Давсагны хорт хавдар авах мэс засал амжилттай хийлээ

2023 оны 04 сарын 22

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Урологи-Андрологийн төв нь Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэгтэй хамтран давсагны хорт хавдар авах мэс засал болон шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг амжилттай хийсэн талаар тус эмнэлгээс өчигдөр /2023.04.21/ мэдээллээ.

Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэг нь 2006 оноос хойш УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Тус хамтын ажиллагааны хүрээнд шээсний сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал засал, бөөр шээсний замын чулуу авах мэс засал, хавдрын мэс заслыг хийж байсан. Энэ удаа шээсний сүвний нарийслыг эмчлэх баг ирж 25 иргэнд шээсний сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хамтран амжилттай хийсэн байна.

НЭМЭЛТ: Давсаг нь ялгарсан шээсийг хадгалаж, биенээс гадагшлуулах үйл ажиллагаа бөгөөд энэ эрхтэн тогтолцоонд үүссэн хорт хавдрыг давсагны хорт хавдар гэнэ.

 

Хавдрын явцаас шалтгаалах ангилал:

 

  • Нэвчилт явагдаагүй давсагны салст бүрхэвчийн хорт хавдар: Давсагны салст бүрхэвч болон салстын доод давхаргад үүсдэг хорт хавдар бөгөөд шээсний сүв, бөөрни дуранг оруулан хавдрын голомтыг бүрэн авах боломжтой үе шат 

 

  • Давсагны булчингийн давхаргад нэвчилттэй хорт хавдар: Хорт хавдрын эс давсагны булчингийн давхарга болон түүнээс цааш нэвчилттэй үе шат

 

  • Үсэрхийлсэн хорт хавдар: Давсагны хорт хавдар биеийн өөр эд эрхтэнд үсэрхийлсэн үе шат

 

Давсагны дотор хананд байх уротелиал эсийн хорт хавдар нь шилжвэр эсийн хавдарт хамаарах ба давсагны хорт хавдрын хамгийн өргөн буюу 80-90 хувь тохиолддог хэлбэр юм.

Хучуур эсийн хорт хавдар нь давсагны дотор талын нимгэн, хавтгай эсээс үүсэлтэй.

Булчирхайлаг эдийн хорт хавдар нь цөөн тохиолддог, давсагны салс ялгаруулдаг эсээс үүснэ.

Шинж тэмдэг: Цустай шээх, хэт ойр ойрхон шээх, шээх үеийн өвдөлт, шээс алдах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top