"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-48 ДУГААР БҮЛЭГ
ХӨХ МӨРӨНД ХУРИМЛАЖ ЦАОЦАО ШҮЛЭГ ШҮЛЭГЛЭСЭН БАЙЛДАХ ОНГОЦЫГ ГАРХИЛЖ ХОЙД ЦЭРЭГ, ЦЭРЭГ ОРУУЛСАН
Өгүүлэх нь: Пантун тэр үгийг сонсоод ихэд цочиж яаран эгж тэр хүнийг үзвээс харин Сюйшу ажгуу. Пантун үзээд танил хүн мөн тул сэтгэлийн дотор сая баахан амар болж, зүүн барууныг харж үзэхүл хүнгүй тул даруй өгүүлрүүн: “Чи хэрвээ миний энэ аргыг хэлж задруулах болбоос хөөрхий мөрний өмнөх наян нэгэн муж хошуудын зуун овогтонг цөм чиний хөнөөсөн нь болмуй”. Сюйшу инээн өгүүлрүүн: “Тийм бөгөөс эндэх наян гурван түмэн хүн морины амийг хэрхмүй?”. Пантун өгүүлрүүн: “Юаньжи299 үнэхээр миний аргыг эвдсүгэй хэмээмүй үү?”. Сюйшу өгүүлрүүн: “Би Лю хааны авгын зузаан хишигт шүтэж хариулсугай хэмээхийг огтхон ч умартсангүй бөлгөө. Цаоцао харин миний эхийг гачигдуулан үхүүлсэн тул “Би бие эцэслэтэл бодлого ухаан нэгийг ч зааж өгөхгүй” хэмээн нэгэнтээ хэлжээ. Өдгөө яаж ахын мэргэн аргыг эвдэх буй? Гагц би бас ч цэрэгт дагаж энд байх тул цэрэг дийлэгдсэн хойно хас, чулууг ялгахгүй болбоос зовлонгоос хэлтрэн чадахуйяа бэрх болох биш үү? Ах чи надад нэгэн бие мултрах аргыг зааж өгөх болбоос би даруй амыг хамхиж хол газар зайлахаар одмуй”. Пантун инээн өгүүлрүүн: “Юаньжи энэ мэт мэргэн бодлого хол хаантай бөгөөтөл санахад үүнд ямар бэрх газар буй?”. Сюйшу өгүүлрүүн: “Ноёнтон таны сурган хайрлахыг хүсмүй!”. Пантун Сюйшугийн чихний дэргэд хүрч шивнэн хэдэн үг хэлсэнд Сюйшу ихэд баярлаж ёслон тал өгчээ. Пантун Сюйшугаас салаад онгоцонд сууж Зяндунд эргэж ирэв.
299 Сюйшүгийн өргөсөн нэр
Тэндээс Сюйшу мөн үдэш сэмээр ойрхи хүнийг зарж эл хүрээнээ мэдэгдэлгүйгээр цуу үгийг түгээхээр илгээв. Дэд өдөр цэргийн хүрээ бүрт гурав таваар нийлж толгой холбож чихийг залгалдаж харилцан хэлэлцмүй. Үүнийг хэдийнээ мэдээ авах хүн байж Цаоцаод мэдүүлрүүн: “Цэргийн дунд уламжлан хэлэлцэх нь: “Силян газрын Ханьсүй, Матэн лугаа урваж Сюйдүгийн зүг алан ирэв” хэмээмүй”. Цаоцао ихэд цочиж яаран олон зөвлөлийн сайдыг цуглуулан зөвлөж өгүүлрүүн: “Би цэрэг авч өмнөдийг дайлахаар ирэх үе сэтгэлийн дотор зовнисон нь Ханьсүй, Матэн бөлгөө. Цэргийн дундах цуу үг хэдийгээр үнэн ташааг магадалж чадахгүй боловч сэргийлэхгүй хэмээн үл болмуй” хэмээж үг бараагүйн урьд Сюйшу дэвшин өгүүлрүүн: “Сюйшу би Чансан таны хураамжлан хэрэглэсэн өршөөлд ямхын төдий гавьяа байгуулж, хүч барин хариулан чадсангүйдээ хорсмуй. Тийнхүү гурван мянган хүн морь гуйж шөнө дөл Саньгуань боомтод одоод хавцал амыг бэхлэн сахиад хэрэв чухал яаралтай хэрэг байваас дахин мэдүүлэн ирүүлсүгэй!”. Цаоцао баярлан өгүүлрүүн: “Үнэхээр Юаньжи очих болбоос би зовохгүй болмуй. Саньгуань боомт дээр мөн бас ч цэрэг байгаа. Гүн чи ерөнхийлөн захирагтун! хэмээгээд даруй гурван мянган морьт явган цэргийг тушаан өгч Занбаг өмнөд хошууч болгоод шөнө дөл урагш оч! Алгуурлан удаж болохгүй!” хэмээв. Сюйшу Цаоцаод салах ёс хийж Занба лугаа цэрэг авч мордон гарав. Энэ нь Пантунгийн Сюйшуг аварсан арга болой.
Хожмын хүний шүлгийн үг:
“Цаоцао өмнөш дайлахуйяа өдөр бүр зовнимуй
Матэн Ханьсүй зэр зэвсэг дэгдүүзэй хэмээмүй
Гарьдын зулзага300 нэгэн үгийг Сюйшуд сургасан нь
Гайхалтай учралаар нэгэн загас гох дэгээнээс мултарсан мэт”
Тэндээс Цаоцао Сюйшуг зарж илгээсэн хойно сэтгэлийн дотор баахан амар болж, даруй мориндоо мордоод, урьдаар мөрний хөвөөн дэх хуурай замын цэргийн хүрээг үзэж, дараагаар усан хүрээг тойрон үзээд нэгэн өрөөсөн их онгоцны төв дунд нэгэн “Шуай”301 үсэгт тэмдэг тугийг босгон хоёр хажууд усан хүрээг жагсааж, онгоцны дээр хэдэн мянган холховч нумыг бүгүүлээд Цаоцао түүний дунд суув. Тэр үест амгалан байгуулагчийн арван гуравдугаар оны өвлийн дунд сарын арван тавны өдөр, тэнгэрийн амьсгал гэгээн тунгалаг бөгөөд салхи төвшин долгион нам бөлгөө. Цаоцао архи засуулж их онгоцны дээр хурим, хөгжим бэлтгүүлээд: “Би энэ үдэш олон жанжин нарыг хуримласугай!” хэмээжээ. Тэнгэрийн өнгө орой болсонд зүүн уулнаа саран мандаж, гэрлийн гэгээн өдрийн наран мэт. Хөх мөрний дээгүүр мөнгөн суунаг хөндөлссөн адил. Цаоцао их онгоцны дээр суугаад, зүүн баруун этгээдэд зарцлагдах ард хэдэн зуун хүн цөм магнаг дээл хатгамал хувцас өмсөж жад үүрэн илдийг барьжээ. Бичиг цэргийн олон түшмэл тус тусдаа зэрэг дараалан суулцав. Цаоцао өмнөд Наньпин Шаньуулын өнгө зураг адилыг үзээд зүүнтээ Чайсангийн хязгаарыг шинжиж, баруунтаа Сякоугийн мөрнийг хянан, өмнөд Фан Шань уулыг харж, хойдод Үлинь шугуйг ажиглан, дөрвөн зүгт харваас жилдэм302 хоосон тул сэтгэлд баярлаж, олон түшмэлийн зүг өгүүлрүүн: “Би журмын цэрэг байгуулан ирснээс нааш “Улс гэрийн тул мууг арилган, хортныг устгаж амалдаж дөрвөн далайг шүүрдэн арилгаж дэлхий дахиныг төвшитгөсүгэй!” хэмээн хүсмүй. ганц олоогүй нь мөрний өмнөд болой. Өдгөө надад зуун түмэн чийрэг цэрэг байх бөгөөд нэн ялангуяа олон гүн нарын хүчин зүтгэхэд итгэж гавьяа бүтэхгүйгээс юунд зовмуй? Мөрний өмнөдийг хураамжлан дагуулсаны хойно дэлхий дахинд хэрэг үгүй болбоос олон гүн нар лугаа хамтдаа баян эрхмийг эдэлж энх түвшинд цэнгэлдсүгэй!”. Бичиг цэргийн түшмэд цөм босож тал хийж өгүүлрүүн: “Хүсэх нь эртхэн дийлсэн дуу дуулж бид нар бие эцэслэтэл цөм Чансангийн хамгаалал буянд шүтмүй”.
300 Пантунгийн өргөсөн нэрийг Фөнчу гэх бөгөөд утга нь гарьдын зулзага
301 Өрлөг
302 Өвс ургамалгүй нүцгэн газар
Цаоцао ихэд баярлан зүүн баруун этгээдийг дуудаж архи засуулан шөнө хагас хүртэл уулцаж, Цаоцао архинд халамшсан хойно өмнөд хөвөөг холоос зааж өгүүлрүүн: “Жоу Юй, Лүсү тэнгэрийн цагийг танихгүй. Өдгөө завшаанаар дагахаар ирсэн хүн байж түүний сэтгэл зүрхний зовлон болов. Энэ нь тэнгэр надад тусалсан нь болой” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Чансан битгий хэлэлцэн, гадна задруузай!” хэмээмүй. Цаоцао ихэд инээн өгүүлрүүн: “Суудал дээрх олон гүн нар ба ойр зарцлах ард цөм миний сэтгэл зүрхний хүн тул хэлэхэд ямар гай баймуй!” хэмээгээд бас Сякоугийн зүг зааж өгүүлрүүн: “Любэй, Жугө Лян та хоёр шоргоолж хорхойн хүчтэйгээ мэдэхгүй “Тай Шань уулыг сажлуулсугай” хэмээх нь юутай мунхаг аж!” хэмээгээд эгж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Би энэ жил тавин дөрөв насалжээ. Хэрвээ мөрний өмнөдийг олбоос санаж дурласан газар баймуй. Эрт өдөр Цяо гүн над лугаа туйлын найртай бөлгөө. Би түүний хоёр охин байхыг мэдмүй. Цөм улсыг эвдүүлэх өнгөтэй бөлгөө. Хойно Сүнцө, Жоу Юй эм болгон авчээ. Өдгөө би Жаншүй голын усан дээр шинээр “Хүрэл бялзуухайт” тагт барив. Үнэхээр мөрний өмнөдийг олбоос хоёр Цяог буулган аваад тагт дээр суулгаж, эцсийн насыг баярлуулан чадваас миний хүссэн нь гүйцмүй!” хэмээн хэлж бараад ихэд инээв.
Тан улсын Ду Мужигийн шүлэглэсэн шүлгийн үг:
“Хугарсан жад элсэнд живээд төмөр нь үрэгдээгүй
Хурц үзүүрийг дахин ирлэвээс урьд улсыг танимуй
Түргэн салхи үнэхээр Жоуланыг дэмжсэнгүй аваас
Тун Цяотай тагтад хаврын гүнд хоёр Цяог хорих байлаа”
Тэндээс Цаоцао хараахан инээн хэлэлцэж байхад гэнэт сонсвоос хэрээн дуу гарч өмнө зүг нисэн донгодсоор одов. Цаоцао асууруун: “Энэ хэрээ юунд шөнө донгодмуй?”. Зүүн баруунаас өчрүүн: “Хэрээ сарны гэрлийг үзэж “Тэнгэр гэгээрсэн болой” хэмээн бодож тийнхүү модноос ангижирч донгодох нь болой”. Цаоцао бас ихэд инээмүй. Тэр үед Цаоцао нэгэнтээ согтож даруй жадыг барин онгоцны толгойд зогсоод мөрөнд архи дусааж, дүүрэн гурван аяга уугаад жадыг хөндөлдөж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Би энэ жадыг барьж шар алчуурт хулгайг эвдэж, Люйбүг бариад, Юаньшуг сөнөөж, Юаньшаог хураамжлан, хязгаарын хойдод гүн ороод, шууд Ляодунгийн газар хүрч, дэлхий дахинд хөндлөн гулд яван, их эрийн зоригийг асар үтээрсэнгүй болой. Өдгөө энэ үзэмжид нийлүүлбээс сэтгэл маш хуур шүүр баймуй за. Би дуу зохиосонд та олноор нийлүүлтүгэй!” хэмээгээд дуулсан нь:
“Архины зүг дуулбаас зохимуй
Хүн болон төрөөд хэдий удаан насламуй за
Үлгэрлэвээс өглөөний шүүдэр мэт
Наран гарваас үлэмж үгүй
Хуур шүүр болбоос зохимуй
Зовнил саналыг умартахад бэрх
Юугаар зовнихыг тайлмуй хэмээвээс
Гагцхүү Дукан баймуй
Хөв хөөрхөн чиний заам
Хол бодсон миний сэтгэл
Ганц авгай чиний тул
Дуугуй байсаар эдүгэ болов
Исгэрэн дуугарах шоо буга
Хээрийн өвсийг идмүй
Надад эрхэм зочин байж
Ятга чавхдан батлаат бишгүүр үлээмүй
Гэгүүлсэн саран мэт
Аль цаг дор зогсож болмуй
Зовнил нь сэтгэл дотроос ирж
Тасархайяа таслан үл болмуй
Хөндлөн тариаг гэтлэн
Голт тариаг давж
Харилцан тогтнохыг туйлаар хэрэглэвэй
Найртай сайханд хуримтлан хэлэлцэж
Хуучин ачийг сэтгэлдээ бодмуй
Саран гэгээн, одон сийрэг
Хэрээ шаазгай өмнөд зүг нисмүй
Модыг тойрон гурван мөр болж
Оршиж суумаар салаагүй
Уул өндрийг зэвүүрэхгүй
Усан гүнд эс ихэрхмүй
Жоу гүнгийн үмхсэнээ гээсэнд
Дэлхий дахины сэтгэл дагав”.
Дуулж бараад олноор нийлүүлэхүйд бүгдээр цөм баярлалцан инээлцэв.
Гэнэт суудлын дундаас нэгэн хүн дэвшиж өгүүлрүүн: “Их цэрэг харилцан тулалцахын үед жанжин түшмэл хүч зүтгэхийн цагт, Чансан та юунд энэ мэт бэлгэгүй үгийг гаргамуй?”. Цаоцао түүнийг үзвээс даруй Янжоу мужийн Цыши түшмэл Пэйгуогийн Зинсян газрын хүн. Овог Лю, нэр Фү. Өргөсөн нэр Юань Ин гэгч ажгуу. Люфү нь Хөфэй газраас үүсэж мужийн засгийг байгуулан бүтээгээд сарниж, оргосон иргэнийг цуглуулж, сургууль байгуулан тариаг үлэмж хагалбарлаж, засгийн сургаалыг мандуулан Цаоцаод удтал үйлчилсэн тул гавьяа зүтгэлийг олонтоо байгуулав. Тухайд Цаоцао жадыг хөндөлдөн асууруун: “Миний хэлсэн нь ямар бэлгэгүй газар баймуй?”. Люфү өгүүлрүүн:
“Саран гэгээн одон сийрэг,
Хэрээ шаазгай өмнө зүг нисэж
Модыг мөр тойрон
Оршиж суумаар салаагүй” хэмээсэн нь бэлгэгүй үгс болой”.
Цаоцао ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй миний хөгжлийг бууруулмуй?” хэмээгээд гар өргөн нэгэнтээ жадалсанд Люфүг жадлан алав. Олон цөм цочин айж даруй хуримыг хураав. Дэд өдөр Цаоцао архи сэргээд гэмшин хорсож барахгүй байтал Люфүгийн хөвгүүн Люси “Эцгийн ясыг авч эгэж оршуулъя” хэмээн гуйсанд Цаоцао уйлан өгүүлрүүн: “Би өчигдөр согтсондоо чиний эцгийг ташааран алаад гэмшивч гүйцэхгүй болов. Тийнхүү гурван гүнгийн зузаан ёслолоор оршуулбаас зохимуй” хэмээгээд бас цэргийн ардыг салгаж гаргаж авсыг хамгаалуулан хүргүүлээд “Мөн өдөртөө буцаж оршуул!” хэмээв.
Тэндээс дэд өдөр усан цэргийн Дүдү Маозе, Юйзинь цацрын дор ирж лавлан асууруун: “Их бага эл онгоц цөм бүрнээ захиа ёсоор холбон хадаж туг хиур ба зэр зэвсгийг нэг нэгээр бэлтгэн бүртгэв. Чансан та улируулан томилж өдөр болзож цэрэг орно уу!” хэмээсэнд Цаоцао усан цэргийн дундын их байлдах онгоцон дээр хүрч суусан хойно олон жанжин нарыг дуудан цуглуулж “Тус тусдаа цааз сонстугай!” хэмээв. Усан, хуурай хоёр замын цэргийг цөм таван өнгийн тэмдэгт далбаагаар ялгаж усан цэргийн дунд шар далбаа Маозе, Юйзинь. Өмнөд цэргийн улаан далбаа Жанхө, хойд цэргийн хар далбаа Люцянь, зүүн этгээдийн хөх далбаа Вэньпинь, баруун этгээдийн цэргийн цагаан далбаа Лю Түн морьт ба явган өмнөд цэргийн улаан далбаа Сюйхуан, хойд цэргийн хар далбаа Лидянь, зүүн этгээдийн цэргийн хөх далбаа Юэзинь, баруун этгээдийн цэргийн цагаан далбаа Сяхоу Юань, усан хуурай замын бүгдийн өмөглөгчийг Ся Хоудүнь, Цаохун нар нааш цааш яван хамгаалуулж, байлдах захирагчийг Сюйчу, Жанляогаар болгоод түүнээс бус жанжин түшмэд цөм тус тусдаа анги жагсаалын ёсоор явагтун!” хэмээн зарлаж бараад усан цэргийн хүрээний дотор гурван мөр хэнгэрэг дэлдэн, эл анги жагсаал байлдах онгоц, цөм үүд хуваан гарч ирэв. Мөн өдөр баруун хойдоос салхи гэнэт дэгдсэнд эл онгоц цөм далбааг буулган эвхээд, оргилыг шувтлан долгионыг эвдэх нь түвшин газар мэт чихмай303 тул хойд газрын цэрэг онгоцны дээр байж үсэрч харайн баатар сүрийг мандуулан, жадаар хатгаж илдийг хэрэглэв. Өмнө хойно зүүн баруун эл цэргийн туг далбаа хутган хольцолдохгүй. Бас бага онгоц тавь илүү байж нааш цааш яван цагдан сэргийлж захиран шаардмуй. Цаоцао жанжны тагт дээр зогсож улируулан боловсруулахыг шинэчлэн үзээд сэтгэл ихэд баярлан “Энэ эрхгүй дийлэхийн арга болой” хэмээн бодож цааз зарлан “Туг далбааг түр хурааж тус бүр дэс дарааг даган хүрээнээ эгэгтүн!” хэмээжээ.
303 Үзэсгэлэнтэй, жавхлантай
Цаоцао цацарт сууж олон зөвлөлийн сайд нарын зүг өгүүлрүүн: “Хэрвээ тэнгэрийн зарлигаар намайг туслаагүй бол яахин Фөнчугийн гайхамшигт аргыг олж төмөр дээсээр онгоц бүрийг нэг цугаар холбох буй за. Үнэхээр мөрнийг гэтлэхэд төвшин газарт явах мэт” хэмээхэд Чэн Юй өгүүлрүүн: “Онгоцыг цөм оньслон холбосон нь үнэхээр чихмай боловч гагц тэд хэрвээ галаар байлдах болбоос дутаан зайлахуйяа бэрх болмуй. Сэрэмжлэхгүй бол болохгүй!”. Цаоцао ихэд инээн хэлрүүн: “Чэн Жүндөгийн бодлого хэдий хол боловч харин басхүү бодож олоогүй газар баймуй?”. Сюнь Юй өгүүлрүүн: “Жүндөгийн хэлсэн нь маш мөн, Чансан юунд инээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Алив галаар байлдах нь эрхгүй салхины хүчинд итгэмүй. Өдгөө тэсгим хүйтний үе. Гагцхүү баруун болоод хойд зүгийн салхи буй. Хаанаас зүүн салхи болон өмнөдийн салхи байх аж? Бид баруун хойд дээр сууж байх бөгөөд түүний цэрэг цөм өмнөд хөвөөн дээр баймуй. Тэд хэрвээ гал хэрэглэх нь мөн өөрийн цэргээ шатаах нь болой. Бид юунд эмээх аж? Хэрвээ арван сарын бага, хаврын цагт болбоос би хэдийнээ сэргийлсэн бөлгөө”. Олон жанжин нар цөм хичээнгүйлэн биширч өгүүлрүүн: “Чансангийн мэргэн бодлогыг олон хүн эс гүйцмүй” хэмээсэнд Цаоцао олон жанжин нарыг харж өгүүлрүүн: “Цин, Сүй, Янь, Дай газрын олон, онгоцонд сууж дадсангүй тул өдгөө энэ аргаас бус болбоос яахин их мөрний бэрхийг гэтлэн чадмуй!” хэмээтэл жагсаалын дотроос хоёр жанжин хэхэлзэн гарч өгүүлрүүн: “Бага жанжин бид хэдий Ю, Янь газрын хүн боловч бас ч онгоцонд сууж чадмуй. Өдгөө хүсэх нь хорин цагдах онгоцыг зээлж шууд умард мөрний аманд хүрээд түүний туг хэнгэргийг булаан ирж хойд газрын цэрэг мөн онгоцонд сууж чадахыг үзүүлсүгэй” хэмээв.
Тэндээс Цаоцао түүнийг үзвээс харин Юаньшаогийн гарын доорхи хуучин жанжин Жаочу, Зан Нань нар ажээ. Цаоцао өгүүлрүүн: “Та нар цөм хойд газарт төрж өссөн тул онгоцноо суухад дөхөмгүй болуузай хэмээмүй. Мөрний өмнөх цэрэг усны дээр нааш цааш явахыг нарийн нягт боловсортол сурчээ. Та нар амь биеэ хөнгөвчлөн хүүхдийн наадам мэт бүү болгогтун!”. Жаочу, Зан Нань хоёр их дуугаар өгүүлрүүн: “Хэрэв дийлэхгүй болбоос цэргийн цаазыг дуртайяа хүлээсүгэй! ”. Цаоцао өгүүлрүүн: “Байлдах онгоцыг нэгэнтээ дуусган оньсолж холбожээ. Гагцхүү бага онгоц байж онгоц бүрт хорин хүн багтааваас болмуй. Дан гагц угтан байлдахад дөхөмгүй болов уу?” хэмээмүй. Жаочу өгүүлрүүн: “Хэрвээ их онгоцыг хэрэглэвээс ямар гайхамшиг болгож болмуй? Гуйх нь бага онгоц хорь илүүг хайрлан өгвөөс Жаочу би Зан Нань лугаа тус тусдаа нэг хагасыг авч гагц энэ өдөр шууд мөрний өмнөдийн усан хүрээнд хүрч эрх биш тугийг булаан жанжныг алж ирсүгэй!”. Цаоцао өгүүлрүүн: “Би та нарт хорин онгоц өгөөд шилдэг таван зуун хүнийг томилон гаргаж цөм урт жад, хатуу нум бариулан ирэх өдрийн тэнгэр гэгээрэхийн үе их хүрээний онгоцыг мөрний дээгүүр гаргаж холоос хүчийг туслуулан дахин Вэньпинийг зарж мөн гучин цагдах онгоцыг авахуулан та нарыг өмгөөлөн угтуулж ирүүлсүгэй!” хэмээхэд Жаочу, Зан Нань хоёр баярласаар эгэв. Дэд өдрийн дөрвөн жингийн үест будаа чанаж, таван жинд хуяглан өмсөж барсны хойно хэдийн сонсвол усан хүрээний дотор хэнгэрэг дэлдэн харанга цохисоор онгоц цөм хүрээнээс гарч ирээд усны дээгүүр хуваан жагсаав. Хөх мөрний дээгүүр хөх улаан тэмдэг далбаа солбицон хатгажээ. Жаочу, Зан Нань нар хорин суман онгоцыг авч хүрээг шувтлан гарч ирээд мөрний өмнөдийн зүг мордон оров.
Тэндээс өмнөд хөвөөн дээр мөрний алсад хэнгэргийн дуу түрчигнэн сонсогдох тул холоос ажиглан үзвээс Цаоцао усан цэргээ улируулан боловсруулах ажээ. Үүнийг мэдээ авах хүн Жоу Юйд ирж мэдүүлсэнд Жоу Юй уулын оройд гарч үзтэл Цаоцао цэргээ нэгэнтээ хурааж эгэв. Дэд өдөр нэгэнтээ бас сонсвоос хэнгэргийн дуунд тэнгэр догдолзуулмуй. Цэргийн ард яаран өндөрт гарч ажиглан үзвэл хэдэн бага онгоц долгионыг эвдэж айсуй. Даруй нисэх мэт цацарт мэдүүлэн ирсэнд Жоу Юй “Цацрын доороос хэн аймшиггүй урьд гармуй?” хэмээн асуусанд Ханьдан, Жоутай хоёул цугаар гарч өгүүлрүүн: “Бид түр өмнөд хошууч болж дайсныг эвдлэхийг хүсмүй!”. Жоу Юй баярлаж цааз зарлан “Хүрээ бүр чандлан сахиж хөнгөнөөр хөдөлж болохгүй!” хэмээв. Ханьдан, Жоутай тус тусдаа таван суман онгоцыг авч зүүн баруун этгээдийг хувааж гарав.
Тэндээс Жаочу, Зан Нань баатрын амьсгалдаа эрдэж, сэлүүрийг нисгэн бага онгоцыг нисгэж ирсэнд Ханьдан гагцаар зүрхний халхавчийг нөмрөн гартаа урт жад барьж онгоцны тэргүүнд зогсон атал Жаочугийн онгоц түрүүнд хүрч ирээд даруй цэргийн ардыг дуудан самуун зэвээр Ханьдангийн онгоц руу харвуулахад Ханьдан халхаар304 биеийг халхлан зайлуултал Жаочу урт жадыг мушгин Ханьдан лугаа байлдан ирэхэд Ханьдан гар өргөн нэгэнтээ жадалсанд Жаочуг жадлан алав. Зан Нань хойноос ихэд зандран нэхэн иртэл хоорондуур нь Жоутайгийн онгоц гарч ирэв. Зан Нань жадыг мушгин онгоцны толгойд зогсоод хоёр этгээдэд нум зэв дэмий л харвалцмуй. Жоутай нэгэн гараар халхыг атгаад нэгэн гараар илдийг барьж, хоёр онгоц харилцан долоо найман тохойн хэр хол болсонд Жоутай нэгэнтээ хараймагц шууд Зан Наньгийн онгоцны дээр үсрэн гарч ирээд гар өргөн илд буумагц Зан Нанийг усны дотор цавчин унагааж, онгоцоо явуулж цэргийн ардыг дэмий л алахад бусад онгоц цөмөөр сэлүүрийг нисгэж яаран эгтэл Ханьдан, Жоутай нар онгоцыг шавдуулан хойноос нэхэн ирж мөрний хагас дунд хүрвээс төв хэмээн Вэньпингийн онгоц лугаа харилцан учрав. Хоёр этгээд даруй онгоцыг жагсааж байлдаан үүсгэжээ.
304 Бамбай
Тэндээс Жоу Юй олон жанжин нарыг авч уулын оройд гарч зогсон холоос ажиглаж үзвэл мөрний хойдын усны дээгүүр эл зүйлийн байлдах онгоц мөрний дээр жагсан нийлж, туг далбаа тэмдэг хиур цөм дэс дараатай. Эгж Вэньпинийг үзвээс Ханьдан лугаа үхэн байлдаж байв. Ханьдан, Жоутай шаламгайлан хавчин байлдахад Вэньпинь тулж тэсэхгүйдээ онгоцыг буцаан явсанд Хань, Жоу хоёул яаран онгоцыг хөөж нэхэн очив. Жоу Юй өөрийн хоёр хүнийг хүнд газарт гүн орохоос болгоомжлон даруй цагаан хиураар даллан дуудаж, олноор харанга цохиулсанд хоёул даруй сэлүүрийг эргүүлэн буцаж ирэв. Жоу Юй уулын орой дээрээс мөрний алсын байлдах онгоцыг үзвэл цөм усан хүрээндээ орж очив. Жоу Юй эгж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Мөрний хойдын байлдах онгоц, улалж хулсын адил нягт зузааны дээр Цаоцаод бас ухаан үлэмж тул түүнийг ямар аргаар эвдэлбээс зохимуй?”. Олон цөм өчиж завдаагүйгээр гэнэт үзвээс Цаоцаогийн цэргийн хүрээн доторх шар өнгийн жанжин туг салхинд хугарч мөрний дунд хийсэн оржээ. Жоу Юй ихэд инээн өгүүлрүүн: “Энэ нь бэлгэгүйн ёр болой” хэмээн хараахан үзэж байтал гэнэт догшин салхи ихэд дэгдэж мөрний дундах оргил долгион хөвөөнд цалгижээ. Нэгэн зурвас салхи өнгөрмөгц тугийн өнцгийг хийсгэн Жоу Юйгийн нүүрийг шүргэн гарав. Жоу Юй гэнэтхэн сэтгэлд нэгэн хэрэг бодогдоод их дуугаар нэгэнтээ бархиран хойш тонгорцоглон унаад цусаар бөөлжив. Олон жанжин нар яаран тэнхрүүлтэл харин хэдийнээ хүний мэдэлгүй болжээ. Энэ чухамхүү:
“Нэгэн цаг гэнэт инээх бөгөөд бас гэнэт бархираад
Өмнөд цэргээр хойд цэргийг эдлэхүйеэ бэрх”
Эгнэгт Жоу юйгийн амь ямар болохыг мэдэхгүй, доорх бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )