"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 82 ДУГААР БҮЛЭГ
СҮНЬЦУАНЬ ВЭЙ УЛСЫГ ДАГААД ЕСӨН ЗҮЙЛИЙН ХҮРТЭЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН СЯНЬЖУ ЭЗЭН Ү УЛСЫГ БАЙЛДМУЙ ХЭМЭЭН ЦЭРЭГТ ШАГНАСАН
Өгүүлэх нь: Жан үгийн тэргүүн оны намрын дунд сард Cяньжу эзэн их цэрэг үүсгэн Куйгуань боомтод хүрч ирээд хаан Байди чин хотноо буусанд өмнө ангийн цэрэг нэгэнтээ Cычуаньгийн амыг гарчээ. Ойрх түшмэд айлтгаруун: “Ү улсын элч Жугө Зинь хүрч ирэв” хэмээсэнд Cяньжу эзэн зарлиг буулган: “Битгий тавьж оруулагтун!” хэмээв. Хуанцуань айлтгаж өгүүлрүүн: “Жугө Зиньгийн дүү бидний Шу улсад чансан болж байх тул эрхгүй хэрэг байж ирсэн буй за. Хаан дуудаж оруулаад түүний үгийг сонсоод авч болох болбоос дагаад болохгүй болбоос хойш илгээж түүний амаар Сүньцуаньд уламжлуулж ял асууваас нэртэй болой” хэмээсэнд Cяньжу эзэн үгийг дагаж Жугө Зинийг хотод оруулав. Жугө Зинь сөгдсөний хойно Cяньжу эзэн асууруун: “Зы Юй76 хол газраас ирсэн нь ямар чухал хэрэг буй?” Жугө Зинь өгүүлрүүн: “Миний дүү хааныг үйлчилж удсан тул би илд сүхнээс зайлахгүй тусгайлан Зинжоугийн үйлийг айлтгахаар ирэв. Урьд Гуань гүн Зинжоуд бүхий цагт Үхоу хэд хэдэн зэрэг ураг барьсугай хэмээвээс Гуань гүн болсонгүй. Хойно Гуань гүн Сян Яныг авах үес Цаоцао дахин давтан Үхоуд бичиг илгээж Зинжоуг сундал хэмээснийг Үхоу чухам тогтоохгүй бөлгөө. Гагц Люймөн, Гуань гүн лүгээ нийцгүй тул дураар цэрэглэж ташааран их үйлийг бүтээжээ. Эдүгээ Үхоу гэмшивч завдахгүй. Энэ цөм Люймөнгийн ялаас бус Үхоугийн эндүүрэл бус болой. Өнөө Люймөн нэгэнт үхсэнд өс бас ч устав. Сүнь хатан хэдийнээс буцаж ирэхийг санаж аху тул эдүгээ Үхоу сайд намайг зарж дуртайяа хатанг хүргэж ирээд бас дагасан жанжин нарыг хүлж эгүүлэн Зинжоуг уг хэвээр буцаан өгч өнө удаан найртай яваад хамт хүчээр Цаопэйг сөнөөж хаан суурийг булаасан ялыг асуусугай хэмээн илгээв” хэмээсэнд Cяньжу эзэн ихэд хилэгнэж өгүүлрүүн:
“Танай Зүүн улс миний дүүг хөнөөгөөд бас аймшиггүй ирж уран үгээр хэлэлцмүй үү?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Би хүнд хөнгөн, их бага үйлсийг хаан лугаа шүүмжилмүй. Хаан нь Хань улсын хааны авга болой. Эдүгээ хааны төр Цаопэйд булаагдсан бөгөөтөл хядан арилгахыг санахгүй харин өөр овогт ургийн тул түмэн дээдийн эрхэм биеийг гутаан цэрэг авч ирсэн нь их журмыг гээгээд бага журмыг явах нь болой. Жун Юаний газар хэмээгч далайн дотоодын газар бөгөөд хоёр нийслэл цөм Хань хааны тулгар байгуулсан үндсэн газар атал хаан түүнийг авахгүй гагц Зинжоуг тэмцэх нь хүндийг гээгээд хөнгөнийг авах нь болой. Дэлхий дахины хүн цөм хааныг сууринд суусны хойно эрхгүй Хань улсыг мандуулж уул голыг дахин олох буй за хэмээн мэдмүй. Эдүгээ хаан Вэй улсыг тавиад асуухгүй гэдрэг Ү улсыг байлдахаар ирэх нь харин хааны авч эс болох арга бөлгөө” хэмээсэнд Cяньжу эзэн нэндээ хилэгнэж өгүүлрүүн: “Миний дүүг алсан өшөөт хүн лүгээ хамт тэнгэрийн нарыг үзэхгүй. Хэрвээ намайг цэрэг зогсоосугай хэмээвээс үхсэн хойно сая зогсох буй за. Чансангийн нүүрийг үзэхгүй аваас урьдаар чиний тэргүүнийг огтлох бөлгөө. Эдүгээ түр чамайг тавьж илгээсүгэй! Чи хойш одож Сүньцуаньд хүзүүгээ угаагаад алахыг хүлээ хэмээн хэлж өгөгтүн!” хэмээв. Жугө Зинь, Cяньжу эзний хэлэлцэхийг сонсохгүйг мэдээд аргагүй Зян Наньдаа эгэв.
76 Жугө Зиньгийн өргөсөн нэр
Тэндээс Жанжао орж Сүньцуаньгийн зүг өгүүлрүүн: “Жугө Зы Юй Шу улсын цэргийн хүч ихийг мэдээд тийнхүү элч болж очихоор нэр болгон Ү улсаас тэсэргүүлж Шу улсад дагахаар оджээ. Энэ одсонд лав буцахгүй бөлгөө”. Сүньцуань өгүүлрүүн: “Би Зы Юй лүгээ амьдарваас үхвээс хувьсахгүй болзоо буй. Би Зы Юйг үтээрэхгүй Зы Юй бас ч намайг үтээрэхгүй бөлгөө. Эрт Зы Юй, Чайсанд бүхий цагт Кунмин Ү улсад ирсэн хойно би Зы Юйгээр хэлж дагуулсугай хэмээсэнд Зы Юй өгүүлрүүн: “Дүү нэгэнтээ сюаньдөд үйлчилсэн тул журамд хоёр сэтгэлгүй дүү Ү улсад үлдэхгүй бөгөөд Жугө Зинь би бас ч одохоор үгүй” хэмээсэн түүний үг нь сахиус гэгээнд цөм нэвтэрчээ. Эдүгээ хэрхэн Шу улсад дагах буй. Би Зы Юй лүгээ гүн нөхөрлөгсөд хэмээн хэлж болох тул гаднах үгээр завсардуулж болох нь бус” хэмээн хараахан хэлэлцэх хооронд гэнэт “Жугө Зинийг эгж ирэв” хэмээн мэдүүлжээ. Сүньцуань өгүүлрүүн: “Миний үг ямар буй” хэмээсэнд, Жанжао нүүр дүүрэн ичингүйрч гарав. Жугө Зинь Сүньцуаньд золгоод “Cяньжу эзэн найрамдах хүсэл үгүй” үйлийг хэлсний хойно
Сүньцуань ихэд цочиж өгүүлрүүн: “Ийм болбоос Зян Наньгийн газар түгшүүртэй болмуй” хэмээн үг дуусахын урьд яндрын доороос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Энэ зовлонг тайлбаас болмуй”. Сүньцуань үзвээс Жун Дайфу түшмэл Жаозы болой. Сүньцуань өгүүлрүүн: “Дөдү77-д ямар арга буй”. Жаозы өгүүлрүүн: “Эзэн гүн нэгэн илтгэл бичиг бич, би элч болж очоод Вэй улсын хаан Цаопэйд учирч ашиг зовлонг хэлэлцэн Ханьжунг сундлуулсанд Шу улсын цэрэг өөрөө эгэх болой”. Сүньцуань өгүүлрүүн: “Энэ арга ихэд сайн, гагц чи одвоос битгий зүүн Ү улсын байдлыг алдагдуул!”. Жаозы өгүүлрүүн: “Хэрвээ баахан ч алдагдал гарваас даруй мөрөнд харайж үхэхээс бус, ямар нүүрээр Зян Наньгийн хүний нүүрийг үзмүй” хэмээв. Сүньцуань ихэд баярлаж даруй илтгэл бичигт биеэ сайд хэмээн бичүүлээд, Жаозыг элч болгож шөнө дөлөөр Сюйдүд илгээв. Жаозы Сюйдүд хүрсний хойно урьдаар Тайвэй түшмэл Зясюйгийн зэрэг их бага түшмэдэд золгоод, жич өдөр өглөөний бараалхалд Зясюй зэргээс гараад айлтгаж өгүүлрүүн: “Зүүн Ү улс Жун Дайфу Жаозыг зарж илтгэл бичиг өргөхөөр илгээжээ”. Цаопэй инээж өгүүлрүүн: “Энэ Шу улсын цэргийг эгүүлсүгэй хэмээн ирсэн нь болой” хэмээгээд оруулсны хойно Жаозы яндрын доор мэхийж сөгдөв. Цаопэй илтгэл бичгийг үзэж дуусаад даруй Жаозыгаас асууруун: “Үхоу хэмээгч ямар зэргийн эзэн буй за”. Жаозы өчрүүн: “Цэцэн гэгээн, өршөөл ухаант, баатар бодлоготой эзэн болой”. Цаопэй ихэд инээн өгүүлрүүн: “Чиний магтсан нь огоот78 хэтэрсэн бус уу?”. Жаозы өгүүлрүүн: “сайд би хэтэрхийеэ өргөсөн нь бус. Үхоу, Лүсүг энгийн зэргээс хэрэглэсэн нь түүний цэцэн болой. Люймөнг цэргийн дотроос дэвшүүлсэн нь түүний гэгээн болой. Юйзинийг барьж аваад эс алсан нь түүний өршөөл болой. Зинжоуг авахад зэвсгийн ирд цус наалдуулсангүй нь түүний ухаан болой. Гурван мөрнийг эзлээд дэлхий дахиныг барсын адил үзэх нь түүний баатар болой. Биеийг доорд болгож хааныг хүндлэх нь түүний бодлого болой. Үүгээр шүүмжилбээс цэцэн, гэгээн, өршөөл, ухаан, баатар, бодлоготой эзэн бус хэмээмүй үү?”. Цаопэй бас асууруун: “Үхоу бичгийн сургаалыг нэлээд мэдмүй үү?”. Жаозы өгүүлрүүн: “Түмэн онгоцыг мөрөнд дэгдүүлж, хуягт цэрэг зуун түмийг тэжээгээд, эрдэмтэнд тушаан чадалтанг заран дотроо арга бодлогыг агуулжээ. Баахан чөлөө гарсанд шастир бичгийг олонтоо үзэж, үе үеийн судар бичгийг уншаад түүний их ухааныг авахаас бичгийн хүний адил хуудсыг нээгээд үсэг эрэхийн төдийг дуурайхгүй”. Цаопэй өгүүлрүүн: “Би Ү улсыг дайлсугай хэмээмүй болмуй уу?”. Жаозы өгүүлрүүн: “Их улсад байлдах цэрэг буй болбоос бага улсад халхлахыг бэлтгэх бодлого буй”. Цаопэй өгүүлрүүн: “Ү улс Вэй улсаас аймуй уу?” Жаозы өгүүлрүүн: “Үхоуд хуягт цэрэг зуун түм буй бөгөөд Зян, Ханийг нуур болгох тул юунд айх явдал буй”. Цаопэй өгүүлрүүн: “Зүүн Ү улсад Дайфу чиний мэт ард хэдий буй?”. Жаозы өгүүлрүүн: “Цэцэн гэгээн гүн нэвтэрсэн нь ная ерэн нэр буй. Сайд миний адилыг тэргэнд тээж, дөү79-ээр хэмнэвч барахгүй”. Цаопэй шүүрс алдаж өгүүлрүүн: Дөрвөн зовхист зарваас эзний зарлигийг ичүүлэхгүй сайд чи үнэхээр зохист хүн болой” хэмээжээ.
77 Жаозыгийн өргөсөн нэр
78 Маш, үлэмж, нэн
79 Суулга
Түүнээс даруй Жао бичиг буулган Тай Чанцин түшмэл Синжэньд навчит өргөмжлөл бариулан Сүньцуанийг Ү ван өргөмжлөөд есөн зүйлийн хүртээл нэмсэнд Жаозы талархаж мөргөөд хотоос гарсны хойно Дайфу түшмэл Лю Е орж хориглон өгүүлрүүн: “Сүньцуань, Шу улсын цэргийн сүрээс эмээн тийнхүү дагасугай хэмээн ирсэн нь болой. Сайд миний мунхаг үзлээр болбоос Ү улс Шу улс байлдалцах нь тэнгэрээс мөхөөх нь тул хаан дээд жанжин нарыг илгээж хэдэн түмэн цэрэг дагуулан мөрнийг гэтэлж сундлуулбаас Шу улс гадаадад байлдан, бид түүний дотоодыг байлдах болохул Ү улсын мөхөх нь арван өдрийг өнгөрөхгүй бөлгөө. Ү улс мөхвөөс Шу улс өнчин болох тул хаан юунд эртнээс хичээхгүй аж”. Цаопэй өгүүлрүүн: “Сүньцуань нэгэнт ёслолоор надад дагасан атал би хэрвээ байлдваас дэлхий дахины дагасугай хэмээгчдийн санааг алдмуй. Тогтоон авахад хүрэхгүй”. Лю Е бас өгүүлрүүн: “Сүньцуаньд хэдий баатар эрдэм байвч эвдэрсэн Хань улсын Бяоци жанжин Нань Чанхоу болой. Түшмэл бага болбоос сүр буурай тул бас ч Жун Юаньгаас айх сэтгэл буй. Хэрвээ Вангийн суурь нэмж өгвөөс хаанаас гагц нэгээхэн зэрэг доор болмуй. Эдүгээ хаан түүний хууран дагасанд итгэж түүнд эрхэм суурь өгч өргөмжлөн тэжээвээс барсад жигүүр нэмсэн мэт болой”. Цаопэй өгүүлрүүн: “Тийм бус би Ү улсад өмөглөхгүй Шу улсыг ч туслахгүй дунд нь суугаад Ү улс, Шу улсын байлдахыг үзсүгэй! Хэрвээ нэг улс сөнөөд гагц нэгэн улс үлдвээс тэр цагт арилгахад юунд бэрх аж? Миний санаа нэгэнт тогтов. Чи битгий дахин хэлэлц!” хэмээгээд даруй Тай Чанцин түшмэл Синжэньд бичиг бариулаад Жаозыгийн хамт Ү улсад илгээв.
Тэндээс Сүньцуань зуун түшмэдийг хуруулж Шу улсын цэргийг халхлах үйлийг зөвлөн бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Вэй улсын хаан эзэн гүнийг Ванд өргөмжилсөн тул хол гарч угтваас зохимуй” хэмээсэнд Гү Юн хориглож өгүүлрүүн: “Эзэн гүн өөрөө дээд жанжин хэмээгээд есөн мужийн тэргүүлэх сууринд байх тул Вэй улсын өргөмжилсөн хэргэм түшмэлийг хүлээн авбаас үл болмуй”. Сүньцуань өгүүлрүүн: “Эрт өдөр Пэйгүн, Сян Юйгийн өргөмжлөлийг хүлээсэн80 нь тэр бас цагийн аясыг дагасан нь болой. Ямар учирт эгүүлмүй?” хэмээн даруй зуун түшмэдийг аваад хотоос гарч угтав. Синжэнь өөрийн биеийг дээд улсын элчид эрдэж хаалгыг ортол тэрэгнээс буусангүйд Жанжао хилэн төрж өгүүлрүүн: “Ёсыг хичээнгүйлэхгүй болохгүй. Цаазыг дагахгүй эс болмуй. Чи ямар аймшиггүй өөрийн биеэ хүндэтгэмүй. Зян Наньгийн газарт ямхын төдий ч илд үгүй хэмээмүй үү?” хэмээсэнд Синжэнь санд мэнд тэрэгнээс буугаад Сүньцуаньд золгосны хойно тэрэг зэрэгцэн хотод оров. Гэнэтхэн тэрэгний хойд нэгэн хүн өндөр дуугаар уйлж өгүүлрүүн: “Бид хүч гарган, амийг гээж эзэн гүнгийн төлөө Вэй улсыг хамтатган, Шу улсыг залгин чадахгүй тул сая эзэн гүнг хүний хэргэм өргөмжлөлийг хүлээн авахад хүрүүлсэн нь ичгүүр бус уу?” хэмээжээ. Олон үзвээс Сюйшөн ажгуу. Синжэнь сонсоод шүүрс алдаж өгүүлрүүн: “Зяндунгийн жанжин сайд энэ мэтийг үзэхүл эцэстээ хэрхэвч хүний доор байх ард бус” хэмээжээ.
80 Любан, Сян Юй лүгээ хамтран Цинь улсыг мөхөөсний дараа Любангийн сүр хүч Сян Юйд үл хүрэх тул Сян Юйгийн өргөмжилсөн “Хан ван” цолыг хүлээн авсан бөлгөө.
Тэндээс Сүньцуань өргөмжилсөн хэргэмийг хүлээн авсанд олон бичиг цэргийн түшмэд ёсолж дууссаны хойно сайн хас гэгээн сувд зэргийн эрдэнийг бэлтгэж элч зарж хишигт мөргөхөөр илгээв. Хэдийн харуулын хүн мэдүүлрүүн: “Шу улсын эзэн харьяат улсын цэрэг хийгээд мань Ван Шамокогийн хэдэн түмэн цэрэг, жич Дунси газрын Хань жанжин Дүлү, Люнингийн хоёр салааны цэрэгтэй усан хуурайгаар хамт орж ирэх нь түүний байдал маш их. Усан цэрэг нэгэнтээ Үкоу амыг гарав. Хуурай замын цэрэг Зыгүйд хүрч ирэв” хэмээмүй. Тэр үес Сүньцуань хэдий Вангийн сууринд суусан боловч Вэйван туслахаар илгээсэнгүй тулд бичиг цэргийн түшмэдээс асууж өгүүлрүүн: “Шу улсын цэргийн сүр их тул яаваас сайн аж?” хэмээсэнд олон цөм дув дуугүй болов. Сүньцуань шүүрс алдаж өгүүлрүүн: “Урьд Жоулангийн, хойнод Лүсү асан бөгөөд Лүсүгийн хожим Люймөн асан бөлгөө. Эдүгээ Люймөн үхсэнд миний зовлонг хуваах хүнгүй болжээ” хэмээн үг дуусахын урьд олны дотроос нэгэн залуу жанжин гарч газарт сөгдөөд айлтгаж өгүүлрүүн: “Сайд би хэдий нас залуу боловч цэргийн эрдмийг нэлээд боловсорсон бөлгөө. Би хэдэн түмэн цэрэг гуйж гараад Шу улсын цэргийг эвдэхийг хүсэж байна!” гэхийг Сүньцуань үзвээс Сүньхуань болой. Сүньхуаньгийн өргөсөн нэр нь Шу Ү, түүний эцгийн нэр Хө. Угтаа Юй овогт бөлгөө. Сүньцө өршөөж Сүнь овог хүртээснээр бас ч Ү вангийн угсаа болов. Сүньхөгөөс дөрвөн хөвгүүн төржээ. Сүньхуань нь ахмад болой. Нум суманд боловсронгуй тул үргэлж Ү ванг дагаж дайнд яваад дахин давтан гавьяа байгуулсанд Ү Вэй Дү Юй түшмэл болгожээ. Тэр үес хорин таван настай бөлгөө. Сүньцуань өгүүлрүүн: “Чи ямар аргаар ялгамуй?”. Сүньхуань өгүүлрүүн: “Сайд надад хоёр их жанжин буй. Нэгний нэр Ли И, нэгний нэр Сешэн. Цөм түмэн эрийн тэнцэхгүй баатар. Хэдэн түмэн цэрэг гуйж олоод любэйг барихаар очихыг хүсмүй!” Сүньцуань өгүүлрүүн: “Үеэл хөвгүүн хэдий баатар боловч хэрхвээс нас бага жич нэгэн хүнийг олж туслуулбаас сая болмуй” хэмээтэл Хүвэй жанжин Журань гарч өгүүлрүүн: “Сайд би бага жанжин лугаа одож, Любэйг баримтлахыг хүсмүй”. Сүньцуань тогтоож даруй усан хуурайн таван түмэн цэрэг өгч Сүньхуанийг зүүн этгээдийн Дүдү, Журанийг баруун этгээдийн Дүдү болгоод мөн өдөртөө мордуулав. Харуулын хүнээр мэдээ авуулбаас Шу улсын цэрэг нэгэнт Идү газарт хүрч ирээд хүрээ буув” хэмээмүй. Сүньхуань хоёр түм таван мянган морьт цэргийг авч Идүгийн захын аманд хүрээ буугаад өмнө хойно гурван хүрээ хуваан Шу улсын цэргийг халхлав.
Тэндээс Шу улсын жанжин Ү Бань гавшгайн тамгыг хүлээн аваад Cычуаньгаас гарснаас нааш хүрсэн эл газар цөм салхины аяар дагаж илд жаданд цус хүргэсэнгүй шууд Идү газар хүрч ирсний хойно Сүньхуаньгийн тэнд цэргийн хүрээ байгуулсныг сонсоод даруй нисэх мэт хүн зарж Cяньжу эзэнд айлтгахаар илгээв. Тэр үес Cяньжу эзэн нэгэнтээ Зыгүй газарт хүрч ирсэн бөлгөө. Айлтгасныг сонсоод ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ зэрэг өчүүхэн хүүхэд ямар аймшиггүй над лугаа мөчөөрхмүй?”. Гуаньсин өгүүлрүүн: “Сүньцуань энэ хөвгүүнийг жанжин болговоос төдий ч буй за. Хааныг зүдээж их жанжинг илгээх хэрэггүй. Би одож баримтлахыг хүсмүй”. Cяньжу эзэн өгүүлрүүн: “Би төвхийтэл чиний баатрыг үзсүгэй хэмээж байсан бөлгөө” хэмээгээд даруй Гуаньсинг “Одсугай!” хэмээжээ. Гуаньсин сая явсугай гэтэл Жанбао гарч өгүүлрүүн: “Гуаньсинг урагш байлдахаар гаргаваас би бас хамт одохыг хүсмүй”. Cяньжу эзэн өгүүлрүүн: “Хоёр үеэл хөвгүүн хамт очвоос маш сайн. Гэвч болгоомжлох хэрэгтэй! Битгий хөнгөлөн орогтун!” хэмээв.
Хоёул Cяньжу эзнээс салж гавшгай цэрэг лүгээ нийлээд нэгэн цугаар цэрэг орж жагсаал жагсаав. Сүньхуань Шу улсын цэрэг ирснийг сонсоод даруй гурван хүрээн цэргийг бүхнээр авч эсэргүүцлэн жагсаасны хойно Сүньхуань, Ли И, Сешэнг дагуулан хаалганы тугийн доор зогсоод үзвээс Шу улсын хүрээний дотроос хоёр их жанжин гарч ирэв. Цөмөөр мөнгөн хуяг дуулга өмсөөд, саарал морийг унаж цагаан туг өргөжээ. Дээд этгээдэд Жанбао жад барьж доод этгээдэд Гуаньсин дам илд атгаж зогсоод Жанбао харааж өгүүлрүүн: “Сүньхуань бага хөвгүүн нэгэнт үхэх шахсан атал ямар аймшиггүй бас тэнгэрийн цэрэгт мөчөөрхмүй”. Сүньхуань бас хараан өгүүлрүүн: “Чиний эцэг нэгэнт толгойгүй чөтгөр болсон бөгөөтөл чи бас үхэхээр ирсэн нь үнэнхүү мэдэлгүй болой”. Жанбао ихэд хилэн төрөөд жад өргөж Сүньхуанийг жадлахаар очсонд Сүньхуаньгийн арын хойноос Сешэн морь давхин угтан гараад хоёул гуч илүү удаа болсон хойно Сешэн буруулан явав. Жанбао нэхэж ирэхэд Ли И, Сешэнгийн дарагдсаныг үзээд яаран сүхээ өргөж угтан гараад Жанбао лугаа хорин удаа илүү байлдтал дийлэх дийлэгдэх ялгарахгүй бүхийд Ү улсын цэргийн дотроос нэгэн бага жанжин Таньсюн нь Жанбаогийн баатрыг Ли И ялгуухгүйг үзээд сэмээр нэгэн зэв харваж илгээсэнд төвхийтэл
Жанбаогийн унасан морийг онов. Тэр морь өвдөж тэсэхгүйдээ жагсаалдаа эгж ирэхэд хаалганы тугийн ойр ирээд газарт унасанд Жанбаог мориноос унагав. Ли И яаран сүхээ өргөж Жанбаогийн тэргүүнийг зүглэн цавчсугай гэтэл гэнэт нэгэн зурвас улаан гэрэл цацармагц Ли Игийн толгой хэдийн газарт унав. Үзвээс Гуаньсин Жанбаогийн эгж ирснийг үзээд сая тусалсугай хэмээтэл гэнэт Жанбаогийн морь хэвтээд Ли И нэхэж ирсэнд Гуаньсин нэгэнтээ бархирмагц Ли Иг цавчиж мориноос унагаад Жанбаог тэнхрүүлээд мөн хүчинд даран алсанд Сүньхуань ихэд дарагдаж тус бүр харанга цохиж цэрэг хураажээ.
Жич өдөр Сүньхуань бас цэрэг авч ирсэнд Гуаньсин, Жанбао нар хамт угтан гарав. Гуаньсин тугийн дотор зогсож гагц Сүньхуанийг өдөөн байлдахад Сүньхуань хилэгнэж морь давхиулан, илд далайн гараад Гуаньсин лугаа гучин удаа байлдсан хойно хүч тэнхээ гүйцэхгүй болоод ихэд дарагдаж жагсаалдаа буруулав. Хоёр бага жанжин хүрээнд ортол нэхсэнд Ү Бань, Жан Нань, Фөнсиг авч цэрэг дагуулан цавчин оров. Жанбао урагш шаламгайлан Ү улсын цэрэгт цавчин ороход төв хэмээн Сешэнтэй учирсанд Жанбао нэгэнт жадлан мориноос унагав. Үүнд Ү улсын цэрэг цөм сарнижээ. Шу улсын жанжин дийлээд цэргээ хурааваас ганц Гуаньсин үзэгдэхгүй Жанбао ихэд цочиж өгүүлрүүн: “Аньгуо81 хэрвээ алдагдал гарсан болбоос би яахан гагцаар амьдармуй?” хэмээн өгүүлээд жад барьж морь унаад эрсээр хэдэн газар явсангүй. Үзвээс Гуаньсин зүүн гарт дам илд бариад баруун суганд нэгэн жанжинг амьд хавчсаар ирмүй. Жанбао асууруун: “Энэ яасан хүн?” Гуаньсин инээн өгүүлрүүн: “Би самуун цэргийн дотроос чив гэтэл өшөөт хүнд учирсан тул би амьд барьж авчрав” хэмээсэнд Жанбао үзвээс харин өчигдрийн зэв харвасан Таньсюн болой. Жанбао ихэд баярлан хамт хүрээндээ эгээд цавчиж цусаар үхсэн морийг тахьсан хойно даруй илтгэл бичиж хүн заран Cяньжу эзний дэргэд сэтгүүл довтолгов. Сүньхуань, Ли И, Сешэн, Таньсюн нарын олон жанжингаа автсанд хүч цөхөж сүр мохоод, эсэргүүцэн чадахгүй болсонд даруй Ү ванд хүн зарж өмөглөх цэрэг гуйхаар илгээв. Шу улсын жанжин Жан Нань, Фөнси, Ү Баньгийн зүг өгүүлрүүн: “Нүдэн доор Ү улсын хүч буурсан тул чухам энэ тухайд алан ороод хүрээ булааваас сайн биш үү?” Ү Бань өгүүлрүүн: “Сүньхуань хэдий цэрэг дарагдавч Жураньгийн усан цэрэг эдүгээ мөрөн дээгүүр хүрээ байгуулж өчүүхэн ч хохироогүй асаар тул өнөө хүрээг дарахаар очсон хойно, хэрвээ усан цэрэг хөвөөн дээр гарч бидний эгэх замыг тасалбаас хэрхмүй?”. Жан Нань өгүүлрүүн: “Энэ үйл маш хялбар Гуань, Жан хоёр жанжинд тус бүр таван мянган цэрэг өгч уулын завд бүгүүлээд Журань өмөглөхөөр ирсэн цагт хоёр анги цэрэг цугаар гараад хавчин байлдваас эрхгүй ялгуух бөлгөө”. Ү Бань өгүүлрүүн: “Харин урьдаар өчүүхэн цэргийг илгээж хууран дагагч цэрэг болгон хүрээг дарах үйлийг Жураньд хэлүүлбээс Журань гал тавьсныг үзэхүл эрхгүй өтөглөхөөр ирмүй. Тэр цагт бүгсэн цэргээр байлдуулсанд их хэрэг бүтээх болой” хэмээсэнд Фөнси нар ихэд баярлаж даруй аргын ёсоор явуулав.
81 Гуаньсингийн өргөсөн нэр
Тэндээс Журань, Сүньхуаньгийн цэрэг дарагдсныг сонсоод хараахан “Өмөглөхөөр ирсүгэй!” хэмээж атал гэнэт бүгсэн цэрэг хэдэн хүмүүсийг дагуулан онгоцын дээр гарч ирэв. Журань асууваас цэргийн хүн хэлрүүн: “Бид Фөнсигийн доорх цэргийн хүн шагнаж яллах тодорхойгүйн учир тусгайлан дагахаар ирэв. Мөн илтээр нарийн нягт хэргийг мэдүүлмүй”. Журань өгүүлрүүн: “Ямар үйлийг хэлэхээр ирэв” Цэргийн хүн өгүүлрүүн: “Энэ шөнө Фөнси хоосонд завшиж Сүньхуань жанжны хүрээг дайрахаар ирэх болно. Гал өргөхөөр тэмдэг болгоно хэмээн болзож тогтов”. Журань сонсоод даруй хүн зарж Сүньхуаньд хэлэхээр илгээсэнд мэдээний хүн замын дунд хүрээд Гуаньсинд алагдав. Журань нэгэнтээгүүр цэрэг авч “Өмөглөхөөр одсугай!” хэмээхэд доорх жанжин Цүй Юй гарч өгүүлрүүн: “Өчүүхэн цэргийн хүний үгийг гүн итгэж болохгүй. Хэрвээ алдагдал гарваас усан хуурайн хоёр аймаг цэрэг цөм хохирох болой. Жанжин гагц усны хүрээг сахь! Би жанжны төлөө нэгэнтээ одсугай!”. Журань үг дагаж Цүй Юйд нэгэн түмэн цэрэг өгч илгээв. Тэр шөнө Фөнси, Жан Нань, Ү Бань нар гурваар цэрэг хуваан шууд Сүньхуаньгийн хүрээнд цавчин ороод дөрвөн талаас гал тавин алахад Ү улсын цэрэг ихэд самуурч зам эрэн буруулав.
Тэндээс Цүй Юй ямагт явж бүхийд гэнэт гал мандсаныг үзээд яаран цэргээ шаардаж урагшлаад сая уулыг тойрч ирэхэд уул завын дотроос хэнгэргийн дуу ихэд үүсэж зүүнээс Гуаньсин, баруунаас Жанбао хоёр замаар хавчин ороход, Цүй Юй ихэд гэлмэж яаран “Буруулсугай!” гэтэл чив чиг Жанбаод учраад нэгэн удаад Жанбаод баригдав. Журань бээр Цүй Юйгийн хохирсныг сонсоод онгоцыг доод урсгалын зүг тавь жаран газар буцаав. Сүньхуань дарагдсан цэргийг авч буруулан харьяат жанжингаас асууруун: “Урагш одсонд аль газрын хот бат, амуу элбэг аж?” доорх жанжин өгүүлрүүн: “Үүнээс хойд Илин хотод цэрэг сууваас болмуй” гэхэд Сүньхуань дарагдсан цэргийг хөөж Илинд хүрээд сая хотод орсонд Ү Бань нар нэхэж ирээд хотыг дөрвөн биеэс хаав. Гуаньсин, Жанбао нар Цүй Юйг бариад Зыгүйд авч ирсэнд Cяньжу эзэн ихэд баярлан даруй Цүй Юйг алаад олон цэргийг хуримласнаас сүр хүч ихэд алдаршиж Зян Наньгийн олон жанжны эс эмээгсэд нь үгүй болов.
Тэндээс Сүньхуань хүн зарж Ү вангаас өмөглөх цэрэг гуйсанд Ү ван сонсоод даруй бичиг цэргийн түшмэдийг авчран зөвлөрүүн: “Эдүгээ Сүньхуань Илинд хаагдаж буй. Журань дарагдаж мөрний доор буй хэмээмүй. Шу улсын цэрэг хүч их тул хэрхвээс сайн?”. Жанжао өгүүлрүүн: “Эдүгээ цэрэг дарагдавч жич сайн жанжин арваад буй тул Любэйгээс юунд аймуй? Ханьданьг гол жанжин болгож Жоутайг мөрний жанжин болгон Паньзянийг гавшгай. Линтунийг хойно хайгуул болгоод, Ганьнинг туслан байлдуулж арван түмэн цэрэг өгч байлдахаар илгээвээс болмуй”. Сүньцуань айлтгасан ёсоор болгож олон жанжин нарыг түргэвчлэн мордуулав. Тэр цагт Ганьнин суулгах өвчинтэй боловч хатуужин одов.
Тэндээс Cяньжу эзэн Үся, Зяньпиньгээс эхлэн Илингийн хязгаар хүртэл далан газар илүү дараа дараагаар дөчин хүрээ буугаад Гуаньсин, Жанбао удаа дараа гавьяа байгуулсныг үзээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Эрт намайг дагасан олон жанжин нар цөм өтлөөд, хэрэггүй болсон атал эдүгээ энэ хоёр хөвгүүн энэ мэт идэрхэг баатарт би Сүньцуаньгаас юунд эмээх аж” хэмээн ямагт хэлэлцэхэд хүн орж хэлрүүн: “Ханьдан, Жоутай цэрэг авч ирэв” хэмээмүй. Cяньжу эзэн: “Даруй жанжин нарыг байлдахаар илгээсүгэй!” гэтэл ойрхи түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Хөгшин жанжин Хуанжун тав зургаан хүнийг аваад Ү улсад дагахаар оров”. Cяньжу эзэн инээж өгүүлрүүн: “Хуан Ханшөн урвах хүн бус бөлгөө. Би ам алдаж хөгшрөгсөд цөм хэрэггүй болов” хэмээн эндүүрэн хэлсэнд тэр хүн эрхгүй хөгшнийг хүлээн авахгүй тийнхүү байлдахаар одсон болой” хэмээгээд Гуаньсин, Жанбаог дуудаж өгүүлрүүн: “Хуан Ханшөнгийн энэ одсон нь эрхгүй алдагдал гармуй. Мэргэн үеэл хөвгүүн нар битгий зовнин зүдэхээс зайлагтун! Урагш туслахаар одож баахан гавьяа олсонд даруй эгүүлэн явуулж битгий алдагдал гарахад хүрүүл!” хэмээсний хойно хоёр жанжин Cяньжу эзэнгээс салж харьяат цэргээ аваад Хуанжунд өмөглөхөөр одов. Энэ чухамхүү:
“Хөгшин сайдаас эзэнд гүйцэтгэхээр зүтгэж
Залуу жанжин улсад хариулахыг бүтээн чадмуй”
Эгнэгт Хуанжунгийн энэ очсон нь ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )