Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра нар Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн, малын зүй бус хорогдол ихтэй Өгийнуур, Төвшрүүлэх сумдад ажиллаж, малчдын амьдрал ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн зун тус аймгийн ихэнх сумдаар зуншлага муу, мал сүрэг тараг тэвээрэг муу авсан, мөн бэлчээрийн гарц муу байсны улмаас малчид хангалттай хадлан тэжээл бэлтгэж чадаагүй. Улмаар, өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихтэй байна.
Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авахаар НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор Монгол дахь олон улсын байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн баг нийт 15,000 малчин өрхөд нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Мөн Улсын Онцгой комиссын нөөцөөс малын тэжээлийг хямдралтай олгосноос гадна хүмүүнлэгийн байгууллагууд бэлэн мөнгөн болон эд материалын нийт 3.7 сая ам долларын дэмжлэг олгожээ.
Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чанарыг сайжруулах, түүхий эд боловсруулах, ногоон тэжээл тариалах зэргээр малчдын амьжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг, бүх талын хамтын ажиллагаа чухал гэж үзэж байгааг энэ үеэр онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )