ЭХЭМҮТ: Долоон настай охинд ээжийнх нь элгийг суулгажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дэргэдэх мэс засалч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн анх удаа маш амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр цаашид ЭХЭМҮТ элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн эмнэлэг дээрээ хийх боломжтой болж байгаа юм. 

Монгол Улсын хүн амын 10 хувь нь элэгний хатууралтай гэх эмнэлзүйн судалгаа бий. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал, элэгний цусны замын битүүрэл, төрөлхийн гажиг өвчнөөр оношлогдох болжээ. Харин хүүхдүүдийн дунд тохиолдоод буй тус өвний хамгийн төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. 

ЭХЭМҮТ-д элэгний цироз оноштой 83 хүүхэд байдгаас 9 хүүхдэд нь зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа аж. 

Тэдний нэг болох 7 настай охинд ээжийнх нь элгийг шилжүүлэн суулгажээ. Үүнээс өмнө нь буюу 2014 оноос хойш УНТЭ-т зургаан хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, одоо ЭХЭМҮТ-ийн хяналтад байна.

УНТЭ-т хийсэн тус хагалгааг анх 1.1 настай хүүхдэд хийж байсан бол өдгөө тухайн хүүхэд 8 нас хүрчээ.  


Монголын анагаах ухааны салбарт шинэ дэвшил авчирсан тус амжилтын талаар өнөөдөр (2022.07.05) холбогдох албаныхан хэвлэлийн хурал хийсэн юм.

Энэ үеэр УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал "Эрүүл мэндийн яамнаас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ганцхан эмнэлэг дээр төвлөрүүлэх бус бүх эмнэлэгт хийдэг болгох зорилгыг тавин ажиллаж байгаа. Өнөөдөр энэ мэс заслыг маш амжилттай  гүйцэтгэснээр анагаахын шинжлэх ухааны бүхий л салбарт дэвшил гарч байна. Цаашдаа энэхүү хагалгаагаа өдөр тутмын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, хэвшүүлэхэд нь ЭХЭМҮТ-тэй бид бүхий л чиглэлээр туслан ажиллах болно" гэв.

ЭХЭМҮТ-д хийсэн энэ удаагийн хагалгаанд УНТЭ-ийн 34 эмч, мэргэжилтэн оролцожээ. 

Хагалгаанд орсон 7 настай охины хувьд цөсний  битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгаа хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байжээ. Түүнд мэс засал хийсэн эмч нар хагалгааны өмнө эрүүл болоод хаашаа явах талаар нь охинтой ярилцахад "Солонгос явж, Солонгос хоол идэж, олон дахиж эмнэлэгт хэвтэхгүй, эрүүл болмоор байна" хэмээн ярьж байжээ.

Бяцхан зүрхэндээ эрүүл байхын эрхэм жаргалыг хэдийн тээсэн охины хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломж олгосондоо эмч, мэргэжилтнүүд хамгийн их баярлаж байгаа тухайгаа ярьж байлаа. 


Охинд хагалгаа хийснээс хойш 16 хонож байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал сайн, шинжилгээний хариунууд товтворжиж эхэлжээ. Донор болсон ээжийн биеийн байдал ч сайжирч, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан байна. 

ЭХЭМҮТ-ийнхөн Элэг шилжүүлэн суулгах дараагийн хагалгаагаа 10 дугаар сард хийхээр төлөвлөжээ. 

Дашрамд өгүүлэхэд, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцсан байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.28) 2022 оны 07 сарын 05

Монголчууд бид өвчний үүр болж дууслаа

0  |  0
Top