Гурван улсын үлгэр | 40 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-40 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЦАЙ ХАТАН ЗӨВЛӨЖ ЗИНЖОУГ ӨРГӨСӨН ЖҮГӨ ЛЯН ГАЛААР СИНЬ ЕГ ШАТААСАН

Өгүүлэх нь: Сюаньдө Кунмингээс Цаоцаогийн цэргийг тулах аргыг асуусанд Кунмин хэлрүүн: “Синь Егийн бага хотод удаан сууж болохгүй. Өнөөхөн сонсохул Лю Зиншэн хүнд өвдөж түгшүүртэй болов хэмээмүй. Энэ тухайд нийлүүлэн түүний Зинжоуг авч бие орших газар болговоос Цаоцаогийн цэргийг тулж болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Гүнгийн үг маш сайн. Гагц Любэй би Зиншэнгийн өршөөлд хүртсэн тул яахин авч түвдмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ хэрвээ эс авбаас хожим гэмшивч гүйцэхгүй болмуй!”. “Би үхэвч гэмээнэ журмыг үтээрэх хэргийг үйлдэж үл түвдмүй”. Кунмин өгүүлрүүн: “Тийм бөгөөс түрдээ хэлэлцье!” хэмээв. Тэндээс Ся Хоудүнь цэрэг дийлэгдэж Сюйчанд буцаж ирээд биеэ хүлж Цаоцаод золгон, сөгдөж үхэх ялаа хүлээсэнд Цаоцао хүлээсийг тайлан хэлтрүүлэв. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Ся Хоудүнь би Жүгө Лянгийн зусар аргад оногдож түүний галаар байлдсанд манай цэрэг эвдлэгджээ”. Цаоцао өгүүлрүүн: “Чи хараахан багаас цэрэг хэрэглэсэн бөгөөд яахин хавцал газар хүрвээс галаар байлдахыг сэрэмжлэх хэрэгтэй хэмээснийг мэдэхгүй аж?”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Лидянь, Юйзинь нар үүнийг бас хэлсэн билээ. Гэмшивч гүйцэхгүй” хэмээсэнд Цаоцао даруй Лидянь, Юйзинь хоёр хүнд шагнав. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Любэй энэ мэт самуурсан тул үнэхээр манай сэтгэл зүрхний зовлон болжээ. Хурдан арилгахгүй болбоос үл болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Миний зовсон нь Любэй, Сүньцуань болой. Түүнээс бусад цөм сэтгэлд өлгөгдөхгүй. Эдүгээ энэхүү цагийг тохиолдуулан мөрний өмнөдийг шүүрдэн төвшитгөсүгэй!” хэмээгээд даруй цааз зарлаж их цэрэг тавин түмийг байгуулан Цаорэнь, Цаохуныг тэргүүн анги болгож Жанляо, Жанхөг дэд анги болгон Сяхоу Юань, Ся Хоудүнийг гутгаар анги болгож Юйзинь, Лидянийг дөтдүгээр анги болгон Цаоцао биеэр олон жанжин нарыг авч тавдугаар анги болгоод анги бүрт тус бүр арван түмэн цэрэг дагуулан бас Сюйчуг Жэчун жанжин болгож гурван мянган цэрэг өгч гавшгай болгоод амгалан байгуулагчийн арван гуравдугаар оны намрын тэргүүн сарын улаан морин өдрийг сонгож цэрэг мордов.

Тэндээс Тайжун Дайфү түшмэл Кунрун ятгаж өгүүлрүүн: “Любэй, Любяо цөм Хань улсын угсаа төрөл тул хөнгөнөөр дайлалдаж болохгүй. Сүньцуань зургаан хошууны газрыг барс мэт сүрлэн сууж, нэн ялангуяа их мөрний бэрх байхын тул мөн авахад хялбаргүй. Эдүгээ Чансан та ийнхүү журамгүй цэргийг байгуулах болохул дэлхий дахины эргэлзэх сэтгэлийг алдах болуузай!” хэмээмүй. Цаоцао уурлан өгүүлрүүн: “Любэй, Любяо, Сүньцуань цөм зарлигийг тэсэргүүлсэн түшмэл хэрхэн дайлахгүй багтааж болмуй!” хэмээгээд даруй Кунруныг зандан эгүүлж цааз зарлан: “Хэрэв дахин ятгагсад байваас эрхгүй цавчмуй” хэмээв. Кунрун Фү яамнаас гарч ирээд тэнгэрийн зүг хандаж шүүрс алдан өгүүлрүүн: “Туйлын өршөөлгүйгээр, туйлын өршөөлтэйг дайлахад яахин дийлэгдэхгүй болж болмуй!” хэмээв. Тэр үе Юйши Дайфу түшмэл Силүгийн гэрийн зочин энэ үгийг сонсоод Силүд мэдүүлэн хэлэв. Силү үргэлжид Кунрунд басамжлагдан дарлагддаг тул сэтгэлд төв хэмээн хорсож байсан тул даруй энэ үгийг дотогш орж Цаоцаод мэдүүлээд дахин өгүүлрүүн: “Кунрун энгийн өдөр байн байн Чансанг доромжлон хэлэх бөгөөд бас Нихөн лүгээ харилцан найртай тул Нихөн Кунруныг магтаж “Жунни үхсэнгүй” хэмээхүйд Кунрун Нихөныг магтан өгүүлрүүн: Яньхуй дахин төржээ” хэмээмүй. Анх Нихөнгийн Чансанд очсон нь цөм Кунрунгийн зарлага бөлгөө” хэмээсэнд Цаоцао ихэд хилэгнэн даруй Тин Юй жанжин нарыг дуудаж Кунруныг бариулахаар илгээв. Үзвээс Кунрунд хоёр хөвгүүн буй амуй. Нас нь бяцхан байсаар ажгуу. Тэр үе хараахан гэртээ эсэргүүлэн сууж мягман тавьж байтал зүүн баруун этгээдийн ард санд мэнд мэдүүлрүүн: “Эцэг ноёныг Тин Юй баримтлан аваачаад алмуй хэмээмүй! Хоёр гүнз юунд хурдан дутаахгүй аж?” гэхэд хоёр хөвгүүн өгүүлрүүн: “Эвдэрсэн шувууны үүрт яахин бүтэн өндөг байж болмуй?” хэмээн үг барахын урьд Тин Юй нар бас хүрч ирэн Кунрунгийн гэрийн их бага ба хоёр хөвгүүнтэй бүрнээ хураамжлан авч цөмийг цавчаад Кунрунгийн ясыг зээлд зарлав. Зинжаогийн Жиси үхдлийг тэврэн уйлахад Цаоцао сонсоод ихэд уурлан “Алсугай!” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Сюнь Юй би сонсохул Жиси үүрд Кунруныг ятган өгүүлрүүн: “Гүн таны хатуу чигч даанч хэтэрчээ. Энэ нь зовлонг эрэхийн зам болой” хэмээх бөлгөө. Эдүгээ Кунрунгийн үхсэнд ирж уйлах нь даруй журамт хүний шинж мөн. Алж үл болмуй” хэмээсэнд Цаоцао даруй алахыг зогсоов. Түүнээс Жиси Кунрунгийн эцэг хөвгүүний ясыг хурааж цөмийг оршуулан тавив.

Хожмын хүн Кунруныг магтсан шүлгийн үг:

“Бэйхайгийн Кунруныг дурдхан хэлбээс

Билиг ухаан нь тэнгэрийн солонго мэт

Суудал дээр зочин үүрд дүүрээд

Хундага дотор архи ер хоосрохгүй

Утга уянга ертөнцийн хүмүүсийг цочоогоод

Урлан хэлэлцэх ван гүнг доромжилмуй

Түүх бичихүйеэ шударга чигчийг магтаад

Түшмэлийг үлдээж тайжунгаар тэмдэглэв”

Цаоцао Кунруныг алсан хойно даруй цааз зарлаж таван замын цэргийг “Дэс дараагаар мордон явагтун!” хэмээгээд гагцхүү Сюнь Юйг үлдээж Сюйчаныг сахиулав. Тэндээс Зинжоугийн Любяогийн өвчин хүндэдсэнд хүнээр Сюаньдөг залуулан ирүүлж өнчнийг найдсутай хэмээхэд Сюаньдө Гуань, Жанг дагуулан Зинжоуд ирж Любяод учирваас Любяо өгүүлрүүн: “Миний өвчин нэгэнтээ чөмгөнд орж удалгүй үхэх тул тусгайлан өнчнийг мэргэн дүүд найдмуй. Миний хөвгүүн эрдэмгүй эцгийн хөрөнгийг хүлээж эс чадуузай. Намайг үхсэний хойно мэргэн дүү өөрөө Зинжоугийн эзэн болж шийтгэгтүн”. Сюаньдө уйлан ёсолж өгүүлрүүн: “Любэй би хүчний чинээгээр мэргэн ачид тусалсугай. Ямар аймшиггүй өөр сэтгэл баримуй!” хэмээн хэлж барахын урьд хүн мэдүүлрүүн: “Цаоцао өөрөө их цэрэг авч ирэв” хэмээмүй. Сюаньдө яаран Любяогаас салж шөнө дөл Синь Едээ эгэв. Любяо өвчтэй дээр энэ чимээг сонсмогц цочсон нь бага бус. Даруй зөвдөлцөж гэрээсийг бичүүлсэн нь “Сюаньдөгөөр ахмад хөвгүүн Люцид туслуулж Зинжоугийн эзэн болгогтун!” хэмээснийг Цай хатан сонсоод ихэд уурлаж дотоод үүдийг дараад Цаймао, Жан Юнь хоёулаар гадаад үүдийг сахиулав.

Тэр үес гүнз Люци Зянсяд байж эцгийн өвчин түгшүүртэй болсныг мэдээд даруй Зинжоуд өвчнийг үзэхээр ирээд сая гадрын үүдэнд хүрч ирэхүйеэ Цаймао тосож хэлрүүн: “Гүнз эцгийн захиагаар Зянся газар дарангуйлан сахисан нь тэр тушаал маш хүнд бөлгөө. Эдүгээ дураар тушаалаас зайлсанд хэрвээ зүүн Ү улсын цэрэг хүрч ирвээс одоо яамуй? Орж эзэн гүнд учирваас эзэн гүн эрхгүй хилэн төрж өвчин нэн нэмэгдмүй. Тийм болбоос ачлал бус болой. Түргэнээ эгэгтүн!”. Люци үүдний гадна зогсож нэгэн зэрэг сайтар уйлаад моринд алавхийн гарч Зянсядаа эгэв. Любяогийн өвчний байдал түгшүүртэй болсонд Люциг харавч ирэхгүй. Найман сарын шар бичин өдөрт их дуугаар хэдэнтээ бархирч үхэв.

Хожмын хүн Любяог шүлэглэсэн шүлгийн үг:

“Эрт сонсохул Юань овогтон голын умард суусан бөлгөө

Эдүгээ үзэхүл Лю авгай Хань Янгийн газрыг эзэлжээ

Эмэгчин тахиа цагийг мэдээлсний үр буюу

Ийм түргэн мөхсөн нь аяа юутай хайрлалтай буй?”

Любяо нэгэнтээ үхсэн хойно Цай хатан Цаймао, Жан Юнь лугаа зөвдөж хуурмаг гэрээс бичиг бичиж дэд хөвгүүн Люзунгаар Зинжоугийн эзэн болгож дараа сая уйлалцаж бэлэвсрэлийг тараах үес Люзун сая арван дөрвөн настай маш хурц сэргэлэн тул олныг цуглуулаад өгүүлрүүн: “Миний эцэг орчлонгоос салсанд миний ах эдүгээ Зянсягийн газарт буй. Нэндээ авга Сюаньдө бас Синь Ед атал та нар намайг байгуулаад хэрвээ ах авга лугаа цэрэг үүсгэн ял асуухаар ирвээс яахин дийлмүй?”. Олон түшмэл өчиж завдаагүйд Мугуань түшмэл лигүй өчрүүн: “Гүнзийн үг маш сайн. Эдүгээ даруй энэлгээгийн бичгийг Зянсяд илгээж их гүнзийг залж Зинжоугийн эзэн болгон Сюаньдөгөөр хамт хэрэг шийтгүүлбээс хойдод Цаоцаог байлдан өмнөдөд Сүньцуанийг эсэргүүцэж болох тул энэ бүрэн бүтэн арга болой” хэмээсэнд Цаймао зандаж өгүүлрүүн: “Чи ямар хүн хэмээн аюулгүй самуун үг гаргаж эзэн гүнгийн гэрээс зарлигийг зөрчмүй?”. Лигүй ихэд харааж өгүүлрүүн: “Чи дотоод гадаад лугаа нийлж бодолхийлээд хуурмаг гэрээс зарлиг үйлдэж ахмадыг гээж дарааг байгуулан үзсээр Зянсянгийн есөн хошууны газрыг Цай овогтын гарт алдмуй. Өнгөрсөн эзэн гайхамшигтай болбоос эрхгүй чамайг алмуй!” хэмээсэнд Цаймао ихэд хилэгнэн зүүн баруун этгээдийн ардыг зандаж түлхэн гаргаж алуулахад Лигүй үхтэл хараан ам хамхисангүй. Түүнээс Цаймао, Люзунг байгуулж Цай овогтын төрөл угсаа Зинжоугийн цэргийг хуваан захираад Жижун түшмэл Дөн Иг, Безя түшмэл болгож Люсяньгаар Зинжоуг сахиулан Цай хатан Люзун лугаа Сян Янд суухаар одож Люци Любэйг сэргийлэв. Любяогийн шарилыг Сян Ян хотын зүүн Хань Янгийн эхэнд оршуулж Люци Сюаньдөд үхсэнийг сонсгосонгүй бөлгөө.

Тэндээс Люзун Сян Янд хүрээд сая морь амуулахад гэнэт мэдүүлрүүн: “Цаоцао цэрэг авч шууд Сян Яныг зүглэн ирэв” хэмээмүй. Люзун ихэд цочиж даруй Куай Юэ, Цаймаог залж зөвдөхөд Дүнцао Юань түшмэл Фусюнь дэвшиж өгүүлрүүн: “Гагц Цаоцаогийн цэрэг ирэхээс айх бус. Эдүгээ их гүнз Зянсяд аж, Сюаньдө бээр Синь Ед буй. Бид цөм бэлэвсрэлийг хэлэхээр очсонгүй. Хэрвээ тэдгээр ял асуухаар ирвээс Зинсян түгшүүртэй болмуй. Фусюнь надад нэгэн арга буй. Зинсянгийн ардыг Тайшань уул мэт амуулж болох бөгөөд бас эзэн гүнгийн зэрэг хэргэмийг хамгаалж чадах болой”. Люзун өгүүлрүүн: “Ямар арга буй?”. Фусюн өгүүлрүүн: “Зинсянгийн есөн хошууны газрыг Цаоцаод өргөхийг хүрэхгүй. Ийм болбоос Цаоцао эрхгүй эзэн гүнг хүндлэн аваачмуй”. Люзун зандан өгүүлрүүн: “Энэ ямар үг буй? Би эцгийн хөрөнгийг хүлээгээд суун тогтоогүй атал яахин гээж өөр хүнд өгмүй?”. Куай Юэ өгүүлрүүн: “Фу Гүнти258-ийн үг мөн болой. Алив сөргүү эевэргүүд их байдал буй. Чийрэг буурайд тогтсон хүчин амуй. Эдүгээ Цаоцао өмнийг байлдаж хойдыг дайлалдаад хааны нэрээр явах тул эзэн гүн эсэргүүцвээс нэр төв үгүй, нэндээ эзэн гүн шинэ байгуулсан бөгөөд гадаадын зовлон намхраагүй байтал дотоодын зовнил үүсэх шахсанд Зинсянгийн ард Цаоцаогийн цэрэг хүрч ирэхийг сонсоод байлдаагүйгээр зүрх цөс урьд жихүүрэн айсан тул яахин түүн лүгээ байлдаж чадмуй”. Люзун өгүүлрүүн: “Олон гүнгийн үгийг би дагахгүй бус. Гагц урьд эцгийн хөрөнгийг агшин зуур өөр хүнд алдваас дэлхий дахины хүнд элэглэгдэх болов уу хэмээмүй” хэмээв. Тэр үед нэгэн хүн гэхэлзэн орж ирээд хэлрүүн: “Фу Гүнти Куай Идугийн үг маш сайн яахин дагахгүй аж?” хэмээжээ. Олон үзвээс харин Шань Янгийн Гаопингийн хүн, овог Ван, нэр Цань, өргөсөн нэр Жунсюань. Ванцаньгийн овор дүр хэрзийж, бие байдал янжгар, бага үед Жунлан түшмэл Цай Юнд золгохоор очсонд тэр Цай Юнгийн гэрт гэр дүүрэн зочмод хурж байх үес “Ванцанийг ирэв” хэмээн сонсмогц гутал өмсөж завдахгүйгээр угтан гарсныг зочмод цөм гайхаж өгүүлрүүн: “Цай Жунлан яахин гагц энэ бага хүүхдийг хүндлэх буй?” хэмээхүйд Цай Юн өгүүлрүүн: “Энэ хүүхдэд онцгой чадал буй. Би хүрэхгүй” хэмээжээ. Ванцаньгийн олонтоо сонсож үлэмж ойлсныг хүн хүрэхгүйн дээр үргэлж замын хажууд хөшөө чулууны утгыг нэгэн удаа үзвээс даруй ойлгож уншин гаргамуй. Хүний шатар тавихыг үзээд явж хутгасны хойно Ванцань дахин уг ёсоор тавьж гаргаад нэгэн чулуу ч гэмээнэ осолдохгүй. Бас бодох зурхайд сайн. Түүний утга өгүүллийн гайхамшиг нь нэгэн цагт ихэд нэр гарсан ажгуу. Арван долоон насанд Хуанмэньгийн Шилан болгосонд тушаалыг хүлээсэнгүй. Хойно самуунаас зайлж Зинсянд одсоныг Любяо дээд зочин болгов. Тэр өдөр Люзунд хэлрүүн: “Жанжин өөрөө санахад Цао гүнгээс ямар?”. Люзун өгүүлрүүн: “Хүрэхгүй болой”. Ванцань өгүүлрүүн: “Цао гүн цэрэг олон жанжин баатар, мэдлэг гүйцэд бодлого үлэмж. Сяпид Люйбүг баримталж Гуаньдүд Юаньшаог шахамдуулан Лун Юд Любэйг үлдээгээд, Үхуаньг Байлан259 газарт эвдэж урвасныг арилган самуурсныг тогтоосон нь тооловч барахгүй. Эдүгээ их цэрэг авч өмнө ирснийг Зинсянгийн байдал үзвээс мөчөөрхөхүйеэ бэрх. Фу, Куай хоёр авгайн бодлого харин уртамжлах бодлого болой. Жанжин татгалзаж гэмшихэд битгий хүрүүл!” хэмээсэнд Люзун өгүүлрүүн: “Ноёнтны сургасан нь маш зүй. Гагц эхэд мэдүүлэн сонсгох хэрэгтэй!” хэмээтэл Цай хатан халхавчийн хойноос гарч Люзунд өгүүлрүүн: “Нэгэнтээ Жунсюань, Гүнти, Идү гурвуулын үзэл адил болбоос надад хэлж юу хиймүй?” хэмээв. Түүнээс Люзунгийн санаа тогтож даруй бичиг үйлдүүлэн Сунжунг далдуур зарж Цаоцаогийн цэргийн өмнө өргөхөөр илгээв. Сунжун захиаг хүлээн шууд Ваньчэн хотод хүрч Цаоцаог угтан авч дагах бичгийг өргөсөнд Цаоцао ихэд баярлан Сунжунг хүндэд шагнаж Люзунг хотын гадна гарч угтагтун хэмээгээд түүгээр “Өнө удаан Зинжоугийн эзэн болгосугай!” хэмээн зарлав.

258 Фусюньгийн өргөсөн нэр

259 Цагаан чоно гэсэн утгатай

Тэндээс Сунжун Цаоцаогаас салж Зинсянд буцахуйяа сая мөрнийг гэтэлсүгэй хэмээтэл гэнэт нэгэн салааны цэрэг морь ирэв. Үзвээс Юньчан болой. Сунжун далдалж завдсангүйд Юньчан дуудан зогсоож Зинжоугийн хэргийг нарийвчлан асууваас Сунжун эхэнд нуун дарсан бөлгөө. Хойно Юньчангийн чанга асуусанд аргагүй урьд тохиолдсон хэргийг нэг нэгээр хэлсэнд Юньчан ихэд цочиж даруй Сунжунг баримтлан Синь Ед авч ирсэн хойно Сюаньдө золгож учрыг хэлбээс Сюаньдө сонсоод ихэд уйлав. Жанфэй өгүүлрүүн: “Хэрэг нэгэнтээ үүнд хүрсэн тул урагш Сунжунг алаад цэрэг авч мөрөнг гэтлэн Сян Яныг булаан аваад цай овогт хатан жич Люзун гүнзийг алсны хойно Цаоцао лугаа байлдваас болмуй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи түр амаа хамхи! Би өөрөө хянасугай!” хэмээгэд Сунжунг зандан өгүүлрүүн: “Чи олны хэрэг үйлдэхийг мэдсээр юунд эрт ирж мэдүүлэхгүй болой? Эдүгээ хэдий чамайг алавч хэрэгт тусгүй түргэнээ тонилогтун!” хэмээхүйеэ Сунжун толгойгоо тэвэрсээр явав.

Түүнээс Сюаньдө төв хэмээн зовниж ахуйд гэнэт хүн мэдүүлрүүн: “Гүнз Люци, Изиг зарж илгээв” хэмээмүй. Сюаньдө Изигийн урьд өдрийн тусалсан ачийг бодож яндраас бууж угтаад дахин давтан тал өгөхөд Изи өгүүлрүүн: “Их гүнз Зянсяд аж. Зинжоугийн эзэн нэгэнтээ өнгөрөөд Цай хатан Цаймао лугаа зөвдөж “Бэлэвсрэлийг илэрхийлэхгүйгээр шууд Люзунг эзэн болгов” хэмээн сонсоод гүнз Сян Янд хүн зарж сурвалжлуулбаас эгэж хэлсэн нь цөм үнэн учир хэмээмүй. Үүнд мужийн захирагчийг мэдээгүй болов уу хэмээн тусгайлан намайг илгээн бэлэвсрэлийн бичиг өргөхөөр илгээв. Бас мужийн захирагчийг тугийн доорхи шилдэг цэргээ дуустал авч хамт Сян Янд ял асуухаар очсугай хэмээмүй”. Сюаньдө бичгийг үзээд изид өгүүлрүүн: “Зыбо гагц Люзунгийн хэтрэмхийлэн суусныг мэдэвч Люзун Зинсянгийн есөн хошууны газрыг нэгэнтээ Цаоцаод өргөснийг мэдэхгүй болой”. Изи ихэд цочин өгүүлрүүн: “Лю мужийн захирагч хаанаас сонсов?”. Сюаньдө даруй Сунжунг баримтлан авсан учрыг хэлж өгөв. Изи өгүүлрүүн: “Хэрвээ ийм болбоос Лю мужийн захирагч тахилга тавихаар нэр болгон Сян Янд одож Люзунг өдөөн угтуулах дашрамд бариад түүний нам хоршоог албаас Зинжоу даруй Лю мужийн захирагчийнх болмуй”. Кунмин өгүүлрүүн: “Зыбогийн үг мөн болой. Эзэн гүн дагаваас зохимуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Миний ах үхэх үес надад өнчнийг найдсан тул эдүгээ түүний хөвгүүнийг барьж газрыг булааваас өөр өдөр есөн булгийн дор яахан дахин ахын нүүрт учирмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ энэ хэргийг үйлдэхгүй болбоос Цаоцаогийн цэрэг нэгэнтээ Фаньчэнд хүрч ирсэн тул юугаар дайсныг халхалмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Түр Фаньчэнд одож зайлахад хүрэхгүй” хэмээн зөвдөлцөж асан бөлгөө.

Гэнэт харуулын хүн нисэх мэт ирж мэдүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг нэгэнтээ бөванд хүрч ирлээ”. Сюаньдө яаран Изиг Сян Янд буцуулаад цэрэг морийг засаж нэгэнтээгүүр Кунмин лүгээ дайсныг эсэргүүцэх аргыг зөвдөв. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн түр санаагаа султга! Урьд удаа нэгэн атга галаар Ся Хоудүньгийн цэрэг морины их хагасыг галдаад эдүгээ Цаоцао бас ирсэн тул эрхгүй түүнийг энэ аргад оногдуулсугай! Бид Синь Ед сууж болохгүй болов. Эртээс Фаньчэнд очиход хүрэхгүй” хэмээгээд хүн зарж дөрвөн хаалганд тунхаг бичиж нааж ардад ухуулан: “Хөгшин залуу эр эмийг асуухгүй, дуртайяа дагагчид нь мөн өдөртөө намайг дагаж Фаньчэнд зайлахаар од! Өөрөө эндүүрч болохгүй” хэмээгээд Сүньцянийг зарж голын хөвөөнд очин онгоц бэлтгэж зуун овогтод тусал. Мижуг “Олон түшмэлийн гэрийн бүхнийг хамгаалж Фаньчэнд од!” хэмээн зараад нэгэнтээгүүр олон жанжныг цуглуулан захиа зарлигийг хүлээ хэмээгээд урьд Юньчанг “Нэгэн мянган цэрэг авч байхө голын дээр урсгалд очиж бүгтүгэй. Тус бүр бөс уутанд хумхи шороог арвин агуулж байхө голын усыг таслагтун! Маргаашийн гурван жингийн хойно гагц доор урсгалд хүн үймж морь янцгааваас даруй бөс уутыг татан авч усыг тавин живүүлээд даруй усыг дагаж алан ирэгтүн!” хэмээв. Бас Жанфейг дуудаж: “Нэгэн мянган цэрэг авч болингийн оломд бүгтүгэй! Энэ газрын усны хүч маш алгуур тул Цаоцаогийн цэрэг живэгдсэн хойно лав үүгээр оргомуй. Мөн дашрамд алан ирж тусал!” хэмээв. Бас Жао Юнийг дуудаж хэлрүүн: “Чи гурван мянган цэрэг авч дөрвөн анги хуваан өөрөө нэгэн ангийг дагуулж зүүн хаалганы гадна бүгэгтүн! Бус гурван ангийг баруун өмнө хойдын гурван үүдэнд бүгүүл! Урьд хотын доторх ардын гэрийн дээр хүхэр зэрэг гал татах юмыг нуун тавьсугай! Цаоцаогийн цэрэг хотод орвоос эрхгүй ардын гэрт унтмуй. Маргааш гэгээ тасарсан хойно лав их салхи хөдлөмүй. Гагц салхи хөдлөхийг үзэж даруй баруун өмнө, хойд гурван үүдний бүгсэн цэргээр галт зэвийг дуустал хотын дотор харваж илгээхүл хотын дотор гал үүсвээс даруй хотын гаднаас хашхирч сүр нэмэгдүүлэн гагц зүүн үүдийг үлдээж тэдгээрийг тавин явуулаад чи зүүн үүдний гадна түүний хойноос байлдаж үүрийн хяраад Гуань, Жан хоёр жанжин лугаа нийлж цэргийг хураан Фаньчэн хотод эгтүгэй!”. Дахин Мифан, Люфэн хоёулыг “Хоёр мянган цэрэг авч хагасыг улаан далбаа, хагасыг хөх далбаа бариулан Синь Е хотоос гучин газрын эцэс Цюэ Вэйпо хөтлийн өмнө бууж Цаоцаогийн цэрэг хүрч ирснийг үзвээс улаан далбаат цэргийг зүүнд хөх далбаат цэргийг баруунд зогсоовоос түүний сэтгэлд сэжиг төрж аймшиггүй нэхэхээр ирэхгүй бөлгөө. Та хоёул тус тусдаа хувааж бүгээд хотын доторх галын гэрлийг үзмэгц буруулсан цэргийг нэхэж алаад хойно байхө голын дээр урсгалд тосохоор ирэгтүн!” хэмээн Кунмин тус бүр хуваан явуулсан хойно Сюаньдө өндөр дээр гарч анхаарч, гагц сэтгүүл довтолгохыг хүлээв.

Тэндээс Цаорэнь, Цаохун арван түмэн цэргийг дагуулан гавшгай болж урьд Сюйчу гурван мянган төмөр хуягт цэрэг авч зам нээж уудам ихээр Синь Егийн зүг байлдахаар ирлээ. Мөн өдрийн үдийн үес Цюэ Вэйпо хөтөлд хүрч ирээд үзвээс хөтлийн өмнө нэгэн сүрэг хүн морь цөм хөх, улаан далбаа өргөх нь харагдмуй. Сюйчу цэргийг шахамдан урагш очвоос Люфэн, Мифан цэргийг гурван анги хуваагаад хөх улаан далбаа тус бүр зүүн баруунд ялгарчээ. Сюйчу морио татаж хэлрүүн: “Түр битгий урагшил! Өмнө эрхгүй бүгсэн цэрэг буй тул манай цэрэг энд бууваас болмуй” хэмээгээд Сюйчу морийг нисэх мэт довтолгон гавшгай цэргийн Цаорэньд мэдүүлсэнд Цаорэнь өгүүлрүүн: “Энэ сэжиглэлийн цэрэг болой. Лав бүгсэн цэрэггүй. Түргэнээ цэргийг дэвшүүлэгтүн! Би хойноос залгалдаагаар хүрмүй” хэмээсэнд Сюйчу дахин хөтлийн өмнө хүрээд цэргийг авч алан ороод шугуйн дотор хүрч нэгжвээс нэг ч хүн үзэгдэхгүй. Тэр үес нар нэгэнтээ унав. Сюйчу сая урагш дэвшсүгэй хэмээтэл уулын дээр үлээх, дэлдэх дуу ихэд сонсогдмуй. Дээш хандаж үзвээс уулын оройд нэгэн сүрэг далбаа буй ажгуу. Түүний дотор хоёр жигүүр буй. Зүүнд Сюаньдө, баруунд Кунмин хоёул эсэргүүцэн сууж архи ууж буй. Сюйчу ихэд хилэгнэн цэргийг авч зам эрж уул өөд мацваас уулан дээрээс мод чулуугаар цохин буулгахад гарч чадсангүй бас уулын хойноос хашхирах дуу ихэд дэгдэхэд зам эрж байлдахаар очсугай хэмээхүл тэнгэр нэгэнтээ орой болжээ.

Тэндээс Цаорэнь цэрэг авч ирээд хэлрүүн: “Түр Синь Е хотыг авч цэрэг буусугай хэмээн цэрэг дагуулан хотын доор хүрч үзвээс дөрвөн хаалга жирийтэл нээж амуй. Цаоцаогийн цэрэг дайран орвоос нэгч хориглох хүнгүй бөгөөд хотын дотор нэг хүн ч үзэгдэхгүй. Харин нэгэн хоосон хот бөлгөө”. Цаохун өгүүлрүүн: “Энэ нь хүч өнчирч арга мохоод тийнхүү зуун овогт ардыг дуустал дагуулан явсан болой. Бид түр хот дотор цэрэг морийг амуулж дараа өдөр гэгээн наранд цэрэг орсугай!” хэмээв. Тэр үес олон цэрэг явж зүдэрснээр цөм гэдэс хоосон болсон тул тус бүр гэрт ирж будаа чанаж идмүй. Цаорэнь, Цаохун мөн яаманд буужээ. Анх жингийн үес гэнэт их салхи хөдөлж үүд сахигч цэрэг нисэх мэт ирээд мэдүүлрүүн: “Гал шатав!” хэмээсэнд Цаорэнь өгүүлрүүн: “Энэ эрхгүй цэргүүд будаа чанахад сэтгэл тавьсангүй гал алдсан буй за! Битгий цочигтун!” хэмээн хэлж бараагүйд залгалдаагаар хэдэн удаа мэдүүлрүүн: “Баруун өмнө, хойд гурван үүдэнд цөм гал үүсэв” хэмээсэнд Цаорэнь яаран олон жанжинг “Морио унагтун!” хэмээтэл сум дүүрэн гал үүсэж дээр доор нэгэн адил ув улаан болжээ. Энэ шөнийн гал урьд бөван хотын галаас хэдэн хувь илүү болжээ.

Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Ертөнцөд тусгүй Цаоцао Жун Юанийг сахиж байгаад

Есөн сард өмнөш дайлахаар Ханьчуаний газар хүрсэнд

Салхины эзэн уурлан Синь Е суманд залраад

Галын сахиулсан хилэгнэж тэнгэрийн орноос буув”

Цаорэнь олон жанжныг дагуулан утаанд шургаж галыг харайлган зам эрэн явсаар хэлэхийг сонсвоос зүүн үүдэнд галгүй хэмээмүй. Яаран зүүн хаалгаар дутаан гартал цэргийн ард харилцан гишгэлцэж үхсэн нь тоогүй. Цаорэнь сая галын аюулаас мултрахуйяа арын хойноос хашхирах дуу гарч Жао Юнь цэрэг авч нэхэн ирж хутган байлдав. Дарагдсан цэрэг тус бүр оргож амь гарсутай хэмээхээс бус хэн аймшиггүй бие эргэж байлдах аж. Төв хэмээн явж атал Мифан нэгэн баг цэрэг авч ирээд дайран орсонд Цаорэнь ихэд дарагдаж зам булаан оргожээ. Люфэн бас цэрэг дагуулан ирж нэгэн зэрэг тосон байлдаж дөрвөн жингийн үе болсонд хүн морь ядаж зүдээд цэрэг ард олонхын толгой түлэгдэн магнай хуйхлагдаж явсаар Байхо голын хөвөөнд хүрч үзвээс ус нь харин гүнгүй. Хүн морь цөм ундаассанаар голд орж ус уухад хүн бархиран морь янцгаамуй.

Тэндээс Юньчан дээр урсгалд аж. Бөс уутаар голын усыг таслаад гэгээ тасрахын үес харваас Синь Ед гал үүсгэж дөрвөн жинд хүрээд, гэнэт доор урсгалд хүний үг хэлэлцэх, морь янцгаах дуу сонсогдох тул даруй цэргээр нэгэн цугаар уутыг татан авуулсанд усны хүч ихэд догшноор дорогш орж очсонд Цаоцаогийн цэрэг морь усанд живж үхсэн нь маш үлэмж. Цаорэнь олон жанжинг дагуулан усны алгуур гүехэн газрыг эрж оргон явсаар болингийн оломд хүрэх үед хашхирах дуу нэгэнтээ гарч нэгэн баг цэрэг замыг тосов. Тэргүүлэгч их жанжин Жанфэй болой. Их дуугаар бархиран: “Цаоцао хулгай түргэн ирж амиа өргөгтүн!” хэмээтэл Цаоцаогийн цэрэг ихэд цочив. Энэ чухамхүү:

“Улаан нөл260 үүссэнийг хот дотор сая үзтэл

Усны хөвөөнд бас хар салхи ирэхэд учрав”

Эгнэгт Цаорэньгийн амь нас ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

 

260 Галын дөл, сор

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
юу(66.181.191.207) 2022 оны 05 сарын 11

юу вэ

0  |  0
зочин(66.181.191.207) 2022 оны 05 сарын 11

Болдбаатар балайн энэ юмнуудыг зай эзлүүлэхээ болиочээ

0  |  0
Top