноёнтон таны бие бас Волун бус уу?” Залуу нь өгүүлрүүн: “Би болбоос Волунгийн дүү Жугө Зюнь болой. Мунхаг бид ах дүү гурвуул бөлгөө. Ахмад ах Жугө Зинь өнөө зүүн Ү улсын Сүнь Жунмоугийн тэнд зочмод болж амуй. Кунмин болбоос миний хоёрдугаар ах болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Волун эдүгээ гэртээ баймуй уу?”. Жугө Зюнь өгүүлрүүн: “Өчигдөр Цүй Жоупин залж аваачин гадагш сул зугаа хийхээр очив”. Сюаньдө өгүүлрүүн: “Ямар газар зугаа хийхээр очив?” хэмээсэнд Жугө Зюнь өгүүлрүүн: “Заримдаа бага онгоцонд сууж мөрөн голоор сэлж явмуй. Заримдаа уул хөтлийн дээр хуушаан бумбыг сурвалжилмуй. Заримдаа айл гацааны хооронд нөхөр ханийг эрэн очмуй. Заримдаа агуй ордны дотор ятга, мягмангаар цэнгэлдмүй. Очиж ирэх нь төсөөлшгүй тул одсон газрыг мэдэхгүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би юутай ийм хувь ерөөл гүехэн нимгэн аж? Хоёр удаа их эрдэмтэнд уулзан чадсангүй” хэмээсэнд. Жугө Зюнь өгүүлрүүн: “Түр баахан суу! Цай өргөсүгэй”. Жанфэй өгүүлрүүн: “Тэр ноёнтон гэртээ үгүй тулд ах хойш мордон харина уу!”. Сюаньдө өгүүлрүүн: “Бид нэгэнтээ энд ирээд юунд нэгэн үггүйгээр даруй харимуй” хэмээгээд Жугө Зюньгээс асууруун: “Сонсохул эрхмийн ах Волун ноёнтон арга бодлогыг боловсруулан үйлдэж цэргийн бичгийг өдөр бүр үзмүй хэмээснийг олж сонсож болмуй уу?” Жугө Зюнь өгүүлрүүн: “Мэдэхгүй!” хэмээжээ. Жанфэй хэлрүүн: “Түүнээс асууж яамуй. Салхи цас маш шуурч аху тул эртхэн харихад хүрэхгүй”. Сюаньдө зандан зогсоотол Жугө Зюнь өгүүлрүүн: “Миний ах гэртээ үгүй тул аймшиггүй тэрэг морийг удаан үлдээж чадахгүй. Хожим өдөр ёсыг хариулсугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Ямар аюулгүй ноёнтон таны биеийг зүдээмүй? Хэдэн өдрийн хойно Любэй би дахин хүрч ирмүй. Гуйх нь бийр цаасыг зээлэн нэгэн битүүмж бичиг бичиж үлдээн эрхмийн ахад Любэй миний хичээнгүй бишрэлтэй сэтгэлийг илтгэсүгэй!” хэмээсэнд Жугө Зюнь даруй бичгийн зүйлийн дөрвөн эрдэнийг246 өргөсөнд Сюаньдө хөлдүү бийрийг амандаа үмхэж хайлуулаад шугамт цаасыг дэвсэж дээр бичсэн нь: “Любэй би өндөр алдрыг мөрөөдөн удаж хоёр удаа бараалхахаар ирсэн боловч уулзсангүй хоосноор эгсэн тул гасалж гэмшсэнийг юунд тоочмуй. Хянахул Любэй би Хань улсын удам гэвч нэр хэргэмийг талаар хүлээн хүртжээ. Мэхийн үзвэл улс төр, эрхэм доордын ялгалыг алдаад хэлхээнээс унаж хохирч олон хүчирхэг улсыг самууруулан зальт нам эзнийг мэхлэхийг үзээд Любэй миний цөс зүрх цөм хэмхрэв. Хэдий тэнхрүүлэн туслахын үнэнхүү санаа байвч чухамхүү эелэх эвлэхийн арга дутуу тул олдохул эрхэм ноёнтон та өршөөл нигүүлсэхүй, шударга журмын сэтгэлийг үүсгэн Люйвангийн их эрдмийг нээж, Зыфангийн уудам бодлогыг алдаршуулбаас дэлхий дахины хишиг бөгөөд улс төрийн завшаан болой. Тийнхүү урьд нэвтрүүлэн мэдэгдээд дахин биеийг ариутган цэвэрлэж тусгайлан эрхэм нүүрт ёслохоор ирж, мунхгийн үнэнхүү санаагаа цутган хэлэхийг зөвшөөн аваачихыг хүсмүй” хэмээжээ. Сюаньдө бичиж бараад Жугө Зюньд өгч хураалгасан хойно ёслон салж үүдийг гартал Жугө Зюнь Сюаньдөг үдэж гаргасан тул дахин давтан: “Хичээнгүй санааг илэрхийлэн өгмүй” хэмээгээд салж одов. Сая мориндоо мордож явсугай хэмээтэл гэнэт хөвгүүн гараар хулсан шивээний гадна зааж өгүүлрүүн: “Хөгшин багш ирэв” хэмээжээ. Сюаньдө үзвээс бага гүүрний баруун этгээдэд нэгэн хүн дулаан малгайгаар толгойгоо халхалж, үнэгэн зувцаагаар биеэ ороон, нэгэн хар илжиг унаж хойноос нэгэн бараан дээлт хөвгүүн нэгэн хул дарсыг үүрэн цасыг хийсгэсээр айсуй. Бага гүүрийг тойрон гарч ирээд амандаа нэгэн бадаг шүлэг шүлэглэж өгүүлрүүн:
“Нэгэн шөнө хойд зүгийн салхи жихүүн
Түмэн газарт хар үүл зузаадав
Хоосон агаараас цас дэмий л шуургалсанд
Уул мөрний байдлыг дуустал халагдуулав
Дээш харж тэнгэрийн агаарыг үзээд
Хас луу тэмцэлдэн гарсан буюу хэмээн сэжиглэмүй
Улам улам матрын хайрс унаж
Агшин зуурт орчлонд найдам болжээ
Илжиг унасаар бага гүүрийг гарахад Гагц мэй247 цэцгийн эцэнгэрт гуньхармуй”
Сюаньдө шүлгийг сонсоод өгүүлрүүн: “Энэ одоо үнэн Волун аж” хэмээгээд яаран мориноос бууж урагш давшин ёс хийгээд: “Ноёнтны бие жихүүнийг тэсвэрлэх нь хялбаргүй буй за! Любэй би хүлээсээр удав” гэсэнд тэр хүн санд мэнд илжигнээс бууж хариу ёс хийтэл Жугө Зюнь хойно байж үзээд өгүүлрүүн: “Энэ миний ах Волун бус даруй миний ахын хадам эцэг ХуанЧэн янь болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Өнөөгийн олж сонссон шүлэг нь туйлын өндөр гайхамшигтай бөлгөө” ХуанЧэн янь хэлрүүн: “Хөгшин эр би бага хүргэний гэрт бүхий “Лянфү инь” шүлгийг олж үзсэн тул энэ нэгэн хуудсыг ойлж аваад бага гүүрийг гарах үе хулс шивээн хоорондох тэргүүлэгч цэцгийг үзсэнээр тийнхүү санаа хөгжиж шүлэглээд санамсаргүй эрхэм зочинд сонсгов”. Сюаньдө өгүүлрүүн: “Эрхмийн хүргэнд учирсан буюу?” ХуанЧэн янь өгүүлрүүн: “Хөгшин эр би ч мөн түүнийг үзэхээр ирэв”. Сюаньдө үгийг сонсоод ХуанЧэн яньгаас салж моринд мордон эгж ирэв. Хараахан салхи цас их тохиолдсон тул эгж харан Волун довцгийн үзэмжийг үзээд дотроо ихэд амаргүй болов. Хожмын хүн Сюаньдөг салхи, цасанд Кунминийг сурвалжлахаар очсоныг шүлэглэсэн шүлгийн үг: “Агаар дүүрэн салхи цасанд мэргэн эрдэмтнийг сурвалжлаад Уулзсангүй хоосон эгэхүйеэ сэтгэлд уярал төрөгдмүй Горхийн гүүр нийлэн хөлдөөд уулын чулуу гөлөн Морины эмээл мөлийн хүрээд аяны зам хол Алимын цэцэг хэсэг хэсэг толгой руу унаад Удын унгирал лавсан лавсан нүүр эсрэг хийсмүй Жолоог татан эгэж хандан хол харан үзэхүл Зузаан цас дэлхийг бүрхэн Волун ганг хучжээ” Тэндээс СЮаньдо Синь едээ буцаж ирсний хойно өдөр нарны эргэлт маш түргэн тул бас хэдийн шинэ хавар болсонд даруй төлөг шинжигчээр дээд сайн өдрийг сонгуулаад гурван өдөр ариутган цэвэрлэж биеийг угаан дээлийг халж дахин Волунганд хүрч Кунминд золгохоор тогтов. Гуань, Жан хоёул үүнийг сонсоод тааламжгүй болж даруй нэгэн зэрэг орж Сюаньдөг ятгав. Энэ чухамхүү:
“Хэтийдсэн мэргэд аруухан баатрын зоригийг бишрүүлээгүй атал
Хэмжээг нугалбарласанд баатар эрдэмтнийг сэжиг төрүүлэв”
Эгнэгт түүний үг ямрыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
246 Бийр, бэх, цаас, янтай дөрвийг зааж байна
247 Тэргүүлэгч цэцэ
Сэтгэгдэл ( 2 )
hi
hi