"Хүүхэд маань төрөх эмнэлгээс хатгаа, менингит, ковид авсан"

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт амаржсан эмэгтэй төрөх эмнэлгийн буруугаас үүдэн хохирсон гэх тухайгаа хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хурлын үеэр хүүгийн ээж "Зүрхний цоорхойтой, хоёр түнх мултралтай байсныг эмч нар мэдээгүй. Бид хоёр эмнэлгээс хатгаа, менингит, ковид авсан. Энэ хугацаанд Өргөө амаржих газраас нэг ч удаа холбогдоогүй. Одоо хүү маань харж чадахгүй. Би хүүгээ гэдсэндээ эрүүл саруул тээж байсан. Одоо хүү маань хатуухан хэлэхэд амьд үхдэл шиг л байна. Эмнэлгийн зүгээс хүүхэд ээжээсээ халдвар авсан гэж хэлсэн. Би хүүгээ тээж байх хугацаандаа ганц удаа ханиад хүрснээс бусдаар эрүүл саруул байсан. Бүх зүйл сүүлдээ миний буруу болж байна. Намайг хоёр хоног ургийн усгүй байлгасан. 

Би ЭМЯ-д арванхоёрдугаар сард өргөдөл өгсөн. Би хүүдээ хандив цуглуулж байгаа. Гэхдээ хандив цугларахгүй байна. Дөнгөж 20 хувь нь л бүрдсэн. Миний хүү цаашид ямар ч нийгмийн харилцаанд оролцох боломжгүй. Хүү минь байнгын таталттай байгаа. Ээжийнхээ царайг ч харж чадахгүй. Бид хоёр өдөрт 10 гаруй эм уудаг. Хааяа цаг нь давхцаад ууж ч амжихгүй тохиолдол бий. 

 

 

Манай хүүхдийг хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн тархиндаа гэмтэл авсан гэж оношилсон. Мөн халдвар авсан байна гэсэн. Монголд миний хүү эмчлэгдэх боломжгүй. Би Өргөө амаржих газар гомдолтой байна. Эмч нар намайг төрүүлж байхдаа хоорондоо бизнес ярьж байсан. 

Хүү маань их эм уудаг учраас элэг нь гэмтсэн, уушиг нь усжсан байгаа. Өргөө амаржих газрын эмч нар зүрхний цоорхой болон түнхний хөгжлийг нь ч оношлож чадаагүй" гэлээ. 

Хүүг Турк улсад эмчлэх боломжтой гэх хариу гарчээ. Гурван сарын турш хандив цуглуулж буй хүүгийн ээж "Энэрэлийн амин дэм хайрлаарай" хэмээх хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаагаа мөн мэдээллээ. 

 

Хандив өргөх данс:

Хаан банк- 5112411135

Хас банк- 5000693525

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.167.142) 2023 оны 04 сарын 15

Нийт төлбөрөө Өргөө амаржих газраас нэхэмжилж гаргуулах хэрэгтэй

3  |  0
Зочин(66.181.167.142) 2023 оны 04 сарын 15

Нийт төлбөрөө Өргөө амаржих газраас нэхэмжилж гаргуулах хэрэгтэй

1  |  0
Top