Гурван улсын үлгэр | 88 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  88 ДУГААР БҮЛЭГ

ЛҮШҮЙ УСЫГ ГЭТЛЭЭД ФАНЬ ВАНГ ДАХИН ХҮЛСЭН ХУУРМАГ ДАГАСНЫГ УХААД МӨНХУОГ ГУРВАНТАА БАРЬСАН

Өгүүлэх нь: Кунмин, Мөнхуог тавьж илгээсэнд олон жанжин нар цацарт гарч асууруун: “Мөнхуо болбоос өмнөд Маньгийн тэргүүтэн бөлгөө. Өнөө завшаанаар барьж чадсанд өмнө газар даруй тогтох бөгөөтөл Чансан ямар учирт тавьсан аж?” Кунмин инээн өгүүлрүүн: “Би энэ хүнийг барих нь таарцгийн дотроос юм авах адил. Гагцхүү сэтгэлийг дагуулбаас аяндаа түвшин болмуй” Олон жанжин үгийг сонсоод цөм итгэсэнгүй бөлгөө. Тэр өдөр Мөнхуо, Лүшүй усанд хүрвээс чив хэмээн доорх дарагдсан цэргүүд цөм сурвалжилж агсан тул олон цэрэг Мөнхуог үзээд цочном бөгөөд баярлаж сөгдөн асууруун: “Их ван яахан олж ирсэн буй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Шу улсын хүн намайг цацар гэрт хорьсонд би арваад хүнийг алаад шөнийн харанхуйд оргон гарж явж байтал нэгэн анги цэрэгтэй учрав. Би бас ч цөмийг алаад энэ морийг булаан унаад гарч ирэв” хэмээсэнд олон ихэд баярлаж Мөнхуог дагаж Лүшүй усыг гэтлэн хүрээ байгуулаад олон агуйн эздийг хуруулж дараа дараагаар уг тавьж илгээсэн цэргийг элсүүлсээр бараг арван түм илүү болжээ. Тэр цагт Дун Түна, ахуй Нань цөм агуйдаа асан ажгуу. Мөнхуо хүн зарж залуулсанд хоёул айж аргагүй агуйн цэргийг авч ирсэн хойно Мөнхуо зарлаж өгүүлрүүн: “Би Жугө Лянгийн аргыг нэгэнт мэдэв. Түүн лүгээ байлдаж болохгүй. Байлдваас түүний хуйхар аргад унамуй. Тэдгээр Сычуань цэрэг холоос ирээд ядаж зүдсэний дээр өдрийн халуунд хэрхэн энд удаан байж чадмуй. Бидэнд Лүшүй усны хайгуул буй тул онгоц салыг цөм өмнө хөвөөнд тавиад голыг ирмэглэн цөм шороон хот барьж гүн гуу өндөр хэрэм цогцлоон түүн лүгээ байлдахгүй болбоос Жугө Лян яахан арга үүсгэх аж!” хэмээсэнд олон агуйн эзэд түүний аргыг дагаж онгоц салыг өмнө хөвөөнд татаад гол ирмэглэн шороон хот цогцлоогоод уулыг түшиж өндөр бэх асар барьж асрын дээр чулуу, холховч нумыг бэлтгээд өнө уртад суух аргыг үүсгэв. Амуу өвсийг цөм олон агуйнаас хүргэж ирэх тул Мөнхуо бүрэн бүтэн арга хэмээн зовнилгүй суув.

Тэндээс Кунмин цэрэг авч урагш ороход өмнө цэрэг нэгэнт Лүшүй усанд хүрсний хойно харуулын хүн нисэх мэт ирж хэлрүүн: “Лүшүй усанд огт онгоц салгүйн дээр ус урсах нь маш түргэн. Өмнө хөвөөг ирмэглэн шороон хот цогцлоогоод цөм Мань цэрэг сахиж амуй” хэмээв. Тэр цаг таван сарын дундуур тэнгэр ид халуун үес тохиожээ. Бас өмнө газар онцгой халуун тул цэрэг хувцас хуягийг цөм өмсөж болохгүй болсон тул Кунмин Лүшүй усны дэргэд ирж үзээд хүрээндээ эгсний хойно олон жанжныг цацарт хуруулж зарлан өгүүлрүүн: “Эдүгээ Мөнхуогийн цэрэг Лүшүй усны өмнө талд буудаллаж өндөр хот гүн гуу өрөөд бидний цэргийг тулжээ. Би нэгэнтээ цэргийг авч энд ирсэн тул яахан хоосноор эгж болмуй? Та нар тус бүр харьяат цэргээ авч уулын ойр, модны хажуу шугуйн ягч газрыг эрж цэрэг морийг амуул!” хэмээгээд даруй Люйкайг Лүшүй уснаас зуун газрын үзүүрийн сэрүүн газарт дөрвөн хүрээ хувааж буудаллуулан Ванпин, Жан Е, Жан И, Гуаньсуогоор тус тусдаа нэгэн хүрээг сахиулж дотоод гадаадад цөм өвсөн сүр дарж морийг халхлаад цэргийн хүн сэрүүцэн лүгхийм халуунаас зайлж суув. Үүнийг Цаньзюнь түшмэл Зянвань үзээд орж Кунмингаас асууруун: “Би Люйкайгийн байгуулсан хүрээг үзвээс ихэд муу. Төвхийтэл урьд хааны Зүүн Ү улсад дарагдсан цагийн байдал лугаа адил. Хэрвээ Мань цэрэг хулгаж Лүшүй усыг гэтлээд хүрээнд гал тавибаас хэрхэж тусалмуй”. Кунмин инээж өгүүлрүүн: “Гүн битгий олонтоо сэжиглэгтүн! Надад уран арга буй” хэмээсэнд Зянвань нар цөм санааг ухсангүй бөлгөө. Гэнэт хүн мэдүүлрүүн: “Шу газраас Мадайг зарж халууныг тайлах эм жич амуу будаа хүргэж ирэв хэмээмүй” хэмээсэнд Кунмин оруулсанд Мадай ёслон золгосны хойно нэгэнтээгүүр эм амууг олон хүрээнд түгээж өгөөд Кунмин асууруун: “Чи өнөө хэдий цэрэг авчирсан бэ?”. Мадай өчрүүн: “Гурван мянган цэрэг буй”. Кунмин өгүүлрүүн: “Миний цэрэг өдөр бүр байлдсаар цөхсөн тул чиний цэргийг нэгэнтээ хэрэглэсүгэй хэмээмүй. Гагц урагш чармайх ба үгүйг мэдэхгүй”. Мадай өгүүлрүүн: “Цөмөөр хаан төрийн цэрэг тул юунд чиний миний хэмээн ялгамуй. Чансан хэрэглэсүгэй хэмээвээс хэдий үхвээс маргахгүй”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ Мөнхуо Лүшүй голыг халхалж буудалласан тул гэтлэх зам үгүй. Би урьдаар түүний амуу зөөх замыг таслан түүний цэргийг өөрсдөө самууруулсугай хэмээмүй” хэмээсэнд Мадай өгүүлрүүн: “Яахан олж тасалмуй” гэж Кунмин өгүүлрүүн: “Эндээс нэг зуун тавин газрын эцэст Лүшүй голын доор урсгалд Шакоу ам буй. Тэр газрын ус урсах нь алгуур тул салаар гэтэлж болмуй. Чи өөрийн гурван мянган цэргээ авч гэтлээд шууд Маньгийн агуйд орогтун! Урьдаар амууны замыг тасалсан хойно Дун Түна, ахуй Нань хоёр агуйн эздийг цуглуулж дотуураар туслуулсугай! Саатуулж эс болмуй”. Мадай хүлээн аваад цэрэг авч Шакоу аманд хүрсний хойно цэргийн хүнийг гэтлүүлэхэд ус гүехэн тул цэргийн хүний их хагас цөм саланд суухгуй хувцсыг эвхэн гэтлэв. Хагас гэтэлсэнд цөм усанд унажээ. Яаран тэнхрүүлэн хөвөөнд гаргаваас цөм ам хамраас цус гарч үхэв. Мадай ихэд цочиж шөнө дөлөөр Кунмингийн дэргэд ирж мэдүүлсэнд Кунмин даруй зам дагуулах түшмэлийг дуудаж уул газрын хүнээс асуулгаваас газрын хүн өчрүүн: “Эдүгээ цаг халуун тул хор цөм Лүшүй усанд хуржээ. Өдөр болбоос аагим халуун тул хор ямагт дэгдэн бадармуй. Хэрвээ гэтлэх хүн аваас эрхгүй хорлогдмуй. Эсвээс усыг уусан хойно даруй үхмүй. Хэрвээ гэтэлсүгэй хэмээвээс шөнө дунд ус жихүүн болж хор дэгдэхгүй үесийг хүлээмүй. Будааг цадтал идсэний хойно гэтэлбээс сая гайгүй болмуй” хэмээсэнд Кунмин даруй газрын хүнээр зам заалган бас тав зургаан зуун шилсэн цэргийг сонгож Мадайг дагуулан илгээгээд Лүшүй усны Шакоу аманд хүрч ирээд сал хийж шөнө дөлөөр гэтэлбээс үнэхээр гэм гарсангүй. Мадай хоёр мянган шилсэн цэргийг авч газрын хүнээр зам дагуулан шууд Мань аймгийн амуу зөөх замын Зя Шань Юй завыг авахаар ирэв. Тэр Зя Шань Юй зав болбоос хоёр этгээд цөм уул бөгөөд дунд нь нэгэн бага зам буй. Гагцхүү нэжгээд хүн морь явбаас болмуй. Мадай тэр Зя Шань Юй завыг эзлээд цэрэг хувааж хүрээ буув. Үүнийг Мань цэрэг мэдэхгүй тул хараахан амуу зөөн хүрч ирсэнд Мадайд өмнө хойноос хаагдаад амууны тэрэг зуу илүүг булаан авчээ. Үүнд Мань аймгийн хүн Мөнхуод хэлэхээр ирэв.

Түүнээс Мөнхуо ямагт хүрээндээ өдөр дуустал архи ууж цэнгэлдэн цэргийн үйлийг шийтгэхгүй асан ажгуу. Олон агуйн эздийн зүг өгүүлрүүн: “Би хэрвээ Жугө Лян лугаа байлдваас эрхгүй түүний зальхай аргад унамуй. Эдүгээ Лүшүй усны хайгуулд итгэж өндөр хот, гүн гуугаар хүлээсүгэй! Шугийн хүн халуунд тэсэхгүй болбоос эрхгүй эгмүй. Тэр үес би та нар лугаа хойноос байлдсанд Жугө Ляныг барьж болмуй” хэмээн хэлэлцэж дуусаад ихэд инээв. Гэнэт нэгэн агуйн эзэн өгүүлрүүн: “Шакоу амны ус гүехэн тул хэрвээ Шу улсын цэрэг гэтлэн гарваас гүн зовлон болох тул цэрэг хувааж сахиулбаас зохимуй”. Мөнхуо инээж өгүүлрүүн: “Чи уул газрын хүн бөгөөтөл юунд мэдэхгүй аж? Би чив хэмээн Шу улсын цэргийг энэ голыг гэтэлтүгэй хэмээх болой. Гэтэлбээс эрхгүй усанд үхмүй”. агуйн эзэн өгүүлрүүн: “Хэрвээ уул газрын хүн шөнө гэтлэх аргыг хэлж өгвөөс одоо яамуй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Олонтоо сэжиглэх хэрэггүй. Манай хязгаарын хүн юунд дайсанд туслах ёс байх буй?” хэмээн хэлэлцэн атал гэнэт хүн орж хэлрүүн: “Шу улсын цэрэг хэдий олныг мэдэхгүй. Лүшүй голыг гэтэлж Зя Шань Юй уулын амуу зөөх замыг тосон “Умрыг төвшитгөх жанжин” Мадайгийн тугийг өргөж буй”. Мөнхуо өгүүлрүүн: “Тэр өчүүхэн ардыг юу хэмээн тоочмуй” хэмээгээд даруй дэд жанжин ман Ячанд гурван мянган цэрэг өгч Зя Шань Юйгийн зүг илгээв.

Тэндээс Мадай, Мань цэрэг хүрч ирснийг үзээд өөрийн гурван мянган цэргийг уулын өмнө жагсаасан хойно ман Ячан гарч Мадай лугаа байлдсанд Мадай гагц нэгэн удаад ман Ячанг цавчиж мориноос унагав. Мань цэрэг ихэд дарагдаад буруулан одож Мөнхуод тэр учрыг нарийвчлан хэлсэнд Мөнхуо олон жанжныг дуудаж асуун өгүүлрүүн: “Хэн хүн аймшиггүй Мадайг байлдахаар одмуй?” хэмээх үг дуусахын урьд Дун Түна гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүү”. Мөнхуо ихэд баярлан даруй гурван мянган цэрэг өгч илгээв. Мөнхуо бас хүн Лүшүй голыг гэтлүүзэй хэмээн ахуй Наньд гурван мянган нэрэг өгч Шакоу амыг сахихаар илгээв.

Тэндээс Дун Түна цэрэг авч Зя Шань Юйд хүрээд хүрээ байгуулав. Мадай цэрэг авч угтаж ирэхэд Дун Түнаг таних хүн Мадайд ийм тийм хэмээн хэлсэнд Мадай морио давхиулан өндөр дуугаар харааж өгүүлрүүн: “Хишгийг тэсэргүүлсэн журамгүй боол! Манай Чансан чиний амийг хэлтрүүлсэн атал өнөө бас урвах нь хэрхэн өөрөө ичингүйрэхгүй буй!” хэмээхэд Дун Түна маш ичингүйрээд өчих үггүй болж байлдсангүй эгсэнд Мадай нэгэн зэрэг хөөж алаад эгэв. Дун Түна эгж Мөнхуод өгүүлрүүн: “Мадайгийн баатар хүчинд тулбаас болохгүй” хэмээсэнд Мөнхуо ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Чи угаас Жугө Лянгийн хишиг хүртсэнийг би мэдмүй. Эдүгээ байлдсангүй эгсэн нь чив хэмээн хүрээг худалдах арга болой. Түргэн гаргаж ал!” хэмээсэнд олон агуйн эзэд дахин давтан гуйж хэлсэнд сая үхэхээс хэлтрүүлээд зуун мод занчуулж түүнийг хүрээнд тавин илгээв. Олон агуйн эзэд цөм Дун Түнагийн дэргэд ирж өгүүлрүүн: “Бид нар хэдийн Мань улсын газарт суувч язгуураас дундад улсыг халдсангүй бөлгөө. Дундад улс бас ч бидэн лүгээ халдсангүй билээ. Эдүгээ Мөнхуогийн сүр хүчинд цухалдагдаад аргагүйдээ урвасан бөлгөө. Бодоход Жугө Лянгийн хувилгаан аргыг олж мэдэхүйеэ бэрх. Цаоцао, Сүньцуань харин ч эмээх атал бидний Мань аймгийг юун хэлмүй? Нэнд бид цөм түүний амьдруулсан хишгийг хүртээд хариулаагүй тул өнөө бид амийг гээж Мөнхуог алаад Кунминийг дагахаар очвоос Маньгийн агуйн зуун овогтны зовлонг хэлтрүүлмүй” хэмээсний хойно Дун Түна өгүүлрүүн: “Таны дотор ямрыг олж мэдэхгүй” хэмээхэд Кунмингийн тавьж илгээсэн хүмүүс нэгэн дуугаар өчрүүн: “Бид одохыг хүсмүү” хэмээсэн тул Дун Түна гартаа илд бариад зуу илүү хүнийг авч шууд их хүрээний зүг ирэв. Тэр цагт Мөнхуо чив гэтэл ихэд согтоод цацарт асан ажгуу. Дун Түна олныг авч илд бариад цацарт орвоос хоёр жанжин хажууд зогсож амуй. Дун Түна илдээр зааж өгүүлрүүн: “Та нар бас ч Жугө Лянгийн хишгийг хүртсэн тул хариулбаас зохимуй” хэмээсэнд хоёр жанжин өгүүлрүүн: “Жанжин гар хөдөлгөх хэрэггүй. Бид Мөнхуог амьдаар бариад Чансанд өргөсүгэй!” хэмээгээд хамт цацарт ороод Мөнхуог хүлж аван Лүшүй голын хөвөөнд хүрээд онгоцонд сууж хойд хөвөөнд хүрсний хойно урьдаар хүн зарж Кунминд мэдүүлэхээр илгээв. Тэндээс Кунмин нэгэнт тагнуулчаас тэр мэдээг олж сонсоод даруй нууц зарлал ухуулж олон хүрээний жанжин цэрэг нараар зэвсгийг тэгшлүүлээд сая олон агуйн эздээр Мөнхуог авчруулан өөр үлдсэнийг нь цөм уул хүрээндээ эгж хүлээ!” хэмээв. Дун Түна урьдаар дунд хүрээнд орж Кунминд золгоод тэр үйлийг нарийвчлан хэлсэнд Кунмин хүндээр шагнаж сайн үгээр илбэн тохинуулаад Дун Түнад олон агуйн эздийг өгч дагуулан илгээсний хойно илд сүх барьсан хүнээр Мөнхуог түлхэж авчруулав. Кунмин инээн өгүүлрүүн: “Чиний урьд өгүүлсэн нь “Жич баригдсанд даруй дагамуй” хэмээсэн бөлгөө. Энэ өдөр ямар?” хэмээсэнд Мөнхуо өгүүлрүүн: “Энэ нь чиний чадал бус. Миний доорх жанжин нар өөрөө харилцан хорлолцоод сая ийм болсон тул хэрхэн сэтгэл дагах аж!”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ би бас чамайг тавьж илгээвээс ямар буй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Би хэдийгээр Мань аймгийн хүн боловч цэргийн аргыг баахан мэдмүй. Хэрвээ Чансан намайг тавьж агуйд илгээвээс би цэрэг авч дахин дийлэх дийлэгдэхийг тасалсугай! Хэрвээ Чансан намайг дахин баримтлан авбаас тэр цагт сэтгэл цутган цөс огшин дагаж, аймшиггүй хувилахгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Энэ удаа амьд барьсанд бас дагахгүй болбол одоо хөнгөнөөр тавихгүй!” хэмээгээд жигүүрийн ардаар хүлсэн дээсийг тайлуулан урьдын ёсоор архи, идээ бэлтгэж цацарт суулгасны хойно Кунмин өгүүлрүүн: “Би өвсний гэрээс гарснаас нааш байлдсанд эс ялагдсан нь үгүй. Дайлсанд эс авсан нь үгүй атал танай Мань улсын хүн юунд дагахгүй буй?” хэмээсэнд Мөнхуо огт өчсөнгүй. Кунмин архи уулцаж дууссан хойно Мөнхуог дуудан хамт морь унан хүрээнээс гарч олон хүрээ хашаа хийгээд амуу өвс хураасан газар, цэргийн зэвсгийг үзүүлээд Кунмин, Мөнхуог зааж өгүүлрүүн: “Чи намайг дагахгүй нь үнэхээр мунхаг хүн болой. Надад энэ мэт шилсэн цэрэг, баатар жанжин, амуу өвс, зэр зэвсэг байтал чи хэрхэн намайг дийлж чадмуй? Чи хэрвээ эртхэн дагаваас би хаанд айлтгаж чиний вангийн суурийг алдагдуулахгүй. Чиний хөвгүүн ач нараар үе улиран Мань улсын эзэн болгосугай! Чиний дотор ямар буй?” Мөнхоу өгүүлрүүн: “Би хэдий дагавч олон агуйн хүний сэтгэл дагахгүйг яанам. Хэрвээ Чансан намайг дахин тавьж илгээвээс би миний харьяат цэрэг морийг элсүүлж хураан хамт сэтгэлээр дагасугай!”. Кунмин тийм хэмээгээд Мөнхуогийн хамт бас их хүрээнд эгж архи бэлтгэн үдэш болтол уулцаад Мөнхоу одоход Кунмин өөрийн биеэр Лүшүй голын хөвөөнд хүртэл үдэж Мөнхоуг онгоцоор хүрээнд хүргүүлэв.

Тэндээс Мөнхуо уг хүрээндээ ирж урьд илд сүх барьсан хүнийг цацарт бүгүүлээд сэтгэл зүрхний мэт хүнийг зарж Дун Түна, ахуй Наньгийн хүрээнд илгээн Кунмингийн захиа ирэв хэмээн хоёулыг их хүрээнд хууран авч ирж хоёулыг алаад хүүрийг хөдөө хээр орхив. Мөнхуо даруй өөрийн бие цэрэг авч Зя Шань Юйгээр гарч Мадай лугаа байлдахаар очсонд нэг ч хүн үзэгдэхгүй ажээ. Газрын хүнээс асууваас цөм хэлэх нь өчигдөр үдэш амуу өвсийг дуустал аваад Лүшүй голыг гэтэлж их хүрээндээ эгэв хэмээмүй. Тэндээс Мөнхуо агуйдаа эгж төрсөн дүү мөн Ю лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Эдүгээ Жугө Лянгийн үнэн ташааг би нэгэнт дуусган мэджээ. Чи одож ийм тийм яв” хэмээв.

Тэндээс мөн Ю ахын аргыг хүлээн зуу шахам цэрэг авч алт сувд, хирсийн эвэр, зааны соёо, зүйл бүрийн эрдэнийн зүйлийг аваад Лүшүй усыг гэтлэн шууд Кунмингийн хүрээний зүг ирэв. Сая голыг гэтэлсэнд өмнөд хэнгэрэг дэлдэн хашхирах дуу гараад нэгэн салааны цэрэг жагсаажээ. Тэргүүн жанжин Мадай болох тул мөн Ю ихэд цочив. Мадай ирсэн учрыг асуугаад гадна буулгаж хүнээр Кунминд хэлэхээр илгээв. Кунмин төвхийтэл цацар гэрт сууж Масу, Люйкай, Зянвань, Фэйхуй нарын хамт Мань аймгийг төвшитгөх аргыг зөвлөн бүхийд гэнэт цацрын доорх нэгэн хүн хэлрүүн: “Мөнхуо дүү мөн Юг зарж эрдэнийн зүйл хүргэж иржээ” хэмээсний хойно Кунмин хойш хандаж Масугийн зүг өгүүлрүүн: “Чи түүний ирсэн учрыг мэдмүй үү?” Масу өгүүлрүүн: “Аймшиггүй илэрхийлэн хэлбээс болохгүй. Би сэмээр цаасан дээр бичиж Чансанд өргөөд эрхэм санаанд нийлэх үл нийлэхийг үзсүгэй!” хэмээсэнд Кунмин ойшоов. Масу бичиж дуусаад Кунминд өргөвөөс Кунмин үзэж дуусаад алгаа дэлдэж инээн өгүүлрүүн: “Мөнхуог барих аргыг би хэдийн тогтоож илгээсэн бөлгөө. Чиний мэдсэн нь чив над лугаа нийлжээ” хэмээгээд Жао Юнийг дуудаж ирүүлээд чихэнд нь шивнэж ийм тийм хэмээн сургав. Бас Вэй Янийг дуудаж сэмээр сурган илгээв. Бас Ванпин, Мажун, Гуаньсуог дуудан ирүүлээд бас ч нягтаар сургав.

Түүнээс тус бүр цөм аргыг хүлээн аваад одсон хойно сая мөн Юг цацарт оруулжээ. Мөн Ю ёслон золгож өгүүлрүүн: “Миний ах Мөнхуо Чансангийн амьдруулсан ачийг санаж хариулах юмгүй тул энэ алт сувд эрдэнийг өргүүлж “Цэргийн хүнд шагнахад тус болгомуй!” хэмээн хүргэж ирэв. Хожим тэнгэрийн хөвгүүнд алба барих юмыг хүргэж ирмүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Чиний ах хаана буй?”. Мөн Ю өгүүлрүүн: “Чансангийн их хишгийг санаж Инькэн Шань ууланд эрдэнийн зүйл авахаар одов. Удалгүй эгж ирмүй”. Кунмин өгүүлрүүн: “Чи хэдий хүн дагуулж ирэв?” мөн Ю өчрүүн: “Аймшиггүй олон хүн дагуулсангүй. Гагц нэг зуу илүү хүн цөм эд юмыг зөөсөн хүн болой”. Кунмин цацарт дуудан оруулж үзвээс цөм нүд нь ногоон, нүүр хар, үс шар, сахал улаан бөгөөд чихэнд алтан гархи зүүж үсинг тавиад хөл нүцгэлсэн, бие өндөр, хүч их ард бөлгөө. Кунмин цөмийг хуриманд суулгаж олон жанжин нараар архи шаардуулан хүндлэв.

Тэндээс Мөнхуо цацарт аж. Тусгайлан хариу мэдээг хүлээн бүхийд гэнэт “Хоёр хүн ирэв” хэмээн хэлмүй. Мөнхуо дуудаж оруулан асууваас ирсэн хүн өгүүлрүүн: “Жугө Лян ёсны эдийг хүлээж аваад маш баярлан дагаж очсон ардыг цөм цацарт дуудан оруулж үхэр, морь алж хуримлан уулцмуй. Хоёрдугаар их ван намайг зарж их ван танд мэдүүлэхээр илгээв. Энэ шөнийн дэд жинд дотроос угтан гаднаас хавчин байлдаж их үйлийг бүтээсүгэй!” хэмээв.

Тэндээс Мөнхуо сонсоод ихэд баярлаж даруй гурван анги хуваан бас агуйн эздийг дуудаж сурган өгүүлрүүн: “Олон цэрэг цөм гал тавих сав авч энэ шөнө Шу улсын хүрээнд хүрсэн цагт гал өргөж тэмдэг болгогтун! Би биеэр дунд хүрээг байлдаж Жугө Лянийг барьсугай!” хэмээсэнд олон Мань аймгийн жанжин цөм аргыг хүлээн аваад харанхуй болсон хойно Лүшүй голыг гэтлэн одоход Мөнхуо сэтгэл зүрх мэт зуу илүү хүнийг авч шууд Кунмингийн хүрээний зүг одов. Замд нэг ч хориглох хүн үгүй. Хүрээний хаалганд хүрсний хойно Мөнхуо олон жанжин нарыг аваад морь довтолгон орвоос харин хоосон хүрээ бөгөөд огт хүн үзэгдэхгүй. Мөнхуо дунд хүрээнд орж үзвээс гагц цацарт зул гэв гэгээн шатааж буй. Мөн Ю хийгээд доорх жанжин нар лугаа цөм согтоод унтаж амуй. Үзвээс Кунмин мөн Юг Масу, Люйкай хоёроор хүндлүүлж хөгжмийн хүнээр элдэв сонин жүжиг дуулуулан архи шаардахад архины дотор эм хольж уулгаснаар цөм согтож үхсэн хүн мэт унтсан ажгуу. Мөнхуо цацарт орж асууваас дотор сэргэсэн нь гагц амаа заахын төдий л болой. Мөнхуо аргад орсныг мэдээд даруй мөн Югийн зэрэг хүнийг тэнхрүүлэн аваад дунд ангидаа одохуйяа өмнөөс хашхирах дуу үүсэж галын гэрэл гараад нэгэн салааны цэрэг хүрч ирэв. Шу улсын жанжин Ванпин болой. Мань цэрэг үзээд буруулахад Мөнхуо ихэд цочиж яаран зүүн этгээдийн ангийн зүг буруулбаас галын гэрэл тэнгэрт тулж нэгэн салааны цэрэг байлдахаар ирэв. Тэр нь Шу улсын жанжин Вэй Янь ажээ. Мөнхуо яаран баруун этгээдийн зүг явтал бас галын гэрэл дэгдэж бас нэгэн салааны цэрэг байлдахаар ирэв. Тэр Шу улсын жанжин Жао Юнь болой. Гурван замын цэрэг хавчин ирэхүйеэ дөрвөн этгээдэд одох замгүй болсон тул Мөнхуо цэргийг гээгээд гагц мориор Лүшүй голын зүг оргож очиход үзвээс Лүшүй усан дээр хэдэн арван Мань цэрэг нэгэн бага онгоцыг сэлж ирмүй. Мөнхуо хөвөөнд шахуул хэмээгээд хүн морь сая онгоцонд суутал нэгэнт тэмдэг дуу гарахуйяа Мөнхуог барьж хүлэв. Үзвээс Мадай, Кунмингийн аргыг дагаж харьяа цэргийг Мань цэргийн янзаар хувьсган өмсгөж сэлбүүлэн ирээд Мөнхуог өдөөсөн ажгуу.

Түүнээс Кунмин Мань цэргийг элсүүлэн амаржуулбаас дагасан нь тоогүй. Кунмин нэг нэгээр тохинуулан нэгийг ч хорлосонгүй. Ноцсон галыг сөнөөв. Удсангүй Мадай, Мөнхуог барьж Жао Юнь, мөн Юг барьж, Вэй Янь, мажун, Ванпин, Гуаньсуо нар олон агуйн эздийг барьж авчрав. Кунмин Мөнхуог зааж инээн өгүүлрүүн: “Урьд чи чиний дүүгээ илгээж хуурч дагуулав. Хэрхэн намайг мэхэлж чадмуй! Энэ удаа бас надад баригдсан тул чи одоо дагамуй уу? Үгүй үү?”. Мөнхоу өгүүлрүүн: “Миний дүү амтат идээнд шунаад эндэж чиний хорыг амссан тул их үйлийг алджээ. Би хэрвээ биеэр ирсэн болбол эрхгүй гавъяа бүтмүй. Энэ тэнгэр хохируулснаас миний эс чадсан нь бус болой. Юунд дагамуй?!”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ нэгэнтээ гурван удаа болсон атал юунд дагахгүй буй?”. Мөнхуо тэргүүнийг дарж огт өчихгүй. Кунмин инээн өгүүлрүүн: “Би чамайг бас тавин илгээвээс ямар буй?”. Мөнхоу өгүүлрүүн: “Чансан манай ах дүүг тавьж илгээсэнд миний гэрийн угсаа төрлийг хурааж Чансан лугаа нэгэн зэрэг ихээр байлдсугай! Тэр цагт баригдваас сэтгэлийг тавин дагасугай!” хэмээсний хойно Кунмин өгүүлрүүн: “Жич баригдсанд хэрхэвч хөнгөнөөр хэлтрүүлэхгүй! Чи сэтгэлдээ агуулж хичээн болгоомжил! Байлдах арга бодлогын бичгийг сайтар хянан үзээд чиний доорх итгэлт ардыг тэгшлэн сайн аргыг үүсгэ! Битгий дахин гэмшихэд хүргүүл!” хэмээгээд цэргийн ардыг дуудан хүлсэн дээсийг тайлаад Мөнхуо, мөн Ю жич олон агуйн эздийг цөм тавьсан хойно мөн Хуо нар талархан мөргөж одов. Тэр үес Шу улсын цэрэг нэгэнтээ Лүшуй голыг гэтэлсэн тул Мөнхоу нар Лүшүй голыг гэтэлж үзвээс хөвөө амыг дагаж жанжин цэрэг туг хиурыг дараа дараагаар тэгшлэн жагсаажээ. Мөнхуо хүрээний өмнө хүрсний хойно Мадай өндөр дээр сууж сэлмээр зааж өгүүлрүүн: “Энэ удаа барьж авбаас хэрхэвч хялбараар тавихгүй!” хэмээн өгүүлээд илгээв. Мөнхуо өөрийн хүрээндээ хүртэл Жао Юнь хэдийн хүрээг эзлээд цэрэг морийг жагсаан тавьжээ. Жао Юнь их тугийн доор суугаад илд барьж өгүүлрүүн: “Чансангийн энэ мэт зузаан хүндэлсэн хишгийг битгий умарт!” хэмээхэд Мөнхуо залгалдаагаар “Мөн мөн!” хэмээн өчиж одоод сая хавцал амыг гарахад уулын хөтөлд Вэй Янь нэг мянган шилсэн цэргийг жагсаан морины амыг татаж өндөр дуугаар өгүүлрүүн: “Би өнөө нэгэнтээ чиний үүрэнд гүн орж танай чухал газрыг цөм булаасан атал чи бас эргүүтэн мунхарч их цэргийг мөчөөрхмүй үү! Энэ удаа баригдваас биеийг чинь түмэн анги болгож хэрхэвч хөнгөнөөр хэлтрүүлэхгүй!” хэмээсний хойно Мөнхуо тэргүүнийг тэвэрч хулгана мэт агуйдаа одов. Хожмын хүмүүний магтсан шүлгийг үг:

“Таван сард цэрэг дайчлан ургамал үгүй оронд орсонд

Тэргэл сарны гэгээнд Лүшүйгийн муу уур хэцүү

Аруухан бодлогоор гурвантаа сурвалжилсныг заавал хариулсугай хэмээх тул

Алсын Манийг дайлахуйяа долоонтоо тавих зүдлээс юуны аймуй”.

Тэндээс Кунмин Лүшүй голыг гэтэлж хүрээ буусан хойно цэргийг шагнаад олон жанжин нарыг цацарт хуруулж өгүүлрүүн: “Мөнхуог хоёрдугаар удаа барьж ирээд би түүнд олон хүрээний үнэн ташааг үзүүлсэн нь төвхийтэл түүний хүрээг дарахаар ирүүлсүгэй хэмээсэн нь болой. Би Мөнхуогийн цэргийн аргыг баахан ухсаныг мэдээд тийнхүү бидний цэрэг морь, амуу өвсийг үзүүлсэн нь үнэндээ Мөнхуогоор бидний осол сулыг үзүүлбээс эрхгүй галаар байлдсугай хэмээн тэр дүүгээ хуурмагаар дагуулж дотоодоос тусал хэмээх болой. Би гурвантаа бариад алсангүй нь үнэнхүү түүний сэтгэлийг дагуулсугай хэмээснээс түүний аймгийг сөнөөх дургүй бөлгөө. Би эдүгээ та нарт илрүүлэн хэлсэн нь битгий зүдэхээс зайлагтун! Санааг тавин улсад хариулсугай хэмээх болой” хэмээсэнд олон жанжин бишрэн өгүүлрүүн: “Чансан мэргэн, өршөөл, баатар гурвыг нь бүртгэжээ. Хэдий Зы Я, Жанлян хэмээвч мөн хүрэхгүй”. Кунмин өгүүлрүүн: “Би ямар аймшиггүй эртний хүнд адилтгамуй? Цөм та нарын хүчинд итгэж хамт гавъяа үйлийг бүтээсүгэй хэмээх болой” хэмээн өгүүлсний хойно цацрын доорх олон жанжин нар Кунмингийн үгийг сонсоод цөм баярлав. Тэндээс Мөнхуо гурван зэрэг баригдсандаа маш хорсож даруй Инь Кэньдун агуйд хүрээд сэтгэл зүрхний мэт хүнийг зарж алт, тана, эрдэнийн зүйл бариулан гадаад найман улсын ерэн гурван газар жич Мань аймагт илгээж халхт99 идэрхэг цэргийг арван түмийг зээлж ирэв. Олон ангийн цэрэг морь үүл манан адил овоорон цөм Мөнхуогийн улируулан хэрэглэхийг хүлээмүй. Харуулын хүн тэр учрыг мэдээд Кунминд хэлэхээр ирсэнд Кунмин инээж өгүүлрүүн: “Би чив хэмээн Мань цэргийг дуусган ирүүлж миний чадлыг үзүүлсүгэй хэмээмүй ” хэмээгээд бага тэргэнд сууж одов.

Энэ чухамхүү:

“Хэрвээ агуйн эздийн сүр хүч эрэлхэггүй болбол

Хэрхэн цэргийн багшийн эрдмийг илрүүлж чадмуй”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

99 Нэгэн зүйл цэргийн зэвсэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top