Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргалтай ярилцлаа.
-Дэлхий дахинд, Эрүүл мэндийн салбар Ковид-19 халдварт цар тахлын дараа ажлын шинэ арга барил, хандлага руу шилжээд байх шиг. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний шинэ хандлага, чиглэл тогтож байгаа гэж ойлговол болох уу?
-Ковид 19 халдварт цар тахлын дараа нийгэм, эдийн засаг, улс төрөөс илүү эрүүл мэндийн салбар нэлээд өөрчлөлтөд орлоо. Иргэд өвчин тусаад эмчлүүлдэг байсан бол ковидын үеэр архаг хууч өвчинтэй хүмүүсийн өвчин сэдэрсэн. Ковидоор өвдөж эдгэсэн иргэд аль болох байгальд гарч, эрүүл цэвэр агаараар амьсгалах, дасгал хөдөлгөөн хийх, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлага урьд урьдынхаас илүүгээр тавигдаж байна. Манай эрүүл мэндийн системийн гол асуудал нь өвдсөн хойно биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэнд энэ тал руу илүү чиглэсэн үйл ажиллагааг хийх ёстой юм болов уу гэдэг зүйл эрчимтэй ажиглагдаж байгаа. Хамгийн гол нь хүний бие эрүүл байвал аливаа өвчнөөр өвдөхгүй байх, өвдсөн ч хөнгөн тусах боломжтой.
Эрүүл байхын тулд илүүдэл жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэж, эрүүл орчинд амьдрахын чухлыг нэн шинээр, илүү ухамсартайгаар ойлгохыг хичээх нь хүн бүрийн чин эрмэлзэл байх ёстой болоод байна.
-Манай улсын эмнэлгийн орчин нөхцөл, багаж техник, технологи дэлхийн бусад орны эмнэлгүүдтэй харьцуулахад харьцангуй хөл нийлсэн гэж ойлгогддог?
-Манай улсын эрүүл мэндийн систем суурь сайтай л даа. Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг, дүүргийн эмнэлэг, аймгийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн системд хэрэглэгддэг эмнэлгийн багаж төхөөрөмжүүдээр харьцангуй хангагдсан.
-Гэхдээ ард иргэдийн бухимдал, өвчлөлөөс шалтгаалан үйлчилгээ үзүүлэх соёл сайн бус, хүртээмж зэрэг асуудлаас шалтгаалан эмчлүүлэгч, эмч хоёрын дунд сэтгэл ханамжгүй байдал байгаа учир эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал байнга л гараад байгаа харагддаг. Харин таны хувьд энэ чиглэлд өөрийн гэсэн ноу-хау, ямар дэвшилтэт үзэл санаагаар ажиллаж байна вэ?
-Ер нь манай эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтаар оруулж байх ёстой юм байна лээ. Энэ үзүүлэлт манай улсад олон жилийн турш өндөр хувьтай байгаагүй. Гэтэл эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа технологи өдрөөс өдөрт шинэчлэгддэг. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт их шаардагддаг. Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас онцгойлон анхаарч нэлээд өндөр санхүүжилтээр улсын эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Жишээлбэл, аймгийн эмнэлгүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж өгсөн. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд өндөр үнэтэй, эмчилгээ оношлогоонд хэрэглэгдэхүйц тоног төхөөрөмж суурилуулсан.
Гэхдээ эрүүл мэндийн салбарт дан ганц багаж тоног төхөөрөмж олгохоос илүүтэй зохион байгуулалтын ажлыг оновчтой хийх шаардлагатай гэж боддог. Эрүүл мэндийн тухай хуульд хүн өөрөө эмчээ сонгож үйлчлүүлэх эрхтэй байдаг. Гэтэл харьяаллаараа эхлээд өрх, сумынхаа эмнэлэгт үзүүлснийхээ дараа дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зарчимтай. Яг энэ зарчмаар явбал хоёр талтай. Хүн өөрөө эмнэлгээ сонгоод зарим сайн гэсэн эмнэлгүүдэд маш их ачаалал үүсгэх тохиолдол гарна. Тиймээс ачаалал ихтэй эмнэлгүүдэд зохион байгуулалтын асуудал байгаа гэдгийг хүн болгон харж байгаа. Эмнэлгүүд цахимаар цаг олгож эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Эмчтэй холбоотой апплакейшн байдаг. Түүгээр дамжуулан эмчтэйгээ ажлын бус цагаар холбогдон зөвлөгөө авдаг үйлчилгээг манай эмнэлэг дэмжин нэвтрүүлж байна. Эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар, утсаар олгож байгаа.
Дээр нь эмнэлгүүдийн зохион байгуулалтын асуудлаас гадна иргэд үйлчлүүлэгчид эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх соёлд сайн суралцмаар байгаа юм. Улсын эмнэлгүүд их ачаалалтай байдаг. Эмнэлгийн ачаалал дан ганц манай улсад биш бусад улс орнуудад адилхан. Аль ч улс оронд сайн эмч, эмнэлэгт үзүүлье гэвэл нэлээд хэд хоног дугаарлах, хүлээх асуудал гардаг. Манай иргэд эмчид үзүүлэх цагаа авсныхаа дараа цагаасаа өмнө танил талаа гуйж үзүүлэх, эсвэл цагаа хүлээлгүй өөр эмнэлгүүдэд очоод үйлчлүүлчихдэг. Үүнээс үүсэх зохиомол ачаалал нь эрүүл мэндийн байгууллагад хүндрэл үүсгэдэг.
Мэдээж эмч эмнэлгийн ажилчид харилцаа хандлагаа дээшлүүлэх асуудал байгаа. Иргэд ч гэсэн эмч эмнэлгийн ажилчдадаа хүндэлж яг авсан цаг, номероороо үзүүлэхээ ягштал баримтлах нь зүйтэй. Ер нь бол орчин үед эмнэлгийн байгууллага Япон, Солонгос, Америк улсад үйлчилгээний байгууллага шиг болсон. Тухайн улсуудын эмнэлгээр ороход өндөр хөгжилтэй орны таван одтой зочид буудал, үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа мэт хандлага төрүүлдэг. Бид ч гэсэн үйлчлүүлэгч нартаа ийм орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
-Хорт хавдар манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Хорт хавдрыг эрт илрүүлэх тал дээр таны бодол?
-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол агаарын бохирдлыг бууруулах. Агаарын бохирдол хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байгаа. Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа иргэд олон төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Дээр нь ард иргэд маань өөрсдөө эрүүл байх ухамсар мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд илүүдэл жингээ хасч, хоол хүнсэндээ анхаарч байж л хорт хавдрын өвчлөл буурна.
-Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан баг хамт олон, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажилчдадаа хандан уриалга дэвшүүлэхийг хүсэж байна?
-Манай Нэгдүгээр эмнэлгийн хамт олон өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн системийг нэвтрүүлээд ажиллаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилт 2021 оноос эхэлж хэрэгжсэн. Энэ бол цалин урамшууллын хувьд тодорхой ахиц дэвшлийг авчирч байгаа. Манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч, эмнэлгийн ажилчид өндөр ачаалал дунд ажиллаж байгаа. Эмч, сувилагч нар маань өглөөнөөс эхлээд орой ажил тарах хүртэл хүн амын өвчлөлийн ачааллаас болон зохион байгуулалтын хандлагаас болж цаг завгүй орчинд ажилладаг. Ингэж ажилладаг хэрнээ авч байгаа цалин нь гадаадын бусад улс орнуудтай харьцуулахад төдийлөн өндөр биш. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин урамшуулал цаашдаа тодорхой шатлалтайгаар нэмэгдэх ёстой гэж боддог.
-Та бүхэнд маань Монголын бүх иргэдийн эрүүл мэндийн үүрэг ачаа байгаа шүү. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг хүсэн ерөөе?
-Баярлалаа, Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэргийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчиддаа олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе. Ажлын амжилтыг чин сэтгэлээсээ хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
эмч нар гэж ялангуяа эмэгтэй эч нар!!! харицаа ,их зан дэндүү
Манай улсын эрүүл мэндийн систем нэгэн үед суурь сайтай байсан юм, одоо юу л бол доо.\n