Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 18-нд Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.
Мөн өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэх тул:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна
Сэтгэгдэл ( 0 )