Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүллээ.
Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.
Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно. Үүнд:
Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм. Тус цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.
ИРГЭДИЙН ХУВЬД:
Та дээрх жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн зүгээс лавлагаа шатлалын эмчээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 13А маягтыг цахимаар үүсгүүлэх бөгөөд 13А маягт үүссэн эсэхийг өөрийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан “E-Mongolia”-д нэвтэрч шалгахаас гадна, шууд татаж авах боломжтой. Ингэснээр та цаг алдах, хаяж гээх, үрэгдүүлэх зэрэг эрсдэлгүй болох юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВЬД:
Цахим 13А маягтын хувьд 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилнэ. Харин цаасан маягттай учир дахин цахим 13А маягт авчрах, дахин цаг авахыг шаардах зэргээр иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна уу.
Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.
1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn нэвтэрнэ.
2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох
3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэт бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно. 4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрын дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )