Хэрэлдэхгүй бол бүтэхгүй гэсэн үг биш ээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Монголыг хэрүүл хэрж, хүмүүсийг талцуулж, бие биеэ алсан талсан явдал ч хэрүүлээс эхтэйг цагдаагийн байгууллага тогтоосоор... Ямар сайндаа “Нэг хором”, “Яарвал даарна” гэхчлэн реклам сурталчилгаа хүртэл явуулж байх вэ дээ. Хятадуудыг ямаан омогтой, солонгосуудыг тахиа шиг л гэлцдэг. Гэтэл бид хэн билээ. Талын монголчууд гээд тайван амгалан байж чадаж байна уу.

Дөнгөж өчигдөр гэхэд л Ховд аймагт нэг иргэн багийн Засаг даргаасаа “Энэ 00-ыг ямар өртөг зардлаар барьсан бэ” гэж асуутал “Чамд хамаагүй” гээд хутгалчихсан  гэнэ. Цахилгаан шатанд нялх үрээ элэгдэж, зодож яваа эмэгтэйн бичлэг сошиалд цацагдсаар. Дээр нь “нүүр ном” гээч нь нүд нүүргүй улаан хэрүүл дүүрэн. Саяхнаас пост, комментын хэрүүл эхэлчихжээ. “Чи манай тэрийг шүүмжилснийг шэйрлэчихлээ. Тэгсэн атал тэрэн дээр инээсэн эмож дарчихлаа. Үгүй ер бүр зүрх гаргаад шидсэн байх чинь лээ. Энэ чинь манай тэр, үүнийг танай хэн тэгсэн гээд өөд уруугүй хэрүүл.

Эхнэр нөхөр хоёр орой гэртээ хариад пост, комментын хэрүүл, найз нөхөд ч бие бие рүүгээ утас цохиж сошиал орчны лайк, эможийн дайралцаан. Сонгуулиар л нэг ийм дүр зураг бодит болж ирдэг сэн. Сонгууль хаа байсан болоогүй атал харин ч бодитой болж байх шиг. Төрийн нэг газар, байгууллагаар ороод гарах хооронд л жижигхэн зүйл дээр бухимдан бичлэг хийж, зураг авч цацна. Толийтол арчсан шалан дээр халтирч ойчсон ч хэтэрхий цэвэрлэсэн үйлчлэгчийн буруу, үнэмлэх шалгасан жижүүрийн буруу, автобусны жолоочоос хаашаа явахыг асуусан зорчигчийн буруу.

Буруу, буруу бүгд буруу. Улсаараа, нийгмээрээ ингэж хэрэлдээд хэн нь юу ч хожих юм билээ. Хэрэлдэхгүй л бол ажил бүтэхгүй гэсэн үг биш шүү дээ...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top