Салхин цэцэг, улаан эсэргэний халдвар эрчимтэй тархаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох мэргэжилтнүүд Улаанбурхан, Салхинцэцэг өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Цар тахлын жилүүдэд товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа тасалдсан. Одоо Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх хавсарсан вакциныг бага насны хүүхдүүдэд хэвийн хийж байгаа. Бага насны хүүхдийг төрмөгц товлолын дагуу вакцины эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд нь хийлгэх ёстой. Вакциндаа хамрагдаж чадвал уг халдварт өвчнүүдээс сэргийлэх бүрэн боломжтой.

Улс орнуудад энэ төрлийн халдварын дэгдэлт эрчимтэй тархаж байгаа тул вакцинжуулалтад хамрагдах нь чухал.  

Манай улсад одоогийн байдлаар улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Сэрэмжлэх үүднээс Улаанбурхан Монголд орж ирэх эрсдлийг үнэлсэн. Хэрэв орж ирвэл бэлэн байдлыг яаж хангах вэ, дэгдэлтээс яаж сэргийлэх талаар боломжуудыг хэрэгжүүлээд явж байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 
 


Түүнчлэн "ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 12-13-ны байдлаар салхин цэцэг өвчний халдвар авсан 40 хүүхэд эмчлүүлж байна. Вирусын гаралтай, агаар дуслын замаар дамжин халдварладаг өвчин тул хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрээр өвдсөн заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Яаралтай тусламжийн тасгаар салхин цэцэг,  улаан эсрэгэн өвчний халдвар авсан хүүхдүүд олноор ирж байна. Маш өндөр халдвартай, агаар дуслын буюу амьсгалын замаар халдварладаг өвчин. 

Толгой өвдөх, дотор муухайрах. Бага насны хүүхдэд суулгах шинж тэмдэг,  уур уцаартай, ноомой байдалтай болж болно. Халуурах шинж тэмдэг илэрч болно. Хөнгөн, хүндээсээ хамаарч улаан бурхан, улаан эсэргэнэтэй төстэй тууралт гарна. Тууралт толбон,  гөвдрүүн, цэврүүн тууралт гарна. Нэг талбайд нэлэнхүйдээ зэрэг гарна. Хүзүү, нүүр, их бие мөчид хэсгээр нэг цаг хугацаанд бүх талбайд гарна. Цэврүү тууралт хагарна. Биед нь шинэ тууралт гарах бүрийд халуурна" гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар анхаарууллаа. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.37) 2023 оны 04 сарын 13

Hvvhdee cyrgyyld n ybyylmaargvi baina erchimtei tarhaj baigaa bol concohoos ch aimaar yumaa .

0  |  0
Top