"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-60 ДУГААР БҮЛЭГ
ЖАН ЮН НЯНЬ ГЭДРЭГ ЯНСЮГ ЦУХАЛДУУЛСАН ПАНШИ ЮАНЬ ЗӨВДӨЖ БАРУУН ШУГИЙН ГАЗРЫГ АВСАН
Өгүүлэх нь: Тэр Люжанд арга өргөсөн хүн нь Ижоу мужийн Безя түшмэл, овог Жан, нэр Сун, өргөсөн нэр Юн Нянь. Хүний байдал магнай өргөн, толгой шовгор, хамар хамшгар352, шүд гадна гарчээ. Бие богино таван тохой хүрэхгүй, үг гарах нь гуулингийн жүн353 адил. Люжан асууруун: “Безяд ямар арга байж Жанлүгийн зовлонг тайлмуй?”. Жансун өгүүлрүүн: “Би сонсвоос Сюйдүгийн Цаоцао Жун Юаньгийн газрыг төвшин болгож, Люйбү хийгээд хоёр Юань цөм сөнөөгдөв. Ойрд Мачаог эвдсэн тул дэлхий дахинд дайсангүй болжээ. Эзэн гүн өргөн барих ёсны юмыг бэлтгэвээс Жансун би Сюйдүд одож, Цаоцаог хэлэлцэн цэрэглээд, Ханьжунгийн газрыг авч Жанлүг хичээвээс Жанлүн дайсныг халхлах чөлөөгүй болж, ямар аймшиггүй дахин Шу газрыг гэтэлхийлмүй?”. Люжан ихэд баярлаж алт, тана, торго, магнагийн ёсны юмыг бэлтгэж, Жансунг элч болгон илгээв. Жансун сэмээр Сычуаньгийн газрын зургийг зурж аван, хэдэн морьтонг дагуулж Сюйдү хотноо очив. Хүн хэдийн Зинжоу мужид одож мэдүүлсэнд Кунмин даруй Сюйдүд хүн зарж мэдээ авахаар илгээв.
352 Навтгар хамарыг заажээ.
353 Төмөр, гуйлын хольцтой хонх мэт хөгжмийн зэмсэг.
Тэндээс Жансун Сюйдүд хүрээд өртөөний яаманд бууж, өдөр бүр Чансангийн яаманд очиж Цаоцаод учирсугай хэмээмүй. Угаас Цаоцао, Мачаог эвдэж эгснээс нааш оморхоглон зан их болоод өдөр бүр хуримлаад хэрэггүй болбоос гарч ирэхгүй, алив улсын засгийн үйлийг цөм Чансангийн ордонд зөвлөмүй. Жансун гурван өдөр хүлээгээд сая олж, нэр овгийг нэвтрүүлсэнд жигүүрийн ард хахууль авсны хойно сая удирдан оруулав. Цаоцао танхимд сууж Жансун ёслон мөргөсөн хойно Цаоцао асууруун: “Чиний эзэн Люжан жил дараалан алба хүргэж ирэхгүй нь ямар учир болой?”. Жансун өгүүлрүүн: “Зам гудас бэрх, хулгай худал дэгдэж, булаан дээрэмдэх тул нэвтрэн ирж чадахгүй”. Цаоцао зандран өгүүлрүүн: “Би Жун Юаньгийн газрыг шүүрээр шүүрдсэн мэт түвшин болгосон атал яасан хулгай буй?”. Жансун өгүүлрүүн:
“Өмнөдөд Сүньцуань, хойдод Жанлү, дундад Любэй буй аж. Туйлын бага нь бас ч хуягт цэрэг арван түм илүү буй атал юунд энх түвшин болов?”. Цаоцао Жансунгийн байдал муухайг үзээд таван хувь баярлахгүй бүхийд бас үг хурцыг сонсож даруй ханцуйгаа гөвөн босож хойд гэрт оров. Хоёр жигүүрийн түшмэл Жансунг донгодож өгүүлрүүн: “Чи элч болж ирсэн бөгөөд ёсыг мэдэхгүй, нэгэн амаар зайдангуулмуй? Завшаанаар Чансан чамайг хол газраас ирснийг санаж ял хийсэнгүй. Чи хурдан эгж яв!” хэмээсэнд Жансун инээж өгүүлрүүн: “Манай Сычуаньгийн газарт бялдууч хүнгүй болмуй” гэхэд гэнэт яндрын доороос нэгэн хүн өндөр дуугаар өгүүлрүүн: “Танай Сычуаньд бялдууч хүнгүй болбоос манай Жун Юаньгийн газарт бялдуучлах нь буй уу?” хэмээв.
Жансун тэр хүнийг үзвээс хөмсөг зузаан, нүд нарийн, зүс цагаан, чанар ихэмсэг. Түүний овог нэрийг асууваас Тай Юй түшмэл Янбяогийн хөвгүүн Янсю, өргөсөн нэр Дөзү, өдгөө Чансангийн үүдний хүү, санг барьсан Жүбү түшмэл болж амуй. Энэ хүн олонтоо сурсан бөгөөд үгэнд урлаг, мэдэл ухаан хүнээс нэн хэтийдмүй. Жансун Янсюг хэлмэрч ард хэмээн мэдээд, мохоосугай хэмээх сэтгэл буй, Янсю угаас эрдэмдээ эрэмшиж дэлхий дахины эрдэмтнийг доромжлон үзэх бөлгөө. Тэр цаг Жансунгийн үгс өргөстэйг сонсож, даруй гадаад бичгийн гэрт аваачиж, зочин гэрийн эзний ёсоор суулгаж Жансунгийн зүг өгүүлрүүн: “Шу газрын зам муруй сарий, холоос ирсэнд зовсон болой”. Жансун өгүүлрүүн: “Эзний захиаг хүлээсэн тул хэдий буцлам усанд орж, хөгжсөн галд гишгэвч ямар аймшиггүй маргамуй!”. Янсю асууруун: “Шу газрын зан ааль ямар буй?”. Жансун өчрүүн: “Шу газрыг болбоос Сычуань, эртний нэрийг Ижоу болой. Замд Зиньзян мөрний хавцал буй бөгөөд Зяньгөгийн сүрлэгтэй бэрх. Урагш хойш хоёр зуу бөгөөд найман өртөө, хөндлөн гулд гурван түмэн газар илүү буй. Тахиа дуугарах, нохой хуцах дуу нь харилцан сонсогдож, тариа тарих худалдаа хийх хүн тасрахгүй. Газар тариалан сайн, жил бүр үер гангийн зовлонгүй. Улс баян, иргэн элбэг, цаг ямагт хөгжим цэнгэл буй. Гаргасан эд газрын гаралтыг уул мэт овоолжээ. Дэлхий дахины алив газар хэмээн хүрэхгүй болой”. Янсю бас асууруун: “Шу газрын хүн ард ямар буй?”. Жансун өгүүлрүүн: “Бичгийн утга Сянрү354-д тэнцмүй. Цэрэгт Фүбөгийн эрдэм буй. Эмчлэх нь Жунзингийн355 мэт чадал аж, төлөг үзэх нь Зюньпингийн356 мэт голч баймуй. Есөн урсгал, гурван суртал олноос хэтэрхий, зэргээс хэтэрснийг тоолж баршгүй”. Янсю бас асууруун: “Өдгөө Лю Зи Юйгийн357 дор гүнгийн мэтэс нь хэдий буй”. Жансун өчрүүн: “Бичиг, цэргийн эрдэмд бүрэн төгсч, мэргэн баатрыг бүртгэн, шударга журамтай хуур шүүр ардыг хөдөлгөвөөс зуугаар тоолж, Жансун миний адил ардыг тэргэнд тээж, суулгаар хэмнэж тэмдэглэхэд бэрх!” хэмээсэнд Янсю асууруун: “Гүн ямар тушаалд буй?”. Жансун өчрүүн: “Дураар Безя түшмэл болж, миний хэр дү маш тэнцэхгүй. Аюулгүй асуусуй: “Гүн та харин хаан төрийн ямар тушаалд амуй?”. Янсю өгүүлрүүн: “Чансангийн яамны данс хадгалагч болж амуй”. Жансун өгүүлрүүн: “Сонсвоос гэгээн гүн үе улиран тэргүүлсэн сайд байсан атал юунд төрийн хэрэгт зүтгэж тэнгэрийн хөвгүүнд туслахгүй биеийг доромжилж, Чансангийн яамны өчүүхэн түшмэл болох аж”.
354 Сыма Сянрү гэгч бол баруун Хань улсын зохиолч.
355 Нэр Жан Зи, өргөсөн нэр Жунзин. Зүүн Хань улсын үеийн анагаах ухааны алдарт эрдэмтэн.
356 Нэр Ян Зюньпин баруун Хань улсын үеийн төлөгч хүмүүн.
357 Сычуаньгийн захирагч Люжангийн өргөсөн нэр
Янсю үгийг сонсч, нүүр дүүрэн ичгүүр төрж, хатуужин өчрүүн: “Би хэдий дорд зэрэгт байвч Чансан цэргийн амуу цалинг хариуцуулаад, өглөө үдэш Чансангийн сургаалыг олонтоо хүртсэн бөгөөд туйлаар дэлгэрүүлсэнд тийнхүү энэ тушаалыг хүлээсэн болой” хэмээхэд Жансун инээж өгүүлрүүн: “Би сонсвоос Цао Чансан бичгийн тал дээр Күнз, Мэнзийн ёсыг мэдэхгүй бөгөөд цэрэгт болбоос Сүнз, Үзыгийн тухайг нэвтэрсэнгүй. Тусгайлан хүчирхгээр эзэрхэн их оронд суусан тул яахин сурган хүмүүжүүлж, гэгээн гүнг дэлгэрүүлэн чадах аж”. Янсю өгүүлрүүн: “Гүн хязгаарын газарт сууж, хэрхин Чансангийн их эрдмийг олж мэдмүй? Би шалгаж гүн таниар үзүүлсүгэй!” хэмээгээд доорхи ардыг дуудаж авдрын дотроос нэгэн бичиг гаргаж Жансунд үзүүлэв. Жансун авч цоодсыг358 үзвээс “Мөндөгийн шинэ бичиг” хэмээмүй. Эхнээс адагт хүртэл нэгэн удаа үзвээс бүгд арван гурван бүлэг. Цөм цэрэг хэрэглэхийн чухал арга болой. Жансун үзэж дуусаад Янсюгийн зүг асууруун: ‘Гүн энэ бичгийг ямар бичиг хэмээмүй”.
358 Гарчиг
Янсю өгүүлрүүн: “Энэ нь Чансангийн эртэд нийлүүлэн, өдгөөд адилтгаж “ Сүнзийн арван гурван бүлэг бичиг”-ийг дуурайж зохиосон нь болой. Гүн чи Чансанг эрдэмгүй хэмээн дарласан нь хойч үед уламжилж болох бус уу?”. Жансун ихэд инээж өгүүлрүүн: “Энэ бичгийг манай Шу газрын бага хүүхэд цөм цээжилсэн болой юунд “Шинэ бичиг” хэмээмүй. Энэ нь байлдаант улсын цагт нэгэн нэргүй хүний бичсэн нь болой. Чансан хулган авч өөрийн чадал болгожээ. Гагц эрхэм таныг хуурваас болох буй за!”. Янсю өгүүлрүүн: “Энэ нь Чансангийн нягт хадгалсан бичиг бөгөөд хэдий бичиж төгссөн боловч ертөнцөд уламжлаагүй атал гүн харин шу газрын бага хүүхэд цөм ус урсах мэт уншиж чадмуй хэмээх нь хэрхэн энэ мэт мэхэлмүй?”. Жансун өгүүлрүүн: “Гүн итгэхгүй бөгөөс би цээжээр уншсугай” хэмээгээд даруй “Мөндөгийн шинэ бичиг”-ийг эхнээс адагт хүртэл их дуугаар нэгэн зэрэг уншсанд нэгэн үсэг хэмээн ташаарсан газаргүй. Янсю ихэд гэлмэж өгүүлрүүн: “Гүн нүдээр өнгөрвөөс умартахгүй, үнэхээр дэлхий дахины сонин эрдэмтэн болой!” хэмээв. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Байдал дүр сонин жигтэй боловч
Биеийн төлөв аруухан хүний шинжтэй
Үг яриа гурван хавцлын ус мэт
Үзэх нүд арван мөр үсгийг уншмуй
Зориг цөс баруун Шу газарт охь болох бөгөөд
Зохиол уянга дээд огторгуйг товчилмуй
Зуун гэрийн олон эрдэмтний зохиолыг
Нэгэнтээ үзвээс үлдээлгүй цээжилмүй”
Тэр өдөр Жансун даруй салж буцсугай хэмээтэл Янсю өгүүлрүүн: “Гүн түр буудалласан гэрт гэгтүн! Би Чансанд хэлж чамайг хаанд учруулъя” хэмээсэн хойно Жансун тал өгч буудалдаа эгэв. Янсю орж Цаоцаод золгож өгүүлрүүн: “Мөнөөхөн Чансан юунд Жансуныг осолдмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Үг өгүүлэл хөнгөмсөггүй тул осол аваачсан болой”. Янсю өгүүлрүүн: “Чансан хэдий Нихэнг харин ч агуулж, эдүгээ Жансуныг юунд хураан авахгүй аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Нихэнгийн бичгийн эрдэм энэ үед алдаршсан тул би алж төвдсөнгүй. Жансунд ямар эрдэм буй?”. Янсю өгүүлрүүн: “Түр битгий шүүмжил, түүний ам мөрний ус урсах мэт, ялган хэлэх нь огт торохгүй. Мөнөөхөн Чансангийн бичсэн “Мөндөгийн шинэ бичиг”-ийг үзүүлбээс тэр нэгэн зэрэг үзээд даруй ойлж уншин гаргамуй. Энэ мэт олон сонсож, ихэд ойсон нь ертөнцөд цөөн бөлгөө. Жансун бас энэ бичгийг “Байлдаанч улсын цагт нэгэн нэргүй хүний зохиосон нь бөгөөд Шу газрын бага хүүхэд цөм боловсронгуй цээжилжээ” хэмээлмүй. Цаоцао өгүүлрүүн: “Харин эртний хүн миний санаа лүгээ битүүгээр нийлсэн нь буюу?” хэмээгээд тэр бичгийг урж галд цохиулав. Янсю өгүүлрүүн: “Энэ хүнийг хаанд бараалхуулан, их улсын байдал дүрмийг үзүүлбээс зохимуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Маргааш би баруун талбарт цэрэг байцаах тул чи түүнийг дагуулан миний цэргийн сүр байдал хөгжилтэйг үзүүлж, түүнийг шу газарт одоод уламжлан хэлүүлтүгэй! Би мөрний өмнийг авсан хойно даруй Сычуанийг авахаар очмуй!” хэмээсэнд Янсю захиаг хүлээн эгэв.
Тэндээс дэд өдөр Жансуныг дагуулан баруун талбарт хүрвээс Цаоцао “Барсын сүрт хамгаалагч цэрэг” таван түмийг талбарт жагсаав. Үнэхээр хуяг дуулгаас гэрэл цацран, дээл хувцас гялбалзаад, хэнгэрэг харангын дуунд тэнгэр газар түрхэрч зэр зэвсэг нарыг халхалмуй. Дөрвөн зүг найман зовхис тус тусдаа анги хуваан зэрэгцээд, туг далбаа дэрвэлзэж хүн морь огторгуйд дэгдэх мэт. Жансун хялайж үзээд удсан хойно Цаоцао Жансуныг дуудаж хуруугаар заагаад өгүүлрүүн: “Танай Сычуаньгийн газарт энэ мэт баатар хүчит цэргийг үзэв үү?”. Жансун өгүүлрүүн: “Манай Шу газарт энэ мэт цэргийг үзсэнгүй. Гагц өршөөл журмаар хүн ардыг засмуй” хэмээсэнд Цаоцао царай хувилж үзвээс Жансун огт айх царайгүй. Янсю дахин давтан Жансуныг нүдээрээ дохив. Цаоцао Жансунгийн зүг өгүүлрүүн: “Би дэлхий дахины хулгана мэт ардыг өвс суйх мэт үзэх бөлгөө. Их цэрэг хүрсэн газар байлдваас үл дийлэх нь үгүй. Хотыг сундлаваас үл олох нь үгүй. Надад дагасан нь амьдарч, надаас сөрсөн нь үхдэг гэдгийг чи мэдмүй үү?”. Жансун өгүүлрүүн: “Чансангийн цэрэг хүрсэн газар байлдваас эрхгүй дийлж хотыг сундлаваас лав эзлэхийг Жансун би угаас мэдмүй. Эрт өдөр Пү Янгийн газарт Люйбүг байлдсан цаг, Ваньчөн хотод Жансюг дайлсан өдөр, Улаан хавцалд Жоулантай учирч, Хуарун Даогийн замд Гуань гүн лүгээ уулзаад, Тунгуань боомтод сахлыг огтолж дээлийг гээж, Вэйшүй усанд онгоц булаан заваас зайлсан зэрэг чинь цөм дэлхий дахинд дайсан үгүй нь болой!”. Цаоцао ихэд хилэгнэж: “Өчүүхэн бичигч ямар аймшиггүй миний алдагдлыг тоочмуй!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг дуудан “Гараж ал!” хэмээхүйд Янсю яаран хориглож өгүүлрүүн: “Жансунг хэдий албаас зохимуй хэмээвч хэрхсү. Шу газраас алба барихаар ирсэн тул хэрвээ албал холын хүний сэтгэлийг алдахад хүрүүлэхээс аймуй” хэмээвээс Цаоцаогийн уур бас тавираагүйд Сюнь Юй бас хориглож өгүүлсэнд Цаоцао сая үхэхээс хэлтрүүлж “Туйвандаж гарга!” хэмээв.
Тэндээс Жансун буудалласан гэртээ эгээд шөнө дөлөөр хотоос гарч дотроо санаруун: “Би үнэндээ Сычуаньгийн муж хошууг Цаоцаод өргөсүгэй хэмээн ирсэн бөлгөө. Тэр энэ мэт хүнийг осолдохыг хэн санахав. Би нааш ирэх үедээ Люжангийн өмнө бардамнаж хэлсэн бөгөөд өдгөө хоосон эгвээс эрхгүй шу газрын хүнд элэглэгдмүй. Би санаваас Зинжоу мужийн Лю Сюаньдө өршөөл журамтай хэмээн хэдийн хол ойрд ихэд алдаршжээ. Харин шууд тэр замыг дайран одож энэ хүн ямар хэртэйг тэнсэж үзсүгэй! Надад голчилсон санаа буй” хэмээгээд даруй дагах ардыг авч Зинжоу мужийн хязгаарт хүрээд гэнэт үзвээс нэгэн багийн цэрэг морь таван зуу илүү буй. Тэргүүлсэн нэгэн их жанжин хөнгөн зөөлнийг өмссөж гавшгайлан өмнө ирж асууруун: “Ирэх нь Жан Безя бус уу?”. Жансун өчрүүн: “Мөн болой”. Тэр жанжин яаран мориноос бууж ёслоод өгүүлрүүн: “Жао Юнь хүлээж удав”. Жансун бас мориноос бууж ёс хариулан өгүүлрүүн: “Та Чаншань уулын Жао Зылун буюу?” хэмээн асуув. Жао Юнь өгүүлрүүн: “Мөн бөлгөө. Би миний эзэн Лю Сюаньдөгийн зарлигаар эрхэм таныг хол газраас ирэн зовов хэмээн тусгайлан зарж, архи хүргэж угтан хүндлэсүгэй хэмээн ирэв” хэмээгээд даруй цэргийн ардаар архи махыг сөгтгөн өргүүлж Жао Юнь хичээнгүйлэн барив. Жансун дотроо санаруун “Хүн цөм Сюаньдөг агуу өршөөлөөр зочныг хүндлэмүй хэмээн өгүүлсэн нь үнэхээр аж” хэмээгээд даруй Зылунгийн хамт нэг хэдэн хундага уугаад, хамт явсаар Зинжоу мужийн захад хүрэв. Тэр өдөр нар орой болсон тул өртөө гэрт хүрч үзвээс үүдний гадна зуу илүү хүн жигүүрт зогсон хэнгэрэг дэлдэн угтмуй. Бас нэгэн их жанжин морины өмнө ирээд ёслон өгүүлрүүн: “Ахын захиаг хүлээж, Дайпүг хол замаас салхи тоосонд зовж ирэв хэмээн Гуань Юй намайг зарж өртөөний гэрийг цэвэрлэтүгэй хэмээн илгээв”. Жансун мориноос бууж Юньчан, Зылун хоёр лугаа өртөөний гэрт орж ёсолж дууссан хойно хуримын ширээ бэлдэж хоёул дахин давтан архи шахамдаж уулцсаар нэгэн жингийн үест сая зогсож унтав.
Тэндээс дэд өдөр өглөөний будаа идээд морь унаж гурав дөрвөн газар явсангүй нэгэн багийн хүн морь ирмүй. Үзвээс харин Сюаньдө, Волун, фөнчу нарыг дагуулан биеэр угтахаар ирсэн ажгуу. Холоос Жансунг үзээд цөм мориноос буун хүлээжээ. Жансун бас яаран мориноос буугаад ёслон золгосон хойно Сюаньдө өгүүлрүүн: “Дайфүгийн алдрыг сонсоод аянга чихэнд цутгасан мэт. Гагцхүү уул гол халхлагдаж зам хол тул эрхэм сургаалыг тань олж сонссонгүй. Өдгөө Сюйдүгөөс эгэхийг сонсоод тусгайлан угтахаар ирэв. Хэрэв гээхгүй болбоос өчүүхэн мужид бууж түр зуур биеийг амуулж хэдийнээ мөрөөдсөн санааг гүйцээвээс түмэн завшаан тэр болой!” хэмээсэнд Жансун ихэд баярлаж морь зэрэгцэн явж хотод ороод яамнаа хүрч тус бүр ёсолсны дараа зочин гэрийн эзний ёсоор суулцав. Удалгүй хурим бэлтгэж хуримлан уулцахад Сюаньдө гагц сул үг хэлэлцэж Сычуаньгийн хэргийг огт дурьдсангүйд Жансун үгээр тэнсэж өгүүлрүүн: “Хааны авгад Зинжоуг сахиад хэдэн хошуугийн газар буй?” хэмээтэл Кунмин өчрүүн: “Зинжоу муж болбоос зүүн Ү улсаас түр зээлсэн газар тул удаа бүр хүн зарж эгүүлэн авсугай хэмээмүй. Өдгөө манай эзэн зүүн Ү улсын хүргэн болсон тул түр энд бие оршин суужээ” гэв. Жансун өгүүлрүүн: “Зүүн Ү улс зургаан муж, наян нэгэн хошууг эзлээд улс баян, иргэн хүчирхэг атал бас ханахгүй үү?”. Пантун өгүүлрүүн: “Миний эзэн гүн, Хань хааны авга бөгөөтөл харин ч муж, хошууны газрыг эзэлж чадахгүй. Тэдэн цөм, Хань улсын хулгай бөгөөд хэтрэх газар орныг эзэрхэн авсан тул энэ мэргэд эрдэмтний санаанд төвдөхгүй нь болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр гүн дэмий битгий өгүүлэгтүн. Надад ямар эрдэм буй хэмээн аюулгүй арвиныг эрмэлзмүй”. Жансун өгүүлрүүн: “Тийм бус. Гэгээн гүн болбоос Хань хааны угсаа төрөл бөгөөд өршөөл журам дөрвөн далайд алдаршсан тул муж хошууны газрыг эзлэх байтугай даруй хааныг төлөөлөн дэлхий дахиныг нэгтгэж сууринд суувч мөнхүү хувиас өнгөрсөн газар бус”. Сюаньдө бие мэхийж тал хийж өгүүлрүүн: “Гүнгийн өгүүлсэн нь хэтэрчээ. Любэй би ямар аймшиггүй хүлээн авмуй!” хэмээв.
Түүнээс залгалдаагаар гурван өдөр хуримлаж суутал огт Сычуаньгийн үйлийг хэлэлцсэнгүй. Жансун салж одоход Сюаньдө арван газрын чанад дахь Чантинд хурим бэлтгэж үдээд Сюаньдө архины хундагыг өргөж Жансунд бариад өгүүлрүүн: “Дайфү намайг гээхгүй гурван өдөр сууж хэлэлцэв. Энэ өдөр салбаас жич хэзээ олж, сургахыг сонсмуй” хэмээгээд нулимс унагасанд Жансун дотроо сэтгэрүүн: “Сюаньдө энэ мэт агуу өршөөлөөр мэргэдийг хүндэлж байхад хэрхин тэвчиж төвдмүй? Сычуанийг авуулахад хүрэхгүй” хэмээгээд өгүүлрүүн: “Жансун би мөнхүү өглөө үдэш үйлчилсүгэй хэмээн санавч гагц тухайг олохгүйд хорсмуй. Жансун би Зинжоу мужийг үзэхүйд зүүнд Сүньцуань барс мэт харан сууж умардад Цаоцао загас адил залгисугай хэмээн ахуу тул энэ газарт удтал сууж болох нь бус!”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ мэтийг мэдэвч гагц амар тунгалгаар суух газаргүйг яанам?”. Жансун өгүүлрүүн: “Ижоу мужийн газар бат бэх, уудам тал мянган газар буй бөгөөд улс баян иргэн хүчтэй, мэргэн чадалтай хүн бүхэн хэдийнээ хааны авгын эрдэмд бахдаж амуй. Хэрэв Зинжоу мужийн олныг авч баруунш чиглэн орвоос вангийн төрийг бүтээж болох бөгөөд Хань улсыг мандуулмуй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би ямар аймшиггүй ийм явмуй? Лю Ижоу хэмээх бас ч Хань улсын хааны төрөл угсаа бөгөөд шугийн газарт хишиг шимийг тархааж удсан тул бусад хүн хэрхин хөдөлгөж чадах аж?”. Жансун өгүүлрүүн: “Би эзнээ худалдаж эрхмийг эрэх нь бус.
Эдүгэ гэгээн гүнд учирснаар ямар аймшиггүй элэг цөсийг гаргаж, эс хэлмүй! Лю Зи Юй359 хэдий Ижоу мужийн газарт буй хэмээвч зан чанар харанхуй буурай, эрдэмтэнд түшиж мэргэдийг хэрэглэн чадахгүйн дээр бас Жанлү хойдод байгаад цаг мөч бүр “Халдсугай!” хэмээхэд хүний сэтгэл сарниж салаад гэгээн эзнийг олсугай хэмээн санамуй. Жансун би энэ удаад явсан нь тусгайлан Цаоцаод алба өргөсүгэй хэмээсэн бөлгөө. Харин тэр тэрслүү хулгай зальхай баатартаа эрдэж мэргэдийг оморхоглон осолдоход тусгайлан гэгээн гүнд ирж золгосон бөлгөө. Гэгээн гүн урьдаар Сычуанийг авч үндэс болгоод хойно умардын Ханьжунийг хичээж дараагаар Жун Юаньгийн газрыг авч хаанд тусалбаас их нэрийг судар бичигт үлдээгээд гавьяа ихэд бүтэх болой. Гэгээн гүн үнэхээр Сычуанийг авах санаа буй болбоос Жансун би нохой морины хүчийг гаргаж дотуураар туслахыг хүсэж байна. Эрхмийн санаа чухам ямрыг мэдэхгүй?” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Любэй хэдий авгайн сайхан сэтгэлд талархавч Лю Зи Юй болбоос Любэй лүгээ адил угсаа тул хэрвээ байлдваас дэлхий дахины хүн хараагуузай хэмээн эмээх болой”. Жансун өгүүлрүүн: “Эр хүн ертөнцөд төрөөд хүчилж гавьяа байгуулан хөрөнгө босговоос зохимуй. Ташуурдан урагшлаж энэ тухайд авахгүй бөгөөс бус хүнд автагдсан хойно гэмшивч гүйцэхгүй болуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би сонсвоос шу газрын зам мурий сарий, мянган уул түмэн ус залгалдаад замд тэрэгний мөөр багтахгүй бөгөөд морь зэрэгцэж чадахгүй хэмээх тул хэдий авсугай хэмээвч сайн арга олохгүйг яанам?” хэмээхэд Жансун даруй ханцуйн дотроос нэгэн зургийг гаргаж Сюаньдөд өгч өгүүлрүүн: “Жансун би гэгээн гүнгийн эрдэмд гэсэгдэж, энэ газар орны зургийг өргөсүгэй.
359 Люжангийн өргөсөн нэр
Энэ зургийг үзвээс даруй Шу газрын замыг мэдэж болмуй” хэмээсэнд Сюаньдө дэлгэж үзвээс түүнд бичсэн нь газар орны өртөө, зам харгуйн хол ойр, уудам цухал болоод уул гол, бэрх хавцал, гуу сан, амуу цалингийн тоог нэгд нэггүй тодорхой бичжээ. Жансун өгүүлрүүн: “гэгээн гүн даруйхан хичээгтүн! Жансун надад сэтгэл зүрхний мэт хоёр нөхөр буй. Нэр нь Фажөн, Мөнда. Тэр хоёр хүн тусалж чадмуой. Хэрвээ хоёул Зинжоу мужид ирвээс сэтгэлийн доторх үйлийг тэдэн лүгээ зөвлөж болмуй” хэмээсэнд Сюаньдө гар хамтатган ёслоод талархаж өгүүлрүүн: “Хөх уул өтлөхгүй, ногоон ус уртад урсмуй, хожмын өдөр их хэрэг бүтвээс эрхгүй хүндээр хариулсугай!” хэмээжээ. Жансун өгүүлрүүн: “Жансун би өршөөл журамт эзэнд учирсанд яахин санааг дуусган хэлэхгүй болж болмуй. Ямар аймшиггүй хариулахыг санах аж?” хэмээгээд салж одоход Кунмин Юньчангаар хэдэн арван газар гартал хүргүүлэв.
Тэндээс Жансун Ижоу мужид эгээд урьдын нөхөр Фажөн лугаа учрав. Фажөнгийн өргөсөн нэр Сяожи, баруун Пү Фөн мужийн хүн, мэргэн сайд Фажэньгийн хөвгүүн. Жансун Фажөнд золгоод: “Цаоцао оморхог бардам тул эрдэмтнийг хөнгөлмүй. Гагц зовлонд хамтадваас болохоос бус жаргалыг хамтатгаж болохгүй. Би нэгэнтээ Ижоу газрыг Лю Сюаньдөд амалдав. Тиймийн тулд тусгайлан ах лугаа зөвлөсүгэй!” хэмээсэнд Фажөн өгүүлрүүн: “Би Люжан чадалгүйг мэдээд Лю хааны авгад уулзсугай хэмээн санаж удав. Бид хоёулын санаа нэгэн адил тул юуны сэжиглэх явдал буй”. Удалгүй Мөнда хүрч ирэв. Мөндагийн өргөсөн нэр Зыцинь, Фажөн лүгээ нэгэн гацааны хүн. Мөнда орж золговоос Фажөн Жансун лугаа нууц үг хэлэлцэж буй. Мөнда өгүүлрүүн: “Би нэгэнтээ хоёр хүний санааг мэдэв. Ижоу мужийг бусдад өргөсүгэй хэмээх бус уу?”. Жансун өгүүлрүүн: “Мөн тийм болсугай. Чиний бодож үз, хэнд өргөсүгэй хэмээж аймуй?”. Мөнда өгүүлрүүн: “Сюаньдөгөөс бусдад болохгүй!” хэмээгээд гурвуул алга ташиж ихэд инээлцэв. Фажөн Жансунд өгүүлрүүн: “Ах маргааш өдөр Люжанд золговоос яасугай” хэмээмүй. Жансун өгүүлрүүн: “Би хоёр гүнг гаргаж элч болгон Зинжоу мужид илгээсүгэй!” хэмээсэнд хоёул хүлээн авав.
Тэндээс дэд өдөр Жансун Люжанд золгосон хойно Люжан асууруун: “Чи одсон хэрэг хааш болов?”. Жансун өгүүлрүүн: “Цаоцао хэмээх Хань улсын хулгай дэлхий дахиныг булаасугай хэмээж буй тул хэлэлцэж болсонгүй. Түүнд бас Сычуанийг авсугай хэмээх санаа буй”. Люжан өгүүлрүүн: “Тийм болбоос хэрхвээс сайн?” хэмээсэнд Жансун өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй, Цаоцао, Жанлү цөм Сычуанийг халдаж чадахгүй” хэмээсэнд Люжан асууруун: “Ямар арга?”. Жансун өгүүлрүүн: “Зинжоу мужид Лю хааны авга, эзэн гүн лүгээ нэгэн угсаа бөгөөд өршөөл уудам зузаан их хүмүүний дүр байдал буй. Улаан хавцалд зууралдан байлдсан хойно Цаоцао сонсоод зүрх цөс хэмхрэв. Нэндээ Жанлүг яахан өгүүлнэм. Эдүгэ эзэн гүн элч зарж, нөхөрлөн гадаадыг туслуулсанд Цаоцао, Жанлүг халхалж болмуй”. Люжан өгүүлрүүн: “Би бас ийм сэтгэлийг барьж удав. Хэнийг элч болгож илгээмүй?”. Жансун өгүүлрүүн: “Фажөн, Мөндагаас бусад очиж болохгүй” хэмээв.
Люжан даруй хоёулыг дуудан нэгэн бичиг хийж, урьдаар Фажөнийг илгээж нөхөрлөсөн хойно, Мөндаг таван мянган шилсэн цэрэг авч Сюаньдөг угтаж Сычуаньд ирүүлэн туслуултугай хэмээн хараахан зөвлөж байхад, нэгэн хүн гэнэт гаднаас орж ирээд нүүр дүүрэн хөлс урсгаж, өндөр дуугаар өгүүлрүүн: “Эзэн гүн хэрвээ Жансунгийн үгийг дагаваас дөчин нэгэн муж хошуу бусад хүний хамаатай болмуй”. Жансун сонсож ихэд цочоод тэр хүнийг үзвээс силангийн Жүнба газрын хүн, овог Хуан нэр Цуань, өргөсөн нэр Гунхөн, Люжангийн яамны данс хадгалагч түшмэл болж буй. Люжан өгүүлрүүн: “Сюаньдө над лугаа төрөл болох тул би нийлж өмгөөлүүлсүгэй хэмээмүй. Чи юунд энэ үг гармуй?”. Хуанцюань өгүүлрүүн: “Би ер Любэйгийн хүнийг мэдмүй. Тэр хүн уудам сэтгэлээр хүнийг хүндэлж зөөлнөөр хатууг ялгуумуй. Түүний аруухан баатар, мэргэнд тэнцэх хүн үгүй. Холд хүний сэтгэлийг авч, ойрд иргэний эрмэлзлэлийг олжээ. Жич Жүгө Лян, Пантунгийн арга бодлого байж, Гуань, Жан, Жао Юнь, Хуанжун, Вэй Янь зэргийн хүн жигүүрт байх тул хэрвээ шу газарт урьж ирээд харьяат болгон аваачваас Любэй хэрхин дорд болон явах аж. Хэрэв зочны ёсоор хүндлэвээс бас нэгэн улсад хоёр эзнийг агуулж болохгүй. Өдгөө сайд миний үгийг сонсвоос Сычуаньгийн газар Тай Шань уул мэт амар болмуй. Авахгүй болбоос эзэн гүнд өндөг цогцлох адил зовлон буй. Жансун урьд Зинжоу мужийг дайран ирэхэд эрхгүй Любэй лүгээ зөвлөн нийлсэн бөлгөө. Урьдаар Жансунг алж, хойно Любэйг тэвчвээс Сычуань газрын түмэн завшаан болой”. Люжан өгүүлрүүн: “Цаоцао, Жанлү нар хүрч ирвээс юугаар халхалмуй”. Хуанцуань өгүүлрүүн: “Хавцал амыг тасалж зах хязгаарыг бөглөөд гүн гуу, өндөр хэрэм цогцлоогоод дэлхий дахины энх төвшин болохыг хүлээхэд хүрэхгүй”. Люжан өгүүлрүүн: “Хулгайн цэрэг хязгаарт тулж ирээд, хөмсөг хуйхлагдах адил цухал атал дэлхий дахины энхийг хүлээмүй хэмээгч энэ осолдуулах арга болой” хэмээгээд үгийг авсангүй. Фажөнийг илгээсүгэй хэмээхэд бас нэгэн хүн хориглож өгүүлрүүн: “Болохгүй!” хэмээжээ. Люжан үзвээс цацрын өмнөх Цунши түшмэл Ванлэй бөлгөө. Ванлэй мөргөж өгүүлрүүн: “Эзэн гүн Жансунгийн үгийг сонсвоос биедээ зовлонг эрэх нь болой”. Люжан өгүүлрүүн: “Тийм бус. Би Лю Сюаньдө лүгээ найрлах нь үнэндээ Жанлүг халхласугай хэмээсэн болой”. Ванлэй өгүүлрүүн: “Жанлүгийн зах хязгаарыг халдах нь хамуугийн адил өвчин. Любэйг Сычуаньд оруулах нь сэтгэл зүрхний зовлон болой. Нэндээ Любэй энэ үеийн баатар, урьд Цаоцаог үйлчлэхэд “Даруй алсугай!” хэмээх сэтгэлийг барьсан бөлгөө. Хойно Сүньцуанийг дагаж даруй Зинжоуг булаав. Сэтгэл нь ийм тул яахин хамт сууж болмуй? Эдүгэ хэрэв урьж ирвээс Сычуань газрыг автах болой!”. Люжан зандарч өгүүлрүүн: “Жич дэмий битгий хэлэлцэгтүн! Сюаньдө миний угсаа төрөл тул юунд миний үндсэн хөрөнгийг булаамуй?” хэмээгээд даруй хүнээр хоёулыг түшиж гаргаад даруй Фажөнийг илгээв.
Тэндээс Фажөн Ижоугаас салаад шууд Зинжоу мужид хүрч Сюаньдөд золгож мөргөсөн хойно бичгийг өргөв. Сюаньдө бичгийг нээж үзвээс бичигт өгүүлсэн нь: “Төрлийн дүү Люжан дахин давтан ёсолж жанжин ах Сюаньдөгийн тугийн дор бичиг өргөв. Цахилгаан цахисан мэт нэрийг тань сонсож удсан боловч, Шу газрын зам мурий сарий тул алба барьж завдсангүйдээ ихэд ичингүүрмүй. Люжан би сонсвоос сайн мууд харилцан тэтгэж, зовлон бэрхэд харилцан туслах нь нөхөр ханийн ёсон байдаг бөгөөтөл угсаа төрлийг юу өгүүлэх аж! Өдгөө Жанлү умард аж, өглөө үдэш цэрэглэн зах хязгаарыг халдахаар ирмүй хэмээн маш санаа амаргүй тул тусгайлан хүн зарж бичиг өргөснийг тогтоон аваачихыг гуймуу. Хэрэв төрөл угсааны сэтгэлгээг бодож, ах дүүгийн журмыг санаваас даруй цэрэглэн ирээд самуун хулгайг хядан арилгаж, үүрд уруул шүдний адил ханилах болхул, эрхгүй ачид, хүндэд хариулмуй. Бичигт үгийг дуусган чадахгүй, тусгайлан тэрэг морийг хүлээмүй!” хэмээжээ.
Сюаньдө бичгийг үзэж дуусаад ихэд баярлаж хурим бэлтгэн Фажөн лугаа найрлаад архи хэдэнтээ тойрсон хойно Сюаньдө зүүн баруун этгээдийн ардыг зайлуулж нууцаар Фажөнгийн зүг өгүүлрүүн: “Хэдийнээс Сяожигийн алдрыг сонссон бөгөөд Жан Безя360 эрхмийн эрдмийг олонтоо өгүүлсэн бөлгөө. Өдгөө сургаалыг олж сонсоход хүрсэн нь миний энгийн саналыг ихэд амуулав”. Фажөн харамж өгч өгүүлрүүн: “Шу газрын бага түшмэлийг юун хэмээн тоочмуй! Эртний хүний өгүүлсэн нь “морь болөд учирваас янцгаамуй. Хүн сэтгэл нийлэгсдэд уулзваас үхмүй” хэмээмүй. Жан Безягийн эрт өдрийн өгүүлсэн үгсэд жанжин бас өөр санал буй уу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй гагц бие зочны адил аялан суухад үргэлж гасалж үл шүүрс алдах нь үгүй. Ердөө уран шувуу харин ч нэгэн салаанд орших бөгөөд хуйхар туулайд харин ч гурван эл буй атал нэндээ хүмүүнийг юун өгүүлнэм. Шу газар баян элбэг орон бөгөөтөл харин хүсэхгүй ёс буюу. Гагц Лю Зи Юй болбоос Любэй миний нэгэн угсаа тул авч төвдөхгүйн учир болой”. Фажөн өгүүлрүүн: “Ижоу болбоос тэнгэрийн ордон мэт улс тул самууныг засах эзэн бус болбоос эзэлж болохгүй. Эдүгэ Лю Зи Юй мэргэд сайдыг хэрэглэж чадахгүй тул энэ хөрөнгө удалгүй бусад хүнд хамаатагдмуй. Эдүгэ тэр өөрөө жанжинд өгсөн тул энэ тухайг алдваас үл болмуй. “Туулайг үлдвээс урагш олмуй” хэмээсэн өгүүллийг сонссонгүй үү? Хэрвээ жанжин авсугай хэмээвээс би үхэн тусалсугай!” хэмээсэнд Сюаньдө гар өргөн тал өгч өгүүлрүүн: “Алгуур зөвдсүгэй!” хэмээжээ.
360 Жансунгийн хэргэм,
Тэр өдөр хурим тархсан хойно Кунмин биеэр Фажөнг буудаллах яаманд хүргэж одов. Сюаньдө гагцаар бодон суун бүхийд Пантун орж өгүүлрүүн: “Үйлийг тасалваас зохихыг эс таслах нь мунхаг хүн хэмээжээ. Эзэн гүн мэргэн гэгээн хүн атал юунд ийм олонтоо сэжиглэмүй?”. Сюаньдө асуун өгүүлрүүн: “Гүнгийн санаагаар болбоос яавал зохимуй?”. Пантун өгүүлрүүн: “Зинжоу мужийн зүүнд Сүньцуань байж умард Цаоцао буй тул санааны зорилтыг олоход бэрх. Ижоу мужийн өрх ам зуун түм буй бөгөөд газар уудам, эд элбэг, их төрд бүтээвээс болмуй. Эдүгэ завшаанаар Жансун, Фажөн “Дотуураар тусалмуй!” хэмээх нь энэ тэнгэрийн хүртээсэн нь болой. Юунд сэжиглэмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Өнөө над лугаа ус галын адил өшөө барьсан нь Цаоцао болой. Цаоцао шахар болбоос би алгуур болж, Цаоцао догшин болбоос би өршөөлөөр явуулан, Цаоцао зусар болбоос би шударга болмуй. Цаоцао лугаа мөчөөрхөх бүр хэрэг эрхгүй бүтмүй. Хэрэв бага ашгийн учир дэлхий дахинд бат журмыг алдахыг би үйлдэхгүй бөлгөө”. Пантун инээж өгүүлрүүн: “Эзэн гүнгийн үг мөн, хэдий тэнгэрийн зүйд нийлмүй хэмээвч хэрхсүү, самууны тухай цэрэг хэрэглэж, эрэлхэгийг тэмцэлдэх нэгээхэн ёс бус. Хэрэв нэгэн ёсыг барьсанд нэгэн алхам ч явбаас болохгүй. Эрхээр болгож, улируулан явбаас зохимуй. Тэр ч байтугай “Буурайг зайлуулж, харанхуйг байлдаад”, “Сөргүүгээр ирвээс эеэр засах” нь Тан, Үгийн ёс361 болой. Үйл бүтсэн хойно, журмаар хариулан нэгэн их улсад өргөмжилбөөс юунд батыг үтээрэх болой. Энэ өдөр авахгүй болбоос эцэстээ бусад хүнд алдах тул эзэн гүн боловсруулан санаваас зохимуй” хэмээсэнд Сюаньдө сая сэрэгдэж өгүүлрүүн: “Алт, чулуу мэт үгсийг уушиг зүрхэнд тэмдэглэн авбаас зохимуй” хэмээгээд Кунмин нарыг цуглуулж баруунш “Цэрэглэсүгэй!” хэмээн зөвлөхөд Кунмин өгүүлрүүн: “Зинжоу мужийн хүнд чухал газрыг цэрэг хувааж сахиулбаас зохимуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Би Панши Юань, Хуанжун, Вэй Яньгийн хамт урагш Сычуаньд одсугай. Цэргийн багш Гуань Юньчан, Жан Идө, Жао Зылунгийн хамт Зинжоу мужийг сахь!” хэмээвээс Кунмин хүлээн аваад олныг ерөнхийлөн Зинжоу мужийг сахиж Гуань гүнийг Сян Янгийн цухал газарт суулган, Цин Нигийн хавцал амыг сахиулав. Жанфэйгээр дөрвөн муж захиран, мөрнийг цагдуулав. Жао Юнийг Зянлинд буудаллан Гун Ань газрыг сахиулав. Сюаньдө Хуанжуныг өмнө анги болгон Вэй Янийг хойд анги болгоод Сюаньдө өөрийн бие Люфэн, Гуаньпин лугаа дунддад болж Пантуныг цэргийн багш болгоод морьт явган таван түмэн цэргийг авч баруунш мордсугай хэмээхэд гэнэт Ляохуа нэгэн салааны цэрэг аван дагахаар ирэв. Сюаньдө Ляохуаг Юньчанд тусалж Цаоцаог халхласугай хэмээн үлдээв.
361 Тан, Үгийн ёс гэж Шан улсын Тан хаан Ся улсын Зе хааныг устгасан хийгээд Жоу улсын Ү ван, шан улсын Жоу хааныг устгасан явдлыг зааж байна. Зе, Жоу хоёр бол харгис хэрцгий тул устгагджээ гэж үлгэрт байдаг.
Тэр жил арван нэгэн сард цэрэг авч Сычуаньгийн зүг дараа дараагаар орж хэдэн өртөө явсан хойно Мөнда угтан ёсолж Сюаньдөд золгосон хойно хэлрүүн: “Лю мужийн захирагч таван мянган цэрэг авч хол ирж угтмуй” хэмээсэнд Сюаньдө хүн зарж Ижоу мужид илгээн урагш Люжанд хэлүүлсэнд Люжан даруй бичиг тархааж зам гудсын хэдэн балгасаас амуу цалин туслан өг хэмээгээд Люжан Фүчөн хотоос гарч биеэр Сюаньдөг угтмуй хэмээн тэрэг цацар, туг хиур хуяг дуулгыг эрх биш цөм шинээр бэлтгэ хэмээхэд, данс хадгалах түшмэл Хуанцюань яаран ороод хориглож өгүүлрүүн: “Эзэн гүн энэ удаа одвоос эрхгүй Любэйд хорлогдмуй. Би удаан жил пүнлүүг идсэн тул эзэн гүнийг тэр хүний зальхай арганд оруулахад төвдөхгүй. Гурвантаа бодохыг хүсмүй!”. Жансун өгүүлрүүн: “Хуанцюаньгийн энэ үг угсаа төрлийг завсардуулах санаа бөгөөд хулгайн сүр хүчийг мандуулахаас эзэн гүнд үнэн ч тусгүй болой” хэмээсэнд Люжан даруй Хуанцюанийг захиран өгүүлрүүн: “Миний санаа нэгэнтээ тогтсон тул чи юунд намайг сөрмүй!” гэхэд Хуанцюань мөргөсөөр тэргүүнээс цус урсах бөгөөд ойр хүрч Люжангийн хувцсыг зааж хоригловоос Люжан ихэд хилэгнэж дээлийг татан босоход Хуанцюань тавихгүйд үүдэн шүдийг хоёр унагав. Люжан зүүн баруун этгээдийг зандран Хуанцюанийг “Түлхэн гарга!” хэмээвээс Хуанцюань ихэд уйлж эгэв.
Тэндээс Люжан “Мордсугай” гэтэл бас нэгэн хүн бархиран өгүүлрүүн: “Эзэн гүн Хуан Гунхөнгийн362 шударга үгийг сонсохгүй өөрөө үхэх газарт одсугай хэмээнэ үү?!” хэмээгээд яндрын дор хэвтэж хориглов. Люжан үзвээс Зяньнингийн Юй Юань газрын хүн овог Ли, нэр Хүй. Мөргөж, хориглон өгүүлрүүн: “Би сонсвоос “Эзэнд ятгах сайд аж, эцэгт хориглох хөвгүүн буй” хэмээжээ. Хуан Гүнхөнгийн шударга журамт үгийг эрхгүй сонсвоос зохимуй. Хэрвээ Любэйгийн Сычуаньд орохыг багтааваас энэ нь барсыг үүдэнд угтсан мэт болой”. Люжан өгүүлрүүн: “Сюаньдө миний төрлийн ах тул хэрхин намайг хорлож төвдмүй. Дахин өгүүлэгсэдийг эрхгүй алмуй!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг дуудан лихүйг түлхэн гаргав. Жансун өгүүлрүүн: “Өдгөөгийн Шу газрын олон бичгийн түшмэл цөм өөр өөрийн эм хөвгүүдийг хайгуурч, эзэн гүнд хүч гаргаж өгөхгүй. Олон цэргийн түшмэл гавьяанд эрдэж, оморхоглон тус бүр өөр санааг барьжээ. Лю хааны авгад янаглахгүй бөгөөс дайсан гадаадыг байлдаж иргэн дотоодод самуурваас энэ эрхгүй буснихын зам болох болой”. Люжан өгүүлрүүн: “Гүнгийн бодсон нь үнэхээр надад ашиг тустай бөлгөө” хэмээгээд дэд өдөр мордоод Юйцяо хаалгыг гарч одоход хүн ирж хэлрүүн: “Цунши түшмэл Ванлэй өөрийн биеийг дээсээр уяж, хотын хаалганд өлгөөд нэгэн гарт хориглох бичиг барин, нөгөө гарт сэлэм атгаад амандаа: “Хэрвээ хориглохыг дагахгүй болбол өөрөө дээсийг огтолж таслаад газарт унаж үхмүй!” хэмээмүй. Люжан хориглох бичгийг авч ирүүлэн үзвээс бичигт өгүүлсэн нь: “Ижоу мужийн Цунши түшмэл Ванлэй цусаар уйлан мөргөж хориглох нь: Сонсвоос “Сайн эм аманд гашуун боловч эмгэгт тустай. Шударга үг чихэнд сөрөвч боловч явдалд ашиг буй” хэмээжээ. Эрт Чу улсын Хуайван Цюй Юаньгийн үгийг сонсолгүй Үгуань боомтод чуулган нийлээд Цинь улсад хоригджээ. Өнөө эзэн гүн хөнгөнөөр эх хотоос ангижраад, Любэйг Фүчөн хотод угтсугай хэмээх нь гагц очих зам байхаас биш эгэх зам үгүй болов уу хэмээн айнам. Хэрвээ Жансунг зээлд алаад Любэйгийн болзоог тасалваас Шу газрын хөгшин залуусын түмэн хэсэг болох бөгөөд эзэн гүнгийн үндсэн хөрөнгөнд бас ихэд завшаан болох болой!” хэмээжээ.
362 Хуан Цюаньгийн өргөсөн нэр
Люжан үзэж дуусаад хилэгнэж өгүүлрүүн: “Би өршөөлт хүн лүгээ золгох нь цахирмаа цэцэг мэт янаг тул чи юунд хэд хэдэн зэрэг буруушаан хэлмүй!” хэмээсэн хойно Ванлэй өндөр дуугаар нэгэнтээ бархирмагц өөрөө дээсийг огтлоод газарт унаж үхжээ. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Үүд бошигоос уруу дүүжлэгдэж ятгах бичгийг өргөөд
Эрмэлзсэндээ эс хүрсэн ч Люжангийн хишигт хариулав
Хуанцюань шүдээ эмтлэвч эцэстээ Любэйг дагав
Хурц зориг бэх хатуугаар Ванлэйд яахин хүрмүй”
Люжан гурван түмэн цэрэг морийг авч Фүчөн хотын зүг мордоод хойд цэрэгт амуу цалин, торго эдийг нэг мянган илүү тэрэг тээж Сюаньдөг угтахаар ирэв. Тэндээс Сюаньдөгийн өмнөд цэрэг нэгэнтээ Шүзюд хүрч ирээд хүрсэн эл газарт нэгэнд болбоос Сычуаньгийн газраас амуу цалин бэлтгэн өгөх бөгөөд хоёрт бөгөөс Сюаньдөгийн цааз чанга тодорхой хэрвээ нэгэн иргэний юмыг нэг хэмээн дураар авах цэрэг байх аваас даруй алах тул эл хүрсэн газар өчүүхэн ч халдахгүй тул зуун овогт иргэн хүж шатааж, угтах нь замд тасрахгүйд Сюаньдө цөм сайн үгээр тохруулав.
Тэндээс Фажөн нууцаар Пантунд өгүүлрүүн: “Өдгөө Жансунгаас нягт бичиг хүргэж иржээ. Дотор нь Фүчөн хотод золгосон даруй үүсгэвээс их үйл тогтох болой. Энэ тухайг алдаж болохгүй” хэмээжээ. Пантун өгүүлрүүн: “Түр битгий хэлэлцэгтүн. Хоёр Лю уулзсан хойно жич дашрамд хичээсүгэй! Хэрэв урьдаас задруулбаас энэ үйл хувьсах болой” хэмээсэнд Фажөн даруй жич хэлэлцсэнгүй. Фүчөн хот болбоос Чөндү хотоос гурван зуун жаран газар хол буй. Люжан хэдийнээ хүрч ирээд хүн зарж Сюаньдөг угтаад хоёр этгээдийн цэрэг цөм Фузян мөрний хөвөөнд буудлав. Сюаньдө хотод орж Люжан лугаа золгоод тус бүр ах дүүгийн сэтгэлгээг хэлэлцэж ёсолсон хойно Сюаньдө уйлан сэтгэлийн хэргээ хэлэв. Хуримлаж дуусаад өөр өөрийн хүрээнд эгж одов.
Тэндээс Люжан олон түшмэлийн зүг өгүүлрүүн: “Хуанцюань, Ванлэй нар үнэхээр инээлтэй. Төрлийн ахын сэтгэлийг мэдэхгүй тул харилцан дэмий таамаглан сэжиглэмүй. Би энэ өдөр учирч үзвээс үнэхээр өршөөл журамт хүн болой. Би түүнийг олж гаднаа туслуулбаас Цаоцао, Жанлү нараас юунд зовох аж? Жансунгаас бус болбоос арайхан алдагдах бөлгөө” хэмээгээд даруй өмссөн ногоон магнагийг тайлаад, алт таван зуун лантай Жансунд хүртээн өгөхөөр хүн зарж чөндүд хүргүүлэв. Тэр үест доорхи жанжин Люгүй, Линбао, Жанрэнь, Дөнсянь зэрэг бичиг цэргийн түшмэд цугаар өгүүлрүүн: “Эзэн гүн түр битгий баярлагтун! Любэй зөөлний дотор хатуу бөгөөд сэтгэлийг мэдэхэд бэрх тул сэргийлбээс зохимуй”. Люжан инээж өгүүлрүүн: “Та цөм талаар олонтоо зовмуй. Миний ахад юуны хоёр сэтгэл буй!” хэмээсэнд олон цөм шүүрс алдаж гарав.
Тэндээс Сюаньдө хүрээндээ эгсэн хойно Пантун орж өгүүлрүүн: “Эзэн гүн энэ өдөр хуримын ширээнд Лю Зи Юйгийн байдал хөдөлбөрийг үзэв үү?”. Сюаньдө өгүүлрүүн: “Лю Зи Юй үнэхээр бат чигч хүн болой”. Пантун өгүүлрүүн: “Лю Зи Юй хэдий сайн хэмээвч түүний доорхи Люгүй, Жанрэнь нарын ард цөм сэтгэл бишрэхгүй байдалтай тул энэ хоорондын сайн мууг болзвоос болохгүй. Пантунгийн мунхаг санаагаар бол маргааш өдөр хурим бэлтгэж Лю Зи Юйг залж хуримлаад хэрмийн талд нэг зуун илд сүх барьсан хүнийг бүгүүлээд, эзэн гүн хундага орхихоор тэмдэг болгож, хуримд даруй барьж алсан хойно Чөндү хотноо орвоос илдийг хуйнаас гаргахгүй. Нумыг хөвчнөөс салгахгүй суусаар тогтоох болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Лю Зи Юй миний угсаа төрөл бөгөөд үнэнхүү сэтгэлээр намайг хүндлэхийн дээр би бас анхан Шу газарт ороод, хишиг батыг тархаагаагүй атал даруй энэ муу үйлийг явуулбаас дээд тэнгэрээс багтаахгүй бөгөөд доорхи иргэн ч хорсном бөлгөө. Гүнгийн энэ арга хэдий тулгар төрийг хичээх санаа боловч би үйлдэж чадахгүй” хэмээжээ. Пантун өгүүлрүүн: “Энэ миний арга бус. Фажөн, Жансунгийн бичигт хэлсэн нь “Хэргийг удааж болохгүй. Өглөө үдэш хурдан хичээ хэмээсэн билээ” хэмээн өгүүлж барахын урьд Фажөн орж өгүүлрүүн: “Бид цөм өөрийн тусыг хичээх нь бус. Гагц тэнгэрийн бошгыг дагах нь болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Лю Зи Юй миний нэгэн угсаа тул алж төвдөхгүй!”. Фажөн өгүүлрүүн: “Гэгээн гүн ташаарсан болой. Хэрэв ийн үйлдэхгүй болбоос Жанлү, Лю Зи Юй лүгээ эхийг алсан өшөө буй тул тэр эрхгүй ирж Шу газрыг авах болно. Гэгээн гүн холоос уул усны зүдээлийг амсаж, довтлосоор энд хүрч ирээд орвоос гавьяа буй бөгөөд эгвээс тусгүй болох тул хэрвээ татгалзан өдөр сарыг түлхэж удааваас ихэд алдагдахад хүрмүй. Тэр ч байтугай хэрэв нарийн арга задарсаар гэдрэг бусдад хөнөөгдөхөөс аюумуй. Харин өдгөөгийн тэнгэрийн өгсөн цагийг дагаж, түүний санаандгүйгээр эртнээс үндсэн хөрөнгийг тогтоох нь үнэхээр дээдийн арга болой” хэмээсэнд Пантун бас дахин давтан ятгав. Энэ чухамхүү:
“Хүний эзэн хэдэнтээ зузаан эрдмийг үлдээсүгэй хэмээвч
Мэргэд эрдэмтэн нэгэн санаагаар эрх бодлогыг явуулсугай” хэмээмүй.
Эгнэгт Сюаньдөгийн санаанд ямрыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )