Он гарснаас хойш Улаанбаатарт 404 удаа газар хөдөлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцуулснаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлжээ. 

Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаа газар хөдөлсөн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа бүртгэгдлээ. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна” гэсэн мэдээллийг мөн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж, мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцны болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 1844 барилга байна. Үүнээс 944 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулсан. Үлдсэн 900 барилгад үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top