"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 107 ДУГААР БҮЛЭГ
ВЭЙ УЛСЫН ЗАСАГ СЫМА ОВОГТОНД БОЛСОН
ЗЯНВЭЙ НЮТОУ ШАНЬ УУЛАНД ЦЭРЭГ ДАРАГДСАН
Өгүүлэх нь: Сыма И, Цаошуангийн дүү Цаоси, Цаосюнь, Цао Янь жич сэтгэл зүрхний мэт хүн Хө Янь, Дөн Ян, Динми, Бигүй, Лишэн нар лугаа шадар цэргийг дагуулан хаан Цаофаныг дагалдаж хот гарч Минди хааны онгоныг тахих ялдарт авламуй” хэмээснийг сонсоод ихэд баярлан даруй яаманд одож Сытү түшмэл Гаороуд хэмжээт цацаг өгч их жанжны үйлийг шийтгүүлж урьд Цаошуангийн хүрээг эзлүүлэв, Бас Тайпү түшмэл Вангуаньгийг Жун Линзюньгийн үйлийг шийтгүүлэн Цаосигийн хүрээг эзлүүлээд, Сыма И хуучин түшмэлийг авч ордонд ороод Гуо Тайхоуд хандаж өгүүлрүүн: “Цаошуан урьд хааны гэрээслэснийг тэсэргүүлж гажуу зальхайгаар улсыг самууруулсан тул түүний ял нь гээвээс зохимуй”. Гуо Тайхоу ихэд цочиж өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн гадна буй. Яасугай?” Сыма И өгүүлрүүн: “Сайд надад тэнгэрийн хөвгүүнд айлтгах бичиг аж. Зальхай сайдыг алах арга буй. Гуо Тайхоу айж аргагүй үг дагав. Сыма И даруй Тай Юй түшмэл Зянзиг Шүлин түшмэл Сыма Фүгээр хамт илтгэл бичиг бичүүлэн Хуанмэнь түшмэлд бариулан хот гарч шууд хаанд айлтгахаар илгээсний хойно Сыма И өөрийн бие цэрэг аваад цэргийн зэвсэг тавьсан гууг сахив. Тэр учрыг хүн Цаошуангийн гэрт мэдүүлсэнд түүний эм Лю овогт эхнэр сонсоод яаран танхимын өмнө гарч ордныг сахисан түшмэлийг дуудаж өгүүлрүүн: “Эдүгээ эзэн гүн гадагш гарчээ. Сыма И цэрэглэсэн нь ямар санаа буй?” Хаалга сахисан жанжин Фаньзү өгүүлрүүн: “Хатан та битгий зовогтун! Би одож асууж ирсүгэй!” хэмээгээд хэдэн арван холховч нум барьсан цэргийг аван асар дээр гарч үзвээс Сыма И цэрэг аваад хаалгыг өнгөрөн одмуй. Фаньзү цэргийн хүнээр цацлан харвуулсанд Сыма И өнгөрөн чадахгүй болжээ. Хажуугийн жанжин сүнь Цянь хойноос өгүүлрүүн: “Тайфу улс гэрийн их үйлийн төлөө тул битгий зэв харва!” хэмээн хэдэн зэрэг зогсоосонд Фаньзү сая харвахыг байв. Сыма Жао эцэг Сыма Иг халхалж өнгөрөөгөөд цэрэг авч хотыг гараад Луохө голын гүүрний дэргэд сахиж суув.
Тэндээс Цаошуангийн доорх Сыма түшмэл Лүжи хот дотор хувилсныг үзээд Цаньзюнь түшмэл Синьчангийн зүг зөвлөж өгүүлрүүн: “Өнөө Жунда ийнхүү самуурваас бид яаваас сайн?” Синьчан өгүүлрүүн: “Бид харьяат цэргийг авч хот гараад тэнгэрийн хөвгүүнд золгохоор одсугай!” хэмээсэнд Лүжи “Мөн!” хэмээв. Синьчан хойд гэрт орсонд эгч Cиньсян Ин учраад асууруун: “Чамд ямар хэрэг байж энэ мэт яармуй?”. Синьчан хэлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн гадна буй атал Тайфу хотын хаалгыг даржээ. Эрхгүй сөргүү бодлого буй болой”. Cиньсян Ин өгүүлрүүн: “Сыма гүн дэлхий дахиныг булаах нь бус тусгайлан Цао жанжинг алсугай хэмээх нь болой”. Синьчан цочиж өгүүлрүүн: “Энэ үйлийг яаваас болмуй?” Синъсян Ин өгүүлрүүн: “Цао жанжин Сыма гүнд тэнцэх хүн бус. Эрхгүй буснимуй”. Синьчан өгүүлрүүн: “Эдүгээ Лү Сыма намайг хамт яв хэмээмүй. Очихх уу? Байх уу?” хэмээхэд Cиньсян Ин өгүүлрүүн: “Тушаалыг сахигч хүмүүний их журам болой. Аливаа хүн зовлонд аваас харин ч туслан тэтгэх бөгөөтөл ташуурыг атгаж агаад түүний хэргийг гээх нь зохис бус болой” хэмээсэнд Синьчан үгийг дагаж Лүжи лүгээ хамт хэдэн арван морьтонг аван хаалгыг булаан нээж гарав. Үүнийг хүн Сыма Ид сонсгосонд Сыма И, Хуанфанийг бас гаруузай хэмээн яаран хүнээр дуудахаар илгээв. Хуанфань түүний хөвгүүн лүгээ зөвлөвөөс хөвгүүн өгүүлрүүн: “Хааны бие гадна буй тул өмнө хаалгаар гарахад үл хүрмүй”. Хуанфань “Мөн!” хэмээгээд морь унаж Пин Чанмэнь хаалганд ирвээс нэгэнтээ хаав. Хаалга сахьсан түшмэл угтаа Хуанфаньгийн хуучин түшмэл Сыфань болой. Хуанфань ханцуй дотроос нэгэн хулс модыг гаргаж өгүүлрүүн: “Тайхоугийн зарлиг бичиг энд буй. Хурдан хаалгыг нээгтүн!”. Сыфань өгүүлрүүн: “Зарлиг бичгийг надад үзүүл!” хэмээсэнд Хуанфань зандарч өгүүлрүүн: “Чи угтаа миний доорх түшмэл бөгөөд ямар аймшиггүй энэ мэт аашилмуй!” хэмээсэнд тэр үгэнд Сыфань аргагүй хаалгыг нээж тавин гаргав. Хуанфань хотын гадна гараад Сыфанийг дуудаж өгүүлрүүн: “Тайфү урвасан тул чи хурдан намайг дагаж яв” хэмээхэд Сыфань ихэд цочоод яаран нэхэвч гүйцсэнгүй. Хүн Сыма Ид хэлэхээр одсон хойно Сыма И гэлмэж өгүүлрүүн: “ Аргын уут алдрав! Яаваас сайн аж?”. Зянзи өгүүлрүүн: “Муу морь онгоцны буурцагт хороолжмуй хэмээдэг. Лав хэрэглэж чадахгүй бөлгөө”. Сыма И даруй Сю Юнь, Чэньтайг дуудаж өгүүлрүүн; “Та Цаошуангийн дэргэд одоод “Тайфүд өөр санаагүй. Гагц танай ах дүүгийн цэргийн эрхийг байлгасугай хэмээмүй” хэмээн хэлэгтүн”. Хоёул явсан хойно бас Дяньжун Сяо Юй түшмэл Инь Дамүг авчраад Зянзигээр бичиг хийлгэж Инь Дамүд бариулан Цаошуанд золгохоор илгээхэд Сыма И сургаж өгүүлрүүн: “Чи Цаошуан лугаа зузаан нөхөрлөсөн тул энэ тушаалыг хүлээсүгэй! Чи Цаошуанд золгож “Намайг Зянзи лүгээ цөм Луошүй усыг зааж ам алдав, Гагц чиний цэргийн эрхийн учраас өөр санаагүй” хэмээн хэлэгтүн!” хэмээсэнд Инь Дамү захиаг хүлээн одов.
Тэндээс Цаошуан ямагт харцага орхиж нохой тавин авлахад хүн ирж хэлрүүн: “Хотын дотор хувьсгал гараад Сыма Тайфүгээс илтгэл бичиг хүргэж иржээ” хэмээсэн тэр үгэнд Цаошуан ихэд айгаад мориноос арай эс унав. Хуанмэнь түшмэл илтгэл бичгийг тэвэрч тэнгэрийн хөвгүүний өмнө сөгдсөнд Цаошуан тосож аваад битүүмжийг нээж ойрх түшмэлд өгч дуудуулбаас тэр бичгийн үг нь:
“Барууныг байлдах их Дүдү Тайфү түшмэл Сыма И айн эмээн мөргөж хичээнгүйлэн айлтгахын учир: “Сайд би хэдийнээ Ляодунгаас эгсэнд урьд хаан “Хааныг Циньван жич сайд намайг цөм ширээнд суулгаж миний гарыг атгаж хойчийн үйлд гүн санагалзсан бөлгөө” Эдүгээ их жанжин Цаошуан гэрээслэсэн зарлигийг тэсэргүүлээд улсын дүрмийг самууруулан дотоодод болбоос хэтэрхий хааны эдийг хэрэглэн, гадаадад болбоос сүр ихийг эзлээд Хуанмэнь түшмэл Жанданыг Дүзянь (бүгдийг захирагч) түшмэл болгож тусгайлан мэдээ авуулж хааны явдлыг хянан байцаалган их суурийг харгалзмуй. Тайхоу, хааны хооронд з авсардуулж яс махыг хорлоход дэлхий дахин түрхэрч хүн бүр цөм айлцмуй. Энэ урьд хааны хаан жич сайдад гэрээслэн хэлсэн уг санаа бус болжээ. Сайд би хэдий өтөлж бууравч урьдын үгийг ямар аймшиггүй умартмуй? Тай Юй түшмэл Зянзи, Шаншү Сыма Фү нар цөм Цаошуанд хаан үгүй сэтгэл буй тул “Ах дүүгээр цэргийг захируулан хамгаалан хонуулж зохихгүй” хэмээн Юн Нингүн ордны Тайхоуд айлтгасанд зарлигаар сайд намайг айлтгасан ёсоор явуул хэмээв. Би аймшиггүй зарлигийг дагаж эзэнд Хуанмэнь түшмэлээр айлтгахаар илгээж Цаошуан, Цаоси, Цаосюнь нарын цэргийн эрхийг байлгаж гэрт сул суулган шийтгэхийг хүлээлгэгтүн! Алгуурлан удааж болохгүй! Хэрвээ зөрчигсөд аваас цэргийн цаазаар аваач хэмээснийг сайд би өвчнийг хатуужин жанжин цэргийг аван Луошүй голын хөвөөгөөр буудаллаж өөр хэрэг үүсэхийг сэргийлжээ. Үүний тул хичээнгүйлэн айлтгасныг Богд эзэн гэгээндээ айлдаж сонсох ажаам уу” хэмээжээ.
Вэй улсын эзэн Цаофан сонсож дуусаад даруй Цаошуаныг дуудаж өгүүлрүүн: “Тайфүгийн үг энэ мэт тул чи хааш тогтоомуй?”. Цаошуан яахаа олохгүй хойш хандаж хоёр дүүгийн зүг өгүүлрүүн: “Одоо хэрхвээс сайн буй?” Цаоси өгүүлрүүн: “Болхи дүү би бас ч ахыг хориглосон бөлгөө. Ах эргүүтэж үг авахгүй тул энэ өдрийн зовлонд хүрчээ. Сыма Игийн зусар арга хосгүй бөгөөд Кунмин харин ч ялгуухгүй атал бидний ах дүүг юун өгүүлнэм? Өөрөө хүлээж золгохоор одоод үхэхээс хэлтрүүлэхийг гуйхад хүрэхгүй” хэмээн хэлж дуусахын урьд Цаньзюнь түшмэл Синьчан, Сыма түшмэл Лүжи хүрч ирэв. Цаошуан асуусны хойно хоёул хэлрүүн: “Хотын дотоодыг сахисан нь төмөр суулга мэт. Тайфү цэрэг авч Луошүй голын хөвөөнд зогсжээ. Байдал нь эгж болохгүй мэт. Эртхэн өөр арга тогтоовоос зохимуй” хэмээн хэлэлцэж бүхийд сынун түшмэл Хуаньфань морь довтолгон ирээд Цаошуангийн зүг өгүүлрүүн: “Тайфү нэгэнтээ хувьсав. Жанжин юунд тэнгэрийн хөвгүүнийг залж Сюйдү хотод аваачиж гадаад цэргийг авчран Сыма Иг байлдахгүй аж?”. Цаошуан өгүүлрүүн: “Манай гэрийн бүхэн цөм хотын дотор буй тул хэрхэн хэмээн бус газар одож туслахыг эрж болмуй?”. Хуаньфань өгүүлрүүн: “Гань эр зовлон тохиолдсонд бас амьдрахыг эрмэлзмүй! Өнөө эзэн гүнгийн бие хааныг дагаж дэлхий дахинд цааз явуулбаас хэн аймшиггүй үл дагамуй? Юунд өөрөө үхэх газарт одох буй?” Цаошуан сонсоод таслан чадахгүй гагц нулимс унагаахын төдий л болой. Хуаньфань бас өгүүлрүүн: “Эндээс Сюйдү хотод одоход хагас өдөр болохгүй хүрмүй. Хот доторх амуу өвс хэдэн он идэхэд гүйцмүй. Эдүгээ эзэн гүнгийн цэрэг морь цөм боомтын өмнө буй тул дуудваас даруй хүрч ирэх бөлгөө. Их Сымагийн тамга энд буй тул эзэн гүн хурдан явагтун! Удваас мөхмүй!” хэмээжээ. Цаошуан өгүүлрүүн: “Олон түшмэд намайг битгий асар шахамдуулагтун! Би нарийвчлан санасугай!” хэмээв. Удсангүй Шижун түшмэл Сюй Юнь, Шаншү түшмэл Чэньтай хоёул хүрч ирээд хэлрүүн: “Тайфү гагц жанжны цэргийн эрх хүнд болсон учир цэргийн эрхийг устгасугай хэмээхээс өөр санаагүй. Жанжин хурдан хотод эгвээс зохимуй” хэмээсэнд Цаошуан огт дуугүй болов. Бас харшийн дотоод Сяо Юй түшмэл Инь Дамү хүрч ирээд өгүүлрүүн: “Тайфү Луошүй голыг зааж ам алдав. Огт өөр санаагүй. Зян Тай Юйгийн бичиг энд буй. Жанжин цэргийн эрхийг байгаад гэрт эгвээс зохимуй”. Цаошуан сайн үг болгон итгэв, Хуаньфань өгүүлрүүн: “Үйл цухал болов. Битгий тэдний үгэнд ороод үхэх газарт одогтун!” хэмээв.
Тэр шөнө Цаошуан санаагаа таслан чадахгүй илд бариад эргэн тойрон санагалзаж гэгээ тасрах үесээс гэгээртэл нулимс унагаагаад эцэстээ татгалзан тогтоож чадсангүй бөлгөө. Хуаньфань цацарт орж шаардаж өгүүлрүүн: “Эзэн гүн нэг өдөр нэг шөнө бодоод юунд бас таслан чадаагүй аж?” Цаошуан илдийг орхиод шүүрс алдаж хэлрүүн: “Би цэрэглэхгүй. Дуртайяа түшмэлээ гээж гагц баян гэрийн өвгөн болж амьдраваас барав!” хэмээсэнд Хуаньфань ихэд уйлан цацраас гараад өгүүлрүүн: “Цао Зыдань ухаан бодлогодоо бардамнамуй. Эдүгээ ах, дүү гурвуул үнэхээр гахай, тугал болой!” хэмээгээд уйлж зогсохгүй. Сюй Юнь, Чэньтай урьд тамга цацгийг гаргаж Сыма Ид өг хэмээхэд Цаошуан тамгыг хүргүүлсүгэй хэмээв. Жүбо түшмэл Янзун тамганы цацгаас бариад уйлан өгүүлрүүн: “Эдүгээ эзэн гүн цэргийн эрхийг тэвчиж биеийг хүлэн хүргэх болохул зүүн зээлд алагдахаас хэлтрэн чадахгүй болой!”. Цаошуан өгүүлрүүн: “Тайфү хэрхэвч надад батыг алдахгүй бөлгөө” хэмээгээд тамгыг Сюй Юнь, Чэньтайд өгч Сыма Ид хүргүүлэв. Олон цэрэг Цаошуанд жанжны тамга үгүй болсныг үзээд дөрвөн зүг сарнин оджээ. Гар доор гагц хэдэн морьтон түшмэлийн төдий үлдээд Цаошуаныг дагаж гүүрний дэргэд ирсний хойно Сыма И цааз зарлаж “Цаошуангийн ах дүү гурвыг түр гэрт нь эгүүлэгтүн! Бусыг цөм гянданд хорьж зарлигийг хүлээ!” хэмээв. Цаошуан хотод ороход нэгэн хүний дагагсад ч үгүй болжээ. Хуаньфань гүүрэнд хүрч ирэх үес Сыма И мөрний дээрээс ташуураар зааж “Хуан Дайфү юунд ийн аашилмуй?” хэмээсэнд Хуаньфань тэргүүнийг дарж огт өчсөнгүй хотын дотор оров.
Түүнээс Сыма И хааныг залж Луо Ян хотод оржээ. Цаошуангийн ах дүү гурвуул гэртээ эгсний хойно Сыма И их оньсоор хаалгыг оньслоод ойрх иргэд найман зуун хүнээр түүний гэрийг тойрон суулгав. Цаошуан уйдаж бүхийд Цаоси, Цаошуанд өгүүлрүүн: “Өнөө манай гэрт амуу дууссан тул ах нэг бичиг хийж Тайфугаас амуу зээлэхээр илгээгтүн! Тэр хэрвээ манайд амуу зээлэн өгвөөс лав хорлох санаагүй бөлгөө” хэмээсэнд Цаошуан даруй бичиг хийж хүнээр хүргүүлжээ. Сыма И бичгийг үзээд даруй хүнээр амуу нэг зуун суулгыг Цаошуангийн гэрт илгээсэнд Цаошуан үзээд ихэд баярлаж өгүүлрүүн: “Сыма И гүн угаас намайг хорлох сэтгэлгүй бөлгөө!” хэмээн огт сэжиглэхгүй болов. үзвээс Сыма И урьд Хуанмэнь түшмэл Жанданыг барьж гянданд хориод шүүж асуухад Жандан өгүүлрүүн: “Би ганцаараа бус жич Хө Янь, Дөн Ян, Лишэн, Бигүй, Динми нарын таван хүн хамт зөвлөж суурийг булаасугай хэмээсэн бөлгөө” хэмээв. Түүнд Сыма И Жандангийн өчгийг аваад Хө Янийг баримталж шүүн тодорхойлоход цөмөөр гурван сарын хооронд урвасугай хэмээсэн нь үнэн хэмээн хэлсэнд Сыма И цөмд дөнгө өмсгөж гянданд хорив. Жич хотын үүдийг сахисан жанжин Сыфань, Хуаньфанийг гэрчилж заалдсан нь: “Хуурмагаар зарлиг буй хэмээн хотоос гараад амандаа Тайфү урвав хэмээн дуудав” хэмээсэнд Сыма И өгүүлрүүн: “Хүнийг урвав хэмээн гүтгэвээс урвасан ялаар аваачмуй” хэмээгээд Хуаньфань нарыг бас барьж гянданд хорив.
Түүнээс Цаошуангийн ах дүү гурвуулыг гаргаж олон ялт хүн лүгээ хамт зээлд аваачиж алаад гурван угсааг хүртэл хүйс тэмтэрч, түүний гэр эд хөрөнгийг цөм гаргаж гууд оруулав.
Тэр цагт Цаошуангийн үеэл дүү Вэньшүгийн эм Ся Хоулингийн охин бөлгөө. Хэдийн бэлэвсэн болсон бөгөөд хөвгүүнгүй. Түүний эцэг өөр газар харилсугай хэмээвээс охин чихээ огтолж амалдав. Цаошуан алагдсанд түүний эцэг дахин бусдад өгсүгэй хэмээхэд охин бас хамраа огтолсон тул түүний гэр дэхь хүмүүс цочин айж өгүүлрүүн: “Хүн ертөнцөд амьдрах нь хог шороо, зөөлөн өвсөнд суусан мэт, хэрхэж өөрөө энэ мэт гашуудмуй? Ялангуяа эрийн гэр нэгэнт Сыма овогтонд алагдаж дуусав. Үүнийг хэн хүний төлөө сахимуй?” хэмээсэнд охин уйлж өгүүлрүүн: “Би сонсвоос “Өршөөлтөн нь хөгжиж буурахын учир зоригийг хувьсгахгүй, журамтан нь амьдран мөхсөний явдлаар санааг эс халмуй” хэмээсэнчлэн Цао овогтын бадрангуй хөгжилт цагт харин эцэслэтэл хамгаалсугай хэмээсэн бөгөөд харин өнөө сөнөж мөхсөнд хэрхэн төвдөж гээмүй? Энэ адгуусны явдал болой. Би яахан үйлдэх аж!” хэмээснийг Сыма И сонсоод мэргэн эхнэр хэмээж түүнийг дураар хөвгүүн тэжээж Цао овогтын үр болготугай хэмээв.
Хожмын хүний шүлэглэсэн шүлгийн үг:
“Шарласан өвс нимгэн тоосыг нэвтэрхий тод үздэг
Ся Хоугийн охин элбэрэл журмыг уул мэт хүндэтгэмүй
Сайн эр хэмээгээд хормойвч хатгууртанд үл хүрэх нь
Сахал хөмсөгтэй төрсөндөө нүүр татвалзан зовнимуй”
Тэндээс Сыма И, Цаошуаныг алсны хойно Зянзи өгүүлрүүн: “Шаншү Лүжи, Синьчан хаалгыг цавчин нээж гарсан бөгөөд Янзун тамгыг булааж өгөхгүй. Тэдгээрийг цөм сул тавьж эс болмуй” хэмээсэнд Сыма И өгүүлрүүн: “Тэр өөр өөрийн эзний төлөө зүтгэсэн шударга журамтан болой” хэмээгээд цөм уг түшмэлийг эгүүлэн өгөв. Синьчан шүүрс алдаж өгүүлрүүн: “Би миний эгчээс асуусангүй болбоос их журмыг алдах бөлгөө” хэмээн өгүүлэв.
Хожмын хүн Cиньсянь Инг магтсан шүлгийн үг:
“Түшмэл болоод пүнлүүг идвээс хариулахыг бодох хэрэгтэй
Эзнийг үйлчлээд түгшүүрт тулбаас шударгыг гүйцэтгэвээс зохимуй
Эрдэмт Cиньсянь Ин дүүгээ ятгасан нь
Эрт эдүгээ мянган онд өв тэгш эрдмээ сайшаагдмуй”
Сыма И, Синьчан нарыг хэлтрүүлсний дараа бичиг тархааж: Цаошуангийн доорх аливаа хэрэглэсэн хүмүүсийг цөм үхэхээс хэлтрүүл хэмээгээд түшмэл байсанд нь уг түшмэлийг эгүүлэн өгмүй. Цэрэг иргэн болбоос уг хэвээр гэр хөрөнгөө сахиж амьдргтун хэмээсэн тул дотоод гадаад цөм амарлингуй болжээ. Хө, Дөн хоёул цөм үхээд үнэхээр Гуаньлүгийн үгэнд тохиолдов.
Хожмын хүн Гуаньлүг магтсан шүлгийн үг:
“Их мэргэдийн нууц увдисыг уламжлан олсон
Пин Юаньгийн Гуаньлү шинжилгээнд нэвтэрчээ
Хө, Дөн хоёулыг Гүй Ю, Гүйзао143 хэмээн хуваагаад
Хүүр болоогүйгээр үхсэн хүн хэмээн мэджээ “
Түүнээс Вэй улсын эзэн Цаофан Сыма Иг чансан өргөмжлөн есөн зүйлийн хөхүүлэл нэмж өгөхөд Сыма И маргаваас Цаофан харин ч эцэг хөвгүүн гурвуулаар хамт улсын хэргийг шийтгүүлэв. Сыма И гэнэт: “Цаошуангийн гэрийн бүхнийг цөм алсан боловч бас Ся Хоу Ба хэмээгч аж. Юнжоугийн зэрэг газрыг сахиж амуй. Цөм Цаошуангийн ойр ураг. Хэрвээ урваж самуурсанд яахан халхлах аж? Түргэн арилгаваас зохимуй” хэмээн санаж олоод даруй зарлиг буулган Юнжоуд элч зарж Ся Хоу Баг Луо Янд ирж хэрэг зөвлөсүгэй хэмээн авахаар илгээв. Ся Хоуба тэр мэдээг сонсоод харьяат гурван мянган цэргээ дагуулан урвасанд Юнжоугийн Цыши түшмэл Гуохуай, Ся Хоубагийн урвасныг сонсож цэрэг авч Ся Хоуба лугаа байлдахаар ирээд Гуохуай морин дээрээс харааж өгүүлрүүн: “Чи их Вэй улсын хааны угсаа агаад хаан бас чамд хор хүргэсэнгүй атал юун учирт урвамуй?”. Ся Хоуба бас хараан өгүүлрүүн: “Миний өвөг эцэг улсад ихэд гавьяа байгуулсан бөлгөө. Эдүгээ Сыма И ямар зэргийн хүн хэмээн миний Цао овогтын угсаа төрлийг сөнөөгөөд бас намайг авахаар ирсэн нь эрт орой эрхгүй суурийг булаасугай хэмээх болой. Би журмыг барьж хулгайг байлдах тул яахан урвав хэмээх буй?” Гуохуай хилэгнэж жадаа далайн байлдахаар оров. Ся Хоуба тулан авч байлдаад арван удаа болсонгүй Гуохуай дарагдаж буруулахад Ся Хоуба нэхэж ирвээс гэнэт хойд цэрэгт хашхирах дуу гармуй. Ся Хоуба яаран эгвээс Чэньтай цэрэг авч байлдахаар иржээ. Гуохуай бас буцаж хоёр этгээдээс хавчин байлдахад Ся Хоуба дарагдаж цэргийн их хагас хохиров. Элдэвчлэн бодвоос аргагүй тул даруй Ханьжунд Хоужуг дагахаар одов.
143 Буг чөтгөр
Түүнээс хүн үүнийг Зянвэйд мэдүүлбээс Зянвэй итгэхгүй тул хүн илгээж үнэн мэдээг олсны хойно сая хотод оруулав. Ся Хоуба ороод Зянвэйд мөргөж золгоод урьд үйлийг уйлан хэлсний хойно Зянвэй өгүүлрүүн: “Эртний Вэйзы, Жоу улсад дагаж түмэн үед нэрийг үлдээжээ. Гүн чи эдүгээ Хань улсад тэтгэн тусалбаас эртний хүнд ичгүүргүй болой” хэмээгээд хурим бэлтгэж хуримлахад Зянвэй асууруун: “Эдүгээ Сыма И эцэг хөвгүүн эрхийг эзлээд бас манай улсыг гэтэлхийлэх сэтгэл буй уу?”. Ся Хоуба өгүүлрүүн: “Хөгшин хулгай суурийг булаасугай хэмээх тул гадаадыг бодолхийлэх чөлөөгүй. Гагц Вэй улсад шинэ хоёр хүн гарчээ. Төв идэр насанд буй. Хэрвээ цэргийн эрх өгсөнд үнэхээр Ү, Шу хоёр улсын их зовлон болмуй”. Зянвэй асууруун: “Хоёул яасанхүн аж?” хэмээсэнд Ся Хоуба өгүүлрүүн: “Эдүгээ нэг нь Ми Шүлан түшмэл болж буй. Инчуаньгийн Чаншө газрын хүн. Овог Жун, нэр Хуй, өргөсөн нэр Шизи,Тайфү түшмэл Жун Яогийн хөвгүүн болой. Багаас цөстэй бөгөөд мэргэн. Жун Яо үргэлж хоёр хөвгүүнийг дагуулан Вэньди хаанд бараалхмуй. Тэр үес сая долоон настай, түүний ах Юй нь найман настай, Юй хаанд золгоход чичрэн дагжиж нүүр дүүрэн хөлс урсгамуй. Хаан Юйгээс асууруун: “Чи юунд хөлс гарсан буй?” Юй өчрүүн: “Чичрэн дагжиж хөлс ус мэт урсмуй” хэмээв. Хаан Хуйгаас асууруун: “Чи юунд хөлс гарахгүй буй?”. Хуй өчрүүн: “Чичрэн дагжаад хөлс аймшиггүй гарахгүй “ хэмээсэнд хаан ихэд сонирхов. Том болсны хойно цэргийн бичиг уншихад дуртай тул арга бодлогод гүн нэвтэрчээ. Сыма И, Зянзи лүгээ цөм эрдэмтэн хэмээн өгүүлмүй. Нэг нь эдүгээ Юаньли түшмэл болж амуй.
И Ян газрын хүн. Овог Дөн, нэр Ай, өргөсөн нэр Шизай. Түүнийг багад эцэг нь үхэв. Угаас санаа их. Өндөр уул их голыг үзэхүл даруй бодолхийлэн аль газарт хүрээ байгуулж аль газар амуу цуглуулан аль газарт цэрэг бүгмүй хэмээн зааж хэлэлцэхийг хүн цөм элэглэж инээлцэх бөлгөө. Гагц Сыма И үзээд түүний чадалд бахархан хамт цэргийн үйлийг зөвлөмүй. Дөн Айгийн хүн хэлхэлзэгч тул үг хэлэх бүрийд “Ай... ай...” хэмээмүй. Тийнхүү Сыма И наадаж өгүүлрүүн: “Ер чи “Ай ай!” хэмээмүй. Хэдэн ай байваас зохимуй?” гэхэд Дөн Ай өчрүүн: “Гарьд болой. Гарьд болой. Мөнхүү нэгэн гарьд бөлгөө” хэмээжээ. Түүний санааны уран хурц нь энэ мэт. Энэ хоёр хүн хожим өдөр ихэл эмээлтэй”. Зянвэй инээж өгүүлрүүн: “Энэ зэргийн өчүүхэн хүүхдийг юу хэмээн тооцмуй!” хэмээв.
Тэндээс Зянвэй, Ся Хоубаг аваад Чөндүд ирж Хоужуд золгож өгүүлрүүн: “Сыма И, Цаошуаныг алаад бас Ся Хоубаг аргадахаар ирсэнд Ся Хоуба сэрж мэдээд бидэнд дагахаар иржээ. Эдүгээ Сыма И эцэг хөвгүүд эрхийг эзэлсэн бөгөөд Цаофан үхээнц буурай тул Вэй улс түгшүүртэй болжээ. Сайд би Ханьжунд өчнөөн жил суугаад амуу элбэг, цэрэг хүчирхэг болсон тул дуртайяа вангийн цэргийг авч Ся Хоубаг зам заах түшмэл болгоод Жун Юаньгийн газрыг авч Хань улсыг дахин мандуулаад хааны хишигт хариулан чансангийн санааг гүйцэтгэсүгэй!” хэмээмүй гэхэд Шан Шулин түшмэл Фэй И хориглож хэлрүүн: “Ойрд Зянвань, Дун Юн цөм дараагаар өнгөрөөд дотоодыг засах хүнгүй тул Зян Во Юэ түр цагийг хүлээвээс зохимуй. Хөнгөлөн хөдөлж болохгүй” Зянвэй өгүүлрүүн: “Тийм бус. Хүн ертөнцөд төрсөн нь нарны гялбалгаа завсраар өнгөрөх адил түргэн. Ийм өдөр сарыг удааваас Жун Юангийн газрыг хэзээ олмуй?” Фэй И бас өгүүлрүүн: “Сүньзыгийн өгүүлсэн нь “Дайсныг мэдээд биеийг мэдэх болбоос зуун удаа байлдваас зуун зэрэг дийлмүй” хэмээжээ. Бид цөм чансанд хол хүрэхгүй. Чансан харин ч Жун Юаньгийн газрыг авч чадсангүй бөгөөтөл нэнд биднийг юун өгүүлмүй?” Зянвэй өгүүлрүүн: “Би Луншангийн газарт удаан суусан тулд Цян аймгийн хүний сэтгэлийг ихэд мэдмүй.
Эдүгээ хэрвээ Цян аймгийн хүн тусалбаас хэдий Жун Юаньгийн газрыг олохгүй боловч Луншангаас барууншийг эрхгүй олж болмуй”. Хоужу өгүүлрүүн: “Чи Вэй улсыг байлдсугай хэмээвээс хүчийг гаргаж шударгыг гүйцэтгэ! Битгий хурц сүрийг бууруулж миний зарлигийг үтээрэгтүн!” хэмээв. Зянвэй зарлигийг хүлээн төрөөс салаад Ся Хоубагийн хамт Ханьжунд хүрч цэрэг гарахыг зөвлөж өгүүлрүүн: “Урьд элч зарж Цян аймгийн хүн лүгээ янаглаж түүний хойно их цэрэг авч Сипингээр гараад Юнжоугийн ойр Цюй Шань уулын доор хоёр хот цогцлон сахиулж тулга болгоод бид амуу цалинг дуусган Чуанькоугийн аманд зөөлгөж чансангийн хуучин дүрмийг дагаж дараалан цэрэг орсугай!” хэмээв. Тэр үе нь намрын дунд сар бөлгөө. Урьд Шу улсын жанжин Зюй Ань, Лисинь нарт нэг түм таван мянган цэрэг өгч Цюй Шань ууланд илгээн залгалдаагаар хоёр хот цогцлуулж Зюй Аньгаар зүүн хотыг Лисиньгээр баруун хотыг сахиулав.
Түүнээс тэр мэдээг харуулын хүн Юнжоугийн Цыши түшмэл Гуохуайд мэдүүлсэнд Гуохуай нэгэнтээгүүр Луо Янд айлтгахаар илгээж нэгэнтээгүүр мөрний жанжин Чэньтайд таван түмэн цэрэг өгч Шу улсын жанжин лугаа байлдахаар илгээв. Зюй Ань, Лисинь нэг салааны цэрэг авч угтан гараад байлдсанд цэрэг цөөн тул тулж тэсэхгүй хотод буруулан орсонд Чэньтай дөрвөн зүгээс хотыг хаагаад бас цэргээр Ханьжунгийн амуу зөөх замыг таслав. Үүнд Зюй Ань, Лисинь хот дотор амуу дутагджээ. Түүнээс Гуохуай биеэр цэрэг авч хүрч ирээд газар орны байдлыг үзсэний хойно ихэд баярлан хүрээндээ эгж Чэньтайгийн зүг өгүүлрүүн: “Энэ хот уулын дээр барьсан тул лав ус ховор. Хотын гаднаас ус авахаар одмуй. Хэрвээ голын дээд урсгалыг тасалсанд Шу улсын цэрэг цөм хатаж үхмүй” хэмээгээд цэрэг гаргаж шороо өрөн, далан босгож голын усыг тасалсанд хотын дотор үнэхээр усгүй болсон тул Лисинь цэрэг дагуулан хот гарч ус авахаар одоход Юнжоугийн цэрэг хааж байлдаад маш шахам болж Лисинь үхэхээр байлдавч олж гарсангүй, аргагүй хотод эгж оров. Зюй Аньгийн хотод бас усгүй болсонд Лисиньгийн цэрэг лүгээ нэгэн газарт нийлүүлэн хот гараад удтал байлдваас бас ч дарагдаж аргагүй хотод оржээ. Цэргийн ард ангаж тэсэхгүй тул Зюй Ань, Лисиньгийн зүг өгүүлрүүн: “Зян Дүдүгийн цэрэг эдүгээ болтол ирэхгүй, ямар учрыг мэдэхгүй” гэхэд Лисинь өгүүлрүүн: “Би амийг тавьж байлдан гараад туслах цэрэг гуйхаар очсугай!” хэмээгээд даруй хэдэн арван морьтонг авч хотын хаалгыг нээж байлдан гарсны хойно Юнжоугийн цэрэг дөрвөн зүгээс хааж байлдсаар Лисинь арайхийн гагц бие мултран гарч биедээ хүнд шарх олжээ. Үлсэн нь цөм самуун цэрэгт үхэв. Тэр шөнө умар салхи салхилан тэнгэр үүлтэж цас орсноор тийнхүү хотын доторх Шу улсын цэрэг цасыг хайлуулан иджээ.
Түүнээс Лисинь хүнд хааснаас байлдан гараад баруун уулын бага замыг барьж хоёр өдөр яваад Зянвэйд учирсан тул Лисинь мориноос бууж сөгдөж хэлрүүн: “Цюй Шань уулын хоёр хот цөм Вэй улсын цэрэгт хаагдаад усны зам таслагджээ. Завшаанаар цас хайлуулан идэж маш бэрх цухал байнам” Зянвэй өгүүлрүүн: “Миний туслах нь оройтсон бус. Гагц Цян аймгийн цэргийг хүлээгээд тийнхүү саатав” хэмээгээд Лисинийг шархаа застугай хэмээн Ханьжунд хүргүүлэв. Зянвэй, Ся Хоубагаас асууруун: “Цян аймгийн цэрэг хүрч ирээгүй. Вэй улсын цэрэг Цюй Шань уулыг хаагаад маш шахам амуй. Жанжинд ямар сайн арга байх буй?” Ся Хоуба өгүүлрүүн: “Хэрвээ Цян аймгийн цэргийг хүлээж Цюй Шань ууланд очвоос хоёр хот цөм шавартмуй. Би бодвоос Юнжоугийн цэрэг цөм Цюй Шань уульн хаахаар ирсэн тул Юнжоу хот эрхгүй хоосон бөлгөө. Жанжин цэрэг аван Нютоу Шань уулын замыг барьж Юнжоугийн хойдыг байлдахаар одсонд Гуохуай, Чэньтай эрхгүй эгж Юнжоуг хамгаалахаар одмуй. Тийн болохул Цюй Шань уулын хаагдсан нь өөрөө тайлагдмуй” Зянвэй ихэд баярлаж “Энэ арга маш сайн!” хэмээгээд цэрэг аваад Нютоу Шань уулын зүг ирэв.
Түүнээс Чэньтай, Лисиний хотоос байлдан гарсныг үзээд Гуохуайгийн зүг өгүүлрүүн: “Лисинь хэрвээ Зянвэйгээс туслах цэрэг гуйваас Зянвэй бидний цэрэг бүрнээ энд буй хэмээн бодож эрхгүй Нютоу Шань уулын замыг барин бидний хойд талыг сундлахаар ирмүй. Жанжин чи нэгэн салааны цэрэг авч Таошүй голд одож Шу улсын амуу зөөх замыг тасал! Би нэгэн анги цэрэг авч шууд Нютоу Шань уулын зүг байлдахаар одсугай! Тэр бидний цэргийг амуун замыг тасалсныг мэдсэнд эрхгүй өөрөө эгмүй”. Гуохуай үг дагаж нэгэн салааны цэрэг авч сэмээр Таошүй голд одож Чэньтай нэгэн анги цэрэг аваад Нютоу Шань ууланд ирэв.
Тэндээс Зянвэй, Нютоу Шань уулын дэргэд ирвээс гэнэт өмнөх цэрэг бархиран үймээд ирж хэлрүүн “Вэй улсын цэрэг одох замыг тосжээ”. Зянвэй яаран өмнө гарч үзвээс Чэньтай өндөр дуугаар өгүүлрүүн: “Чи миний Юнжоу хотыг авахаар одох пн бус уу! Би хүлээж нилээд удав!” Зянвэй хилэгнэж жад өргөн байлдахаар орсонд Чэньтай угтан байлдаж урван удаа болсонгүй, Чэньтай буруулан явахад Зянвэй хойноос даран алмуй. Юнжоугийн цэрэг эгж уулын оройг эзэлсэнд Зянвэй бас цэргээ хураагаад Нютоу Шань ууланд хүрээ буув. Зянвэй өдөр бүр хүн гаргаж байлдавч дийлэх, дийлэгдэх ч үгүй тул Ся Хоуба, Зянвэйгийн зүг өгүүлрүүн: “Энэ газарт удаан сууж болох газар бус. Өдөр бүр байлдаж дийлэх дийлэгдэх ялгарахгүй нь цэрэг өдөөх арга болой. Эрхгүй өөр бодлого буй. Түр эгж өөр аргыг санахад хүрэхгүй” хэмээн хараахан хэлэлцэхэд гэнэт хүн ирж хэлрүүн: “Гуохуай цэрэг авч бидний амуу зөөх замыг тосжээ” Зянвэй ихэд цочиж даруй Ся Хоубаг урьд эгүүлээд өөрийн бие хойно хайгуувчлан одоход Чэньтай цэрэг хуваан таван замаар нэхэж ирэв. Зянвэй ганцаар таван замын бүгд аманд Вэй улсын цэргийг байлдсанд Чэньтай цэрэг авч уулан дээр гараад бороо орох мэт зэв харвамуй. Зянвэй яаран Таошүй голын дэргэд орсон цагт Гуохуай цэрэг авч байлдахаар иржээ. Зянвэй урагш хойш үхэн байлдавч Вэй улсын цэрэг одох замыг хаасан нь төмөр суулга мэт нягт. Зянвэй шаламгайлан байлдаж гартал цэрэг их хагас автжээ. Яаран Ян Пингуань боомтын зүг буруулан одоход өмнө бас нэг багийн цэрэг одох замыг хөндөлдөв. Тэргүүлсэн жанжин царай дүгрэг, чих их, ам дөрвөлжин зүүн нүд доор нэгэн хар мэнгэ буй. Мэнгэний дээр хэдэн арван хар үс ургажээ. Тэр Сыма Игийн ахмад хөвгүүн Пяоци жанжин Сыма Ши болой. Зянвэй ихэд уурлаж өгүүлрүүн: “Бага хөвгүүн ямар аюулгүй миний эгэх замыг тосмуй!” хэмээгээд жад өргөн байлдахаар орсонд Сыма Ши угтан байлдаад гудван удаа болмогц буруулсанд Зянвэй бие гарч шууд Ян Пингуань боомтын зүг ирвээс хотон дээрх хүн хаалга нээж тавин оруулсны хойно Сыма Ши бас боомтыг булаасугай хэмээн нэхэж ирсэнд хоёр хажуугаас холховч нумыг цугаар харваад нэгэн нумд арван зэв гармуй. Энэ нь Үхоугийн эцэслэх цагт үлдээн өгсөн холховч нумын холбосон арга болой. Энэ чухамхүү:
“Энэ өдрийн олон цэргийн дарагдахыг тэнхрүүлэхэд бэрх байсныг
Эрт жилийн уламжилсан арван сумыг цугаар харвах аргад эрджээ”
Эгнэгт Сыма Шигийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )