Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 08

Төрийн ордонд өчигдөр “Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан, нийслэлийн ЕБС-уудын нийгмийн ажилтнууд оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцсан байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнчлэн хүүхэд гэр бүлтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын баталгааг хангах эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д  энэ оны зургаадугаар сард багтаан өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэлжээ.

Боловсролын нийгмийн ажилтны ажлын ачаалал өндөр байгаа учраас үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийхээр судалж байгаа аж. Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын чухал бүрэлдэхүүн болох ерөнхий боловсролын сургуульд “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг судалж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн байна.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай багц хуулийн төсөлд нийгмийн ажилтнууд ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орох боломжтой байхаар тусгасан. Боловсролын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, хүүхэд бүрд олгож байгаа хувьсах зардлыг сургуулийн орчныг сайжруулах, хүүхэд хөгжилд зарцуулах зэргээр зөвхөн хүүхдэдээ зарцуулагддаг байхаар хуулийн өөрчлөлт хийж байгааг онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
судлаач(202.131.251.130) 2023 оны 04 сарын 11

их, дээд сургуулийн санхүүжилтын талаар хэлэх юм бна уу? эрхэм сайдаа. та энэ талаар юу ч мэдэхгүй нөхөр дөө. тэр батгэрэл, энхжаргал нар нь ч ялгаагүй юу ч мэдэхгүй. их сургуулиудыг орон нутагт цогцолбор байдлаар хөгжүүлэх гэж хоосон үл бүтэх юм ярихаас цаашгүй улс даа та нар.төрийн өмчийн их сургуулиуд чинь санхүүгийн хүнд байдалд орж дампуурлаа. энэ сайд юу бодож суугаа юм болоо.их сургуулийн хөгжилд төрийн дэмжлэг хэрэгтэй шүү. хоосон шоудахаа боль.

0  |  0
Top