Г.Энхбилэг: Биднээс зөвшөөрөл авалгүй охины минь цогцост задлан хийсэн

2023 оны 04 сарын 07

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан гэх асуудлаар өнөөдөр /2023.04.07/ талийгаач охины аав, иргэн Г.Энхбилэг "Зууны мэдээ" сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Тэрээр "Миний охин өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 14 цагийн үед эмнэлэгт хэвтэхээр очиход эмчлэгч эмч н.Бадамжав, ээлжийн эмч н.Бямбасүрэн байсан. Анх уушгины хатгалгаа биш гэдэсний ханиад гэж оношилж, хүүхдийг ганцааранг нь тасагт тусгаарласан.

Гурав дахь хоногоос нь антибиотик солигдож байна гэж Декса нэртэй тариа хийсэн. Тэр тариаг хийж дуусаагүй байдалт охин бөөлжиж, хэвтрийн байдалтай болсон. Ингээд бие нь муудаж явж байгаад энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт нэгдүгээр сарын 11-ний өдөр орсон. Тэр өрөө нь ариун цэврийн шаардлага хангаагүй, хаалга, цонхоороо салхи сийгдэг хүйтэн өрөө байж таарсан. Эрчимт эмчилгээний тасагт ороход ээлжийн эмч н.Оюунжаргал гэдэг эмч үзчихээд, орой нь муудаад үзүүлэх гэхэд олдохгүй байсан. Тасгийн эрхлэгч Мөнхжаргалыг нь дуудаж үзүүлэхэд антибиотик солигдсон, үүнийгээ л харна даа гэсэн хайхрамжгүй байдалтай байсан.

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэзул гэх эмч ээлжид гарсан. Тухайн эмчид хүүхдийнхээ бие сайжрахгүй, муу байгааг хэлэхэд танай хүүхдийн биеийн байдлыг мэдэж байгаа гээд үл тоосон байдалтай байсан. Ингээд нэгдүгээр сарын 14-нд дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хуралдаж, ярилцаад явсан. Охины маань бие тэр шөнө сайжраагүй. Улмаар маргааш нь хүүхдэд антибиотик хийх боломжгүй талаар эмч хэлсэн. Тэгээд 15-ны өдөр амилуулах эмчилгээ хийж чадалгүйгээр охиноо бид алдсан.

Би охиндоо задлан хийлгэхгүй шүү, бүтэн биеэр нь нутаглуулна гэж намайг хэлсээр байхад бидэнд мэдэгдэлгүйтэйгээр нэгдүгээр сарын 16-ны өдөр охинд минь задлан шинжилгээ хийсэн байсан. Үүнийгээ нэгдүгээр сарын 18-ны өдөр ажил тарсан өдөр н.Буян-Өлзий эмч нь утсаар залгаж "Уучлаарай. манай ажилтан хариуцлага алдаж, танд тогтоол танилцуулалгүй танай хүүхдэд задлан хийсэн байна." гэж хэлсэн. Тиймээс бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Хариуцлагагүй эмч, ажилчдад маш их гомдолтой байгаа учраас цаашид хандах боломжтой бүх газарт гомдол гаргаж, хариуцлага тооцох хүртэл явах болно" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top