Монголын 3X3 сагсны эрэгтэйчүүдийн баг Сингапур улсад болсон зургаа дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингээд эрэгтэй шигшээ багийнхан маань энэ төрөлд хоёр дахь удаагаа тивийнхээ аварга болж байгаа нь энэ юм.
Багийн спортоор тэр дундаа Сагсан бөмбөгөөр иймэрхүү хэмжээнд хүрсэн, хүрч байгааг нь, бүр илүү амжилтад хүрэх асар их нөөц байгааг нь харах сайхан байна.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө манайх Азийн аварга Австралийн хүчтэй багтаа тоглосон. Эцсийн мөчид 18:18-аар оноо тэнцэж, үзэгчдийнхээ зүрхийг зогсоох шахсан ч тэд итгэл эвдэлгүй түрүүлж, хошой аварга болсон юм. Өмнө нь манай эрэгтэйчүүд 2017 онд нутагтаа түрүүлж байлаа. Хэдхэн жилийн өмнө бид өөр хоорондоо “Багийн спортоор амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй” хэмээн толгой сэгсрэн ярилцдаг байлаа. Арга ч үгүй биз, Солонгосын нэг сургуулийнх нь баг давхиж ирээд л нөхөрсөг тоглолт дээр манай улсын шигшээ багийг бут ниргэдэг байлаа шүү дээ. Тэгвэл сагсчид маань жаахан дэмжлэг, хичээл зүтгэл, ойлголцол байхад багийн спортоор амжилт гаргаж болохыг, болж байгааг харуулсаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )