"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 89 ДҮГЭЭР БҮЛЭГ
Ү СЯНХОУ ДӨРВӨНТӨӨ АРГА ХЭРЭГЛЭСЭН
НАНЬМАНЬ ВАН ТАВАН УДАА БАРИГДСАН
Өгүүлэх нь: Кунмин бага тэргэнд сууж хэдэн зуун морьдыг аван зам үзэхээр очвоос өмнө нэгэн гол буй. Нэрийг Си Эрхө гол хэмээж ус урсах нь алгуур. Гэвч огт онгоц салгүй тул Кунмин даруй Люйкайгаас асууваас Люйкай өгүүлрүүн: “Би сонсвоос Си Эрхө голын эхэнд нэгэн уул буй. Тэр ууланд хулс мод олонтоо ургасан бөлгөө. Их нь хэд хэдэн тэвэр буй. Тэр хулс модыг цавчиж ирээд гүүр тавьж цэргийг гэтлүүлбээс болмуй” хэмээсэнд Кунмин даруй гурван түмэн хүнийг ууланд оруулж хэдэн арван хулс цавчиж ирээд усанд тавин голын нарийн газарт хулсан гүүр тавив. Өргөн нь арав илүү хос алд буй. Цэргийг голын хойд хөвөөнд нэгэн утсаар хүрээ буулган хэрэм болгон гүүрээр хаалга болгож шороон хот цогцлоов. Гүүрний өмнө хөвөнд нэгэн эгнээ гурван хүрээ бууж мань цэргийг хүлээв.
Тэндээс Мөнхуо хэдэн арван түмэн цэргийг авч уурласаар Си Эрхө голын ойр ирээд Мөнхуо өмнө ангийн халхат цэргээр өмнөд хүрээг байлдуулав. Кунмин тэргүүнд бумбын малгай зүүж, биедээ тогоруун нөмрөг нөмрөөд гартаа өдөн дэвүүр барьж дөрвөн морь хөллөсөн тэргэнд сууж зүүн баруун этгээдэд олон жанжин нар зэрэгцэн дагасаар гарч ирмүй. Кунмин, Мөнхуог үзвээс биедээ хирсийн арьсан хуяг, тэргүүнд улаан дуулга зүүж, зүүн гартаа халх атгаад баруун гарт илд барьж улаан үст үхэр унажээ. Амандаа харааж зогсохгүй гар доор түм илүү агуйн эрс тус бүр илд, халх барьж нааш цааш дайран явмуй. Кунмин яаран уул хүрээнд эгэгтүн хэмээн дөрвөн этгээдээс батлан сахиад гарч байлдаж болохгүй хэмээжээ. Мань цэрэг цөм хувцсыг тайлаад бие нүцгэлэн хүрээний өмнө ирж хараахад олон жанжин нар ихэд хилэгнэж цөм Кунмингийн дэргэд ирж өгүүлрүүн: “Бид гарч нэгэнтээ үхэн байлдахыг хүсмүй” хэмээвээс Кунмин болохгүй. Олон жанжин нар дахин давтан байлдсугай гэхэд Кунмин зогсоож өгүүлрүүн: “Мань улсын хүн
Вангийн соёлыг дагахгүй. Энэ удаагийн ирснээр муу бардам чив хэмээн хөгжин аху тул угтан байлдваас болохгүй! Түр хэдэн өдөр бэхлэн сахиад түүний хилэн баахан буурч осол сул болсон цагт надад аяндаа эвдэх уран арга буй” хэмээгээд бэхлэн сахьжээ.
Түүнээс хэдэн өдөр болсон хойно Кунмин өндөр газарт зогсож анхаарваас Мань улсын цэрэг олонх нь сул цалгай болсон тул олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Та нар айхгүй гарч байлдмуй уу?” хэмээсэнд олон жанжин нар гэхэлзэн “Байлдахаар гарсутай!” хэмээхэд Кунмин урьдаар Жао Юнь, Вэй Янь хоёрыг цацартаа дуудаж оруулаад чихний дэргэд шивнэж “Ийм! Тийм!” хэмээн арга сургасанд хоёул аргыг хүлээн одов. Бас Ванпин, Мажунг дуудаж арга сургаж илгээв. Жич бас Мадайг дуудаж өгүүлрүүн: “Би эдүгээ энэ гурван хүрээг гээж голын хойдод эгмүй. Миний цэрэг гэтэлсэн хойно чи даруй гүүрийг эвдэж доор урсгалд шилжүүлэн тавьж Жао Юнь, Вэй Яньгийн цэргийг гэтэлгэн туслахаар ирүүл!” хэмээсэнд Мадай аргыг хүлээн авч одов. Бас Жан Иг дуудаж өгүүлрүүн: “Бидний цэргийг эгсний хойно хүрээний дотор зул шатааж тавь! Мөнхуо мэдвээс эрхгүй нэхэхээр ирмүй. Чи түүний хойдыг тасал!” хэмээхэд Жан И аргыг сонсож одов. Кунмин гагц Гуаньсуогоор тэргийг хамгаалуулжээ. Олон цэрэг эгсэн хойно хүрээнд зул арвин шатаасанд Мөнхуо үзээд айж дайрсангүй бөлгөө.
Тэндээс жич өдөр гэгээрсэн хойно Мөнхуо их цэргийг авч, шууд Шу улсын хүрээнд ирж үзвээс гурван их хүрээ буй. Дотор цөм хүн морьгүй. Гагц амуу өвсний тэрэг хэдэн зууг гээжээ. Мөн Ю өгүүлрүүн: “Жугө Лян хүрээг гээж одсон нь харин арга буй буюу?”. Мөнхуо өгүүлрүүн: “Би санахад Жугө Лян цэргийн хэрэгслийн юмыг гээж очсон нь эрхгүй улсад яарах хэрэг буй! Ү улс ирсэнгүй болбоос Вэй улс байлдахаар иржээ. Тийнхүү хүрээнд хуурмаг зул шатаан сэжиглэх цэрэг болгон тэргийг гээж одсон болой. Түргэлэн нэхтүгэй! Хожимдож эс болмуй” хэмээгээд Мөнхуо өөрөө өмнө болж шууд Си Эрхө голын дэргэд хүрч үзвээс хойд хөвөөний хүрээний туг хиур уг хэвээр төв тэгш жагсаан үүл адил гэрэлтэж голыг ирмэглэн бас хот цогцолжээ. Мань улсын цэрэг үзээд цөм айж орсонгүй. Мөнхуо, Мөн Юг ятган өгүүлрүүн: “Энэ нь Жугө Лян намайг нэхэж ирэхээс эмээн тийнхүү голын хойд хөвөөнд түр буудаллажээ. Хоёр өдөр болохгүйгээр эрхбиш явмуй” хэмээгээд голын хөвөөнд хүрээ буулган хүн зарж ууланд оруулан хулс мод цавчуулж сал үйлдүүлээд гол гэтлэхийг бэлтгэн бас байлдахаас айхгүй баатар цэргийг цөм хүрээний өмнө буудаллуулав. Харин Шу улсын цэрэг хэдийн өөрийн хязгаарт орсныг мэдэхгүй. Тэр өдөр их салхи салхилаад дөрвөн зүгээс зул гэрэлтэн хэнгэргийн дуу гарч Шу улсын цэрэг хүрч ирэхэд Мань улсын цэрэг өөрөө харилцан алалцсанд Мөнхуо ихэд гэлмэж, яаран угсааны хүн агуйн эзнийг авч нэгэн зам байлдаж гараад хуучин хүрээний зүг буруулахад гэнэт нэгэн ангийн цэрэг хүрээнээс байлдан гарав. Тэр Жао Юнь болой. Мөнхуо яаран Си Эрхө голын зүг уулын бага замаар явж атал бас нэгэн анги цэрэг алахаар ирэв. Тэр Мадай ажгуу. Тэр үес Мөнхуогийн доор гагц хэдэн арван дарагдсан цэрэг үлдсэн тул уулын завын зүг оргон ороод үзвээс өмнө, умар, баруун гурван этгээдээс тоос дэгдэн галын гэрэл гэрэлтмүй. Тийнхүү айж явахгүй, аргагүй зүүн зүг буруулав. Сая уулын амыг тойрон гарваас нэгэн их шугуйн дотроос арваад хүн нэгэн бага тэргийг түлхэж тэргэн дээр Кунмин лахайн суужээ. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Маньван Мөнхуо! дарагдаж энд хүрч ирэв үү? Би хүлээж удав” хэмээсний хойно Мөнхуо ихэд хилэн төрж зүүн баруун этгээдийн ардын зүг өгүүлрүүн: “Би энэ хүний хуйхар аргад унаад гурван зэрэг ичингүйрэв. Эдүгээ завшаанд энд учирсан тул та нар хүч гарган урагш очиж тэрэг морьтой нь хэмхэртэл цавч!” хэмээсэнд хэдэн морьтон шаламгайлан урагшлахад Мөнхуо өмнө хашхиран одоод их шугуйн дэргэд хүрвээс гэнэт их дуу гарахад нэгэн гуу илрээд цугаар дотор унажээ. Их шугуйн дотроос Вэй Янь хэдэн зуун цэрэг авч гараад нэг нэгээр чирч гарган цөмийг дээсээр хүлэв. Кунмин урьдаар хүрээндээ эгж Мань улсын цэрэг хийгээд олон аймгийн эздийг тохинуулан амаржуулав. Агуйн эрс тэр үес их хагас цөм уул гацаандаа эгжээ. Шархдаж үхснээс гадна өөр үлдсэн нь цөм дагажээ. Кунмин архи, мах идүүлж сайн үгээр тохинуулан хэлж цөмийг тавьж илгээсэнд мань цэрэг цөм шүүрс алдаж эгэв. Удалгүй Жан И, Мөн Юг барьж ирсэн хойно Кунмин буруушааж өгүүлрүүн: “Чиний ах мунхран төөрснийг чи хориглон хэлбээс зохимуй. Эдүгээ надад дөрвөн удаа баригдаад бас ямар нүүрээр хүнд золгомуй?!”. Мөн Ю нүүр дүүрэн ичингүйрч сөгдөн амийг хэлтрүүлэхийг гуйхад Кунмин өгүүлрүүн: “Би чамайг алах нь энэ өдөрт үгүй. Эдүгээ түр чиний амийг хэлтрүүлсүгэй! Чи ахыгаа хориглож хэлэгтүн!” хэмээгээд цэргийн хүнээр хүлсэн дээсийг тайлуулан Мөн Юг тавьсанд Мөн Ю уйлан мөргөж одов. Тэндээс удалгүй Вэй Янь, Мөнхуог авчирсанд Кунмин ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи энэ удаа бас надад баригдав. Бас ямар хэлэх ёс буй!”. Мөнхоу өгүүлрүүн: “Би эдүгээ ташааран чиний зусар аргад орсон тул би хэдий үхэвч мөн нүд анихгүй болой!”. Кунмин цэргийн ардыг дуудаж “Үүнийг аваачиж ал!” хэмээн гаргахад Мөнхуо баахан ч эмээх өнгөгүй хойш хандаж Кунмингийн зүг өгүүлрүүн: “Хэрэв дахин намайг тавьж илгээсэнд би эрхгүй дөрвөн удаа баригдсан өсийг авмуй!”. Кунмин ихэд инээгээд хүлсэн дээсийг тайлуулаад цацарт суулган архи уулгаж асууруун: “Би чамайг дөрвөн зэрэг ёслолоор хүндэлсэн бөгөөтөл чи басхүү эс дагах нь юу болой?” Мөнхоу өгүүлрүүн: “Би хэдий гадаад улсын хүн, соёхыг мэдэхгүй боловч Чансангийн адил тухайлан зусар арга хэрэглэхийг би юунд дагамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би чамайг бас тавьж илгээсүгэй! Чи дахин байлдахаар ирмүй үү?”. Мөнхуо өгүүлрүүн: “Чансан дахин намайг баримталсанд тэр цагт сая сэтгэл цутган дагаад агуйд бүхий эдийг дуусган өргөж цэргийн хэрэгсэл болгон ам алдаж урвахгүй!” хэмээв. Кунмин инээн тавьж илгээсэнд Мөнхуо талархан мөргөж одов.
Түүнээс олон агуйн цэргийг хэдэн мянган хүн хуруулж өмнөш дараалан одоход тоос дэгдэх газраас нэгэн анги цэрэг хүрч ирэв. Үзвээс дүү Мөн Ю болой. Дахин дарагдсан цэргийг цуглуулан ахад хариу авч өгөхөөр ирэв. Ах дүү хоёул харилцан тэврэлцэж уйлан арга үйлийг хэлбээс Мөн Ю өгүүлрүүн: “Бидний цэрэг удаа дараа дарагдан Шу улсын цэрэг дахин давтан дийлсэн тул халхлахуйяа бэрх. Гагц уулын агуйд зайлан сууж гарахгүй болбоос Шу улсын цэрэг тэсэхгүй өөрөө эгэх болой”. Мөнхуо өгүүлрүүн: “Хаана зайлахаар одвоос болмуй?”. Мөн Ю өгүүлрүүн: “Үүнээс баруун өмнө зүгт нэгэн агуй буй. Нэрийг Тү Лундун агуй хэмээмүй. Тэр агуйн эзэн Дуосы Дайван хэмээгч дүү над лугаа зузаан ханилжээ. Түүний дэргэд одвоос ямар буй?”. Мөнхуо үгийг дагаж даруй Мөн Юг урьдаар Тү Лундунд зарж илгээсэнд хүрвээс Дуосы Дайван санд мэнд гарч угтав. Мөнхуо агуйд орж ёслон дуусгаад өмнө болсон хэргийг нэгэн зэрэг тоочсонд Дуосы өгүүлрүүн: “Их ван сэтгэлийг сул тавь! Хэрэв Шу улсын цэрэг энд ирвээс нэгэн хүн нэгэн морийг ч нутагт эгүүлэхгүй. Жугө Лян лугаа цөм энд үхүүлмүй!”. Мөнхуо ихэд баярлан Дуосыгоос аргыг асууваас Дуосы хэлрүүн: “Энэ агуйд гагц хоёр зам буй. Зүүн хойдод бүхий нэгэн зам нь мөн их Вангийн ирсэн зам болой. Газар тэгш шороо зузаан бөгөөд ус сайн тул цэрэг морь явж болмуй. Хэрэв мод чулуугаар амыг таглан тасалсанд хэдий зуун түмний олныг авч ирэвч дэвшиж чадахгүй.Жич баруун хойдод нэгэн зам буй. Уул бэрх, зам цухал дотроо хэдий бага зам буй боловч хорт могой, хилэнцэт хорхой маш олон. Гэгээ тасрах үесээс муу уур дэгдээд морин цагт хүрвээс сая хураамуй. Гагц хонь, бич, тахиа энэ гурван цагт сая явж болмуй. Усыг ууж болохгүй! Цэрэг морь явахуйяа бэрх. Тэнд нэн бас дөрвөн хорт булаг буй. Нэгийг хэлгий булаг хэмээж, тэр ус маш амттай, хүн хэрвээ ууваас үг хэлж чадахгүй болж арван өдрийг өнгөрөхгүй лав үхмүй. Нэгийг сөнөх булаг хэмээж, тэр ус халуун. Хэрвээ хүн угааваас арьс мах цөм илжрэн яс гарч ирж үхмүй. Нэгийг хар булаг хэмээж, тэр ус баахан тунгалаг. Хүний биед өчүүхэн хүрвээс гар хөл цөм хар болж үхмүй. Нэгийг зөөлрөх булаг хэмээж, тэр ус мөс мэт жихүүн. Хүн ууваас хоолойд халуун уургүй болоод бие махбод хөвөн мэт зөөлөн буурай болж үхмүй. Тэр газарт шувуу хорхой цөм үгүй. Гагц Хань улсын Фүбо жанжин хүрч ирсэн бөлгөө. Түүнээс нааш нэг хүн ч тэнд хүрсэн нь үгүй. Эдүгээ зүүн хойд замыг таслаад дайван мөн агуйд нуун суутугай! Хэрвээ Шу улсын цэрэг зүүн замыг тасалсныг мэдвээс эрхгүй баруун замд ормуй. Замд усгүй тул энэ дөрвөн булгийг үзвээс лав усыг уумуй. Хэдий зуун түмний олон боловч цөм олж эгэхгүй болох тул юунд цэрэг зэвсгийг хөдөлгөх аж!”. Мөнхуо ихэд баярлан гарыг толгойд тавьж өгүүлрүүн: “Энэ өдөр сая биеийг тавих газрыг олов!” хэмээгээд бас хойд зүг хуруугаар зааж өгүүлрүүн: “Жугө Лян чи хэдий хувилгаан мэт арга бодлого буй боловч хэрэглэн чадахуйяа бэрх. дөрвөн булгийн ус миний дарагдсан цэргийн өшөөг авбаас болмуй!” хэмээжээ. үүнээс Мөнхуо, Мөн Ю өдөр бүр Дуосы Дайван лугаа хамт хуримлан суув.
Тэндээс Кунмин удтал Мөнхуогийн цэрэг гарч ирэхгүйг үзээд даруй цааз зарлаж их цэргийг Си Эрхө голоос өмнө дэвшүүлэв. Тэр цагт хараахан зургаан сарын халуун тул түүний халуун галын цог мэт. Хожмын хүн өмнө газрын аагим халууныг шүлэглэсэн шүлгийн үг:
“Уул намаг шарагдаж хатах шахаад
Агаар огторгуйг галын гэрэл бүрхжээ
Газар тэнгэрийн гаднах оронд эс очвоос
Ган халуун чухам ямрыг яахан мэдэх буй”
Бас шүлгийн үг:
“Галын эзэн эрхийг барьсан тул
Ганц үүл ч гарч чадахгүй
Үүлний жинлэгээнд өнчин тогоруу амьсгаадан
Далайн халуунд аварга загас цочисхиймүй
Горхины хөвөөнд суухыг тэвчихээс бус
Хулсны дотроос салан явж төвдөхгүй
Элст хязгаарт хүрсэн зочид
Энэ мэтээр дахин урагш дайлмуй”
Кунмин их цэргийг авч яван бүхийд гэнэт харуулын хүн хэлрүүн: “Мөнхуо Тү Лундун агуйд ороод гарч ирэхгүй. Агуйн амсрыг чулуу модоор бөглөөд дотроо цэргээр сахиулжээ. Уул бэрх, зам муу тул цэрэг орж чадахгүй” гэхэд Кунмин даруй Люйкайг авчирч асуухад Люйкай өгүүлрүүн: “Би тэр агуйд нэгэн зам буй хэмээн сонссон боловч үнэнийг мэдэхгүй” хэмээсэнд Зянвань өгүүлрүүн: “Мөнхуо бидэнд дөрвөн удаа баригдаад элэг цөс хэмхэрсэн тул ямар аймшиггүй гарч ирмүй? Нэнд өнөөгийн аагим халууны цаг цэрэг морь цөхөөд байлдавч тусгүй. Эгэхэд үл хүрмүй”. Кунмин өгүүлрүүн: “Хэрэв тийм болбоос чив хэмээн Мөнхуогийн аргад ормуй. Манай цэрэг эгвээс эрхгүй хойноос нэхмүй. Эдүгээ нэгэнтээ энд хүрч ирсэн тул юу хэмээн эгэх ёс буй!” хэмээгээд Ванпинд хэдэн зуун цэрэг өгч өмнө анги болгон шинэ дагасан Мань улсын цэргээр зам дагуулж баруун хойд замаар ороод өмнө нэгэн булагт хүрчээ. Хүн морь цөм ундаассан тул тэр усыг тэмцэлдэн уулцав. Ванпин тэр замыг үзээд хойш Кунминд мэдүүлэхээр ирэхүйеэ хүрээнд хүрч ирсэн хойно цөм үг хэлж чадахгүй болжээ. Гагц амыг гараар заахын төдий л болой.
Түүнээс Кунмин ихэд цочиж хор орсныг мэдээд даруй бага тэргэнд сууж арваад хүнийг авч ирээд үзвээс нэгэн цүнхээл тунгалаг ус бөгөөд гүн нь ёроол үзэгдэхгүй. Усны байдал ихэд аюултай тул цэргийн хүн айн тэнсэж үзсэнгүй. Кунмин тэрэгнээс бууж өндөр газарт гарч анхаарваас дөрвөн этгээдэд өндөр хад. Шувууны дуу ч сонсогдохгүй, дотроо ихэд сэжиглэж байтал гэнэт холоос уулын дов дээр нэгэн сүм үзэгдмүй. Кунмин ороонго залааг татаж дэвшвээс нэгэн чулуун гэрийн дотор нэгэн жанжин хүнийг бүтээж төв чиг суулгажээ. Хажууд нэгэн хөшөө чулуу буй. Дээр нь “Хань улсын Фүбо жанжин Ма Юаньгийн сүм” хэмээжээ. Мань улсыг дайлахаар ирсэнд тухайн газрын хүн сүм барьж тахисан ажгуу. Кунмин дахин дахин залбиран мөргөж өгүүлрүүн: “Жугө Лян би урьд эзний өнчнийг тушаасан хүнд тушаалыг хүлээсэн тул эдүгээ эзний зарлигаар Мань улсыг төвшитгөхөөр ирэв. Мань аймгийг төвшитгөсний хожим сая Вэй улсыг дайлан Ү улсыг сөнөөж Хань улсын төрийг амуулсугай хэмээмүй. Эдүгээ жанжин цэрэг газрын байдлыг танихгүй эндүүрэн муу усыг уугаад дуу гарч чадахгүй болжээ. Дээд сахиусанд наминчлан даатгах нь “Уул төрийн хишиг журмыг санаж хувилгаан бие илрэн гарч олон цэргийг ивээн хамгаалах ажаам уу!” хэмээн залбираад, сүмээс гарч газрын хүнийг эрж учрыг асуусугай хэмээн санаж бүхийд бараг бүрэг өмнө уулнаас нэгэн өвгөн хүн таяг тулж ирмүй. Байдал дүр өөр тул Кунмин даруй залж сүмд оруулаад ёслон дууссаны хойно чулуун дээр суулцаад Кунмин асууруун: “Өтгөс хүний овог нэр юун?” хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: “Хөгшин би их улсын Чансангийн эрхэм нэрийг сонсож удав. Завшаанаар энэ өдөр олж учирлаа. Мань аймгийн хүн олонтоо Чансангийн амьдруулсан хишгийг хүртсэн тул цөм талархан хүсэж барахгүй” хэмээжээ. Кунмин булгийн учрыг асууваас өвгөн өчиж өгүүлрүүн: “Цэргийн уусан нь хэлгий булгийн ус болой. Ууваас үг хэлж чадахгүй болж хэдэн өдрийн хойно үхмүй. Энэ булгаас гадна бас гурван булаг буй. Зүүн өмнө нэгэн булаг аж. Түүний ус ихэд жихүүн хүн хэрвээ ууваас хоолойд халуун уур үгүй болоод бие махбодь зөөлөн буурай болж үхмүй. Нэрийг нь зөөлрөх булаг хэмээмүй. Төв өмнө нэгэн булаг буй. Хэрвээ хүний биед хүрвээс гар хөл цөм хар өнгөтэй болж үхмүй. Нэрийг хар булаг хэмээмүй. Баруун өмнө нэгэн булаг буй. Буцалсан ус мэт халуун. Хүн хэрвээ бие угааваас арьс мах цөм зулгаран үхмүй. Нэрийг сөнөөх булаг хэмээмүй. Хөдөөх газарт ийм дөрвөн булаг аж хор цугларчээ. Засах эм үгүй. Бас муу уур дэгдмүй. Гагц хонь, бич, тахиа энэ гурван цагт сая явж болохоос өөр цагт цөм муу уур татаад дайрсанд даруй үхмүй” хэмээжээ.
Түүнээс Кунмин өгүүлрүүн: “Ийм болбоос Мань улсыг төвшитгөж болохгүй! Мань улсыг төвшин болгож чадахгүй болбоос хэрхэн Вэй, Ү хоёр улсыг сөнөөж Хань улсыг дахин андуулах буй? Урьд хааны өнчнийг тушаасан хүнд тушаалыг үтээрвээс амьд явахаас үхэхэд хүрэхгүй бөлгөө!” хэмээхнд өвгөн өгүүлрүүн: “Чансан битгий зовиногтун! Хөгшин би нэгэн газрыг зааж өгсүгэй! Үүнийг тайлж болмуй”. Кунмин өгүүлрүүн: “Өтгөст ямар сайн арга буй? Заан сургаж хүртээхийг хүсмүй”. Өвгөн өгүүлрүүн: “Эндээс баруунш хэдэн газрын үзүүрт нэгэн уулын зав буй. Дотор орж хорин газар явбаас нэгэн нуур буйг “Түмэн амгалант” хэмээн нэрийдэж, дээр нэгэн эрхэм сайд100 суужээ. Цол Ван, “Түмэн амгалант дияанч” хэмээн нэрлэмүй. Тэр хүн горхиос гарахгүй хэдэн арван жил болжээ. Түүний суусан гэрийн хойно нэгэн булаг буй. Нэрийг “Амар цэнгэлийн” булаг хэмээмүй. Хүн хэрвээ хорлогдвоос тэр усыг уувал даруй эдгэмүй. Хүн хамуу илд гарахаар зарим муу уурт оногдвоос энэхүү “Түмэн амгалант” горхид угааваас аяндаа хэрэггүй болмуй. Бас гэрийн өмнө нэгэн өвс ургажээ. Нэрийг “Зи Е Юньсян” хэмээмүй. Хүн хэрвээ нэгэн навч авч амандаа үмхвээс муу уур халдахгүй. Чансан түргэнээ одож гуйгтун!” хэмээсэнд Кунмин ёслон талархаж асууруун: “Эрхэм өтгөсийн энэ мэт амьдруулсан эрдэмд тэсгэлгүй талархан бөлгөө. Нэр овгийг сонсгохыг хүсмүй”. хөгшин хүмүүн өгүүлрүүн: “Би уг газрын уулын сахиус бөлгөө. Фүбо жанжны захиагаар тусгайлан заан сургахаар ирэв” хэмээгээд сүмийн хойд чулуун туургыг өргөж оров. Кунмин ихэд гайхаж сүмийн сахиусанд дахин давтан мөргөөд хуучин замыг эрж тэргэнд суугаад их хүрээндээ эгэв. Дэд өдөр Кунмин хүж зул бэлэг сэлт бэлтгэн Ванпингийн зэрэг хэлгий цэргийг аван шөнө дөл уулын сахиусангийн заасан газарт одож уул завын бага замаар явсаар хорин газар илүү болоод үзвээс ганц өндөр нарс, их майлс, ягч хулс, сонин цэцэг нэгэн гацааг тойрмуй. Шивээний дотор хэдэн өргөө улалжийн гэр аж. Сайхан үнэр хамарт анхилмуй. Кунмин ихэд баярлаж гацааны өмнө хүрээд хаалгыг тогшиход нэгэн бага хүүхэд гарч ирэв. Кунмин нэр овгийг хэлсүгэй хэмээтэл нэгэн хулсан малгай, өвсөн шаахай, цагаан дээл, улаан нүд, шар үст хүн гарч өгүүлрүүн: “Ирсэн нь Хань улсын Чансан бус уу?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Эрхэм сайд хэрхэн мэдэв?”. Нуугч хөгшин өгүүлрүүн: “Хэдийн Чансангийн их туг өргөж өмнийг байлдахаар ирснийг сонсоод удав. Юунд мэдэхгүй аж?” хэмээгээд Кунминийг өвсөн гэрт оруулан ёслон дуусаад зочин гэрийн эзний ёсоор суулцсаны хойно Кунмин хэлрүүн: “Жугө Лян би Жаоле хааны гэрээсэлсэн үгийг хүлээн авч хожмын эзний зарлигаар их цэрэг авч Мань улсыг дагуулж соёл хүртээсүгэй хэмээн ирсэн бөлгөө. Санамсаргүй Мөнхуо агуйдаа орж нуужээ. Цэргийн хүн эндэж хэлгий булгийн усыг уусан тул үдэш Фүбо жанжны хувилгаан илрээд “Эрхэм сайдын дэргэд эмт булаг буй тул засаж болмуй” хэмээн хэлжээ. Гуйх нь нигүүлсэхүй сэтгэлийг гаргаж сахиус усыг хүртээн өгч олон амьтныг тэнхрүүлэх ажаам уу!”. Нуугч хөгшин өгүүлрүүн: “Хөгшин хүн би уул хөдөөний гээгдсэн хүн билээ. Чансан юунд биеийг зүдээж ирэв. Тэр булаг гэрийн хойно буй тул авч ирүүлэн уулгасугай!” хэмээв.
100 сайн хүмүүн гэсэн утга
Түүнээс бага хөвгүүн Ванпингийн зэрэг хэлгий цэргийг авч нуурын дэргэд ирж усыг татаж уулгасан даруй амнаас муу шүлс огшиж гаргамагц үг хэлж чадав. Бага хөвгүүн бас олон цэргийг Түмэн амгалант горхид дагуулан ирж биеийг угаалгав. Дияанч хөгшин майлсны үрийн цай, нарсан ногоогоор Кунминийг хүндэлж өгүүлрүүн: “Нань Мань улсын агуйд хорт могой, хилэнцэт хорхой олон бөгөөд бургасан цэцэг нуур булагт унаваас тэр усыг ууж болохгүй. Гагц газар өрж булаг болгон татаж ууваас сая болмуй”. Кунмин “Зи Е Юньсян” өвсийг гуйсанд дияанч хөгшин олон цэргийн ардыг “Чинээгээр авагтун хүн бүр нэжгээд навч үмхвээс муу уур аяндаа халдахгүй болмуй” хэмээжээ. Кунмин дияанч хөгшингийн нэр овгийг асууваас дияанч хөгшин инээж өгүүлрүүн: “Би болбоос Мөнхуогийн ах Мөнзе болой” хэмээсэнд Кунмин ихэд хиртхийв, дияанч хөгшин бас өгүүлрүүн: “Чансан битгий сэжиглэгтүн! Бид нэгэн эцэг эхээс гурвуул төрсөн бөлгөө. Ахмад нь хөгшин Мөнзе миний бие, дэд нь Мөнхуо, гуравдугаар нь Мөн Ю болой. Эцэг эх цөм өнгөрчээ. Хоёрдугаар дүү Вангийн соёлыг дагахгүй. Би дахин давтан хоригловч миний үгийг авахгүй тул нэрийг халан энд нууж суусан бөлгөө. Эдүгээ ичгүүрийг мэдэхгүй дүү урваад Чансанг ийм муу газар ирүүлэн зүдээсний төлөө Мөнзе би түмэнтээ үхвээс зохимуй. Тийнхүү урьд Чансангийн өмнө ялыг гуйсугай!” хэмээсэнд Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Эдүгээ даожи, Сяхуй101 нарт тохиолдсон хэргийг сая итгэв.
101 Хятадын түүхийн Чүньцюгийн үеийн ах дүү хоёрын нэр юм. Ах Сяхүй нь мэргэн гэгээн нэгэн байсан бол дүү даожи нь дээрэмчин байсан гэдэг.
Үнэхээр бас байх ажгуу” хэмээгээд Мөнзегийн зүг өгүүлрүүн: “Би тэнгэрийн хөвгүүнд айлтгаж гүнг ван болговоос ямар буй?”. Мөнзе өгүүлрүүн: “Би гавьяа нэрээс зайлж энд ирсэн атал хэрхэн дахиж баян эрхмийг эрмэлзэх ёсон буй?” хэмээжээ. Кунмин даруй алт торго, бэлэг сэлт өгсөнд Мөнзе хатуу маргаж авсангүй. Кунмин шүүрс алдаж зогсохгүй ёслон салав. Хожмын хүний шүлгийн үг:
“Өндөр мэргэд сэлүүн суухад үүдээ хаав
Үхоу энэ газар Мань улсыг эвдэлжээ
Өнөө болтол хөгшин модонд хүн хүрсэнгүй газарт
Үргэлж тэнд жихүүн уур хуучин уулыг бүсэлмүй”
Тэндээс Кунмин их хүрээнд ирээд цэргийн хүнээр газрыг өрж ус авсугай хэмээсэнд дорогш хорин хос алд өрсөн боловч огт ус гарч ирсэнгүй. Дахин арваад газарт өрөвч цөм ийм тул цэргийн ард ихэд сандрав. Кунмин шөнө дөл хүж шатааж тэнгэрт залбиран гуйж өгүүлрүүн:
“Сайд Жугө Лян эрдэмгүй, их Хань улсын буян хишигт эрдэж зарлигийг хүлээн Мань улсыг төвшитгөхөөр ирсэн бөлгөө. Эдүгээ замд ус олдохгүй тул цэрэг морь умдаасч маш хохиров. Хэрвээ дээд тэнгэр их Хань улсыг таслахгүй болбоос даруй амтат булаг хүртээсүгэй! Хэрэв цаг улирал эцэслэх шахсан болбоос Жугө Лян нар цөм энд үхэхийг хүсмүй” хэмээн тэр шөнө залбирч дуусаад жич өглөө үзвээс худаг бүр усаар дүүрчээ. Хожмын хүний шүлгийн үг:
“Төрийн өмнөөс Мань улсыг төвшитгөхөөр цэргийг дайчилж
Төв ёсыг сэтгэлдээ агуулснаар сахиус санаанд нийцэв
Сэцэн Чансан худагт мөргөөд амтат булаг гараад
Жугөгийн сэтгэл үнэнч тул шөнө ус ундрав”
Кунмингийн цэрэг морь цөм ус олсон тул даруй бага замаар одож шууд Тү Лундунд хүрч хүрээ байгуулав.
Тэндээс Мань улсын цэрэг мэдээд Мөнхуод ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг муу уурт дайрагдсангүй. Ундаасах зовлонг эс эдлэн бас олон булгийн ус нэг нь ч хор болсонгүй” хэмээсэнд Дуосы Дайван сонсоод итгэхгүй өөрийн биеэр Мөнхуо лугаа өндөр довд гарч үзвээс Шу улсын цэрэг ав амирлангуй огт гай болсонгүйгээр их суулга бага дамжуураар ус зөөж морио услан будаа чанаж амуй. Дуосы Дайван үзээд толгойны үс босоод хойш хандаж Мөнхуод өгүүлрүүн: “Энэ нь сахиус цэрэг болой”. Мөнхуо өгүүлрүүн: “Бид ах дүү хоёул Шу улсын цэрэг лүгээ нэгэн зэрэг үхэн байлдсугай! Хэдий дайсанд үхэвч хэрхэн гар уулзуулан түүний хүлэхийг хүлээмүй”. Дуосы өгүүлрүүн: “Хэрэв дайван би дарагдваас миний эм хөвгүүн цөм мөхөх болой” хэмээгээд үхэр морь алж цэргийн хүнийг ихэд хуримлаад “Гал уснаас зайлахгүй шууд Шу улсын хүрээнд байлдан орвоос сая дийлж болмуй” хэмээв.
Түүнээс цэргийн хүнийг ихэд хуримлаж сая байлдахаар одсугай гэтэл хүн ирж хэлрүүн: “Агуйн хойдоос баруунш Инь Едун агуйн хорин нэгэн агуйн эзэн Янфөн гурван түмэн цэрэг аваад бидэнд туслахаар иржээ” хэмээсний хойно Мөнхуо ихэд баярлаж өгүүлрүүн: “Зэргэлдээ улсын цэрэг бидэнд туслахаар ирвээс бид эрхгүй дийлмүй” хэмээгээд даруй Дуосы Дайван лугаа хамт угтан гарсан хойно Янфөн цэргийг дагуулан орж өгүүлрүүн: “Надад гурван түмэн цэрэг буй. Цөм төмөр хуяг өмсөөд уулан дээгүүр нисэж давааг харайн гарах чадал буйн тул Шу улсын зуун түмэн цэрэг лүгээ тэнцмүй. Жич надад таван хөвгүүн буй. Цөм цэргийн эрдэмд сайн тул дуртайяа Ванд тусалмуй” хэмээгээд даруй таван хөвгүүнийг дуудаж учруулбаас үнэхээр бие байдал барс мэт сүр хүчтэй. Мөнхуо ихэд баярлан даруй хурим бэлтгэж Янфөн эцэг хөвгүүнийг хуримлан архи уулцаж халмагшсан хойно Янфөн өгүүлрүүн: “Хуримд хөгжимгүй тул миний цэрэгт дагасан мань эхнэрүүд илд халхыг сайнаар бүжиглэмүй, үүгээр инээхийг туслуулбаас ямар?”. Мөнхуо үгийг дагасанд удалгүй хэдэн арван Мань аймгийн эхнэр цөм үсийг тавиад хөл нүцгэлж цацрын гаднаас бүжиглэсээр орж ирсэнд олон Мань аймгийн хүн алгаа тавшиж дуулан нийлүүлэв. Янфөн бас хоёр хөвгүүнийг хундага бариулсанд хоёр хөвгүүн хундага өргөж Мөнхуо, Мөн Югийн өмнө хүрвээс хоёул хундагыг тосож аваад сая уусугай хэмээтэл Янфөн өндөр дуугаар нэгэнтээ зандарсанд хоёр хөвгүүн хэдийн Мөнхуо, Мөн Юг баримтлан ширээнээс буулгав. Дуосы Дайван үзээд сая буруулсугай гэтэл Янфөнд баригдав. Бүжиглэх эхнэр цацарт хөндлөнгөөр зогссонд хэн аймшиггүй ойр хүрмүй. Мөнхуо өгүүлрүүн: Туулай үхвээс үнэг энэрмүй, амьтан аймагтаа уярмуй хэмээжээ. Би чам лугаа тус тусдаа цөм агуйн эзэн бөгөөд язгуурын өшөө дайсангүй атал юунд намайг хөнөөмүй?”. Янфөн өгүүлрүүн: “Миний хөвгүүн ач нар цөм Жугө Чансангийн амьдруулсан ач хишгийг санаж хариулах юмгүй. Эдүгээ та урвасан тул хэрхэн баримтлахгүй аж!” хэмээв.
Түүнээс Мөнхуо, Мөн Ю, Дуосы Дайван нарыг хүлж Кунмингийн хүрээнд авчрав. Кунмин оруулсанд Янфөн нар цацрын доор сөгдөж өгүүлрүүн: “Миний хөвгүүн ач нар цөм Чансангийн эрдэм ачийг хүртээд тийнхүү Мөнхуо, Мөн Ю нарыг баримтлан өргөхөөр ирэв” хэмээсэнд Кунмин хүндээр шагнасны хойно Кунмин Мөнхуог оруулж инээн өгүүлрүүн: “Чи энэ удаад одоо дагах буй за?”. Мөнхуо өгүүлрүүн: “Чиний чадал бус манай агуйн хүмүүс өөрөө хөнөөх тул ийм болжээ. албаас алтугай! Хэрхэвч дагахгүй!” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Чи намайг усгүй газарт гэнэдүүлэн авчраад нэн бас хэлгий булаг, сөнөх булаг, хар булаг, зөөлрөх булгуудын хор атал миний цэрэг яасан ч үгүй нь энэ тэнгэрээс туслах нь бус хэмээсүй үү? Чи юунд басхүү эргүүтэж дагахгүй буй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Миний өвөг эцгийн суусан Инь Кундун нуурт гурван мөрний бэрх буй бөгөөд давхар боомтын бэх буй. Намайг тэнд барьсанд би хөвгүүд ач нарт хүртэл үнэн сэтгэлээр дагамуй”. Кунмин өгүүлрүүн: “Би эдүгээ бас чамайг тавьж илгээсүгэй! Чи цэргээ тэгшлэн ирж дахин над лугаа дийлэх дийлэгдэхийг тасалтугай! Тэр цагт дахин баригдаад дагахгүй болбоос чиний есөн угсааг хүйс тэмтэрч алмуй” хэмээгээд жигүүрийн ардаар хүлсэн дээсийг тайлуулж тавин илгээсэнд Мөнхуо дахин дахин мөргөж одов. Кунмин бас Мөн Ю хийгээд Дуосы Дайван нарыг оруулж хүлсэн дээсийг тайлаад хурим бэлтгэж хуримласанд хоёул айж эмээгээд төв харж үзэн чадахгүй. Кунмин эмээлт мориор хүргэж илгээв. Энэ чухамхүү:
“Гүнээ бэрх газарт орсон нь хялбар хэрэг бус
Нэнд нууц бодлогыг гаргах нь хэрхэн гэнэтдээ буй”
Эгнэгт Мөнхуо цэрэг тэгшлэн дахин ирээд дийлэх дийлэгдэх нь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )