Хамаг дэлхий сэргэж, өнгөө засдаг хаврыг хэн, хэзээ, яагаад хүүхнүүдэд өмчлөөд өгчихснийг мэдэхгүй. Ямартай ч хавар, хаврын түрүүчээр “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” гэлцдэг, тийн дуулалдсаар бараг хагас зуун жил өнгөрчээ. Эсвэл 1962 онд Б.Зангад гуайн дуулснаар олны хүртээл болсон Ж.Шараагийн аялгуу, Д.Хаянхярваагийн шүлгээр бүтсэн "Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ" дуу хүмүүсийн сэтгэлд хаврын ч, хүүхнүүдийн ч тухай бүтээл гэсэн хүчтэй сэтгэгдлийг шингээж өгсөн байх. Ийнхүү
“Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ
Хачин чамин өнгөөр
Хорвоо дэлхийг чимээд
Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ” хэмээн бид дуулалдсаар авай. Гэсэн атал Монголын улс төрд, шийдвэр гаргах түвшинд хүүхнүүдийн хувь тун бага байсаар ирсэн. Харин энэ удаа жинхэнээсээ хүүхнүүдийн хавар болох төлөвтэй. Од гараг ч цаанаасаа хүүхнүүдийг ивээж байгаа бололтой.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн баригдсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахдаа жагсаалтад багтах 38 гишүүний 50 хувь нь эмэгтэй байх саналыг тусгажээ. Хуулийн төсөл энэ хэвээр парламентаар батлагдах юм бол жагсаалтын 38-д нийт 19 эмэгтэй гишүүн намуудын нэрлэснээр орж ирэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр хууль хүртэл хүүхнүүдэд ээлтэй, шинэ хуулиар сонгуульдаж гэмээ нь эмэгтэй нэр дэвшигчид одтой байх нь ээ. Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )