"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 83 ДУГААР БҮЛЭГ
СЯОТИН ГАЗАРТ СЯНЬЖУ ЭЗЭН ӨШӨӨТӨН ХҮНИЙГ ОЛСОН МӨРНИЙ АМЫГ САХИХАД БИЧГИЙН ХҮН ИХ ЖАНЖИН БОЛСОН
Өгүүлэх нь: Цог жавхлант хойдын жанжин Хуанжун, Сяньжу эзэнг дагаж Ү улсыг дайлаар одоход Сяньжу эзний “Хөгшин жанжин нарыг цөм хэрэггүй болов” хэмээсэн үгийг сонсоод, даруй дам илдийг барин морь унаж ойрхи тав зургаан хүнийг дагуулан Илингийн хүрээнд хүрсний хойно Ү Бань, Фөнси, Жан Нань гурав угтан оруулаад асууруун: “Хөгшин жанжны энэ ирсэн нь ямар учир буй?”. Хуанжун өгүүлрүүн: “Би Чаншагаас хааныг дагаж эдүгээд хүртэл хичээн зүтгэж олонтоо зүдгүүрийг үүрсэн бөлгөө. Өнөө хэдий далан нас илүү болсон боловч бас ч арван жин мах идэж ялгуух бөгөөд мөрөнд хатуу нумыг даах хүч буй. Бас мянган газар явах морийг унаж чадах тул хөгшрөөгүй асаар бөлгөө. Өчигдөр эзний өгүүлэх нь манийг “Хөгшрөөд хэрэггүй болов” хэмээмүй. Тийнхүү би энд Ү улс лугаа байлдахаар ирлээ. Миний жанжныг алахыг үзээд өтөлсөн үү үгүй үү!” хэмээв.
Тэндээс гэнэт “Ү улсын цэргийн өмнө анги хүрээний ойр хүрч ирэв” хэмээн мэдүүлсэнд Хуанжун гэдэсхийн босоод цацраас гарч морь унасан хойно Фөнси нар хориглож өгүүлрүүн: “Жанжин түр битгий хөнгөлж орогтун!” хэмээвч Хуанжун үг авсангүй морио давхиулан оджээ. Ү Бань, Фөнсиг “Цэрэг авч туслан байлдахаар од!” хэмээн илгээв. Хуанжун Ү улсын цэргийн өмнө морийг татан дам илдийг хөндлөн барьж гагцаар гавшгай Паньжангийн зүг өдөөн ороход Паньжангийн доорх жанжин Шызи, Хуанжунг хөгшрөв хэмээн басамжилж жад өргөн гарч байлдаад гурван удаа болсонгүй Хуанжунд цавчигдаж мориноос унав. Паньжан ихэд хилэгнэн Гуань гүнгийн барьсан хөх луут дам илдийг бариад Хуанжунтай байлдахаар ирээд хэдэн удаа болсон боловч хэн аль нь ч дийлэхгүй. Хуанжун хүчлэн байлдахад Паньжан ялахгүйгээ мэдээд морь буцааж буруулав. Мөн хүчинд нэхэж байлдаад ихэд дийлээд эгэхэд замын дунд Гуаньсин, Жанбаотай учрав. Гуаньсин өгүүлрүүн: “Бид хааны зарлигаар хөгшин жанжинд туслахаар ирсэн бөлгөө. Эдүгээ нэгэнт гавьяа байгуулсан тул хурдан хүрээндээ эгсүгэй!” хэмээхэд Хуанжун огт сонсохгүй бөлгөө. Жич өдөр Паньжан бас байлдахаар ирсний хойно Хуанжун гэхэлзэн гарч морийг унаад байлдахаар очиход Гуаньсин, Жанбао туслан байлдсугай хэмээвээс Хуанжун тэдний үгийг дагасангүй. Ү Бань туслан байлдсугай хэмээвээс бас ч дагахгүй гагц биеэр таван мянган цэрэг авч гараад байлдаж хэдэн удаа болсонгүй Паньжан дам илд чирэх аргыг хэрэглэж буруулав. Хуанжун морийг давхиулж сүрхий дуугаар өгүүлрүүн: “Гуань гүнгийн төлөө хариу авч өгмүй!” хэмээн нэхэж гучин газар илүү болсны хойно дөрвөн этгээдэд хашхирах дуу ихэд гаран бүгсэн цэрэг хамт гарч ирэв. Зүүнээс Жоутай, баруунаас Ханьдан, өмнөөс Паньжан, хойноос Линтун Хуанжунг хааж автал гэнэт догшин салхи дэгдсэнд Хуанжун гэлмээд яаран эгэхүйеэ уулын хөтлийн дээрээс Мажун нэгэн салааны цэрэг авч гарч ирээд нэгэн сум харвасанд Хуажунгийн мөр оногдож арай мориноос унах алдав. Ү улсын цэрэг Хуанжунгийн суманд оногдсоныг үзээд нэгэн цугаар хавчин байлдаж атал гэнэт хашхирах дуу гараад хоёр замын цэрэг байлдан ирсэнд Ү улсын цэрэг сарнин дутаав. Тэд Гуаньсин, Жанбао ажгуу. Хоёр бага жанжин Хуанжунг шууд хааны хүрээнд авч ирсэнд Хуанжунгийн нас өтлөөд цус буурай болсны дээр зэвийн шарх өвдөн зүдэх байдал маш хүнд тул Сяньжу эзэн өөрийн бие ойр ирээд арыг илж өгүүлрүүн: “Эдүгээ хөгшин жанжин хор олсон нь миний эндүүрэл болой!”. Хуанжун өгүүлрүүн: “Би нэгэн цэргийн эр асан бөлгөө. Завшаанд хаанд учраад эдүгээ сайд би нэгэнт далан таван насанд хүрсэн тул хутаг бас гүйцсэн болой. Хаан луугийн биеийг тэжээж Жун Юаньгийн газрыг хичээ!” хэмээн үг дуусмагц хүний үйлийг ухахгүй болоод тэр шөнө хааны хүрээнд үгүй болов. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Шантаршгүй хөгшин жанжин Хуанжун
Сичуаныг авахад их гавьяа байгуулжээ
Алтан оньст хуягийг давхарлан нөмрөөд
Төмөр нуруут нумыг хоёр гараар татмуй
Цөс зориг голын умардыг цочоогоод
Нэр сүр Шугийн газарт алдаршжээ
Үхэхийн үед толгой цас мэт цагаан
Үс цайсан боловч эрэлхэг баатраа илтгэв”
Сяньжү эзэн Хуанжунгийн амьсгал тасарсныг үзээд хаширч халшран гасалж зогсохгүй. Зарлигаар авслуулж Чөндүд аваачиж оршуулав. Сяньжу эзэн шүүрс алдаж өгүүлрүүн: “Таван барсын жанжны дотроос нэгэнт гурав нь үгүй болов. Би өшөөг нь бас ч авч чадаагүй!” хэмээн гүн гаслаад даруй шадар цэргийг аваад Сяотингийн газар ирээд олон жанжин нарыг нийлүүлэн цэргийг найман замаар хувааж усан хуурайгаар хамт оров. Усан замын цэргийг Хуанцуань дагуулан Сяньжу эзэн өөрийн бие их цэргийг авч хуурай замаар оров. Тэр үест Жан Ү82-ийн хоёрдугаар оны хоёр сарын дунд бөлгөө.
82 Сүрийг бадруулагч
Түүнээс Ханьдан, Жоутай Сяньжу эзэн өөрийн бие цэрэг авч ирмүй хэмээн сонсоод цэрэг авч эсэргүүлэн жагсааж Ханьдан, Жоутай гарч үзвээс Шу улсын хүрээний туг нээсэн газраас Сяньжу эзэн гарч ирэв. Алтан луут шар шүхрийн доор зогсож зүүн баруун этгээдэд цагаан хиур, шар сүх, алт мөнгөн хэмжээт цацаг тугаар өмнө хойныг тойруулжээ. Ханьдан өндөр дуугаар өгүүлрүүн: “Хаан эдүгээ Шу улсын эзэн болсон атал юунд биеийг хөнгөлөн нааш гарч ирэв. Хэрэв бид алдагдсанд гэмшивч гүйцэхгүй болой”. Сяньжу эзэн холоос зааж хараан өгүүлрүүн: “Танай Ү улсын нохой миний гар хөлийг хорлосон тул би амалдаж тэнгэр газрын хооронд хамтаар амьдрахгүй!” хэмээсэнд Ханьдан хойш олон жанжин нарын зүг хандан өгүүлрүүн: “Хэн гарч Шу улсын цэргийг байлдах вэ?” хэмээтэл доорх жанжин Сясюнь жад барьж гарав. Сяньжу эзний арын хойноос Жанбао найман алдын могойт жадыг барьж гараад нэгэнтээ бархирмагц Сясюньтай байлдахаар оров. Сясюнь, Жанбаогийн дуу аянга мэт тул дотор шажигнан сая буруулсугай хэмээтэл Жоутайгийн дүү Жоупин үзээд илд далайж морио давхиулан ирэв. Гуаньсин үүнийг үзээд морь довтолгон гарч угтав. Жанбао өндөр дуугаар нэгэнтээ зандраад Сясюнийг жадалж мориноос тонгорцоглотол унагаажээ. Жоупин ихэд гэлмэж гар хөл хөдлөн завдахын урьд Гуаньсинд алагдав. Хоёр бага жанжин Ханьдан, Жоутайг эрэн ирэхэд Ханьдан, Жоутай нар яаран жагсаалдаа эгэв. Сяньжу эзэн үзээд өгүүлрүүн: “Барсын эцгээс нохойн хөвгүүн төрөхгүй болой” хэмээн ташуураар нэгэнтээ заасанд Шу улсын цэрэг цугаар ороод Ү улсын цэргийг ихэд дарсан тул тэр найман замын цэргийн хүч булгийн ус буцлах мэт. Ү улсын цэргийг алаад яс нь талд хөндлөн гулд болж цус нь гол адил урсав.
Тэндээс Ганьнин төвхийтэл онгоцны дотор өвчнөө сувилан бүхийд Шу улсын цэрэг ирснийг сонсоод шаламгайлан морь унан гарваас чивхийтэл мань аймгийн цэрэгт учрав. Тэд хүн бүр үсээ тавьж хөл нүцгэлэн холховч нум, урт жад, халх сүх барьжээ. Тэргүүлэгч нь Фаньван Шамокө болой. Нүүр цус мэт нүд хөх бөгөөд бүлтгэр, хоёр гартаа өргөстэй төмөр шийдэм барьжээ. Сүүжинд хоёр нум зүүсэн нь ихэд сүртэй. Ганьнин түүний хүч ихийг үзээд эмээж байлдахгүйгээр морь буцаан буруулан явахад Шамокөгийн харвасан суманд толгой нь оногдсоноор Ганьнин зэв хатгасаар яваад Фүчикоу аманд хүрч их модны доор сууж үхэв. Модны дээр хэд хэдэн зуун хэрээ түүний ясыг тойроход Ү ван сонсоод ихэд уяран бэлэвсэрч сүм байгуулж тахиулав. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Үзюньгийн газрын Гань Синба
Урт мөрөнд хэмэрлэгээр онгоц бүрхээд
Эзэндээ хариулах биеийг мэдэгчдийг хүндэтгээд
Нөхөртөө гүйцэтгэж өшөө хорслыг арилгав
Хүрээг дарахуйяа шавай морьтонг дагуулаад
Цэргийг дайчлахад их хундагаар уулцав
Хувилгаан хэрээ илбийг үзүүлэн
Хүж зул мянган онд үргэлжилжээ”
Тэндээс Сяньжу эзэн дийлсэн хүчиндээ нэхэж алаад даруй Сяотинг авав. Ү улсын цэрэг дөрвөн зүг сарнисанд Сяньжу эзэн цэрэг хураасны хойно гагц Гуаньсин үзэгдсэнгүй. Сяньжу эзэн яаран Жанбао нарт захиж дөрвөн зүгээс эрэхээр илгээв. Үзвээс Гуаньсин Ү улсын жагсаалд цавчин орвоос өшөөт хүн Паньжантай учирсан тул морийг тавин нэхэхэд Паньжан ихэд айж уулын завд буруулан орсон газрыг мэдэхгүй болжээ. Гуаньсин уулын дотор байгаа буй за хэмээн нааш цааш явж эрвээс олсонгүй. Үзсээр наран орой болоод зам төөрсөнд завшаанаа сарны гэрэлд эрдэж нэхсээр уул хөтөлд хүрэхүйеэ нэгэнт хоёрдугаар жингийн үес болжээ. Нэгэн гацаанд хүрээд мориноос бууж хаалгыг тогшсонд нэгэн хүн гарч асууруун: “Ямар хүн буй” хэмээвээс Гуаньсин өгүүлрүүн: “Би нэгэн байлдааны жанжин бөгөөд зам төөрч энд ирэв. Нэгэн цагийн будаа гуйж өл дарсугай!”. Хөгшин хүн оруулсны хойно Гуаньсин үзвээс танхимд нэгэн хос гэв гэгээн лаа шатааж буйн төв дунд Гуань гүнгийн хувилгаан байдлыг зурж өлгөжээ. Гуаньсин үзээд уйлан сөгдөж мөргөсний хойно хөгшин асууруун: “Жанжин юунд уйлан мөргөмүй?”.
Гуаньсин өгүүлрүүн: “Энэ миний эцэг болой”. Хөгшин хүн сонсоод даруй сөгдөж ёслов. Гуаньсин өгүүлрүүн: “Ямар учирт миний эцгийг тахимуй?”. Хөгшин өгүүлрүүн: “Энэ газар болбоос цөмөөр хувилгааны газар бөлгөө. Амьдын цагт гэр бүр цөм хүндлэх атал нэнд эдүгээ сахиусан болсныг юун өгүүлмүй. Хөгшин эр би гагц Шу улсын цэрэг хурдан ирж хариу авахыг эрээлцэн амуй. Эдүгээ жанжны энд ирсэн нь зуун овгийн буян болой” хэмээгээд даруй архи будаа бэлтгэж хүндлэн морины эмээлийг авч идүүлэв.
Түүнээс гутгаар жин болсны хойно хаалганы гадна нэгэн хүн үүдийг тогшмуй. Өвгөн гарч асууваас харин Ү улсын жанжин Паньжан бас л хоног эрэхээр ирсэн ажгуу. Сая гэрт ортол Гуаньсин үзээд илдийг авч өндөр дуугаар зандарч өгүүлрүүн: “Урвасан хулгай битгий буруулагтун!” хэмээсэнд Паньжан бие буцаж даруй гарсугай гэтэл гэнэт хаалганы гаднаас нүүр чавга мэт улаан, хөмсөг хүр хорхой адил гарьдын нүдтэй, гурван мушгиа сайхан сахалт нэгэн хүн ногоон хувцас алтан дуулга өмсөөд сэлэм атган орж ирэв. Паньжан Гуань гүнгийн сахиус илэрснийг үзээд даруй өндөр дуугаар бархиран сүнс нь сарниж яаран эгсүгэй гэтэл Гуаньсингийн илд бууж ирээд газарт цавчин унагав. Зүрхний цусыг авч Гуань гүнгийн хөргийн өмнө тахив. Гуаньсин эцгийн барьсан хөх луут дам илдийг олж Паньжангийн тэргүүнийг огтлон морины хүзүүнд уяад өвгөнөөс салан Паньжангийн морийг унаж уул хүрээний зүг ирэв. Өвгөн Паньжангийн ясыг чирэн гаргаад түлжээ.
Тэндээс Гуаньсин хэдэн газар одсонгүй сонсвоос хүн хэлэлцэн морь янцгааж нэгэн бүлэг цэрэг ирмүй. Тэргүүлэгч жанжин нь Паньжангийн доорх жанжин Мажун болой. Мажун үзвзэс Гуаньсин эзэн жанжин Паньжаныг алаад тэргүүнийг морины хүзүүнд өлгөсөн бөгөөд дам илдийг бас барьж байхыг үзээд тэсгэлгүй тачаадаж морио давхиулан Гуаньсингийн зүг ороход Гуаньсин Мажун болбоос эцгийг нь хорлосон өшөөт хүн тул дам илдийг өргөж Мажунг цавчихад Мажунгийн доорх гурван зуун цэрэг хамтын хүчээр нэгэнтээ бархирмагц Гуаньсинг дундаа хаав. Гуаньсин ганцаар тул бэрхшээж байтал гэнэт баруун хойноос нэгэн баг цэрэг гарч ирэв. Тэр Жанбао болой. Мажун өмөглөх цэрэг ирснийг үзээд яаран цэргийг дагуулан эгэв. Гуаньсин, Жанбао хоёр нийлж нэхээд хэдэн газар болсонгүй өмнөөс нь Мифан, Фу Ширэнь цэрэг авч Мажунг эрэхээр ирээд хоёр цэрэг нийлж нэгэн газар хутган байлдмуй. Гуаньсин, Жанбаогийн цэрэг цөөн тул санд мэнд эгэж Сяотинд хүрч ирээд Сяньжу эзэнд золгож тэргүүнийг өргөн тэр үйлийг хэлсний хойно Сяньжу эзэн ихэд гайхаж олон цэргийг шагнав.
Тэндээс Мажун эгээд Ханьдан, Жоутайд золгож буруулсан цэргийг хураан өөр өөрийн газрыг сахив. Цэргийн хүн шарх олсон нь тоолбоос барахгүй. Мажун, Фу Ширэнь, Мифанг авч Зянжу газарт буудаллав. Тэр шөнийн гутгаар жинд цэргийн хүн цөм уйлаад дуу тасрахгүй. Мифан сэмээр сонсвоос нэгэн цэргийн хүн өгүүлэх нь: “Бид угаас цөм Зинжоу мужийн цэрэг. Люймөнгийн худал аргад эндүүрч эзний бие хорлогдов. Эдүгээ Лю хааны авга өөрийн биеэр дайлахаар ирсэн тул Зүүн Ү улс өглөө үдэш мөхмүй. Хааны занах нь гагц Мифан, Фу Ширэнь болой. Бид энэ хоёр хулгайг алаад Шу улсын хүрээнд дагахаар очвоос гавьяа багагүй болой” гэхэд бас нэгэн ангийн цэрэг өгүүлрүүн: “Битгий яарагтун! Чөлөөг үзэж гар хөдөлбөөс сая болмуй” хэмээв. Мифан тэр үгийг сонсоод ихэд гэлмэж Фу Ширэнь лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Цэргийн сэтгэл хувьсав. Бид хоёулын амийг хамгаалах нь бэрх. Эдүгээ Шу улсьш эзний занах нь Мажун болой. Түүнийг алж тэргүүнийг Шу улсын эзэнд өргөөд “Бид аргагүйдээ Ү улсыг дагасан бөлгөө! Өнөө хаан биеэр байлдахаар ирсэнд тусгайлан ялаа хүлээхээр ирэв хэмээн хэлж гуйсугай!”. Фу Ширэнь өгүүлрүүн: “Болохгүй! Одвоос эрхгүй зовлон болмуй”. Мифан өгүүлрүүн: “Шу улсын эзэн өршөөл уудам, эрдэм зузаан бөгөөд эдүгээгийн Адоу тайж миний зээ хөвгүүн болох тул тэр намайг улсын ураг болохыг санавч лав алахгүй” хэмээн хоёул зөвлөж тогтоод урьдаар морь эмээллүүлэн гутгаар жингийн үест цацарт орж Мажунг хороогоод тэргүүнийг огтлон авч хоёулаа арваад хүнийг авч шууд Сяотингийн зүг ирэхэд бүгсэн цэрэг учирч бариад урьд Фөнси, Жан Наньтай уулзуулсанд тэдгээр тэр үйлийг хэлэв. Жич өдөр хааны хүрээнд авчирч Сяньжу эзэнтэй уулзуулбаас Мажунгийн тэргүүнийг өргөөд уйлан өгүүлрүүн: “Түшмэл бид үнэхээр урвах сэтгэл үгүй бөлгөө. Люймөнгийн худал аргад Гуань гүнг нэгэнт үгүй болов хэмээхэд итгэсэн хүмүүс хотын хаалгыг нэгэнтээ хулган нээсэн тул түшмэл бид аргагүйдээ дагасан болой. Эдүгээ хааны бие ирснийг сонсоод энэ хулгайг алаад хааны хорслыг тайлав. Хаан өршөөвөөс сайд бидний ялыг уучлах ажаам уу!”. Сяньжу эзэн ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би Чөндүгээс гараад хэдий удтал танай хоёул юунд ял хүлээхээр ирсэнгүй аж. Эдүгээ цухалдаад уран үгээр амь хэлтрүүлсүгэй хэмээн ирсэн нь бус уу! Би таныг хэлтрүүлбээс нөгөө ертөнцөд ямар нүүрээр Гуань гүнд золгомуй?” хэмээн үг дуусаад Гуаньсинд захиж Гуань гүнгийн суурин ширээг бэлтгүүлээд Сяньжу эзэн өөрийн бие Мажунгийн тэргүүнийг барьж өмнөдөд тахиад бас Гуаньсингаар Мифан, Фу Ширэньгийн хувцсыг тайлуулан хөргийн өмнө сөгтгөж өөрийн биеэр илд барьж ховхлон алаад Гуань гүнг тахив. Гэнэт Жанбао цацарт ороод уйлан сөгдөж: “Хоёрдугаар их авгын өшөөт хүмүүсийг олж алав, сайд миний эцгийн өшөөг аль өдөр хариулах буй?” хэмээсэнд Сяньжу эзэн өгүүлрүүн: “Мэргэн үеэл хөвгүүн бүү зовогтун! Би Зяннань газрыг түвшин болгож Ү улсын нохойг дуусган алаад эрхгүй хоёр хулгайг барьж чамд тушаая! Чи биеэр огтчин алж эгэтээ тахь!” хэмээсэнд Жанбао уйлан талархаж эгэв.
Тэр цагт Сяньжу эзний сүр ихэд алдаршаад Зяннаньгийн хүн цөм цөс хэмхэрч өдөр шөнөгүй уйлалцах болов. Ханьдан, Жоутай ихэд цочиж яаран Ү ванд “Мифан, Фу Ширэнь нар Мажунг алаад Шу улсад дагахаар одсонд бас Шу улсын эзэнд алагдав” хэмээн айлтгаж илгээсэнд Сүньцуань сэтгэл зовж даруй бичиг цэргийн түшмэдийг хуруулж зөвлөхөд Бүжи өгүүлрүүн: “Сяньжү эзний занах нь Люймөн, Паньжан, Мажун, Мифан, Фу Ширэньд буй болой. Өнөө тэдний хэдэн хүмүүн цөм үхжээ. Гагц Фаньзян, Жанда хоёр нь эдүгээ бидний Зүүн Ү улсад буй. Юунд энэ хоёр хүнийг барьж жич Жанфэйгийн тэргүүнтэй хамтаар элч зарж хүргүүлээд бас Зинжоуг эргүүлэн өгч хатныг буцаамуй хэмээн илтгэл өргөж найралдахыг гуйгаад урьдын адил нэгдэж хамгийн хүчээр Вэй улсыг сөнөөсүгэй хэмээвээс Шу улсын цэрэг аяндаа эгэх болой”. Сүньцуань тэр үгийг дагаж даруй зандан модон хайрцган дотор Жанфэйгийн тэргүүнийг агуулж Фаньзян, Жандаг барьж битүү тэргэн дотор хориод Чэнбинд тушааж улсын бичиг бариулан Сяотинд зарав.
Тэндээс Сяньжу эзэн цэрэг авч урагш орсугай. Ойрх түшмэл өгүүлрүүн: “Ү улс элч зарж Жан Чөци жанжны тэргүүн хийгээд Фаньзян, Жанда хоёулыг битүү тэргэнд хийж хүргэхээр иржээ”. Сяньжу эзэн гараа магнайд тавьж өгүүлрүүн: “Энэ тэнгэрийн соёрхсон нь бөгөөд гуравдугаар дүүгийн гайхамшгаас болсон бөлгөө” хэмээн даруй Жанбаод тушааж Жанфэйгийн суурин ширээг бэлтгүүлэн Сяньжу эзэн Жанфэйгийн тэргүүнийг үзвээс хайрцагны дотор аж. Царайн өнгө өчүүхэн ч хувирсангүй тул ихэд дуу тавин уйлжээ. Жанбао хурц илд бариад Фаньзян, Жандаг огтчин алаад эцгийн хөрөгт тахив. Тахиж дуусаад Сяньжу эзний хилэн бас намжсангүй. Эрхгүй Ү улсыг сөнөөтүгэй хэмээхэд Малян айлтгаж өгүүлрүүн: “Өшөөтөн хүнийг дуусган алсанд хорсол арилж болмуй. Ү улсын элч Чэнбин энд буй. Зинжоуг эгүүлэн хатныг хүргэж ирээд өнө удаан найрамдах болж хамтын хүчээр Вэй улсыг сөнөөсүгэй хэмээн зарлигийг хүргэхээр ирэв”. Сяньжу эзэн хилэн төрж өгүүлрүүн: “Миний бие шүд зууж занах нь Сүньцуань болой. Энэ өдөр түүн лүгээ зохицвоос хоёр дүү лүгээ тэр өдөр хамт амалдсанаас зөрчмүй. Урьд Ү улсыг сөнөөгөөд жич Вэй улсыг эвдсүгэй!” хэмээгээд “Ү улсын элчийг алаад Ү улсын саналыг тасалсугай!” хэмээхэд олон түшмэл гашуудан гуйж сая байв. Чэнбин тэргүүнийг дарж эгээд Ү ванд золгож хэлрүүн: “Шу улс зохицохыг тогтоохгүй. Амалдаж Зүүн Ү улсыг сөнөөсний хойно сая Вэй улсыг эвдмүй хэмээхийг олон түшмэд гашуудан гуйвч болохгүйг яанам?” хэмээв. Сүньцуанъ ихэд гэлмэж яахаа олохгүй бүхийд Каньзө гарч ирээд: “Өнөө тэнгэрийг тулах багана энд буй атал юунд хэрэглэхгүй аж?”. Сүньцуань яаран өгүүлрүүн: “Ямар хүн буй?”. Каньзө өгүүлрүүн: “Эрт өдөр Зүүн Ү улсын их үйлийг цөм Жоуланд тушаасан бөлгөө. Хожим Лү Зызин83 төлөөлжээ. Зызин үгүй болсны хойно Люй Зымингээр төлөөлүүлэв. Зымин84 хэдий үгүй болсон боловч өнөө Лү Бо Янь Зинжоуд буй. Энэ хэдий бичгийн хүн боловч үнэнхүү баатар эрдэм их бөгөөд бодлоготой, сайд надаар шүүмжилбээс Жоулангаас дооргүй болой. Урьд Гуань гүнг эвдсэн тэр бодлого цөм Бо Яньгаас гарчээ. Ван хэрвээ хэрэглэн чадваас Шу улсыг эрхгүй эвдлэх болой. Алдагдал гарваас сайд би адил ял хүлээхийг хүсмүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Дөрунь85 хэлсэнгүй болохул их үйл саатахуйд хүрмүй” хэмээхэд Жанжао хэлрүүн: “Лүсюнь нэгэн бичгийн хүн болой. Любэйд тэнцэх нь бус тул хэрэглэж үл болмуй”. Гү Юн бас өгүүлрүүн: “Лүсюнь нас залуу бөгөөд олны эрмэлзэлд хөнгөн тул олон түшмэл бишрэхгүй буй за! Хэрвээ эс биширвээс зовлон үүсэж их хэрэг саатмуй”. Бүжи бас өгүүлрүүн: “Лүсюнийг нэгэн хошууны газарт зарваас зохимуй. Хэрэв их үйлийг тушааваас зохих нь бус”. Каньзө өндөр дуугаар өгүүлрүүн: “Хэрэв Лү Бо Янийг хэрэглэхгүй болбоос Зүүн Ү улс мөхөх болой! Сайд би дуртайяа гэрийн бүхнээр данж болгосугай!”. Сүньцуань өгүүлрүүн: “Би бас ч Лү Бо Янийг уран арга өвөрлөсөн гэдгийг мэдмүй! Миний санаа нэгэнт тогтов. Та нар битгий олонтоо өгүүлэгтүн!” хэмээв.
83 Лүсүгийн өргөсөн нэр
84 Люймөнгийп өргөсөн нэр
85 Каньзөгийн өргөсөн нэр
Түүнээс даруй Лүсюнийг авахаар илгээв. Лүсюньгийн уг нэр нь Лү И боловч хожим Сюнь хэмээн халав. Өргөсөн нэр нь Бо Янь, Ү Зюнь газрын хүн. Хань улсын Чөнмэнь Сяо Юй түшмэл Лү Юйгийн ач Зю Зянгийн Дү Юй түшмэл Лүзюньгийн хөвгүүн. Биеийн өндөр найман тохой, нүүр сайхан хасын адил бөгөөд баруун зүгийг тохинуулах жанжны тушаалыг хүлээж амуй. Тэр тухай зарлигаар дуудсанд орж бараалхсаны хойно Сүньцуань өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын цэрэг хязгаарт ойр болсон тул би тусгайлан чамд тушааж цэргийг ерөнхийлон захируулж Любэйг эвдэлсүгэй!” хэмээсэнд Лүсюнь өгүүлрүүн: “Зяндунгийн бичиг цэргийн түшмэл цөм Ван таны хуучин түшмэд бөлгөө. Сайд миний нас бага бөгөөд эрдэмгүй тул яахан захирч чадмуй?”. Сүньцуань өгүүлрүүн: “Кань Дөрүнь гэрийн бүхнээр данж болгон чамайг баталсан бөгөөд би бас ч язгуураас чиний эрдэм чадлыг мэдмүй. Эдүгээ чамайг их дүдү болгох тул чи битгий маргагтун!”. Лүсюн өгүүлрүүн: “Хэрвээ бичиг цэргийн түшмэд лүгээ дагахгүй болбоос яамуй?”. Сүньцуань зүүсэн илдийг тайлан өгч өгүүлрүүн: “Хэрэв цаазыг сонсохгүй хүн аваас урьд алаад хожим мэдүүл!”. Лүсюнь өгүүлрүүн: “Өршөөлөөр хүнд үйлийг тушаасанд ямар аймшиггүй захиаг эс дагамуй. Гагц Ван маргааш олон түшмэлийг хуруулсны хойно сая сайдад хүртээгтүн!”. Каньзө айлтгаруун: “Эртнээс жанжин болох нь эрхгүй мандал цогцлон олныг хуруулаад тугийн цагаан залаа, шар төмөг, тамга цацаг, цэргийн бичиг хүртээсэн хойно сая сүр алдаршин цааз чанга болмуй. Эдүгээ их Ван бас энэ ёсыг дуурайн өдөр сонгож мандал цогцлоон Бо Янийг их дүдү болгон хэмжээт цацаг, төмөг өгвөөс олон хүн аяндаа дагах болой” хэмээхүйд Сүньцуань үгийг дагаж хүнд тушаан шөнө дөлөөр мандал цогцлуулан дуусгаад зуун түшмэлийг хуруулж Лүсюнийг мандалд авируулан их Дүдү болгоод барууныг хамгаалах цэргийн тохинуулах жанжин бөгөөд Лэйхоу өргөмжилж эрдэнийн илд тамга өгч зургаан хошуу наян нэгэн сум жич Зин, Чу газрын олон замын цэрэг морийг хавсран захируулав. Ү ван сургаж өгүүлрүүн: “Дотоодын үйлийг би эзэн сууж, гадаадын үйлийг жанжин застугай!” хэмээв.
Түүнээс Лүсюнь зарлигийг хүлээж аваад мандлаас бууж Сюйшөн, Динфөнг хамгаалагч болгоод тэр өдөртөө цэрэг мордов. Нэгэнтээгүүр олон газрын цэрэг морийг зарлан дуудаж усан хуурай замаар хамт оров. Энэ бичиг Сяотинд хүрсний хойно Ханьдан, Жоутай ихэд гэлмэж өгүүлрүүн: “Эзэн яахан өчүүхэн бичгийн хүмүүнээр цэргийг ерөнхийлүүлсэн ажгуу?” хэмээж байтал Лүсюнь хүрч ирсэнд олны санаа цөм дагахгү, Лүсюнь цацарт сууж үйл зөвлөхөд олон цөм аргагүй золгохоор ирэв. Лүсюнь өгүүлрүүн: “Дээд эзний зарлигаар намайг их жанжин болгож цэргийг захиран Шу улсын цэргийг эвдэл хэмээжээ. Цэрэгт цааз буй тул гүн нар өөр өөрийн тушаал явдлыг хичээнгүйлэн сахь! Зөрчвөөс Вангийн цаазанд ураг үгүй. Битгий гэмшихэд хүрүүлэгтүн!” хэмээсний хойно олон цөм дув дуугүй болжээ. Жоутай өгүүлрүүн: “Эдүгээ аньдун жанжин Сүньхуань болбоос эзний үеэл хөвгүүн бөлгөө. Өнөө Илин хотод хаагдаад дотор амуу өвсгүй бөгөөд гаднаа өмөглөх цэрэг бас үгүйн тул Дүдүгийн арга гаргаж Сүньхуанийг авраад эзний сэтгэлийг амар болгохыг хүсмү”. Лүсюнь өгүүлрүүн: “Би язгуураас Аньдунгийн цэргийн сэтгэлийг олсныг гүн мэдмүй. Эрхгүй батлан сахихыг чадах тул өмөглөх хэрэггүй. Би Шу улсыг эвдэлсний хойно тэр өөрөө гарч ирэх болой” хэмээсэнд олон цөм дотуур элэглэж эгэв. Ханьдан Жоутайгийн зүг өгүүлрүүн: “Энэ үхээнц хөвгүүнийг жанжин болгосон нь Зүүн Ү улс мөхөх болой! Гүн түүний явдлыг үзсэн буюу?”. Жоутай өгүүлрүүн: “Би баахан үгээр тэнсвээс нэгэн арга ч үгүй тул яахан Шу улсыг эвдлэн чадмуй” хэмээв. Жич өдөр Лүсюнь цааз зарлаж олон жанжин нарыг “Өөр өөрийн боомт хавцлыг бэхлэн сахь! Битгий хөнгөлөн байлд!” хэмээхэд олон цөм инээж түүнийг “Үхээнц” хэмээн үг дагахгүй. Дараа өдөр Лүсюнь цацарт суугаад олон жанжин нарыг дуудаж өгүүлрүүн: “Би вангийн зарлигийг хүлээж олон цэргийг захирмуй, өчигдөр нэгэнгтээ гурвантаа зарлаж тавантаа ухуулан та нарыг “Өөр өөрийн газрыг бэхлэн сахь!” хэмээвээс цөм миний үгийг авахгүй нь юун болой?”. Ханьдан өгүүлрүүн: “Би язгуураас Сүнь жанжинг дагаж Зян Нанийг тогтоож хэд хэдэн зуун байлдааныг өнгөрүүлсэн бөгөөд өөр олон жанжин нарын дотор зарим нь сөргүүг арилгах жанжинг дагаж зарим нь эдүгээгийн их Ванг дагаж цөм батыг нөмрөн хурцыг барьж дайсанд орвоос үхэх гарваас эдгэх эрдэмтэн бөлгөө. Эдүгээ дээд эзэн гүн чамд их дүдүгийн тушаалыг өгөөд “Шу улсын цэргийг халхалсугай!” хэмээсэнд чухам хурдан арга тогтоож цэрэг гарган тус тус зам хуваан байлдуулж их үйлийг хичээвээс зохих атал чи харин “Бэхлэн сахиж битгий байлд!” хэмээх нь тэнгэрээс хулгайг алахыг хүлээмүй үү? Би амьдрахыг эрж үхэхээс айх хүн бус! Юунд биднийг дарж түүний сүрийг хөгжөөмүй” хэмээсэнд цацрын олон жанжин нар цөм дагалдаагаар өгүүлрүүн: “Хань жанжны үг мөн болой. Бид нэгэнтээ үхэхээр байлдахыг хүсмүй” гэхэд Лүсюнь сонсож дуусаад гартаа илд барьж өгүүлрүүн: “Би хэдий нэгэн бичгийн хүн боловч эдүгээ дээд эзэн өршөөж хүнд тушаалыг тушаасан нь миний ямхын төдий хэрэглэх эрдэм буй бөгөөд ичгүүрлийг хүлцэн, хүндийг үүрэн чадах учирт болой. Та нар өөр өөрийн хавцал амыг бэхлэн сахиваас зохимуй. Битгий дэмий хөдлөгтүн! Хэрэв цаазыг зөрчвөөс даруй алмуй” хэмээсэнд олон цөм хилэгнэж одов.
Тэндээс Сяньжу эзэн Сяотингийн газраас цэрэг тэгшлэн шууд Чуанькоугийн аманд хүрч ирээд долоон зуун газарт хүртэл дараа дараагаар өмнө хойно дөч илүү хүрээ байгуулав. Шөнө болбоос галын гэрэл тэнгэрт гэрэлтэж өдөр болбоос туг хиур нарыг халхалмуй. Гэнэт тагнуулч ирж хэлрүүн: “Зүүн Ү улс Лүсюнийг хэрэглэж их Дүдү болгон цэргийг ерөнхийлөн захируулсанд Лүсюнь олон жанжинг цаазалж өөр өөрийн чухал газрыг сахиж гарч болохгүй хэмээв” хэмээмүй. Сяньжу эзэн асууруун: “Лүсюнь ямар зэргийн хүн аж?”. Малян айлтгаж өгүүлрүүн: “Лүсюнь хэдий Зүүн Ү улсын нэгэн бичгийн хүн боловч нас залуу бөгөөд эрдэм их, арга бодлого гүн. Урьд Зинжоу мужийг авсан нь цөм энэ хүний хуйхар арга болой” гэж өчихөд Сяньжу эзэн ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Өчүүхэн хөвгүүний аргад миний хоёр дүү хохирсон тул эдүгээ түргэнээ баримтилбаас зохимуй” хэмээгээд даруй “Цэрэг орсугай!” хэмээхэд Малян хориглож өгүүлрүүн: “Лүсюньгийн эрдэм Жоулангаас дооргүй тул хөнгөлөн байлдаж эс болмуй” хэмээв. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би цэрэг хэрэглэсээр өтөлсөн атал харин нэгэн амны сүү арилаагүй хөвгүүнд хүрэхгүй юү?” хэмээгээд даруй өөрийн бие өмнөд цэргийг авч олон боомт хавцлыг байлдав.
Тэндээс Ханьдан, Сяньжу эзний цэрэг ирэхийг үзээд хүн зарж Лүсюньд мэдүүлсэнд Лүсюнь Ханьданыг дэмий хөдлүүзэй хэмээн яаран биеэр нисэх мэт довтолгон ирээд үзвээс чив хэмээн Ханьдан морилж уулан дээр анхааран үзэж амуй. Шу улсын цэрэг уул голыг бүрхэж ирээд цэргийн дотор бараг бүрэг шар луут шүхэр үзэгдмүй. Ханьдан, Лүсюнийг угтаж аваад хоёул морь зэрэгцэн үзэхэд Ханьдан зааж өгүүлрүүн: “Цэргийн дотор эрхгүй Любэй буй. Би одож байлдсугай!” хэмээмүй. Лүсюнь өгүүлрүүн: “Любэй цэрэг авч зүүнш ирснээс нэгэн дараагаар арваад илүү удаа дийлээд сүр хүч их чив хөгжин аху тул гагц өндөрт сууж бэрхийг сахиваас зохимуй. Хөнгөлөн гарваас тусгүй. Гагц жанжин цэргийн сэтгэлийг хөгжүүлэн халхалж сахих аргыг сургаад түүний самуурахыг хүлээх нь зүй. Өнөө тэдгээр агуу талд агаад төвхийтэл гар зөв буй тул бид бэхлэн сахиад гарахгүй болохул тэд “Байлдсугай!” хэмээвээс олж байлдахгүй болоход эрхгүй хүрээ нүүж уул, ой модны дотор буудалламуй. Тэр цагт уран арга хэрэглэж дийлсүгэй!” хэмээсэнд Ханьдан нүүрт хэдий “Мөн!” хэмээвч дотор дагамжлахгүй бөлгөө.
Тэндээс Сяньжу эзэн өмнөд цэргийг авч ирээд зуун зэрэг ичээн
харааваас Лүсюнь чихийг даран үл сонсогч болж битгий гарагтун хэмээн цаазлаад биеэр олон боомт хавцлыг тойрч захиран цэргийг тохинуулан гагц бэхлэн сахиулав. Сяньжу эзэн Ү улсын цэрэг гарч ирэхгүйг үзээд дотор баяргүй бүхийд Малян айлтгаж өгүүлрүүн: “Лүсюньд арга бодлого гүн буйн дээр эдүгээ хааны бие цэрэг авч холоос байлдахаар ирээд хавраас улирч зун болжээ. Түүний гарч байлдахгүй нь эрхгүй бидний цэргийн хувьсахыг хүлээх болой. Хаан эзэн та хянан байцаахыг хүсмү”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Түүнд ямар арга буй, гагц дайснаас айх нь болой. Урьд нь хэдэн зэрэг дарагдсан тул эдүгээ юун аймшиггүй дахин гармуй”. Гавшгай Фөнси өгүүлрүүн: “Эдүгээ цагийн халуунд цэрэг галын дотор буудалласан адил. Ус авахад ихэд гүн тул маш дөхөмгүй” хэмээвээс Сяньжу эзэн даруй олон хүрээг цөм уул шугуйн сахлаг газарт нүүлгэн голд ойр усыг ирмэглэн зуныг өнгөрүүлж намарт хүрсний хойно цэрэг орсугай!” хэмээв. Фөнси хааны зарлигаар цэргүүдээ мод шугуйн сүүдэр газарт шилжүүлэн буудаллав. Малян өгүүлрүүн: “Хэрэв цэрэг хөдөлсөнд Ү улсын цэрэг гэнэт ирвэл яамуй?”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би ү Баньд түм сул цэрэг тушааж Ү улсын хүрээний ойр буудаллуулаад би биеэр найман мянган шилсэн цэргийг уулын дотор бүгүүлсүгэй! Хэрвээ Лүсюнь манай хүрээ шилжихийг үзээд эрхгүй гарч байлдахаар ирмүй. Тэр үест ү Бань хуурч буруулсугай. Лүсюнь хэрэв нэхэж ирвээс би цэрэг авч гараад түүний эгэх замыг тасалсанд өчүүхэн хөвгүүнийг барьж болмуй”. Бичиг цэргийн түшмэд цөм магтаж өгүүлрүүн: “Хааны хувилгаан бодлогод олон сайд яахан хүрмүй” хэмээлдэв. Малян өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос Жугө чансан дүнчуаньд сууж олон боомт хавцал амыг байцаан явж “Вэй улсын цэрэг оруузай” хэмээн сахиж амуй хэмээнэм. Хаан юу хэмээн олон хүрээний буудалласан газрын зургийг зуруулаад чансангаас асуухаар илгээхгүй аж?”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би бас ч цэргийн аргыг сайтар мэдэх тул яаж бас чансангаас асуумуй”. Малян өгүүлрүүн: “Эртний үгэнд “дуусган сонсвоос гэгээн болой. сонсохгүй болбоос халхлагдмуй” хэмээжээ. Хааны хянахыг хүсмү”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Чи биеэр олон хүрээнд одож дөрвөн этгээд найман зовхист хүртэл зураг зураад дунчуаньд одож чансангаас асуу. Хэрэв тусгүй болбоос хурдан хэлэхээр ирэгтүн!”. Малян захиаг хүлээн одов. Түүнээс Сяньжу эзэн цэргийг ой мод сахлаг газарт нүүлгэн халуунаас зайлав. үүнээс хэдийн харуулын хүн Ханьдан,
Жоутайд хэлэхээр одсонд хоёул тэр мэдээг сонсоод ихэд баярлан Лүсюний дэргэд ирж өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын дөч илүү цэргийн хүрээ цөм уул шугуйн ягч зузаан газарт нүүлгэн голын ойр усны ирмэгт сэрүүцэж байх тул Дүдү хоосныг тухайлах нь тухай зохих буй за!” хэмээв.
Энэ чухамхүү:
“Шу улсын эзэн бодлоготой тул цэрэг бүгүүлэн чадаад
Ү улсын цэрэг баатарлахад дуртай тул эрхгүй баримтлагдмуй”
Эгнэгт Лүсюнь тэр үгийг авах ба эсэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )