"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-41 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЛЮ СЮАНЬДӨ ИРГЭНИЙГ АВЧ МӨРНИЙГ ГЭТЭЛСЭН ЖАО ЗЫЛУН ГАНЦ МОРИОР ЭЗНЭЭ ТУСАЛСАН
Өгүүлэх нь: Жанфэй, Гуань гүн нь дээд урсгалын усыг тавив хэмээн даруй цэрэг авч доод урсгалаар алан ирж, Цаорэнг тосож аван хутган байлдаж, гэнэт сюйчутай учран даруй харилцан алалдахад сюйчу аймшиггүй удаан байлдахгүй зам булаан мултран явахад Жанфэй нэхэн ирээд Сюаньдө, Кунминийг угтан авч нэгэн цугаар хөвөөг даган дээд урсгалд хүрч ирвээс Люфэн, Мифан хоёр нэгэнтээ онгоц салыг бэлтгэн тавьж хүлээн амуй. Түүнээс хамтаар голыг гэтлэн бүгд Фаньчэнийг зүглэн очив. Кунмин хүнээр онгоц салыг цөм гал тавиулан шатаажээ.
Тэндээс Цаорэнь үлдсэн цэргийг хурааж ойролцоо Синь Ед суугаад Цаохуныг зарж Цаоцаод учран ялагдсан хэргийг бүрнээр хэлбээс Цаоцао ихэд уурлан өгүүлрүүн: “Жугө Лян хөдөөний эр ямар аймшиггүй ийнхүү аашилмуй” хэмээгээд олон цэргийг шаардан хөдөлгөж уул талыг бүрхтэл цөмөөр Синь Е суманд хүрч ирэн цайз буугаад цэргийн ардад зарлаж нэгэнтээгүүр уулыг нэгжүүлэн нөгөөтээгүүр Байхө голд бүгүүлээд цааз зарлаж их цэргийг найман зам болгон хувааж, нэгэн цугаар Фаньчэн хотыг авуулахаар илгээхэд Лю Е өгүүлрүүн: “Чансан сая Сян Янд хүрч ирсэн тул эрхбиш урьдаар иргэний сэтгэлийг худалдан авах хэрэгтэй. Өдгөө Любэй Синь Егийн зуун овогт иргэнийг цөмийг нүүлгэн Фаньчэнд оруулжээ. Хэрвээ манай цэрэг шууд орвоос хоёр сум дуустал хэмхэрмүй. Харин урьдаар хүн зарж Любэйг элсэн дагуулсугай. Любэй хэрвээ эс дагавч мөн бидний иргэнийг хайрласан сэтгэлийг үзүүлж болмуй. Хэрвээ үнэхээр дагахаар ирвээс Зинжоу мужийн газрыг байлдахгүйгээр тогтоож болмуй” хэмээсэнд Цаоцао түүний үгийг авч даруй асууруун: “Хэнийг элч болгон илгээвээс болмуй?”. Лю Е өгүүлрүүн: “Сюйшу Любэй лугаа туйлын зузаан бөгөөд өнөө цэргийн дунд байх тул юунд түүнийг илгээхгүй буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Тэр очвоос дахин ирэхгүйгээс болгоомжилмуй!”. Лю Е өгүүлрүүн: “Тэр хэрвээ ирэхгүй болбоос хүнд элэглэгдэхээс айх буй за.
Чансан үл сэжиглэх ажаам уу!”. Цаоцао даруй Сюйшуг дуудан ирүүлж өгүүлрүүн: “Би угтаа Фаньчэнийг гишгэлэн төвшитгөсүгэй хэмээсэн бөлгөө. Гагцхүү олон зуун овогтны амийг хайрламуй. Гүн чи очиж Любэйтэй хэлэлц! Тэр хэрвээ дагахаар ирвээс ялыг хэлтрүүлэн хэргэм зэрэг хүртээсүгэй. Хэрвээ дахин муу сэтгэлийг бариваас цэрэг иргэнийг ялгалгүй алж, хас чулууг цөм хэмхэчмүй. Би гүнгийн шударга журамтайг мэдэх тул тийнхүү тусгайлан илгээсүгэй хэмээмүй. Үл үтээрэх болов уу?”. Сюйшу тушаасныг дагаж Фаньчэн хотноо хүрч ирсэнд Сюаньдө, Кунмингийн хамт угтан золгож бүгдээр хуучин найрыг тоочин хэлэлцсэн хойно Сюйшу өгүүлрүүн: “Цаоцао, Сюйшу намайг зарж мужийн захирагчийг элсэн дагуулахаар илгээсэн нь даруй хуурмагаар “Иргэний сэтгэлийг худалдан авсугай!” хэмээх нь болой. Өдгөө тэр найман замаар цэрэг хувааж Байхө голыг бөглөн орвоос Фаньчэн сахиваас болохгүй болов уу! Түргэнээ зугтах аргыг бэлтгэвээс зохимуй”. Сюаньдө “Сюйшуг үлдээсүгэй!” хэмээтэл Сюйшу тал хийж өгүүлрүүн: “Сюйшу би буцахгүй болбоос хүн элэглэн хэлэлцэх болуузай хэмээнэм. Өдгөө хөгшин эх нэгэнтээ өнгөрсөнд насан эцэслэтэл хорслыг өвөрлөв. Миний бие хэдий тэнд байвч амалдаж нэгэн ухаан хэмээн түүнд эс өргөмүй. Гүнд Волун байж туслах тул их үйл бүтэхгүйгээс юунд зовмуй” хэмээгээд Сюйшу салах ёс хийхэд Сюаньдө аймшиггүй хүчлэн үлдээсэнгүй болой.
Тэндээс Сюйшу салж яваад Цаоцаод золгож хэлрүүн “Сюаньдөд огт дагах санаа алга!” хэмээсэнд Цаоцао ихэд хилэгнэн “Мөн өдөртөө цэрэг орогтун!” хэмээв. Сюаньдө, Кунмингаас арга асуусанд Кунмин өгүүлрүүн: “Хурдан Фаньчэн хотыг гээгээд Сян Яныг авч түр оршин суусугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Зуун овогт иргэн намайг дагаж удсан тул яахин гээж төвдмүй”. Кунмин өгүүлрүүн: “Хүн зарж зуун овогт иргэнд нийтээр ухуулан хэлж дуртайяа дагаж явагчид байваас цугаар очтугай! дургүй нь үлдтүгэй! Хэмээн зарлаваас болмуй” хэмээгээд урьдаар Юньчаныг мөрний хөвөөнд илгээж онгоц салыг бэлтгүүлэн Сүньцянь, Зянь Юнийг зарж хотын дотор чимээ алдаршуулан өгүүлрүүн: “Өдгөө Цаоцаогийн цэрэг хүрч ирэх шахжээ. Гагцхан хотыг удтал сахиж болохгүй тул танай зуун овогт ард дуртай дагагчид нь хамтаар мөрнийг гэтлэсүгэй!” хэмээхэд хоёр сумын ард нэгэн дуугаар ихэд бархиран өгүүлрүүн: “Бид нар хэдий үхэвч гэмээн мөн дуртайяа мужийн захирагчийг дагамуй” хэмээлдэж мөн өдөр гашуудан уйлан явж хөгшнийг түшин, нялхаа тэвэрч, эр эмс унан тусаж голыг гэтлэн хоёр хөвөөн дээр уйлах дуу тасрахгүй. Сюаньдө онгоцон дээрээс олж үзээд ихэд дуу тавин уйлж өгүүлрүүн: “Миний нэгэн хүний тул зуун овогт ард энэ мэт их зовлонд унав. Би юуны тул амьд явмуй” хэмээн хэлээд мөрөнд харайж үхсүгэй хэмээтэл хоёр этгээдээс яаран татан авч зогсоов. Сонссон хүн үл гашуудан уйлсан нь үгүй. Онгоц өмнөд хөвөөнд хүрээд зуун овгийн ардыг эгж харан үзвэл голыг олж гэтлэн чадаагүй нь өмнөш харан уйлалцмуй. Сюаньдө яаран Юньчаныг дуудаж онгоцыг шавдуулан цөмийг гэтэлгээд сая моринд мордов.
Тэндээс Сян Янгийн зүүн хаалганд хүрч ирээд үзвээс хэрмийн дээр туг хиурыг дүүртэл хатгаж, ониулын зах холховч зэвийг нягтлан жагсаажээ. Сюаньдө морины жолоог татаж ихэд бархиран өгүүлрүүн: “Люзун мэргэн ач би гагцхүү зуун овогтны ардыг тэнхрүүлсүгэй хэмээсэн бөлгөө. Бус бодлого огт үгүй, хурдан хаалгыг нээтүгэй!”. Люзун Сюаньдөгийн хүрч ирснийг сонсоод айн эмээж гарсангүй. Цаймао, Жан Юнь шууд хотын хайсанд ирж цэргийн ардыг зандран самуун зэвээр харвуулахад хотын гаднах зуун овогт цөм хотын хайсыг харж уйлмуй. Хэрмийн дээрээс гэнэт нэгэн жанжин хэдэн зуун хүнийг дагуулан шууд хотын асар дээр гарч их дуугаар: “Цаймао, Жан Юнь улсыг худалдагч хулгай бөгөөд Лю мужийн захирагч болбоос өршөөлт эрдэмт хүн болой. Өдгөө ард иргэнийг тэнхрүүлэхийн тулд ирснийг чи юунд тэвчмүй!” хэмээсэнд олноор тэр хүнийг үзвээс биеийн өндөр найман тохой, нүүр нь боловсорсон чавга адил, даруй И Янгийн хүн бөлгөө. Овог Вэй, нэр Янь, өргөсөн нэр Вэньчан. Даруйд Вэй Янь илдийг эргүүлэн хаалга сахигч цэргийн ардыг цавчин алаад хотын хаалгыг нээж өлгөсөн гүүрийг тавин их дуугаар: “Лю хааны авга хурдан цэргээ авч хот дотор орон хамтаар улсыг худалдагч хулгайг алсугай!” хэмээхэд Жанфэй даруй морийг харайлган оръё хэмээтэл Сюаньдө яаран хориглож: “Зуун овгийн иргэнийг битгий цочоо!” хэмээв. Вэй Янь гагцхүү Сюаньдөгийн цэрэг морийг “Хотод орогтун!” хэмээн бархиран атал дотроос нэгэн жанжин нисэх мэт цэрэг авч ирээд их дуугаар: “Вэй Янь нэргүй боол ямар аюулгүй самууныг үүсгэмүй! Их жанжин Вэньпин намайг танимуй хэмээмүй үү!”. Вэй Янь ихэд хилэгнэн жадыг эргүүлж, морийг ташуурдан байлдан ирэв. Хоёр этгээдийн цэрэг хотын захад хутган алалцаж, хашхирах дуу ихэд түрхрэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Би угаас иргэнийг хамгаалсугай хэмээсэн билээ! гэдрэг иргэнийг хорложээ. Би Сян Янд орохыг хүсэхгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Зянлин болбоос Зинжоу мужийн чухал газар тул урьд Зянлинг авч гэр болгоход хүрэхгүй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Төв хэмээн миний санаанд нийцэв” хэмээгээд даруй зуун овгийн ардыг дагуулан цөм Сян Янгийн их замаас ангижирч Зянлин газрыг зүглэн явав. Сян Янгийн хот доторх зуун овогт иргэн самууныг тохиолдуулан хотоос оргон гарч ирээд Сюаньдөг дагаж очсон нь тоо үгүй. Түүнээс Вэй Янь, Вэньпинь лүгээ байлдаж могой цагаас хонин цаг хүртэл хоёр этгээдийн цэрэг ард цөм хохирон дуусаж Вэй Янь даруй морийг буцуулан дутаан явж харин ч Сюаньдөг олсонгүй тул Чаншагийн тайшоу түшмэл Ханьсюанийг дагахаар очив.
Тэндээс Сюаньдө лүгээ хамтдаа явах цэрэг иргэн арав илүү түм, их бага тэрэг хэдэн мянга, мөрт дамнан, ард өргөх ардыг тооловч барахгүй. Замд Любяогийн хүүрийг өнгөрөн гарахад Сюаньдө олон жанжин нарыг дагуулан хүүрийн өмнө сөгдөж уйлаад өгүүлрүүн: “Ичгүүрт дүү Любэй би эрдэмгүй бөгөөд чадал мөхөс тул ахын хүндээр тушаасан гэрээсийг үтээрсэн ял нь Любэй миний нэгэн биед баймуй. Зуун овгийн ардад хамаагүй болой. Хүсэх нь ахын гэгээн сахиус дээшид байж, Зинсянгийн ард иргэнийг авран соёрх!” хэмээн хэлсэн үг нь маш энэлгээтэй тул цэрэг иргэн үл нулимс унагаасан нь үгүй. Гэнэт мэдээний хүн ирж мэдүүлрүүн: “Цаоцаогийн их цэрэг нэгэнтээ Фаньчэнийг эзлээд хүн зарж, онгоц салыг бэлтгүүлэн мөн өдөртөө мөрнийг гэтлэн гарч нэхэхээр ирмүй!” хэмээсэнд олон жанжин нар цөм өгүүлрүүн: “Зянлингийн чухал газарт асар мөчөөрхөн сахиж болмуй. Эдүгэ олон ардын хэдэн түмнийг авч нэгэн өдөрт арав илүү газар яваад энэ мэт болбоос хэзээ
Зянлинд олж хүрэх аж. Хэрвээ Цаоцаогийн цэрэг хүрч ирвээс юугаар угтан тулалцмуй? Эдүгэ зуун овгийн иргэнийг түр гээж урьдаар явсан нь дээр” хэмээсэнд Сюаньдө уйлан хайлан өгүүлрүүн: “Их хэргийг үүсгэхэд эрхгүй хүн ардаар үндэс болгомуй. Өдгөө ард иргэд намайг дагасныг хэрхин гээж болох аж. Зуун овгийн ард Сюаньдөгийн энэ үгийг сонсоод үл сэтгэл эвдэрсэн нь үгүй бөлгөө.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Олон иргэдтэй зовлонг хамтатган энэрэнгүй сэтгэл агуулан
Онгоцонд гараад нулимс асгаруулж бүх цэргийг уяруулжээ
Өнөө болтол Сян Ян мөрний амнаа гашуудан гомдож
Өтгөс хөгшид мөнхүү мужийн захирагчийг санагалзмуй”
Тэндээс Сюаньдө зуун овогтныг авч алгуур аажмаар явахад Кунмин өгүүлрүүн: “Нэхэх цэрэг удахгүй ирэх тул Юньчаныг Зянсяд илгээж гүнз Люцигээс туслах цэрэг гуйлган түүнийг түргэнээ цэрэг байгуулж, онгоцонд суун Зянлингийн газар уулзсугай хэмээвээс болмуй”. Сюаньдө үгийг даган даруй захидал бичиж Юньчаныг Сүньцяньтай хамт таван зуун цэрэг авч Зянсяд өмгөлөх цэрэг гуйлгахаар илгээв. Жич Жанфэйг хайгуул болгож, Жао Юньгээр хөгшин залууг хамгаалуулан түүнээс бусдыг цөм зуун овогтныг харгалзуулж явуулмуй. Өдөр бүр гагц арав илүү газар явж, даруй амаж хоноглох болжээ.
Тэндээс Цаоцао Фаньчэнд байж хүн томилон мөрнийг гэтэлж, Сян Янд хүрч Люзунг “Уулзсугай!” хэмээн дуудуулахад Люзун уулзахаар очихоос айж одохгүйд Цаймао, Жан Юнь хоёр “Очтугай!” хэмээн шаардав. Ванвэй сэмээр Люзунд хэлж өгүүлрүүн: “Жанжин чи түүнд дагасан бөгөөд Сюаньдө бас дутаажээ. Цаоцао лав залхууран бэлтгэсэнгүй буй. Жанжин чи шилсэн цэргийг бэлтгэн бэрх хавцалд байрлуулан цохивоос Цаоцаог барьж болмуй. Цаоцаог барьсанаар дэлхий дахинд сүр алдаршиж, Жун Юаньгийн газар хэдий уудам боловч бичиг тархаан тогтоож болмуй. Энэ нь учирахуйяа бэрх тохиол тул алдаж үл болмуй” хэмээв. Люзун тэр үгийг Цаймаод хэлсэнд Цаймао Ванвэйг зандран өгүүлрүүн: “Чи тэнгэрийн бошгыг мэдэхгүй бөгөөд ямар аашгүй дэмий чалчмуй!” хэмээвээс Ванвэй уур хилэн бадарч хараан хэлрүүн: “Улсыг худалдсан боол чиний махыг амьдаар чинь идэж чадахгүйдээ хорсмуй!”. Цаймао алсугай хэмээхэд Куай Юэ хориглон зогсоов. Цаймао, Жан Юнь лугаа хамт Фаньчэнд хүрч ирээд Цаоцаод ёслон золгоход, Цаймао нарын үгийн байдал маш бялдууч тул Цаоцао асууруун: “Зинжоу мужийн цэрэг морь, амуу хүнс өдгөө хэдий буй?” хэмээсэнд Цаймао өгүүлрүүн: “Морьт цэрэг таван түм, явган цэрэг арван таван түм, усан цэрэг найман түм, бүгд нийлэн хорин найман түмэн цэрэг буй. Жич амуу хүнсний ихэнх нь Зянлинд буй. Түүнээс бус эл газарт байх нь бас нэгэн оны хэрэгсэлд гүйцмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Байлдах онгоц хэдий бөгөөд угаас ямар хүн захирмуй?”. Цаймао өгүүлрүүн: “Их бага байлдах онгоц бүгд долоон мянга илүү баймуй. Угаас Жан Юнь бид хоёул захирдаг”. Цаоцао даруй Цаймаог Жөнь Наньхоу болгоод нэмж усан цэргийн их дүдү болгон өргөмжлөв. Жан юнийг Жу Шүньхоу болгоод мөн нэмж усан цэргийн дэслэгч Дүдү болгон өргөмжилсөнд хоёул ихэд баярлан хишигт мөргөвөөс Цаоцао бас өгүүлрүүн: “Лю Зиншэн үхсэний хойно түүний хөвгүүн эеэр дагасан тул би тэнгэрийн хөвгүүнд илэрхийлэн айлтгаж өнө уртаар Зинжоу мужийн эзэн болгосугай!” хэмээсэнд хоёр хүн ихэд баярлаж эгэв. Сюнь Юй өгүүлрүүн: “Цаймао, Жан Юнь хэмээгч зусар бялдууч ард тул эзэн гүн юунд ийнхүү их хэргэмийг хүртээгээд нэн ялангуяа усан цэргийг ерөнхийлөн захируулав?” хэмээвээс Цаоцао инээн: “Би хүнийг үл таних нь бус гагц миний дагуулсан хойд газрын олон цөм усан дээр байлдахад боловсорсон нь үгүй. Тийнхүү түр аргацаасхийн энэ хоёр хүнийг хэрэглэсэн бөлгөө. Хэрэг бүтсэний хожим өөр учир буй” хэмээжээ.
Тэндээс Цаймао, Жан Юнь буцаж Люзунд золгоод: “Цаоцао жанжин таныг батлан айлтгаж үүрд Зинсян газрыг эзэгнүүлсүгэй хэмээмүй” хэмээн бүрнээ хэлсэнд Люзун ихэд баярлан дэд өдөр эх Цай хатан лугаа тамга цомцог, цэргийн дохиотой өргөн барьж, биеэр мөрнийг гэтлэн Цаоцаог ёслон угтав. Цаоцао тохинуулан хэлж, бараад даруй дагаж дайлахаар ирсэн жанжин нарыг аван Сян Ян хотын гадна дэвшин суув. Цаймао, Жан Юнь нар Сян Янгийн зуун овогтныг хүж шатаалган мөргөн угтуулсанд Цаоцао сайн үгээр тохинуулан ухуулаад хотод орж ордон яаманд хүрч суусан хойно даруй Куай Юэг дуудан ойр ирүүлж илбэн өгүүлрүүн: “Би Зинжоу мужийг олсондоо баярлахгүй, гагц Идү261 чамайг олсондоо баярламуй!” хэмээгээд Куай Юэг Зянлингийн тайшоу түшмэл бөгөөд Фаньчэн Хоу, жич Фусюнь, Вансань нарыг цөмөөр Гуаньнэй Хоу болгон өргөмжлөөд, Люзунг Цинжоу мужийн Сыши түшмэл болгож “Даруй мордон явагтун!” хэмээн шавдуулав. Люзун захиаг сонсоод ихэд цочин маргаж: “Люзун би түшмэл суухыг хүсэхгүй эцэг эхийн нутаг газрыг сахихыг хүсмүй!”. Цаоцао өгүүлрүүн: “Цинжоугийн газар болбоос хааны нийслэлээс ойр тул чамайг хааны төрд дагуулж түшмэл болговоос Зинсян газар байж хүнд хорлогдохоос олж хэлтэрмүй”. Люзун дахин давтан маргавч Цаоцао болохгүй тул аргагүй эх Цай хатан лугаа хамт Цинжоуд мордохуйяа, гагц хуучин жанжин Ванвэй дагаж очив. Түүнээс бус ноёд түшмэл цөм мөрний аманд хүртэл үдэж эгэв. Цаоцао Юйзинийг дуудаж сурган өгүүлрүүн: “Чи түргэнээ гавшгайлан очиж Люзун эх хөвгүүн хоёрыг нэхэн алж хожмын зовлонг тасалтугай!” гэсэнд Юйзинь захиаг дагаж олныг дагуулан гүйцэн хүрээд ихэд зандарч өгүүлрүүн: “Би Чансангийн цаазыг хүлээн танай эх хөвгүүнийг алахаар ирэв. Хурдан толгойгоо нааш авчир!” хэмээсэнд Цай хатан Люзунг тэврэн ихэд уйлмуй. Юйзинь цэргийн ардыг зандан “Гар хөдөл!” хэмээхэд Ванвэй тачаадан хилэгнэж хүчийг шаламгайлан байлдаад эцэст олон цэрэгт алагджээ. Цэргийн ард Люзун жич Цай хатны цөм алаад, Юйзинь буцаж Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао Юйзинийг хүндээр шагнав. Даруй хүн зарж Лүнжунгаас Кунмингийн эм хүүхдийг нэгжүүлбээс хааш очсоныг мэдэхгүй болжээ. Үзвээс Кунмин хүнээр Хөх мөрний дотоодод нүүлгэн авчирч нуун суулгасан ажээ. Цаоцао сонсоод гүн хорсов.
261 Куай Юэгийн өргөсөн нэр
Тэндээс Сян Янгийн газар нэгэнтээ тогтсоны хойно Сюнь Юй үг давшуулан өгүүлрүүн: “Зянлин болбоос Зинсянгийн хүнд газар бөгөөд амуу хүнс маш элбэг. Любэй хэрвээ энэ газрыг эзэлбээс даруй хөдөлгөн чадахуйяа бэрх” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Мөхөс би юунд түүнийг умартмуй!” хэмээн даруй Сян Янгийн олон жанжин дотроос нэгийг сонгож “Цэрэг авч зам нээтүгэй!” хэмээсэнд олон жанжны дотор гагц Вэньпинь үзэгдэхгүй тул Цаоцао хүн зарж эрэн асуулгасанд сая золгохоор ирэв. Цаоцао асууруун: “Чи юунд ирсэн нь хожимдов?”. Вэньпинь өчрүүн: “Хүний сайд болоод эзнийхээ газар орныг бүрмөсөн бэхлүүлж эс чадсандаа сэтгэл үнэндээ эмгэнэн ичингүйрмүй. Тийнхүү эрт золгох нүүргүй буй” хэмээн хэлж бараад энэлэн шаналан уйлж нулимсыг урсгамуй. Цаоцао өгүүлрүүн: “Үнэхээр шударга сайд болой!” хэмээгээд Зянсягийн тайшоу түшмэл болгож, Гуаньнэй Хоугийн хэргэм хүртээгээд “Цэрэг авч зам нээгтүн!” хэмээв. Харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Любэй зуун овогтныг авч нэгэн өдөрт гагц арав илүү газар явах тул нийлүүлэн бодвоос гурван зуун илүү газар явав”. Цаоцао эл хорооноос төмөр хуягт шилсэн цэрэг таван мянгыг сонгож шөнө дөл урагш илгээн “Нэгэн өдөр нэг шөнөд Любэйг нэхэж гүйцэгтүн!” хэмээн хугацаа заагаад “Их цэрэг дараа дараагаар урагш ортугай!” хэмээв.
Тэндээс Сюаньдө арван хэдэн түмэн зуун овгийн иргэн гурван мянга илүү цэрэг морийг авч хоног дараалан алгуураар урагш Зянлингийн зүг явж Жао Юнь хөгшин залууг хамгаалан Жанфэй хайгуул болов. Кунмин өгүүлрүүн: “Юньчан Зянсяд очоод одоо хариу чимээгүй. Ямар болсныг мэдэхгүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Аюулгүй цэргийн багшийг зовоох нь биеэр нэгэн удаа одно уу! Люци гүнгийн эрт өдрийн сургасан ачийг бодож өдгөө хэрэв гүнгийн биеэр ирснийг үзвээс хэрэг эрхгүй бүтэх буй за!” хэмээнд, Кунмин “Мөн!” хэмээгээд даруй Люфэнгийн хамт таван зуун цэрэг авч урьдаар Зянсяд туслах цэрэг гуйхаар очив. Мөн өдөр Сюаньдө өөрийн бие Зянь Юнь, Мижу, Мифан нарын хамт урагш яван атал, гэнэт нэгэн зурваст догшин салхи морины өмнөөс дэгдэж тоос шороо огторгуйд тулан улаан нарыг халхалжээ. Сюаньдө цочин асууруун: “Энэ ямар ёр болой?”. Зянь Юнь арга билгийг маш төсөөлөх тул ханцуйгийн дотор хуруу даран бодож үзээд цочин: “Энэ их муу ёр болой! Мөн шөнө тохиолдмуй. Эзэн гүн хурднаар зуун овогтныг гээж явагтун!”. Сюаньдө өгүүлрүүн: “Зуун овогт Синь Егээс дагасаар энд иржээ. Би яахин гээж төвдмүй”. Зянь Юнь өгүүлрүүн: “Эзэн гүн хэрэв эндээ хоргодоод иргэнийг гээхгүй болбоос зовлон холгүй болмуй!”. Сюаньдө “Өмнө ямар газар байна вэ?” хэмээн асуумагц зүүн баруун этгээдээс өчрүүн: “Өмнөдөд болбоос Дан Ян сумын нутаг бөгөөд нэгэн уул буй. Нэрийг Зин Шань уул хэмээмүй” хэмээхэд “Даруй энэ уулыг дагаж хүрээ буутугай!” хэмээн Сюаньдө цааз зарлав.
Тэр үе намрын сүүл өвлийн эхэн сар тул жихүүн салхи ясыг нэвтэлж гэгээ тасрах шахмагц уйлах дуу тал дүүрмүй. Дөрвөн жингийн хэр болсонд сонсвол баруун хойдоос хашхирах дуу газар доргитол ирмүй. Сюаньдө ихэд цочиж яаран моринд мордож өөрийн харьяат шилсэн цэрэг хоёр мянга илүү хүнийг аван дайсныг угтав. Цаоцаогийн цэрэг даран хүрч ирээд хүч нь тэнцэшгүй. Сюаньдө үхэн байлдаад хараахан цухалдаж байтал завшаанаар Жанфэй цэрэг авч хүрч ирэн нэгэн зурвас цусан зам алан нээж Сюаньдөг тэнхрүүлээд зүүн зүг явахад Вэньпинь урагш ирж хөндөлдөн авав. Сюаньдө хараан өгүүлрүүн: “Эзнийг тэсэргүүлсэн хулгай харин ямар нүүр байж хүнтэй уулзмуй!” хэмээжээ. Вэньпинь ихэд ичингүйрэн цэргээ авч зүүн хойд зүг очив. Жанфэй, Сюаньдөг хамгаалж байлдах бөгөөд явсаар тэнгэр гэгээрсэнд сонсвоос хашхирах дуу улмаар хол очив. Сюаньдө сая морийг амруулж харьяат дагаж явах хүнийг үзвэл гагц зуу илүү морьтон үлджээ. Зуун овогт хөгшин залуу ба Мижу, Мифан, Зянь Юн, Жао Юнь нарын нэгэн баг хүний очсон орныг эс мэдэв. Сюаньдө ихэд уйлан өгүүлрүүн: “Арван хэдэн түмэн хамаг амьтан цөм намайг эрмэлзсээр энэ мэт зовлонд учрав. Олон жанжин нар жич хөгшин залуу цөм үхсэн ба амьдыг мэдэхгүй. Хэдий шороо, модны хүн боловч халшрахгүй чадмуй уу?” хэмээн хэлээд ихэд сэтгэл эвдрэв.
Түүнээс гэнэт үзвэл Мифан нүүрт хэдэн зэв хатгуулж бүдрэн хатиран ирээд амандаа хэлэх нь: “Жао Зылун262 урваж Цаоцаод дагаар очив” хэмээжээ. Сюаньдө зандран өгүүлрүүн: “Зылун нь миний хуучин нөхөр яавч үл урвах бөлгөө!”. Жанфэй өгүүлрүүн: “Тэр өдгөө манай сүр буурч хүч мохсоныг үзээд урваж, Цаоцаод одож баяныг шунахайрсан буй за”. Сюаньдө өгүүлрүүн: “Зылун гачигдал зовлонгийн дотор намайг дагаж сэтгэл нь төмөр чулуу мэт, баян эрхмээр хөдөлгөн чадах хүн бус болой”. Мифан өгүүлрүүн: “Би үзтэл тэр баруун хойд зүгт очив”. Жанфэй хэлрүүн: “Би биеэр түүнийг эрэхээр очсугай! Хэрэв түүнтэй учирсан цагт нэгэн жадаар жадлан албаас барав”. Сюаньдө өгүүлрүүн: “Бүү ташааран сэжиглэ! Чиний хоёрдугаар ах Яньлян, Вэньчоуг алсан хэргийг үзсэнгүй юу? Зылунгийн энэ очсон нь эрхгүй учир буй амуй. Би бодвол Зылун хэрхивч намайг гээхгүй бөлгөө”. Жанфэй юунд тэр үгийг сонсох буй. Даруй хорь илүү морьтонг авч Чан Баньцяо гүүрэнд хүрч үзвээс гүүрний зүүнд нэгэн бүлэг ургамал мод байх ажээ. Жанфэйн сэтгэлд нэгэн арга төрөгдөж дагасан хорь илүү морьтонг дуудан цөмөөр модны салааг цавчин буулгаад морины сүүлэнд уяж модон шугуй дотор нааш цааш довтолгон гүйлгэж, тоос шороо дэгдүүлэн сэжиглэлийн цэрэг болгоод Жанфэй өөрийн биеэр жадаа хөндлөнгөөр барьж гүүрний дээр морийг татан зогсоож, баруунш хандаж үзмүй.
262 Жао Юньгийн өргөсөн нэр
Тэндээс Жао Юнь, дөрвөн жингийн хэрээс Цаоцаогийн цэрэг лүгээ алалдаж нааш цааш шувтлан тэнгэр гэгээртэл алалдсан боловч Сюаньдөг эрэн олохгүй бөгөөд Сюаньдөгийн хөгшин залууг ч бас алджээ. Жао Юнь
дотроо сэтгэрүүн: “Эзэн гүн надад гань, ми хатад ба бага эзэн адоу нарыг тушаасан атал энэ өдөр цэргийн дотор алдаад одоо ямар нүүрээр эзэн гүнтэй уулзахаар очмуй. Нэгэнтээ үхэн байлдаж сайн муу ч болов хатан ба бага эзний байх газрыг эрэн олсугай!” хэмээгээд зүүн баруун этгээдийг харж үзвэл гагц гуч дөчин морьтон дагажээ. Жао Юнь морийг ташуурдан самуун цэргийн дотор эргэн орсонд хоёр сумын зуун овогтон гаслалцан уйлах дуунд тэнгэр түрхрэн, газар хөдөлмүй. зэвэнд оногдож жаданд хатгагдан, хөвгүүнээ орхин охиноо гээж явагчдыг тоолбоос барахгүй. Жао Юнь хараахан явж байтал нэгэн хүн өвсний дотор хэвтэж баймуй. Нарийвчлан үзвээс харин Зянь Юн ажгуу. Жао Юнь яаран асууруун: “Хоёр хатныг үзсэн буюу?”. Зянь Юн өгүүлрүүн: “Хоёрдугаар хатан тэрэг морийг гээж адоуг тэврэн явж байсанд би морийг нисгэн нэхэн очиж уулын хөтлийг өнгөрөн гартал нэгэн жанжинд нэгэнтээ жадлагдан мориноос унаж, морио булаагдав. би түүн лүгээ мөчөөрхөж чадахгүй, тийнхүү энд хэвтэж баймуй”. Жао Юнь даруй дагасан хүний унасан мориноос нэгийг зээлэн Зянь Юнд өгч унуулаад бас хоёр цэргийг дуудан Зянь Юнийг түшүүлэн урьдаар илгээж, “Эзэн гүнд мэдүүлтүгэй! би тэнгэрт гарч газарт шурган, сайн муу ч болов хатан ба бага эзнийг эрж олсугай! Хэрвээ эрж олохгүй болбоос байлдааны газар үхмүй” хэмээв.
Тэндээс морийг ташуурдан Чан Баньпо хөтлийн зүг очив. Гэнэт нэгэн хүн их дуугаар “Жао жанжин хаана очмуй?” хэмээсэнд Жао Юнь морийг татаж асууруун: “Чи хэн бэ?”. Мөнөөх хүн өчрүүн: “Би болбоос Лю мужийн захирагчийн цацрын доорх тэрэг морийг хамгаалан явах цэргийн ард бөлгөө. Зэвд оногдож энэ газар унажээ” хэмээжээ. Жао Юнь даруй хоёр хатны чимээг асуусанд цэргийн ард өгүүлрүүн: “Өнөө сая Гань хатан үс сэгсийн хөл нүцгэнээр нэгэн бүлэг зуун овогтны эмс охидыг дагаж өмнөш явмуй”. Жао Юнь түүнийг сонсоод цэргийн ардыг ч бодохгүйгээр яаран морийг довтолгон өмнө зүг нэхэн ирэв. Гагц үзвэл нэгэн бүлгийн зуун овогтны эр эм хэдэн зуун хүн харилцан түшилцэж явмуй. Жао Юнь бархиран: “Та нарын дотор гань хатан баймуй уу?”. Гань хатан хойно байж Жао Юнийг олж үзээд дуу тавин ихэд уйлахад, Жао Юнь мориноос буугаад жадаа газарт хатгаж уйлан өгүүлрүүн: “Хатан эхийг сарниулан явуулсан нь Жао Юнь миний ял болой. Ми хатан бөгөөд бага эзэн хаана буй?”. Гань хатан өгүүлрүүн: “Би Ми хатан лугаа хөөгдөөд тэрэг морийг гээж зуун овогтны дотор хутган явган явсаар бас нэгэн салааны цэрэг морьтон лугаа учирч дайран сарнигджээ. Ми хатан ба Адоугийн хаана очсоныг мэдэхгүй. Би ганцаар амь мултран энд ирэв” хэмээн хараахан хэлж байтал зуун овогтон хашхиралдан бас нэгэн салааны цэрэг дайран ирэв. Жао Юнь жадыг сугалан авч моринд мордон үзвэл өмнөд биеийн морин дээр нэгэн хүн хүлж буй. Харин Мижу ажгуу. Арын хойно нэгэн жанжин гартаа дам илд барьж мянга илүү цэрэг дагуулжээ. Тэр болбоос даруй Цаорэньгийн харьяат жанжин Чүнь Юйдао мөн. “Мижуг барьж аваад гавьяа өргөсүгэй!” хэмээн явж агсан бөлгөө. Жао Юнь их дуугаар зандарч жадыг эргүүлэн морийг тавьж шууд чүнь юйдаог зүглэн ирсэнд Чүнь Юйдао тулж чадахгүй Жао Юньд нэгэнтээ жадлагдан мориноос тонгорцоглон унав. Дахин урагш ирж Мижуг тэнхрүүлээд хоёр морь булаан авч Гань хатныг залж моринд мордуулан нэгэн зурвас цусан зам алан нээж шууд Чан Баньпо хөтөлд хүртэл хүргэж гэнэт үзвэл Жанфэй жадыг хөндөлдөн морийг гүүрний дээр зогсоож их дуугаар өгүүлрүүн: “Зылун чи юунд миний ахаас урвамуй?” хэмээтэл Жао Юнь өгүүлрүүн: “Би хатан ба бага эзэнтэнг эрэн олохгүй тийнхүү хойно хоцров. Юуны тул урвав хэмээмүй?” гэж хэлсэнд “Хэрвээ Зянь Юн урьд ирж чимээ хүргэсэнгүй бөгөөс би өдгөө чамтай уулзаад яахин хялбараар тавьмуй”. Жао Юнь асууруун: “Эзэн гүн хаана буй?”. Жанфэй өгүүлрүүн: “Холгүй өмнө биед баймуй”. Жао Юнь Мижугийн зүг өгүүлрүүн: “Ми Зыжүн263 чи, Гань хатныг хамгаалан урьд яв! Би дахин одож ми хатан ба бага эзнийг эрэхээр очсугай!” хэмээн хэлж бармагц хэдэн морьтонг авч хуучин замаар буцаж одов.
Тэндээс хараахан явж байтал нэгэн жанжин гартаа төмөр жад барин нэгэн, эрдэнийн сэлмийг үүрч арван хэдэн морьтонг дагуулан морийг харайлган ирмүй. Жао Юнь үг дуугарсангүйгээр тэр жанжныг зүглэн орж ганц нэгэн удаа морийг зөрөлдүүлмэгц тэр жанжныг нэгэн жадаар жадлан унагаав. дагасан ард цөм дутаажээ. Үзээс тэр жанжин нь Цаоцаогийн ойр дагагч сэлэм өргөх жанжин Сяхоу Энь бөлгөө. Цаоцаод хоёр эрдэнийн сэлэм баймуй. Нэгний нэрийг “Итянь” нөгөөгийн нэрийг “Цинган” хэмээмүй. “И Тянь” илдийг Цаоцао өөрөө зүүж “Цинган” сэлмийг Сяхоу Эньд зүүлгэжээ. Энэ Цин ган илд болбоос төмрийг цавчих нь шавар мэт бөгөөд ир мэсийн хурц нь адилтгашгүй. Тэр үе Сяхоу Энь, биеийн баатар хүчиндээ эрэмшиж, Цаоцаогаас далдуур ганц хүнийг дагуулан булаан дээрэмдэж олзлон авахыг бодсоор санамсаргүй Жао Юнь лүгээ учирч нэгэн жадаар түүнд жадлагдан алагдав. Жао Юнь тэр илдийг булаан авч үзвээс бариулд алтаар шигтгэсэн цин ган хэмээх хоёр үсэг байх тул сая эрдэнийн илд хэмээн мэдэв. Жао Юнь илдийг зүүж жадыг атган дахин хүнд хаасан газарт алан орж гэдрэг харан гарын доорхи дагасан морьтонг үзвэл нэгэн ч хүнгүй болж ганц бие үлджээ. Жао Юнь бяцхан ч эгэх сэтгэл төрөхгүй гагцхүү нааш цааш эрэн явж алив зуун овогт ард учрах бүр даруй ми хатны сургийг асуумуй. Гэнэт нэгэн хүн заан өгүүлрүүн: “Ми хатан бяцхан хөвгүүнийг тэвэрч зүүн хөл жадны шархтай болоод явж үл чадах тул тэр өмнө биеийн хэрмийн сэтэрхийний дэргэд сууж баймуй” хэмээв.
Тэндээс Жао Юнь үүнийг сонсоод сандан мэндэн эрэн ирээд үзвээс нэгэн гэрийн галд шатаагдсан шавар ханын дэргэд Ми хатан Адоуг тэврэн хэрмийн доторх сохор худгийн264 хажууд суугаад уйлах амуй. Жао Юнь яаран мориноос бууж газарт мэхийн ёслоход Ми хатан өгүүлрүүн: “Доорд эхнэр би, жанжин лугаа олж учирснаар Адоугийн амин гарчээ.
263 Мижугийн өргөсөн нэр
264 Ширгэсэн худаг
Түүний эцэг насны хагасыг хэрэн хэсэн явахдаа гагц энэ нэгэн дуслын цус мах байхыг хөөрхийлөн жанжин чи энэ хөвгүүнийг хамгаалан авч түүний эцгийн нүүрт учруулбаас доорд эхнэр би үхэв хэмээн хорсох газаргүй болмуй”. Жао Юнь өгүүлрүүн: “Хатныг зовлон эдлүүлсэн нь Жао Юнь миний ял болой. Үлэмж битгий өгүүл! Хатан моринд мордогтун! Жао Юнь би явган явж үхэн байлдан хатныг хамгаалан хүнд хааснаас нэвтлэн гарсугай!”. Ми хатан өгүүлрүүн: “Болохгүй! Жанжин яахин морьгүй хоцорч болмуй. Энэ хөвгүүнийг цөм жанжинд итгэж хамгаалуулсугай! доорд эхнэр би нэгэнтээ хүнд шарх олсон тул үхэхэд ямар хайран хэмээх газар буй. Жанжин та хурдан энэ хөвгүүнийг тэврэн урагш очтугай. Доорд эхнэр миний төлөө битгий чирэгдэл бологтун!” хэмээхэд Жао Юнь өгүүлрүүн: “Хашхирах дуу ойр болж нэхэх цэрэг нэгэнтээ хүрч ирэв. Хатан хурдхан моринд морд!” хэмээхэд ми хатан өгүүлрүүн: “Доорд эхнэрийн бие үнэндээ явж чадахгүй болжээ. Битгий хоёр тийш цөм саад бологтун!” хэмээгээд даруй Адоуг Жао Юньд тушаан өгч өгүүлрүүн: “Энэ хөвгүүний амин бие бүрнээ жанжны биед буй!” хэмээв. Жао Юнь дахин давтан шаардан хатныг моринд морд хэмээвч ми хатан хэрхивч явахгүй байтал дөрвөн этгээдээс хашхирах дуу бас дэгдэв. Жао Юнь их дуугаар өгүүлрүүн: “Хатан миний үгийг авахгүй байсаар хэрвээ нэхэх цэрэг гүйцэж ирвээс хэрхмүй?”. Ми хатан даруй адоуг газарт орхиод бие хөрвөн сохор худагт харайж үхэв.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Байлдах жанжин цөмөөр морины хүчинд итгэх атал
Бага эзнийг явганаар яахин тэтгэх буй
Амиа тэвчиж Лю овгийн үрийг үлдээсэн
Алив гавьяаг эмэгтэй баатарт өгвөөс зохимуй”
Тэндээс Жао Юнь хатны нэгэнтээ үхсэнийг үзээд Цаоцаогийн цэрэг ясыг булаахаас болгоомжлон даруй шороон хэрмийг түлхэн унагааж сохор худгийг таглаж барсан хойно хуягийг дарж уях ёнхрыг алдаргаж265 зүрхний хамгаалах толийг тайлан, Адоуг өвөртлөөд жадыг шүүрэн авч моринд мордтол хэдийнээ нэг жанжин нэгэн анги явган цэргийг дагуулан хүрч ирэв. Энэ нь даруй Цаохунгийн харьяат жанжин Яньмин болой. Гурван үзүүрт хоёр ирт илдийг барьж Жао Юнь лүгээ байлдахаар ирээд гурван удаа болсонгүй Жао Юньд нэгэнтээ жадлагдаж үхэв. Олон цэргийг алан сарниулж нэгэн зурвас зам дайран нээгээд хараахан явж атал өмнөд биеэс бас нэгэн салааны цэрэг замыг хөндөлджээ. Тэргүүлэгч их жанжны тэмдэгт туг хиур ил тодорхой “Хөзяньгийн Жанхө” хэмээн томоор бичжээ. Жао Юнь үг дуугарсангүйгээр жадыг мушгин байлдан орж арван хэдэн удаа зөрөлдөөд Жао Юнь аюумшиггүй удтал байлдаж болохгүй тул зам булаан дутаахад Жанхө хойноос нэхэн ирэв. Жао Юнь морийг ташуурдан явтал санамсаргүй түс гэтэл дуу гарч хүн морьтойгоо цөм шороон нүхний дотор унажээ. Жанхө жадыг эргүүлэн жадлан иртэл гэнэт нэгэн зурвас улаан гэрэл нүхний дотроос дэгдэн гарсанд унасан морь нэгэнтээ дээш огшмогц нүхний гадна үсрэн гарч ирэв.
265 Тайлах
Хожмын хүмүүний шүлгийн үг:
“Улаан гэрэл биеийг бүрхэн газардсан луу дүүлээд
Унасан морь Чанбань хаалгыг шувтлан гарчээ
Дөчин хоёр он эзэн суух заяатан нэгэн тул
Түдсэн жанжин хувилгаан сүрд тэтгэгдэн мултрав”
Жанхө үүнийг үзээд ихэд цочин хойш эгэв. Жао Юнь морийг тавин явж атал арын хойно хоёр жанжин их дуугаар: “Жао Юнь битгий яв!” хэмээмүй. Өмнө бие бас хоёр жанжин байж хоёр зүйлийн цэргийн зэвсгийг хэрэглэн очих замьн хөндөлджээ. Хойноос нэхэн ирсэн нь Ма Янь, Жан Кай мөн. Өмнө биед тоссон нь Зяочу, Жаннань нар болой. Цөмөөрөө уг нь Юаньшаогийн гарын доорхи жанжин байснаа өдгөө Цаоцаод орж өгсөн ажгуу. Жао Юнь хүчний чинээгээр дөрвөн жанжин лугаа байлдан атал Цаоцаогийн цэрэг нэгэн зэрэг түрхрэн хүрч ирэв. Жао Юнь даруй Цинган илдийг сугалан авч гарын аяар цавчихуйяа гар хүрсэн газар дээл хуягийг нэвтлэн цус нь булаг мэт урсмуй. Жао Юнь олон жанжин нарыг байлдан эгүүлж хүнд хаасныг шууд нэвтлэв.
Тэндээс Цаоцао Зин Шань уулын орой дээр байж нэгэн жанжны хүрсэн газар сүрэнд нь халдаж чадагчид үгүйг үзээд яаран зүүн баруун этгээдээс асууруун: “Энэ ямар хүн болой?” хэмээхэд Цаохун морийг нисгэж уулнаас бууж их дуугаар өгүүлрүүн: “Цэргийн дунд байлдах жанжин овог нэрээ үлдээтүгэй!” хэмээвээс Жао Юнь дууг нийлүүлэн: “Би болбоос Чаншаньгийн Жао Зылун болой” хэмээжээ. Цаохун буцаж мэдүүлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Үнэхээр барсын жанжин болой. Би аргацаасхын амьд барьсугай!” хэмээгээд даруй цааз зарлан морь довтолгон олон эл газарт уламжлуулсан нь: “Жао Юньгийн хүрсэн газар жихүүн зэвээр харваж болохгүй. Гагцхүү амьдаар баригтун!” хэмээжээ. Жао Юнь үүний тул сая энэ зовлонгоос олж мултран гарч чаджээ. Энэ бас ч Адоугийн буянаар болсон бөлгөө. Энэ нэгэн удаагийн байлдаанд Жао Юнь өвөртөө хожмын эзнийг тэврээд шууд хүнд хаасныг шувталж хоёр их тугийг цавчин унагаагаад гурван жадыг булаан авав. Урагш хойш жадаар жадлан сэлмээр цавчиж Цаоцаогийн хорооны нэрт жанжин тавь илүүг алжээ.
Хожмын хүний шүлгийн үг:
“Тийнхүү хуягт цус бялдаж1 улаан шүүс нэвтрэв
Дан Янгийн газар хэн аймшиггүй байлдан тэмцмүй
Эртнээс жагсаалыг шувталж эзнийг тэнхрүүлсэн нь
Эгнэгт Чаншань газрын Жао Зылунг нэгэн хүн буй за”
Жао Юнь давхар давхар хааснаас алалдсаар нэвтлэн гарч нэгэнтээ их жагсаалаас ангижиртал байлдааны хувцсанд цус дүүрчээ. Хараахан яван атал уулын хөтлийн доороос бас хоёр салааны цэрэг гарч ирэв. Энэ нь даруй Ся Хоудүньгийн харьяат жанжин Жунзинь, Жуншэнь ах дүү хоёр хүн болой. Нэг нь их сүх хэрэглэж нөгөө нь сэрээт жад хэрэглэмүй. Их дуугаар “Жао Юнь хурдан мориноос бууж хүлэхийг хүлээ!” хэмээв. Энэ чухамхүү:
“Сая барсын үүрнээс ангижирч амь гаран очтол
Бас луугийн цүнхээлд унаж долгионыг хөдөлгөн ирмүй”
Цаашид Зылун яахин бие мултран гарахыг доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )