"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-42 ДУГААР БҮЛЭГ
ЖАН ИДӨ ЧАН БАНЬЦЯО ГҮҮРЭН ДЭЭР ИХЭД ТҮЙВЭЭСЭН ЛИ ЮҮ ЗҮ ХАН ЗИНЬКОУ ОЛОНД ЛЮ МУЖИЙН ЗАХИРАГЧ БУРУУЛАН ЯВСАН
Өгүүлэх нь: Жунзинь, Жуншэнь хоёул Жао Юнийг тосон авч байлдахад Жао Юнь жадыг эргүүлэн жадлан ирвээс Жунзинь урагш орж сүхийг далайн угтан ирэв. Хоёр морь зөрөлдөн гурван удаа байлдсангүй, Жао Юнь нэгэнтээ жадалж мориноос унагаад зам булаан явж атал арын хойноос Жуншэнь жад барин нэхэн ирмүй. Морины сүүл зулгаамаар болж тэр жад гагцхүү Жао Юньгийн арын хойд гилбэлзэн иртэл Жао Юнь яаран морины толгойг эргүүлэн чив чиг хоёр өвчүү уулзмаар болсонд Жао Юнь зүүн гартаа жадыг барьж түүний сэрээт жадыг тосон зайлуулаад баруун гараар Цинган сэлмээ сугалан гаргаж, цавчин илгээсэнд Жуншэньгийн дуулга бөгөөд толгойтой нь тас цавчин мориноос унагаав. Үлдсэн олон зүг бүр сарнижээ. Жао Юнь олж мултран гараад Чан Баньцяо гүүрийг зүглэн явтал гэнэт сонсвоос хойноос хашхирах дуу ихэд дэгдэж үзвээс Вэньшинь цэрэг авч нэхэн ирмүй. Жао Юнь гүүрний дэргэд хүрч иртэл хүн ядангуйрч, морь муудаад үзвээс Жанфэй морь унаж найман алдын могойт жадыг атгаад гүүрний дээр зогсжээ. Жао Юнь ихэд бархиран өгүүлрүүн: “Идө намайг тэнхрүүлэгтүн!” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Зылун хурдан яв! Нэхэх цэргийг би эгүүлсүгэй!” хэмээв.
Тэндээс Жао Юнь морийг тавин, гүүрийг өнгөрч хорь илүү газар явбаас харин Сюаньдө олон хүн лүгээ модны дор сууж буй. Жао Юнь мориноос бууж, газарт сөгдөн уйлахад Сюаньдө мөн уйлав. Жао Юнь амьсгаадаж өгүүлрүүн: “Жао Юнь миний ял түмэнтээ үхэвч бас ч хөнгөн. Ми хатан биедээ хүнд шарх олж, моринд мордолгүй сохор худагт унаж үхэв. Жао Юнь би шороон хэрмийг түлхэн унагааж бүтээн дараад гүнзийг өвөрлөн биеэр хүнд хаасныг шувтлан эзэн гүнгийн их буянд шүтэж завшаанаар олж мултран гарч ирэв. Өнөөхөн гүнз харин ч миний өвөрт уйлан байсан билээ. Өдгөө чимээгүй болсныг үзвэл лав батлан чадахгүй болсон буй за” хэмээгээд хувцсыг тайлж үзвээс харин
Адоу хараахан унтаж сэрээгүй. Жао Юнь баярлаж өгүүлрүүн: “Хишгээр гүнз гайгүй ажгуу” хэмээгээд хоёр гараар Сюаньдөд тушаан өгсөнд Сюаньдө тосон авч газарт орхин явуулж өгүүлрүүн: “Чиний энэ нялх хөвгүүний тул арай эс миний нэгэн их жанжин хайран биеийг хариугүй хохируулахад хүргүүлэв” хэмээсэнд Жао Юнь яаран газраас Адоуг тэврэн авч уйлан мөргөж өгүүлрүүн: “Жао Юнь би хэдий элэг, тархийг газарт бялдавч хариулан үл чадмуй!” хэмээжээ. Хожмын хүний шүлгийн үг:
“Цаоцаогийн цэргийн дундаас нисэх барс гарсанд
Жао Юньгийн өвөр дотор зулзаган луу унтжээ
Үнэнч түшмэлийн сэтгэлийг тохууруулах аргагүйдээ
Өөрийн хөвгүүнээ морины өмнө таягдан орхив” гэжээ.
Тэндээс Вэньпинь цэрэг авч Жао юнийг нэхэн Чан Баньцяо гүүрэнд хүрч үзвээс Жанфэй харин барсын сахлыг дээш босгож, гархин нүдийг дүгрэглэн нээгээд гартаа ган могойт жадыг барин гүүрний дээр морилон зогсож баймуй. Бас үзвэл гүүрний зүүнтээх модон шугуйн хойно шороо тоос ихэд дэгдэж буйд бүгсэн цэрэг байх болуузай хэмээн сэжиглэж даруй морийг татан аймшиггүй урагш орсонгүй байтал, удсангүй Цаорэнь, Лидянь, Ся Хоудүнь, Сяхоу юань, Юэзинь, Жанляо, Жанхө, Сюйчу нар цөм хүрч ирээд Жанфэйгийн нүдээ гөлийн могойт жадыг хөндөлдөж, гүүрэн дээр морилон зогсож байхыг үзэж бас ч “Жугө Кунмингийн арга болов уу?” хэмээн цөм аймшиггүй урагш ойр хүрсэнгүй. Жагсаалын хөлийг түр зогсоон нэгэн утсаар гүүрний баруунд жагсалцаад хүн зарж нисэх мэт Цаоцаод мэдүүлэв. Цаоцао үүнийг сонсоод яаран моринд мордож жагсаалын хойноос хүрч ирэв. Жанфэй гархин нүдийг дүгрэглэн нээж үзвээс дайсны хойд цэрэгт нүд бүрэлзэм олон хөх торгон шүхэр, сүх дөмөг, туг далбаа хүрч ирснийг үзээд “Лав Цаоцао сэтгэлдээ сэжиглэж биеэр үзэхээр ирэв” хэмээн Жанфэй даруй сүрхий дуугаар ихэд зандран өгүүлрүүн: “Би Янь газрын Жан Идө болой.
Хэн хүн аюулгүй над лугаа үхэн байлдахаар ирмүй?” хэмээх дуу нь аянга тачигнасан мэт тул Цаоцаогийн цэрэг сонсоод цөм бүрнээ чичрэн айв. Цаоцао яаран шүхэр бүрхүүлийг авахуулаад зүүн баруун этгээдийг эгж харан үзэж хэлрүүн: “Урьд Юньчангийн хэлэхийг сонсвол Идө зуун түмэн цэргийн дотроос дээд жанжиний толгойг авах нь “Тулмын дотроос юм авахын адил” хэмээжээ. Энэ өдөр уулзсан тул хөнгөнөөр байлдаж болохгүй” хэмээн үг хэлж бараагүйн урьд Жанфэй нүдийг гөлийлгөн бас зандан өгүүлрүүн: “Янь газрын хүн Жан Идө энд баймуй. Хэн аюулгүй тасархай үхэн байлдахаар ирмүй!” хэмээхэд Цаоцао Жанфэйгийн энэ мэт байдал төлвийг үзээд эгэх сэтгэл их төрөгдөв. Жанфэй холоос Цаоцаогийн хойд цэргийн хөл шилжиж хөдлөхийг үзээд даруй могойт жадыг эргүүлэн зандаж өгүүлрүүн: “Байлдаваас бас байлдахгүй. Эгвээс бас эгэхгүй энэ ямар учир буй?” хэмээн хашхирах дуу тасраагүй байтал Цаоцаогийн биеийн дэргэдээс Сяхоу Зе цочсондоо элэг, цөс хэмхэрч морины дор тонгорцоглон унажээ. Цаоцао даруй морийг буцуулан явахад үүнээс олон жанжин ба цэргүүд нэгэн цугаар баруунш дутаан очив. Энэ төв хэмээн:
“Амны сүү арилаагүй нялх хөвгүүн яахин
Аянга цахилгааны дууг сонсож чадмуй
Бие өвчтэй модчин эр бас
Барс ирвэсийн архирахыг сонсоход бэрх”.
Тийнхүү нэгэн цагт жадаа гээж дуулгаа унагаасан ардыг тооловч барахгүй, хүн нь булаг буцлах мэт, морь нь уул нурах адил өөр зуураа гишгэлдэн үймэлцэвэй. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Чан Баньцяо гүүрний дээр алах уур мандаж
Цагаан жад барин армаг хүлэг дээрээс нүдээ дүгрэглээд
Нэгэнтээ бархирсанаа аянга ниргэсэн мэт түрхрүүлэн
Нэг зуун түмэн Цаоцаогийн цэргийг ганцаар эгүүлэв”
Тэндээс Цаоцао Жанфэйгийн сүрнээс айж морийг довтолгон баруунш явахад малгайн хатгуур цөм унаж үсээ сагсайлган дутааж одов. Жанляо, Сюйчу гүйцэж хүрээд морины жолооноос атган барьсанд Цаоцао бас ч аймшран хэрхихээ мэдэхгүй байсаар амуй. Жанляо өгүүлрүүн: “Чансан бүү айгтун! Бараглахад Жанфэйгийн төдий нэгэн хүн юу хэмээн эмээхэд хүрмүй. Түргэн цэрэг эгүүлж алан очвоос Любэйг барьж болмуй” гэсэнд Цаоцао сая амьсгал бие төв болж, баахан тогтноод цааз зарлаж Жанляо, Сүйчуг дахин Чан Баньцяо гүүрэнд илгээн чимээ авуулахаар явуулав. Тэндээс Жанфэй Цаоцаогийн цэрэг түлхлэн эгснийг үзээд аймшиггүй нэхсэнгүй. Яаран уг дагуулан ирсэн хорь илүү морьтонг дуудан эгүүлж ирээд морин сүүл дэх модон салааг авуулж гүүрийг эвдсэн хойно сая морийг буцуулан Сюаньдө лүгээ ирж золгоод гүүрийг эвдсэн нэгэн хэргийг бүрнээ хэлсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Миний дүүгийн баатар нь баатар боловч гагцхүү бодлогыг алджээ” хэмээсэнд Жанфэй тэр учрыг асуусанд Сюаньдө өгүүлрүүн: “Цаоцао бодлого үлэмж тул чи гүүрийг эвдсэн нь эс нийцжээ. Тэр эрхгүй нэхэж ирмүй”. Жанфэй өгүүлрүүн: “Түүнийг би нэгэнтээ бархирмагц хэдэн газар хойш ухруулсан бөгөөтөл ямар аймшиггүй дахин нэхэж ирэх билээ?” гэв. Сюаньдө өгүүлрүүн: “Хэрвээ гүүрийг эвдсэнгүй бөгөөс тэр харин “Бүгсэн цэрэг байх болуузай!” хэмээн аймшиггүй цэрэг үл ормуй. Өдгөө гүүрийг эвдсэний тул тэр лав манийг цэрэггүй бөгөөд зүрхшээмүй хэмээн төсөөлж эрхгүй нэхэхээр ирмүй. Түүнд зуун түмний олон байх тул хэдий мөрөн далайг гэтлэмүй хэмээвч гүүр тавин гарч болох бөгөөтөл нэгэн гүүрийг тасалснаас юунд эмээх вэ?” хэмээгээд мөн даруй мордон хөдөлж бага замаар хэлбийгүү гараад Ханьзинийг зүглэн мянь янгийн замаар явав.
Тэндээс Цаоцао Жанляо, Сюйчуг илгээж Чан Баньцяо гүүрнээс чимээ авахуулсанд буцаж ирэн мэдүүлрүүн: “Жанфэй нэгэнтээ гүүрийг эвдэн оджээ” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Тэр гүүрийг эвдэж одсон нь даруй сэтгэл зүрхшээсэн бөлгөө” хэмээгээд цааз зарлаж “Нэгэн түмэн цэргийг томилон түргэн гурван суурь нэхэх гүүрийг тавигтун! Мөн үдшээр энэ голыг гэтэлмүй” хэмээтэл Лидянь өгүүлрүүн: “Энэ нь Жугө Лянгийн мэхлэх арга болуузай хэмээмүй. Хөнгөнөөр орж болохгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Жанфэйгийн нэгэн баатар эрд юуны мэхлэх арга баймуй!” хэмээгээд даруй шаардуулах цаазыг зарлан “Гал мэт түргэн цэрэг ор!” хэмээжээ.
Тэндээс Сюаньдө явсаар Ханьзингийн ойр хүрч гэнэт үзвээс хойноос тоос ихэд дэгдэн, хэнгэргийн дуу тэнгэрт үргэлжилж хашхирах дуунд газар донслох ажээ. Сюаньдө өгүүлрүүн: “Өмнөдөд их мөрөн байж, хойдод нэхэх цэрэг ирсэн тул хэрхэвээс сайн?” хэмээгээд яаран Жао Юнийг дуудан дайсныг угтахыг бэлтгүүлэв. Цаоцао цэрэгт цааз зарлан өгүүлрүүн: “Өдгөө Любэй тогоон доторх загас, агуйн доторх барс болжээ. Хэрвээ энэ цагийг тохиолдуулан эс бариваас загасыг далайд тавин оруулж, барсыг ууланд алдаж явуулсан адил болмуй. Олон жанжин та нар хүчийг хүчирмэглэн урагш ортугай” хэмээсэнд олон жанжин цаазыг дагаж нэг нэгээр сүр мандуулан шаламгайлан орж нэхэн ирэв. Гэнэт уулын хөтлийн хойдод хэнгэргийн дуу дэгдэж нэгэн багийн цэрэг морь нисэх мэт гарч ирээд их дуугаар бархиран өгүүлрүүн: “Би энд хүлээсээр маш удав” хэмээгээд тосон ирэв. Тэргүүлсэн тэр жанжин гартаа хөх луут дам илдийг барьж улаан туулай морийг унажээ. Үзвээс
Гуань Юньчан Зянсяд одож нэгэн түмэн цэрэг морь зээлэн олоод Дань Янгийн Чанбаньд ихэд байлдсаныг сонсож тусгайлан энэ замаар тосон ирсэн ажгуу. Цаоцао Юньчаныг үзмэгц даруй морийг татан зогсоож, олон жанжнийг эгэж харан үзэж өгүүлрүүн: “Бас Жугө Ляны аргад оногджээ” хэмээгээд цааз зарлан “Их цэргийг хурдан эгэхтүн!” хэмээв.
Тэндээс Юньчан арван хэдэн газар гартал нэхээд даруй буцаж ирэн Сюаньдө нарыг хамгаалан явжээ. Цэрэг Ханьзиньд хүрч ирвээс хэдийнээ онгоц салыг бэлтгэн байжээ. Юньчан асууруун: “Хоёрдугаар бэргэн юунд үзэгдэхгүй буй?”. Сюаньдө даруй Дан Янгийн хэргийг тоочин хэлсэнд Юньчан шүүрс алдаж өгүүлрүүн: “Эрт өдөр Сюйтяньгийн хээрт гөрөөлөхийн цагт хэрэв миний санаагаар болсон бөгөөс энэ өдрийн зовлон үгүй болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Би тэр цагт, мөнхүү хулганыг цохиход савыг хайрласан болой” хэмээн хэлэлцэж байтал гэнэт үзвээс мөрний
өмнө хөвөөнд байлдах хэнгэрэг ихэд дуугаран онгоц сал шоргоолжийн адил салхины аясаар далбаа хийсэн ирэхэд Сюаньдө ихэд цочив. Онгоц ойр хүрч ирэхийг үзвээс нэгэн хүн цагаан дээл, мөнгөн хуягтай, онгоцны тэргүүн дээр зогсож ихэд дуудан өгүүлрүүн: “Авга эцэг салснаас сайн баймуй уу? Бага ач би ял олов” хэмээжээ. Сюаньдө нарийвчлан үзвэл харин Люци болой. Люци энэтээ онгоцонд гарч ирээд ёслон уйлж өгүүлрүүн: “Авга эцэг таныг Цаоцаод хаагдав хэмээн сонсоод бага ач би тусгайлан өмөглөхөөр ирэв” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлаж даруй цэргийг нэгэн газарт нийлүүлээд онгоцыг сэлбэн явжээ. Онгоцны дотор учир шалтгаанаа хэлэлцэн атал мөрний баруун өмнөдөд байлдах онгоц зэрэгцэн жагсаж, салхины аяар шуугин хүрч ирэв. Люци цочин өгүүлрүүн: “Зянсягийн цэргийг бага ач би дуусган цөм энд авчиржээ. Өдгөө байлдах онгоц байж, зам зуурыг тоссон нь, Цаоцаогийн цэрэг бус болбоос мөн мөрний зүүн дэх цэрэг болов. Хэрхивээс сайн ?” хэмээхэд Сюаньдө онгоцны толгой дээр гарч үзвэл нэгэн хүн эвлэлт малгай, бумбын хувцас өмсөж онгоцны толгойд суужээ. Нарийвчилбаас даруй Кунмин ажгуу. Арын хойно Сүньцянь зогсжээ. Сюаньдө яаран залж онгоцондоо авчраад түүнээс: “Ямар учирт энд байсан аж?” хэмээн асуухад Кунмин өгүүлрүүн: “Жүгө Лян би Зянсяд хүрээд урьд Юньчаныг Ханьзиньд илгээн хуурай замаар угтуулаад би бодвоос Цаоцао эрхгүй нэхэхээр ирэх тул эзэн гүн лав Зянлингаар ирэхгүй, эрхгүй хэлбийгүүгээр Ханьзинийг зүглэн ирэх буй за хэмээн тийнхүү тусгайлан агийг залж урьдаар өмөглөхөөр илгээгээд би шууд Сякоуд одож цэргийг дуусган байгуулж урагш туслахаар ирэв” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлан нэгэн газар болгон хамтатгаад Цаоцаог эвдлэх аргыг зөвлөхөд: Кунмин “Сякоугийн хот бэх бөгөөд амуу цалин маш элбэг, удаан сахиваас болмуй. Эзэн гүн түр Сякоуд очиж суугаад гүнз зянсядаа буцаж байлдах онгоцыг засамжлан цэргийн зэвсгийг шинэтгэж харилцан туслалцахын байдалтай болговоос Цаоцаог тулж болмуй. Хэрэв бүгдээр Зянсяд эгвээс хүчин гэдрэг мөхөс болмуй”. Люци өгүүлрүүн: “Цэргийн багшийн үг маш сайн. Гагцхүү мунхагийн санаанд болбоос авга эцгийг түр Зянсяд залж аваачаад цэрэг морийг тэгшлэн засаж бэлэн болгосон хойно дахин сякоуд очвоос хожимдохгүй хэмээмүй”. Сюаньдө хэлрүүн: “Мэргэн ачийн үг бас ч мөн” хэмээгээд Юньчаныг үлдээн таван мянган цэрэг өгч Сякоуг сахиулаад Сюаньдө, Кунмин, Люци бүгдээр Зянсягийн зүг ирэв.
Тэндээс Цаоцао Юньчангийн хуурай замд цэрэг авч тосон гарч ирснийг үзээд “Бүгсэн цэрэг байх болуузай” хэмээн айж аймшиггүй нэхэхээр ирсэнгүй, “Усан замаар урьд Сюаньдөд Зянлиныг булаагдах болуузай” хэмээн даруй шөнө дөл цэрэг авч зянлингийн зүг ирэв. Зинжоу мужийн Зижун түшмэл Дөн И, Безя түшмэл Люсянь нэгэнтээ Сян Янгийн хэргийг сонсож, Цаоцаог тулан чадахгүйгээ мэдээд даруй Зинжоу мужийн цэрэг иргэнийг дагуулан хотоос гарч дагажээ. Цаоцао хотод орж иргэнийг тохинуулан бараад гяндангаас Ханьсүнийг гаргаж тавин Да Хунлу түшмэл нэмж өргөмжлөв. Түүнээс болж олон түшмэлд цөм шан хишиг хүртээв. Цаоцао олон жанжин нар лугаа зөвдөн өгүүлрүүн: “Өдгөө Любэй нэгэнтээ зянсяд одсон тул зүүн Ү улс лугаа холбон залгалдах болуузай хэмээмүй. Энэ мөн ороонго ургах болой. Үүнийг ямар аргаар эвдэлбээс зохимуй?” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Өдгөө манай цэргийн сүр ихэд алдаршсан тул Зяндунд элч зарж бичиг довтолгон “Сүньцуанийг Зянсягийн газарт ав нийлэхээр ир” хэмээн зарлаж “Хамт Любэйг бариваас Зинжоу мужийн газрыг адил хуваан үүрд амалдаж сайнаар явалцсугай!” хэмээвээс Сүньцуань лав цочин сэжиглэж дагахаар ирмүй. Тийм болбоос хэрэг бүтэх болой” гэхэд Цаоцао үгийг зөвшөөрч нэгэнтээгүүр элч зарж зүүн Ү улсад бичиг илгээгээд нэгэнтээгүүр морьт, явган, усан цэргийг хамтатган байцааваас бүгд наян гурван түм байхыг хуурмагаар “Нэг зуун түм” буй хэмээн алдаршуулан хэлж усан, хуурай цэрэг цугаар орж онгоц морь хослон явж, мөрний хөвөөг барин иржээ. Баруунд Зин, Сяд залгалдаж зүүнд Ци, Хуан лугаа нийлэн цайз хүрээ гурван зуу илүү газар гартал холбон залгалдав. Үгийг хоёр тийш хуваасугай!
Тэндээс Зяндунгийн Сүньцуань, Чайсангийн газар цэрэг сууж агаад “Цаоцаогийн их цэрэг Сян Янд хүрсэнд Люзун нэгэнтээ дагав. Өдгөө бас шөнө дөл зам эвхэж зянлинг авахаар ирэв” хэмээн сонсоод даруй олон зөвлөлийн сайдыг цуглуулж, сэргийлэн сахих аргыг зөвлөхөд Лүсү өгүүлрүүн: “Зинжоу мужийн газар болбоос мань лугаа зэргэлдээ айл болсон бөгөөд уул гол бэх бэрх, ард иргэн баян элбэг. Бид хэрвээ олж эзлэн суусанд энэ хаан вангуудын ашиг болой. Өдгөө Любяо шинэ үхээд, Любэй шинэ дийлэгдсэн тул Лүсү би захиа зарлалыг гуйн олж, Зянсяд хүрч бэлэвсрэлд нийлүүлэн цаас шатаан гээгээд, Любэйг хэлэлцэж түүгээр Любяогийн олон жанжин нарыг тохинуулан нэгэн сэтгэл хамт санаагаар бүгдээр “Цаоцаог эвдсүгэй!” хэмээсүгэй, хэрвээ Любэй баярлан үгийг дагаваас их хэрэг бүтэж болмуй”. Сүньцуань баярлан үгийг дагаж, даруй Лүсүг зарж, ёслолын юм бэлтгэн Зянсяд цаас шатаахаар илгээв.
Тэндээс Сюаньдө Зянсяд хүрч ирээд Кунмин Люци лугаа бүгдээр сайн аргыг зөвлөхөд Кунмин өгүүлрүүн: “Цаоцаогийн сүр хүч их тул даруйд тулахад бэрх. Түүгээр зүүн Ү улсын Сүньцуанийг эрэн очиж өмгөөлөл болгоход хүрэхгүй. Тийнхүү өмнөд хойдыг харилцан авалцуулаад бид нар түүний дундаас ашиг эрэхэд ямар үл болох газар баймуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Зяндунгийн хүн амьтан туйлын олон тул лав хол бодлоготой хүн баймуй. Яахин багтаан агуулах буй?”.
Кунмин инээн өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао зуун түмний олныг авч Зянханьгийн газарт барс мэт завилан сууж байх тул “Зяндунгаас хүн зарж үнэн худлыг туршуулахаар илгээхгүй” хэмээн баймуй уу? Хэрэв хүн энд хүрч ирэх бөгөөс Жүгө Лян би нэгэн бага онгоцыг зээлэн шууд Зяндунд хүрч, гурван ямхын ялгаршгүй хэлээр хэлэлцэж, өмнөд хойд хоёр этгээдийн цэргийг харилцан хавсруулсугай! Өмнөдийн цэрэг дийлбээс бүгдээр Цаоцаог арилгаж Зинжоу мужийн газрыг авсугай! Хэрвээ хойдын цэрэг дийлбээс бид дийлснийг тохиолдуулан Зян Нанийг авбаас болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ шүүмжлэл маш эрхэм дээд. Гагцхүү яахин Зяндунгийн хүнийг олж энд ирүүлмүй?” хэмээн хараахан хэлэлцэж авай. Түүнээс хүн мэдүүлрүүн: “Зяндунгийн Сүньцуань, Лүсүг зарж бэлэвсрэлд нийлүүлэн асуухаар илгээгээд онгоц нэгэнтээ хөвөөнд зогсжээ”. Кунмин инээн “Их хэрэг бүтэв” хэмээгээд даруй Люцигээс асууруун: “Өнгөрсөн өдрийн Сүньцөгийн үхсэнд Сян Янгаас хүн зарж бэлэвсрэлд нийлүүлэн асуухаар илгээсэн буй уу?”. Люци өгүүлрүүн: “Зяндун газар мань лугаа эцгийг алсан өшөө байх бөгөөтөл хэрхин баяр бэлэвсрэлд явалцах ёс амуй?”.
Кунмин өгүүлрүүн: “Тийм болбоос Лүсүгийн энэ ирсэн нь бэлэвсрэлд нийлүүлэн асуухаар ирэхийн тул бус даруй цэргийн үйлийг туршихаар ирсэн болой” хэмээгээд Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Лүсү хүрч ирээд хэрвээ Цаоцаогийн чимээ хөдөлбөрийг асууваас эзэн гүн гагцхүү “Мэдэхгүй!” хэмээн түлх! Тэр дахин давтан асуусан цагт “Жугө Лянгаас асуутугай!” хэмээн хэлбээс болмуй” хэмээн зөвдөж тогтсон хойно хүн зарж Лүсүг угтуулав. Лүсү хотод орж тахилын юмыг тушаасанд хураан аваад Люци Лүсүг залж Сюаньдө лүгээ учруулаад ёс хийж барьсан хойно, хойд танхимд залж оруулан архи өргөн уулцахад Лүсү өгүүлрүүн: “Хааны авгын их алдрыг сонсож удсан боловч ёслон золгох тухайг олсонгүй бөлгөө. Өдгөө завшаанаар олж золгосон нь үнэхээр баярлавч баршгүй. Өнөөхөн сонсвол “Хааны авгыг Цаоцао лугаа байлдав” хэмээсэн тул лав түүний үнэн ташааг мэдмүй за. Аймшиггүй асуусугай! Цаоцаогийн цэрэг бараглаваас хэдий баймуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй миний цэрэг цөөн, жанжин мөхөс тул Цаоцао хүрч ирэв хэмээн сонсмогц даруй явсан тул түүний үнэн ташааг эцэст мэдсэнгүй” хэмээсэнд
Лүсү өгүүлрүүн: “Сонсвоос хааны авгыг Кунмингийн аргыг хэрэглэж, хоёр удаа галаар Цаоцаогийн сүнсийг сарниулж, цөсийг хэмхэртэл шатаав хэмээсэн бөгөөтөл юунд мэдэхгүй хэмээн хэлмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Кунмингаас асууваас даруй нягтыг олж мэдэх буй”. Лүсү асууруун: “Кунмин хаана буй? Гуйж нэгэнтээ золгохыг хүсмүй!”. Сюаньдө, Кунминийг зал хэмээсэнд Кунмин гарч ирэн харилцан золгов.
Тэндээс Лүсү Кунмин лүгээ учирч, ёс хийж барсан хойно даруй асууруун: “Анхнаас ноёнтны их эрдмийг эрээлцэж, ёслон бараалхаж завдсангүй. Өдгөө харин хишгээр олж золгов. Хүсэх нь нүдний өмнөх амар түгшүүртэй хэргийг сонсгох ажаамуу!”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцаогийн зальхай аргыг Жүгө Лян би бүрэн мэдмүү, гагцхүү хүч үл хүрэлцэхдээ хорсмуй. Тиймийн тул түр зайлсан бөлгөө”. Лүсү өгүүлрүүн: “Хааны авга өдгөө энд суусугай хэмээмүй үү?”. Кунмин өгүүлрүүн: “Манай мужийн захирагч Цан Үгийн Тайшоу түшмэл Үчэнь лугаа анхнаас найртай тул эрэн одмуй хэмээж баймуй”. Лүсү өгүүлрүүн: “Үчэньд амуу цухаг, цэрэг цөөн, биеэ ч баталж чадахгүй бөгөөтөл хэрхэн хүмүүнийг багтааж чадмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Үчэньгийн тэнд хэдий удаан сууж болохгүй боловч өдгөө түр түүнийг түшиж өөр сайн бодлого буй амуй”. Лүсү өгүүлрүүн: “Манай Сүнь жанжин зургаан хошууны газарт барс мэт завилан сууж, цэрэг хурц, амуу элбэг, бас туйлаар эрдэмтнийг хүндэлж, чадалтныг хичээнгүйлэхийн тул Зяндунгийн аруухан баатар олонтоо нөхцөн дагажээ. Өдгөө гүнгийн тул бодвоос эсвэл сэтгэл зүрх мэт хүнийг зарж зүүн Ү улс лугаа найралдан хамтдаад бүгдээр их хэргийг бодоход үл хүрмүй”. Кунмин өгүүлрүүн: “Лю мужийн захирагч Сүнь жанжин лугаа анхнаас дэмий найргүй тул талаар үг өгүүллийг сүйтгэх болуузай хэмээмүй. Нэн ялангуяа өөр зарж болмоор сэтгэл зүрх мэт хүнгүй” хэмээхэд Лүсү өгүүлрүүн: “Ноён таны эрхэм ах өнөө Зяндунд зөвдөгч түшмэл болж, өдөр бүр ноён чамд олж уулзахыг хүсэн амуй. Лүсү би эрдэм үгүй боловч гүн чам лугаа хамт Сүнь жанжинд учирч, бүгдээр их үйлийг зөвлөхийг хүсмүй!”. Сюаньдө “Кунмин миний багш болой. Цаг мөчийн төдий ч ангижирч үл болох атал хэрхин очиж болмуй”. Лүсү Кунминийг хатуужин залж: “Хамт очъё” хэмээхэд Сюаньдө зоримгоор “Болохгүй!” хэмээмүй. Кунмин өгүүлрүүн: “Хэрэг нэгэнтээ шахам болжээ. Захиаг хүлээж нэгэн удаа явсугай!” хэмээхэд Сюаньдө сая хүлээн авав. Түүнээс Лүсү, Сюаньдө, Люци нараас салаад Кунмин лүгээ онгоцонд гарч Чайсан хошууг зүглэн ирэв. Энэ чухамхүү:
“Гагц Жугө нэгэн бяцхан онгоцоор очсон боловч
Цаоцаогийн цэргийг агшин зуур барагдуулахад хүрүүлжээ”
Эгнэгт Кунмингийн энэ удаа очсон нь хэрхихийг мэдсүгэй хэмээвээс доорх бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )