Гурван улсын үлгэр | 45 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-45 ДУГААР БҮЛЭГ

САНЬЗЯН КОУ284 АМАНД ЦАОЦАО ЦЭРГИЙГ ХОХИРУУЛСАН ЦЮНЬ ЕН ХУЙ285 ХУРАЛД ЗЯН ГАНЬ АРГАД ОНОГДСОН

 

284 Гурван мөрний ам

285 Аруухан баатруудын цуглал

Өгүүлэх нь: Жоу Юй, Жугө Зиньгийн үгийг сонсоод гэдрэг Кунминд хорсон аргадаж “Алсугай!” хэмээсэн сэтгэлийг агуулаад дэд өдөр цэрэг жанжин нарыг тэгшитгэн үзээд орж Сүньцуань лугаа салах ёс хийсэнд Сүньцуань өгүүлрүүн: “Өдгөө чиг урагш явтугай! мөхөс би мөн цэрэг байгуулж хойдыг хариуцсугай!” хэмээсэнд Жоу Юй салан гарч ирээд чэнпү, Лүсү нар лугаа цэрэг авч мордон гарахад даруй Кунминийг урьж “Хамт одсугай!” хэмээвээс Кунмин баярлаж дагаснаар нэгэн зэрэг онгоцонд гарч далбааг өлгөөд, шургийг босгож, залгалдаагаар сякоуг зүглэн ирэв. сань зянкоу амнаас тавь жаран газрын алс онгоцыг дэс дараалан зогсоосон хойно Жоу Юй түүний дунд цайз буун, хөвөөн дээр си шань уулыг түшиж хүрээ бариад гадуур тойруулан цэргийг суулгажээ. Кунмин гагц нэгэн навч мэт бага онгоцны дотор бие оршиж суув.

Тэндээс Жоу Юй ялган салган жагсааж бараад хүн зарж Кунминийг “Үйл зөвлөсүгэй” хэмээн залуулав. Кунмин цацарт хүрч ирээд ёс хийж барсан хойно Жоу Юй өгүүлрүүн: “Эрт өдөр Цаоцаогийн цэрэг цөөн, Юаньшаогийн цэрэг олон бөгөөтөл Цаоцао гэдрэг Юаньшаог дийлсэн нь Сюй Югийн үгийг авч урьдаар Үчаогийн амууг тасалсны тул болой. Өдгөө Цаоцаогийн цэрэг наян гурван түм бөгөөд манай цэрэг гагцхүү тав зургаан түмийн төдийхөн тул яахин мөчөөрхөж чадмуй. Эрхбиш урьдаар Цаоцаогийн амууг тасалсан хойно сая эвдэлбээс болмуй за, би хэдийнээ “Цаоцаогийн амуу өвс цөм Зюйте Шань ууланд овоолж буй” хэмээн туршин олж мэдэв. Ноён та Ханьшан газарт удаан сууж газрын зүйг боловсортол мэдэхийн тул аймшиггүй зовоосугай! Би мянган цэрэг туслан өгье! Гуань Юй, Жанфэй болон Зылун нар лугаа шөнө дөл Зюйте Шань ууланд одож Цаоцаогийн амуу өвсний замыг тасалсугай! Харилцан тус тусдаа цөм өөрийн эзний төлөө тул хишгээр үл шалтаглан түлхэх ажаам уу!”. Кунмин дотроо сэтгэрүүн “Энэ нь намайг хэлэлцэн хөдөлгөж чадсангүй тул арга зохион намайг хорлоё хэмээх аж. Би хэрвээ түлхвээс эрхгүй түүнд элэглэгдмүй. Харин хүлээн авч өөрөө “Дахин бодсугай!” хэмээгээд даруй баясгалангаар хүлээн авсанд Жоу Юй ихэд баярлажээ. Кунмин гарсан хойно Лүсү сэмээр Жоу Юйд өгүүлрүүн: “Гүн та Кунминийг зарж амуу булаалгах нь ямар санаа буй аж?”. Жоу Юй өгүүлрүүн: “Би Кунминийг алсугай хэмээхүл бусдад элэглэгдэх болуузай хэмээмүй. Иймийн тул би Цаоцаогийн гарыг зээлэн түүнийг алуулж хожмын зовлонгийн үндсийг тасалъя хэмээв”. Лүсү энэ үгийг сонсоод даруй одож Кунминд золгон “Түүний мэдэх ба эс мэдэхийг үзсүгэй!” хэмээгээд очиж үзвээс харин Кунмин баахан ч бэрхшээх царайгүй бөгөөд “Цэрэг морийг засамжлан мордъё!” хэмээж баймуй. Лүсү дотроо төвдөхгүй тул үгээр туршин асууруун: “Ноёнтон та энэ очих нь гавьяа бүтэж чадмуй уу”. Кунмин инээн өгүүлрүүн: “Би усаар байлдах, явган байлдах, морьтойгоор байлдах ба тэргээр байлдахад тус бүр гайхамшгийг гүйцэтгэн чадах тул гавьяа бүтэхгүйгээс юунд зовох аж? Зяндунгийн гүн чиний бие ба жич Жоулан мэтсийн гагц нэгэн чадвартан лугаа адилтгаж болох нь бус болой?”. Лүсү өгүүлрүүн: “Намайг Гунзинь лүгээ яахин нэгээхэн чадвартай хэмээн хэлмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Би сонсвоос Зян Наньгийн бага хүүхдийн цуу үгэнд өгүүлсэн нь: “Замд бүгж боомтыг сахихад Зызин баялаг, мөрний дэргэд усаар байлдахад Жоулан буй” хэмээжээ. Гүн та хуурайд болбоос гагц замд бүгж боомтыг сахин чадах бөгөөд Жоу Гунзинь болбоос гагцхүү усаар байлдаж чадахаас хуурай газарт байлдан чадахгүй болой” хэмээв.

Тэндээс Лүсү даруй энэ үгийг Жоу Юйд хэлж өгсөнд Жоу Юй хилэгнэж өгүүлрүүн: “Тэр юунд намайг хуурайд байлдаж чадахгүй хэмээн дарламуй, түүнийг хэрэглэхгүй, Би өөрөө нэгэн түмэн цэрэг морийг авч, Зюйте Шаньд одож Цаоцаогийн амуу өвсний замыг тасалсугай!” хэмээжээ. Лүсү бас энэ үгийг Кунминд хэлж өгсөнд Кунмин инээн өгүүлрүүн: “Гунзинь намайг зарж “Цаоцаогийн амууг тасалсугай!” хэмээсэн нь үнэндээ Цаоцаогаар намайг алуулах бодол байсан болой. Би тийнхүү хэдэн үгээр хошигносонд Гунзинь даруй багтааж чадахгүй болжээ. Өдгөө хүн хэрэглэх цаг тул гагц хүсэх нь Үхоу, Лю мужийн захирагч лугаа сэтгэл нэгдвээс гавьяа бүтэж болмуй. Хэрвээ тус тусдаа харилцан хорлосугай хэмээвээс их хэрэг барагдах болой.

Цаоцао хулгай бодлогонд үлэмж бөгөөд тэр төрөлхөөс хүний амуу өвсний замыг тасалсаар сурамгай болсон тул өдгөө яахин хүнд цэргээр сахиулж бэлтгэхгүй аж, Гунзинь хэрвээ очвоос эрхгүй түүнд баригдмуй. Өдгөө гагцхүү урьд усаар байлдахыг тогтож хойд, зүгийн цэргийн хурц сүрийг баахан мохоосны хойно өөр гайхамшигт аргыг эрэн эвдэлбээс болмуй. Гуйх нь Зызин та сайн үгээр Гунзиньд хэлж өгвөөс завшаан бөлгөө” хэмээсэнд Лүсү шөнө дөл буцаж Жоу Юйтай уулзан Кунмингийн хэлсэн үгийг дэлгэрэнгүй хэлсэнд Жоу Юй толгой сэжин, хөл дэвсэж өгүүлрүүн: “Энэ хүний мэдэл ухаан надаас арав хувь хэтэрмүй, өдгөө эс арилгаваас хожимдоо эрхгүй манай улсад зовлон болмуй”. Лүсү өгүүлрүүн: “Өнөө хүн хэрэглэх цаг тул улс гэрийг хүнд болгох ажаам уу! Жич хүлээж Цаоцаог эвдэлсний хойно бодолхийлэхэд хождохгүй” гэхэд Жоу Юй тэр үгийг зөвшөөрөв.

Тэндээс Сюаньдө, гүнз Люцигээр Зянсяг сахиулаад өөрийн бие олон жанжныг дагуулан цэрэг авч Сякоугийн аманд хүрч холоос харвал мөрний өмнөд хөвөөн дээр туг, хиур эрвэг сэрвэг, илд жад давхар давхар үзэгдмүй.

Бодохул зүүн Ү улсаас нэгэнтээ цэрэг хөдөлгөснийг мэдээд даруй Зянсягийн цэргийг дуустал нүүлгэн Фанькоугийн аманд хүрч хүрээ буув. Сюаньдө олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Кунмин зүүн Ү улсад очсноос огт сураггүй тул хэргийн өнгө ямар болсныг эс мэдэв. Өдгөө хэн хүн тэнд очиж үнэн ташааг туршин олоод хойш мэдүүлмүй” хэмээхэд Мижу өгүүлрүүн: “Би очихыг хүсмүй” хэмээн хэлсэнд Сюаньдө даруй гахай хонь, архи, гурил бэлтгэж Мижуг заран зүүн Ү улсад илгээж “Цэргийг будаалахаар” нэр болгон үнэн худлыг туршуулахаар явуулав. Мижу захиаг хүлээн бага онгоцонд суун урсгалын аяыг дагаж, шууд Жоу Юйгийн их цайзын өмнөдөд хүрч ирэв. Цэргийн ард орж Жоу Юйд мэдүүлсэнд Жоу Юй дуудан оруулбаас Мижу гүн ёсолж Сюаньдөгийн харилцан хичээнгүйлсэн санааг нэвтрүүлээд, архи, хонь ёслолын юмыг өргөжээ. Жоу Юй хураан авч, дарс ширээ бэлтгүүлэн Мижуг хүндээр дайлахад Мижу хэлрүүн: “Кунмин Зяндунд байж удсан тул өдгөө хамтаар харихыг хүсмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Кунмин хараахан над лугаа зөвлөл нэгдэж “Цаоцаог эвдмүй!” хэмээж атал яахин даруй болмуй? Би бас Лю мужийн захирагчид золгон бүгдээр “Сайн аргыг зөвлөсүгэй!” хэмээн санавч хэрхсү, бие их цэргийг ерөнхийлсэн тул түр зуур хэмээн ангижирч болохгүй, хэрвээ Лю мужийн захирагч алжаалыг бодохгүй биеэр залран ирвээс мөрөөдсөн сэтгэлийг гүн тайтгаруулмуй”. Мижу захиаг хүлээн, ёслон салж буцсан хойно Лүсү, Жоу Юйгээс асууруун: “Гүн Сюаньдө лүгээ золгосугай хэмээх нь ямар зөвлөх хэрэг буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Сюаньдө ертөнцийн эрэмгий баатар тул арилгахгүй болбоос болохгүй. Өдгөө би тухайд нийлүүлэн аргадаж ирүүлээд албаас улс гэрийн төлөө хожмын их зовлонг арилгамуй” хэмээн хэлэхэд Лүсү дахин давтан ятгаж хоригловч Жоу Юй нэг мөсөн үгийг авахгүй даруй сэмээр цааз зарлаж “Хэрэв Сюаньдө хүрч ирвээс урьдчилан илд сүх барьсан тавин хүнийг хаяаны дотор бүгүүлээд миний хундага орхин тэмдэг болгохыг үзвээс цугаар гарч гар хөдөлгөгтүн!” хэмээжээ.

Тэндээс Мижу буцаж Сюаньдөтэй уулзаад хэлрүүн: “Жоу Юй эзэн гүнийг тэндээ залж нүүр золгон өөр зөвлөх учир буй хэмээмүй” хэмээвээс Сюаньдө даруй нэгэн хурдан онгоц бэлтгүүлэн мөн даруйд “Явмуй!” хэмээсэнд Юньчан ятгаж өгүүлрүүн: “Жоу Юй гэгч ухаан үлэмж хүн бас Кунмингийн бичиг захидал ч үгүй. Үүний цаана хуурмаг байхаас эмээх тул хөнгөлөн очиж болохгүй!”. Сюаньдө хэлрүүн: “Өдгөө бид зүүн Ү улс лугаа нэгдэж хамт Цаоцаог эвдлэхийн учир Жоулан надтай золгосугай хэмээн атал би хэрвээ одохгүй болбоос хамт чуулган болсон санаа бус болой. Хоёр этгээд харилцан даамжилж сэжиглэвээс хэрэг бүтэхэд бэрх болмуй”. Юньчан өгүүлрүүн: “Ах та хэрвээ санаа хатуужин очсугай хэмээвээс дүү би хамт очихыг хүсмүй” . Жанфэй өгүүлрүүн: “Би бас дагаж очьё” хэмээхэд Сюаньдө өгүүлрүүн: “Гагц Юньчан намайг дагаж очвоос болмуй. Идө, Зылун лугаа цайзыг сахь! Зянь Юн Ө Сянь сумыг бэхлэн сахигтун! Би тэнд хүрмэгц даруй буцаж ирмүй” хэмээн сургаж бараад Юньчан лугаа бага онгоцонд сууж, хорь илүү дагалт хүнийг дагуулан онгоцыг нисгэж Зяньдуныг зүглэн ирэв. Сюаньдө Зяньдун газрын байлдах онгоц, туг далбаа, хуягт цэрэг зүүн баруунд хуваан тэгш сайхнаар жагсаасныг үзээд сэтгэлийн дотор маш баярлав. Цэргийн ард нисэх мэт Жоу Юйд мэдүүлрүүн: “Лю мужийн захирагч хүрч ирэв” хэмээсэнд Жоу Юй асууруун: “Тэр хэдий онгоцтой ирсэн буй?”. Цэргийн ард өчрүүн: “Гагц нэгэн онгоц бөгөөд хорь илүү дагалдах хүн буй” хэмээсэнд Жоу Юй инээн өгүүлрүүн: “Энэ хүний амь юүрэхэд хүрсэн буй за” хэмээгээд илд сүх барьсан ардыг дуудан урьд бүгүүлсний хойно сая цайзаас гарч угтан авав. Сюаньдө, Юньчан нарын хорь илүү хүнийг дагуулан шууд дунд цацарт хүрч ирэн ёс хийж барсны хойно Жоу Юй Сюаньдөг залж дээр суулгахад Сюаньдө өгүүлрүүн: “Жанжин таны нэр дэлхий дахинд алдаршжээ. Любэй би эрэм үгүй бөгөөд яахан жанжин таны хүнд ёсыг хүлээн чадмуй!” хэмээгээд даруй зочин гэрийн эзний ёсоор ялган суугаад Жоу Юй даруй хурим бэлтгүүлэн хүндлэв.

Тэндээс Кунмин тойрсоор мөрний дэргэд хүрч ирвээс “Сюаньдө энд Дүдү лугаа золгохоор ирэв” хэмээн сонсоод ихэд цочиж яаран дунд цацарт орж, чимээ хөдөлбөрийг хулган үзвэл харин Жоу Юйгийн нүүрт алах уур дүүрч, хоёр этгээдийн хаяаны дотор илд сүх барьсан ардыг нягтлан жагсаажээ. Кунмин цочиж өгүүлрүүн: “Энэ мэтийг хэрхвээс сайн болой?” хэмээгээд эгж харан Сюаньдөг үзвээс амарлингуй царайгаар хэлэлцэн инээлцмүй. Харин Сюаньдөгийн арын хойно нэгэн хүн сэлэм барин зогсож буй, үзвээс Юньчан ажгуу. Кунмин баярлан өгүүлрүүн: “Миний эзэн түгшүүргүй болов” хэмээгээд дахин дотогш орсонгүй уг хэвээр бие буцан мөрний дэргэд ирж хүлээн суув.

Тэндээс Жоу Юй Сюаньдө лүгээ хуримын ширээнд орж архи хэдэн мөр болсны хойно, Жоу Юй бие босон хундага өргөхөд гэнэт үзвээс Юньчан сэлэм барин Сюаньдөгийн арын хойно зогсжээ. Яаран асуусанд “Энэ юун хүн?” хэмээн асуусанд Сюаньдө өгүүлрүүн: “Миний дүү гуань Юньчан болой”. Жоу Юй цочин өгүүлрүүн: “Эрт өдрийн Яньлян, Вэньчоу нарыг алсан нь бус уу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Тийм болой!” хэмээсэнд Жоу Юй ихэд цочиж, ар дүүртэл хөлс урсан, даруй архи нэрж Юньчанд өргөв. Удсангүй Лүсү орж ирсэнд Сюаньдө асууруун: ”Кунмин хаана баймуй? Зызин таныг зовоож түүнийг залж авчран нэгэн удаа учруулахыг хүсмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Түр хүлээж Цаоцаог эвдсэн хойно уулзахад үл хожимдмуй”. Сюаньдө аймшиггүй дахин дуугарсангүй. Юньчан нүдээр Сюаньдөг харахад Сюаньдө санааг ухаж даруй бие босгон Жоу Юйд салах ёс хийж өгүүлрүүн: “Любэй би түр салж даруй түргэн дайсныг эвдэлж гавьяа бүтсэн хойно тусгайлан баярт нийлүүлэн ёслохоор ирсүгэй!” хэмээсэнд Жоу Юй мөн үлдээсэн ч үгүй хаалгыг гартал үдэв. Сюаньдө, Жоу Юйгээс салаад Юньчан лугаа мөрний дэргэд хүрч ирвээс харин Кунмин онгоцны дотор сууж байх тул Сюаньдө ихэд баярлав. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн энэ өдрийн түгшүүрийг мэдмүй үү?”. Сюаньдө хиртхийн өгүүлрүүн: “Мэдсэнгүй!”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ Юньчан үгүй болбоос эзэн гүн Жоуланд хорлогдох бөлгөө” хэмээсэнд Сюаньдө сая ухамсрав. Сюаньдө даруй Кунминийг залж “Хамтаар Фанькоуд эгсүгэй!” хэмээхэд Кунмин хэлрүүн: “Жугө Лян би хэдий барсын аманд баймуй гэвч Тай Шань уул мэт амар болой. Өдгөө эзэн гүн та гагцхүү онгоц, сал ба цэрэг морийг засамжлан хүлээж хэрэглэхэд бэлтгэтүгэй! Мөн арван нэгэн сарын хорины хөх хулгана өдрийн хойноор хугацаа болгож зылуныг томилон бага онгоц сэлбүүлж, өмнөд хөвөөний дэргэд ирүүлэн намайг хүлээгтүн! Хэрхивч хэмээн саатаж үл болмуй”. Сюаньдө учрыг асуухад Кунмин өгүүлрүүн: “Гагцхүү зүүн өмнөдөөс салхи дэгдэхийг үзвээс Жугө Лян би эрхгүй буцаж ирмүй”. Сюаньдө дахин асуусугай хэмээтэл Кунмин Сюаньдөг шаардуулан “Түргэн онгоцыг хөдөлгөж явагтун!” хэмээн хэлж бараад салж одов. Сюаньдө Юньчан лугаа жич дагалдах хүмүүс лүгээ онгоцыг хөдөлгөж хэдэн газар явсангүй гэнэт үзвэл дээд урсгалаас тавь жаран их онгоц тавин бууж ирэв. Онгоцны үзүүр дээр нэгэн их жанжин могойт жадыг хөндөлдөн зогсжээ. Үзвээс Жанфэй бөлгөө. Сюаньдөд алдал гарахаас эмээн Юньчан гагц хүчээр тулахад бэрх болов уу хэмээн тусгайлан өмгөөлөхөөр ирэв.

Түүнээс ах дүү гурвуул нэгэн цугаар цайздаа буцаж ирэв. Тэндээс Жоу Юй Сюаньдөг явуулаад цайздаа эгж орсонд Лүсү орж ирээд асууруун: “Гүн чи Сюаньдөд нэгэнтээ аргадаж энд авчраад юунд бас гар хөдөлгөсөнгүй буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Юньчан хэмээгч ертөнцийн барсын жанжин болой. Сюаньдө лүгээ яван суухад ч салахгүй дагахын тул хэрвээ би гар хөдөлгөвөөс тэр эрхгүй намайг хөнөөмүй” хэмээсэнд Лүсү цочисхийв. Гэнэт хүн орж ирээд мэдүүлрүүн: “Цаоцао элч зарж бичиг хүргэхээр ирэв” хэмэжмүй. Жоу Юй дуудан оруулсанд ирсэн элч бичгийг дээш өгсөнд Жоу Юй авч үзвэл битүүмжийн дээр “Хань улсын их Чансангийн бичиг, Жоу Дүдү нээн үзэгтүн!” хэмээн бичжээ. Жоу Юй ихэд хилэгнэж бичгийг нээн үзсэнгүйгээр сүйртэл урж газарт хаяад “Ирсэн элчийг цавч!” хэмээн зандрахад Лүсү хориглож өгүүлрүүн: “Хоёр улс харилцан тэмцэлдэхэд ирсэн элчийг алахгүй” хэмээжээ. Жоу Юй өгүүлрүүн: “Элчийг алж сүр үзүүлсүгэй!” хэмээгээд даруй элчийг алаад толгойг нь дагасан хүнд бариулан явуулсан хойно Ганьнинийг гавшгай болгож, Ханьданыг зүүн гар болгоод, Зянцинийг баруун гар болгож, Жоу Юй өөрийн бие олон жанжин нарыг авч өмөглөх цэрэг болж, ирэх өдрийн дөрвөн жинд будаа чанаад, таван жинд онгоц хөдөлж, хэнгэрэг дэлдэн хашхиралдан урагш ор!” хэмээв.

Тэндээс Цаоцао Жоу Юй бичгийг урж элчийг алсан тухай сонсоод ихэд хилэн төрж даруй Цаймао, Жан Юнь нарын нэгэн аймгийн Зинжоу мужийн дагасан жанжин нарыг дуудан өмнөд анги болгож, Цаоцао өөрөө хойд хайгуул болоод, байлдах онгоцыг захиран шаардуулж, Сань Зянкоугийн аманд хүрч ирвээс зүүн Ү улсын байлдах онгоц хэдийнээ мөрнийг халхлан ирмүй. Тэргүүлсэн нэгэн их жанжин онгоцны толгой дээр зогсож, ихэд бархиран өгүүлрүүн: “Би Ганьнин болой. Хэн аймшиггүй ирж над лугаа таслан байлдмуй?”. Цаймао дүү Цайсюнийг дуудан урагш оруулав. Хоёр онгоц ойр шахаж иртэл Ганьнин нум авч зэв онилон Цайсюньгийн зүг харван илгээсэнд Цайсюнь хөвчийг дагаж тонгорцоглон унав. Ганьнин онгоцыг сэлбэн, урагш орж түмэн зэвийг цугаар харвахад Цаоцаогийн цэрэг тулан тэсэхгүй байтал баруун этгээдээс Зянцинь, зүүн этгээдээс Ханьдан шуудаар шувтлан Цаоцаогийн цэргийн цэх дунд орсонд Цаоцаогийн цэргийн их хагас нь Цинжоу, Сюйжоу мужийн цэргүүд тул анхнаас усанд байлдахыг сурсангүй, их мөрөн дээгүүр байлдах онгоц нэгэнтээ хөдөлмөгц хэдийнээ хөл зогсон чадахгүй болжээ. Ганьнин нарын гурван замын байлдах онгоц усны дээгүүр хөндлөн гулд тосож, Жоу Юй бас онгоцыг шаардуулан туслан байлдахад Цаоцаогийн цэрэг зэвд оногдож буунд харвагдсаныг тооловч барахгүй. Могой цагаас эхлэн хонин цаг хүртэл алалдаж, Жоу Юй хэдийгээр дийлсэн боловч басхүү “Цөөхөн нь олон лугаа байлдан чадахгүй болуузай” хэмээн даруй цааз зарлан, харанга цохиод онгоцыг хурааж зогсоов. Цаоцаогийн цэрэг нэгэн зэрэг дийлэгдэж эгсэн хойно Цаоцао хөвөөн дээрх цайзад ороод дахин цэргийн ардыг тэгшилж Цаймао, Жан Юнь нарыг дуудан донгодож өгүүлрүүн: “Зүүн Ү улсын цэрэг цөөхөн бөгөөтөл гэдрэг дийлсэн нь, цөм та хоёрын сэтгэл эс тавьсанаас болсон болой”. Цаймао өгүүлрүүн: “Зинжоу мужийн усан цэрэг боловсорсонгүй удсаны дээр, Цинжоу, Сюйжоу мужаас ирсэн цэрэг анхнаас усанд байлдахыг сурсангүй. Тийнхүү дийлэгдэхэд хүрсэн буй за. Эдүгээ урьдаар усан хүрээ байгуулж Цинжоу, Сюйжоугийн цэргийг гадна зохиож, өдөр бүр боловсортол сургасанд сая хэрэглэвээс болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Чи нэгэнтээ усан цэргийн Дүдү болсон тул зохисыг үзэн явуулбаас зохих бөлгөө! Юунд надад мэдүүлэх хэрэг буй?”. Үүнээс Жан Юнь, Цаймао хоёул усан цэргийг боловсруулан сургаж, мөрний хөвөөг дагуулан хорин дөрвөн усан хаалга хувааж, их онгоцыг гадаадад суулган хот, дүүрэг болгоод, бага онгоцыг дотоодод суулгаж нааш цааш нэвтрүүлэн явуулав. шөнө болмогц гал зул шатааваас тэнгэр хийгээд усны дунд ув улаан болтол гэрэлтэж, хуурай цайз гурван зуу илүү газар залгалдаж гал утаа тасрахгүй болов.

Тэндээс Жоу Юй байлдан дийлж хариад олон цэргүүдэд хурим түгээж нэгэнтээгүүр Үхоугийн дэргэд хүн зарж дийлснийг мэдүүлэн илгээв. Мөн шөнө Жоу Юй өндөрт гарч нарийвчлан үзвээс баруун биед галын гэрэл тэнгэрт залгалджээ. Жигүүрийн ард өгүүлрүүн: “Энэ нь хойд газрын цэргийн зулын гэрэл болой” хэмээхэд Жоу Юй бас ч зүрх догдолзон аймуй. Дэд өдөр Жоу Юй биеэр “Цаоцаогийн усан цэргийн хүрээг туршин үзэхээр одсугай!” хэмээн даруй нэгэн асарт онгоцыг бэлтгүүлж хэнгэрэг, харанга хөгжмийн зүйлийг аван хэдэн жигүүрийн жанжныг дагуулж, цөм саадаг нум бүслүүлэн, нэгэн зэрэг онгоцонд гарч шууд урагш орон Цаоцаогийн хүрээний дэргэд хүрч Жоу Юй хадаа286 чулуу тавиулсан хойно хэнгэрэг хөгжмийг цугаар үүсгэж, Цаоцаогийн цэргийн усан хүрээг сэмээр гэтэлхийлээд ихэд цочиж өгүүлрүүн: “Энэ нь усан цэргийн гайхамшгийг гүн олжээ” хэмээгээд усан цэргийн Дүдү нь хэн буй?” хэмээн асуусанд зүүн баруун этгээдийн хүн өгүүлрүүн: “Цаймао, Жан Юнь нар болой” хэмээмүй. Жоу Юй дотроо сэтгэрүүн “Энэ хоёр хүн Зяндунд удаан сууж усанд байлдахыг боловсрон сурсан аж. Би эрх биш арга үүсгэж энэ хоёр хүнийг арилгасан хойно сая Цаоцаог эвдэлсүгэй!” хэмээж хараахан гэтэлхийлэн атал хэдийнээ Цаоцаогийн цэрэг нисэх мэт Цаоцаод мэдүүлрүүн: “Жоу Юй энд ирж манай цайзыг хулган үзмүй” хэмээжээ. Цаоцао цааз зарлаж “Онгоцыг довтолгон нэхэн баригтун!” хэмээв. Жоу Юй хүрээн дотор дунд туг хөдөлж бүхийг үзээд яаран хадаа чулууг хураалгаж дөрвөн этгээдээс нэгэн зэрэг хүрдийг эгүүлэн онгоцыг сэлүүрдэж мөрний дээгүүр нисэх мэт шууд одов. Жич Цаоцаогийн хүрээнээс онгоц гарч иртэл Жоу Юйгийн онгоц хэдийнээ арван хэдэн газрын хол ангижирчээ. Нэхэж гүйцсэнгүй тул буцаж Цаоцаод мэдүүлэв.

Тэндээс Цаоцао олон жанжин нараас асууруун: “Өчигдөр манай цэрэг нэгэн зэрэг дийлэгдээд хурц сүр нэгэнтээ мохжээ. Өдгөө түүнд бас манай хүрээг хулган үзүүлжээ. Үүнийг би ямар аргаар эвдвээс зохимуй?” хэмээн үгийг хэлж бараагүйгээр гэнэт цацрын доороос нэгэн хүн гарч ирээд өгүүлрүүн: “Би хараахан багаас Жоулан лугаа нэгэн сургуулийн сайн нөхөр тул гурван ямхын ялгаршгүй хэлэнд итгэж Зяндунд одоод Жоу Юйг хэлэлцэн дагахаар ирүүлэхийг хүсмүй!”. Цаоцао ихэд баярлан үзвээс Зюзян газрын хүмүүн, овог Зян нэр Гань, өргөсөн нэр Зы И, өдгөө цацрын доорхи зочмод287 болж амуй. Цаоцао асууруун: “Зы И чи, Жоу Гунзинь лүгээ зузаан нөхөрлөсөн буюу?” хэмээсэнд Зянгань өчрүүн: “Чансан та сэтгэлийг сул тавь. Гань би Зяндунд хүрмэгц лав гавьяа бүтэх буй за”. Цаоцао асууруун: “Ямар юм авч очмуй?”. Зянгань өгүүлрүүн: “Ганц нэгэн бага хүүхэд дагаж яван хоёр зардас байж онгоц сэлбүүлбээс барав. Түүнээс бус юм цөм хэрэггүй!” хэмээсэнд Цаоцао маш баярлан архи базааж, Зянганьд үдэхийн ёсоор уулгав. Зянгань зотон малгай, бүс, дээлээр нэгэн бага онгоцонд сууж, шууд Жоу Юйгийн цайзад хүрч ирээд “Хуучин танил хүн Зянгань сурвалжлахаар ирэв хэмээн уламжлан мэдүүлтүгэй!” хэмээв. Жоу Юй хараахан цацарт сууж үйл зөвлөн атал Зянганийг ирэв хэмээн сонсоод инээд алдан олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Хэлэлцэгч зочин хүрч ирэв” хэмээгээд олон жанжин нарын чихний дэргэд шивнэн ийм тийм хэмээсэнд олноор цөм захиаг хүлээн одов.

286 Зангуутай адил хэрэгсэл

287 Зочидыг дайлах хүн

Тэндээс Жоу Юй дээл малгайг тэгшлэн хэдэн зуун нэрт дагалтыг дагуулж цөм торгон дээл, өнгөт малгайгаар өмнөд хойдоо хамгаалуулан жагсаасаар гарч ирэв. Зянгань нэгэн бараан дээлт бага хөвгүүнийг дагуулж, гэхэлзэн алхалсаар хүрч ирмүй. Жоу Юй яаран урагш дэвшиж, ёслон угтсанд Зянгань өгүүлрүүн: “Гунзинь салснаас бие амар буюу?”. Жоу Юй өгүүлрүүн: “Зы И зовон зүдэж, мөрөн голыг хол хэмээхгүйгээр гэтлэн Цао овогтны төлөө хэлэлцэх зочин болж ирсэн буюу?”. Зянгань хиртхийж өгүүлрүүн: “Би эрхэм танаас салж удсан тул тусгайлан найрыг гүйцэтгэн золгохоор ирэв. Юунд намайг хэлэлцэх зочин болгож сэжиглэмүй?”. Жоу Юй инээн өгүүлрүүн: “Би хэдий Шикуангийн288 мэт соноргүй боловч чавхдасны дууг сонсмогц яруу санааг мэдэх буй за”.

Зянган өгүүлрүүн: “Эрхэм та хуучин нөхрийг энэ мэт аваачих тул даруй эгж харьсугай!”. Жоу Юй инээд алдан түүний гарыг барьж өгүүлрүүн: “Би харин ахыг Цаоцаогийн өмнөөс хэлэлцэгч зочин болохоор ирсэн болов уу хэмээв. Мөн ийм санаагүй болбоос юунд ийнхүү яаран одмуй?” хэмээгээд хамтаар цацарт орж ёслон барсан хойно, найр тавин суугаад Жоу Юй цааз зарлаж “Зяндунгийн баатар эрдэмтнийг бүрэн дуудаж Зы Ид золгохоор ирүүл!” хэмээжээ. Тэндээс удсангүй бичгийн түшмэд, цэргийн жанжид нар цөм магнаг дээл өмсөж жич цацрын доорхи жигүүрийн жанжин нар цөм мөнгөн хуяг дуулга хуяглан хоёр мөр хувааж орж ирэв. Жоу Юй нэг нэгээр уулзуулан барсны хойно даруй хоёр хажууд жагсаан суулгаад хуримын ширээг ихэд базааж цэргийн ялгуусан хөгжмийг үүсгэн ээлжлэн архи өргөөд, Жоу Юй өгүүлрүүн: “Энэ хүн миний нэгэн сургуулийн нөхөр хань болой. Хэдий мөрний хойдоос ирсэн боловч харин ч Цаоцаогийн хэлэлцэгч зочин бус, гүн та битгий сэжиглэ!” хэмээгээд даруй өөрийн зүүсэн сэлмийг тайлаад Тай Шицыд өгч өгүүлрүүн: “Гүн чи миний сэлмийг зүүж, архийг даах түшмэл болтугай!.

Энэ өдөр хуримын ширээнд гагцхүү нөхөр ах дүүгийн найр талын учрыг хэлэлцэж болмуй. Хэрвээ Цаоцао хэмээгдэх буюу зүүн Ү улсын цэрэг дайны хэргийг дурьдагчид буй аваас даруй энэ сэлмээр цавчигтун!” хэмээн тушаав. Тай Шицы захиаг дагаж сэлмийг аван суудалдаа орж суув. Үүнд Зянгань айн эмээж огт үлэмж хэлэлцсэнгүй. Жоу Юй өгүүлрүүн: “Би жанжин цэргийг захиран ирснээс нааш архийг нэгэн дусал хэмээн уусангүй бөлгөө. Энэ өдөр хуучин нөхөрт учирсан бөгөөд бас цээрлэл сэжиглэлгүйн тул согттол нэгэн мөр ууваас зохимуй” хэмээн хэлж бараад ихэд инээн, хэвэл тавьж уумуй.

288 Чүньцюгийн үеийн Зинь улсын хөгжимчин хүн юм. Тэрбээр аялгууг ялган танихдаа алдартай тул түүний сонорын хурц соргогийг магтан сайшаадаг байжээ.

Суудал дээр хундага, цом зөрөлцөж уусаар хагас халмагшсанд Жоу Юй, Зянганьгийн гарыг барин хамтаар алхаж цацраас гарч үзвээс зүүн баруун этгээдийн цэргийн ард цөм хуяг дуулга өмсөж, илд барин, жад атгалцаж зогсох ажуй. Жоу Юй өгүүлрүүн: “Миний цэргийн ард асар идэрхэг чийрэг бус уу?”. Зянгань өгүүлрүүн: “Үнэхээр өтөг, барсын ард болой”. Жоу Юй бас Зянганийг дагуулж цацрын хойд хүрч үзвэл амуу өвс уул мэт цуглуулан овоолжээ. Жоу Юй асууруун: “Миний амуу өвс бүрэн гүйцмүй үү?”. Зянгань өчрүүн: “Цэрэг шилдэг, амуу элбэг үнэхээр нэрийг хоосоор уламжилсангүй аж”. Жоу Юй зориудаар согтогч болон ихэд инээж өгүүлрүүн: “Эргэн санахул Жоу Юй би, Зы И лүгээ нэгэн сургуульд хамт сурч байх үедээ ийм өдөр тохиохыг хэрхивч санасангүй билээ!”. Зянгань өгүүлрүүн: “Ах таны өндөр эрдмийг үнэхээр хэтэрхий хэмээж үл болмуй!”. Жоу Юй Зянганьгийн гарыг барин өгүүлрүүн: “Их эр хэмээгдэн ертөнцөд төрөөд, сэтгэлийг мэдэгч эзэнтэй уулзан, гадаад эзэн сайдын журмыг тушааж, дотоодод яс махны янагийг барилдан, хэлбээс эрхгүй явуулж, аргыг эрхгүй даган, буян зовлонг хамтатгаваас мөн Сүцинь, Зян И, Лүзя, Лишэн289 нар дахин төрөөд ам нь уруу урсах усан мэт, хэл нь хурц хутганы адил боловч хэрхин миний сэтгэлийг хөдөлгөн чадах аж” хэмээн хэлж бараад ихэд инээв. Зянганьгийн царай шороо мэт болжээ. Жоу Юй Зянганийг дахин хөтөлж цацарт ороод олон жанжин нарыг хуруулж дахин уулцахад Жоу Юй олон жанжин нарыг зааж өгүүлрүүн: “Энэ цөм Зяндунгийн эрэлхэг эрдэмтэн бөлгөө. Энэ өдрийн энэ хурлыг “Аруухан баатруудын цуглал” хэмээн нэрийдвээс болмуй” хэмээв. Уусаар тэнгэр орой болсонд зул шатаагаад Жоу Юй өөрөө босож, сэлэм эргэлдүүлэн бүжиглээд, дуу зохиож дуулсан үг нь:

“Их эр хэмээгдэн ертөнцөд төрөөд гавьяа нэрийг байгуулмуй

Гавьяа нэрийг байгуулж төрөлхийн санаанд хүргэмүй

Төрөлхийн санаанд хүргэж намайг согтоход хүргүүлж

Намайг согтоход шахуулж чалчаа дуулал гаргуулав“

хэмээн дуулан барсанд суудал дүүрэн цөм баярлан инээлцэв. Шөнийн гүн болсон хойно Зянгань марган өгүүлрүүн: “Архины хүчинд тэсэж чадахгүй болов” хэмээсэнд Жоу Юй ширээ хураалгаж олон жанжин нар салан гарч одсон хойно Жоу Юй өгүүлрүүн: “Би Зы И лүгээ нэгэн ширээнд унтсангүй уджээ. Энэ шөнө нэгэн зэрэг унтсугай!” хэмээгээд даруй зоримгоор ихэд согтсон байдал гарган Зянганийг хөтөлж цацарт ороод, нэгэн оронд хамт унтав. Жоу Юй дээлтэйгээ хэвтэж дэмий л огшин бөөлжиж, аашлах тул Зянгань яахин унтаж чадах билээ? Гагц дэрэнд хэвтэж, сонсвол цэргийн дунд хэнгэрэг хоёр жин болсныг мэдэгдэв. Босож үзвээс шатаасан зул гэв гэгээн байсаар, Жоу Юйг үзвэл аянга хүржигнэх адил хамар татмуй290. Зянгань цацар доторх ширээн дээр хэдэн дэвтэр бичиг хар овоолсон байхыг үзээд даруй хэвтсэн орноос гүйн босож хулган үзвээс харин цөм нааш цааш явалцсан захидал бичиг ажгуу.

289 Лишэн гэж Ли Изиг хэлж байна. Лүзя, Лишэн хоёр бол цөм Хань улсын эхэн үеийн шүүмжлэн хэлэлцэгчид болой

290 Хурхирах

Үүний дотор нэгэн битүүмж захидал буйн дээр нь: “Цаймао, Жан Юнь нар хичээнгүйлэн битүүмжлэв” хэмээн бичжээ. Зянгань ихэд цочин сэмээр авч үзвээс түүний үг нь: “Бид нарын Цаоцаог дагасан нь түшмэл пүнлүүнд дурласан биш, сүр хүчинд шахамдагдсан болой. Өдгөө хойд газрын цэргийг нэгэнтээ хүрээний дотор хорив. Гагцхүү дашрамыг олсон даруйдаа Цаоцао хулгайн тэргүүнийг авч тугийн дор өргөсүгэй! Өглөө үдэш хүн очвоос даруй чухал мэдүүлэл баймуй. Хишгээр үл сэжиглэх ажаам уу! Үүний тул урьдаас хичээнгүйлэн хойш мэдүүлэн барив” хэмээжээ. Зянгань дотроо сэтгэрүүн: “Үзвээс Цаймао, Жан юнь зүүн Ү улс лугаа үг нэгдэж урвасан аж” хэмээгээд даруй бичгийг сэмээр дээлийн энгэр дотор нуугаад дахин өөр бичгийг хянан байцааж үзье хэмээтэл хэвтэх ширээн дээрээс Жоу Юй бие хөрвөсөн тул Зянгань яаран зулыг унтрааж, орондоо гарч хэвтэв. Жоу Юй аман дотроо бараг бураг өгүүлрүүн: “Зы И би хэдэн өдрийн дотор чамд Цаоцао хулгайн толгойг үзүүлье!” хэмээмүй. Зянгань шаардан өчиж хүлээн авав. Жоу Юй бас өгүүлрүүн: “Зы И түр байж бай! Би чамд Цаоцао хулгайн тэргүүнийг үзүүлсүгэй!” хэмээжээ. Зянгань давтан асуутал Жоу Юй бас хурхиран унтав. Зянгань ширээнд хэвтэж, тэнгэр дөрвөн жин болох шахсанд гэнэт сонсвоос нэгэн хүн сэмээр цацарт орж ирээд дуудаж өгүүлрүүн: “Дүдү сэрүүн байна уу?” гэхэд Жоу Юй зүүд нойрноос гэнэтхэн сэрэгч болон жүжиглээд зоримгоор тэр хүнээс асууруун: “Хэн орон дээр унтаж амуй?”. Тэр хүн өчрүүн: “Дүдү таны бие Зы Иг залж хамт унтсан бөгөөд юунд умартав?”. Жоу Юй гэмшиж өгүүлрүүн: “Би энгийн өдөр дэмий архи ууж согтдоггүй билээ. Өчигдөр архи ууж согтоод хэргийг алдав. Ямар үг алдсанаа мэдэхгүй байна”. Тэр хүн өгүүлрүүн: “Мөрөнгийн хойдоос хүн ирэв” хэмээтэл Жоу Юй “Дуугаа дарагтун!” хэмээн зандраад, даруй “Зы И! Зы И!” хэмээн дуудав. Зянгань басхүү унтагч болон худлаа хурхирав. Жоу Юй сэмээр босон цацраас гарч оджээ. Зянгань чих тавьж сонсвол гадна нэгэн хүн байж өгүүлрүүн: “Жан, Цай хоёр Дүдүд хэлж илгээсэн нь: “Даруйд олж олж гар хөдлөн чадахгүй хэмээмүй” хэмээгээд хойшдын үг улам улам богино болж тодорхой сонсогдохгүй болжээ. Удсангүй Жоу Юй орж ирээд бас “Зы И!” хэмээн гэнэт дуудсанд Зянгань мөнхүү дуугарахгүйгээр толгойгоо бүтээн хуурмагаар унтмуй. Жоу Юй мөн дээлээ тайлж уг хэвээр унтав. Зянгань эрэгцүүлэн сэтгэрүүн: “Жоу Юй хэмээгч нэгэн нарийн нягт хүн болой. Тэнгэр гэгээрэн бичгээ эрээд олохгүй болбоос лав намайг хорломуй за!” хэмээгээд хэвтсээр таван жин болсны хойно сэмээр босоод Жоу Юйг дуудахад Жоу Юй нэг мөсөн унтжээ. Зянгань малгайгаа авч өмсөөд сэм сэмээр алхсаар цацраас гарч бага хөвгүүнээ дуудаад шууд хаалгыг гарч иртэл цэргийн ард асууруун: “Ноёнтон хаашаа одмуй?” хэмээхэд Зянгань өгүүлрүүн: “Би энд байваас Дүдүгийн үйлэнд саад хийх болуузай!” хэмээн түр мэдүүлэн салж одмуй” хэмээв. Цэргийн ард мөн хориглосонгүй тавьж илгээжээ.

Тэндээс Зянгань онгоцонд суун сэлүүрийг нисгэсээр буцан ирж Цаоцаотай уулзсанд Цаоцао асууруун: “Зы Игийн явсан үйл хааш болов?”. Зянгань өгүүлрүүн: “Жоу Юйгийн яруу мэдэл онцгой өндөр тул үг хэлээр хөдөлгөн чадах нь бус бөлгөө”. Цаоцао бас уурлан өгүүлрүүн: “Хэрэг бас бүтсэнгүй гэдрэг элэглэл болуузай”. Зянгань өгүүлрүүн: “Хэдийгээр Жоу Юйг хэлэлцэн эс чадсан боловч харин Чансанд нэгэн зүйлийн хэрэг олж чимээлэн ирэв. Зүүн, баруун этгээдийн ардыг эгүүлэх ажаам уу!” хэмээгээд даруй захидал бичгийг гаргаж анхны хэргийг эх дараалан Цаоцаод нэгэн зэрэг хэлж өгсөнд Цаоцао ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Хоёр хулгай энэ мэт ёс бусчилсан аж” хэмээн хэлээд даруй Цаймао, Жан Юнийг дуудан цацарт авч ирээд Цаоцао өгүүлрүүн: “Би та хоёрыг зарж цэрэг оруулсугай!” хэмээмүй. Цаймао өгүүлрүүн: “Цэргийг бас ч сургаж боловсроогүй тул хөнгөнөөр орж үл болмуй!”. Цаоцао хилэгнэн өгүүлрүүн: “Цэргийг хэрвээ сургаж боловсруулахыг хүлээвээс миний толгой хэдийнээ Жоуланд хүргэж өргөжээ!”. Цай, Жан хоёул тэр санааг мэдэхгүй тул хиртхийн сандарч даруйд өчиж чадахгүй болов. Цаоцао цэргийн ардыг зандран “Энэ хоёр хулгайг түлхэн гаргаж цавчигтун!” хэмээсэнд удалгүй тэргүүнийг цацрын дор өргөжээ. Цаоцао сая ухаж өгүүлрүүн: “Би хүний арганд унагдав” хэмээжээ. Хожмын хүний шүлгийн үг:

“Зальхай Цаоцаогийн хүч чадал тэнцэшгүй боловч

Залуу Жоулангийн зусар аргад нэгэн агшнаа унав

Жан Юнь, Цаймао эзнээ худалдаж амьдрах аргыг эрээд

Заавал энэ өглөө илдэнд үхэхийг хэн мэдсэн аж”

Олон жанжин нар Цаймао, Жан Юнь хоёулаа алсныг үзээд цацарт орж учрыг асуусанд Цаоцао сэтгэлийн дотор хэдийгээр арганд унасныг мэдэвч харин ч өөрийн буруугаа хэлэхгүй даруй олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Тэр хоёр цэргийн цаазыг осолдсон тул алав” хэмээсэнд олон цөм шүүрс алдаж эс зогсов. Цаоцао олон жанжин нарын дотроос Маозе, Юйзинийг сонгож усан цэргийн Дүдү болгон Жан, Цай хоёр хүний тушаалыг орлуулав.

Тэндээс тагнуурч энэ чимээг Зяндунд мэдүүлэхээр ирсэнд Жоу Юй ихэд баярлан өгүүлрүүн: “Миний зовниж байсан нь энэ хоёр хүн бөлгөө. Өдгөө түүнийг арилгасаны тул надад одоо зовлонгүй болов” хэмээсэнд Лүсү өгүүлрүүн: “Дүдүгийн цэрэг хэрэглэх нь энэ мэт тул Цаоцао хулгайг эвдэж эс чадахаас юунд зовмуй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Би бодвоос олон жанжин нар энэ аргыг лав үл мэдмүй. Дан ганц Жугө Лянгийн мэдэл ухаан нь надаас хэтрэх тул бодохул энэ зөвлөлийг мөн нууж үл чадмуй. Зызин чи одож үгээр туршин үз! Түүний мэдэх ба үгүйг үзээд даруй буцаж ирэн надад мэдүүлтүгэй!” хэмээв. Энэ чухамхүү:

“Басхүү гэдрэг завсардуулж, гавьяа бүтээсэн хэргийг

Хажуудаас жихүүн нүдээр үзэгч хүнийг туршихаар одмуй”

Лүсү Кунмингаас асуухаар очоод бас ч ямар болохыг мэдэхгүй, доорх бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top