"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-43 ДУГААР БҮЛЭГ
ОЛОН ЭРДЭМТЭН ЛҮГЭЭ ЖҮГӨ ЛЯН ХЭЛЭЭР БАЙЛДСАН ЛҮ ЗЫЗИН ОЛНЫ ЗӨВЛӨЛИЙГ ХҮЧЛЭН ДИЙЛСЭН
Өгүүлэх нь: Лүсү, Кунмин хоёул Сюаньдө, Люцигээс салаад онгоцонд сууж, Чайсан хошууны зүг ирэв. Хоёул онгоцны дотор байж, харилцан шүүмжлэн хэлэлцэхэд, Лүсү Кунмингийн зүг өгүүлрүүн: “Ноёнтны бие Сүнь жанжин лугаа учирсан цагт хэрхэвч хэмээн Цаоцаогийн цэрэг үлэмж, жанжин олон хэмээн үнэнийг хэлж болохгүй!” хэмээсэнд Кунмин өгүүрлүүн: “Зызин266 лавлах хэрэггүй. Жугө Лян надад өөртөө хариу өчих үг буй” хэмээн онгоц хөвөөнд хүрсэнд Лүсү Кунминийг залж өртөөний гэрт түр буулгаад өөрийн бие урьдаар Сүньцуань лугаа учрав. Сүньцуань хараахан бичиг цэргийн олон сайдыг танхимд цуглуулж, хэрэг зөвлөж атал “Лүсүг буцаж ирэв” хэмээн сонсоод яаран дуудан оруулаад асууруун: “Зызин Зянсяд одож үнэн ташааг туршсан нь ямар бөлгөө?”. Лүсү өгүүлрүүн: “Түүний бараг төлвийг баахан мэдэв. Алгуураар мэдүүлэхийг уучил!” хэмээсэнд Сүньцуань Цаоцаогийн илгээсэн бичгийг гаргаж Лүсүд үзүүлэн өгүүлрүүн: “Цаоцао өчигдөр элч зарж бичиг бариулан илгээв. Мөхөс би урьд ирсэн элчийг эгүүлэн явуулаад өдгөө олныг цуглуулж зөвдөж бас тогтоогүй”. Лүсү Цаоцаогийн илгээсэн бичгийг авч үзвэл тэр бичгийн үг нь:
“Мөхөс би өнөөхөн хааны зарлигийг хүлээн ялтайг дайлахад их тугийг өмнөд зүгт заамагц Люзун гараа буулган Зинсянгийн иргэн салхины эеэр дагахаар иржээ. Өдгөө эрэлхэг цэрэг зуун түмнийг захирч дээд жанжин мянган эрийг ерөнхийлөн, жанжин лугаа Зянсяд ав нийлж бүгдээр Любэйг дайлаад газар орныг адилаар хувааж, үүрд амалдаж найртай сайнаар явсугай хэмээмүй. Завшаанаар битгий анхааран суугтун! Түргэн хариу захидал илгээтүгэй!” хэмээжээ.
Лүсү бичгийг үзэж бараад өгүүлрүүн: “Эзэн гүнгийн эрхэм санаанд ямар аж?”. Сүньцуань өгүүлрүүн: “Тугтам шүүмжлэл үгүй байсаар амуй”. Жанжао өгүүлрүүн: “Цаоцао зуун түмний олныг авч хөдөлбөөс тэнгэрийн хөвгүүний нэрийг зээлж дөрвөн зүгийг дайлах тул мөчөөрхвөөс эергүү үгүй болмуй. Тэр ч байтугай эзэн гүнгийн их хүч Цаоцаог мөчөөрхөж болох нь Хөх мөрөн болой. Өдгөө Цаоцао Зинжоу мужийг олсны хойно Хөх мөрний бэрх нэгэнтээ мань лугаа хамтаджээ. Хүчээр байлдаж үл болмуй. Миний мунхаг бодлогод болбоос дагаар очиход хүрэхгүй. Энэ түмэнд амар болгохын арга болой”. Олон зөвлөлийн түшмэл цөм өгүүлрүүн: “Зыбүгийн267 үг төв хэмээн тэнгэрийн санаанд нийлмүй” хэмээсэнд Сүньцуань татгалцан байж дуугарахгүй. Жанжао бас өгүүлрүүн: “Эзэн гүн битгий үлэмж сэжиглэ! Хэрэв Цаоцаог дагаваас зүүн Ү улсын иргэн амар болж, мөрний өмнөх зургаан хошууг баталж болмуй”. Сүньцуань тэргүүнийг даран дуугарсангүй. Агшин зуур Сүньцуань босож “Дээл халсугай!” хэмээхэд Лүсү, Сүньцуаньгийн хойноос дагав. Сүньцуань Лүсүгийн санааг мэдээд даруй Лүсүгийн гараас барин өгүүлрүүн: “Сайд чи яасугай хэмээмүй?”. Лүсү өгүүлрүүн: “Өнөө саяын олон хүний хэлсэн үг жанжныг гүн саатуулжээ. Олон хүн цөм Цаоцаод дагаж болмуй. Гагцхүү жанжны бие Цаоцаод дагаж болохгүй”. Сүньцуань асууруун: “Яагаад үл болох буй?”, хэмээвээс Лүсү өгүүлрүүн: “Хэрвээ Лүсүгийн мэт ард Цаоцаог дагасанд Лүсүг лав нутагт буцуулан түшмэл суулгаж тийнхүү муж хошууг алдахгүй болой. Жанжин таны бие Цаоцаод дагаваас хааш эгсүгэй хэмээмүй? суурин болбоос Хоу өргөмжлөгдөхөөс давахгүй, тэрэг болбоос нэгээс өнгөрөхгүй, унаш нь нэгэн мориноос давахгүй, дагагсад болбоос хэдэн хүнээс эс өнгөрмүй. Хэрхин өмнөш хандан мөхөс хэмээн олж өгүүлэн чадах аж? Олон хүний санаа болбоос цөм тус тусын биеийн тул бөлгөө. Түүнийг сонсож үл болмуй. Жанжин та эртхэнээс их бодлогыг тогтоовоос зохимуй”. Сүньцуань гуньхран өгүүлрүүн: “Олон хүний шүүмжлэн хэлэлцсэн нь мөхөс миний эрмэлзлийг ихэд алдав. Зызин их бодлогыг нээн хэлсэн нь төв хэмээн миний бодсон лугаа адил болжээ. Энэ нь тэнгэр Зызинийг надад хайрласан нь болой. Гагцхүү Цаоцао шинэхэн Юаньшаогийн олныг олоод өнөөхөн бас Зинжоу мужийн цэргийг олсон тул хүч их болж байлдахуйяа бэрхээс болгоомжилмуй”. Лүсү өгүүлрүүн: “Лүсү би Зянсяд хүрч Жугө Зиньгийн дүү Жугө Ляныг дагуулан энд авч ирсэн. Эзэн гүн түүнээс асуувал даруй үнэн ташааг олж мэдмүй за”. Сүньцуань асууруун: “Волун ноёнтон энд баймуй уу?”. Лүсү өгүүлрүүн: “Өнөө өртөөний гэрт амаж268 баймуй”. Сүньцуань өгүүлрүүн: “Энэ өдөр тэнгэр орой болсон тул түүн лүгээ учрахгүй. Ирэх өдөр бичиг цэргийн сайдуудыг цацрын доор цуглуулж, урьдаар түүнд манай Зяндунгийн аруухан эрдэмтнийг үзүүлсэн хойно сая танхимд оруулж хэрэг зөвлөсүгэй!” хэмээв.
266 Лүсүгийн өргөсөн нэр
267 Жанжаогийн өргөсөн нэр
268 Амах гэдэг нь амрах, амсхийх, тайвшрах гэсэн утгатай
Түүнээс Лүсү захиаг дагаж одов. Дэд өдөр өртөөний гэрт ирж, Кунмин лүгээ уулзаж бас сурган өгүүлрүүн: “Өдгөө манай эзэн лүгээ учирваас хэрхивч Цаоцаогийн цэрэг үлэмж хэмээн бүү хэл!” хэмээхэд Кунмин инээн өгүүлрүүн: “Жугө Лян би лав зүй зохисыг үзэн үйлдэж эрхбиш үл саатуулмуй” хэмээвээс Лүсү даруй Кунминийг дагуулан цацрын дор хүрч нүд эргүүлэн үзвээс хэдийнээ Жанжао, Гү Юн нарын нэгэн сүргийн бичиг цэргийн хорь илүү хүн өндөр малгай, өргөн бүс дээл хувцас тэгшээр төв сууж баймуй. Кунмин нэг нэгээр золголцон тус тусын овог нэрийг асууж, ёсыг гүйцэтгэн бараад зочны суудалд суусан хойно Жанжао нар Кунмингийн байдал дүрс гялтганан бие махбод аруухан ихэмсгийг үзээд бодвоос “Энэ хүн лав тойрон хэлэлцэхээр ирэв” хэмээн мэдэж Жанжао түрүүлэн үгээр түншиж өгүүлрүүн: “Жао би болбоос Зяндуны өчүүхэн адгийн сайд бөлгөө. Ноёнтон таныг Лунжунд байхдаа өндөр дэрлэн, биеэ Гуаньжун, Юэ И лүгээ адилтгамуй хэмээн сонсоод удав. Энэ үг үнэхээр байна уу?”. Кунмин өгүүлрүүн: “Энэ нь Жугө Лян миний төрөлхийн бага адилтгал болой”. Жанжао асууруун: “Өнөөхөн сонсвол Лю мужийн захирагч ноёнтон таныг улалжин гэрт гурвантаа очиж залсанд завшаанаар ноёнтон таныг олсон нь загас усыг олсон мэт болгон, санаанд Зинсян газрыг чийрс ороох мэт авъя хэмээсэн бөлгөө. Өдгөө хормын зуур Цаоцаогийн харьяат болсон нь ямар санааг эс мэдэв!”. Кунмин дотроо сэтгэрүүн “Жанжао хэмээгч Сүньцуаньгийн гарын доорх тэргүүлэгч нэгэн зөвлөлийн сайд болой. Хэрвээ үүнийг эс бэрхшээн урьд унагаахгүй болбоос яахин Сүньцуантай хэлэлцэн чадмуй?” хэмээгээд даруй өчрүүн: “Би үзвээс Ханьшангийн газрыг авах нь алга урвуулах мэт хялбар боловч манай эзэн Лю мужийн захирагч өршөөл журмаар яван нэгэн угсаатны тулгар хөрөнгийг булаан төвдөхгүй тул тийнхүү хүчлэн маргав. Люзун нялх хөвгүүн зальхай үгийг итгэмжлэн сонсоод далдуураар Цаоцаод дагасанд Цаоцаогийн санааны таваар болж самуурахад хүргүүлжээ. Өдгөө манай эзэн Зянсягийн газар цэргээр суух нь өөр бодох сайн газар баймуй. Энгийн зэргийн ардын төсөөлж чадах нь бус болой”.
Жанжао өгүүлрүүн: “Үнэхээр энэ мэт болбоос ноёнтон таны хэлсэн нь явсан лугаа харилцан зөрөлджээ. Ноёнтон та биеэ Гуаньжун, Юэ Ид адилтгах тул Гуаньжун Ци улсын Хуань гүнд тусалж, мужийн эздийн эрхийг барьж, дэлхий дахиныг нэгэнтээ залруулан засжээ. Юэ И адаг буурай Янь улсыг тэтгэж Ци улсын дал илүү хотыг авчээ. Энэ хоёр хүн хэмээгч үнэхээр ертөнцийг туслах эрдэмтэн болой. Ноёнтон та улалжин гэрт байж гагцхүү салхи сарыг инээн оморхоглож, өвдгийг тэврэн сул суух буй за. Өдгөө Лю мужийн захирагчид нэгэнтээ үйлчилсэн тул хамаг амьтны тул тусыг мандуулж, зовлонг арилган самуун хулгайг хядан албаас зохих бөлгөө. Тэр ч байтугай Лю мужийн захирагч ноёнтон таныг олоогүйд харин ч тэнгэрийн доорхид хөндлөн гулдаар явж, хот балгасыг огтлон эзлэн байсан билээ. Өдгөө ноёнтон таныг олов хэмээн хүн бүр эрээлцэж, хэдийгээр гурван тохой нялх хүүхэд боловч “Мөн догшин барсад жигүүр ургаж, Хань улсын төр дахин мандан Цао овогтныг сөнөөхөд шахав” хэмээн хэлэлцэх бөлгөө. Улс төрийн сурвалжит сайд ба уул шугуйд нуусан эрдэмтэн нар үл нүдийг арчин хүлээн байхааргүй, цөм өндөр тэнгэрийн үүтгэснийг үлдэн хөөж, нар сарны гэгээн гэрлийг харан, ард иргэнийг ус, гал дотроос аварч дэлхий дахиныг амар төвшин болгох нь энэ цагт буй хэмээн өгүүлэн атал юунд ноёнтон та Лю мужийн захирагчийг дагаснаас Цаоцаогийн цэрэг нэгэнтээ хөдөлсөнд даруй хуяг дуулгыг гээж, зэр зэвсгийг орхин салхины эеэр буруулж яван, дээдэд болбоос Любяод хариулан иргэнийг нь амар болгон чадахгүй, доордод болбоос өнчин хөвгүүнд туслан газар орныг нь сахиж чадсангүй. Даруй Синь Ег гээж Фаньчэнд очоод, Дан Янд дийлэгдэн Сякоуг зорьж бие орших газаргүй болсон нь Лю мужийн захирагч нэгэнтээ ноёнтонг олсноос хойш гэдрэг харин анхандаа ч хүрэхгүй болжээ. Гуаньжун болон Юэ И үнэхээр ийм буюу эс мэдэв. Мунхагийн цээжээр хэлснийг хишгээр үл зэмлэх ажаам уу!”. Кунмин сонсож бараад ярсхийтэл инээвхийлээд өгүүлрүүн: “Хангарьдын түмэн газар нисэх зоригийг хээрийн бага бялзуухай хэрхэн олж мэдэх аж? Үлгэрлэвээс хүн хүнд өвчин хүрсэнд урьдаар ялзарсан шингэн будаа идүүлээд эм чанаж уулгамуй. Түүний таван цул, зургаан сав эелдэг найрамдуу болж бие махбод баахан амар болсны хойно махтай идээгээр нөхөж, хатуу эмээр засах болбоос сая өвчний үндэс бүрэн арилж хүн олж болой. Хэрвээ түүний амьсгал, алгуураар эелдэг болохыг хүлээхгүйгээр даруй хатуу зузаан амттанг өгч түүнийг амар сайн болгохыг хүсэх нь үнэндээ бэрх бөлгөө. Манай эзэн Лю мужийн захирагч анх өдөр Рунаньд цэрэг дийлэгдэн Любяод түшин сууж, цэрэг нь мянга хүрэхгүй. Жанжин нь Гуань, Жан, Жао Юньгийн төдийд байж энэ төв хэмээн өвчний байдал туйлын буурай болсны цаг болой. Синь Е нь уул булгийн бага гацаа бөгөөд хүн ард цухаг цөөн, амуу будаа ховор нимгэн, Лю мужийн захирагч түүнийг түр зээлэн бие оршсоноос бус Юунай үнэнээр үүнийг сахин суусугай хэмээсэн буйзаа. Тэрхүү цэрэг хуяг бүрэнгүй, хот балгас бэхгүй, цэрэг нь боловсронгуй үгүй, амуу нь өдөр залгамжлахгүй. Тийн байтал Бөванд галаар шатааж, Байхө голын усыг хэрэглэн Ся Хоудүнь, Цаорэнь зэрэг ардын зүрх чичрүүлэн, цөсийг хэмхрүүлжээ. Хянахул Гуаньжун болоод Юэ Игийн цэрэг хэрэглэсэн нь үүнээс дэмий давахгүй мэт. Жич Люзунгийн Цаоцаод дагасныг хэмээвээс үүнийг Лю мужийн захирагч үнэхээр олж мэдсэнгүй. Нэн ялангуяа самууныг тохиолдуулан нэгэн угсааны тулгар хөрөнгийг бас булаан төвдөхгүй, энэ нь үнэхээр их өршөөлт, их журамт хүмүүн болой. Дан Янгийн дийлэгдсэн нь Лю мужийн захирагчид хэдэн арван түмэн журмыг хамтатгасан иргэн байж, хөгшнөө түшин, нялхаа өргөж хойноос дагахын тул гээж яван төвдөхгүйн тул нэгэн өдөрт арван газар явж Зянлинд орж авахыг хүссэнгүй дуртайяа хамтад адил дийлэгдсэн нь энэ мөнхүү их өршөөл, их журам болой. Цөөн нь олон лугаа байлдахгүй бөгөөд дийлэн дийлэгдэх нь цэргийн хэргийн хэвийн ёс болой. Эртний Гаозү хаан Сян Юйд хэдэнтээ дийлэгдсэн бөгөөтөл Гайсяд нэгэнтээ байлдмагц гавьяа бүтжээ. Энэ нь Ханьсиньгийн арга бодлого бус уу? Тэр Ханьсинь удтал Гаозү хааныг үйлчилсэн боловч нэгэнтээ ч дараа дараагаар дийлсэн нь үгүй. Чухам улс гэрийн их бодлого бөгөөд төрийн амар түгшүүр нь гол бодлогод байхаас биш, урлан хэлэгч ард лугаа адилтгаж болох бус. Хоосон алдраар хүнийг мэхлэн, суун хэлэлцэж зогсон шүүмжлэхэд түүнд хүрч чадах хүн үгүй.
Тухайд хүрээд нийцүүлэн хувьсгахад зуугаас нэгийг ч чадахгүй нь үнэхээр дэлхий дахинд элэглэгдэх болой” хэмээжээ. Күнмин энэ нэгэн бүлэг үгээр Жанжаог хэлж огт нэгэн үг хариу өчин чадахгүй болгов.
Гэнэт нэгэн хүн суудлаас мөчөөрхөх дуугаар асууруун: “Өдгөө Цао гүн зуун түмэн цэрэг захирч, жанжныг мянган нэр жагсаасан, луу дүүлэн барс үзэж байх мэт. Зянсяг төвшитгөн залгисугай хэмээхийг нь гүн хэрхсүгэй хэмээмүй?” хэмээсэнд Кунмин үзвээс даруй Юйфань ажгуу. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао Юаньшаогийн шоргоолж шиг цугларсан цэргийг хураан, Любяогийн хараа хамтарсан олныг дээрэмдэж олсон тул хэдий хэдэн зуун түм буй хэмээвч ямар эмээх газар баймуй?”. Юйфань жихүүнээр инээн өгүүлрүүн: “Дан Янд цэрэг дийлэгдэн, Сякоуд арга мохож, бие мэхийн хүнээс туслахыг гуйхаар ирсэн атал бас ч эмээхгүй хэмээн хэлэх нь энэ үнэхээр их хүнийг мэхлэх нь болой”. Кунмин өгүүлрүүн: “Лю мужийн захирагч хэдэн мянган өршөөл журамт цэргээр зуун түмэн харгис догшин олныг яахин дийлж чадмуй? Хойш эгж Сякоуг сахисан нь цагийг хүлээсэн болой. Өдгөө Зяндунгийн цэрэг шилдэг, амуу элбэг бөгөөд нэн ялангуяа Хөх мөрний бэрх буй атал өөрийн эзнээ өвдөг нугалуулж, хулгайд дагуулсугай хэмээх нь дэлхий дахинд элэглэгдэхийг эс боджээ. Үүнээр хэлбээс Лю мужийн захирагч, үнэхээр Цаоцао хулгайгаас эмээхгүй нь болой”. Юйфань өчин чадахгүй болов.
Бас нэгэн хүн суудлын дундаас гарч асууруун: “Кунмин чи Сүцинь, Жан И269-ийн уран хэлийг дуурайж зүүн Ү улсыг тойрон хэлэлцсүгэй хэмээнэ үү?”. Кунмин үзвээс даруй Бүжи ажгуу. Кунмин өгүүлрүүн: “Бү Зышань270 чи Сүцинь, Жан И нарын уран хэлт ард болохыг мэдэхээс, Сүцинь, Жан Игийн мөн баатар эрдэмтэн байсныг мэдэхгүй ажээ. Сүцинь зургаан улсын Чансангийн тамгыг зүүж, Жан И хоёр удаа Цинь улсын Чансан болсон зэрэг нь цөм хүний улсыг туслан тэтгэсэн бодлого байсан бөлгөө. Яахин чийргээс эмээн буурайг дарлаж, илднээс айн сэлмээс зайлах хүн лүгээ адилтгаж болох нь болой. Авгай нар та Цаоцаогийн хоосноор алдаршуулсан хуурмаг худалч үгийг сонсмогц даруй айж эмээн дагасугай хэмээсэн бөгөөтөл аюумшиггүй Сүцинь, Жан И хоёрыг элэглэнэ үү?”. Бүжи огт дуугүй болжээ.
Бас нэгэн хүн асууруун: “Кунмин чи Цаоцаог ямар зэргийн хүн хэмээмүй хэмээсэнд?”, Кунмин тэр хүнийг үзвээс даруй Сюэзун болой. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао болбоос Хань улсын хулгай болой. Бас юунд асуумуй?”. Сюэзунг өгүүлрүүн: “Гүнгийн үг ташаарав. Хань улс үе улиран уламжилсаар өдгөөд хүрч ирэн, тэнгэрийн тоо төгсөхөд шахжээ. Өнөө Цао гүн нэгэнтээ дэлхий дахины гурван хувиас хоёрыг олоод хүн бүр цөм сэтгэл дагав. Лю мужийн захирагч тэнгэрийн улирлыг төсөөлөхгүй мугуйдлан тэмцсүгэй хэмээх нь төв хэмээн өндгөөр чулууг цохих мэт тул яахин дийлэгдэхгүй аж?”. Кунмин тачигнах дуугаар өгүүлрүүн: “Сюэ Зинвэнь юунд энэ мэт эцэггүй, эзэнгүй үг хэлмүй? чухам тэнгэр газрын хооронд хүн болж төрөөд шударга элбэрлээр бие байгуулахыг үндэс болгомуй. Гүн та нэгэнтээ Хань улсын сайд хэмээгдвээс түшмэлийн зэрэгт тэнцэхгүй хүнийг үзсэн цагт зүй нь амалдаж, бүгдээр албаас сая түшмэл болсны ёс болой. Өдгөө Цаоцао өвөг эцгээс Хань улсын пүнлүүг идсээр ирсэн атал хүчээ өргөн хариулахыг санахгүй, гэдрэг суурийг булаах сэтгэл өвөрлөснийг дэлхий дахины эл хүн цөм занах байтал гүн харин тэнгэрийн тоо хэмээх нь үнэхээр эцэггүй, эзэнгүй хүн болой. Үг хэлэлцэн хэрэггүй, битгий дахин өгүүлэгтүн!” хэмээсэнд Сюэзун нүүр дүүрэн ичгүүр төрж хариу өчин чадахгүй болжээ.
269 Сүцинь, Жан И энэ хоёр хүн бол бүр байлдаант улсын үеийн шүүмжлэн хэлэлцэх шалгарсан хүмүүс юм
270 Бүжигийн өргөсөн нэр
Бас нэгэн хүн суудал дээрээс дууг нийлүүлэн асууруун: “Цаоцао хэдий тэнгэрийн хөвгүүнийг авч, олон мужийн эздэд зарлавч, басхүү улсад туслагч сайд Цаошэньгийн үр болой. Лю мужийн захирагч хэдий Жуншань газрын Зинвангийн удам хэмээн өгүүлэвч харин хянан байцаахад бэрх, нүд үзтэл чийрс гөрж, шаахай худалдсан ард болой. Яахин Цаоцао лугаа мөчөөрхөн тулж чадмуй?”. Кунмин үзвээс даруй Лүзи ажгуу. Кунмин инээд алдан өгүүлрүүн: “Гүн та Юаньшүгийн ширээнд бэрсүүт жүрж өвөрлөсөн Лүлан бус уу? Түр амгалангаар залран сууж миний нэгэн үгийг сонс! Цаоцао мөнхүү Цао Сянгуогийн үр болбоос үе улиран Хань улсын түшмэл болой. Өдгөө даруй эрхийг эзэрхэн хөндлөнгөөр аашилж, эзэн эцэгийг дарлан мэхлэх нь гагц эзэнгүй хэмээхээр үл барам мөн эцэг өвгийг гутаажээ. Гагц Хань улсын самуун түшмэлийн төдий бус бас ч, Цао овогтны хулгайч хөвгүүн болой. Лю мужийн захирагч хэмээгч ив ил хааны удам бөгөөд өдгөөгийн хаан, гэрийн үеийн бичмэлээр хэргэм хүртсэн атал юунд хянан байцаахад бэрх хэмээн өгүүлмүй? Тэр ч байтугай эртний Гаозү хаан айлын даргаас бие үүсэж, эцэстээ дэлхий дахиныг олжээ. Чийрс гөрж, шаахай худалдах нь бас ямар ичгүүртэй хэмээх газар баймуй? Гүн чи бага хүүхдийн үзэл ухаантай тул эрдэмтэн мэргэд лүгээ хамт хэлэлцэж болох нь бус болой” хэмээн Лүзигийн үг хаагдуулав.
Бас нэгэн хүн суудал дээрээс өгүүлрүүн: “Кунмингийн хэлсэн нь цөм авирлаж, ёс булаасан нь болой. Бүрнээ төв шүүмжлэл бус, дахин хэлэлцэх хэрэггүй, харин Кунмингаас лавлан асуусугай! Чи ямар бичиг судрыг хичээсэн буй?”. Кунмин үзвээс даруй Яньзюнь болой. Кунмин өгүүлрүүн: “Бүлэг эрж бадаг түүх нь ертөнцийн ялзархай бичгийн хүмүүний үйл болой. Яахин улсыг мандуулан, хэргийг байгуулж чадмуй, тэр ч байтугай тариа тарьсан И Инь, загас гөхөдсөн Зянзы Яа, жич Жанлян, Чэньпингийн урсгал, Дөн Юй, Гөн Янь271 зэрэг хүнд цөм орчлонг туслан тэтгэх чадал байжээ. Түүний хичээв хэмээснийг сонссонгүй, юунай мөн бичгийн хүнийг дуурайж, бийр зууруулын хооронд бие бөхийн, харыг тоолон шарыг шүүмжилж, утгад Бүжиглэн, бэхийг барилцахын төдий буй за?” хэмээсэнд Яньзюнь толгой даран амьсгал муудаж, дуугарч чадахгүй болов. Гэнэт бас нэгэн хүн их дуугаар өгүүлрүүн: “Гүн их үг хэлэхдээ сайн аж. Үнэн магадтай суртал байхыг лавлаж болохгүй, орчмын бичгийн хүнд элэгдэх болуузай хэмээмүй”. Кунмин тэр хүнийг үзвээс даруй Рунаньгийн Чөн Дөшү ажгуу. Кунмин өчрүүн: “Бичгийн хүн эрдэмтэн сайд, өчүүхэн хүний ялгавар буй. Эрдэмтэн сайдын бичгийн хүн болбоос эзэндээ шударга, улсаа хайрлан төвийг сахиж, гажууг жигшин, эрхбиш тэр үед хишгийг хүртээж, хойч үед нэрийг хоцруулмуй. Хэрвээ өчүүхэн хүний бичгийн хүмүүн болбоос сийлмэл хорхойн272 адилыг хичээж, бэх зурмалд урлан, нас залуу үес шүлэг зохиож, үс цайтал номыг мохоон бийрийн дор хэдий мянган үгс байвч, хэвлийн дотор үнэндээ нэг ч бодлогогүй. Нэнд Янсюн273 мэт утга уянга нь ертөнцөд нэр гараад, бие бөхийж Ванманг үйлчилсэн тул асраас харайн унаж үхэхээс олж хэлтэрсэнгүй. Энэ нь өчүүхэн хүний бичгийн хүмүүн хэлэх нь болой. Хэдий өдөр бүр түмэн үгсийн магтаал зохиомуй гэвч ямар аваачих газар буй аж” гэхэд Чөн Дөшү өчин чадахгүй болжээ. Олон хүн Кунмингийн өчих нийлүүлэх нь ус урсах мэтийг үзээд бүрэн чанар алдав. Тэр үед суудал Жанвэнь, Луотун бас бэрхшээн асуусугай хэмээтэл гэнэт нэгэн хүн гаднаас орж ирэн сүрхий дуугаар өгүүлрүүн: “Кунмин нь өдгөө үеийн гайхалтай эрдэмтэн болой. Авгай нар та уруул хэлээр бэрхшээх нь зочныг хүндлэхийн ёс бус бөлгөө. Өнөө Цаоцаогийн их цэрэг хязгаарт шахсан атал дайсныг тулах аргыг зөвдөхгүй, гагц талаар ам тэмцмүй үү?”. Олноор тэр хүнийг үзвээс даруй Линлин газрын хүмүүн, овог Хуан нэр Гай, өргөсөн нэр Гунфү хэмээгч бөгөөд өдгөө зүүн Ү улсын амууг захирах түшмэлийн тушаалыг хүлээжээ. Тэр үед Хуангай Кунмингийн зүг өгүүлрүүн: “Мунхаг би сонсвол “Үлэмж хэлж ашиг олсноор дув дуугүй, үг үгүйд хүрэхгүй” хэмээжээ.
271 Дөн Юй, Гөн Янь хоёр хүн бол бүр Хань улсын гуан Ү хааны гавьяат сайд нар болой
272 Шүлэг яруу найраг оролдохыг хорхой сийлэхтэй зүйрлэдэг аж
273 Янсюн бол Хань улсын үеийн магтуу шүлэгч хүн болой. Ванмангийн үед түшмэл сууж, хэрэгт орж бууртсан учраас гянданд дарагдах болсонд асраас харайн бие хорлох гэж арай эс үхсэн ажээ
Юунд алтан хасын мэт шүүмжлэлээ манай эзэнд гарган хэлэхгүй, харин олон хүн лүгээ булаалдан шүүмжилмүй”. Кунмин өгүүлрүүн: “Олон авгай нар ертөнцийн учир тухайг мэдэхгүйгээр харилцан зовоон асуух тул өчихгүй болохгүй болжээ”. Үүнээс Хуангай, Лүсү лүгээ Кунминийг удирдан дунд хаалганд орж ирмэгц төв хэмээн Жугө Зинь лүгээ уулзсанд Кунмин урагш давшин ёсловоос Жугө Зинь өгүүлрүүн: “Мэргэн дүү Зяндунд ирсэн бөгөөтөл юунд надад үл учрахаар ирмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Дүү би нэгэнтээ Лю мужийн захирагчийг үйлчилсэн тул албаны учрыг урьд болгож, хувийн учрыг хойно болговоос зохимуй. Албан хэргийг бараагүй тул аймшиггүй хувийн учрыг гүйцэтэн чадсангүйг ах та уучлах болов уу?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Мэргэн дүү Үхоуд274 золгосны хойно ирж үг хэлэлцсүгэй!” хэмээн хэлж бараад шууд одов. Тэндээс Лүсү өгүүлрүүн: “Өнөө саяын хэлснийг үл саатуулмуй!”. Кунмин тэргүүн гэхэж хүлээн авав. Түүнээс дагуулан танхим дээр хүрч иртэл Сүньцуань яндраас бууж угтан аваад, эрхэм зочны ёсоор хүндлэн ёс хийж барсны хойно Кунминд суудал хайрлаж, бичиг цэргийн олон сайд нар хоёр мөрөөр хуваалцан зогсов. Лүсү даруй Кунмингийн хажууд зогсож, түүний үг хэлэлцэхийг үзмүй. Кунмин Сюаньдөгийн санааг нэвтрүүлж бараад нүдний зовхисоор Сүньцуанийг хулган үзвэл нүд цэнхэр, сахал бор, ихэмсэг байдал ив илхэн тул Кунмин дотроо сэтгэрүүн: “Энэ хүний дүрс байдал энгийн хүний бус тул гагцхүү өрнүүлж болмуй, хэлэлцэж болохгүй, хүлээж түүний асуусан цагт үгээр өрнүүлбээс барав” хэмээгээд цай өргөж барсан хойно Сүньцуань өгүүлрүүн: “Урьд Лү Зызин ноёнтон таны их эрдмийг хэлэхийг сонсож агсан бөлгөө. Өдгөө завшаанаар олж золгосон тул аюулгүй туст сургаал сургахыг гуймуй!”. Кунмин өгүүлрүүн: “Эрдэмгүй миний бие сурсан газар нэг ч үгүй тул гэгээн асуултыг гутаажээ”. Сүньцуань өгүүлрүүн: “Эрхмийн бие өнөөхөн Синь Егийн газар Лю мужийн захирагчид туслан Цаоцао лугаа зууралдан байлдсан тул түүний цэргийн үнэн ташааг лав гүн мэдэх буй за?”.
274 Ү Хоу гэдэг нь Сүнцуаньгийн хэргэм зэрэг юм
Кунмин өгүүлрүүн: “Лю мужийн захирагчийн цэрэг цөөн, жанжин мөхөс бөгөөд нэн ялангуяа Синь Егийн хот бага, амуу үгүй. Яахин Цаоцао лугаа эсэргүүцэж чадах аж?”. Сүньцуань өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг нийт хэдий баймуй?”. Кунмин өгүүлрүүн: “Морьт, явган, усан цэргийг бараглаваас бүгд нэг зуу илүү түм буй”. Сүньцуань асууруун: “Эсвээс хуурмаг буюу?”. Кунмин өгүүлрүүн: “Хуурмаг бус. Цаоцао Яньжоу мужид байхдаа басхүү Цинжоу мужийн цэрэг хорин түм байжээ. Юаньшаог төвшитгөөд бас тавь жаран түмэн цэрэг олов. Жун Юаньд шинэ элссэн цэрэг гуч дөчин түм буй. Өдгөө бас Зинжоу мужаас олсон хорь, гучин түмэн цэрэгтэй нийлүүлэн бодвоос нийт нэг зуун тавин түм хэртэй баймуй. Жугө Лян би нэг зуун түмэн цэргээр хэлсэн нь, Зяндунгийн түшмэд сайдыг цочоох болуузай хэмээсэн болой”. Лүсү хажууд байж энэ үгийг сонсоод царай алдаж нүдээр Кунминийг харахад Кунмин гагцхүү үл үзэгч болмуй. Сүньцуань асууруун: “Цаоцаогийн гарын доорхи байлдах жанжин бас хэдий баймуй?”. Кунмин өгүүлрүүн: “Бодлого үлэмж, ухаан бүрдсэн эрдэмтэн ба байлдаж чадах дийлж дадсан жанжин яахин нэг хоёр мянган хүнээр зогсмуй”. Сүньцуань асууруун: “Өдгөө Цаоцао Зин, Чугийн газрыг төвшитгөөд дахин хол бодлого баймуй уу?”. Кунмин өгүүлрүүн: “Өнөө тэр мөрнийг дагаж, цайз буугаад байлдах онгоцыг бэлтгэж байх нь Зяндуныг авъя хэмээхгүй ямар газрыг авсугай хэмээмүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Тэр хэрвээ хамтатган залгихын санаа байваас түүн лүгээ байлдах ба үл байлдахыг эрхмийн бие мунхаг надад таслан өгөх ажаам уу!”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян надад нэгэн үг буй. Гагц жанжин таны сонсох үгүйгээс болгоомжилмуй”. Сүньцуань өгүүлрүүн: “Дээд эрхмийн шүүмжлэлийг сонсохыг хүсмүү!”. Кунмин өгүүлрүүн: “Урьд өдөр ертөнц бүхэн ихэд самуурсанд жанжин та, Зяндунаас цэрэг байгуулан, Лю мужийн захирагч Ханьнаньгийн олныг хурааж, Цаоцао лугаа зэрэгцэн дэлхий дахиныг тэмцжээ. Өдгөө Цаоцао их зовлонг хядан арилгаад баахан төвшин болгов хэмээмүй. Өнөөхөн бас Зинжоу мужийг шинээр эвдээд сүр нь далайн дотоодод алдаршиж, хэдий аруухан баатар буй гэвч цэрэг хэрэглэх газаргүй, тиймийн тул Лю мужийн захирагч энд буруулан ирэв. Жанжин та харин хүчний хэрээ үзэж байгаад аваачхыг хүсмүй. Хэрвээ Ү, Юэгийн олноор Жун Юань лугаа эсэргүүцэн чадваас эртхэнээр таслахыг үл хүрмэй. Хэрэв эс чадваас юунд олон зөвлөлийн сайдын үгийг дагаж цэргийг хураамжлан, хуягийг багцалж, хойш хандан үйлчлэхгүй аж”. Сүньцуань өчиж завдаагүйгээр Кунмин цааш залгуулж өгүүлрүүн: “Жанжин та гадаад дагаж бишрэхийн нэрийг хүлээн, дотоодод сэжиглэх, бачлах сэтгэлийг өвөрлөж, хэрэг шахам болсон бөгөөтөл таслан чадахгүй тул удахгүй зовлон хүрч ирмүй!”. Сүньцуань өгүүлрүүн: “Үнэхээр ноёнтон таны хэлэхээр болбол Лю мужийн захирагч юунд Цаоцаод дагахгүй буй?”. Кунмин өгүүлрүүн: “Эртний Тяньхөн275 Ци улсын нэгэн бузамгай эр болой. Бас ч журмыг сахиж ичгүүр болохгүй атал нэнд Лю мужийн захирагч хааны удам бөгөөд аруухан чадал ертөнцөд алдаршиж олон эрдэмтний бахдан хүсэх нь болой. Хэргийн бүтэхгүй нь тэнгэрийн тоо тул бас юунд бие бөхийн хүний доор сууж болмуй?” хэмээв. Түүнээс Сүньцуань Кунмингийн эдгээр үгийг сонсоод, царай хувьсаж, хормой гөвөн босоод хойд танхимд эгж оров. Олон цөм инээдэм хүрч тархав. Лүсү Кунминийг зэмлэж өгүүлрүүн: “Ноёнтон та юунд энэ мэт үг гаргав? Завшаанаар манай эзэн хэвлий цээж агуу их тул нүүр дээр эс буруушаав. Ноёнтоний үг манай эзнийг хэтэрхий бага үзжээ”. Кунмин дээш хандаж инээн өгүүлрүүн: “Юунд ийнхүү юмыг үл багтаан чадмуй за? Надад лав Цаоцаог эвдэх арга буй атал тэр надаас асуухгүй тул тийнхүү би эс хэлэв” хэмээхэд Лүсү өгүүлрүүн: “Ноёнтонд үнэхээр гайхамшигт арга буй бөгөөс Лүсү би зүйгээр эзэн гүнийг залж гарган сургаалыг эрүүлсүгэй”. Кунмин өгүүлрүүн: “Би Цаоцаогийн зуун түмний олныг үзэхэд сүрэгт шоргоолж мэт, гагцхүү би гарыг нэгэнтээ хөдөлгөмөгц цөм талагдан хэмхрэх болмуй”. Лүсү үүнийг сонсоод даруй дотоод танхимд орж, Сүньцуань лугаа учирсанд Сүньцуаньгийн уур нь тайтгараагүй тул Лүсүг харж өгүүлрүүн: “Кунмин мөхөс намайг даанч хэтэрхий дарлажээ”. Лүсү өгүүлрүүн: “Сайд би үүний тул Кунминийг буруушаасанд Кунмин гэдрэг эзэн гүнийг “Юмыг багтаан үл чадмуй” хэмээн элэглэв. Цаоцаог эвдэх аргыг Кунмин хөнгөнөөр хэлэхгүй тул эзэн гүн юунд гуйхгүй буй?”. Сүньцуань гэдрэг баярлаж өгүүлрүүн: “Үзвээс Кунминд мэргэн арга байжээ. Тийнхүү үгээр намайг өдөөсөн аж.
275 Тяньхөн Чин улсын сүүлчийн үеийн Ци улсын хүн юм. Ци улсын ван баригдсаны хойно Тяньхөн өөрөө Ци улсын ван болж, дараа нь далайн аралд ухран орж, сахин суужээ. Хаан Гау Ци хүн томилон элсэн дагуулсанд Тяньхөн доорхи таван зуу гаруй хүн лүгээ хамт дагасангүйгээр цөм биеэ хорложээ.
Би нэгэн цаг ухаан мөхөс болж, эс их хэргийг саатуулахад хүргүүлэв” хэмээгээд даруй Лүсү лүгээ цугаар дахин танхимд гарч Кунминийг залж “Үг хэлэлцсүгэй!” хэмээв. Сүньцуань Кунмин лүгээ учирч ял хүлээн өгүүлрүүн: “Өнөө сая гэгээн сүрд тань хэтрэмхийлэн халдсаныг завшаанаа үл ял хийх болов уу?”. Кунмин бас харамж өгч өгүүлрүүн: “Жүгө Лян миний хэлсэн үг хэтрэмхий болсон тул ялыг уучлахыг гуймуй” хэмээсэнд Сүньцуань Кунминийг залж хойд танхимд оруулан архи базааж, хүндлэн хундага өргөв. Түүнээс Сүньцуань өгүүлрүүн: “Цаоцаогийн төрөлх жигших нь Люйбү, Любяо, Юаньшао, Юаньшу, Лю мужийн захирагч бөгөөд мөхөс над лугаа болой. Өдгөө хэдэн эрэмгий нэгэнтээ сөнөжээ. Гагц Лю мужийн захирагч мөхөс над лугаа тогтнож баймуй. Мөхөс би Ү улсын газрыг бүгдийг эзэлж байгаад хүнд захирагдмуй уу? Миний санаа нэгэнтээ тогтов. Лю мужийн захирагчаас бус болбоос Цаоцао лугаа эсэргүүцэж чадах нь үгүй болой. Тийм боловч Лю мужийн захирагч шинэ дийлэгдсэн тул яахин энэ зовлонг даан чадмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Лю мужийн захирагч хэдий шинэ дийлэгдсэн боловч Гуань Юньчан басхүү шилсэн цэрэг түмэн хүнийг авч Люцид Зянсягийн байлдах ард бас ч түмэн хүн буй. Цаоцаогийн олон холоос ирж ядаж зүдээд өнөөхөн Лю мужийн захирагчийг нэхэж гавшгай мориор нэгэн өдөр гурван зуун газар явмуй, үүнийг “Хүчирхэг зэвийн мохоо, дан цаасыг шувтлан чадахгүй хэмээжээ. Тэр ч байтугай хойд газрын хүн усаар байлдан чадахгүй бөгөөд Зинжоу мужийн түшмэл ард Цаоцаод дагасан нь сүр хүчинд шахамдагдсаны учраас биш түүний уг санаа бус болой. Өдгөө жанжин та үнэхээр Лю мужийн захирагч лугаа хүч нэгдэж санаа нийлэн чадваас Цаоцаог эвдэх нь лав болмуй. Цаоцаогийн цэрэг дийлэгдвээс эрхгүй хойш эгмүй. Тийм болбоос Зинжоу болон зүүн Үгийн хүч чийрэг болж гүлсийн хөлийн байдал бүтэх болой, бүтэх эвдрэхийн тухай энэ өдөрт буй бөлгөө. Гагцхүү жанжин та таслан аваачтугай!”. Сүньцуань ихэд баярлаж өгүүлрүүн: “Ноёнтон таны үг сүв бөглөрч байхыг агшин зуур нээсэн мэт болж, миний санаа нэгэнтээ тогтов. Дахин бус сэжиглэх газаргүй!” хэмээгээд мөн өдөртөө зөвлөж цэрэг байгуулан “Бүгдээр
Цаоцаог сөнөөсүгэй!” хэмээн Лүсүг дуудаж “Энэ санааг бичиг цэргийн түшмэл сайдуудад уламжлан ухуултугай!” хэмээгээд даруй Кунминийг бууцанд хүргэж амуулав.
Тэндээс Жанжао Сүньцуаньгийн цэрэг байгуулсугай хэмээснийг мэдээд даруй олон лугаа зөвлөж өгүүлрүүн: “Эзэн гүн Кунмингийн арганд оржээ” хэмээгээд яаран орж Сүньцуань лугаа золгож өгүүлрүүн: “Жанжао бид эзэн гүнийг цэрэг байгуулж, Цаоцао лугаа тэмцэн байлдсугай хэмээснийг сонсож тусгайлан золгохоор ирэв. Эзэн гүн бодоход Юаньшао лугаа адилтгаваас ямар буй? Цаоцао урьд өдөр цэрэг цөөн жанжин цухаг бөгөөтөл даруй нэгэн хэнгэрэг дэлдэхийн зуур Юаньшаог дийлэн чаджээ. Нэнд энэ өдөр зуун түмний олныг авч өмнөдийг дайлахаар ирсэн тул хэрхин хөнгөнөөр байлдаж болмуй! Хэрвээ Жугө Лянгийн үгийг сонсож, талаар цэрэг морийг хөдөлгөвөөс энэ нь түлээг үүрэн галыг тэнхрүүлэх нь болой” хэмээсэнд Сүньцуань гагцхүү тэргүүн даран дуугарахгүй болов. Гү Юн өгүүлрүүн: “Любэй харин Цаоцаод дийлэгдсэний учир тийнхүү манай Зяндунгийн цэргийг зээлэн авч мөчөөрхсүгэй хэмээх тул эзэн гүн юунд түүнд хэрэглэгдмүй? Хүсэх нь Зыбүгийн үгийг авах болов уу?”. Сүньцуань дув дуугүй болж таслан чадахгүйд Жанжао нар гарч одов. Хойно Лүсү орж золгоод өгүүлрүүн: “Өнөө Жан Зыбү нар бас эзэн гүнийг хориглон “Битгий цэрэг хөдөлгөгтүн!” хэмээн хүчлэн хэлж, дагахыг гол барих нь цөм биеэ бүртгэн, эм хүүхдийг хамгаалж, амиа бодохын бодлого болой, эзэн гүн үл сонсох болов уу?”. Сүньцуань бас ч саармаглаж ахуд Лүсү өгүүлрүүн: “Эзэн гүн хэрвээ тээнэгэлзэх болбоос эрхгүй олон хүнд саатуулагдмуй!”. Сүньцуань өгүүлрүүн: “Сайд та түр эгэгтүн! Би сайтар эргэцүүлэн бодсугай!” хэмээсэнд Лүсү даруй гарав. Тэр цагт цэргийн жанжин нарын дотор зарим нь байлдсугай хэмээгчид буй. Бичгийн түшмэд нь цөмөөр дагасугай хэмээж тус тусдаа шүүмжлэн хэлэлцэж нэгэн адилгүй болов.
Тэндээс Сүньцуань дотоод гэрт эгж орсноос унтан идэхэд ч амаргүй, гэлбэлзэж, таслан чадахгүй суув. Эх Үгуо хатан276 Сүньцуаньгийн энэ мэтийг үзээд асууруун: “Сэтгэл зүрхний ямар хэрэг байж унтан хэвтэхийг ч цөм гээсэн болой?”. Сүньцуань өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао Зянханьгийн газарт цэрэг аван сууж Зяндунд буухаар ирэх санаа байх тул олон бичиг цэргийн түшмэлээс асуувал зарим нь “Дагасугай!” хэмээмүй. Заримууд нь “Байлдсугай!” хэмээмүй. Би байлдъя хэмээхүл цөөнөөр олныг тэнцэхгүйгээс эмээмүй. Дагасугай хэмээхүл бас ч Цаоцаогийн агуулахгүйгээс болгоомжилмуй. Тиймийн тул татгалзан амуй”. Үгуо хатан өгүүлрүүн: “Чи юунд миний эгчийн эцэс болох үеийн үгийг тэмдэглэсэн буй за” хэмээсэнд Сүньцуань согтсоноос гэнэт сэргэж зүүднээс сая сэрсэн мэт энэ нэгэн үгийг бодон олов. Энэ чухамхүү:
“Улсын эхийн эцэс болох үеийн үгийг нэхэн санаад
Удирдан гаргасан Жоулан277-аар байлдааны гавьяаг бүтээлгэв”
Эгнэгт ямар үг хэлснийг доор бүлгээс үзтүгэй.
276 Сүнцуаньгийн төрсөн эхийн охин дүү
277 Жоу Юйгийн өөр нэг нэр
Сэтгэгдэл ( 0 )