2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 32 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна. Байгууллагын цэцэрлэгүүд 92 бүлэгт 2500 хүүхдийг хүлээн авч байгаа юм. АШУҮИС дэргэдээ хоёр цэцэрлэг байгуулан багш, эмч нарынхаа хүүхдүүдийг хамруулж байна.
Монгол Япон эмнэлгийн нийт ажилтнуудын 81 хувь нь 30-аас доош насныхан байна. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй эмч, эмнэлгийн ажилтан олон гэсэн үг юм. Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулж ажилтнуудынхаа 102 хүүхдийг хүлээн авч байгаа бол хамран сургах тойргийн дагуу Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хорооны 89 хүүхэд мөн энэ цэцэрлэгт суралцаж байна.
Судалгаагаар байгууллага нь дэргэдээ цэцэрлэгтэй бол ажилтнуудын цаг ашиглалт сайжирч, ажил амьдралын тэнцвэр хангагдаж, ажил таслалт багасдаг байна. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллах нь түгээмэл. Тиймээс АШУҮИС болон Монгол Япон эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ цэцэрлэгийг байгуулсан байна. Залуу эмч, сувилагч нар тогтвор суурьшилтай ажиллахад энэ шийдвэр нь нөлөөлж байгааг цэцэрлэгийн нээлтийн үеэр онцолж байлаа.
Аж ахуйн нэгж байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулах санал санаачилгыг БШУЯ дэмжин нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны мөнгө, мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )