"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-50 ДУГААР БҮЛЭГ
ЖҮГӨ ЛЯН УХААНААР ХУА РУНДАОГ БОДОЛХИЙЛСЭН ГУАНЬ ЮНЬЧАН ЖУРМААР ЦАОЦАОГ ТАВЬЖ ЯВУУЛСАН
Өгүүлэх нь: Тэр шөнө Жанляо нэгэн сумаар Хуангайг харваж усанд унагаагаад Цаоцаог аварч хөвөөнд гарсан хойно, морь эрж явтал цэрэг нэгэнтээ самуурав. Ханьдан гал утааг шургаж, усан цайзыг байлдахаар ирсэнд гэнэт цэргийн ард мэдүүлрүүн: “Хойно онгоцны сүүлэнд нэгэн хүн өндөр дуугаар жанжны нэрийг дуудмуй” хэмээсэнд Ханьдан сонсвоос өндөр дуугаар: “И гүн намайг тэнхрүүл!” хэмээмүй. Ханьдан өгүүлрүүн: “Энэ Хуан Гүнфү болой” хэмээгээд даруй тэнхрүүлэн авч үзвээс Хуангай зэвийн шарх олжээ. Даруй амаар сумны ишийг зууж гаргаваас зэв нь маханд үлджээ. Ханьдан даруй нойтон дээлийг тайлан өгч хутгаар зэвийг ухаж гаргаад далбааг урж ороон өгөөд өөрийн байлдах дээлийг тайлан Хуангайд өмсгөж, урьдаар өөр онгоцонд гарган их хүрээнд засан сувилахаар явуулав. Үзвээс Хуангай усны чанарыг сайтар мэдмүй. Тийнхүү энэ их хүйтэн цагт хуягтайгаар мөрөнд унасан боловч амь гарчээ.
Тэндээс тэр өдөр мөрөн дүүрэн гал өнхөрч хашхирах дуунд газар хөдөлмүй. Зүүн этгээдээс Ханьдан, Зянциньгийн хоёр анги цэрэг Улаан хавцлын баруунаас алан ирсэн бөгөөд баруун этгээдээс Жоутай, Чэн Үгийн хоёр анги цэрэг Улаан хавцлын зүүнээс алан ирэв. Төв дундаас Жоу Юй, Чэнпү, Сюйшэн, Динфөн нарын суусан их ангийн олон онгоц цөм дайран хүрч иржээ. Цэрэг галын хүчинд эрдээд Саньзян мөрөн даяар усаар байлдаж, Улаан хавцалд зууралдан эсэргүүцэхэд Цаоцаогийн цэрэг жад зэвд оногдож галд хуйхлагдан усанд унаж үхсэн нь тооловч барахгүй. Хожмын хүний шүлгийн үг:
“Ү, Вэй хоёр улс эрэгчин эмэгчинээ ялгамуй хэмээн
Улаан хавцлын асарт онгоцыг нэгэнтээ шүүрдэн арилгажээ
Галын дөл анхан мандахуйяа үүл далайд тусаад
Гарамгай Жоулан үүнээс Цаоцаог эвдэлсэн амуй”
Бас нэгэн шүлгийн үг:
“Уул өндөр саран хэлтгий ус үргэлжлэн нийлсэнд
Урьд улсын хэсэглэхээр яарсныг нэхэж санагалзмуй
Өмнө орны ард Вэйг угтах сэтгэлгүй тул
Зүүний салхи санаачлагатайгаар Жоуланд туслав”
Тэндээс Ганьнин Цайжунг авч Цаоцаогийн хүрээнд гүн орсон хойно Ганьнин Цайжуныг цавчиж мориноос унагаагаад даруй өвсөнд гал тавив. Люймөн холоос гол цэргийн хүчинд гал гарсныг үзээд бас хэдэн арван газарт гал тавин Ганьнинд туслав. Дань Жан, Дунси хоёр ч мөн хуваагдан газар бүрт гал тавин хашхирч, дөрвөн этгээдэд хэнгэргийн дуу ихэд хөгжжээ. Цаоцао, Жанляогийн хамт зуу илүү цэргийг авч галан шугуй дотор явж үзвээс нэгэн газар хэмээн гал ноцсонгүй нь үгүй. Хараахан бууруулахад Маозе, Вэньпинийг тэнхрүүлэн гаргаж арваад морьт цэрэг авч хүрч ирсэнд Цаоцао “Зам эрж явсугай!” хэмээв. Жанляо зааж өгүүлрүүн: “Гагц Үлиньгийн зам уудам тул явж болмуй”. Цаоцао шууд Үлиньгийн зүг одохуйяа хойноос нэгэн баг цэрэг нэхэхээр ирээд өндөр дуугаар: “Цаоцао битгий явагтун!” хэмээн дуудмагц галын гэрэл дотроос Люймөнгийн туг хиур илрэн гарч ирэв. Цаоцао цэргийг хөөж урагшлан Жанляогаар хойд талыг хайгуувчлуулж, Люймөнийг халхлуулбаас өмнө биед бас гал үүсэж зав дотроос бас нэгэн анги цэрэг гараад бархиран: “Линтун энд буй” хэмээн цавчин ороход Цаоцаогийн цөс зүрх цөм хэмхрэв.
Гэнэт хажуугаас нэгэн баг цэрэг гарч ирээд дуудан өгүүлрүүн: “Чансан битгий айгтун! Сюйхуан энд буй” хэмээгээд харилцан хутган байлдсаар одтол гэнэт нэгэн анги цэрэг уулын довд зогсож амуй. Сюйхуан гарч асууваас харин Юаньшаогийн харьяат дагасан жанжин Ма Янь, Жанкай гурван мянган хойд газрын цэргийг авч хүрээнээс хагацан гарч ирээд энд жагсжээ. Тэр шөнө галын гэрэл тэнгэр тултал гийгүүлсэнд аймшиггүй хөдөлсөнгүй. Өдгөө харин Цаоцаод уулзав. Цаоцао: “Хоёр жанжныг нэгэн мянган цэргийг авч өмнө зам нээж яв! Үлдсэнийг биеийн ойр хамгаалан байгтун!” хэмээв. Цаоцао энэ нэгэн салааны цэргийг олоод баахан амар сулхан болов. Түүнээс Ма Янь, Жанкай хоёул нисэх мэт урагш явж арван газар болсонгүй. Хашхирах дуу гарах газраас нэгэн баг цэрэг гарч ирэв. Тэргүүлсэн жанжин их дуугаар өгүүлрүүн: “Би болбоос зүүн Ү улсын Гань Синба болой” хэмээсэнд Ма Янь “Байлдахаар гарсугай!” хэмээх хооронд Ганьнин нэгэнтээ цавчиж мориноос унагаав. Жанкай жад өргөж угтан ирэхэд Ганьнин их дуугаар нэгэнтээ зандраад Жанкай хөдөлж завдахын урьд бас цавчиж мориноос унагаав.
Хойно нь явсан цэрэг нисэх мэт Цаоцаод хэлэхээр ирэв. Тэр үес Цаоцао гагц Хөфэйгийн цэрэг өмөглөхөөр ирэхийг эрмэлзмүй. Сүньцуань Хөфэйгийн замд байж мөрний дунд галын гэрэл мандсаныг үзээд өөрийн цэрэг ялсаныг мэдэж даруй Лүсюньгээр тэмдэг гал өргүүлсэнд Тай Шицы үзээд Лүсюнь лүгээ цэрэг нийлж дайран ирсэнд Цаоцао аргагүй Илиньгийн зүт одох замдаа Жанхөтэй учирсан тул “Хойно хайгуул бол!” хэмээв. Тэндээс Цаоцао морийг ташуурдан явсаар таван жингийн эцэст хойш хандаж үзвээс галын гэрэл баахан хол болжээ. Цаоцао сая сэтгэл тохуурч асууруун: “Энэ ямар газар буй” хэмээсэнд цэргийн хүн өчрүүн: “Энэ Үлинийн баруун Идүгийн хойд болой”. Цаоцао уулын түгшүүр бэрх, мод шугуй зузаан ягчийг үзээд морин дээрээ дээш хандаж ихэд инээж зогсохгүй. Олон түшмэл асууруун: “Чансан ямар учирт ихэд инээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Би бусдыг инээхгүй. Гагц Жоулангийн бодлогогүй, Жугө Лянг ухаан мөхөс хэмээн инээмүй. Хэрвээ би цэрэг хэрэглэвээс урьдаар энд нэгэн салааны цэргийг бүгүүлбээс яах бөлгөө” хэмээн хэлж барахын урьд хоёр талаас хэнгэрэгийн дуу гарч галын гэрэл дээр тулав. Цаоцао гэлмээд315 арайхан мориноос эс унав. Хажуугаас нэгэн баг цэрэг алахаар гарч ирээд өндөр дуугаар дуудруун: “Жао Зылун би цэргийн багшийн зарлалаар энд хүлээсээр удав!” хэмээжээ. Цаоцао даруй Жанхө, Сюйхуаныг хослон Жао Юнь лугаа байлд!” хэмээн гаргаад, өөрийн бие гал утаанд шургаж оргон одов. Зылун харин хойноос нэхэх ч үгүй гагц зэвсэг далбааг булаан авахад Цаоцао олж гарав. Тэндээс тэнгэр сая гэгээрч хар манан газрыг халхлан зүүн өмнийн салхи хараахан зогсоогүй атал гэнэт их бороо цутгах адил орж хуяг хувцас цөм нэвтэрчээ. Цаоцао цэргийн ард лугаа бороонд шурган явсаар олноор цөм өлбөрөх өнгөтэй болсонд Цаоцао үзээд цэргийн хүмүүст хандан: “Гацааны айлд амуу, идэш булааж гал эрэхээр од!” хэмээн явуулж, сая “Будаа чанасугай!” хэмээтэл хойд талаас нэгэн баг цэрэг гүйцэж ирмүй. Цаоцао маш цухалдаж байтал харин Лидянь, Сюйчу олон зөвлөлийн сайдыг хамгаалж хүрч ирсэн ажгуу. Цаоцао ихэд баярлаж цэрэг морийг урьдаар явуулж асууруун: “Өмнө үзэгдэх нь ямар газар болой?” хэмээвээс хүн хэлрүүн: “Нэгэн этгээд өмнө Илиньгийн их зам харин нөгөөх нь хойд Илиньгийн уулын зам” хэмээсэнд Цаоцао асууруун: “Аль зам нь Нань Зюнь, Зянлинд очиход ойр аж?”. Цэргийн хүн өчрүүн: “Өмнө Илиньгээр Ху Лүкоу амыг давж очвоос маш дөхөм болой”. Цаоцао “Өмнө Илиньгийн замаар яв!” хэмээв. явсаар Ху Лүкоу аманд хүрээд морь ядаж, хүн өлбөрөн явж чадахгүй болж олонтоо замд унасан нь буй тул Цаоцао цэргүүдээ “Түр өмнө талд зогсож амрагтун!” хэмээсэнд мориндоо торвуу316 ачсан хүн буй бөгөөд гацааны айлаас булаан ирсэн амуу бүхий ард уулын нүүрт өвс эрж, будаа чанан, адууны мах шарж идээд цөмөөр норсон хувцсыг тайлж салхинд ээн, морины эмээлийг авч хээр тавьсанд өвсний үндсийг хэмлэмүй. Цаоцао сийрэг шугуйн дотор сууж тэргүүнийг гэдрэг харж ихэд инээмүй. Олон түшмэд асууруун: “Өнөөхөн Чансан та Жоу Юй, Жугө Лянийг шоолж, Жао Зылуныг халдаж гаргаад хүн морийг ихэд хохируулав. Өдгөө юунд бас инээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Миний ихээх нь Жоу Юй, Жугө Лян хоёрын мэдлэг ухаан эцэст гүйцэхгүй, би цэрэг хэрэглэсэн бөгөөс энэ газарт бас ч нэг баг цэргийг бүгүүлж амар цэргээр зүдсэн цэргийг хүлээлгэвээс бидний амь олж гарах боловч харинхүү хүнд шарх олохыг хэлтэрч эс чадмуй. Тэр энд хүртэл үзэж олсонгүйд би инээх бөлгөө” хэмээн хэлж байтал өмнө хойнох цэрэг цугаар хашхиралдан гарч ирэв. Цаоцао ихэд цочиж хуягийг гээж морийг унатал цэргийн олонхи нь морио олж барьсангүй. Дөрвөн этгээдэд цөм гал утаа мандаж, завын амыг хааж нэг салааны цэрэг жагсаажээ. Тэргүүлсэн жанжин нь Янь газрын Жан Идө болой. Жадыг хөндлөн барьж өндөр дуугаар: “Цаоцао хулгай хаана одмуй?” хэмээхэд олон цэргийн ард Жан Идөг үзээд цөм цөс жихүүрчээ. Сюйчу зайдан морийг унаж Жанфэйгийн зүг байлдан ирэхэд Жанляо, Сюйхуан хоёр бас хавчин байлдав. Хоёр этгээдийн цэрэг морь хутган байлдаж нэгэн бөмбөлөг болоход, Цаоцао сая морь эгүүлэн мултран гарав. Олон жанжин тус бүр бие мултран гарваас Жанфэй хойноос нэхэж ирэв. Цаоцао дараа дараагаар буруулаад нэхэх цэрэг улам улам хол болсонд хойш харж олон жанжныг үзвээс олонхи нь шарх олжээ.
315 Гэнэт айж цочих балмагдах
316 Аяны жижиг тогоо
Тэндээс хараахан яван атал цэргийн хүн мэдүүлрүүн: “Өмнө хоёр зам буй, Чансангаас эшлэх317 нь аль замаар одмуй?”. Цаоцао асууруун: “Аль зам ойр буй?”. Цэргийн хүн өгүүлрүүн: “Их зам баахан тэгш тавь илүү газар хол. Бага зам болбоос Хуа Рундаог өнгөрөн одмуй. Тавь илүү газар ойр. Гагц газар цухал зам бэрх, гуу суваг олон тул явахад түгшүүртэй”. Цаоцао хүн зарж уулан дээр гаргаж үзүүлбээс хүн ирж хэлрүүн: “Бага замын уулын хормойгоор хэдэн газарт гал утаа гармуй. Их замд огт чимээгүй” хэмээсэнд Цаоцао өмнөх цэрэгт хандан: “Хуа Рундаогийн бага замаар яв!” хэмээв. Олон түшмэл өгүүлрүүн: “Гал утаа байх газарт эрхгүй цэрэг буй болой! Юу хэмээн гэдрэг энэ замыг барьж явмуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Цэргийн бичигт өгүүлсэн нь “Ташаа хэмээгч нь үнэн, үнэн хэмээгч нь ташаа болой”. Жугө Лян бодлого олон хүн, тийнхүү хүнээр уулын цухал газарт гал тавиулан биднийг айлгаж “Энэ газраар одохгүй олгосугай” хэмээх ухаан бөгөөд тэр их замд цэрэг бүгүүлсэн болой. Би нэгэнтээ бодож тогтов. Яавч түүний аргад оногдуулахгүй” хэмээсэнд олон түшмэл цөм өгүүлрүүн: “Чансангийн гүн бодлогыг хүн хүрэхгүй” хэмээгээд даруй цэргийг татаж, Хуа Рундаогийн замыг барьж явав. Тэр үед хүмүүс цөм өлбөрч унаад морь дуустал яджээ. Галд толгой магнай хуйхлагдсан нь таяг тулж явах бөгөөд зэвд харвагдан илдэнд цавчигдсан нь хатуужиж алхмуй. Бороонд хувцас хуяг нороод тус бүр бүрэнгүй бөгөөд туг хиур цэргийн зэвсэг улмаар тэгшгүй болжээ. Их хагас нь Илиньгийн замд хөөгдөн цухалдагдаж гагц эмээлгүй зайдан морийг унаж, эмээл хазаар, дээл хувцсыг цөм гээж орхисны дээр, төв хэмээн хүйтэн цаг тохиолдож түүний гашууныг яахан хэлэх бөлгөө. Түүнээс Цаоцао өмнөх цэрэг морь явахгүйд асууруун: “Ямар учир болой?” гэхэд өмнө цэргийн хүн ирж хэлрүүн: “Өмнө уулын бага хавцал замд өглөө бороо орсон тул гуу сувагт ус тунаад урсахгүй, морины хөл шавартаж явж чадахгүй” хэмээсэнд Цаоцао хилэн төрж өгүүлрүүн: “Цэргийн цаазад “Уул үзвээс зам нээж, усанд учирваас гүүр тавьмуй” хэмээжээ. шавартай хэмээн зогсох ёс буй юу?” хэмээгээд даруй цааз зарлаж: “Хөгшин бөгөөд шарх олсон хүмүүсийг хойно алгуур явуулж, хатуу чийрэг хүнийг өмнө шороо дамнаж түлээ зөөлгөн, гуу сувгийг бөглөн дэвсч эрхгүй цаг зуур хөтлөн гаргагтун! Захианаас зөрчсөнийг алмуй!” хэмээсэнд цэргийн хүн аргагүй цөм мориноос бууж хулс модыг хугалж, уул замыг засав.
317 Асуух
Цаоцао хойноос “Цэрэг нэхэхээр ирүүзэй!” хэмээн Жанляо, Сюйчу, Сюйхуанд илдтэй нэг зуун морьт цэрэг өгч “Хоцрох хүмүүсүүдийг цавчигтун!” хэмээв. Тэр үед цэргийн ард өлбөрөн ядраад олонхи нь газарт унасанд Цаоцао зандран цэрэг мориор гишгүүлэн явуулахад үхсэнийг нь тооловч барахгүй. Уйлах дуу замд эс тасармуй. Цаоцао хилэгнэж өгүүлрүүн: “Үхэх төрөх нь заяа болой. юунд уйлмуй, хэрвээ дахин уйлсаныг алмуй!” хэмээжээ. Үүнд гурван хувийн хүн мориноос нэг хувь хойно хоцров, нэгэн хувь гуу сувагт унаж, нэг хувь Цаоцаог дагаж бэрх хавцлыг гарчээ. Цаоцао тэгш газарт хүрээд хойш харж үзвээс гагц гурван зуу илүү хүн морь дагаж буй. Хувцас хуяг алив зэвсэг цөм бүрэнгүйд Цаоцао бас “Түргэн яв!” хэмээн шаардахад олон түшмэл өгүүлрүүн: “Морь цөм турав. Амарваас зохимуй”. Цаоцао өгүүлрүүн: “Зинжоу мужид хүрч амарваас удахгүй болой” хэмээгээд бас хэдэн газар явж Цаоцао морины дээр ташуурыг өргөж ихэд инээв. Олон түшмэл асууруун: “Чансан юунд бас инээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Хүн цөм “Жоу Юй, Жугө Лянийг арга үлэмж, бодлого гүн” хэмээн хэлэлцдэг бөлгөө. Миний үзвээс эцэстээ чадалгүй хүн болой.
Хэрвээ энэ газар нэгэн анги цэргийг бүгүүлсэн болбол бид цөм гараа тавьж хүлүүлэх болой” хэмээв. Түүнээс үг дуусахын урьд нэгэн зэрэг буу дуугаран хоёр этгээдээс таван зуун илдэт цэрэг жагсан зогсжээ. Тэргүүлсэн жанжин Гуань Юньчан хөх луут дам илдийг барьж, улаан туулай морийг унаад, одох замыг хөндөлджээ. Цаоцаогийн цэрэг үзээд сүнс зайлан, цөс хэмхэрч харилцан нүүрээ ширтэж үг дуугүй болов. Цаоцао өгүүлрүүн: “Нэгэнтээ энд хүрч ирсэн тул үхэн байлдсугай!” хэмээвээс олон жанжин өгүүлрүүн: “Хүн хэдий айхгүй боловч морины хүч тэсэхгүй болсонд яахин дахин байлдаж чадмуй?”. Чэн Юй өгүүлрүүн: “Би ер Юньчангийн дээдэд оморхогловч доодыг энэрдэг. Хатууг дарлавч үхээнцийг тэтгэж хишиг, занал ялгавартай. Өршөөл журам нь дэлхий дахинд алдаршсаныг мэдмүй. Чансан урьд өдөр түүнд хишиг хүртээсэн учир буйн тул өнөө биеэр гарч уулзваас энэ зовлонгоос гарч болмуй”. Цаоцао тэр үгийг дагаж урагш давшин морины дээр бие мэхийн ёсолж Юньчангийн зүг өгүүлрүүн: “Жанжин салснаас нааш сайн уу?” хэмээсэнд Юньчан мөнхүү бие мэхийгээд ёсолж өгүүлрүүн: “Би цэргийн багшийн цаазыг дагаж Чансанг хүлээсээр удав!”. Цаоцао өгүүлрүүн: “Цаоцао би цэрэг дарагдан хүч мохож, энд хүрч ирээд одох замгүй болов. Жанжин урьд өдрийн найртай сэтгэлгээг хүндэтгэхийг эрээлцмүү!”. Юньчан өгүүлрүүн: “Урьд өдөр би хэдий Чансангийн зузаан хишгийг хүртсэн боловч нэгэнтээ Яньлян, Вэньчоуг алж Байма газрын зовлонг тайлан ачийг хүргэсэн бөлгөө. Энэ өдөр ямар аймшиггүй хувийн учраар нийтийн хэргийг гээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Таван боомтын жанжнуудыг алсан хэргийг басхүү үйлдэж баймуй уу? Их эр болбоос бат журмыг хүнд болгомуй. Жанжин шашинт номонд гүнээ нэвтэрсэн тул хэрхин Юйгүн Жысигийн Зыжуо Рузыг нэхсэн хэргийг318 мэдэхгүй ёс буй буюу” хэмээн Цаоцао өгүүлжээ.
318 Чүньцюгийн үеийн Вэй улс Юйгүн Жысиг /Вэй улсын мэргэн харваач/ томилон Зыжуо Рузыг / Жэнь улсын мэргэн харваач/ нэхэн цохиулжээ. Тэд цөм харвахад сайн боловч Зыжуо Рузы өвчтэй байсан тул нум сум хэрэглэн байлдаж чадахгүй байжээ. Юйгүн Жыси түүнд “Би Иньгүн Жытагаас харвахыг сурсан юм. Иньгүн Жыта бол танаас харвахыг сурсан тул, таны мэргэжлийг хэрэглэн таныг хорлохыг үл төвдмүй” гэж хэлээд даруй сумныхаа зэвийг мултлан авч, зэвгүй сумаар дөрвөнтөө харваад буцжээ
Юньчан болбоос нэгэн журмыг уул мэт хүнд санах хүмүүн тул урьд өдрийн Цаоцаогийн төдий чинээ хишиг хүртээсэн журам бодож, таван боомтын жанжныг алсан учрыг эргэн санаад яахин сэтгэл хөдлөхгүй аж? Бас Цаоцаогийн цэрэг айн эмээж, цөм нулимс унагамаар байх тул нэн ялангуяа дотроо төвдөхгүй болоод морины толгойг татаж эргүүлэн цэргийн зүг өгүүлрүүн: “Дөрвөн тийш салж жагсацгаа!” хэмээв. Энэ даруй “Илэрхий Цаоцаог тавьж илгээсүгэй” хэмээх санаа болой. Цаоцао Юньчангийн морь буцаасныг үзээд олны хамт довтолгон гарав. Юньчаныг бие эргэтэл Цаоцао олон жанжин лугаа нэгэнтээ өнгөрөн оджээ. Юньчан өндөр дуугаар нэгэнтээ зандрахад олон цэрэг цөм мориноос бууж газарт сөгдөж мөргөв. Юньчан нэн илүү алж төвдөхгүй болж хараахан татгалзан бүхийд Жанляо морь довтолгон хүрч ирсэнд Юньчан үзээд хуучин нөхөрлөсөн найрыг санаж уртаар шүүрс алдаж бас цөмийг тавьж илгээв. Хожмын хүний шүлгийн үг:
“Цэргээ алдсан Цаоцао Хуа Рундаогийн замаар буруулахад
Улаан туулай морьт Юньчантай хавцал замд уулзсан бөлгөө
Анх урьдын өршөөл журам хүндийг бодож
Алтан оньсыг нээж гүмбараа матрыг тавив”
Түүнээс Цаоцао нэгэнтээ Хуа Рундаогийн зовлонгоос хэлтрээд уулын завын аманд хүрч хойш хандаж, дагах цэргийг үзвээс гагц хорин долоон морьтонгийн төдий үлджээ. Тэнгэр орой болоход хариугүй Нань Зюнь хошуунаа хүрэх шахан болоход бариулт гал нэгэн зэрэг гэрэлтэж нэгэн сүрэг цэрэг морь очих замыг тосов. Цаоцао ихэд хиртхийж өгүүлрүүн: “Миний амь барсан буй за” хэмээсэнд нэгэн баг харуулын хүн ирэв. Үзвээс Цаорэньгийн цэрэг ажгуу. Цаоцао сая сэтгэл сулхан болов. Цаорэнь угтаж өгүүлрүүн: “Хэдий цэрэг дарагдсаныг сонссон боловч хол одож болохгүй тул энүүхэнд угтав” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би арайхан чам лугаа олж золгон чадахгүй болох алдав” хэмээгээд олныг дагуулан Нань Зюнь хошуунд орж амартал Жанляо бас хүрч ирээд Юньчангийн эрдмийг хэлжээ. Цаоцао олон жанжныг байцааваас шарх олсон нь маш үлэмж тул Цаоцао цөмийг “Бие амар!” хэмээн илгээв. Цаорэнь хурим бэлтгэж Цаоцаогийн битүүрсэнийг тайлан өгөхөд олон зөвлөлийн сайд цөм суудалд байсан тул Цаоцао тэнгэрийн зүг хандан ихэд уйлахад олон түшмэл өгүүлрүүн: “Чансан барсын үүр дотроос зовлонг зайлах цагт баахан ч эмээсэнгүй. Өдгөө хотод хүрч ирээд, хүнд идэх будаатай, моринд өвстэй болж төв хэмээн цэргээ засаж дахин хариу авахыг санах атал юу хэмээн гэдрэг уйлав?”. Цаоцао өгүүлрүүн: “Би Гуо Фөнсяог319 санаж уйлах болой. Хэрвээ Фөнсяо байсан бөгөөс намайг яавч энэ мэт ихэд алдагдуулахгүй бөлгөө” хэмээн өгүүлээд даруй өвчүүг дэлдэн уйлж өгүүлрүүн: “Уяралтай болой Фөнсяо! Хөөрхий болой! Хайрлалтай болой Фөнсяо!” хэмээхэд олон цөм дув дуугүй болж ичингүйрэв.
319 Гуозяг зөвлөхийг зааж байна
Дэд өдөр Цаоцао Цаорэнийг дуудаж: “Би өдгөө Сюйдүд түр эгж цэрэг морийг бэлтгэж, эрхгүй өс авахаар ирмүй. Чи Наньзюнийг батлан сахигтун! Надад нэгэн арга буй. Чамд сэмээр үлдээсүгэй! цухалдахгүй бөгөөс битгий нээгтүн! Цухалдваас нээж энэ аргын ёсоор явбаас зүүн Ү улс аймшиггүй Наньзюнийг цэхлэн харж чадахгүй болмуй” хэмээв. Цаорэнь хэлрүүн: “Хөфэй, Сян Яныг хэн сахиваас болмуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Зинжоу мужийг чамд найдаж сахиулсугай! Сян Яныг нэгэнтээ Ся Хоудүньд сахиулав. Хөфэй маш чухал газар тул би нэгэнтээ Жанляог их жанжин болгон юэзинь, Лидянийг хавсруулж хамгаалан сахиулжээ. Ганц бачуу түргэн түүхий хэрэг өвс нисэх мэт мэдүүлэхээр илгээгтүн!” хэмээн тушааж дуусаад даруй морь унаж олныг дагуулан Сюйчанд одов. “Зинжоу мужийн уг дагасан бичиг цэргийн олон түшмэл хэвээр Сюйчанд очиж улируулан хэрэглэхийг сонс!” хэмээв. Цаорэнь, цаохуныг зарж Илинь Наньзюнийг сахиулж “Жоу Юйгийн ирэхийг сэргийл!” хэмээн илгээв.
Тэндээс Гуань Юньчан Цаоцаог тавьж явуулаад цэргээ авч эгэхэд тэр үед олон замын цэрэг цөмөөр морь зэвсэг, амуу, цалин олоод нэгэнтээ Сякоуд эгэв. Гагц Юньчан нэгэн хүн нэгэн зэвсэг ч олсонгүй. Хоосон биеэр эгж Сюаньдө лүгээ золгохоор ирэв. Кунмин төв хийтэл Сюаньдөтэй баярлаж агсанд гэнэт “Юньчан эгж ирэв!” хэмээн сонсоод Кунмин даруй суусан газраас бууж архины хундагыг барьж угтаад өгүүлрүүн: “Баярлах нь жанжин ертөнцийг бүрхэх их гавьяаг олоод дэлхий дахины их зовлонг арилгасан тул чухам хол гарч угтан авбаас зохих бөлгөө” хэмээсэнд Юньчан дуу гарсангүй. Кунмин өгүүлрүүн: “Харин жанжин намайг хол гарч угтсангүй хэмээн тийнхүү баяргүй буюу” хэмээгээд хоёр жигүүрийн хүнийг үзэж өгүүлрүүн: “Та бүхэн юунд урьдаас хэлэхээр ирсэнгүй аж?”. Юньчан өгүүлрүүн: “Би тусгайлан үхэхийг гуйхаар ирэв”. Кунмин өгүүлрүүн: “Тийм болбол Цаоцао Хуа Рундаогоор явсангүй болов уу?”. Юньчан өгүүлрүүн: “Мөн түүгээр явав. Би эрдэм чадалгүйдээ алджээ”. Кунмин: “Ямар жанжингуудыг барьж ирсэн буй?” хэмээсэнд Юньчан өгүүлрүүн: “Мөнхүү барьсангүй”. Кунмин өгүүлрүүн: “Энэ нь Юньчан Цаоцаогийн урьдын ачийг санаж зориуд тавьсан нь болой. Гагц нэгэнтээ цэргийн тэмдэг бичиг байгуулж орхисон тул цэргийн цаазаар аваачихгүй эс болмуй” хэмээгээд даруй цэргийн ардыг зандран “Түлхэн гаргаж алагтун!” хэмээв. Энэ чухамхүү:
“Өөрөө нэгэнтээ үхээд нөхөр ханьд харамж өгч
Мянган үеийн журамт нэрийг алдаршуулахыг эрмэлзэв”
Эгнэгт Юньчангийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )