БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

2023 оны 04 сарын 12

2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яамны төлөөлөгч нартай уулзлаа.

Уулзалтын үеэр "Буянт-Ухаа спортын ордон"-ны 2021-2023 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилт, дэмжлэгээр гүйцэтгэж буй засварын ажлын явц, гарч буй хүндрэлүүд, урьдчилсан байдлаар хүлээлгэн өгөхөд шаардагдах ажлын хэмжээ, хууль эрхзүйн зохицуулалт, цогцолборын газар доорх шугам сүлжээний засварын ажил, авто замын ажлын эхлэх хугацаа зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын талаас тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга Зэн Хуачэн, Системийн хэлтсийн орлогч дарга Ван Жинжин, Худалдааны яамны Азийн хэлтсийн орлогч дарга Ли Юань нар оролцлоо.

БНХАУ-ын Худалдааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга Зэн Хуачэн хэлэхдээ: “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Буянт-Ухаа спортын ордон”-ны засвар үйлчилгээний төслийн ажилтай бид өнөөдөр явж танилцсан. Ковидын дараах анхны айлчлал Монгол улс болж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд байгааг харж болно.

Монгол, Хятад хоёр улсын сайн түншүүдийн харилцаанд тулгуурласан энэхүү төсөл нь амжилттай хэрэгжиж бидний хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байна. 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажлын айлчлал хийж хатын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон. Миний энэ айлчлал Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн дээр Монгол улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа төслүүдтэй танилцахаар ирсэн. БНХАУ-аас орон нутгийн спортын орднуудын байгууллагуудыг барилга засварын ажлыг хянадаг гурван инженертэй ирсэн, эдгээр мэргэжилтнүүд Монгол улсад хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцан ажлын талаар тайлан гаргаж өгнө.

Энэхүү завшааныг далимдуулан төслийн ажлыг амжилттай явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ажлын хэсгийн хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн ус, цахилгаан, гаалийн татвараас чөлөөлөхөд тус хүргэсэнд баярлаж байна. Монгол талаас авто замын ажил эхлэх зөвшөөрөл, газар доорх шугам чөлөөлөх ажил урагштай явж байна гэж үзэж байна. Эдгээр ажлууд 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр дуусна гэж ойлгож байна. Дахин баярлаж байгаагаа илэрхийлье.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ:

"Энэ төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ордныг улсын комисст хүлээлгэж өгөх нь манай дараагийн зорилго. Монгол, Хятад хоёр талууд хамтран хүчин зүтгэснээр спорт цогцолборыг хүлээж авах Улсын комиссын тавих шаардлага стандартыг хангахад анхаарч ажиллах болно” гэв.

“Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэхүү төслийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж байгаа. Учир нь спорт цогцолбор хэвийн ажиллагаанд орсноор манай улсад 2023-2024 онд зохиогдох хэд хэдэн олон улсын тэмцээнийг шинэчилсэн спортын ордондоо хүлээн авах, Хан-Уул дүүргийн иргэд идэвхтэй хөдөлгөөн, бусад арга хэмжээг энд зохиох, хүүхэд залуучуудын спорт тэмцээн наадам хийх зэрэг боломж бүрдэхээс гадна манай хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын дараа дараагийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ” гэж тус хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top