Т.Баярхүү: Халх голд гарсан түймэр салхи ихтэй байгаа учраас өргөн талбайг хамраад байна

2023 оны 04 сарын 10

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр /2023.04.10/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Сүхбаатарт иргэний болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцлийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна. Улсын хэмжээнд хуурайшилт ихтэй, салхи шуургатай байна. Үүнээс болж санамсаргүйгээр гал алдаж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй. Тиймээс иргэд ил задгай гал түлэхгүй байх, ой хээрийн бүсээр аялж зугаалахдаа анхаарах хэрэгтэй. Он гарсаар нийт 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 187.039 га талбай өртсөн. Мөн хэд, хэдэн айлын хашаа, гэр, саравч шатсан.

Халхгол суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамраад байна. Гал түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хангалт үйлчилгээг тарааж байгаа. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр өнөө, маргаашдаа 16-18 метр секундын хүчтэй шороон болон цасан шуургатай байна.

Гал түймэрт өртсөн талбайг тогтоох боломжгүй, утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 160 хүний бүрэлдэхүүнтэй баг  20 нэгж, техниктэй ажиллаж байна. Эхний ажлын хэсэг нөхцөл байдлаа үнэлж, нэмэлт хүч авах шаардлагатай эсэхээ мэдээлнэ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгаас нэмэлт хүч гарсан. Голомтод байгаа айл, малыг нүүлгэн шилжүүлж байгаа. Цагдаагийн байгуулагаас санамсаргүй гал түймэр тавьсан иргэнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтооно”.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд найман аймгийн 17 суманд 23 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дөрөвдүгээр сарын 8-нд гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгаар тархсан. Энэ түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дорнод аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандахаар ахлуулан ажиллаж байна. 

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ сарын 8-нд гарсан түймрийг унтраахаар тус аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан бүлэг ажиллаж, өчигдрийн байдлаар цурманд оруулсан . Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа. 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 8-нд гарсан түймрийг өнөөдөр унтрааж, сум, орон нутгийн байгаль хамгаалах албаны хүмүүст хүлээлгэн өглөө. 

Дорнод аймгийн Булган суманд гарсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ОБГ-ын алба хаагчид ажиллаж байна.

Нийт нутгаар хуурайшилтын түвшин өндөр байна. Цаг агаарын нөхцөл байдал тухайн бүс нутагт гарсан түймрийг богино хугацаанд их талбайг хамрах нөхцөл байдлыг үүсгээд байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top